| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0192/э |
| Дугаар | 216 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Д.Н,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Дашмаагийн Ням-Осорт холбогдох эрүүгийн 171100510088 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Дашмаагийн Ням-Осор, 1984 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөргөлтийн машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг гэх, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино 1 гудамж, 24 тоотод оршин суух,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 648 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, регистрийн дугаар ХЙ.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Д.Н нь 2017 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жигжидийн задгайд байрлах Ө.Билгүүний зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч Сони загварын 32 инчийн эл си ди зурагт, самсунг галакси тав гар утас, ягаан өнгийн түрийвч /хэтэвч/, үүргэвч, гар цүнх, том цүнх зэрэг эд зүйлийг нууцаар хулгайлан Ө.Билгүүнд 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Манай эхнэрийг наадмын үеэр хүн хүчиндэх гэж оролдсон. Тэгээд манай эхнэр тухайн хүний хутгалсан. Эхнэр бид хоёрт хохиролын мөнгө хэрэгтэй болсон юм. Хэрэг гардаг өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байх үедээ ийм хэрэг хийсэн…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ө.Билгүүн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай зуслангийн байшинд 2017 оны 8 дугаар сарын 22-ны шөнө хулгай орж Сони 32 инчийн зурагт, самсунг галакси таб-1, түриивчтэй бичиг баримт, хувцас зэрэг эд зүйлсийг алдсан юм. ...Миний алдсан эд зүйлс болох сони маркийн 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт, эхнэрийн ягаан өнгийн түрийвч, хар өнгийн том цүнх, эмэгтэй хүний гар цүнх 4 ширхэг, хар өнгийн 2 мөрний үүргэвч, ягаан том чемодан, хувцаснууд бүгд мөн байна. Харин хуучин самсунг таб-1 маркийн гар утас маань байхгүй байна. Би эд зүйлсээ хүлээж авсан. Надад алдагдсан самсунг галакси таб-1 гар утасны төлбөрийг барагдуулах хүсэл байна. ...Д.Ноос хохирлын мөнгө болох 240.000 төгрөгийг хүлээж авсан. Цаашид гаргах гомдол санал байхгүй...” гэжээ /хх-34, 37, 39/.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх10-14/, Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх15-18/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-19-20/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-21/, Эд зүйлийн үнэлгээ /хх-55/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-64-66/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Н нь 2017 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жигжидийн задгайд байрлах Ө.Билгүүний зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч Сони загварын 32 инчийн эл си ди зурагт, самсунг галакси тав гар утас, ягаан өнгийн түрийвч /хэтэвч/, үүргэвч, гар цүнх, том цүнх зэрэг эд зүйлийг нууцаар хулгайлан Ө.Билгүүнд 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ө.Билгүүний мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Нын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Ныг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хорих ялын доод хэмжээг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж үзэв.
Хохирогч Ө.Билгүүн нь “...Д.Ноос хохирлын мөнгө болох 240.000 төгрөгийг хүлээж авсан. Цаашид гаргах гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Дашмаагийн Ням-Осорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нт 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Нт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Д.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН