Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 320/ШШ2025/00527

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 320/ШШ2025/00527

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 320/2025/00417/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: А.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: А.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Жавзанпагма.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Б нь шүүхэд Х сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд Х сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тодруулав.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Би Х сумын Давшилт нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл буюу цэргийн албанд татагдах хүртлээ ажиллаж байсан юм. Т сумын Засаг даргын тамгын газраас цалин хөлсний лавлагаа авахад 1984 онд ажилласан хугацааны цалин хөлс гараагүй учир нэхэмжлэлийн шаардлагаа 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэж тодорхойлсон байсан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэхэд цэргийн албанд татагдах хүртлээ ажиллаж байсан баримт гарч ирсэн. Мөн би 4 дүгээр ангиа төгсөөд ээжийн хамт мал маллаж эхэлсэн тул 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэж ажиллаж эхэлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. 1987 онд цэргийн албанаас халагдаж ирээд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэгдэлдээ мөн ээжийнхээ хамт мал маллаж эхэлсэн. 1989 оныг дуустал тус нэгдэлдээ малчнаар ажиллаж байгаад Х сум руу шилжсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл миний ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал олдохгүй, цалин хөлсний лавлагаа дутуу гарч ирснээс хохироход хүрээд байна.

Иймд миний Х сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэв.

Хүсэлт гаргагч А.Б нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, , Х сумын Засаг даргын тамгын газрын архиваас ирүүлсэн хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн хөлсний лавлагаа, Х сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2025 он 03 сарын 19 өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11/256 дугаар албан бичиг, хүсэлт гаргагчийн А1103243 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр П.Т , М.Г нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А) маягтууд, Х сумын Засаг даргын тамгын газар болон Хөвсгөл аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтууд, Батлан хамгаалах яамны төв архиваас хүсэлт гаргагчийн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет зэрэг баримтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл миний ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй, цалин хөлсний лавлагаа дутуу гарч ирснээс хохироход хүрээд байна...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х сумын Засаг даргын тамгын газраас 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 3/40 дүгээр албан бичгээр ирүүлсэн: 1982 он х/нэгжийн хуудас 48, 01-10 дугаар сар 3,725.65, 11-12 дугаар сар 170.59, 1983 он х/нэгжийн хуудас 42, 01-10 дугаар сар 2,001.51, 1988 он х/нэгжийн хуудас 43, 01-10 дугаар сар 2,510.93, 11-12 дугаар сар 727.10, 1989 он х/нэгжийн хуудас 52, 01-10 дугаар сар 252.78. гэсэн түүвэр бүхий Х сумын Засаг даргын тамгын газар гэсэн тамга дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан цалин хөлсний тодорхойлолт,

Х сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2025 он 03 сарын 19, 2025 оны 05 сарын 02 өдөр гэсэн дардсууд дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд,

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 30/516 дугаар албан бичгээр ирүүлсэн: А , ажилладаг байгууллага: Давшилт нэгдэл, ажилд орсон он: 1986, эрхэлдэг ажил: хоньчин, оршдог сум, район:Т ... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,

Батлан хамгаалах төв архивын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 290 дүгээр албан бичгээр ирүүлсэн: А.Б , төрсөн он, сар, өдөр: 1966.4.20, цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан тушаалын ажил хийж байсан: 1982 оноос эхлэн I бригадад малчин, Гэрийн дотор ам бүл хэд, таны юу болох, хэн, хэн, хэдэн настай, хаана ямар ажилтай: Ам бүл 2, ээж А I бригадад малчин... гэсэн мэдээлэл бүхий Хөвсгөл аймгаас 1984 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет зэрэг бичгийн баримтуудаар хүсэлт гаргагч А.Б нь Х сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Гэрч П.Т ийн: ...А.Б 1982 оноос 1984 онд ээжтэйгээ Х сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад мал маллаж байгаад, 1984 онд цэрэгт явж, 1987 онд цэргээс халагдаж ирээд нэгдэлд хурга ишиг малладаг байсан... гэх,

Гэрч М.Г ын: ...А.Б ээжтэйгээ Х сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад голдуу хурга, ишиг малладаг буюу төл мал малладаг, ээжтэйгээ амьдардаг байсан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх хүсэлт гаргагч А.Б ийн Х сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Хүсэлт гаргагч А.Б ийн ажиллаж байсантай холбоотой зарим баримт холбогдох байгууллагуудад хадгалагдаж үлдээгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11/256, 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 11/322 дугаар: Х сумын Давшилт нэгдлийн боловсон хүчинтэй холбоотой тушаал буюу Б тушаал болон цалин хөлсний баримт тус тус манай архивт шилжиж ирээгүй тул А.Б өд холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх,

Хугацаат цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалах яамны төв архивын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 08/1987 дугаар: А.Б БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1984.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 249 (238) дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987.06.15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.06.22-ны өдөр 555576 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэсэн мэдээлэл бүхий Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Улсын бүртэлийн хэлтсээс 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 30/516 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн ХААТР -21(А) маягт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр А.Б өд олгосон А1103243 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, 1711000777 дугаар Баталгаажилтын хуудас зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  А.Б ийн Х сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА