| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0539/З |
| Дугаар | 128/ШШ2025/0316 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2025/0316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.А*******
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Б.А*******ын газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.*******-*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Б.А*******д Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Н а 990 мкв газрыг зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатай олгосон.
1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэл болгон Б.А*******ын газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
1.3. Б.А*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******аас 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Б.А*******ын газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах гэж нэмэгдүүлсэн.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй тухайд: Газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг Б.А******* нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан. Энэ талаар бичиг хэргийн цахим систем /Able/-д бүртгэгдсэн байдаг. Үүний дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хариу өгөөгүй бөгөөд 2022 оны 3, 4 дүгээр улирал болон 2023 оны 1- 4 дүгээр улирлын газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэж, тухай бүр газрын төлбөрийг төлсөн. Энэ талаар төрийн эрх бүхий байгууллагатай тухай бүр тооцоо нийлдэг байсан.
Тодруулбал, Газрын төлбөрийн тооцоо нийлсэн -2017/ тоот актаар 2022 онд төлбөл зохих 2,323,701 төгрөгийг төлж, харилцан баталгаажуулж, тооцоо нийлсэн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2023/ тоот хуудсаар газар ашиглах гэрээг дүгнэсэн байдаг. Тус дүгнэлтээр Б.А******* нь ямарваа нэгэн зөрчилгүй болохыг харилцан баталгаажуулсан бөгөөд эрх бүхий этгээдийн гэрээ дүгнэх хуудасны 8-д сунгах хүсэлт гаргасан талаар дүгнэгдсэн. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 13/ дугаартай албан бичгээр байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж баталгаажуулсан талаар бидэнд мэдэгдсэн.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай албан бичгээр 2018/ дугаартай гэрчилгээний хугацаа сунгуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яа уламжилсан байдаг. Үүний дараа бид газраа зориулалтын дагуу ашигласан бөгөөд Газрын төлбөрийн тооцоо нийлсэн -2017/ тоот актаар 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх газрын төлбөрийг бүрэн төлсөн тухайгаа харилцан баталгаажуулсан болно.
Дээрх нөхцөл байдлаас авч үзвэл нэхэмжлэгч Б.А******* нь газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг зохих журмын дагуу гаргасан, түүнээс хойш өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг төлж байсан, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас газар ашиглах эрхийг сунгаж байсан учраас
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх эрх зүйн боломжгүй байна.
Хоёр. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй тухайд: Нэхэмжлэгч Б.А******* нь маргаан бүхий газарт суурь цутган төмөр хашаа барьж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар ашигласаар өнөөдрийг хүрсэн. Улсын Дээд Шүүхийн 2008 оны "Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг дараах байдлаар ойлгохоор тайлбарласан. "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно" гэж тайлбарласан байдаг. "...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тодорхойлсон байдаг.
Түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр баталгаажуулсан 2023/ тоот газар ашиглах гэрээ дүгнэх хуудасны 14-т газрын төлбөр бүрэн төлөгдсөн, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалтай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлсэн гэж дүгнэсэн. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн "Санал хүргүүлэх тухай дугаартай албан бичгээр 2018/ дугаартай гэрчилгээний хугацаа сунгуулахаар дэмжсэн.
Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад хамаарах нөхцөл бүрдээгүй байхад 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр А/******* дугаартай тушаал гаргасан нь хууль бус захиргааны акт гэж үзэж байна.
Гурав. Мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгдээгүй тухайд: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий л нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасныг зөрчсөн.
Тодруулбал, Нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад хамаарах нөхцөл байдал үүсээгүй байсан. Нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөрөө зохих журмын дагуу төлж, нэхэмжлэх болон төлбөрийн даалгавар үүсгэсэн тухай бүрд гэрээнд зааснаар нэг жилд 1,395,900 төгрөг, 2019 оны шинэчлэгдсэн дүнгээр нэг жилд 1,429,920 төгрөгийг төлсөөр ирсэн. Түүнчлэн маргаан бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутаг учраас улирлын чанартай гэр, сууц /майхан/ барьж, отог хэлбэрээр гэрээнд заасан зориулалтаар өнөөдрийг хүртэл ашигласан.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, хууль бус шийдвэр гаргахдаа өнөөдрийг хүртэл бидэнд Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй тул шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2024 оны А/******* дугаартай тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдийг зөрчиж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтад заасан "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах" захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлалгүй шийдвэр гаргасан байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2024 оны А/******* дугаартай тушаал дээр газар ашиглах эрх анх олгосон сайдын тушаалын оныг "2018" гэж буруу бичсэн байдаг.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаартай тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******аас тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ:
...Миний бие Б.А******* нь нэхэмжлэгч Б.А*******ыг төлөөлөн тухайн үед Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яа маш олон удаа очиж, уулзсан бөгөөд тухай бүрд газрын эрхийг нь сунгана гэсээр байгаад хамгийн сүүлд сунгасан гэж надад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 31- ний өдрийн "Санал хүргүүлэх тухай дугаартай албан бичгийг өгсөн. Үүнийг хуучнаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам хүлээн авсан бөгөөд тухай бүр буюу 2023 онд газрын төлбөрийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжилж, бид газраа ашиглан төлбөрөө төлсөөр байсан. Үүнийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн "Хариу хүргүүлэх тухай 10-17/ дугаартай албан бичгээр 4 нотлогдсон гэж үзэж байна.
Түүнчлэн хариуцагч нь газар ашиглах хугацаа сунгаагүй эс үйлдэхүй гаргасан бөгөөд газар ашиглах эрхийг хүчингүй болгох талаарх захиргааны байгууллагын сонсох ажиллагаа эхэлсэнтэй холбоотой сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Захиргааны байгууллага нь нэгэнт сонсох ажиллагаа явуулж газар ашиглах эрхийг сунгах эсэхийг шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтүүдийг тухай бүр гүйцэт шийдвэрлээгүй байдаг.
...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай 01/ дугаартай албан бичиг ирүүлсэн боловч энэхүү албан бичиг нь өөр агуулгатай, газар ашиглах эрхийг цуцлуулах болсон агуулгатай байсан болохоос газар сунгах эсэх талаар ямар нэгэн асуудал шийдвэрлээгүй буюу хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байна.
Дээрхийг дүгнэж үзвэл, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т "Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана..." гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахад, нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр газар ашиглах эрхийн хугацаа сунгах хүсэлт гаргасан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас дэмжих бичиг олгосон боловч захиргааны байгууллага шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй байсаар 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй буюу захиргааны байгууллага хуульд заасан хугацааны дотор газар ашиглах эрхийг сунгах, эсхүл сунгахгүй байх шийдвэр гаргах үүрэгтэй, энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.
...Хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа хэтэрхий сунжирсны улмаас нэхэмжлэгчийн газар ашиглах гэрээнд заасан хугацаа дууссан боловч нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийг дуусгавар болгохоос өмнө 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дахин газар ашиглах хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан, хүсэлтүүдэд тухай бүр шийдвэрлэж хариу өгөөгүй атлаа маргаан бүхий 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаартай тушаалд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар ашиглах хугацаа дуусгавар болсон" гэснийг зааж, газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлд хамааралгүй "хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэж дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүхээс эрх зүйн хамгаалалт хүсэж, зөрчигдсөн эрхээ сэргээн эдлэхээр 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэл болон өнөөдрийн ихэсгэсэн шаардлагын хамт нэгтгэвэл: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн A/******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.А*******ын газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцэслэн тодорхойлж байна... гэжээ.
2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Газраа гэрээнд заасны дагуу ашиглаагүй гэж тайлбарлаад байна. Зуслангийн зориулалттай газрыг отоглох гэж өөрчлөх ажиллагаа явагдаж байсан. Барилга, байшин барьж болохгүй, хэрэв баривал буулгана гэдэг байсан. Зөвхөн отоглох зориулалттай. Гэтэл одоо газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо газар дээр байшин, барилга барьж, ашиглаагүй гэдэг үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгож байгаа. Энэ нь хууль тогтоомж, ойлголтын буруу байх гэж хараад байна. Газрын төлбөрийн асуудлыг мөн яриад байна. Газрын төлбөрийн ноогдол нь тухайн бүтэн жилээр урьдчилж төлүүлдэг гэв.
2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахыг нэхэмжлэгч хүсэж байгаа. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 буюу хугацаандаа хүсэлт гаргаагүй гэдэг үндэслэлээр уг маргаан бүхий акт гарсан. Нэхэмжлэгч хугацаандаа хүсэлт гаргаагүй гэж үзэхээр Б.А******* нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Богдын захиргаанд хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан байдаг. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа тухайн үед нүүж хөл хөдөлгөөн ихтэй байсны улмаас тухайн хүсэлтийн шийдвэрлэлт 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр саналыг дэмжих бичиг олгогдсон. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 онд дэмжих бичиг очих үед чиг үүргээ батлах байдлаар журам гаргасан. Журмаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналын дагуу сунгах эсэхийг шийдвэрлэнэ гэдэг ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Гэтэл ажлын хэсэг нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 243 дугаартай албан бичгээр Б.А*******ын газар ашиглах эрхийг сунгахыг дэмжсэн үйл баримтад ямар ч дүгнэлт өгөөгүй. Энэ үйл баримттай холбоотойгоор Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан нөхцөл байдал үүсээгүй буюу Б.А******* хүсэлтээ гаргасан. Хэдийгээр хэрэгт авагдсан баримтуудыг үзэхэд хүсэлтэд тодорхой хэмжээний торгууль төлөөд ир гэх байдлаар хандсан ч хүсэлтийг эрх бүхий байгууллага болох Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хүсэлтийг хүлээн авч газар ашиглах эрхийг сунгая гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хүргүүлсэн байдаг.
Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 16 дах хэсэгт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай зөвшөөрөл байдаг. Энэхүү Тусгай зөвшөөрлийн тухай хууль нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн. Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 16-д эрх бүхий этгээд хуулийн хугацаанд хариу өгөөгүй бол анх олгосон хугацаагаар сунгагдсанд тооцно гэж ойлгож, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа тайлбарласан байсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа тэгж тайлбарласан учраас Б.А******* 2023 оны газрын төлбөрөө бүхэлд нь төлсөн байсан. Гэтэл гэрчилгээг сунгаж өгөөгүй учраас Б.А******* 2023 оны 06 дугаар сард Б.А******* төлөөлөгчөөр дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яа хүсэлт гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам шинэ журам 07 дугаар сард баталсан учраас хүсэлтийг ямар нэгэн байдлаар шийдвэрлэхгүй систем дээр хаасан байдаг. Газрын төлбөрөө төлсөн, газраа ашиглаад явж байх хугацаанд 2023 оны 11 дүгээр сард Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хүргүүлсэн дэмжих бичиг нь хүчинтэй, Зөвшөөрлийн тухай хуулиар сунгагдсанд тооцогдоод байхад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гэнэт сонсох ажиллагаа хийсэн. Маргаан бүхий захиргааны акт болох 2024 оны А/******* дугаар сайдын тушаал гарсан байдаг. А/******* дугаар тушаал гарахын өмнө Б.А******* бүх нөхцөл байдлаа тайлбарлаж хэлсэн. Хэргийн материалд тухайн үед бичгээр гаргаж байсан тайлбарууд авагдсан.
Хоёрдугаар үндэслэлийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу акт гаргахдаа хүчингүй болгох зохицуулалтыг хэрэглэсэн байгаа. 2 жил дараалан ашиглаагүй гэж үзээд акт гаргасан. Маргаан бүхий акт гарах үед ковидын хөл хорионы дэглэмтэй байсан. Б.А******* боломжоороо бүх нөхцөл байдлуудаар ажиллаж байсан нь хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог.
Нэхэмжлэгч нь газрын төлбөрийн үлдэгдэлгүй газрыг ашиглаж байсан. Газрыг ямар зориулалтаар ашиглаж байсан бэ гэхээр сууцын зориулалтаар ашиглах ёстой болохоос дээр нь ямар нэгэн байдлаар барилга байгууламж барихыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас зөвшөөрдөггүй байсан. Иймд Б.А******* агуулах байршуулах замаар ашигладаг байсан. Шүүхийн үзлэгээр нэхэмжлэгчийн өөрийн ашиглаж буй газрыг хамгаалалтад авч хашаалсан үйл баримт тогтоогддог. Иймд Газрын тухай хуулийн 40.1.6 заасан үндэслэл бүрдэхгүй байна гэж харж байгаа.
Даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Улсын дээд шүүхээс хууль тайлбарласан тогтоол болон хэрэг хянан шийдвэрлэсэн тогтоолуудыг авч үзвэл Б.А*******ын маргааны зүйлтэй адил нөхцөл байдалтай хэргийг Дээд шүүх шийдвэрлэсэн учраас үүнтэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн. Тодруулбал, өмнө нь Б.А*******ын зохих журмын дагуу хүсэлтээ гаргаад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа дэмжээд 01 дүгээр сарын 31-ний өдөр бичиг олгогдсоноор Зөвшөөрлийн тухай хуулиар сунгагдсанд тооцогдсон байсан. Гэтэл үүнийг албажуулж гэрчилгээ гаргах үүрэг нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад байсан. Гэтэл сайд энэ үүргээ хэрэгжүүлэхгүй бүтэн жил өнгөрсөн. Жил өнгөрсөн ч Б.А*******ын хувьд шүүхэд гэрчилгээ гаргуулахаар нэхэмжлэл гаргаагүй боловч гэрчилгээг гаргаж өгөх байх гэдэг байдлаар хүлээж байсан. Гэтэл 11 дүгээр сарын 30-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагаа хийж, маргаан бүхий захиргааны актыг гарсан. Б.А******* гэрчилгээний хугацаагаа сунгуулъя гэдэг хүсэл зоригийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй орхигдуулж эс үйлдэхүй гаргасан байна. Б.А*******ын газар ашиглах эрхийг сунгуулъя гэж 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Богдын захиргаа дэмжих бичиг явуулснаар 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор сунгах эрхийг албажуулах ёстой байсан. Гэтэл гэрчилгээ сунгасан шийдвэр гаргаагүй. Үүний улмаас Б.А*******ын субьектив эрх хөндөгдсөн. Эс үйлдэхүйтэй холбогдуулаад Б.А******* нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлье гэсэн боловч зөвлөлийн хурлын тэмдэглэлд Б.А*******ын эрхийг яагаад цуцалж байгаа юм бэ гэхэд Б.А******* газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлт гаргасан гэсэн учраас цуцалж байгаа гэж тэмдэглэл үйлдсэн байсан. Эс үйлдэхүй гаргаж захиргааны байгууллага ямар нэгэн байдлаар Б.А*******ын газар ашиглах эрхийг сунгуулъя гэсэн хүсэл зорилгод хариу өгөөгүй үйл баримт тогтоогдож байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23- нь өдрийн А/******* дугаар тушаалаар иргэн Б.А*******д Н а 994.6 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрх олгосон.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/******* дугаар тушаалаар Б.А*******д олгосон газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасныг удирдлага болгосон.
Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газар ашиглах эрхийн хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гараагүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/******* дугаар албан бичигт ирүүлсэн саналаар нотлогдож байна.
Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан . зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яа ирүүлээгүй байдаг.
Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн "Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/******* дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэж гарсан. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмшигч нь газрын хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ өгөх ёстой байдаг. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зориулалтын дагуу 2 жил үйл ажиллагаа явуулаагүй гэдэг үндэслэл байдаг. Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн тайлбараар бол нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сунгуулах хүсэлтийг өгсөн гэж тайлбарлаж байна. Хуульд заасны дагуу газрын эрхийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө өгөх ёстой байдаг. Анх 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч газар ашиглах эрхтэй болсон. Энэ хугацаанаас тооцож үзэхээр 2022 оны 07 дугаар сард багтаж нэхэмжлэгчийн зүгээс сунгуулах хүсэлтийг өгөх ёстой байсан боловч хуульд заасны дагуу сунгуулах хүсэлтийг өгөөгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай холбоотойгоор 2019 онд гуравласан гэрээ байгуулагдсан. Хуульд заасны дагуу 2019 оноос хойш тооцож үзэхэд 2 жил зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй гэдэг үйл баримтууд тогтоогдсон учраас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэж сайдын тушаал гарсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Газрын зөвшөөрлийн хувьд зөвшөөрөл нь Зөвшөөрлийн тухай хуульд орсон байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сунгахгүй эс үйлдэхүй гаргасан тохиолдолд сунгасанд тооцогдоод явна гэж тайлбарлаад байна. Үүнтэй холбоотойгоор Зөвшөөрлийн тухай хуулийг давсан журам, тушаал гарч болохгүй гэсэн байдлаар яам нарийвчлан тусгасан зүйл байхгүй.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас эхний ирсэн санал нь дэмжих бичиг байсан. Хурлаар орохдоо цуцлах саналыг Богдын захиргаанд даалгах гэсэн байгаа. Гэтэл тэгж болох, болохгүйг хэлж мэдэхгүй байна. Дэмжих бичиг ирснээр заавал газар ашиглах эрх сунгагдаад явна гэсэн асуудал байхгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа хэлж байна. Дэмжих бичигтэй холбоотойгоор эс үйлдэхүй гаргасан. Мөн өгсөн өргөдөл, гомдлыг буцаасан гэдэг байдлаар эс үйлдэхүй гаргасан гэж удаа дараа тайлбарлаж байна. Үүнтэй холбоотойгоор нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хөөн хэлэлцэх хугацааны асуудал байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Б.А*******аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Б.А*******ын газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан:
2.1. Газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр холбогдох баримтуудын хамт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан.
2.2.Захиргааны байгууллагаас хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй, мэдэгдэх, газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл бүрдээгүй байхад дуусгавар болгосон.
2.3.Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдийг зөрчиж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлалгүй шийдвэр гаргасан.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Н а Б.А*******д 990 м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ дугаар газар ашиглах гэрчилгээг олгож, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл буюу 5 жилийн хугацаатай гэрээ байгуулж, мөн сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.
6. Газар ашиглах эрхийн хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэх үндэслэлийн тухайд:
6.1.Б.А******* нь газар ашиглах эрх сунгуулахаар гаргасан хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргаж, уг хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт сунгуулахаар уламжилсан. /1х.х- 67/
6.2.2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлт цахим системд бүртгэгдсэн боловч хариу өгөөгүй бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/ дугаар албан бичгээр ... газар ашиглах эрхийг цуцлуулах болсонтой холбогдуулан ... хариу тайлбарыг албан бичгээр 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор ирүүлэхийг нэхэмжлэгчид мэдэгджээ.
6.3. Дээрх мэдэгдэлд Б.А******* нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хариу өгсөн /1х.х- 44,45/ боловч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/******* дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт ...газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал хүргүүлсэн. /1х.х- 7/
6.4.Уг саналын дагуу Байгаль Орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний А/******* дугаар тушаалаар Б.А*******ын газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д тус тус заасны дагуу газар ашиглах эрхийн хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, тухайн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ. /1х.х- 74/
6.5.Газрын төлбөрийн тооцоо нийлсэн -2017/ тоот актаар нэхэмжлэгч 2023 оны дуусталх газрын төлбөрийг бүрэн төлснийг харилцан баталгаажуулж тооцоо нийлсэн /х.х-126-129/, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2023/ тоот хуудсаар /х.х-22/ газар ашиглах гэрээг дүгнэхдээ газар ашиглах эрхийн зөрчилгүйг баталгаажуулсан бөгөөд уг актын 8-д сунгах хүсэлт гаргасан талаар тусгасан байна.
6.6.Түүнчлэн дээрх 2023/ тоот газар ашиглах гэрээ дүгнэх хуудасны 14-т газрын төлбөр бүрэн төлөгдсөн, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалтай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлсэн гэж дүгнэсний үндсэн дээр газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг уламжилсан байдаг.
6.7.Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай албан бичгээр 2018/ дугаартай гэрчилгээний хугацаа сунгуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яа уламжилсан байтал хариуцагчаас дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад хамаарах нөхцөл бүрдээгүй байхад 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр А/******* дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон гэж үзэхээр байна.
6.8.Газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгах хариу ирүүлээгүй тул Б.А******* 2023 оны 06 дугаар сарын -ны өдөр /х.х-163/ Байгаль орчин, аялал жуулчлалын яа дахин 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүсэлт гаргасныг Хугацаандаа хүсэлт гаргаагүй зөрчилд хариуцлага тооцуулан, ... бүрдлийн хангуулан дахин хандахыг зөвлөн системд хаасан төлөвт оруулжээ. /х.х-181/
7.Тухайн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:
7.1.Монгол улсын Дээд шүүхийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. гэж тайлбарлажээ.
7.2.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно. гэж заасан байна.
7.3.Хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан үндэслэл үүсээгүй байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
7.4.Дээр дурдагдсан нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч Б.А******* нь газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас газар ашиглах эрхийг сунгах хүсэлтийг уламжилсан, түүнчлэн нэхэмжлэгч газрын төлбөрөө бүрэн төлсөн байдлаас цаашид газар ашиглах эрхээ үргэлжлүүлэх хүсэл зорилго нь тодорхой байх тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 д 39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй; гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
7.5.Тус шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн ашиглаж буй газрыг хашаалсан үйл баримт тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчээс газрын төлбөрөө бүрэн төлсөн, газар ашиглах эрхтэй байх хугацаандаа газар ашиглах эрхээ сунгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй болжээ.
7.6.Өөрөөр хэлбэл, цуцлах шийдвэр гаргахаас өмнө 2022, 2023 онд газар ашиглах эрхийг баталгаажуулсан болон газрын төлбөр төлсөн баримтуудын үнэлэн үзээгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн эсэхийг тогтоолгүй, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь бодит нөхцөл байдалд тохироогүй.
7.7.Нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийг дуусгавар болгохоос өмнө 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дахин газар ашиглах хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан, хүсэлтүүдэд тухай бүр шийдвэрлэж хариу өгөөгүй атлаа маргаан бүхий 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаар тушаалд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар ашиглах хугацаа дуусгавар болсон гэх газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлд хамааралгүй хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэж дурдсан нь бодит нөхцөл байдалд нийцээгүй.
7.8.Учир нь Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн бөгөөд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тусгай зөвшөөрөл олгохоор заасан.
7.9.Мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 16-д Эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийн анх олгосон хугацаагаар сунгасанд тооцно.17-д Энэ зүйлийн 16-д заасны дагуу зөвшөөрлийг сунгасанд тооцсон шийдвэрийг эрх бүхий этгээд зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг шийдвэрлэх хугацаа дууссанаас хойш ажлын хоёр өдрийн дотор гаргана., 18-д Энэ зүйлийн 17-д заасан шийдвэрийг тухайн шийдвэр гарсан өдөрт багтаан зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ. гэж заажээ.
7.10.Нөгөө талаас, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т ... хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана... гэж заасан.
7.11.Эдгээр зохицуулалтын алинаар ч нэхэмжлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр газар ашиглах эрхийн хугацаа сунгах хүсэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас дэмжиж хариуцагчид уламжилсныг шийдвэрлээгүй атлаа 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй.
7.12.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/ дугаар тушаалаар баталсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэлд /х.х-74-77/ Н.Г*******: А******* хугацаа сунгуулах хүсэлт өгсөн учраас л цуцалж байгаа юм гэж, уг тэмдэглэлийн Шийдвэрлэсэн нь хэсэгт Б.А*******ын ... газрын эрхийг дуусгавар болгож,... хүчингүй болгох санал ирүүлэхийг хамгаалалтын захиргаанд даалгав гэсэн бөгөөд газар ашиглах эрхийг сунгах хүсэлтийг яагаад шийдвэрлэхгүй байгаа талаараа дүгнэлт өгөөгүй байна.
7.13.Хариуцагчаас газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа нэхэмжлэгчийн дахин гаргасан хүсэлтийг үндэслэн газар ашиглах хугацааг сунгах хүсэлт нь газар ашиглах гэрээний хугацаа дууссанаас хойш ирүүлсэн гэх хариу тайлбар нь үндэслэлгүй.
7.14.Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яа уламжилсан хүсэлтийг хариуцагч шийдвэрлээгүй нь хууль бус эс үйлдэхүй болох нь тогтоогдож байна.
7.15.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасныг хариуцагчаас зөрчсөн байна.
8.Мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгдээгүй тухайд:
8.1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий л нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан.
8.2.Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай 01/ дугаартай албан бичгээр газар ашиглах эрхийг цуцлах болсныг мэдэгдсэн цулахаас өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэх үндэслэлд хамаарахгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан газар ашиглах эрхийг сунгах хүсэлтийг ямар шалтгаанаар шийдвэрлээгүй талаар мэдэгдээгүй.
9.Дээр дурдсан үндэслэлүүдээр Б.А*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн A/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.А*******ын газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18, 5.5 дугаар зүйлийн 16, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 26 дугаар зүйлийн 26.1-д
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, ихэсгэсэн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 140.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН