2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/02311

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 20 191/ШШ2025/02311

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У.У нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О СӨХ-нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гүйцэтгэх захирлын 2024.09.02-ны өдрийн 12 тоот, 13 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг хүчингүй болгуулах, суутгасан цалин хөлс болох 414,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч У.У,

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Т.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2024.06.03-ны өдөр Сүхбаатар дүүргийн *******-******* сууц өмчлөгчдийн холбоонд зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулан гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар тушаалаар нягтлан бодогчоор, мөн тухайн өдрийн гүйцэтгэх захирлын 04 дүгээр тушаалаар сууц өмчлөгчдийн холбоонд байцаагчаар тус тус ажилд орсон. Гэтэл гүйцэтгэх захирлын 2024.09.02-ны өдрийн 12 дугаар тушаалаар удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй дур мэдэн байцаагчийн ажлыг байрыг орхиж явсан гэдэг үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай, мөн тухайн өдрийн гүйцэтгэх захирлын 13 дугаар тушаалаар удирдах албан тушаалтны өөрт нь өгсөн зөвшөөрөлгүйгээр холбооны эд хөрөнгийг бусдад шилжүүлэн өгсөн гэдэг үндэслэлээр цалинг 20 хувиар 3 сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн бөгөөд энэ тушаалын дагуу 2024 оны 09, 10, 11 сард тус бүр нягтлан бодогчийн цалингийн 690,000 төгрөгийн 20%-иар тооцож 138,000 төгрөг, 3 сард нийт 414,000 төгрөгийг суутган авсан.

Би 2024.08.02-ны өдөр хөдөө явах гэж байгаа тухайгаа ******* захиралд хэлэхээр 2024.08.01-ний өдөр утсаар нь залгасан боловч гар утас нь холбогдохгүй байсан учир лифтчин С.*******тэй уулзан 5 хоногийн хугацаанд надад байцаагчийн ажлыг түр харгалзаж туслаач, захирлын утас нь холбогдохоор би өөрөө захиралд хэлнэ гэж хэлж тохирсон юм. Харин ******* захирал надтай 2024.08.02-ны орой 16-17 цагийн үед утсаар холбогдсон бөгөөд би хөдөө явж байгаа тухайгаа хэлсэн бөгөөд захирал надад чөлөө өгсөн. Гэтэл надад сахилгын шийтгэл ногдуулах тушаалын үндэслэлдээ гүйцэтгэх захирлын 2024.06.03-ны өдрийн 04 дүгээр тушаалаар өгсөн ажлын байр болох байцаагчийн ажлын байрыг удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй орхиж явсан сахилгын зөрчил гаргасан гэж үндэслэсэн атлаа байцаагч гэсэн ажлын байран дээр минь шийтгэл ногдуулаагүй харин нягтлан бодогчийн албан тушаал руу минь халдааж нягтлан бодогчийн хувьд сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөө талаар хөдөө явсан тэр л өдрөө хугацаа алдалгүй мэдэгдсэн байхад мэдэгдээгүй хэмээн гүжирдэж байгаа нь үндэслэлгүй. ******* 2024.08.02-ны өдөр мэдсэн гэдгээ Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаан дээр ч өөрөө нотолсон бөгөөд энэ талаар хурлын тэмдэглэлд дурдагдсан.

Мөн 2024.08.27-ны үед би сууц өмчлөгчдийн холбооны өмнөх захирал байсан *******тай сууц өмчлөгчдийн холбооны оффисын гадаа тааралдаад юм яриад зогсож байх үед захирал ******* оффис руугаа орох гээд ирж явахтай нь тааралдсан юм. Тэр үед ******* нь ******* захирлаас өвсний хадуураа уртасгагчтайгаа хоёр хоног түр хэрэглүүлээч, лагер дээрээ өвс хадах гэсэн юм хэмээн гуйхад ******* тэг, тэг. болно. та авч хэрэглээрэй хэмээн зөвшөөрч байсныг дэргэд нь зогсож байсны хувьд би харж, сонссон билээ. Харин 2024.08.01-ний өдөр ******* өвсний хадуур уртасгагчаа одоо авъя, лагер руугаа машинтай хөдлөх гэж байна яаралтай гаргаад өгөөч гэсэн. Тухайн үед захирал байгаагүй учир би эд хариуцагч байцаагчийн үүргээ гүйцэтгэн агуулахаас гаргаж цэвэрлэгч Т.ид орхисон. Гэтэл ******* *******т өвсний хадуур уртасгагч хэрэглүүлэхийг би зөвшөөрөөгүй байсан хэмээн үндэслэлгүй гүжирдэж надад сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Улмаар 2024.08.12-ны өдрөөс хойш одоо болтол сууц өмчлөгчдийн холбооны байцаагчийн ажлын байранд намайг ажиллуулахгүй, цалинг олгохгүй байх ба, миний байцаагчийн ажлын байрыг ямар нэгэн хууль тогтоомж тушаал шийдвэргүйгээр, намайг хүсээгүй байхад, албан тушаалын байдлаа ашиглан хүчээр булааж авч, байцаагчийн цалин өгөхгүй байна. Тэгсэн атлаа байцаагчийн ажлын байрны минь байцаагч нэршлийг ахлах ажилтан нэршилтэй болгон солиод энэ ажлын байран дээр Б.Амарзаяа гэдэг хүнийг ажилд авч ажиллуулсаар байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд надад сахилгын шийтгэл ногдуулсан 2024.09.02-ны өдрийн №12 болон №13 дугаар тушаалуудыг хүчингүй болгон шийдвэрлэж, байцаагчаар минь цаашид хэвийн ажиллуулж, 2024.08.12-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл байцаагчаар минь ажиллуулаагүй хугацааны цалин болох 1,813,637 төгрөг, байцаагчийн цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй хугацаа хэтэрсэн хоног тутмын алданги 315,573 төгрөг, нийт 2,129,210 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан.

Харин шүүх хуралдааны явцад байцаагчийн ажлаас чөлөөлсөнтэй холбоотой асуудлыг эхлээд Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж, дараа нь шүүхээр тусдаа явах нь зөв гэж ойлголоо. Яагаад гэвэл намайг байцаагчийн ажлаас чөлөөлсөн тушаал гарсныг би шүүх дээр буюу 2025.03.19-ний өдөр хэргийн материал танилцахдаа мэдлээ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа 2024.09.02-ны өдрийн №12 болон №13 дугаар тушаалуудыг хүчингүй болгон шийдвэрлэж, цалингаас суутгасан цалин болох 414,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодруулж байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн 2024.05.24-ний өдрийн 06 тоот тогтоолоор тус холбооны бүтэц орон тоог баталсан. Тус тогтоолын 2 дугаар заалтаар холбооны нягтлан бодогчийг орон тооны бус, өмнө байсан зарчмаар гаднын байгууллагаар ажлын гэрээ байгуулан ажиллахыг зөвшөөрсөн байна. Тогтоол ёсоор гүйцэтгэх захирал ******* нь нягтлан бодох ажлыг бусадтай ажлын гэрээ байгуулан ажиллах ёстой. Би тус СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажлыг 2024.07.21-нд өмнөх гүйцэтгэх захирал *******аас тэмдэглэлээр ажил хүлээн авсан бөгөөд тухайн үед ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан тушаалыг надад хүлээлгэн өгөөгүй, тэдгээр бичиг баримтууд нь нягтланд байгааг амаар надад хэлсэн учраас би нягтлан *******аас бүх баримтуудыг авсан. Эдгээр баримт дотор *******тай холбоотой гэрээ байгаагүй. Гүйцэтгэх захирал ******* нь *******тай нягтлан бодох ажлаар СӨХ-ны удирдах зөвлөл баталсан 06 тоот тогтоолоор ажил гүйцэтгэх гэрээ байгуулах байтал өөр байгууллагад нягтлан хийдэг хүнтэй давхар зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулж өөрийн эрх мэдлийг хэтрүүлсэн байгааг 08 сарын 29-ны өдөр *******ын вайбер чатаар надад ирүүлсэн түүний хөдөлмөрийн гэрээнээс мэдсэн. Өөрөөр хэлбэл, *******ын ирүүлсэн хөдөлмөрийн гэрээ, тушаалуудаас ******* нь зөвхөн нягтлан бодогч ажилд хөдөлмөрийн гэрээ байгуулан өөр тушаалаар байцаагчийн ажил хавсарсан байна. ******* нь 8 сарын 1-нд надтай ярихаар залгасан гэдэг нь худал бөгөөд тус өдөр миний утас хэвийн ажиллаж дуудлага хийж байсан болно.

Ажилтан С.*******ийн 2024.08.30-ны хүсэлт, тайлбарт дурдсанаар 2024.08.01-ний өдрөөс байцаагчийн ажлыг ******* нь хаяж явсан тухай, миний 2024.08.02-ны өдөр ажлын байрнаас эд хөрөнгө алга болсон болон ажлаа хийхгүй байгааг тодруулан *******тай утсаар ярихад өөрөө хөдөө явж байгаагаа болон ажлын байрнаас эд хөрөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн зэрэгт үндэслэн 2024.08.30-ны өдөр мэдэгдэл гаргаж хариу тайлбар хүссэн, бичгээр хариу тайлбар өгөөгүй болон 2024.09.02-ны өглөө ажлын байрны гадаа таарч хариу тайлбарыг өгөх эсэхийг асуухад утсаар хэлсэн тул өгөхгүй гэсэн зэрэгт үндэслэж тус сахилгын шийтгэл оногдуулах тушаалуудыг хөдөлмөрийн гэрээ байгуулсан нягтлан бодогчийн албан тушаалд нь хамааруулан гаргасан болно. Харин эвлэрсэн тохиолдолд 12 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, цалинд суутган авсан 414,000 төгрөгийг буцаан өгч болох юм. Гэхдээ 13 тоот тушаал үндэслэлтэй учраас хүчингүй болгохыг зөвшөөрөхгүй байна.

 

3.Нэхэмжлэгч нотлох баримтаар,

Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024.10.16-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, *******-******* СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2024.06.03-ны өдрийн 02 тоот ажилд авах тухай тушаал, мөн өдрийн 04 тоот ажил үүрэг хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал, 2024.09.02-ны өдрийн 12 тоот, 13 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалууд, 2024.06.03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2024.10.09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр гэсэн баримтуудыг, СӨХ Амарзаяа ах гэсэн захидлын хуулбар гэсэн баримтуудыг,

 

4.Хариуцагч нотлох баримтаар,

СӨХ-ны гэрчилгээ, 2024.07.09, 2024.05.24-ний өдрүүдийн СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоол, 2024.07.21-ний өдрийн ажил хүлээлцсэн тэмдэглэл, 2024.06.03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар, утасны дуудлага харуулсан жагсаалт, 2024.10.09-ний өдрийн СӨХ-ны гүйцэтгэх захирлын С.*******т ажил үүрэг хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал, 2024.10.10-ны өдрийн *******аас С.*******т баримт бичиг хүлээлгэн өгсөн акт, СӨХ-ны 2024.08.30-ны өдрийн мэдэгдлүүд, 2024.07.26-ны өдрийн СӨХ-ны УЗ-ийн тогтоол, хавсралт, 2024.08.12-ны өдрийн *******ыг байцаагчийн ажлаас чөлөөлөх тухай тушаал, байцаагч, нярвын ажил үүргийн хуваарь гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-******* СӨХ-нд холбогдуулж гүйцэтгэх захирлын 2024.09.02-ны өдрийн 12 тоот, 13 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаагүй байсан хугацааны цалин болон алдангид 2,129,210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад ... байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаагүй байсан хугацааны цалин болон алдангид 2,129,210 төгрөг гаргуулах... тухай маргаанаа тусад нь шийдвэрлүүлэх шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагаа гүйцэтгэх захирлын 2024.09.02-ны өдрийн 12 тоот, 13 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг хүчингүй болгуулах, суутгасан цалин хөлс болох 414,000 төгрөгийг гаргуулах гэж тодруулсан болно.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...гүйцэтгэх захирал надад үндэслэлгүйгээр нэг өдөр хоёр сахилгын шийтгэл ногдуулсан, учир нь би гүйцэтгэх захиралд утсаар мэдэгдээд хөдөө явсан, түүний зөвшөөрлөөр хадуур уртасгагчийг хуучин захирал байсан Г.т гарган өгсөн, байцаагчийн ажил үүрэгт хамааралтай асуудлаар нягтлан бодогчийн цалин хөлснөөс суутгал хийсэн, тушаал нь хууль зүйн үндэслэлгүй учир шаардах эрхтэй... гэж тайлбарлана.

 

Хариуцагч гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...нэхэмжлэгч нь манай байгууллагад гэрээний үндсэн дээр нягтлан бодогчоор, мөн байцаагчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан, тэрээр байцаагчийн ажлаа надад хэлэлгүй орхиод явсан, мөн миний зөвшөөрөлгүй хадуур уртасгагчийг бусдад өгсөн нь С.*******ийн тайлбар болон өөрийнх нь тайлбараар тогтоогдсон, би энэ тухай өөрт нь мэдэгдэж тайлбар өгөхийг хүссэн, өгөөгүй учраас сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй... гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

3.Нэхэмжлэгч ******* нь Баянзүрх дүүргийн Насан туршийн суралцахуйн төвд нягтлан бодогчоор ажилладаг болох нь түүний тайлбар, 2024.10.16-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тайлбараар тогтоогдох ба, тэрээр 2024.06.03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр хариуцагч *******-******* СӨХ-нд нягтлан бодогч, байцаагчийн ажил үүргийг зайнаас гүйцэтгэхээр тохиролцож, тус хөдөлмөрийн гэрээнд нягтлан бодогчийн ажилд 690,000 төгрөгийн цалин хөлс авах, бүх төрлийн төлбөрийн гүйлгээ хийх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүү, татварын тайлан гаргах, санхүүгийн баримтуудыг хадгалж, архивлах, байцаагчийн ажилд 700,000 төгрөгийн цалин авах, ажилчдын цэвэрлэгээний материал, багажаар хангах, ажилчдын цагийг бүртгэх, ажилд нь хяналт тавих, захирлаас өгсөн үүргийг ажилчдад танилцуулах, хэрэгжилтийг хангах зэрэг үүрэг хүлээнэ гэж гараар, цэнхэр өнгийн балаар бичсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* нь 2024.06.03-ны өдрийн 6/2 тоот хөдөлмөрийн гэрээг хариуцагч СӨХ-ны гүйцэтгэх захирал *******т цахимаар илгээсэн байх ба, энэхүү хөдөлмөрийн гэрээнд нягтлан бодогч, 690,000 төгрөгийн цалинтай, зайнаас ажиллах талаар тусгагдсаныг нэхэмжлэгч ******* ...эхлээд ******* захирал бид хоёр нягтлан бодогчийн ажил дээр гэрээ байгуулсан, дараа нь ярилцаж байгаад нэмэлтээр байцаагчийн ажлыг оруулсан, тухайн үед гэрээний нэг хувь дээр тус бичилтийг хийсэн, нөгөө хувь дээр нь хийгээгүй байдаг, би *******т буруу хөдөлмөрийн гэрээгээ илгээсэн байна лээ, хэрэгт эхээр нь өгсөн гэрээ үнэн, зөв... гэж тайлбарлах ба, шүүх нэхэмжлэгч *******ыг нягтлан бодогч болон байцаагчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр ажилд авсан хариуцагч *******-******* СӨХ-ны гүйцэтгэх захирлын тушаалуудыг үндэслэн нэхэмжлэгчийн энэхүү тайлбарыг бодит үнэнд нийцэж байна гэж дүгнэлээ.

 

4.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 57.2.-т зааснаар Баянзүрх дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн нягтлан бодогчийн үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох ба, энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй, тэрээр мэдэгдээгүй хэдий ч зөвшөөрөл авах шаардлагагүй ажил, албан тушаал байх тул түүнийг хариуцагч *******-******* СӨХ-той зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. Тодруулбал нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-******* СӨХ-ны хариуцдаг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 83 тоотын оршин суугч, өмчлөгч байна.

 

Энэхүү хөдөлмөрийн гэрээг үндэслэн хариуцагч *******-******* СӨХ-ны гүйцэтгэх захирал ******* 2024.06.03-ны өдрийн 02 тоот тушаалаар нэхэмжлэгч *******ыг 2024.06.01-ний өдрөөс эхлэн СӨХ-ны нягтлан бодогчоор, 690,000 төгрөгийн цалинтай ажиллуулахаар, мөн өдрийн 04 тоот тушаалаар нэхэмжлэгч *******аар байцаагчийн ажлыг 2024.06.01-ний өдрөөс эхлэн хавсран гүйцэтгүүлэх, түүнийг 700,000 төгрөгөөр цалинжуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэгч ******* нь зарим тохиолдолд зайнаас, зарим тохиолдолд биечлэн ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.2., 68 дугаар зүйлд заасантай нийцэх ба, энэ үед хариуцагч *******-******* СӨХ нь удирдах зөвлөлийн 2024.05.24-ний өдрийн тогтоолоор гүйцэтгэх захирал-1, байцаагч-1, үйлчлэгч-6, лифтчин-1, нийт 9 орон тоотой байжээ.

 

5.Хариуцагч *******-******* СӨХ-ны 2024.07.19-ний өдрийн удирдах зөвлөлийн 9 тоот тогтоолоор гүйцэтгэх захирал ******* өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, гүйцэтгэх захирлаар ******* томилогдсоныг баталгаажуулсан байх ба, 2024.07.21-ний өдрийн ажил хүлээлцсэн тэмдэглэлээр СӨХ-ны хуучин захирал ******* нь шинэ захирал *******т гэрээ 23 ширхэг, компьютер 1 ширхэг, хадуур цохилттой шинэ, гэрчилгээний хуулбар 1 ширхэг гэх мэт нийт 30 нэр төрлийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн байна.

 

Ийнхүү шинэ гүйцэтгэх захирал ******* нь ажлаа аваад удалгүй 2024.08.30-ны өдрийн 20, 21 тоот мэдэгдлүүдийг нэхэмжлэгч *******т хүргүүлсэн байх ба, 20 тоот мэдэгдэл нь ажлын байрыг удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй, дур мэдэж лифтчин С.*******т өгсөн асуудлаар сахилгын шийтгэл ногдуулах гэж байгааг мэдэгдэж, холбогдох тайлбараа 09 сарын 01-ний өдрийн дотор ирүүлэх агуулгатай,

21 тоот мэдэгдэл нь холбооны эд хөрөнгө /өвсний хадуур, цахилгааны уртасгагч/-ийг удирдах албан тушаалтны өөрт нь өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэн өгсөн асуудлаар сахилгын шийтгэл ногдуулах гэж байгааг мэдэгдэж, холбогдох тайлбараа 09 сарын 01-ний өдрийн дотор ирүүлэх гэсэн агуулгатай байна.

 

Энэ мэдэгдэлд нэхэмжлэгч ******* ямар нэгэн хариу өгөөгүй байх ба, хариуцагч *******-******* СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2024.09.02-ны өдрийн 12 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1, 123.2, 123.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч *******т сануулах сахилгын шийтгэл ногдуулж, үндэслэлээ ...холбооны гүйцэтгэх захирлын 2024 оны 03 тоот тушаалаар нягтлан *******т өгсөн ажлын байрыг удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй дур мэдэн орхиж явсан нь лифтчин С.*******ийн мэдүүлэг, өөрийн аман тайлбараар тогтоогдсон... гэж,

Мөн 2024.09.02-ны өдрийн 13 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1, 123.2, 123.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч *******т цалинг 20%-иар 3 сарын хугацаатайгаар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, үндэслэлээ ...холбооны эд хөрөнгө /өвсний хадуур, цахилгааны уртасгагч/-ийг удирдах албан тушаалтны өөрт нь өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэн өгсөн нь өөрийнх нь тайлбар, *******ын аман мэдүүлэг, эд хөрөнгө буцаан өгсөн үйл явдлаар тогтоогдсон... гэж тус тус тодорхойлжээ.

 

Хариуцагч *******-******* СӨХ нь 2024.09.03-ны өдрийн 13 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын дагуу нэхэмжлэгч *******ын нягтлан бодогчийн ажлын 1 сарын цалин хөлс болох 690,000 төгрөгөөс 20%-иар тооцож, 2024 оны 09 сард 138,000 төгрөг, 10 сард 138,000 төгрөг, 11 сард 138,000 төгрөг, нийт 414,000 төгрөг суутган авсан талаар бичгийн баримтгүй хэдий ч зохигч энэ талаар маргаангүй.

 

6.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1., 123.3.-т зааснаар Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцох ба, ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хуульд заасан сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх учиртай.

 

Харин, хариуцагч *******-******* СӨХ-ны гүйцэтгэх захирлын 12 тоот тушаалын үндэслэл болсон холбооны гүйцэтгэх захирлын 2024 оны 03 тоот тушаалд заасан ажлын байр нь чухам ямар ажлын байр болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч ******* нь 2024.08.01-ний өдөр хөдөө явсан талаараа гүйцэтгэх захирал *******ийг утсаар ярих үед мэдэгдсэн, гүйцэтгэх захирал ******* тухайн үедээ зөвшөөрсөн,

мөн 13 тоот тушаалын үндэслэл болсон үйл баримт болох 2024.07.27-ны өдөр байгууллагын гадаа *******, *******, ******* нар уулзалдсан байх ба, шинэ захирал ******* нь байгууллагын өвсний хадуур, цахилгааны уртасгагчийг хуучин захирал *******ын гуйлтын дагуу түүнд түр хэрэглүүлэхийг зөвшөөрсөн, тиймээс нэхэмжлэгч ******* нь тус өвсний хадуур, цахилгааны уртасгагчийг үйлчлэгч д үлдээсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, лифтчин С.*******ийн тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.

 

7.Иймд хариуцагч ******* ******* СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2024.09.02-ны өдрийн 12 тоот болон 13 тоот нэхэмжлэгч *******т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалууд хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч ******* хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар хэм хэмжээг зөрчсөн болох нь тодорхойгүй, тухайн байгууллагад нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт байдаггүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон ба, нэхэмжлэгч *******ын нягтлан бодогчийн ажлын чиг үүрэг, байцаагчийн ажлын чиг үүргийг хооронд нь ялгаж зааглаагүй, тэрээр аль ажил, албан тушаалдаа хариуцлагагүй хандсан нь тодорхойгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1., 123.3.-т зааснаар нэхэмжлэгч *******т сахилгын арга хэмжээ авах үндэслэл бүрдээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тиймээс хариуцагч *******-******* СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2024.09.02-ны өдрийн 12 тоот, 13 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг хүчингүй болгож, үр дагавар болох 13 тоот тушаалын дагуу нэхэмжлэгч *******ын нягтлан бодогчийн цалин хөлснөөс 3 сарын хугацаатай суутгал хийсэн 414,000 төгрөгийг хариуцагч СӨХ-ноос гаргуулж нэхэмжлэгч *******т олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

8.Нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх байтал 2024.10.29-ний өдөр тэмдэгтийн хураамжид 49,017 төгрөг төлснийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******-******* СӨХ-ноос 83,270 /70,200+13,070/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5., 44 дүгээр зүйлийн 44.1.2., 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д заасантай нийцнэ.

 

9.Хариуцагч *******-******* СӨХ-ны удирдах зөвлөлийн 2024.07.26-ны өдрийн 10/2024 тоот төсөв, бүтэц, орон тоо батлах тухай тогтоол, уг тогтоолын хавсралт, гүйцэтгэх захирлын 2024.08.12-ны өдрийн *******ыг байцаагчийн ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг баримтуудыг нэхэмжлэгч шаардлагаа тодруулсантай холбоотойгоор маргааны зүйлд хамааралгүй гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1.-д зааснаар хариуцагч *******-******* СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2024.09.02-ны өдрийн 12 тоот, 13 тоот *******т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгож, хариуцагч *******-******* СӨХ-ноос 414,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5., 7 дугаар зүйлийн 7.1.1., 44 дүгээр зүйлийн 44.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, түүний тэмдэгтийн хураамжид төлсөн 49,017 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******-******* СӨХ-ноос 83,270 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА