| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/00452/И |
| Дугаар | 320/ШШ2025/00539 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 320/ШШ2025/00539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .. дугаар баг, 0... дугаар гудамжныы ... тоотод оршин суух, Машаев Батсүхийн Батцэцэгийн
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Л-г эрэн сурвалжлуулах тухай 320/2025/00452/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Л-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Миний бие Б.Б нь М.Л-т түүний хүсэлтийн дагуу 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1,380,000 төгрөгийн үнэтэй цааны годон гутлыгзарсан юм. Ингэхдээ гутлын үнээс 150,000 төгрөгийг урьдчилгаанд авч, үлдэх 1,230,000 төгрөгийг 4 сарын дараа буцаан төлөх нөхцөлтэйгээр худалдсан.
Гэтэл М.Л нь харилцан тохиролцсон хугацаандаа гутлын үлдэгдэл мөнгөө өгөхгүй, мөнгеө шаардахад эхлээд өгнө гэдэг байсан боловч сүүлдээ хэл амаар доромжпоод, утсаа авахаа больсон тул тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлалд М.Л ирж оролцоогүй.
Дараа нь Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч М.Л нь оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
М.Л нь хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дүгээр багийн .... дүгээр гудамжны ... тоотод оршин сууж байсан ба ..........дугаар бүхий утас эзэмшиж байсан болно.
Иймд М.Л-н оршин суух хаягийг нь тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, хаягийг нь тодруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс: М овогт Б.Б-н иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 320/ШЗ2025/00528 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гарган өгсөн. (хавтаст хэргийн 2-5 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн засаг дарга болон Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын-Ус багийн засаг дарга нараас тус тус А овогт М-н Л-н хаягийн бүртгэл болон шилжилт хөдөлгөөн хийгдсэн эсэх талаарх лавлагааг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Б.Б-н нэхэмжлэлтэй М.Л-т холбогдох Гутлын үлдэгдэл үнэ 1,230,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 320/ШЗ2025/00528 дугаартай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зэргээр М.Л нь мөнгөн төлбөр гаргуулахад хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
Иймд Б.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар А овогт М.Л-г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй байна.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн CVL25670100010035189 дугаар: регистрийн дугаар Р..., А овогт М.Л-н, Хөвсгөл аймаг Рашаант сум 2-р баг, Талын-Ус гэх мэдээлэл бүхий Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд дурдсан хаягт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Л нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Н багт болон Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус багт тус тус оршин суудаггүй болох нь багийн Засаг дарга нарын тодорхойлолт, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 320/ШЗ2025/00528 дугаартай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүх онцгой ажиллагааны журмаар М.Л-г эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.
А овогт М. Л нь Р.... регистрийн дугаартай, байнга оршин суух хаяг Хөвсгөл аймаг Рашаант сумын Талын-Ус .. дугаар багт албан ёсны бүртгэлтэй боловч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран ... дүгээрт баг, ... тоотод амьдарч байсан, хамгийн сүүлд түүнтэй ...... дугаарын утсаар холбогдож байсан гэх ба тэрээр сүүлд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг М нэртэй үсчин гоо сайхны газарт үсчингээр ажиллаж байсан гэсэн болно.
Нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А овогт М.Л (Р...)-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар А М.Л-г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. М.Л-н хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Б.Б-т нэн даруй мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН