| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/07443/И |
| Дугаар | 191/ШШ2025/02497 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/02497
2025 03 25 191/ШШ2025/02497
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ДБК ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХД ХХК холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 424,6*******,500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал Ш.Э,
Хариуцагчийн төлөөлөгч Ч.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани ХХК-тай 2024.05.08-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр манай компани нь ХХК-д ******* аймгийн ******* сум, 2 дугаар багт байрлах, нийтийн зориулалттай 56 айлын орон сууцны барилгын объектыг зээлийн болон арилжааны гэрээний холимог нөхцөлийг журамлаж 880,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь тухайлан тохирсон нөхцөл, болзлын дагуу төлбөрийг бэлэн мөнгө, тодорхой хөдлөх эд хөрөнгө буюу автомашинууд оролцуулан бүрэн төлснөөр тухайн объектыг өмчлөлдөө үл маргах журмаар шилжүүлэн авах үндсэн нөхцөлийг тохирсон. Хариуцагч нь төлбөрийн бүрдэлд хамаарах 6 ширхэг автомашинаас нийт үнэлгээгээр 370,000,000 төгрөгийн дүн бүхий 5 ширхэг автомашиныг худалдагч талын өмчлөлд шилжүүлэх болон хэсэгчлэн төлөхөөр тохирсон хуваарийн дагуу төлөгдвөл зохих төлбөрөөс 135,000,000 төгрөг, барилгын ажлын зураг төслийн үнийн үлдэгдэл төлбөр болох 60,000,000 төгрөг буюу нийт 565,000,000 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгэсэн. Гэрээний төлбөрт оролцуулан тооцох дээрх автомашинуудаас автозамын индүүг гэрээнд заасан чанар, ашиглалтын шаардлага хангахгүй хэт хуучирсан буюу ердийн журмаар ашиглах боломжгүй байсан тул 2024.09.26-ны өдрийн дугаар 02 тоот гэрээ дүгнэн хэлэлцэх албаны уулзалтаар тухайн автомашиныг төлбөрийн хэрэгслээс хасч, төгрөгт хөрвүүлэн тооцохоор тохиролцсон. Мөн худалдан авагч нь үлдэгдэл төлбөр 315,000,000 төгрөгийг төлбөр бүрэн төлөгдөж дуусахаар тохиролцсон эцсийн хугацаа болох 2024.08.30-ны өдөрт багтаан гүйцэтгээгүй бөгөөд гэрээний 1 дүгээр бүлгийн 1.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөх үүрэг, хуваарийн дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах тухайлсан график буюу 2024.05.30-ны өдөр 105.000.000 төгрөг, 2024.06.30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2024.07.30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2024.08.30-ны өдөр 100,000,000 төгрөгийг тус тус төлж дуусгах хувиар зөрчигдөж, гэрээний төлбөрийн үүрэг гүйцэтгэгдвэл зохих эцсийн хугацаа дуусгавар болоход төлбөрийн үүрэг зохих ёсоор гүйцэтгэгдээгүй тул талууд хооронд байгуулагдсан гэрээний холбогдох зохицуулалт, зарчмыг баримтлан үүргээ гүйцэтгэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллах тухай албан ёсны мэдэгдлийг худалдагч талаас удаа дараа гаргасан ба 2024.09.26-ны өдрийн 02 тоот гэрээ дүгнэн хэлэлцэх албан уулзалтаар төлөгдөөгүй нийт төлбөр, хугацаагаар тооцон хоногийн 0,3 хувийн алдангийг худалдан авагч талаар төлүүлэх замаар үүрэг гүйцэтгэх арга хэмжээг идэвхжүүлэхээр тохиролцсон.
Тухайн тохиролцооноос хойш үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх талаар хариуцагч нь дорвитой арга хэмжээ аваагүй, санхүү төлбөрийн чадамжгүй гэх шалтгаанаар үүрэг гүйцэтгэхээс татгалздаг боловч бусад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийнхөө санхүүжилтийг шийдвэрлэж, харин бидэнд төлөх төлбөрөө хойш тавьж байгаа, биднийг хохироож байна. Бидний зүгээс төлбөр төлөхийг амаар, бичгээр удаа дараа мэдэгдсээр байсан боловч хариуцагч нь зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүй 4 сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Иймд талууд хооронд байгуулагдсан зээлээр худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 315,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 504,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид үлдэгдэл төлбөр, алдангийн тооцооллыг дахин нягталж, үлдэгдэл төлбөрийг 287,000,000 төгрөг, алдангийг 167,6*******,500 төгрөг, нийт 454,6*******,500 төгрөг гэж тооцсон. Эндээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 30,000,000 төгрөг төлснийг үлдэгдэл төлбөрөөс хасаж, шаардлагаа 424,6*******,500 төгрөг болгон багасгаж байна. Мөн шүүх хуралдааны явцад хоёр талаас өгсөн дансны хуулга, баримтуудыг тулгаж үзэхэд нийт 880,000,000 төгрөгөөс хариуцагч нь 628,940,200 төгрөг төлсөн, үлдэгдэл нь 251,059,800 төгрөг болсон тухайд маргаангүй боллоо. Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр, алданги 424,6*******,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-тай 2024.05.08-ны өдрийн 01-24 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан тус компанийн ******* аймгийн ******* сумын төвд барихаар эхлүүлсэн 44 айлын орон сууцны дутуу баригдсан барилгыг газрын хамт 880,000,000 төгрөгөөр худалдан авсан. Биднийг гэрээ байгуулан худалдан авах үед уг төсөл нь суурийн хэсгийг нэг давхрын карказ дүүргэлтийн хамт гүйцэтгэсэн байсан. Харин манай компани худалдан авснаас хойш 3 дахь давхрын карказ дүүргэлтийн ажлууд хийгдэж дуусаад байна. Уг орон сууц нь нийт 4 давхар 60 айлын орон сууцны барилга бөгөөд 2025 оны 02 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 415,000,000 төгрөгийн үнэ бүхий нийт 6 ширхэг автомашин, техникийг, мөн зургийн мөнгө 60,000,000 төгрөгийн хамт нийт *******5,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсоны дагуу бүгдийг шилжүүлэн өгсөн. Харин үлдэгдэл 405,000,000 төгрөгийг 2024.05.30-ны өдөр 105,000,000 төгрөг, 2024.06.30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2024.07.30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2024.08.30-ны өдөр 100,000,000 төгрөгөөр тус тус 4 хуваан төлөхөөр тохиролцсон.
Ингээд урьдчилгаа төлбөрт тооцон 6 ширхэг автомашин, техникийг 415,000,000 төгрөгт тооцон шилжүүлэн өгсөн ба тэдгээрээс засмал замын индүүг 45,000,000 төгрөгт тооцон шилжүүлэн өгсөн байсан боловч уг индүүг худалдан авагч олдоогүй тул буцаах хүсэлт гаргасныг манай тал хүлээн зөвшөөрч уг индүүг хасч тооцохоор болсон. Өөрөөр хэлбэл засмал замын индүүг хасч Gely , Тоёота клугер, Ниссан патрол Y62, Changan CS55, Лексус RX-450 маркийн автомашинуудыг 370,000,000 төгрөгт тооцон шилжүүлэн өгсөн. Мөн урьдчилгаа төлбөрт оруулан тооцсон зургийн төлбөр болох 60,000,000 төгрөгийг 2024.06.14-ний өдөр Орхон ******* ХХК-д төлсөн. Үүний дараа 2024.06.20-ны өдрөөс 2024.12.27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 168,000,000 төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл, 370,000,000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг автомашин, зургийн төлбөр болох 60,000,000 төгрөг, мөнгөөр төлсөн 168,000,000 төгрөгийн хамт, нийт 598,000,000 төгрөгийг төлөөд байна. Хуваарьт төлбөр удаашрах, хугацаандаа төлөгдөх боломжгүй болсон нэг шалтгаан нь анх гэрээг байгуулах үед худалдагч талаас орон сууц захиалгын гэрээг байгуулахад бэлэн 20 орчим захиалагч байгаа, та бүхэн энэхүү төслийг авмагц тэдгээртэй гэрээгээ байгуулан манай үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөх боломжтой гэж байсан ч гэрээг байгуулснаас хойш нэг ч захиалагчийг холбож өгөөгүй, нэг ч захиалагч ирээгүй. Мөн газрын эрх шилжүүлэн авах хүсэлтийг 2024 оны 06 дугаар сард тавьсан боловч 2024 оны 09 дүгээр сард шилжүүлж өгсөн ба ингэснээр бид эскиз зураг болон ажлын зургаа өөрсдийн нэр дээрх газар дээрээ зуруулж баталгаажуулах болсон. Учир нь зургийн компани газрын эрхийг танайд шилжиж ирсний дараа танай нэр дээр эскиз гарах боломжтой гэж тайлбарлаж байсан учир дээрх бүх зургийн ажлууд хүлээгдэж барилгын ажил 2024 оны намар орой болсон хойно эхэлсэн тул захиалга орж ирээгүй. Одоо нийт 880,000,000 төгрөгийн төлбөрөөс төлсөн 598,000,000 төгрөгийг хасч тооцвол үлдэгдэл төлбөр нь 282,000,000 төгрөг болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай байгууллага 30,940,200 төгрөгийг нэхэмжлэгчид нэмж төлсөн, мөн 3,000,000 төгрөгөнд тооцоод 9 хонь өгсөн, уг төлөлт нэхэмжлэгчийн тооцооллоос хасагдаагүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн гэрээний үлдэгдэл төлбөр 257,000,000 төгрөг гэдэг нь үндэслэлгүй байна. Үүнээс 9 хонийг 3,000,000 төгрөгт тооцож өгсөн гэж хариуцаж хэлсэн, энэ төлбөр хасагдаагүй байна. Харин манай тооцооллоор үлдэгдэл төлбөр 251,059,800 төгрөг болсон бөгөөд үүнийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Бид хурлын явцад хэрэгт өгсөн баримтуудыг нэг бүрчлэн судалж, тооцооллыг тодруулсны хүрээнд нэхэмжлэгч нь 251,059,800 төгрөгийн үлдэгдэл төлбөрт маргаангүй боллоо.
Харин алдангийн тухайд бид маргаантай байна. Учир нь нэхэмжлэгч алданги 167,6*******,500 төгрөгийг нэхэмжилсэн боловч тооцоолол нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Бид өөрсдөө тооцсон тооцооллын дагуу, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл алданги төлөх нь шударга гэж үзсэн. Тодруулбал, бидний төлөх байсан 405,000,000 төгрөгөөс 168,000,000 төгрөгийг буюу 2024.05.30-ны өдөр төлөх 105,000,000 төгрөг болон 2024.06.30-ны өдөр төлөх 100,000,000 төгрөгөөс 63,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Харин 2024.07.30, 2024.08.30-ны өдөр төлөх 200,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Одоо 2024.06.30-ны өдөр төлөх 100,000,000 төгрөгөөс үлдсэн 37,000,000 төгрөг болон 2024.07.30, 2024.08.30-ны өдөр төлөх байсан хуваарьт төлбөрүүдэд гэрээгээр тохирсон хоног тутамд 0,2%-ийн алдангийг тооцож 59,262,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Гэхдээ анх бартерт авахаар тохирсон 45,000,000 төгрөгийн замын индүүг авахаа больж мөнгөн хэлбэрээр төлж барагдуулахаар тохирсон ба уг төлбөрт алданги төлөх талаар тохиролцоогүй, анхны гэрээнд алдангийн тохиролцоо байгаагүй, сүүлд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд алданги 0,2% байхаар тусгасан байдаг юм. Нэхэмжлэгч алдангийг 0,3%-иар тооцсон байх боловч энэхүү 0,3% гэдэг өөрчлөлт гэрээнд огт ороогүй, талууд уулзалт хийсэн тэмдэглэлд 0,3% гэж бичигдсэн байх боловч энэхүү тэмдэглэлээ үндэслэн гэрээндээ албан ёсоор нэмэлт өөрчлөлт оруулж, гарын үсгээ зураагүй байна. Тийм учраас алдангийг 0,3%-иар тооцох үндэслэлгүй юм.
Иймд бид нийт төлөх ёстой 880,000,000 төгрөгөөс автомашины 370,000,000 төгрөг, зургийн төлбөр төлсөн 60,000,000 төгрөг, 2024.06.05-ны өдрөөс 2025.03.08-ны өдрийг хүртэл бэлэн мөнгөөр буюу дансаар нийт 195,940,200 төгрөг, 2025.02.26-ны өдөр өгсөн 9 хонины 3,000,000 төгрөг, бүгд 628,940,200 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Үлдэгдэл 251,059,800 төгрөгийг, алданги 59,262,000 төгрөг, нийт 310,321,800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэгдэл төлбөрийг алдангийн тооцоолол буруу, төлөх үндэслэлгүй гэж үзэн зөвшөөрөхгүй байна гэв.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2024.05.08-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2024.06.19-ний өдрийн гэрээний хавсралт буюу нэмэлт өөрчлөлт, 2024.09.26-ны өдрийн 2 дугаар хурлын тэмдэглэл, ******* ******* ******* ХХК-ийн 2024.09.-ны өдрийн 2024/16 дугаар, 2024.09.19-ний өдрийн 2024/19 дугаар, 2025.01.07-ны өдрийн 2025/01 дугаар гэрээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, хариуцагч ХХК-ийн 2024.12.05-ны өдрийн 24/127 дугаар хүсэлт гаргах тухай, 2025.01.14-ний өдрийн 25/05 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024.12.13-ны өдрийн алдангийн тооцоол гэсэн баримтуудыг,
4.Хариуцагч талаас нотлох баримтаар,
Гэрээний төлбөр тооцооны баримт, ХХК-ийн ХААН банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ХХК-нд холбогдуулж гэрээний үлдэгдэл төлбөр 315,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 504,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны явцад ...хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөлт хийсэн, үлдэгдэл төлбөр, алдангийн тооцооллыг тодруулсан... гэх шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагаа үлдэгдэл төлбөр 257,000,000 төгрөг, алданги 167,6*******,500 төгрөг, нийт 424,6*******,500 төгрөг гэж багасгасан болно.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй биднийг хохироож байгаа бөгөөд төлбөрийг удаа дараа шаардуулж байгаа учир үлдэгдэл төлбөрөөс гадна гэрээнд заасны дагуу алдангийг 0,3%-иар тооцож, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл, график зөрчигдсөн хоногоор тооцож гэрээний үлдэгдэл төлбөрийг, алдангийн хамт шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...бид худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 251,059,800 төгрөгийг, алдангиас 59,262,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, харин нэхэмжлэгчийн алданги тооцсон тооцоолол үндэслэлгүй, гэрээнд алдангийг 0,3%-иар тооцох зохицуулалт байхгүй, алданги тооцсон хоног, тооцоолол нь ойлгомжгүй байна... гэж тайлбарлан мэтгэлцсэн.
3.Зохигчийн хооронд 2024.05.08-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн эзэмшлийн ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* тосгонд байрлах, ******** хэмжээтэй, суурийн буюу 1 давхар, 2 орц бүхий, 56 айлын орон сууцны зориулалттай барилгыг, дагалдах эд хөрөнгө болох 100,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тоосго, цементийн хамт 880,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг тохиролцсон хуваарийн дагуу бэлнээр болон эд хөрөнгөөр төлөх, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь уг сууц бүхий барилга, дагалдах эд хөрөнгийг ямар нэгэн доголдолгүй, эрхийн зөрчилгүй хариуцагч ХХК-нд хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.
Зохигч энэхүү гэрээнд 2024.06.19-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж ...худалдан авагч тал нь төлбөр төлөх үүргийг гэрээгээр тохирсон хугацаандаа биелүүлээгүй нөхцөлд гүйцэтгэгдээгүй төлбөр түүний нийт үнийн дүнгийн 0,2%-иар тооцон алданги төлөх үүргийг хүлээх бөгөөд алдангийг хугацаа хожимдуулсан нийт хугацаагаар тооцно... гэж тохиролцсон байна.
Дээрх зээлээр худалдах, худалдан авах гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 9 дүгээр зүйлийн 9.1., 232 дугаар зүйлийн 232.3., 232.6.-д заасан шаардлагад нийцсэн худалдах, худалдан авах гэрээний харилцаа болжээ.
4.Учир нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 263 дугаар зүйлийн 263.2.-т зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүрэг хүлээдэг бөгөөд хүү тохиролцсоноор гэрээний үнэ нэмэгдэж байдаг онцлогтой.
Харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.
Гэрээний дээрх шинжүүдийг зохигчийн байгуулсан гэрээний нөхцөл, тэдний тайлбартай харьцуулж үзвэл, зохигч гэрээгээ зээлээр худалдах, худалдан авах гэж нэрлэсэн байх боловч энэ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол шинж болох хүүний тохиролцоо, гэрээний үнэ нэмэгдэх шинжийг агуулаагүй, харин гэрээний үнэ болох нийт төлбөрийг тодорхой цаг хугацаанд хэсэгчлэн, мөнгөөр болон эд хөрөнгөөр төлөхөөр тохиролцсон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжид тохирсон байх тул дээрх дүгнэлтэд хүрлээ.
5.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь гэрээний 1.1., 1.2.а, 1.2.2, 1.2.3, 2 дугаар зүйлийн ерөнхий эрх, үүргийн б-д зааснаар, ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* тосгонд байрлах, ******** хэмжээтэй, суурийн буюу 1 давхар, 2 орц бүхий, 56 айлын орон сууцны зориулалттай барилгыг, дагалдах эд хөрөнгө болох 100,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тоосго, цементийн хамт хариуцагч ХХК-нд хүлээлгэн өгсөн, хариуцагч ХХК нь гэрээний нийт үнэ болох 880,000,000 төгрөгөөс *******0,000,000 төгрөгт тооцон:
1.80,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, маркийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн, 2022 оны суудлын автомашин,
2.60,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, Toyota маркийн Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2014 оны суудлын автомашин,
3.110,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, Nissan -y 62 маркийн Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2016 оны суудлын автомашин,
4.45,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, Орос улсад үйлдвэрлэгдсэн Засмал замын индүү автомашин,
5.75,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, Changan CS-55 маркийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн, 2023 оны суудлын автомашин,
6.45,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, Lexus RX-450 маркийн Япон улсад үйлдвэрлэгдсэн 2009 оны суудлын автомашинуудыг 2024.05.08-ны өдөр нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд хүлээлгэн өгсөн байна.
5.1.Гэвч эдгээр машинаас 4 дугаарт байх 45,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, Орос улсад үйлдвэрлэгдсэн Засмал замын индүү автомашин шаардлага хангахгүй шалтгаанаар буцаагдсан, мөн барилгын зураг төсөл зохиогчийн ажлын зардалд 2024.05.08-ны өдөр 60,000,000 төгрөг төлсөн байх ба, энэ үед *******5,000,000 төгрөг төлөгдөх байснаас буцаагдсан Засмал замын индүү машины үнэ 45,000,000 төгрөг хасагдаж, нийт 430,000,000 төгрөгийг төлсөн тухайд зохигч маргаангүй.
5.2.Улмаар хариуцагч ХХК нь гэрээний 2 дугаар зүйлд зааснаар үлдэх 405,000,000 төгрөгийг 2024.05.30-ны өдөр 105,000,000 төгрөг, 2024.06.30-ны өдрөөс 2024.08.30-ны өдрийг хүртэл сар бүр 100,000,000 төгрөгөөр тус тус төлөх, үүргээс:
-2024.06.05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024.07.04-ний өдөр 40,000,000 төгрөг, 2024.08.09-ний өдөр 30,000,000 төгрөг, 2024.09.14-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024.09.15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.09.27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024.09.30-ны өдөр 11,500,000 төгрөг, 2024.10.05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024.10.09-ний өдөр 10,000,000 төгрөг, 2024.10.-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024.11.07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024.11.13-ны өдөр 2,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 2024.11.15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024.12.02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.12.11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024.12.-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024.12.23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024.12.27-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025.01.23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.01.24-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025.01.31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025.02.06-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.02.10-ны өдөр 500,000 төгрөг, 2025.02.17-ны өдөр 700,000 төгрөг, 2025.02.-ны өдөр 300,000 төгрөг, 2025.02.20-ны өдөр 8,640,200 төгрөг, 2025.02.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.02.26-ны өдөр 3,000,000 /9 ширхэг хонь/, 2025.03.08-ны өдөр 2,300,000 төгрөг, нийт 198,940,200 төгрөг төлсөн байна.
5.3.Дээрхээс үзвэл, хариуцагч ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд нийт 880,000,000 төгрөг төлөх үүргээс бүгд 628,940,200 /430,000,000 төг + 198,940,200 төг/ төгрөгийг төлж, үлдэгдэл 251,059,800 /880,000,000 төг - 628,940,200 төг/ төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, ХААН банк ХК-ийн дансны хуулгууд, хариуцагчийн тооцоолол хийсэн баримтаар тогтоогдсон ба, нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар маргаантай байсан боловч шүүх хуралдааны явцад гэрээний үлдэгдэл төлбөр 251,059,800 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч, зохигч энэ талаар маргаангүй болсон.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 206 дугаар зүйлийн 206.1., 208 дугаар зүйлийн 208.1.-д зааснаар худалдсан эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж өгөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч ХХК нь төлбөрийг 2024.08.30-ны өдөр гэхэд бүрэн төлж дуусгах үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, энэ үед гүйцэтгээгүй үүрэг 360,000,000 төгрөг байсанд зохигч маргаангүй, хариуцагч нь хугацаа хэтрүүлсэн гэм буруутай байх ба, тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024.12.13-ны өдрөөс хойш төлөлт хийж, үлдэгдэл төлбөр 251,059,800 төгрөг болсон тухайд зохигч маргаангүй, уг төлбөрийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн.
6.Зохигч нь алдангийн тооцооллын талаар маргаантай байх ба, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь 2024.12.13-ны өдрийн алдангийн талаарх тооцооллын баримт, хурлын тэмдэглэлийг үндэслэн, төлбөр төлөх графикт хугацаа зөрчигдөх бүрт 0,3%-иар тооцон 2024.06.20-ны өдрөөс 2024.12.23-ны өдрийг хүртэл нийт 167,6*******,500 төгрөг нэхэмжлэх боловч энэхүү тооцооллоо үндэслэл бүхий тодруулж, тайлбарлаж чадсангүй. Харин хариуцагч тал өөрсдийн тооцооллын дагуу 2024.06.19-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024.12.13-ны өдрийг хүртэл хоногийн 0,2%-иар тооцон 59,262,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн.
Зохигчийн хооронд байгуулагдсан 2024.05.08-ны өдрийн үндсэн гэрээнд алдангийн талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй хэдий ч зохигч тус гэрээний 2.1.ё, 4.1.д-д зааснаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар харилцан санал гаргах эрхээ хэрэгжүүлж, 2024.06.19-ний өдөр алдангийг 0,2%-иар тооцох талаар тохиролцож, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан, гэрээг бичгийн хэлбэрээр үйлдэж, талуудыг төлөөлсөн этгээдүүд болох гүйцэтгэх удирдлагууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болсон байна.
Харин нэхэмжлэгчийн үндэслэл болгосон 2024.09.26-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзвэл, талууд худалдах, худалдан авах гэрээний үүрэг зөрчигдөж байгаа талаар болон өглөг, авлагын хугацаа хоцроод байгаа талаар болон 09 сарын 27-ны өдрөөс хариуцагч нь 60-70 сая төгрөг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй мөнгөн дүнгээс 0,3%-иар алданги тооцох талаар ярилцсан байна. Гэвч зохигч энэхүү яриа, тохиролцоогоо худалдах, худалдан авах гэрээний 4.1.д-д заасан журмын дагуу гэрээний нэмэлт өөрчлөлт болгон зохицуулаагүй, нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг бичгээр байгуулаагүй байх тул алдангийг 0,3%-иар тооцох нэхэмжлэгчийн тайлбар няцаагдана.
7.Шүүх алдангийг төлбөр төлөх сүүлийн хугацаа болох 2024.08.30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024.12.13-ны өдрийг хүртэл, 2024.06.19-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд заасан хэмжээ болох 0,2%-иар, 2024.08.30-ны өдрийн байдлаар гүйцэтгээгүй үүрэг болох 360,000,000 төгрөгөөс тооцвол, нийт 105 хоногийн 75,600,000 /360,000,000 төг * 0,2% = 720,000 төг * 105 хон/ төгрөг болов.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги нь зохигчийн хувьд хариуцлагын шинжтэй бөгөөд гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иас хэтрэхгүй хэмжээгээр нөгөө талдаа төлөх нэмэлт үүрэг байдаг онцлогтой. Тиймээс гэрээний үүргийг биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, буруутай тал болох хариуцагч ХХК нь энэхүү алдангийг төлөх үүрэгтэй.
Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар үлдэгдэл төлбөр, алдангийг хариуцагч ХХК-иас шаардах эрхтэй ба, хариуцагч ХХК нь төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 251,059,800 төгрөг, алданги 75,600,000 төгрөг, нийт 326,659,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 97,987,700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
8.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн 2024.12.12-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 2,677,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үл, хариуцагч ХХК-иас 1,791,249 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч ХХК-иас 326,659,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 97,987,700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар ******* ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,677,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үл, хариуцагч ХХК-иас 1,791,249 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА