Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/11

 

 

 

 

 

 

 

 

2024         02            14                                   2024/ДШМ/11                               

 

 

Х.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/02 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлээр яллагдагч Х.Б-т холбогдох эрүүгийн 2339004580425 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Яллагдагч Х.Б- нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний шөнийн 05 цаг 30 минутын орчим Э.Ш-тай “автомашины хаалга чанга хаасан” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар Э.Ш-ын нүүрэн хэсэгт нь 2 удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “зүүн дээд 1-р шүдний хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс  яллагдагч Х.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Хохирогч Э.Ш-ын биед учирсан гэмтлийн зэргийг дахин тогтоолгохоор яллагдагч Х.Б-т холбогдох 2339004580425 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 52-д "1 шүд" Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт 5 хувь гэж заасан байна.

Тайлбар хэсэгт: Гэмтлийн улмаас шүд бүхлээрээ булгарч унах, хүзүүвч углуургаараа хугарах, зэрэгцээ шүд гурван тийшээ ганхах эсвэл зайлшгүй авах шаардлагатай болсон тохиолдлыг шүд булгарсан буюу унасан гэж үзнэ гэжээ,

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлэхэд: Хохирогч Э.Ш-ын эрүүл мэндэд "зүүн дээд 1- р шүдний хугарал" гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн" нөхцөл байдал тогтоогдсон.

Энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 52-д заасан: хүзүүвч углуургаараа хугарсан, мөн зайлшгүй авах шаардлагатай болсон тохиолдолд хамаарч байх тул шүд унасан гэж үзэх юм. Гэмтлийн зэрэг тогтоох журамд шүд "зөвхөн" унасан тохиолдолд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад хамаарна гэж заагаагүй байна.

Хохирогч Э.Ш- нь хугарсан зүүн дээд 1-р шүдээ авхуулж солиулах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1 дэх хэсэгт "Гэмтлийн зэргийг "хүнд", "хүндэвтэр", "хөнгөн" гэсэн ангиллаар тогтоох ба дараах үндсэн шалгуур шинжийг баримтална. Үүнд: 2.1.2 дахь хэсэгт "эрүүл мэнд сарниулсан хугацаа", 2.1.4 дэх хэсэгт "ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт" гэж заажээ.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт "гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан" бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Х.Б-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

3. “Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд  “...хэсэг газрын үзлэгт:  зүүн дээд 1-р шүд /21 шүд/ цөгц хэсгийн хөндлөн хугаралтай...” гэж дурдагдсан байхад дүгнэлт хэсэгт “...зүүн дээд 1-р шүдний хугарал... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэж дүгнэжээ.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 52 дахь хэсгийн тайлбарт “...гэмтлийн улмаас шүд бүхлээрээ булгарч унах, хүзүүвч углуургаараа хугарах, зэрэгцээ шүд гурван тийшээ ганхах эсвэл зайлшгүй авах шаардлагатай болсон тохиолдлыг шүд булгарсан буюу унасан гэж үзнэ. Бэхлэлтгүйн улмаас гурав, дөрвөн чигт ганхсан сондгой шүд булгарах, хүзүүвчээ хүртэл цоорсон шүдний цөгц эмтрэх, шүдний цөгц тал хугарсныг хэдэн ч шүд байсан шүд унасан гэж үзэхгүй...” гэснээс үзэхэд шинжээч нь шүдний цөгц хэсгийн хөндлөн хугаралыг шүдний цөгц тал хугарсан гэж үзэх үү, шүд хүзүүвч углуургаараа хугарсан гэж үзэх үү гэдэгт бүрэн тайлбар хийж чадаагүй, үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж заасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

 

4. Харин анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ЗШ/649 дугаартай шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тов тогтоох тухай шүүгчийн захирамждаа “...хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх үндэслэлтэй байх тул...” гэж дурдсан нь хэлэлцэх гэж буй асуудлын талаар урьдчилаад дүгнэлтээ гаргасан мэт агуулга бүхий тусгагдсан нь хуульд нийцээгүй байна. Цаашид урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тов тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан асуудлуудын алийг нь хянан хэлэлцэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг товлож байгаагаа захирамждаа тодорхой дурдаж байх нь зүйтэй байна.

 

5. Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

            1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ы өдрийн 2024/ШЗ/02 захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Х.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ДЭНСМАА

 

                           ШҮҮГЧИД                                                Г.БОЛОРМАА

           

                                                                                            Д.ГАНЗОРИГ