Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 219

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч Б.Нямханд

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Ариунболд

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805004290086 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 29-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ..... ажилтай, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, .. оршин суух, ялгүй, .. дугаарын регистртэй, Ц бт овогт Б Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Титэм” караоке-ны гадаа хохирогч М.Мыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаалтын явцад бүгдийг мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Хэрэг гардаг шөнө би машиндаа дуудлагын жолооч дуудаад хамт явж байсан. Гэтэл дуудлагын жолооч маань хохирогчийн машины толийг санаандгүй салгачихсан юм. Дуудлагын жолооч хохирогчийн машины толийг янзалчихлаа гэж хэлсэн. Үүний дараа хохирогч миний машин руу ирээд цонх балбаад, тэр машинаас нь бас нэг согтуу эмэгтэй бууж ирсэн. Тэгээд маргалдаад би хохирогчийг цохьсон. Харин хохирогчийг надаас өөр хүн зодож цохиогүй. Хохиролд гэж 3 сая төгрөг өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б М “... 1 дүгээр сарын 10-наас 11-ний шилжих шөнө 04 цаг 30 минутын үед би найз Энхцэцэгийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Титэм караокенээс гараад өөрийн Тоёота камри маркийн, 66-26 УБМ улсын дугаартай автомашин дээрээ ирээд машинаа халаагаад дотор нь сууж байтал зүүн талд байсан 04-91 УНТ улсын дугаартай, цагаан өнгийн Хариер маркийн автомашин руу дуудлагын жолоочтойгоо хамт нийт хүн уг автомашин руу суусан ба баруун хойд талын хаалгыг онгойлгосон улаан цүнхтэй залуу нь машины толийг цүнхээрээ хавтасыг салгахаар нь би буугаад тэр залууг чи машины толь салгачихлаа ш дээ гэсэн чинь жолоочийн эсрэг талд сууж байсан залуу бууж ирээд намайг шууд заамдаж аваад шууд баруун гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохихоор нь би хойшоо ухарсан чинь миний күртик тайлагдаад нөгөө хойно сууж байсан 2 залуу нь бууж ирэхээр нь би зугтсан. Тэгсэн чинь тэр үед автомашины урд талаас бууж ирсэн залуу нь Энхцэцэгийг заамдаж аваад пизда минь чи ирэхгүй бол энийг чинь ална шүү гэхээр нь би яваад очсон чинь тэр залуучууд над руу дайраад зүүн нүд рүү дахиад нөгөө залуу цохихоор нь би доошоо тонгойход нөгөө хоёр залуугийн нэг нь өшиглөөд нөгөө залуу нь намайг хоёр гараараа бариад нөгөө урд талаас бууж ирсэн залуу нь намайг заамдаад миний цамцыг ураад 2-оос 3 удаа цохьчихоод яваад өгсөн. Тухайн үед зүүн нүд хавдсан, хамарнаас цус гараад хавдсан, хүзүү хумсны сорвитой болсон байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Тэр урд талын суудлаас буусан, одоо өөрийгөө Б гээд байгаа залуу нь надад учирсан гэмтлүүдийг учруулсан. Би төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт нүдээ үзүүлэхэд одоохондоо тусаагуур тусаа гэхээр нь би эмийн сангаас Эксодин нэртэй нүдний тусаагуур авч хэрэглэж байгаа. Шүүх шинжилгээний үндэсний төв дотор байдаг томографын шинжилгээ өгсөн шинжилгээ хийлгэхэд 120.000 төгрөг болж байсан. Өөр надад ямар нэг эмчилгээний зардал байхгүй” /хх-н 5-6/,

“… би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Б, Өнөрсайхан, Төмөрбямба нар нь согтууруулах ундаа тодорхой хэмжээгэхээр хэрэглэсэн байсан боловч өөрсдийгөө удирдах чадвартай байсан. Миний хохирлыг Б бүрэн барагдуулсан. Надад 3 сая төгрөг над өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй. Уг асуудлыг хурдан шийдвэрлэж өгнө үү” /хх-н 38/ гэж,

гэрч Чулуунсүхийн Энхцэцэг “... 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр би найз Мын хамт Намуун паб руу ороод би нэг шил пиво уугаад М машинтай явж байсан болохоор согтууруулах ундааны зүйл зүйл хэрэглээгүй ундаа уусан. Тэгээд Титэм караоке руу ороод бид хоёр дуу дуулаад уг караокенээс 03 цагийн үед байхаа гараад Мын машинд орж машинаа халаагаад сууж байтал хажуу талын машин руу 4 залуу суухдаа хойд талд суух гэж байсан нэг залуу нь Мын машины толийг нь хаалгаар нь цохьсон чинь М буугаад тэр залууд аштайхан наад хаалгаа нээгээч дээ гэсэн чинь нөгөө 4 залуу бууж ирээд М руу дайраад барьж аваад тэр дөрвөн залуу Мыг цохиж зодоод байхаар нь би очоод та нар болиоч дээ гэсэн чинь тэр автомашины эзэн гэх нэг залуу хүрч ирээд миний хүзүүнээс бариад хоолой боогоод газар унагаагаад битгий олон юм яриад бай гичий минь гээд М дээр очихоор нь би та нар болиоч гэсэн чинь хар малгайтай, хар өнгийн куртиктэй залуу хүрч ирээд чи болио гээд хойноос барьж аваад чи зүгээр зогсож бай гэсэн. Нөгөө 4 залуу Мыг зодож байгаад машиндаа суугаад яваад өгсөн. Машин нь 04-91 УНТ улсын дугаартай Тоёота Хариэр маркийн автомашин байсан. Тэр машины жолооч нь зодож цохиогүй, нөгөө үлдсэн 3 залуу Мыг зодож цохьсон. Би яг яаж зодсоныг мэдэхгүй байна ямар ч байсан тэр гурав зодоод байсан. Миний хүзүү урагдсан байсан одоо гайгүй болсон байна. Тухайн үед би шүүх эмнэлэгт үзүүлье гэж бодож байсан ба тухайн үед их ажилтай байсан болохоор ирж чадаагүй юм. Тухайн үед хүзүү маажсан байсан ба одоо бол Солонгос улсаас 1.050.000 төгрөгөөр хамаатны эгч Нямдоржид Dermatix нэртэй сорвины тос авчруулж байсан өөр ямар нэгэн эмчилгээ байхгүй. Надад бол санал байхгүй байна тэр намайг боосон залуу ирж уучлалт гуйх юм бол надад бол гомдох юм алга.

Би 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр М нь над руу фейсбүүкээр харилцаад, түүнээс хойш танилцаад уулзаж байгаа” /хх-н 9-10/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Б.Мын гэмтэлтэй холбоотой “Мын биед зүүн нүдний ухархайн дотор хананын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхин цус хуралт, зөөлөн эдийн няцрал, язрал, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх-н 14/ гэсэн 1354 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

 

Гэхдээ шүүх шүүгдэгч Б.Бд холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Б.Мын зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Цахир баянбараат овогт Б Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Бд урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ