| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрхэмбаярын Азбаяр |
| Хэргийн индекс | 128/2025/0426/З |
| Дугаар | 128/ШШ2025/0458 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2025/0458
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З.,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.А,
Маргааны төрөл: Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Л., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Миний бие ******* намаас 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн бөгөөд Монгол Улсын Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг чанд сахиж, хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх заалтад “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу сонгуулийн дансны мэдээлэл, хандивын үе шатны, эцсийн тайланг аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан Үндэсний аудитын газарт хуулийн хугацаанд нь өгч, сонгуулийн сурталчилгааны хугацаанд олон нийтийн сүлжээгээр өдөр тутам хандивын талаарх мэдээллийг нээлттэй тайлагнаж оролцсон билээ.
Хуулийг дагаж мөрдсөн тухай тайлбар үндэслэл:
Нэг. Хуульд заасан хэлбэрээр мэдээллээ илгээсэн: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “өргөдөл" гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг; Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно.” гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “... Өргөдөл, гомдлыг цахим хэлбэрээр дамжуулан гаргаж болно. Байгууллага бүр цахим хаягтай байна” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 3-т “Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ” гэж тус тус заасан байна.
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зардлын дансыг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хаан банканд нээлгэсэн бөгөөд тухайн үед Аудитын ерөнхий газарт бүртгүүлэхээр биеэр хандахад нэр дэвшигч нэг бүрээр хүлээн авч бүртгэх боломжгүй, өөрийн нам дээр нэгтгээд нэгдсэн байдлаар албан бичгээр хандах ёстой” гэсний дагуу ******* намын сонгуулийн штабт хүргэж өгсөн. Тус намын сонгуулийн штабаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/023 дугаартай албан бичгийн хамт хавсралтаар 53 нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын мэдээллийг Аудитын ерөнхий газрын [email protected] цахим хаягт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 50 минутад ******* овогтой миний биеийн сонгуулийн зардлын дансны дугаар, мэдээллийг бусад нэр дэвшсэн гишүүдийн мэдээллийн хамт хуулийн хугацаанд хүргүүлсэн байдаг.
Хоёр. Хуульд заасан хугацаанд багтаан бүртгүүлсэн: ******* намын сонгуулийн штабаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 50 минутад цахим хаягаар хүргүүлсэн болохыг дээр дурдсан. Сонгуулийн тухай хуулийн 51.4 дүгээр заалтад сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ гэсэн байдаг. Түүнчлэн Монгол Улсын Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно” гэж заасан. Хууль болон журамд заагдсан “санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө” гэдгийг дараах байдлаар ойлгож байна.
a. Санал авах өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шөнийн 23 цаг 59 минут 60 секунд болж өнгөрсний дараах 00 цаг 01 секундээс эхлээд 23 цаг 59 минут 60 секунд хүртэлх 24 цагийн хугацааг тоолж ойлгоно.
b. 15-аас доошгүй хоног гэдэгт 15 дахь хоног өөрөө орж тоологдоно гэж үзэхэд дээрх хуулийн заалтын дагуу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 50 минутад хүргүүлсэн гээд
-2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 50 минутаас 1 дэх хоног
-2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 50 минутаас 2 дахь хоног
-2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 50 минутаас 3 дахь хоног
-2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 50 минутаас 4 дэх хоног
-2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 50 минутаас 5 дахь хоног
-2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 50 минутаас 6 дахь хоног
-2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 50 минутаас 7 дахь хоног
-2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 50 минутаас 8 дахь хоног
-2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 50 минутаас 9 дэх хоног
-2024 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 23 цаг 50 минутаас 10 дахь хоног
-2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23 цаг 50 минутаас 11 дэх хоног
-2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 50 минутаас 12 дахь хоног
-2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 23 цаг 50 минутаас 13 дахь хоног
-2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 23 цаг 50 минутаас 14 дэх хоног
-2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23 цаг 50 минутаас 15 дахь хоног эхэлж байгаа бөгөөд санал авах өдөр дуусахаас өмнө буюу 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23 цаг 59 минут 60 секунд болохоос 9 минут 59 секундийн өмнө цахим хаягаар илгээгдсэн байна.
Арифметик утгаараа 15-аас доошгүй гэдэг нь 15-тай тэнцүү ба түүнээс олон гэсэн утга бөгөөд 15 дахь хоногийг оруулахгүйгээр түүнээс олон хоногийг шууд авбал энэ нь хуульд үүнийг “15-аас дээш” гэж томьёолох байсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс татварын улсын байцаагч Л. нь надад торгуулийн шийтгэл ногдуулахдаа хуулийн заалт дээр “доошгүй” гэдэг үгээр орсон тооцоог “дээш” гэдэг үгээр сольж тооцсон байна Журам, хууль хоёр “доошгүй” гэж заасан тул хуулиа дагах нь хуульд нийцнэ гэж үзэж байна.
Гурав. Мэдээллээ өөрөө нотолж бичгээр хүргүүлсэн: Монгол Улсын Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан заалтын дагуу нэр дэвшигч өөрийн биеэр Аудитын ерөнхий газарт мэдэгдэж, бүртгүүлэх ёстой гэж татварын байцаагч үзэж надад торгууль оногдуулсан. Гэтэл миний бие ******* намаас илгээсэн албан бичгийн хавсралтад өөрийн мэдээллийг үнэн зөв оруулаад, өөрөө тус мэдээллээ нотолж гарын үсэг зурсан нь хавсралтаар илгээгдсэн юм. Өөрийн гараар гарын үсэг зурсан мэдээллийг маань “өөрөө бүртгүүлээгүй” гэж үзэж торгож байгаад би гомдолтой байна.
Сонгуулийн үеэр Аудитын ерөнхий газар нэр дэвшигч бүрээр хүлээн авч бүртгэх цаг хугацаа болон орон зайн хувьд боломжгүй байсан. Тухайн үед сонгууль зохион байгуулах, сонгуулийн үйл ажиллагаанд бүртгэл, хяналт хэлбэрээр оролцсон төрийн байгууллагууд тухайн нам эвслийн сонгуулийн төв штабтай албан хэлбэрээр харилцаж байснаас бус нам эвслээс нэр дэвшигч бүртэй төрийн аливаа байгууллага харилцаж байгаагүй, миний бие сонгуулийн хорооноос ч, үндэсний аудитын газраас ч нэг ч албан тоот өөрийн нэр дээр хүлээн аваагүй болно. Харин сонгууль зохион байгуулж хяналт тавьж байсан төрийн байгууллагууд улс төрийн намуудаас “төлөөлж харилцах албан тушаалтны жагсаалтыг авч, тэдгээрээр дамжуулан намтай харилцаж байсан ба бие даан нэр дэвшигчидтэй л шууд харилцсан байдаг.
Миний бие ******* намаас нэр дэвшиж, намын сонгуулийн штабын зохион байгуулалт дор сонгуулийн үйл ажиллагааг явуулсан ба ******* намын Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн тойрогт нэр дэвшигч нарын сонгуулийн зардлын дансны мэдээлэл намын штаб дээр нэгтгэгдэж, улмаар Үндэсний Аудитын газарт хуулийн хугацаанд цахимаар хүргүүлсэн. Энэхүү зохион байгуулалтын явцад дансны мэдээллээ нотолж өөрөө гарын үсэг зурах нь өөрөө бичгээр мэдээлж буй хэлбэр мөн гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан бүх үндэслэлээр миний бие хууль зөрчөөгүй гэж үзэж буй тул Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л. нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар бүхий шийтгэх хуудсаар “... холбогдогч 3. нь сонгуулийн зардлын дансны мэдээллийг мэдэгдэж бүртгүүлээгүй” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000.00 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь заалтын 106.3.1-д зааснаар хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Процесс мэдэгдээгүй, бүртгүүлээгүй бол зардлын дансыг яагаад нээгээд сонгуулийн ажлыг явуулсан юм. Үндэсний аудитын газар нэр дэвшигчийн дансны мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлсэн. Хүргүүлсэн учир цаашдын процесс ажиллаа явагдах болно. Энэ нь Үндэсний аудитын байгууллага бүртгэж авсан гэдэг ойлголт байх болно. Зөрчлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шийтгэл оногдуулах үндэслэл гэж байдаг. Зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзаж шийтгэл оногдуулан гэж байгаа. Өөрөөр хэлбэл зөрчил мөн үү гэдгээ тодорхойлох ёстой байдаг. Эрх бүхий албан тушаалтан зөрчлөө тодорхойлж чадаагүй. Зөвхөн Үндэсний аудитын газар хуулийг буруу ойлгож тайлбарласан. Захиргааны байгууллагын хоорондын ажлын уялдаа холбоо муу байгаа, хуулийн мэдлэг сул байгаагаас шалтгаалж өөр хоорондоо ажлын хэсэг болж шилжүүлж байгаа албан бичигт үндэслэж гаргасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд захиргааны үйл ажиллагааны зарчим гэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д захиргааны үйл ажиллагаанд Монгол улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөрдөгдөх болно. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1-д хуульд үндэслэх гэж байгаа. Хуульд үндэслэх гэдэг нь Үндсэн хууль, бусад хууль дагаж мөрдөхийг хэлж байгаа. Арга хэмжээ авч байгаа журам нь цаг хугацаа, фактын хувьд зөрчил гарснаас хойш мөрдөгдөж эхлээд байдаг. Гэтэл тэр журмаар арга хэмжээ авсан. Энэ журам нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасан шаардлагад нийцэж гарч байгаа журам гэж хэлж байгаа. Гэвч Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасан нь санкци хүлээлгэх заалт биш, үүрэгжүүлсэн заалт. Үүнтэй холбогдуулж журмаа Үндэсний аудитын газар данс нээлгэж байгаа 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө Хууль зүйн яам дээр журам нь бүртгэгдэж хүчин төгөлдөр Монгол улсад мөрдөгдсөн байх ёстой байтал журам байхгүй байхад арга хэмжээ авсан нөхцөл байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх ашгийг хамгаалахаар заасан байдаг. Нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдуулсан харилцааг зохицуулдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд шүүхийн нотлох зарчим байгаа. Тус хуулийн 7.1-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийн хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх, хэргийн оролцогчийг татан оролцуулах гэж заасан байдаг. Дээрх заалтыг харгалзаж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоох, хүчингүй болгох гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.ийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Улмаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт ******* намаас нэр дэвшигч 3.д холбогдох сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлээгүй гэх үйлдэлд нэмэлт нотлох баримт цуглуулж, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай байсан тул 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эрх бүхий албан тушаалтны тогтоолоор 2511000728 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Хоёрт Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Хоёрдугаарт: “хуульд заасан хугацаанд багтаан бүртгүүлсэн” гэх гомдолд:
Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад зөрчилд холбогдогч 3.гаас 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 303 тоотод дуудан ирүүлж, мэдүүлэг тайлбар авсан бөгөөд мэдүүлэгт ******* намын сонгуулийн штабаас бүх нэр дэвшигч нарын сонгуулийн зардлын дансны мэдээллийн нэгтгэж үндэсний аудитын дээд байгууллагад хүргэх тул би намын штабт өгсөн. Намын штаб нэгтгэсэн мэдээллийг үндэсний аудитын дээд байгууллагад 2025-оны 06 дугаар сарын 13-нд /мэйлээр/ болон албан бичгээр хүргүүлсэн талаар бидэнд мэдэгдсэн гэх тайлбарыг өгсөн. Мэдүүлэг, тайлбарын дагуу Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан тодруулахад,
1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан хавсралт баримтад хавсаргагдсан Үндэсний аудитын газрын албан ёсны цахим https://audit.mn/ хаягт 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр олон нийтэд мэдээлсэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч, нам эвсэл, нэр дэвшигчдийн Төрийн аудитын байгууллагад мэдэгдэж бүртгүүлсэн хандивын дансны жагсаалтад ******* нам болон нэр дэвшигчдийн мэдээлэл бүртгэгдээгүй,
2. ******* намаас Үндэсний аудитын газарт 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2/02 дугаартай “тодруулга хүсэх тухай” албан бичигт Үндэсний Аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/921 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр ******* намын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/037 дугаартай албан бичгээр 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг хавсарган [email protected] мэйлээр илгээсэн боловч журмын дагуу бичгээр ирүүлээгүй гэх тайлбар бүхий албан бичиг,
3. ******* намаас нэр дэвшигч иргэн Х.*******, Б.Д******* нарт Үндэсний аудитын газраас 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/1123 дугаартай албан бичгээр Төрийн аудитын байгууллагад нам, эвсэл, нэр дэвшигчдээс бичгээр ирүүлсэн сонгуулийн зардлын дансны мэдээллийг нэгтгэж, audit.mn цахим хуудаст байршуулж, олон нийтэд мэдээлсэн. Харин ******* нам нь 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг дээрх журмын дагуу бичгээр ирүүлээгүй, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2/037 дугаар албан бичигт хавсарган Үндэсний аудитын газрын [email protected] мэйл хаягаар илгээсэн байна гэх албан бичгийн хариуг тус тус ирүүлсэн байдаг.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан цаг хугацааны хувьд: ...Үндэсний аудитын газрын албан ёсны цахим хаяг болох audit.mn хаягаараа 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр олон нийтэд мэдээлсэн “нам, эвсэл болон нэр дэвшигчдийн анхааралд” хэсэгт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байх бөгөөд нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө буюу 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй. Зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлэн бичиг хэрэгт хүлээлгэн өгнө. Үүнд:
1. Бүртгүүлэх хүсэлт /хаяг, утасны дугаар, гарын үсэг/,
2. Иргэний үнэмлэхийн хуулбар,
3. Дансны дугаар, банкны нэрийг баталгаажуулсан баримт /банкны гэрээ/,
4. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх, гэсэн мэдээллээс харахад 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал Төрийн аудитын дээд байгууллагад бичгээр мэдэгдэх сүүлийн хугацааг цахимаар мэдээлсээр байтал ******* нам нь зардлын дансны мэдээллийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр бичгээр хүргүүлсэн нь бүртгүүлэх хугацаа хэтрүүлсэн, хуулийн хугацаанд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүйг тодорхой харуулсан.
Учир нь сонгуульд нэр дэвшигч нам, эвсэл нэр дэвшигч ******* нам нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4.“Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн дээрх баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд тус нэр дэвшигч сонгуулийн зардлын дансыг Төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хууль тогтоох дээд байгууллагад нэр дэвшигч нь хуулийг нэг мөр дагаж мөрдөх байтал ийм хугацааны алдааг гаргах нь зүйд нийцэхгүй болно.
Түүнчлэн Монгол Улсын ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа, нам эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах, журам”-ын 3.4-т “Нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлэх талаар журамласан.
Улмаар ******* нам нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшихдээ нэр дэвшигчдээ сонгуулийн зардлын данс нээлгэсэн боловч Үндэсний аудитын газарт хуульд заасан хугацаанд, журамд заасны дагуу бичгээр мэдэгдэж бүртгүүлээгүй нь зөрчлийн тухай хуульд заасан бие даасан зөрчлийн шинжийг хангаж байх тул татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйл. Зөрчил: 1. Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ..., 2. Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно; гэж зааснаар хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүй буюу биелүүлэх талаар зохих арга хэмжээ хэрэгжүүлээгүй, хуулийн тусгай ангид заасан бие даасан “үйлдэл, эс үйлдэхүй”-н шинжийг хангасан мөн хуулийн 3.1 дүгээр зүйл. Шийтгэл оногдуулах үндэслэл: 1. Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэсэн зарчмыг баримтлан Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчилд хариуцлага тооцсон.
Иймд Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн 2024 оны ээлжит сонгуульд ******* намаас 10 дугаар тойрогт нэр дэвшигч 3.гийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, татварын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д хэсэгт заасныг зөрчсөн үйлдэлд оногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, хууль, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
10. Хариуцагч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үндэсний аудитын газраас ирсэн гомдол мэдээлэлд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэрэгжүүлсэн. Тухайн нэр дэвшигч нь сонгуульд оролцох үедээ сонгуулийн дансаа бүртгүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 17.1.21-д зааснаар хариуцлага тооцсон. Учир нь тухайн нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д зааснаар сонгууль болохоос 15-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн дансаа Үндэсний аудитын газарт бүртгүүлэх үүрэгтэй байсан боловч бүртгүүлээгүй буюу хугацаа алдсан. Нэр дэвшигч нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 57 минутад Үндэсний аудитын газар илгээсэн байдаг. Сонгуулийн хугацааг хоногоор тоолж үзвэл 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 24 цагт хугацаа нь дууссан гэж үзэж Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л. шийтгэл оногдуулсан байгаа.” гэжээ.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.... Үндэсний аудитын газраас Татварын ерөнхий газраар дамжиж ирсэн гомдол мэдээллийг татварын улсын байцаагч хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэр дэвшигч З.тай холбогдуулж тайлбар мэдүүлэг авсан байдаг. Хэрвээ нэр дэвшигч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн гомдолтой бол тухайн шатанд нь хүчингүй болгох боломжтой байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.8.6.12-д заасан зөрчлийн хэргийг шалгахдаа прокурорын хяналт дор шалгадаг. Зөрчлийн хэрэг ямар нэгэн процессын алдаагүйгээр явсан. Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшихдээ Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэхдээ тухайн нэр дэвшигч, нам эвсэл нь Үндсэн хуулиар олгогдсон эрх болон Сонгуулийн тухай хууль, бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээ илэрхийлж сонгуульд оролцдог гэж бодож байна. Тухайн хуулийг хэрэгжүүлэх боломж байсан. Тухайн үед дансаа нээсэн тухайн үед нь ямар ч байдлаар Үндэсний аудитын газарт бүртгүүлэх боломж байсан. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар тухайн захиргааны актыг зөрчсөн зөрчил тухайн хуулиар шийтгэл оногдуулах үндэслэл нь зөрчил гэж тооцсон. Татварын улсын байцаагч нар нь захиргааны акт гаргахдаа тухайн нөхцөл байдлыг тодруулж холбогдогчоос тайлбар, мэдүүлэг авч процесс ажиллааг тухай бүрт нь тайлбарлаж байсан. Хугацааны тухайд акт гаргаж байгаа байцаагч нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хоног тооцсон. Хоногийн сонгуулийн санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногт олгох болно. 15-аас доошгүй хоног нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 24 цагт дуусаж байгаа. Яагаад гэвэл хоног 24 цагаар хэмжигдэх болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.1. Энэхүү үүрэг зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэж зохицуулжээ.
2.2. Энэхүү маргааны хувьд хэргийн оролцогч талуудын зүгээс маргаж буй гол асуудал нь нэхэмжлэгч ******* намаас 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн иргэн З. нь дээрх хууль болон журамд заасан санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад Сонгуулийн зардлын харилцах дансны дугаараа мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлсэн эсэх асуудал юм.
2.3. Хэргийн үйл баримтаас үзвэл Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоосон.
3. Нэхэмжлэгч З. нь Сонгуулийн зардлын харилцах дансны дугаараа Хаан банканд 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нээлгэж, гэрээ байгуулан, Үндэсний аудитын газарт бүртгүүлэхээр очиход намын нэр дээр нэгдсэн журмаар нэрээ ирүүл гээд бүртгэлгүй буцаасан... гэж тайлбарласан.
4. ******* намын сонгуулийн штабаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/023 дугаартай албан бичгээр 53 нэр дэвшигчийн сонгуулийн зардлын мэдээллийг Аудитын ерөнхий газрын [email protected] цахим хаягт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 50 минутад илгээсэн байх бөгөөд тэдгээрийн дотор нэхэмжлэгч З.гийн нэр багтсан болох нь ******* намын ерөнхий менежер М.*******ийн цахим шуудангаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 50 минутад илгээсэн баримт болон Үндэсний аудитын газрын [email protected] цахим шууданд дээрх албан бичиг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 51 минутад ирсэн баримт, Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/1123 дугаар албан бичиг зэргээр тус тус тогтоогдож байна.
5. ******* намаас 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2/02 дугаар албан бичгээр Үндэсний аудитын газраас “…нэр дэвшигчдийн дансны мэдээлэл бүртгэгдсэн талаар нэгдсэн журмаар намын нэр дээр гарган өгөхийг хүссэн” байх бөгөөд Үндэсний аудитын газраас 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/921 дүгээр албан бичгээр “******* нам нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/037 дугаар албан бичгээр 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг хавсарган, Үндэсний аудитын газрын [email protected] мэйл хаягаар илгээсэн боловч дээрх журмын дагуу бичгээр мэдэгдээгүй байна” гэх хариуг хүргүүлжээ.
5.1. Улмаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дараа нэхэмжлэгч З. нь өөрийн сонгуулийн зардлын тайланд “Толин этүгэн аудит” ХХК-иар аудит хийлгэж сонгуулийн явцад уг дансанд зөвшөөрөгдсөн хэмжээний мөнгөн хөрөнгө төвлөрүүлсэн, зарцуулалтыг хэрхэн хэрэгжүүлж, сонгуульд шударга өрсөлдөж, хууль бус санхүүжилтэд хяналт тавьж оролцсон болохоо нотолсон.
5.2. Гэтэл түүнийг сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутган Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000.00 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэр ногдуулсан нь үндэслэлгүй байна.
5.3. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “..Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж зааснаар материаллаг хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүй буюу биелүүлэх талаар арга хэмжээ хэрэгжүүлээгүй, тусгай ангид заасан бие даасан үйлдэл (эс үйлдэхүй)-ийн шинжийг хангасан бол зөрчил гэж үзэхээр байна.
5.4. Гэтэл хариуцагчаас хуульд санал авах өдрөөс 15-аас доошгүй хоног гэдэгт санал авах өдрийг оруулан тооцох үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж, холбогдох тооцооллыг хийж шүүхэд ирүүлсэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “...Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно”, 33.2-т “... Хугацааг хуульд заасны дагуу бий болох үйл явдлаар тодорхойлж болно” гэж заасан байгаагаас үзэхэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө гэдэгт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 50 минут багтаж байгаа тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.
6. Мөн Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/921 дүгээр албан бичигт нэр дэвшигчийг хуульд заасан хугацаа хэтрүүлсэн талаар буруутгаагүй байна.
7. Нэхэмжлэгч З.гийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нээлгэсэн Хаан банк 5263474475 дугаар хандивын дансыг ******* намаас Үндэсний аудитын газарт бүртгүүлэхээр бичгээр үйлдэж, цахимаар хүргүүлснийг Монгол Улсын Е рөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу бичгээр ирүүлээгүй гэж хариуцагчаас буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
7.1. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-т “...Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ” гэж заасны дагуу шуудан гэдэгт цахим шууданг адилтган үзэх боломжтой бөгөөд ******* намаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 50 минутад цахим шуудан платформыг ашиглаж хүргүүлснийг хуулийн хугацаанд үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.
7.2. Мөн ******* намын бичгээр гаргасан хүсэлтэд тус үйл баримтад холбогдох баримтжуулсан мэдээллийг агуулсан хүсэлтээ өөрийн албаны хэвлэмэл бланк дээр буулгаж, эрх бүхий этгээдийн гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан зэрэг нь албан бичгийн тухай үндсэн ойлголтод бүрэн нийцэж байна.
8. Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн ******* намаас нэр дэвшигч нэхэмжлэгч З.гийн сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй гэж буруутган Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасныг зөрчсөн хэмээн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000.00 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.ийн үйлдсэн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтад заасныг тус тус баримтлан иргэн З.гаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.ийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Л.ээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АЗБАЯР