Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01126

 

 

 

 

 

 

 

 

 

М- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/01024 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М- ХХК-ийн Ю- ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 624 234 904.77 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон бүх дугаарлалтыг оруулан сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү, хариуцагчийн өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүгд тус тусын сүлжээтэй бөгөөд сүлжээ бүхий оператор компаниуд нь өөр, өөрийн хэрэглэгчийн бусад сүлжээний хэрэглэгчтэй харилцан яриа хийх, мессеж бичих хэрэгцээг хангах үүднээс Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулсны үндсэн дээр нөгөө талын сүлжээнд холбогдох эрх нээгдэж хэрэглэгчдийг харилцан дуудлага хийх, захидал (мессэж) бичих боломжийг олгодог. Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээг М- ХХК болон Ю- ХХК хоорондоо байгуулж М- ХХК-ийн сүлжээний дугаараас Ю- ХХК-ийн сүлжээний дугаарлуу, Ю- ХХК-ийн сүлжээний дугаараас М- ХХК-ийн сүлжээний дугаарлуу холбогдох замаар хэрэглэгчид дуудлага (яриа, мессеж)-ын хэрэглээ хийх ба яриа, мессеж хэрэглээнээс хамаарч гэрээ байгуулсан талууд харилцан төлбөр тооцоо нийлж, төлбөрийг барагдуулдаг. Дээрх нөхцөлийн дагуу М- ХХК, Ю- ХХК-иуд 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр №PD-IC-14004 UNI14/478 тоот Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээг байгуулсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Ю- ХХК болон М- ХХК-ийн сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний нэмэлт №UNI17/1544 PD-1C-14004-3 дугаартай гэрээгээр үндсэн гэрээний хугацааг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг дуустал сунгасан. Гэрээний хугацаа дуусгавар болсон боловч М- ХХК болон Ю- ХХК-иуд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж сүлжээ хоорондын харилцан холболтын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, гэрээний харилцаа үргэлжилж, харилцан төлбөр тооцоогоо нийлсээр байна. Гэрээний үүрэг, харилцан холболтын тооцоогоор Ю- ХХК болон М- ХХК нь харилцан нөгөө талдаа сүлжээ ашигласан харилцан холболтын төлбөрийг төлөх нөхцөлтэй ба тооцоо нийлсэн актын дагуу зөрүү илүү төлөлт хийх тал болох Ю- ХХК нь 2020 оны 6 дугаар сарын төлбөр 106 607 892 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын төлбөр 107 079 548 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын төлбөр 102 388 632 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын төлбөр 102 287 675 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын төлбөр 102 908 692 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын төлбөр 57 958 066 төгрөг, нийт 579 223 009 төгрөгийг М- ХХК-д төлөх ёстой. Манай компаниас Ю- ХХК-д дээрх төлбөрийг удаа дараа төлж барагдуулах талаар мэдэгдэл хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байна. Мөн сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний 8.1-д заасны дагуу 2020 оны 10 дутаар сарын 22-ны өдөр 1/7466 тоот албан бичгийг ХХЗХ-нд хүргүүлсний дээр 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн уулзалтын үед шүүхээс гадуурх урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны дагуу М- ХХК болон Ю- ХХК хоорондын харилцан төлбөр тооцооны талаарх гомдлоо танилцуулсан бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 05/2025 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Түүнчлэн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ №PD-IC-14004 UNI14/478 тоот гэрээний 7.2.2, 7.4-т алданги нь хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0,3 хувь байна гэж заасны дагуу Ю- ХХК-иас М- ХХК-д 2020 оны 6 дугаар сарын төлбөр төлөх хугацааг 157 хоногоор хэтрүүлж 50 208 784 төгрөгийн алданги, 2020 оны 7 дугаар сарын төлбөр төлөх хугацааг 126 хоногоор хэтрүүлж 40 476 069 төгрөгийн алданги, 2020 оны 8 дугаар сарын төлбөр төлөх хугацааг 96 хоногоор хэтрүүлж 29 487 926 төгрөгийн алданги, 2020 оны 9 дүгээр сарын төлбөр төлөх хугацааг 65 хоногоор хэтрүүлж 19 946 096 төгрөгийн алданги, 2020 оны 10 дугаар сарын төлбөр төлөх хугацааг 35 хоногоор хэтрүүлж 10 805 412 төгрөгийн алданги, 2020 оны 11 дүгээр сарын төлбөр төлөх хугацааг 4 хоногоор хэтрүүлж 695 496 төгрөгийн алданги нийт 151 619 786 төгрөгийн алданги үүсээд байна. Иймд Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний үүрэгт 579 223 009 төгрөг, алданги 151 619 786 төгрөг, нийт 730 842 796 төгрөгийг Ю- ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаас хойш хариуцагч нь 106 607 892 төгрөгийг төлсөн тул үүнийг нь хасч, бусад хэсгийг нь гаргуулж манай компанид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцаа холбооны үйлчлэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд нь сүлжээнд холбогдох, сүлжээ хооронд харилцан холболт хийхдээ Харилцаа холбооны тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам, бусад холбогдох дүрэм, журмын хүрээнд ажилладаг тусгай зохицуулалттай үйл ажиллагаа байдаг. Харилцаа холбооны тухай хуулиар заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ХХМТГазраас харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд нэмэлт орсны дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос Ю- ХХК-тай сүлжээний дугаарлалтын нэмэлт олгосон 31400014 дугаар гэрээг байгуулж, 50-хххххх, 55-хххххх дугаарлалтыг үүрэн холбоонд ашиглах эрхийг олгосон. Уг гэрээний дагуу Ю- ХХК нь бусад операторуудтай харилцан холболтын гэрээг шинэчлэн байгуулах саналаа илгээн нэмэлт гэрээг байгуулсан. Ю- ХХК нь М- ХХК-тай нэмэлт гэрээ байгуулах саналаа 2020 оны 01 дүгээр сарын 23-нд албан бичгээр хүргүүлсэн. М- ХХК нь үндэслэлгүйгээр гэрээг шинэчлэхээс татгалзаж ирсэн. Ийнхүү М- ХХК нь захиргааны байгууллагын зүй ёсны үйл ажиллагааг саатуулж, өрсөлдөгчийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр олж авсан эрхийн хэрэгжилтийг үндэслэлгүйгээр зогсоох оролдлогыг хийж байсан боловч ШӨХТГ-ын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1/422 албан бичгээр Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэр болон Ю- ХХК-тай байгуулсан гэрээ нь хуульд нийцсэн гэсэн шийдвэрийг гаргасан. Түүнчлэн М- XXK нь Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэр болон Ю- ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүйд тооцуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсаныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг гэрээ хуулийн хүрээнд хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоосон. Талуудын өмнө байгуулсан сүлжээ хоорондын харилцан холболтын IC-14004/UN114/478 тоот гэрээ нь 2014 онд анх байгуулагдаж, Харилцаа холбооны зохицуулах хороод бүртгүүлсэн бөгөөд 2017 онд гэрээний нэмэлтийг тусгаж, хугацаа сунгасан ба гэрээний хүчинтэй хугацаа 2020 оны 5 дугаар сарын 11-ны өдрөөр дуусгавар болсон. ХХЗХ-ноос харилцан холболтын гэрээ байгуулж, журмын дагуу бүртгүүлэхийг М- ХХК-д удаа дараа мэдэгдэж, харилцан холболтын гэрээг байгуулах, бүртгүүлэхийг даалгасан боловч тус компани нь төрийн байгууллагын шийдвэрийг үл хүндэтгэн, биелүүлэхээс татгалзаж байна. М- ХХК нь гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзаж талуудын хооронд байгуулсан харилцан холболтын гэрээний хугацааг сунгаж бичгээр гэрээ байгуулаагүй мөртлөө гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэмж алданги тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хуульд анз алданги шаардах эрхийг зөвхөн бичгээр үйлдсэн гэрээнд олгохоор заасан ба гэрээ байгуулахаас татгалзаж ирсэн М- ХХК нь алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Монгол Улсын Татварын хууль тогтоомж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт зэргээр аливаа мөнгөн гүйлгээ нь холбогдох анхан шатны баримт, бүртгэлийн маягтыг шаарддаг бөгөөд үүний хүрээнд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байхыг шаарддаг. М- ХХК нь хууль тогтоомжийг даган биелүүлж, хууль журмын хүрээнд нийцүүлэн сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээг байгуулсан нөхцөлд бид ч мөн хууль журам болон гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжтой байна. Манай компани нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ныг хүртэлх сүлжээ хоорондын харилцан холболтын тооцоо нийлсэн актын нийт дүн болох 579 223 009 төгрөг болон цаашид төлбөр тооцоогоо саадгүй биелүүлэхэд бэлэн байна. Харин хууль зөрчин гэрээг байгуулахаас санаатай татгалзаж өрсөлдөөнийг зориуд хясан боогдуулах арга хэрэглэж байгаа асуудалд бид гомдол гаргана. Хуульд заасан нөхцөл шаардлага хийгээд хүчин төгөлдөр гэрээний хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэгч талын буруугаас гэрээ байгуулагдаагүй зэрэг үндэслэлээр алданги төлөх үндэслэлгүй бөгөөд 151 619 786 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/245 тоот шийдвэрээр 2021 оны 3 дугаар сарын 03-ны дотор сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журамд заасныг нийцүүлэн харилцан холболтын гэрээг 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн дотор байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дах хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх байгууллага юм. Гэтэл М- ХХК нь одоог хүртэл уг шийдвэрийг биелүүлэхгүй байна. Харилцаа холбооны үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Харилцаа холбооны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дах хэсэгт Үйлчлэгч нь техникийн боломжийг харгалзан өөрийн сүлжээнд бусад сүлжээг саадгүй холбох нөхцөлийг хангана, 25 дугаар зүйлийн 25.2.12-т бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр үйлчлэх үүрэгтэй, мөн сүлжээ хооронд харилцан холболтыг хийх, гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмын 2.2-т заасны дагуу үйлчилгээ эрхлэгчийг өөрийн сүлжээнд харилцан холболт хийх боломжийг бүрдүүлнэ гэсний дагуу Ю- ХХК нь хууль ёсоор эзэмшиж буй 88, 89, 86, 80, 50, 55 дугаарлалтуудыг Мобикомын сүлжээнд холбох үүрэгтэй. Гэтэл М- ХХК-аас 50, 55 дугаарлалтыг холбохгүй, бусад дугаарлалтыг холбоно гэж ялгавартай хандаж байгаа нь дээрх хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ бүхэлд нь зөрчиж байна. Үүрэн холбооны оператор компаниудын хооронд хийгддэг сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан журам, төслийн дагуу заавал хийгддэг гэрээ бөгөөд гэрээгээр зохицуулах харилцаа, гэрээний зүйлсийг урьдчилан стандартчилсан, тухайн загвараас өөрөөр хийхийг хориглодог гэрээ юм. Талууд 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр харилцан холболтын гэрээ дууссанаас хойш уг асуудлаар маргаж байгаа бөгөөд удаа дараа Харилцаа холбооны зохицуулах хороонд гомдол өгч байсан. Ю- ХХК-аас уг асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхээр олон удаа буулт хийж, тодорхой хэмжээний төлбөрүүдийг гэрээгүй байсан ч төлж байсан. Гэтэл М- ХХК талаас гэрээ байгуулах үүргээ биелүүлэхгүй, гэрээний төлбөрөө шүүхээр нэхэмжлэх хэмжээнд хүрсэн тул бид сөрөг нэхэмжлэл гаргасан. Иймд М- ХХК-ийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/245 тоот шийдвэрийг биелүүлж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх замаар зохигчийн эрхийг хамгаалж сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээг Ю- ХХК-ийн 50, 55 дугаарлалтыг зохих ёсоор тусгаж байгуулахыг М- ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Харилцаа холбооны тухай хууль, Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журамд заасны дагуу М- ХХК Ю- ХХК-тай харилцан холболт хийх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа. Харилцан холболтын гэрээ байгуулах саналыг удаа дараа Ю- ХХК-д хүргүүлсэн бөгөөд Ю- ХХК-иас тухайн саналыг хүлээн авахгүй байгаа ба хоёр компанийн харилцан холболтын гэрээ байгуулах ажил удааширч байна. Түүнчлэн харилцан холболтын гэрээний 88, 89, 86, 80 дугаарлалтын нөхцөлүүдийг манай М- ХХК хүлээн зөвшөөрч харилцан холболтын гэрээ байгуулах саналаа Ю- ХХК-д хүргүүлсэн. Харин 50, 55 дугаарлалт нь манай компанийн хувьд хууль бусаар олгогдсон гэж үзэж Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Ю- ХХК гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа юм. М- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох Ю- ХХК гуравдагч этгээдээр оролцож байгаа 50, 55 дугаарлалттай холбоотой захиргааны маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр давж заалдах журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл 50, 55 дугаарлалтыг хууль ёсны дагуу олгогдсон эсэхийг захиргааны хэргийн шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад М- ХХК-ийн хувьд 50, 55 дугаарлалтыг сүлжээнд холбох нь хууль зүйн хувьд боломжгүй, үндэслэлгүй юм. Үүрэн холбооны оператор компаниудын хооронд хийгддэг сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээгээр зохицуулах ерөнхий нөхцөл, зохицуулах зүйл, зорилгыг төрийн захиргааны байгууллагаас тодорхойлж өгдөг. Гагцхүү холболт хийх эсэх нь гэрээний чөлөөт нөхцөл, гэрээ байгуулагч талуудын хүсэл зоригийн хүрээнд шийдэгдэх ёстой юм. Харин Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 202 дугаар зүйлийн 202.1-т Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж тус тус зааснаар талууд гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний нарийвчилсан зохицуулалтыг харилцан тохиролцох эрхтэй. Иймд М- ХХК-ийн зүгээс сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний 50, 55 дугаарлалттай холбоотой нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул иргэний эрх зүйн итгэл хамгаалах зарчмыг хэрэглэх боломжгүй юм. Иймд Ю- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийнэ 243.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю- ХХК-аас 472 615 116.96 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 151 619 786.81 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Мобиком кропораци ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 812 164 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Ю- ХХК-иас 2 521 026 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, Ю- ХХК-д буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний үүргээ 2020 оны 6 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарыг дуустал биелүүлээгүй тул гэрээний үндсэн үүрэгт 579 223 009 төгрөг шаардсан бөгөөд хариуцагчаас тус шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 6 дугаар сарын гэрээний төлбөр 106 607 892 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгчээс энэ хэмжээгээр нэхэмжлэлиин шаардлагаа багасгасан. Харин хариуцагчаас 2020 оны 6 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны алданги болох 151 619 786 төгрөгийг хариуцагчаас төлөхийг зөвшөөрөөгүй бөгөөд анхан шатны шүүх тус шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Учир нь талуудын хооронд бичгээр байгуулагдсан сүлжээ хоорондын гэрээний харилцаа өнөөдрийг хүртэл гэрээгээр тохирсон нөхцөл, шаардлагын хүрээнд үргэлжилж, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж М- ХХК, Ю- ХХК-иуд үлжээ хооронд харилцан холболтыг хэвийн үргэлжлүүлсээр байна. М- ХХК, Ю- ХХК-иуд сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний харилцаа дуусгавар болгох талаар аль тал санал гаргаагүй бөгөөд харин ч талууд харилцаагаа гэрээгээр үргэлжлүүлэх талаар харилцан саналаа гаргасаар байгаа. Нэгэнт гэрээний харилцаа үргэлжилж, гэрээгээр хүлээсэн үүргээ талууд харилцан биелүүлж, гэрээ цуцлах талаар хэн аль нь санал гаргаагүй байгаа тохиолдолд гэрээний хугацаа талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн нэмэлт гэрээний 1 дэх заалтад заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 151 619 786 төгрөгийг нэмж хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс Ю- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7-д заасны дагуу зохигчийн маргаж байгаа зүйл болон түүний үндэслэлийн талаарх оөр хэргийг шүүх ишйдвэрлэж байгаа гэсэн тохиолдолд хамаарч байна гэж үзсэн. Ингээд мөн хуулийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Бид сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Харилцаа холбооны зохицуулах хорооноос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 болон Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.12, 31 дүгээр зүйлцйн 31.2 дах хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэхийг М- ХХК-д даалгах байсан бөгөөд анхан шатны шүүхээс уг асуудлыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д хамаарна хэмээн шийдсэн нь буруу байна. Захиргааны хэргийн шүүхэд М- ХХК болон харилцаа холбооны зохицуулах хорооны маргаан нь Мобикомын үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, өөр захиргааны гэрээний талаарх маргаан бөгөөд захиргааны гэрээг түдгэлзүүлэх ямарваа шийдвэр захиргааны хэргийн шүүхээс гараагүй тул уг шийдвэр одоо ч хүчинтэй хэвээр байгаа. Иймд Ю- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс нэг талд нь шийдвэрлэх ёстой байсан гэж бид үзэж байна. Талууд сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулснаар Мобиком болон Ю-ийн хэрэглэгчид хоорондоо утсаар ярих, мессеж бичих боломжтой болдог бөгөөд уг гэрээний хугацаа 2020 оны 5 сарын 11-ний өдөр дууссан. Ю- ХХК гэрээ байгуулах хүсэлтээ М- ХХК-д хүргүүлэхэд Ю- ХХК-ийн шинээр авсан 50 болон 55 дугаарлалтыг сүлжээндээ үүсгэхгүй гэснээр анх асуудал эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хэдийгээр гэрээгүй боловч харилцан холболтыг салгалгүй явсаар ирсэн. М- ХХК харилцан холболтын гэрээний төлбөрөө авах талаар Ю- ХХК-д шаардлага хүргүүлж, Ю- ХХК-аас гэрээгүй хугацааны төлбөрийг хуримтлуулж байгаа ч гэрээ зурагдсанаар шилжүүлнэ, харин хууль, журмын дагуу харилцан холболтын гэрээгээ яаралтай байгуулах шаардлага М- ХХК-д хүргүүлснээр уг асуудал даамжирч Харилцаа холбооны зохицуулах хороонд талууд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн. Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэхүү үүргийнхээ хүрээнд 2021 оны 2 сарын 24-ний өдрийн 01/245 тоот шийдвэрээр 2021 оны 3 дугаар сарын 03-ны дотор сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журамд заасныг нийцүүлэн харилцан холболтын гэрээг 2021 оны 3 сарын 03-ны өдрийн дотор байгуулахыг М- ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг М- ХХК биелүүлэх үүрэгтэй. Ю- ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн бусад хэсэгтэй маргаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн гурав дах хэсэг буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, Ю- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч Ю- ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 730 842 796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 106 607 892.29 төгрөгөөр багасган, 624 234 903.77 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч, Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон бүх дугаарлалтыг оруулан сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулахыг даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Ю- ХХК нь 2020 оны 6 сараас 11 сар хүртэлх хугацааны сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний төлбөр болох 579 223 009.25 төгрөгийг төлөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 106 607 892.29 төгрөг төлсөн тул, үлдэх 472 615 116.96 төгрөгийг алданги 151 619 786.81 төгрөгийн хамт нийт 624 234 903.77 төгрөгийг гаргуулна гэсэн бол хариуцагч алдангийг эс зөвшөөрч талуудын байгуулсан сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дууссан, анзын гэрээг бичгээр байгуулахаар хуульчилсан тул гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны алдангийг төлөх үндэслэлгүй гэх үндэслэл заан татгалзсан.

 

Мөн хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Харилцаа холбооны зохицуулах хорооноос 50хх-хххх, 55хх-хххх дугаарлалтыг манай компанид олгосон боловч нэхэмжлэгч нь Харилцаа холбооны тухай хуулийг зөрчиж, гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзсан, иймд дээрх дугаарлалтуудыг оруулан сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулахыг нэхэмжлэгч компанид даалгаж өгнө үү гэсэн бол нэхэмжлэгч эс зөвшөөрч 50хх-хххх, 55хх-хххх дугаарлалттай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх эцэслэн шийдвэрлээгүй, иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

 

Зохигчид 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээг хоёр жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр талууд өөрийн сүлжээний хэрэглэгчдийн хэрэгцээг хангах зорилгоор нөгөө талын сүлжээтэй харилцан холболт хийх, Мобинет ХХК болон Инкомнэт ХХК-ийн Мобикомын сүлжээгээр дамжин Ю-ийн сүлжээтэй холбогдох транзит үйлчилгээ үзүүлэх, мөн Монсат ХХК-ийн Ю-ийн сүлжээгээр дамжин Мобикомын сүлжээтэй холбогдох транзит үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний төлбөрийг гэрээний хавсралт 4-т зааснаар төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд сүлжээ хоорондын харилцан холболтын үйлчилгээ үргэлжилж байгаа болох нь талуудын тайлбар, сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 8-14-р тал/

 

Улмаар талууд 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2 жилийн хугацаагаар сунгаж, тус гэрээний 2-т гэрээний хугацаа дуусахад талуудаас цуцлах санал гараагүй тохиолдолд уг гэрээг ижил нөхцөлөөр дахин нэг жил буюу 2020 оны 5 сарын 11-ийг дуустал сунгасанд тооцно гэж заажээ. /хх-ийн 15-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж зөв дүгнэсэн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Зохигчид 2020 оны 6 сараас 11 сар хүртэлх хугацаанд тооцоо нийлж, нэхэмжлэлээр шаардсан сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний төлбөр болох 579 223 009.25 төгрөгийг баталгаажуулсан, хариуцагч Ю- ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх төлбөрөөс 106 607 892.29 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 472 615 116.96 төгрөг болсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-ийн 21-26, 123-р тал/

 

Талуудын байгуулсан сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний 7.3, 7.4-т төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлнө гэж заажээ. Гэвч талуудын байгуулсан сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дууссан, талууд уг хугацаанаас хойш гэрээний хугацааг дахин сунгаагүй, гэрээг шинэчлэн байгуулаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 9-10-р тал/

 

Гэрээний хугацаа дууссан боловч талууд сүлжээ хоорондын харилцан холболтын үйл ажиллагааг зогсоогоогүй үйл баримт тогтоогдсон боловч нэхэмжлэгч М- ХХК нь энэхүү нөхцөл байдалд үндэслэн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны алдангийг шаардах эрхгүй юм. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан тул гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны буюу 2020 оны 6 сараас 11 сар хүртэлх хугацааны алданги болох 151 619 786.81 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон бүх дугаарлалтыг оруулан сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулахыг даалгуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд: Харилцаа холбооны зохицуулах хороо нь хариуцагч Ю- ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулж, 50хх-хххх, 55хх-хххх дугаарлалтыг ашиглах эрхийг хариуцагч Ю- ХХК-д олгосон байна. Улмаар Харилцаа холбооны зохицуулах хороо нь нэхэмжлэгч М- ХХК-д 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэл хүргүүлж, тус мэдэгдэлдээ 50хх-хххх, 55хх-хххх дугаарлалтуудыг оруулан сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээг Ю- ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 03-ны дотор байгуулахыг мэдэгдэж байна гэжээ. /хх-ийн 80, 85-86-р тал/

 

Нэхэмжлэгч М- ХХК нь дээрх 50хх-хххх, 55хх-хххх дугаарлалтуудыг хууль бусаар олгогдсон гэж үзэж, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тус шүүх 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2021/0109 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгон, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь талуудын тайлбараар тогтоогджээ. /хх-ийн 88-107-р тал/

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Харилцаа холбооны зохицуулах хорооноос хариуцагч Ю- ХХК-д олгосон 50хх-хххх, 55хх-хххх дугаарлалтай холбоотой маргаан захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тохиолдолд тус дугаарлалтуудыг оруулан сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулахыг даалгах тухай шаардлагыг шийдвэрлэх нь дээрх хуулийн зохицуулалтуудад нийцэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/01024 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 916 049 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ