| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/00390/И |
| Дугаар | 320/ШШ2025/00504 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 320/ШШ2025/00504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.Н
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 320/2025/00390/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Н- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: а. Миний бие А.Н- нь 1970 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд аав Дийн А-на, ээж Б-ын А- нарын 5 дахь хүүхэд болон мэндэлсэн. 1978-1986 онд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8 жилийн дунд сургуульд, 1986-1988 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр арван жилийн сургуульд суралцаж төгссөн. 1988-1989 онд Улаанбаатар хотын Хөнгөн үйлдвэрийн дээд сургуульд оёдолчноор суралцсан. Улмаар 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр ажилд орж, 1993 оны 8 дугаар сарыг дуустал ажилласан. Түүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2015 оноос хойш Хөвсгөл ус суваг ХХК-ийн худагт ус түгээгчээр ажиллаж байна.
Энэ жил би 55 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн боловч улсад ажилласан жил хүрэхгүй болоод байна. Учир нь 1993 онд ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтэр байхгүй зэрэг шалтгааны улмаас тус ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Би 1993 оны 9 дүгээр сараас 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн даатгалд хамрагдсан.
Иймд А-нын Н- намайг 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
б. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа 1990 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулж байна гэв.
2. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 2 дахь тал),
Буурал овогт А-нын Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 3 дахь тал),
Нотариатаар гэрчлүүлсэн иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлтэй баталгаажилтын хуудсын хуулбар (хавтаст хэргийн 4 дэх тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Арбулаг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаартай тушаал (хавтаст хэргийн 5 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаартай тушаал, хавсарлтын хамт (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/251 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 8 дахь тал),
Арбулаг сумын 10 жилийн дунд сургуульд ажиллаж байсан А-на овогтой Н-ийн ажилласан жил, цалин хөлсний 70 дугаар дансны лавлагаа (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
Гэрчээр М.Л-, Ч.Н- нарын асуулгах тухай хүсэлт (хавтаст хэргийн 27 дахь тал),
1992 оны 11 дүгээр сард авахуулсан гэх тайлбартай фото зургууд (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 261 дугаартай захирамж (хавтаст хэргийн 45 дахь тал) нотлох баримт гаргаж өгсөн.
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Арбулаг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаартай тушаал (хавтаст хэргийн 18 дахь тал), Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс А.Н-ийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №209 (хавтаст хэргийн 20 дахь тал), хаягийн хуудас №7 (хавтаст хэргийн 21 дахь тал), ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хавтаст хэргийн 22-23 дэх тал), Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 41 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 24 дэх тал) зэрэг баримтыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Л-, Ч.Н- нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 31-32, 35-36 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А.Н- нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч 1990 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Арбулаг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаартай ...Нэг. А.Н-ийг IY/10 ны өдрөөс эхлэн цэвэрлэгчээр авч ажиллуулсугай ... гэх бичилттэй тушаал (хавтаст хэргийн 5 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаартай сургуулийн 1990-91 оны хичээлийн жилийн эцсийн урсгал засварыг хүлээн авах комисс томилох тухай тушаал (хавтаст хэргийн 6 дахь тал), тус тушаалын ...33. А.Н ... гэх бичилттэй хавсралт (хавтаст хэргийн 7 дахь тал),
Арбулаг сумын 10 жилийн дунд сургуульд ажиллаж байсан А-на овогтой Н-ийн ажилласан жил, цалин хөлсний ... 1990 оны 12 дугаар сард цалин бичигдсэн 70 дугаар дансны лавлагаа (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 261 дугаартай ...Нэг. Суралцагчдын тооны өсөлт, багш нарын хүрэлцээ хангаж, чадавхыг үндэслэн Арбулаг сумын 8 жилийн дунд сургуульд 2002-2003 оны хичээлийн жилээс эхлэн 9 дүгээр анги хичээллүүлэн улмаар бүрэн дунд боловсрол олгох бүтцээр ажиллуулсугай ... гэх бичилттэй сургуулийн бүтэц өөрчлөх тухай захирамж (хавтаст хэргийн 45 дахь тал)
гэрч М.Л-гийн өгсөн: ...Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8 жилийн дунд сургуульд 1990-1993 оны хооронд үйлчлэгчээр ажиллаж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
гэрч Ч.Н-гийн өгсөн: ...Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8 жилийн дунд сургуульд 1990 онд туслах тогоочоор ажилд ороход А.Н- нь надаас хэд хоногийн хойно тус сургуульд хүүхдийн угаалгын газар ажиллаж байсан. А.Н- нь тус байгууллагад 1990-1993 он гартал ажилласан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо.
Нэхэмжлэгч А.Н-ийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч А.Н- өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд А.Н-ийн 1990 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс А.Н-ийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №209 (хавтаст хэргийн 20 дахь тал), хаягийн хуудас №7 (хавтаст хэргийн 21 дахь тал), ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хавтаст хэргийн 22-23 дэх тал) зэрэг баримтуудыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна.
6. А.Н-ийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8 жилийн дунд сургуулиас 1993 онд ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтэр байхгүй нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11/781 дугаар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991-1993 онд тушаал шүүж үзэхэд А.Н-ийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. Тус сумын сургуулийн 1990 оны 23 дугаартай тушаалыг хавсралтаар хүргүүлэв гэх албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 17 дахь тал)
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 18 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Буурал овогт А-нын Н- /РБ************/-ийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8 жилийн дунд сургуульд 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН