Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/10

 

 

 

 

 

 

 

   2024        02           14                                          2024/ДШМ/10

 

 

Ж.Н-, М.Б- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Н.Амаржаргал /цахимаар/,

Шүүгдэгч Ж.Н-,  М.Б-,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Наранчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч М.Б-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Наранчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ж.Н-, М.Б- нарт холбогдох эрүүгийн 2240000000043 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч М.Б-, Ж.Н- нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагийн үед "М" нэртэй баарны ойролцоо засмал замын хажууд Д.Б-од хүч хэрэглэж буюу М.Б- нь хавирч унагаах, Ж.Н- нь баруун гарыг нь барих үйлдэл хийж хохирогчийн өмдний халаасанд байсан 130.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэмт хэрэгт,

- М.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 06-ны шөнө 01 цагийн үед "М" баарны хойд талд хуучин байшингийн балгас дотор насанд хүрээгүй хохирогч Г.Т-ыг "өмнө нь намайг зодож байсан, хүзүүний гинжийг дээрэмдсэн" гэх шалтгаанаар түүний гэдэс рүү хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, урагдалт, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас шүүгдэгч Ж.Н-, М.Б- нарын хохирогч Д.Б-од хүч хэрэглэж өмдний халаасанд байсан 130.000 төгрөгийг дээрэмдэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

- шүүгдэгч М.Б-ийн насанд хүрээгүй хохирогч Г.Т-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч М.Б-, Хардал овогт Ж.Н-  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч М.Б-ийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ж.Н-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Б-д оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ж.Н-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийн цагдан хоригдсон 151 /нэг зуун тавин нэг/ хоногийг, шүүгдэгч Ж.Н-гийн цагдан хоригдсон 110 /нэг зуун арав/ хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-эс 4.096.764 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-т олгож, шүүгдэгч Ж.Н- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 22 секундийн бичлэг бүхий ягаан өнгийн бугуйвч хэлбэртэй флаш дискийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно" гэж хуульчилсан.

Анхан шатны шүүх энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Б-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хорих ял оногдуулж, мөн тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч М.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэзээнээс эхэлж эдлэхийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдаж өгөөгүй нь ойлгомжгүй эргэлзээ төрүүлэхээр, тодорхой бус байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн заалтыг зөрчсөн бөгөөд шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял гэсэн хоёр өөр төрлийн ялыг нэг цаг хугацаанд эдлүүлэх боломжгүй бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлж хамтад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн гэж ойлгогдохоор байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч М.Б-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Наранчимэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “...хавтаст хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмын дагуу явагдаагүй, тодруулбал “таньж олуулах ажиллагааны явцыг тэмдэглэл, дуу дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэсэн заалт хангагдаагүй... таньж олуулах ажиллагааны 2 дахь хэсэгт “цагдаагийн хэлтсийн мэдүүлэг авах 314 тоот өрөөнд 4 хүнийг оруулан, 1-4 хүртэл дурын тоог сонгуулж таньж олуулахаар хохирогч Д.Б-ыг тус өрөөнд оруулж дээрх 4 хүнийг харуулахад 2 гэсэн тоо барьсан хүн мөн байна гэж шууд заасан” гэж тусгасан байдаг /1xx 12-14/.

Гэрч Б.М-н “...Д.Б-той хамт М.Б-ийн гэрт очих үед гэртээ байхгүй байхаар гэрээс нь гараад хэрэг болсон гэх газар руу явж байтал М.Б-, Ж.Н- нар цуг явж байсан. Би очиж уулзах үед Ж.Н- архи уугаад тасарчихсан байсан. М.Б-ийг машиндаа суулгаад юу болсон талаар асуусан. Тэгэхэд М.Б- юу болсон талаар сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаагийн хэлтэс дээр авч ирээд биед нь үзлэг хийсэн...” гэх мэдүүлгээс дүгнэхэд хохирогч Д.Б-оос мэдүүлэг авахаас өмнө надтай уулзуулж хамт нэг машинд авч явсан тул хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ миний гаднах төрх, биеийн шивээс, өмссөн хувцас зэргийг бодит нөхцөл байдалд тохируулан мэдүүлсэн бөгөөд таньж олуулах ажиллагаа явуулахад намайг гэж шууд заасан гэж дүгнэж байна /1хх 50-51/.

Мөрдөгч Б.М нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Д.Б-оос мэдүүлэг аваагүй байсан атлаа намайг түүнтэй нэг машинд хамт авч явж надаас гэрчийн мэдүүлэг, Д.Б-оос хохирогчийн мэдүүлэг авсны дараа үргэлжлүүлэн таньж олуулах ажиллагаа хийж зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болох нь Ж.Н-гийн 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 10 минутад гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх 9/, Б.З-н 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 40 минутад өгсөн мэдүүлэг /1хх 7/, Д.Б-ын хохирогчоор 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 55 минутад өгсөн мэдүүлэг /1хх 5/, 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 18 цаг 20 минутад хийгдсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх 12-14/ зэргээр нотлогдож байдаг.

Гэрч Б.З, Ж.Н-, хохирогч Д.Б- нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан мэдүүлэг авах хүмүүсийг тус тусад нь байлгаж мэдүүлэг авах ба мөрдөгч нэг хэрэгт мэдүүлэг авах, хүмүүсийг өөр хоорондоо харилцахгүй байх арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн.

Цаг хугацааны хувьд эхэлж гэрч Ж.Н-гээс дараа нь Б.З-с гэрчийн мэдүүлэг авсны дараа хамгийн сүүлд хохирогч Д.Б-оос мэдүүлэг авсан байдаг. Үүнээс дүгнэхэд хохирогч Д.Б- мэдүүлэг өгөөгүй байхад гэрч Б.З түүний ажлын хөлс болох 150.000 төгрөгийг Д.Д-н дансанд шилжүүлснийг хэрхэн яаж мэдэж түүнээс гэрчийн мэдүүлэг авсан нь ойлгомжгүй.

Хохирогч Д.Б-ын анхны мэдүүлэгт “...замын хажууд 2 хүн зогсож байсан. Нэг нь бараан өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн майктай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хар масктай залуу, нөгөөх нь хоёр гарын шуун дээрээ бас хүзүүн дээрээ шивээстэй, цайвар өнгийн үстэй, хар өнгийн подволк, өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй залуу байсан. Тэгээд би хажуугаар нь өнгөрч явтал шивээстэй цайвар шаргал үстэй залуу нь “гал байна уу” гэж асуусан. ...Тэгэхэд надад мөнгө байхгүй, хөдөөнөөс ирсэн, зардлын мөнгө л байгаа гэж хэлсэн...” гэх /1хх 5/.

Хохирогч Д.Б-ын 2 дахь удаагийн мэдүүлэгт “...засмал замын хажууд 2 хүн зогсож байсан. Тухайн үед тэр хоёр залуугийн намхан залуу нь надаас “гал байна уу” гэж асуусан. Би хариуд нь “гал байхгүй” гэж хариулсан. ...тэр хоёр залуу яваад өгсөн. Би тэр үед “...ядаж надад 30.000 төгрөг үлдээчих, би замын зардал хийе...” гэж хэлсэн, надад өгөөгүй...” гэх /2хх 27-28/ мэдүүлгүүдийг өгдөг бөгөөд анхны мэдүүлэгтээ би хөдөөнөөс ирсэн надад замын зардлын мөнгө л байгаа гэж хэлсэн гэж,

Тамхи асуусан хүнийг эхний мэдүүлэгтээ “шивээстэй шаргал үстэй” гэж мэдүүлдэг боловч, дараагийн мэдүүлэгтээ “намхан залуу нь” гэж,

Замын хажууд зогсож байсан гэх 2 залуугийн өмсөж явсан хувцсыг эхний мэдүүлэгтээ нэрлэн заасан байдаг боловч, дараагийн мэдүүлэгтээ өндөр, нам гэх мэт зөрүүтэй мэдүүлгүүдийг өгдөг.

Гэтэл шүүхээс дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэх үндэслэлээр,

2. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Г.Т-ын мэдүүлгүүд, гэрч С.М, Л.П, Т.Т нарын мэдүүлгүүд, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 51 тоот дүгнэлт зэргээр нотлогдож байна гэж дүгнэснийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Г.Т-ын “...намайг газар унасан чинь бөөндөө ирээд намайг дэвсээд үсдээд намайг М.Б- миний уруул руу нэг удаа цохисон. ...намайг М.Б-, М хоёрын нэг нь өшиглөсөн. Яг хэн өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна. ...энэ гэмтлийг яг хэн учруулсан гэдгийг мэдэхгүй байна....” гэж /1хх 68-69/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Т- 2 дахь удаагийн мэдүүлэгтээ “...эхлээд М газар хэвтэж байхад дээрээс дэвсээд, бие рүү өшиглөсөн. М-н дараа М.Б- ирж намайг зодсон. ...намайг тэгж зодож байхад нь босох гэтэл М.Б- миний гэдэс рүү доороос нь өлгөөд өшиглөсөн. Тэгж өшиглөсөн чинь миний гэдэс маш хүчтэй доргилт өгч, тархалттай хүчтэй янгинаж өвдөөд байсан. ...би газар унаад өгсөн чинь бүгдээрээ босч ирээд өшиглөөд. Би доошоо хараад хэвтэж байсан...” гэж /1хх 164-165/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Т- 3 дахь удаагийн мэдүүлэгтээ “...орой харанхуй болчихсон байсан болохоор намайг нэг барилгын ар талд бүгд нийлээд зодсон. Би бол анх баригдаад л нүүрээ дараад хэвтсэн, намайг өргөөд барилгын ард оруулаад бүгд дээрээс дэвсээд байсан. Би яг хэн нь ямар хувцастай, ямар содон шинж тэмдэгтэй байсныг санахгүй байна. ...энэ гэмтлийг би яг хэн нь учруулсан гэдгийг хэлж мэдэхгүй байна...” гэж /3xx 13-14/

Гэрч С.М “...би насанд хүрээгүй хохирогч Г.Т-ын биед гэмтэл учруулаагүй, П, М.Б- нар гэмтэл учруулсан байх...” гэсэн зөрүүтэй мэдүүлгүүдийг өгдөг.

Тодруулан хэлбэл гэрч С.М-, Л.П-, Т.Т-нар нь эхний мэдүүлгүүдийг өгөхдөө “....насанд хүрээгүй хохирогч Г.Т-ын биед хэн гэмтэл учруулсан болон хаана нь хэн өшиглөж, зодсоныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгийг өгч байснаа тодорхой хугацааны дараа буюу мэдүүлэг дуусахаас өмнө мөрдөгчөөс “Г.Т-ын гэдэс рүү өшиглөсөн хүн байгаа юу, өшиглөсөн хүн байгаа бол хэн өшиглөсөн бэ” гэх асуултад “М.Б- өшиглөсөн, өөр хүн түүний гэдэс рүү өшиглөөгүй” гэх мэтээр нэг мэдүүлэгт хоёр утга санааг илэрхийлсэн мэдүүлгүүдийг өгсөн байхад дан ганц насанд хүрээгүй хохирогч Г.Т-ын “гэдэс рүү М.Б- өшиглөсөн” гэх хэсгийг нь нотлох баримтаар үнэлэн насанд хүрээгүй хохирогч Г.Т-ын мэдүүлэг, гэрч С.М-, Л.П-, Т.Т-нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар 2, 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтад нийцэхгүй байна.

Насанд хүрээгүй хохирогч Г.Т- өөрт нь гэмтэл учруулсан этгээдийн талаар тогтвортой мэдүүлэг өгч чадахгүй байхад гэрч С.М-, Л.П-, Т.Т-нарын зөрүүтэй өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж дүгнэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.

Шүүгдэгч Ж.Н-гийн хувьд шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Зүйчлэл нь тохироогүй, хууль зүйн үндэслэл нь буруу байна гэж үзэж байна. Учир нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахдаа өмчлөгч, хамгаалах үүрэг хүлээсэн этгээдийн амь биед аюултай үйлдэл хийсэн байх юм бол хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Гэтэл миний үйлчлүүлэгчийн зүгээс хохирогч Д.Б-ын эсрэг амь насанд нь аюултай нөхцөл байдал үүсгэсэн нь тогтоогдоогүй байгаа учраас зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  өөрчилж өгнө үү.

Шүүгдэгч М.Б-ийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Тухайн ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна үзэж байна” гэв.

Шүүгдэгч М.Б- давж заалдах шатны шүүхэд гаргах тайлбаргүй гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч М.Б-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Наранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ж.Н-, М.Б- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүх болон прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж тус тус заажээ.

 

4. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ДШМ/07 дугаартай магадлалаар “...шүүгдэгч М.Б-ийн бусадтай бүлэглэн согтуугаар насанд хүрээгүй хохирогч Г.Т-ыг зодсон үйлдэлд “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж ....эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх ...эрхийг зөрчиж ...олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан...” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг бүрэн шалгаж тодруулах...”-аар шүүгдэгч Ж.Н-, М.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад ...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ ....гэмт хэргийг хэн үйлдсэн ...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр ....зэргийг нотолно...” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч М.Б-ийн насанд хүрээгүй хохирогч Г.Т-ыг зодсон үйлдэлд өөр нийлмэл гэмт хэргийн шинж байгаа эсэх, бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар зохих журмын дагуу бүрэн шалгаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хууль ёсны зарчимд нийцээгүй, ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлтэй байна. 

6. Давж заалдах шүүхийн хувьд гомдол, эсэргүүцлийн дагуу доод шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөн өөрчлөх, эсхүл тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээг хуулиар олгосон бөгөөд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах болон шийдвэр гаргах үндэслэл, журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан болно.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн алдаа нь тухайн шийдвэрийг хүчингүй тооцох, эсхүл өөрчлөх үндэслэлд хамаарах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд хуульчлан заасан байна.

 

Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосон гэдэг үндэслэлээр хуульд нийцээгүй шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн хувьд үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэгжүүлэхгүй  байх нь агуулгын хувьд зөрчилтэй шийдвэр болохоос гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчим зөрчигдөх юм.

 

Хууль тогтоогч анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хүчингүй болгож, улмаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх зохицуулалтыг шинээр хуульчлах үзэл баримтлалын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг мөн хуулийн 36.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт шинээр хуульчилжээ.  

 

Энэ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болохгүй гэсэн үндэслэл биш юм.

 

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.

 

7. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд хэргийг прокурорт буцааж даруй шалгуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх...” үндсэн зорилтод нийцэх юм.

 

8. Иймд Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ДШМ/07 дугаартай магадлалд заасан мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийлгүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Н-, М.Б- нарт холбогдох эрүүгийн 2240000000043 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

9. Шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд дурдсан асуудлаар тус шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Н-, М.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДЭНСМАА

  

                           ШҮҮГЧИД                                                 Г.БОЛОРМАА

 

                                                                                             Д.ГАНЗОРИГ