| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0193/э |
| Дугаар | 217 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
улсын яллагч Д.Оюунгэрэл,
шүүгдэгч Ж.А,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Жүгдэрнамжилын Алтанхуягт холбогдох эрүүгийн 1811001810106 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Ж-ын Аг, 1964 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүү, зээ нарын хамт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 9 дүгээр гудамж, 130 тоотод оршин суух,
Нийслэлийн шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 204 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр суллагдсан, регистрийн дугаар ХА.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ж.А нь 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 37 дугаар сургууль дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас тус сургуулийн биеийн тамирын багш Д.Амгаланбаярын хүзүүн тус газарт хутгалж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Урьд нь хэрэг үйлдэж, шоронгоос гарч ирээд дахин хэрэгт холбогдохгүй байх гэж хичээж явсан…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Д.Амгаланбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 37 дугаар сургуулийн жижүүр Алтанхуяг ахтай өдрийн 16 цагийн үед 1 шил хараа архи хувааж уусан. Би өмнөх өдөр нь бас архи уусан байсан. Тэгээд тухайн үед нилээд согтсон, Алтанхуяг ахтай юунаас болж маргалдсанаа ерөөсөө санахгүй байна. Нэг мэдсэн хүзүүнээс цус гарч байсан ба Алтанхуяг ах нэг алчуураар хүзүү дарж байсан. Түргэний эмч оёдол хийгээд эмнэлэгт очиж хагалгаанд орсон. Хүзүүний зүүн талд зүсэгдсэн гэмтэл учирсан. Энэ гэмтлийг жижүүр Алтанхуяг учруулсан. Уг нь Алтанхуяг бид хоёр хоол хийх гээд л бэлдсэн байсан юм. ..Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. эмчилгээний зардлыг Алтанхуяг ах гаргасан...” гэжээ /хх-15-17/.
Гэрч Г.Мөнх-Очир нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Өнөөдөр 11 цагийн үед Б байрны жижүүр Алтанхуяг, биеийн тамирын багш Амгаланбаяр хоёр хамт архи ууж эхэлсэн. 16 цагийн үед би Б байр руу орсон чинь Алтанхуяг, Амгаланбаяр хоёр хоорондоо муудалцаад коридорт Алтанхуяг Амгаланбаярыг заамдчихсан чи намайг цохидог хэн юм бэ гээд зогсож байсан. Би Амгаланбаярыг татаад гаргах гээд явж байхад баруун талаас ирээд Амгаланбаярын хүзүүний зүүн талын гүрээрүү нь нэг удаа хатгасан. Тэгээд Амгаланбаярын хүзүүнээс цус олгойдоод гараад эхэлсэн бөгөөд би түргэн тусламж дуудсан. Алтанхуяг хутгаа шкаф руу цусыг нь арчаад хийчихсэн. Тухайн үед Амгаланбаяр, Алтанхуяг хоёр их согтуу байсан...”/хх-21-22/.
“...Хоол хийж иддэг хутга хувцасны өлгүүрийн орчим байсан. Тэр хутгыг Алтанхуяг аваад Амгаланбаярын хоолой руу нь хутгалчихсан юм. Тэгснээ цаанаас нэг алчуур авчирч дараад цагдаа, түргэн дууд гэсэн. Би цагдаа, түргэн дуудсан. Түргэн ирээд хүзүүнд нь оёдол тавиад аваад явсан...” гэжээ /хх-25/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн №1422 дугаар дүгнэлтэд:
“1. Амгаланбаярын биед хүзүүний зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2, 4. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ /хх-28/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-42, 49-51/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-6-9/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Ж.А нь 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 37 дугаар сургууль дотор буюу өөрийн ажлын байранд хамт архи ууж байсан тус сургуулийн биеийн тамирын багш Д.Амгаланбаярын хүзүүн тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн №1422 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ж.Ат ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан торгох ял оногдуулав.
Ингэхдээ торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Д.Амгаланбаяр нь “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. эмчилгээний зардлыг Алтанхуяг ах гаргасан...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт хураагдан ирсэн 24.5 см урттай, 1 ширхэг хутгыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, мөн хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Жүгдэрнамжилын Алтанхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ат оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Хэрэгт хураагдан ирсэн 24.5 см урттай, 1 ширхэг хутгыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ат хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН