| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00410/И |
| Дугаар | 320/ШШ2025/00521 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 320/ШШ2025/00521
| 2025 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 320/ШШ2025/00521 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Н хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г***-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.М-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 6,076,875 (зургаан сая далан зургаан мянга найман зуун далан тав) төгрөг гаргуулах тухай, 320/2025/00410/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.М*** болон нэхэмжлэгч Н***ХХК нар нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр *** дугаартай худалдах, худалдан авах гэрээг дараа тооцоогоор худалдан авалт хийх нөхцөлтэйгээр 10 сарын хугацаатай байгуулсан. Уг гэрээгээр худалдагч нь олон нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өгсөн захиалгын дагуу цаг хугацаанд нь нийлүүлэх худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон байдаг. Гэрээний дагуу Д.М*** нь Мөрөн салбар дэлгүүрээс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 8,651,250 төгрөгийн бараа худалдан авч төлбөрөөс 4,600,000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 4,051,250 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. Бидний байгуулсан гэрээний 6.1 дэх хэсэгт заасанчлан худалдан авагч тал нь худалдан авсан барааныхаа төлбөрийг сар бүрийн 25-ны дотор нийлүүлэгч болох Н***ХХК-ийн Хаан банк дахь *** дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан. Манай компаний зүгээс хариуцагчид уг төлбөрийг төлөх мэдэгдэл болон шаардлагыг удаа дараа тавьж байсан ч шалтаг шалтгаан хэлсээр өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.
Иймд хариуцагч Д.М***ээс худалдах худалдан авах гэрээний үүрэгт 4,051,250 төгрөг, мөн гэрээний 7.2 дахь хэсэгт заасны дагуу алданги болох 2,025,625 төгрөг, нийт 6,076,875 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Н***ХХК-ийн нэхэмжпэлтэй хариуцагч Д.М***-ээс худалдах худалдан авах гэрээний үурэгт 4,051,250 төгрөг, мөн гэрээний 7.2 дахь хэсэгт заасны дагуу алданги болох 2,025,625 төгрөг, нийт 6,076,875 төгрөгийг гаргуулах иргэний хэрэг тус шүухэд хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд хариуцагч Д.М***тэй харилцан тохиролцон алдангиас 50 хувь буюу 1.012.812 төгрөгийг багасган үлдэгдэл төлбөр болох гэрээний үүрэгт 4,051,250 төгрөг, алданги 1,012,813 төгрөг, нийт 5,064,063 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч эвлэрсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа 1.012.812 төгрөгийг татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.М*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч миний бие Д.М*** нь Н***ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Д.М*** би Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Ш*** үйлчилгээний төвийн ажиллуулж байхдаа буюу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээг дараа тооцоотойгоор худалдан авалт хийх нөхцөлтэйгээр 10 сарын хугацаатай байгуулж 4,051,250 төгрөгийн барааг зээлээр худалдагч Ц***д авч өгсөн бөгөөд тус барааны төлбөрийг одоо болтол хийж чадаагүй нь үнэн.Нэхэмжлэгч Н***ХХК нь үндсэн төлбөр 4,051,250 төгрөг, алданги 2,025,625 төгрөг, нийт 6,076,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаас хариуцагч Д.М*** би алданги 2,025,625 төгрөгийг 50 хувиар буюу 1,012,812.50 төгрөгөөр багасгаж, нийт 5,064,062.50 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*** нь хариуцагч Д.М*** холбогдуулан Худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 6,076,875 (зургаан сая далан зургаан мянга найман зуун далан тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М*** нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн төлбөр 4,051,250 төгрөг, алданги 2,025,625 төгрөг, нийт 6,076,875 төгрөгөөс алданги 2,025,625 төгрөгийг 50 хувиар буюу 1,012,812.50 төгрөгөөр багасгаж, нийт 5,064,062.50 төгрөгийг төлнө гэснийг нэхэмжлэгч Н***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*** нь зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 1,012,812.50 (нэг сая арван хоёр мянга найман зуун арван хоёр төгрөг тавин мөнгө) төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзаж, зохигч 5,064,062.50 (таван сая жаран дөрвөн мянгө жаран хоёр төгрөг тавин мөнгө ) төгрөгийн хэмжээнд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,180 (нэг зуун арван хоёр мянга нэг зуун ная) төгрөгнөөс 56,090 (тавин зургаан мянга ер) төгрөгийг зуун дал) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 56,090 (тавин зургаан мянга ер) төгрөгийг улсын улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.М***ээс нэхэмжлэлийн шаардлага болох 5,064,062.50 (таван сая жаран дөрвөн мянгө жаран хоёр төгрөг тавин мөнгө ) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 47,987.50 ( дөчин долоон мянга есөн зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н***хязгаарлагдмал хариуцлагатай компанид тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г***ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М***т холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 6,076,875 (зургаан сая далан зургаан мянга найман зуун далан тав) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.М*** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги 2,025,625 төгрөгийг 50 хувиар буюу 1,012,812.50 ( нэг сая арван хоёр мянга найман зуун арван хоёр төгрөг арван хоёр мөнгө) төгрөгөөр багасгаж 5,064,062.50 (таван сая жаран дөрвөн мянгө жаран хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*** нэхэмжлэлийн шаардлагаа 1,012,812.50 ( нэг сая арван хоёр мянга найман зуун арван хоёр төгрөг арван хоёр мөнгө) төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 5,064,062.50 (таван сая жаран дөрвөн мянгө жаран хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулахыг зөвшөөрсөн зохигчийн эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,180 (нэг зуун арван хоёр мянга нэг зуун ная) төгрөгнөөс 56,090 (тавин зургаан мянга ер) төгрөгийг зуун дал) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 56,090 (тавин зургаан мянга ер) төгрөгийг улсын улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.М***ээс нэхэмжлэлийн шаардлага болох 5,064,062.50 (таван сая жаран дөрвөн мянгө жаран хоёр төгрөг тавин мөнгө ) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 47,987.50 ( дөчин долоон мянга есөн зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н***хязгаарлагдмал хариуцлагатай компанид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА