Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 199

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар О.Отгонцэцэг,

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг /¹0189/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ийн М-т холбогдох 1811003420108 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овогт Г-ийн М /РД- /

 

Холбогдсон хэргийн талаар: Г.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.М нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тэди" төвд харуул хамгаалалтын ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа үйл ажиллагаа явуулах зориулалттай байр болох хохирогч С.Хосбаярын 4 давхрын 30-01 дүгээр павилон руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, шилэн лангуун дотор нь байсан “Самсунг эс-7”, “Самсунг эс-6” жи загварын 2 ширхэг гар утсыг хулгайлан авч бусдад нийт 820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мын өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 24-ний орой хамгийн сүүлийн хүнээ гаргачихаад нөгөө талын захруу яваад 30 дугаар павилоны хаалгыг түлхээд цаашаа явсан. Салиханд хаалга цонх нь онгорхой байсан. Тэгээд цааш яваад 15 дугаар павилоны хүнээ гаргаад буцаад 30 дугаар павилонруу орсон. Ороод цонхын хааж байхад утас дугарсан. Тэгээд юун утас билээ гээд аваад үзсэн. Утасын аваад оролдож байх үед хөлийн чимээ сонсогдсон манай хамгаалагч нараас нэг нь юм байх гээд сандарсандаа аваад гарсан гэв.

хохирогч С.Хосбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Теди төвийн 4 давхарт байх 30-01 дугаартай лангуун дээр хувиараа гар утас зарж борлуулах ажил хийдэг юм. Манай павилон дотор нийт 7 иргэн хувиараа лангуу түрээлсэн гар утас болон дагалдах хэрэгсэл зарж борлуулж ажиллуулдаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний орой ажиллаж байгаад хамгийн сүүлд 20 цаг 06 минутанд лангуугаа түгжээд павилоны хаалгаа цүүгээр нь тогтоогоод гараад явсан. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө ажил дээрээ 10 цаг 14 минутанд хамгийн эхэнд орж ирсэн. Орж ирэхэд павилоны хаалга нээлттэй, лангууны цоож нь онгойсон байдалтай, эргүүлээд тогтоосон байдалтай байсан. Тэгээд лангуун дотор байсан утаснуудаа шалгаад тоолж үзэхэд Самсунг Эс-6 эджэ маркийн голд өнгөтэй утас 1 ширхэг, Самсунг Эс-7 маркийн шар өнгөтэй гар утас 1 ширхэг тус тус алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 8-10х/, Камерийн бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5х/, Криминалистикийн шинжээчийн дүгнэлт №06/125 "...шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн гэх 1 дугаартай мөр шинжилгээнд тэнцэнэ. 1 дугаартай гарын мөр нь Папилон санд MN000510022498 дугаараар байрласан, иж98071819 регистрийн дугаартай, Гансүх овогтой Мөнхбазарын баруун гарын ядам хуруугаар үүсгэгдсэн байна.." /хх-ийн 24-27х/, Эд зүйлийн үнэлгээ-820.000 төгрөг /хх-ийн 37х/ болон хватас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч С.Хосбаярт эд зүйлийг нь биет байдлаар нь буцаан өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримт /хх-ийн 40х/, С. Хосбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Миний хувьд алдсан зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 14х/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Мыг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.Мт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж үйлдсэн хэргээ хүлээж буй байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялаас доош ял оногдуулж, эдлэх хорих ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэг нь хэргийн үйл баримтыг тогтооход чухал ач холбогдол бүхий баримт байх тул хэрэгт нь үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Г-ийн М-ыг нууцаар, хууль бусаар, бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Б овогт Г-ийн М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Г.Мт шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих  байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт нь үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Г.Мын урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж. Г.Мын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ