2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/02558

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 27 191/ШШ2025/02558

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Д.Д-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ******* дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дугаар байрны ... тоотод байрлах, .. м.кв, нэг өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О,

Хариуцагчийн төлөөлөгч Э.Э,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ч, Д.Ч, DS /С.Г/ нарын төлөөлөгч О.Б /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: оргил ХХК нь Капитал банк ХХК-иас Д.******* миний өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* дугаар байрны 3 тоотод байрлах орон сууцыг барьцаалан зээл авсан бөгөөд тус зээлийг төлөх боломжгүй болсны улмаас Капитал банкнаас шүүхэд хандсан байдаг. Улмаар Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.03.15-ны өдрийн 1852 дугаар шүүхийн шийдвэрээр 55,005,675.88 төгрөгийг Оргил ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн. Манай компани нь талх үйлдвэрлэдэг байсан юм. Тус зээлийг яаралтай төлөхгүй бол нэхэмжлэгч Д.******* миний өмчлөлийн дээрх орон суцыг зарж борлуулах байсан тул өөрийн хамаатан, хүргэн ах гээс 55,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлээч гэж гуйсан, харин ах 50,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлье гэж зөвшөөрч, түүний өгсөн даалгавраар хүү Д. надад мөнгийг шилжүүлсэн. Ингээд би ахаас 50,000,000 төгрөгийн зээл авч, өөрийнхөө компаниас 5,000,000 төгрөгийг гаргаж банкны зээлээ төлж дуусгасан юм. Удалгүй Д. аав намайг барьцаа хөрөнгө авах шаардлагтай гэж хэллээ, танай байрыг барьцаална гэж хэлээд бид гэрээ байгуулсан. Тэр гэрээ нь 2016.06.10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ юм. Би тухайн үедээ ахаас зээлж авсан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээндээ өөрийнхөө байрыг барьцаалж байна гэж ойлгосон. Тийм ч учраас гэрээний ард 2018.06.10-ны өдөр мөнгөө төлж, байраа буцааж авна гэж, Д. 2018.07.01-ний өдрийг хүртэл байрыг барьцаалж байна, үүнээс цааш буцааж өгөх эсэхийг шийднэ гэж бид хоёр харилцан гарын үсэг зурсан. Тэгээд би гэрээний дагуу барьцаанд тавьсан байраа чөлөөлж өгөх шаардлагатай болсон, энэ үеэс би эхнэртэйгээ таарамжгүй харилцаатай болж 2016 оны 07 сараас хойш тусдаа амьдарсан, хүүхдүүд ээжтэйгээ хамт амьдрах болсон юм.

Ингээд би болон компани төлбөрийн чадваргүй байсаар зээлээ төлж чадаагүй, улмаар 2021 онд ахтай уулзаж, зээлээ төлье, байраа буцааж авья гэхэд танай байрыг зарчихсан, чамд өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхлээр нь би нэгэнт зарагдсан юм бол зах зээлийн ханшаар тооцож зөрүү мөнгө өгөхийг шаардсан, зөвшөөрөөгүй ба, өнөөдрийн байрны зах зээлийн ханш Лэнд ХХК-ийн үнэлгээгээр 85,000,000 төгрөг болсон байна. Харин миний байр Д.гийн нэр дээр бүртгэлтэй хэвээр, бусдад шилжээгүй байгаа ба, тус байрыг Д. өнөөдрийг хүртэл бусдад түрээслүүлж ашиг олж байгаа. Миний хувьд байраа худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй, гагцхүү бусдын зээлийг төлөх зорилгоор Д.гийн аав болох ахтай ярилцаж, тохиролцсоноор 50,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд л тавьсан юм. Тухайн тохиролцсон цаг хугацаанд зээлээ төлөх ямар ч төлбөрийн боломжгүй байсан юм.

Иймд бид анх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-д зааснаар 2016.06.10-ны өдөр нэхэмжлэгч Д.*******, Д. нарын хооронд байгуулагдсан, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* дугаар байрны 3 тоотод байрлах орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх тул хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үр дагавар болох ******* дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* дугаар байрны 3 тоотод байрлах, 18 м.кв, нэг өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.******* нь 2016 оны 06 сард Д.тэй уулзаж, ******* дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* дугаар байрны 3 тоотод байрлах орон сууцыг худалдан авах талаар хүсэлт гаргасны дагуу тухайн орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Мөн тэрээр Д.******* надтай хамаарал бүхий зээлийг хааж, орон сууцыг барьцаанаас чөлөөлсний дараа үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулах эрх үүсэх талаар хэлсэн. Ийнхүү Д. нь тус орон сууцны төлбөр болох 50,000,000 төгрөгийг Д.*******той холбоотой зээлийн дансанд шилжүүлж, нотариат дээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Д.******* гэрээ байгуулахын өмнө гэрээний үнийн дүнгээр үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар 2 хувийг төлөхөд хүндрэлтэй, хэцүү байна 5,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хийж өгөөч гэж гуйсны дагуу гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч Д.******* болон хариуцагч Д. нарын хооронд зээлийн харилцааны талаар болон барьцааны талаар ямар нэгэн яриа хэлцэл байгаагүй, ямар ч тохиролцоо байхгүй юм. Д. орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж авснаас хойш 2022 оны 01 дүгээр сард Д.******* хариуцагчийн аав Ч.гээр дамжуулан холбогдон 02 дугаар сард уулзсан. Уулзах үедээ тус орон сууцны зах зээлийн үнэ өссөн, зөрүү мөнгө өгөхийг Д.гөөс шаардсан. Орон сууцыг худалдан авах үед тухайн үеийн зах зээлийн үнээс гадна ямар ч засвар хийгдээгүй, хуучны байр байсан. Тиймээс энэ шаардлагыг нь хүлээн зөвшөөрөөгүй. Хариуцагч нь тухайн орон сууцыг худалдах Д.*******ийн хэлсэн үнийг хүлээн зөвшөөрч, үнийг бүрэн төлж худалдан авсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд ямар нэгэн дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ, хэлцэл байхгүй. Хариуцагч Д.гийн хувьд үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулаад, тухайн үл хөдлөх хөрөнгийг өнөөдрийг хүртэл өөрийн өмчлөлдөө байлгаж, орон сууцны ашиглалтын зардлыг төлсөөр байгаа. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд, тэдний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Учир нь нэхэмжлэгч Д.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Гомбиевна нар нь ОХУ-д хамтран амьдарч байгаад 1997 онд дээрх маргаан бүхий орон сууцыг худалдан авч Монгол улсад нүүн ирж амьдрах болсон. Нэхэмжлэгч Д.******* нь 2008 онд оргил ХХК-ийг үүсгэн байгуулж буриад талхны үйлдвэр ажиллуулж байсан. Талхны үйлдвэрийн үйл ажиллагаанд зориулж өөрсдийн амьдарч байсан ******* дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* дугаар байрны 03 тоотод байрлах орон сууцыг банкны барьцаанд тавьж зээлж авч байсан. Нэхэмжлэгч нь Д.******* нь 2016 онд талхны үйлдвэрийн үйл ажиллагаандаа ашигладаг байсан галаар галладаг тоосгон зухыг Нийслэлийн мэргэжлийн хяналтаас агаарын бохирдолтой холбогдуулан хориглосон. Талхны үйлдвэрийн технологийг өөрчилж, цахилгаан зуухтай болгосон боловч цахилгааны хүч дийлэхгүй байнга тог тасарч, ажлын бүтээмж буурснаас үүдээд банкны зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Одоо банк зээлийн хугацаа хэтрэлтээс болоод зээлээ хаахыг шаардаж, шүүхэд хандана гэсэн. Би хүргэн ах Ч.гээс 50,000,000 төгрөг зээлэхээр болсон. Түүний хүү Д.д түр хугацаагаар байраа барьцаалж мөнгө зээлж банкны зээлээ төлөх хэрэгтэй байна гэж хэлж байсан. Үүнээс улбаалан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд болох С.Гомбиевна, Д., Д.******* нар нь тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс хойш нэхэмжлэгч Д.*******, гуравдагч этгээд С.Гомбиевна нар гэр бүлийн харилцаагаа зогсоож, тус тусдаа амьдрах болсон. Тухайн үед мөнгө зээлэх гэж байраа барьцаалж байна гэж бодож байсан бөгөөд хариуцагч мөн адил тэгж тайлбарлаж байсан. Нэхэмжлэгч Д.*******ийг шүүхэд хандсанаас хойш бид энэхүү асуудлыг мэдэх болсон гэв.

 

4.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар,

Иргэний үнэмлэхний хуулбарууд, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.03.16-ны өдрийн 1852 дугаар шийдвэр, 2016.06.10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбарууд, 2022.04.29-ний өдрийн 22/36 дугаар зууч компанийн орон сууц худалдах үнийн мэдээлэл гаргаж өгөх тухай албан бичиг, 2016.09.06-ны өдрийн төлбөрийн баримтын хуулбар, 2016.06.10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний ард бичсэн гар бичвэрийн хуулбар, А.Тулгад олгосон итгэмжлэл, Орхоодой оргил ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд, Д.*******ын тайлбар зэрэг баримтуудыг,

 

 

 

5.Хариуцагч тал нотлох баримтаар,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.06.16-ны өдрийн дугаар 22/37 дугаар зууч компанийн албан бичиг, 2022.05.16-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэлийн лавлагаа 2016 оны 05 дугаар сараас 20******* оны 08 дугаар сар, 20******* оны 11 дүгээр сараас 2022 оны 05 дугаар сар хүртэлх Төрийн банкны дансанд төлбөр тушаасан баримтын хуулбар зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

6.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,

2022.05.30-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, 2022.07.20-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, гэрч Д.ийн мэдүүлэг, 2023.09.05-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, 2023.09.06-ны өдрийн зууч компанийн албан бичиг, 2023.09.08-ны өдрийн дугаар Капитал ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн албан бичиг, 2023.11.13-ны өдрийн ХХК-ийн шинжээчийн тайлан, Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.д холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нь шаардлага бус үндэслэл байна гэж тайлбарлаад нэхэмжлэлийн шаардлагаа ******* дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* дугаар байрны 3 тоотод байрлах, 18 м.кв, нэг өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах гэж тодруулсан болно.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчийн гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...миний бие Капитал банкнаас авсан 55,000,000 төгрөгийн зээлээ төлж чадахгүй болсны улмаас хүргэн ах Ч.гээс 55,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай авах санал гаргаж, Ч. ах надад 50,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлсэн, улмаар хүү Д.дөө үүрэг болгосны дагуу Д. надад 50,000,000 төгрөгийг өгсөн. Ингээд байраа барьцаанд тавих шаардлагын дагуу өөрийн амьдарч байсан, маргааны зүйл болсон 1 өрөө байраа худалдах, худалдан авах гэрээний дагуу Д.гийн өмчлөлд шилжүүлж, суллаж өгсөн. Тийм ч учраас бид хоёр худалдах, худалдан авах гэрээний ард байраа тодорхой хугацаанд барьцаалж байгаа болохыг тэмдэглэж гарын үсэг зурсан байдаг юм. Ингээд би 2021 онд зээлээ төлж байраа буцааж авья гээд Ч. ахтай уулзахад байрыг өгөх боломжгүй, зарсан гэж хэлсэн, хэрэв тийм бол зөрүү мөнгө авья гэхэд өгөхгүй гэсэн. Миний хувьд байраа худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй, зөвхөн Ч. ахаас зээлж авсан зээлийн барьцаанд тавьсан, өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээг зээлийн гэрээг халхавчилж хийсэн хүчин төгөлдөр бус учраас байраа буцаан авахаар шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...нэхэмжлэгч нь өөрийнхөө зээлийг хааж, орон сууцыг барьцаанаас чөлөөлсний дараа үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулах санал гаргасан. Улмаар Д. нь тус орон сууцны төлбөр болох 50,000,000 төгрөгийг зээлд шилжүүлсний дараа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ингэхдээ нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг 50,000,000 төгрөгөөр борлуулсны татвар 2 хувийг төлөхөд хүндрэлтэй, хэцүү байна 5,000,000 төгрөгөөр хийе гэх гуйлтын дагуу худалдах, худалдан авах гэрээг 5,000,000 төгрөгийн хэмжээнд байгуулсан, харин зохигчийн хооронд ямар нэгэн зээлийн болон барьцааны гэрээний талаар тохиролцоо байгаагүй, ямар нэгэн халхавчилсан хэлцэл үгүй. Д. орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж авснаас хойш 2022 оны 01 дүгээр сард Д.******* хариуцагчийн аав Ч.гээр дамжуулан 02 дугаар сард уулзсан. Уулзах үедаа тус орон сууцны зах зээлийн үнэ өссөн, зөрүү мөнгө өгөхийг Д.гөөс шаардсан байдаг, иймд нэхэмжлэл үндэслэлгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний төлөөлөгч нь нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг дэмжиж, үндэслэлээ Д.******* тухайн үед банкнаас авсан зээлээ төлж чадахгүй, хугацаа хэтрүүлснээс болж, тухайн зээлээ хаах зорилгоор хүргэн ах Ч.гээс 50,000,000 төгрөг зээлэхээр болсон. Түүний хүү Д.д түр хугацаагаар байраа барьцаалж мөнгө зээлж банкны зээлээ төлөх хэрэгтэй байна гэж гуйсан учраас бид тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс хойш бид гэр бүлийн харилцаагаа зогсоож, тус тусдаа амьдрах болсон... гэж тайлбарлаж байна.

 

3.Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.03.16-ны өдрийн 1852 дугаар шийдвэрээр -Оргил ХХК-иас 55,006,675 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-нд олгосон байх ба, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Д.******* нь -Оргил ХХК-ийн гүйцэтгэх захирал болох нь тогтоогдсон.

 

Энэхүү шүүхийн шийдвэр, 2015.04.20-ны өдрийн 12614 дүгээр албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 1107 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу төлбөр төлөгч -Оргил ХХК-иас төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх ба, энэ үед нэхэмжлэгч Д.******* нь хүргэн ах Ч.тэй ярилцаж түүнээс 55,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлж авахаар тохиролцсон, энэхүү тохиролцооны дагуу Ч.гийн хүү Д.гөөс 2016.06.09-ний өдөр 50,000,000 төгрөгийг Д.Түвшингээс зээл төлөлт Оргил ХХК гэсэн утгатайгаар Капитал банк ХХК-ийн байгууллагын банкны газарт шилжүүлсэн байна.

 

Мөн Капитал банк ХХК-ийн 2016.06.09-ний өдрийн орлогын мэдүүлгийн баримтаар нэхэмжлэгч Д.******* нь 5,133,654 төгрөгийг Капитал банкны байгууллагын банкны газарт зээл төлөлт Оргил ХХК гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тодруулбал, нэхэмжлэгч Д.******* нь Ч. буюу түүний хүү Д.гээс шилжүүлсэн 50,000,000 төгрөг, өөрийн шилжүүлсэн 5,133,654 төгрөгийн хамт нийт 55,133,654 төгрөгийг Капитал банк ХХК-нд төлж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.03.16-ны өдрийн 1852 дугаар шийдвэрийг биелүүлсэн болох нь тогтоогдсон ба, шийдвэр гүйцэтгэгчийн 2016.06.13-ны өдрийн 511 дугаар тогтоолоор төлбөрийг бүрэн барагдуулсан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

 

4.Үүний зэрэгцээ хариуцагч Д. нь аав Ч.гийн зааврын дагуу зээлийн 50,000,000 төгрөгийг төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч Д.*******оос барьцааны хөрөнгө шаардсантай холбоотойгоор нэхэмжлэгч Д.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , Д., Д.*******, хариуцагч Д. нарын хооронд маргаан бүхий 2016.06.10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу хариуцагч Д. нь ******* дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* дугаар байрны 3 тоотод байрлах, 18 м.кв, 1 өрөө орон сууцыг 5,000,000 төгрөгөөр худалдан авах, нэхэмжлэгч Д. болон гуравдагч этгээдүүд нь орон сууцаа түүний өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн байна.

 

Гэрээний зүйл болсон орон сууцыг 1999.08.02-ны өдрөөс нэхэмжлэгч Д.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д., Д.*******, нар өмчилж байсан, гэр бүлийн харилцаатай болох нь тэдний гаргасан тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.05.30-ны өдрийн албан бичиг, түүний хавсралт болох баримтуудаар нотлогдоно.

 

5.Дээрх худалдах, худалдан авах гэрээний арын доод хэсэгт хар өнгийн балаар 2018.06.10-ны өдрийг хүртэл хугацаанд 50,000,000 төгрөг, заагдсан хугацаанд үнийн дүнг төлж, байраа буцаан авах болно, 2018.06.10-2018.07.01, Д.******* гэж, 2018.07.01-нийг хүртэл байрыг барьж байна, Үүнээс цааш Д. би буцаан өгөх, эсэхийг шийднэ гэсэн таталсан гарын үсэг бичигджээ. Зохигч энэхүү бичвэрийн талаар маргасан учраас шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр 2022.05.30-ны өдрийн 7458 дугаар шүүгчийн захирамжаар ...бичвэрийг Д. бичиж, гарын үсэг зурсан эсэх...-ийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилжээ.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022.07.20-ны өдрийн 2013 дугаар шинжээчийн дүгнэлтээр Д.гийн гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт болон чөлөөт загвар ирүүлээгүй тул 2016.06.10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ гэсэн баримтын арын нүүрний доод хэсэгт байх гар бичвэрийг харьцуулан шинжлэх боломжгүй. ...Энэхүү баримтын арын нүүрний баруун доод хэсэгт зурагдсан шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.ий гэх гарын үсгийн загваруудтай тохирч байгааг тогтоосон байна.

 

6.Нэхэмжлэгч Д.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , Д., Д.******* нар нь худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрсдийн өмчлөлийн ******* дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* дугаар байрны 3 тоотод байрлах, 18 м.кв, 1 өрөө орон сууцыг хариуцагч Д.гийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, 2016.06.21-ний өдөр Д.гийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан, тэрээр орон сууцыг 2016 оны 07 сард өөрийн эзэмшилдээ авсан. Тодруулбал, хариуцагч Д. нь уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж, ашиглалтын зардлыг төлж байгаа, уг орон сууц нь бусдын өмчлөлд шилжээгүй болох нь Төрийн банк ХК-ийн төлбөрийн баримтууд, 2022.05.16-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.05.30-ны өдрийн албан бичиг, түүний хавсралт болох баримтуудаар тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч Д.******* нь 2018.07.01-ний өдөр буюу тохирсон хугацаанд хүргэн ах Ч.гээс зээлж авсан 50,000,000 төгрөгөө буцаан төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, биелүүлээгүй шалтгаанаа төлбөрийн чадваргүй байсан гэж тайлбарлах ба, тэрээр 2021 онд зээлээ төлөх боломжтой болсноор орон сууцаа буцаан авах шаардлагыг хүргэн ах Ч., түүний хүү Д. нарт нь тавихад тэд орон сууцыг бусдад худалдсан шалтгаанаар буцаан өгөхөөс татгалзсан, улмаар нэхэмжлэгч Д.******* нь зах зээлийн ханшаар тооцож илүү мөнгөө өгөхийг шаардсан, тэд илүү мөнгө өгөх боломжгүй шалтгаанаар зохигчийн хооронд маргаан үүссэн болох нь тэдний тайлбараар нотлогдоно.

 

Иймээс шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр 2023.11.13-ны өдрийн 19019 дүгээр шүүгчийн захирамжаар маргааны зүйл болсон ******* дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* дугаар байрны 3 тоотод байрлах, 18 м.кв, 1 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор ХХК-ийг шинжээчээр томилсон байх ба, ХХК-ийн 2023.12.21-ний өдрийн үнэлгээний тайлангаар тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээг 85,391,097 төгрөгөөр тогтоожээ.

 

7.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч Д.******* нь шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Капитал банк ХХК-иас авсан зээлийн төлбөрөө төлөх зорилгоор хүргэн ах Ч.гээс амаар тохиролцон 2016 оны 06 сард 50,000,000 төгрөгийг 2018.07.01-ний өдөр төлж дуусгахаар зээлж авсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасантай нийцсэн байх ба, нэхэмжлэгч Д.******* нь уг гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч Д.******* нь энэхүү зээлийн барьцаанд өөрийн болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн өмчлөлд байсан, маргааны зүйл болсон ******* дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* дугаар байрны 3 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 18 м.кв, 1 өрөө орон сууцыг хариуцагч Д.д 5,000,000 төгрөгөөр худалдах байдлаар барьцааны гэрээний оронд дүр үзүүлэн 2016.06.10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх ба, энэхүү орон сууцны зах зээлийн үнэлгээ 85,391,097 төгрөг болсон байна.

 

Тодруулбал, зохигчид тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, худалдах, худалдан авах гэрээг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн 2016.06.10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх дүр үзүүлэн хийсэн хэлцлийн шинжид нийцэж байна. Харин энэхүү худалдах, худалдан авах гэрээ нь нэхэмжлэгч талын үндэслэл болгосон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т заасан халхавчилсан хэлцэл биш юм. Учир нь хүсэл зоригоо илэрхийлэгч талууд бодит байдлаас өөр хэлцлийг хүчинтэй мэт дүр эсгэн хийсэн бол үүнийг халхавчилсан хэлцэл гэж үзэх ба, гол онцлог нь талууд харилцан зөвшилцөж, гадаад харилцаанд тодорхой агуулгаар хэлцэл хийсэн мэт дүрийг бий болгодог, уг хэлцэлтэй холбоотой эрх зүйн үр дагавар үүсэхгүй гэдэгтэй санал нэгтэй байдгаараа дүр үзүүлэн хийсэн хэлцлээс ялгагддаг байна. Тиймээс шүүх зохигчийн маргааны үйл баримт нь халхавчилсан хэлцлээс илүүтэйгээр дүр үзүүлэн хийсэн хэлцлийн шинжид нийцэж байна гэж үзсэн.

 

Өөрөөр хэлбэл, 2016.06.10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь барьцааны гэрээний оронд хийгдсэн байх ба, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хариуцагч Д.д худалдах хүсэл зориг байгаагүй, түүнтэй бодит байдлаар ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, гэрээнд заасан 5,000,000 төгрөг нь тухайн эд хөрөнгийг худалдан авч байгаа үнэ биш бөгөөд энэ нь хариуцагч Д.гийн худалдан авах хүсэл зоригийг илэрхийлээгүй, харин нэхэмжлэгч Д.*******ийн Ч.тэй байгуулсан зээлийн гэрээний дагуу түүнд төлөх 50,000,000 төгрөгийн зээлийн мөнгө болох нь худалдах, худалдан авах гэрээний арын доод хэсэгт бичигдсэн ...мөнгийг төлнө..., буцаан авна..., байрыг барьж байна... гэсэн агуулга бүхий зохигчийн хүсэл зоригоос харагдах ба, тус гэрээнд Д. гарын үсэг зурсан болох нь Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр нэгэнт тогтоогдсон. Иймд хариуцагч талын гаргасан ...маргааны зүйл болсон орон сууцыг худалдаж авсан, 2%-ийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 50,000,000 төгрөгийг 5,000,000 төгрөг болгосон... гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэж байна.

 

9.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно, 56.5-д зааснаар хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4., 56.5.-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн бүх зүйлээ буюу орон сууцаа буцаан авахаар хариуцагч Д.гөөс шаардах эрхтэй, хариуцагч Д. нь өөрийн өмчлөх эрхэд бүртгэлтэй тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.*******ид буцаан шилжүүлэн өгөх үүрэгтэй, тэрээр хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдээс тэдний өмчлөлд байсан, ******* дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* дугаар байрны 3 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 18 м.кв, 1 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Д.гийн өмчлөлд бүртгэлтэй, 85,391,097 төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий, ******* дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* дугаар байрны 3 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 18 м.кв, 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.*******ид буцаан шилжүүлж, нэхэмжлэгч Д.*******ийг өмчлөгчөөр бүртгэхийг холбогдох бүртгэлийн байгууллагад даалгаж, нэхэмжлэгч Д.*******оос 50,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

10.Нэхэмжлэгч Д.*******ийн 2022.03.29-ний өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөг, 2024.11.18-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, нийт 165,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.гөөс 165,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******ид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

11.Хэрэгт авагдсан , Д., Д.******* нарын 2022.05.25-ны өдрийн тайлбар, 2023.05.02-ны өдрийн гэрч Д.ийн мэдүүлэг гэсэн баримтуудыг тэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжиж оролцсонтой холбогдуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4., 56.5.-д зааснаар хариуцагч Д.гийн өмчлөлөөс ******* дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, ******* дугаар байрны 3 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 18 м.кв, 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.*******ийн өмчлөлд буцаан шилжүүлж, нэхэмжлэгч Д.*******ийг өмчлөгчөөр бүртгэхийг Нийслэлийн улсын бүртгэлийн газарт даалгаж, нэхэмжлэгч Д.*******оос 50,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар Д.*******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.гөөс 165,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******ид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА