Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/02

 

 

 

     2024        01          19                                       2024/ДШМ/02      

 

 

Т.Ф нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай   

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Ф, А.Ж, С.А нарт  холбогдох эрүүгийн 2013004100084 дугаартай, 11 хавтастай хэргийг шүүгдэгч Т.Ф, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч Т.Ф, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып, Я.Сьезд, К.Жархынбек, шүүгдэгч А.Ж, Б.С нарын өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим нар оролцов. 

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн /2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан/, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, ***** оршин сууж байсан, урьд 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 253.1 дэх хэсэгт зааснаар 7.300.800 төгрөгийн торгох ял, 2014 оны 11 дүгээр сарын 20-нд Эрүүгийн хуулийн 272.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 160 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 171.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.2-т зааснаар хэргийн хэрэгсэхгүй болгон Эрүүгийн хуулийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан, Б.С/РД: *********/,

2. Монгол Улсын иргэн, яс үндэс *****, **** оны **дугаар сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, ** настай, эмэгтэй, *** боловсролтой, **** мэргэжилтэй, ***** ажилтай, ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Т.Ф /РД: ********/,

3. Монгол Улсын иргэн, яс үндэс ***, **** оны **дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, ***** ажилтай, **** оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй А.Ж  /РД: ********/,

4. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, ****оны ** дүгээр сарын **-нд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ****мэргэжилтэй, **** ажилтай, ****  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцагч чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй С.А /РД:**********/.

 

5.Холбогдсон хэргийн талаар:

5.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажил үүргээ гүйцэтгэж, тус газрын даргаар ажиллаж байхдаа Б.С нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн,

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ф, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нярав А.Ж, “К” ХХК-ний нягтлан бодогч “А” ХХК, “Ар” ХХК, “Л” ХХК-уудын санхүүгийн тайлан гаргадаг С.А нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 08-аас 2019 оны 12 дугаар сарын 30-ны хооронд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээний 9.1.5-д заасан “Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь бүлгийн ажлын төлөвлөгөө, зардал, хөрөнгийн тооцоо гэрээг үндэслэн бүлэг тус бүрд 5 хүртэл сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмжийн нэг удаагийн буцалтгүй дэмжлэгийг олгоно” гэснийг хэрэгжүүлэхдээ тус аймгийн 7 сумдын 7 бүлгийн гишүүдэд 30 тооны нийт 28.941.200 төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авахдаа,

- Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолын 2 дахь заалтад заасан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж, тайлагнаж ажиллана” гэснийг, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 23.1.7-д заасан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг “малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих”-д зарцуулна гэснийг, Төсвийн тухай хуулийн 6.1-д заасан “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй.” гэснийг, Авлигын эсрэг хуулийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-д “Албан тушаалтан иргэний болон 2 хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

- гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, өөрсдөдөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор, “А” ХХК, “Ар” ХХК, “Л” ХХК гэх 3 компанитай хуурамч, дүр эсгэсэн гэрээ байгуулан “А” ХХК-д 9.511.200 төгрөг, “Ар” ХХК-д 9.780.000 төгрөг, “Л” ХХК-д 9.650.000 төгрөгийн бараа нийлүүлэх баримт бичиг бүрдүүлэн компаниудын данс руу нийт 28.941.200 төгрөг шилжүүлж,

- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасныг, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8.1.2 дахь хэсэгт заасан “шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар”-ыг ноцтой зөрчиж, өөрсдөдөө болон бусдад давуу байдал бий болгож, төрд 28.941.200 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийн хамтран оролцогч яллагдагч А.Ж хувьдаа 9.000.000 төгрөгийг ашиглан шамшигдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.  

 

6. Прокурорын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 96 дугаар яллах дүгнэлтээр Б.С, Т.Ф, А.Ж, С.А дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

7. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн  2023/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолоор: 

7.1. Шүүгдэгч Б.С, Т.Ф, А.Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, 

- шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт буруутайд тус тус тооцож,

7.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

7.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар сарын 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Фг нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6.000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр, шүүгдэгч А.Жийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6.000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр, шүүгдэгч С.Аийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6.000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

7.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ф, А.Ж, С.А нарт оногдуулсан 6.000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялыг тус тус 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

7.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.Ф, А.Ж, С.А нарт сануулж,

7.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ф, А.Ж, С.А нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

7.7. Шүүгдэгч Т.Ф, А.Ж, С.А нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Т.Фд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч  А.Ж, С.А нарт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

7.8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын шүүгдэгч Т.Ф, А.Ж, С.А, Б.С /талийгаач/ нараас 28.941.200 төгрөгийг гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгож,

7.9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь өөрт учирсан хохирол, нэхэмжлэл байна гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, зохих 7 бүлийн гишүүд, иргэдээс жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж,

7.10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч нарын тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж, 300.000 төгрөгийг “Ашид билгүүн” ХХК-нд олгож,

7.11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нараас 9.000.000 /есөн сая/ төгрөг гаргуулж, улсын орлого болгохыг хүссэн прокурорын саналыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

8. Шүүгдэгч Т.Ф, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлын агуулга:

8.1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч гэх Т.Фд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа явдалд гомдолтой байна. Иймээс шүүгдэгч гэх Т.Фд холбогдох эрүүгийн хэргийг дараах гомдолд дурдсан хууль зүйн болон бусад нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5-ын 1 дүгээр хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

8.2. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна”, 16.4-т “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна’’, 16.4.18. “төсвийн бусад байгууллагын дарга захирал, эрхлэгч тухайн байгууллагын төсвийн", "төсвийн шууд захирагч нь Төсвийн тухай хуулийн 15.5-ийн 15.5.1-15.5.9-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллах бүрэн эрхтэй. Тухайлбал: Төсвийн тухай хуулийн 16.5.1. “төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах” гэх мэт гэж тус тус хуульчилснаас үзэхэд шүүгдэгч гэх талийгаач Б.С нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын хувьд тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байсан.Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга асан Б.С нь төсвийн шууд захирагчийн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу аливаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн санхүүгийн бичиг баримтуудын үнэн зөвийг нягтлан хянан үзэх, тухайн төсөл бодитой хэрэгжиж эхэлсэн эсэх, тухайн төсвийн зардал хууль тогтоомжид нийцсэн эсэх, тухайн төсвийн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэгтэй болохыг ийнхүү хуульчилсан байна.

Иргэн, аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хуваарилагдсан төсөл, хөтөлбөрийг зохих хууль тогтоомжид нийцүүлэн шилжүүлэх зөвшөөрөл олгосон этгээд нь төсвийн шууд захирагч буюу тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга асан Б.С юм. Нөгөө талаас байгууллагын нягтлан бодогч төсвийн шууд захирагчийн зөвшөөрч нэгдүгээр гарын үсэг зурж, тэмдэг дарагдсан санхүүгийн шилжүүлэгт гарын үсэг зурах юм. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын нягтлан бодогч өөрөө дур мэдэн санхүүгийн гүйлгээ хийх эрх хэмжээгүй, хуулиар олгогдоогүй. Б.С нь тухайн гүйлгээнүүдийг хийхийг зөвшөөрч нэгдүгээр гарын үсэг зурснаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжин санд 28,941,200 төгрөгийн хохирол учруулсан гэж Т.Фг буруутгасан боловч анхан шатны шүүхээс “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын шүүгдэгч Т.Ф, А.Ж, С.А, Б,Сьезхан \талийгаач\ нараас 28,941,200 төгрөгийг гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн нөхцөл байдал,

8.3. “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээг сумдад хэрэгжүүлэх асуудлыг тус газрын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхэд Т.Фгийн зүгээс ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй, Б.С даргаас гэрээний материалуудтай танилцаад уг гэрээг байгуулж, мөнгийг шилжүүл гэсэн үүргийг хуралдааны тэмдэглэлээр Т.Фд өгсөн, уг шийдвэрийг хуралд оролцсон 5 албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулсан нөхцөл байдал,

8.4. “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих хөтөлбөр нь Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаанхус, Алтай, Цэнгэл, Бугат, Баяннуур, Алтанцөгц, Толбо, Ногооннуур сум, Цагааннуур тосгонд хэрэгжиж эхэлсэн ба энэхүү арга хэмжээнд 9 сум, 1 тосгон сумын 10 бүлгийн гишүүдэд буюу нийт 35 орчим иргэний асуудал яригддаг. Нэг өрх иргэний цаад талд дунджаар 5 хүн байна гэж бодоход нийт 35 өрхийн амьжиргааг дэмжсэн буюу 155 иргэний төлөө буюу нийтийн эрх ашгийн төлөө хийгдсэн нөхцөл байдал,

8.5. “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 7 сумдын 7 бүлэгт “А” ХХК, “Ар” ХХК, “Л” ХХК-ний төлөөлөгч гэх С.Аээс нийлүүлсэн тоног төхөөрөмжүүд стандартын шаардлага хангаагүй гэдэг нь нотлогдоогүй нөхцөл байдал,

8.6. Шүүгдэгч А.Ж, С.А нараас шүүгдэгч Т.Фг уг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, ятгасан ямар нэгэн үйлдэл гаргаагүй гэдгийг мэдүүлсэн нөхцөл байдал,

8.7. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1\257 дугаартай Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар цолтой Д.Алтангэрэлд хаягласан албан бичигт “Таны 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 55 дугаар мэдэгдлийн дагуу зохион байгуулсан ажил болон 2019 онд сумдын зорилтот бүлгийн иргэдэд олгогдсон тоног төхөөрөмжөөр хийж, гүйцэтгэж байгаа ажлын тайланг сумдаас авч нэгтэн хүргүүлэв" гэжээ. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас АТГ-т хүргүүлсэн 2019 оны 256 хуудас бүхий материал нь уг тоног төхөөрөмжүүдийг хөдөөгийн 7 сумдын 7 бүлэгт олгож одоо зохих ёсоор хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан нь нотлогдсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл уг тоног төхөөрөмжүүдийг бүлэг болон иргэд одоо хүртэл ашиглаж буй нөхцөл байдал,

8.8. Дээрх эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлууд нь шүүгдэгч гэх Т.Ф нь бусдад давуу байдал бий болгон албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хангалттай нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Т.Ф уг гэмт хэргийг өөрөө санаатайгаар ухамсарлан хүсэж үйлдсэн эсэх нь эргэлзээтэй байна гэж үзэж байна.

8.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2,3 дугаар зүйл “Гэм буруу”,  1. “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжтой хэлбэртэй байна.” 2. “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан байна. Гэтэл шүүгдэгч гэх Т.Ф нь уг үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдохгүй байна. Т.Ф нь өөрөө хүсэж санаатайгаар бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна.

8.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл. “Бүлэглэн гүйцэтгэх.” 1. “Гэмт хэргийг хоёр, түүнээс дээш олон хүн санаатай нэгдэж, үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус хуульчилсан байна. Гэтэл шүүгдэгч гэх Т.Ф нь бусадтай бүлэглэн, үйлдлээр бусадтай санаатайгаар нэгдсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

8.11. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Т.Фд холбогдох заалтуудын хууль зүйн үндсийг хянан үзэж, уг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч гэх Т.Фд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5-ын 1 дүгээр хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

9. Шүүгдэгч Т.Фгийн давж заалдах гомдлын агуулга:

9.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг. Миний бие Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрений 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2013004100084 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдаж, албан тушаалын байдлаа ашиглаж Б.С, С.Ж, С.А нартай бүлэглэн, тэдэнд давуу байдал бий болгосон хэмээн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт буруутгагдсан.

9.2. Яллагдагч Т.Ф намайг энэ хэрэгт холбогдуулан 2019 оноос хойш 4 жил дараалан мөрдөн шалгасан тул сэтгэл санааны гүн хямралд өртсөн. Энэ хугацаанд биед хорт хавдар үүсэж хүндрэн хагалгаанд орсон ба цаашид дахин хагалгаанд орох шаардлагатай гэсэн эмчийн оноштой, дээрээс нь 15 настай хүү Ж.Н ч гэсэн өвчний улмаас гадаадад эмчлэгдэх болсон тул сэтгэлийн шаналгаа болсон энэхүү гэмт хэргийг хийгээгүй ч гэсэн хүлээн зөвшөөрөөд салъя гэж бодоод хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт хүртэл гаргаж байсан.

9.3. Гэхдээ хийгээгүй хэрэгт 4 жил шалгуулж байгаад шүүхээс гэм буруутайд тооцогдож байгаад харамсаж байна. Намайг тус хэрэгт холбон бүх талаар нь шалгасан боловч Б.С, С.Ж, С.А нартай бүлэглэсэн гэж үзэх ямар нэгэн нотлох баримт гараагүй. Миний бие хийх ёсгүй үйлдэл хийсэн зүйл огт байхгүй. Шүүхийн шийтгэх тогтоолын эрх зүйн дүгнэлт гэх хэсэгт “Шүүгдэгч /талийгаач/ Б.С, Т.Ф нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нярав А.Жээр өөрсдийн хамаарал, нэгдмэл сонирхол бүхий этгээд С.Аийн нягтлангаар нь ажилладаг 3 компанийг татан оролцуулж хууль бус гэрээ байгуулах замаар “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээг хууль бусаар зохион байгуулж, гэрээ байгуулан, зохион байгуулалтай ажлын байрны бүлгийн гишүүдэд техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэн, хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож, ажил, бараа, үйлчилгээг нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх ашиг, түүнчлэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан” хэмээн дүгнэсэн байна гэж ойлгосон. Гэтэл миний бие албан үүгээ хэрэгжүүлэхдээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан /талийгаач/ Б.Сы албаны өрөөнд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр болсон хурлын шийдвэрийг хэрэгжүүлэн ажилласны төлөө шүүхээс гэм буруутайд тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээж байгаад гомдолтой байна. Тухайн хуралдаанд /талийгаач/ Б.С, ХЭХ-ийн дарга А.Г, мэргэжилтэн Т.Ф би, төсөл хариуцсан мэргэжилтэн М.Б, нярав А.Ж оролцсон бөгөөд тухайн хуралдаанаар 1-рт “Малын гаралтай түүхий эд боловсруулах тоног төхөөрөмж нийлүүлэхээр “А” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан 9.511.200 төгрөгийн санхүүжилт олгох”, 2-рт “Сүү цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмжийг “Л” ХХК-д захиалж гэрээ байгуулан 9.650.000 төгрөг олгох”, 3-рт “Хадлан тэжээл бэлтгэх тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээг “А” хоршоотой байгуулж 9.960.000 төгрөгийн санхүүжилт олгох”, 4-рт “Малчдын хашаа хороо барих, засварлах, худаг гаргах зориулалтын тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд “Ар” ХХК-тай гэрээ байгуулан 9.780.000 төгрөг, иргэн Ы.Хамзад 4.492.400 төгрөгийн санхүүжилт олгох”, 5-т “Арга хэмжээний нийт зардлын тооцоог ХХҮГ-ын даргаар батлуулах”, 6-рт “Тоног төхөөрөмжийг сарын хугацаанд нийлүүлэн чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмжийг хүлээн авч зорилтот бүлгүүдэд олгох ажлыг зохион байгуулах”-аар болж шийдвэрлэсэн. "Л" ХХК, "А" ХХК, "Ар" ХХК-иудын гэрээг хуурамчаар үйлдсэн гэж үзэх ямар нэгэн үндэслэл байхгүй. Гэрээ байгуулах эрх олгосон . "Л" ХХК, "А" ХХК, "Ар" ХХК-иудын гэрээний төслийг би нярав А.Жээс хүлээж авч хянах үед тухайн гэрээг хуурамч гэдгийг мэдээгүй, мэдэх ямар ч боломжгүй байсан. Захирлууд нь гарын үсэг зурж, тэмдгээ дарж баталгаажуулсан байсан. Тэдэнд гэрээний дагуу гүйлгээ хийхдээ ч гэсэн. "Л" ХХК, "А" ХХК, "Ар" ХХК-иудын өөрсдийн дансанд гүйлгээ хийсэн. Би нярав А.Жээс "Л" ХХК, "А" ХХК, "Ар" ХХК-иудын гэрээ мөн үү гэж асуухад мөн гэсэн тул би өөрөөр ойлгох боломжгүй байсан.

9.4. Иймд миний гэм буруу байхгүй тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү.

 

10. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

10.1. Шүүгдэгч Т.Ф түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг сонслоо. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд прокурорын эсэргүүцэл бичигдээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжсэн байр сууринаас оролцож байна.

10.2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Т.Ф нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт ахлах мэргэжилтэн буюу ТЗ-6-д хамаарах төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн урьдчилан тохиролцож гэрээний нөхцөлд бичигдээгүй буюу хоосон 3 ширхэг гэрээний маягтыг С.Ат өгч явуулж С.А нь нэр бүхий 3 аж ахуйн нэгжийн захирлуудаар гарын үсэг зуруулж, тамга даруулж улмаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нярав А.Ж нь хоосон гэрээг сонгон шалгаруулалтад оролцуулахаар холбогдох хэсгийн маягтуудыг бөглөсөн үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгч Т.Ф нь бүлэглэн дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Аийн мэдүүлгээр тогтоогдсон. Тэрээр мэдүүлэгтээ би Т.Фтай уулзаж миний нягтлан хийдэг компаниудад нийлүүлэх боломж байгаа юу гэж тухайн тоног төхөөрөмжийн талаар асуухад тухайн үед Т.Ф, А.Ж нар 3 ширхэг гэрээний маягтыг надад өгч явуулсан. Би нэр бүхий 3 аж ахуйн нэгжийн захирлуудаар бөглүүлж А.Жт гэрээний маягтыг өгсөн гэдгээ хэлсэн. Шүүгдэгч А.Ж мэдүүлэгтээ тухайн хоосон маягтыг бөглөж өгсөн гэх асуудлыг хэлсэн. Шүүгдэгч М.Аманбек, А.Ж нарын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Шүүгдэгч Т.Ф нь А.Ж нартай бүлэглэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

10.3. Дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Т.Ф нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүсье. Энэхүү шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Хэргийн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Ф, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангажээ.

13. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга агсан Б.С, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ф, нярав А.Ж, “К” ХХК-ний нягтлан бодогч С.А нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд тус аймгийн 7 сумын 7 бүлэгт 30 тооны нийт 28.941.200 төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг нийлүүлэхдээ:

- тендер сонгон шалгаруулалт явуулах холбогдох журмыг зөрчиж,

- албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр, өөрсдөдөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор компаниудаас үнийн санал ирүүлээгүй байхад,

- “А” ХХК, “Ар” ХХК, “Л” ХХК зэрэг 3 компанитай дүр эсгэсэн тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ байгуулан,

- “А” ХХК-д 9.511.200 төгрөг, “Ар” ХХК-д 9.780.000 төгрөг, “Л” ХХК-д 9.650.000 төгрөгийн бараа нийлүүлэх баримт бичиг бүрдүүлэн, тэдгээр компаниудын данс руу нийт 28.941.200 төгрөг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар хангалттай хогтоогджээ. Үүнд:

 -Мөрдөгчөөс Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багийн иргэн Е.Ж-ийн гэрт байсан тоног төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 71-79, 6 дахь хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

            - Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд нийлүүлсэн гэх арьс нэхий элдэх төхөөрөмжид үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /3 дахь хавтаст хэргийн 93-96, 6 дахь хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

            -Мөрдөгчөөс Баян-Өлгий аймгийн Алтай сумаас бүрдсэн багийн гишүүдэд нийлүүлсэн тоног төхөөрөмжинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3 дахь хавтаст хэргийн 103-107 дахь тал/,

            -Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын багийн гишүүдэд нийлүүлсэн тоног төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2 дахь хавтаст хэргийн 75-81, 3 дахь хавтаст хэргийн 116-125 дахь тал/,

            -Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгоны багийн гишүүдэд нийлүүлсэн тоног төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 дэх хавтаст хэргийн 26-29, 3 дахь хавтаст хэргийн 138-145 дахь тал/,

            -Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын багийн гишүүдэд нийлүүлсэн тоног төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /6 дахь хавтаст хэргийн 144-147 дахь тал/,

            -Баян-Өлгий аймгийн Бугат сумын багийн гишүүдэд нийлүүлсэн тоног төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /6 дахь хавтаст хэргийн 150-156 дахь тал/,

            -Мөрдөгчөөс 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ы.Хамзагийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 163-164, 4 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

            -“А” ХХК-ны Капитрон банкны депозит дансны хуулга /6 дахь хавтаст хэргийн 42-44 дэх тал/,

            -“Ар” ХХК-ны төрийн банкны 291400441311 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 52, 190-191 дэх тал/,

            -“Л” ХХК-ны Хас банкан дахь *********** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /4 дэх хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

            -“А” ХХК-ны Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар /6 дахь хавтаст хэргийн 85-88 дахь тал/,

            -“Ар” ХХК-ны Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 159-161 дэх тал/,

            -“Л” ХХК-ны Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар /4 дэх хавтаст хэргийн 129-131 дэх тал/,

            -Төсөл хөтөлбөрийн зарим арга хэмжээг хэрэгжүүлэх талаарх Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 121-122 дахь тал/,

            -Гаалийн ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01-2/770 дугаартай албан бичиг /6 дахь хавтаст хэргийн 193 дахь тал/,

            - Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01/482 дугаартай албан бичгээр ирүүлсэн Баян-Өлгий аймгийн 2019 оны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалтын тайлан /6 дахь хавтаст хэргийн 205-207 дахь тал/,

            -Мөрдөгчөөс 2020 оны 12 дугаар сарын 15-нд дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...Ар ХХК-ны **** дугаартай дансны хуулганд үзлэг хийхэд 2019.12.24-ний өдөр “Бүлгийн зохион байгуулалттай ажлын байр бий болгох арга хэмжээний зардалд” гэх утгатай 9.780.000 төгрөг орж 2019.12.25-ны өдөр 9.780.000 төгрөгийг **** тоот данс руу зарлага гаргасан. Х.С-н  ****дугаартай дансны хуулганд үзлэг хийхэд 2019.12.25-ны өдөр “С зарлага БЮ****” гэх утгатай 9.780.000 төгрөг орж тухайн өдөр **** дугаартай данс руу “ОR” гэх утгатай 9.000.000 төгрөг шилжүүлсэн. П овогтой Г-ийн **** дугаартай дансны хуулганд 2019.12.25-ны өдөр “ОR” гэх утгатай 9.000.000 төгрөг орж тухайн өдөр **** дугаартай данс руу 3.000.000 төгрөгөөр 3 удаагийн үйлдлээр 9.000.000 төгрөгийг шилжүүлсэн. * **** дугаартай дансны хуулганд 2019.12.25-ны өдөр “ОR” гэсэн утгатай 3.000.000 төгрөгөөр 3 удаагийн үйлдлээр 9.000.000 төгрөгийн орлого орсон байв” /1 дэх хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

            -Мөрдөгчөөс 2021 оны 03 дугаар сарын 07-ны, мөн 2021 оны 03 дугаар сарын 09- ний өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгээр хураан авсан 20, 21 хуудас бүхий нийт 41 хуудас баримтаар /1 дэх хавтаст хэргийн 141-162, 4 дэх хавтаст хэргийн 112-132 дахь тал/,

            -Шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БӨА-21-116 дугаартай шинжээчийн үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 67-74 дэх тал/,

            -Үнэлгээний шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-322-4629 дугаартай шинжээчийн үнэлгээний тайлан /8 дахь хавтаст хэргийн 134-154 дэх тал/,

            -Хохирогч Б.Ариунбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээг заавал хэрэгжүүлэх албагүй. Яагаад гэвэл тухайн хөтөлбөрт заасан шаардлага, болзол, шалгуур үзүүлэлтийг хангасан бүлэг зохион байгуулагдахгүй тохиолдолд заавал зохион байгуулж, мөнгө гаргах гээд байх шаардлагагүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн гарах гэж байгаа хөрөнгө нь заавал тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд л олгох журамтай учраас хязгаарлалттай, хяналттай төсөв шүү дээ. Тус сангийн мөнгөөр тоног төхөөрөмж худалдаж авч болохгүй. Тийм учраас тоног төхөөрөмж нийлүүлэх компанийг аймгийн нийгмийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн, ажилтнууд нь тоног төхөөрөмж нийлүүлэхийг санал болгож болохгүй. Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих тухай хуулиар хориглосон байдаг юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасан 7-8 зориулалтаар мөнгийг зарцуулах ёстой.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 228-230 дахь тал/,

            -Гэрч М.Е-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний өөрийн эзэмшилд “А" гэх нэртэй компани байдаг. Уг компани барилгын угсралт засвар үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй компани юм. “К” ХХК-ны болон миний “А” ХХК-ны нягтлан бодогчоор ажилладаг иргэн С.А нь 2019 оны сүүлээр надад “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтсээс тоног төхөөрөмж оруулах төсөл авахаар болсон, таны компанийн нэр дээр авах хэрэгтэй байна, ямар нэгэн тусгай зөвшөөрөл шаардахгүй гэрээ байгаа, мөнгөн дүн нь 9.500.000 төгрөг” гэж хэлсэн. Гэхдээ ямар төхөөрөмж нийлүүлэхээр болсон талаар би мэдээгүй. Тэгээд 2019 оны 12 дугаар сард байх миний дансанд мөнгө орохоос 10 хоногийн өмнө иргэн С.А надад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас авах төхөөрөмжийн гэрээг авч ирсэн тул би С.Аээр гэрээг бичүүлэн гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулан өгч явуулсан юм. Би иргэн С.Ат гэрээг өгсөн. Иргэн С.А гэрээ байгуулсан байх.  Гэхдээ хэн очиж Б.Стай гэрээ хийсэн талаар мэдээгүй. Мөн иргэн С.Ат өгсөн зарлагын баримтад С.А барааны нэрийг бичсэн. Баримтад иргэн С.А төхөөрөмжийн нэрийг бичсэн. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт төхөөрөмж нийлүүлсэн иргэн С.А байсан. Би өөрийн биеэр тоног төхөөрөмж нийлүүлсэн асуудал байхгүй. Иргэн С.А ямар нэгэн хор нөлөөгүй хуулийн дагуу төхөөрөмж нийлүүлэх болно гэхээр нь би дэмжиж компанийн нэрийг ашиглуулсан юм...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 3-5 дахь тал/,

            -Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Стай худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан асуудал байхгүй юм. Яагаад гэхээр 2019 оны 12 дугаар сард байх “К” ХХК нягтлан ажилтай иргэн Сабигажы овогтой Аманбек гэгч надтай ирж уулзан “Таны компанийн нэрээр тоног төхөөрөмж нийлүүлэх шаардлагатай байна, та миний энэ авч ирсэн гэрээнд гарын үсэг зурах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэр үед нөхөж бичих боломжтой ямар нэгэн хүн, албан тушаалтны нэр бичигдээгүй худалдах, худалдан авах гэрээг авч ирж надаас гуйж байгаад гарын үсэг зуруулан тэмдэг даруулан авсан. Уг гэрээ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргатай байгуулах гэрээ болохыг мэдээгүй. Миний бие өөрийн биеэр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ямар нэгэн албан тушаалтантай уулзаж хүсэлт гарган, худалдах худалдан авах гэрээ хийж байгаагүй.” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 131-132 дахь тал/,

            -Гэрч Х.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажилтан А.Ж гэх миний найз “Тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл боловсруулан Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 10 сая орчим төгрөгийн төсөл авах хэрэгтэй байна, чи компанийн нэр дээр авч өгөх үү” гэсэн тул миний бие А.Ж-ийн хүсэлтийг хүлээн авч компанийн ашигт 5% авахаар болж тохиролцож иргэн А.Ж-ийн авч ирсэн ямар нэгэн зүйл бичигдээгүй нөхөж бичих боломжтой гэрээнд өөрийн “Ар” ХХК-ны нэрийг төлөөлөн гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулж өгсөн. Миний бие өөрийн биеэр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Стай гэрээ байгуулсан асуудал байхгүй болно. Гэрээг иргэн А.Ж хэнтэй хэзээ байгуулсан талаар мэдэхгүй байна. Би гэрээний хамт ямар нэгэн төхөөрөмжийн нэр бичигдээгүй хоосон зарлагын баримтыг А.Жт өгч явуулсан. Энэ орлогын баримтын талаар А.Ж мэдэж байгаа юм. Миний дансанд орж ирсэн 9.780.000 төгрөгөөс 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авч үлдэн үлдсэн мөнгийг иргэн А.Жийн өгсөн данс руу шилжүүлсэн. Би 780.000 төгрөгөөр компани татварыг төлсөн юм..., “... Анх энэ төслийг авах уу гэж иргэн С.А хэлсэн ба 10 хоногийн дараа намайг ажлын газарт дуудсан. Би С.Аийн өрөөнд очих үед иргэн С.А, А.Ж нар хамт байсан. Тэгээд би С.А, А.Ж нарын өгсөн хоосон гэрээнд гарын үсэг зурж өгсөн. 2019 оны 12 дугаар сард миний дансанд 9.780.000 төгрөг орж ирсэн. Уг мөнгийг авна гэж иргэн А.Ж, С.А нар ирсэн. Зөвхөн А.Ж-ийн өгсөн дэвтэрт түүний хэлснээр бичиж өгсөн юм. Миний бичиг өгсөн бичгийг иргэн А.Ж авч явсан ...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 3-5, 213-214 дэх тал/,

            -Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх компаниудад гэрээг манай хэлтсийн сангийн мэргэжилтэн Т.Ф болон нярав А.Ж нар хийж байсан. Би гэрээ хийх ажилд оролцоогүй ба хурал хийж дээрх компаниудыг танилцуулан шалгаруулах үед мэдсэн. Дээрх нэр бүхий компаниуд төхөөрөмж нийлүүлэх талаар нярав А.Ж танилцуулсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 38-41 дэх тал/,

            -Яллагдагч Т.Фгийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт гаргаж байсан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10-р баг 17-00 тоотод оршин суух хаягтай, Б овогт Т.Ф би Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг юм. Миний бие Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрений 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2013004100084 дугаартай яллагдагчаар татах тухай тогтоолыг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр танилцаж, яллагдагчаар анх удаа мэдүүлэг өгсөн юм. Би тус хэрэгт анх гэрчээр мэдүүлэг өгөх үеэс эхлэн хэргийн бодит байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн билээ. Харин одоо намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг танилцуулсныхаа дараа бүхэлдээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн мэдлэг дутмаг байгаагийн улмаас гэмт хэрэг үйлдсэн явдалд маш их гэмшиж байна. Яллагдагч Т.Ф би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү хүсэлтийг гаргаж байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээр торгох ял шийтгүүлж өгнө үү” гэх хүсэлт /7 дахь хавтаст хэргийн 154 дэх тал/,  

            - Яллагдагч А.Жийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт гаргаж байсан “Миний бие Ж нь Өлгий сумын 10 дугаар багт оршин суудаг. Ам бүл 6, эхнэр болон хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн аймгийн прокурорын газрын тогтоолоор №2013004100084 тоот эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт А.Ж би яллагдагчаар татагдан шалгагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэх заалтыг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоо хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн хэргийг хялбаршуулсан хурмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна” гэх хүсэлт /7 дахь хавтаст хэргийн 155 дахь тал/,  

            - Яллагдагч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сард аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажлаар явж байгаад самбар дээр байрлуулсан зарын дагуу нягтлан бодогч Т.Ф-тай уулзсан ба бид өмнө нь ажлын шугамаар бие биеэ таньдаг байсан. Т.Ф-тай уулзаад миний нягтлан бодогч хийдэг компаниуд байгаа, тэр компаниудад нийлүүлж болох уу гэхэд болно оруулаад ир гэсэн. Тухайн үед Т.Ф А.Жээр гэрээний маягт авхуулаад компаниудад хүргээд өг гэсэн. Ингээд би А.Жээс 3 гэрээний маягт авч явсан. А.Ж бид хоёр ах дүү нарын хүүхдүүд болохоор бие биеэ сайн танина. Би А.Жээс авсан гэрээгээ өөрөө санхүүгийн тайланг нь гаргадаг “Л”, “А”, “Ар” ХХК-ын захирлуудаар хоосон гэрээнд гарын үсэг зуруулаад А.Ж-т аваачиж өгөөд А.Ж-ээр доторх зүйлийг нь нөхүүлээд Т.Ф-д оруулж өгсөн. Т.Ф цааш нь газрынхаа даргад танилцуулж гарын үсэг зуруулж батлуулаад тухайн гэрээний дагуу тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон.” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 32-34 дэх тал/,

            -Яллагдагч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нягтлан бодогч Т.Ф гэрээг гаргаж өгсөн байх би гэрээг гаргаж өгөөгүй. Намайг гаргаж өгсөн гээд яриад байгаа ба би уг нь гаргаж өгөөгүй. Сүүлд нөхөж бичихийн бол нөхсөн. Гэрээг бол гаргаж өгөөгүй.” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

            - Яллагдагч Т.Ф-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 10 саяас дээш үнийн дүнтэй худалдан авалтад тендер зарлана гэдгийг мэднэ. Би С.А-ийг өөрөө энэ бүгдийг нийлүүлнэ гэдгийг тухайн үедээ мэдээгүй болохоор тендер зарлах асуудлыг хөндөж гаргаагүй. Мөн энэ мөнгө нь оны эцэс болоод буцаан татагдах гээд байсан. Мөн дээд газраас батлагдсан төсвийг зарцуул, ажил хийхүй байна гээд шахаж шаардаад байсан болохоор богино хугацаанд хийсэн. Б.С дарга хуралд сууж энэ компаниуд шалгарсныг мэдэж байсан.” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 64-65 дахь тал/,

            -Яллагдагч /талийгаач/ Б.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Комисс 3 компани шалгаруулсан бол тэр 3 компани л нийлүүлэх ёстой. Мэдээж 1 хүн 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа нийлүүлэх гэж байгаа бол нээлттэй тендер шалгаруулах ёстой.” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг хуульд заасан журмаар харьцуулж дүгнэвэл, шүүгдэгч нарын дээрх хууль бус үйлдэл бүрэн тогтоогдсон байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэлтэй болжээ.

14. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга агсан Б.С, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ф, нярав А.Ж, “К” ХХК-ний нягтлан бодогч бөгөөд “А” ХХК, “Ар” ХХК, “Л” ХХК-ийн санхүүгийн тайлан гаргаж, тэдгээр компаниудад хөлсөөр ажилладаг С.А нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээний 9.1.5-д заасан “Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь бүлгийн ажлын төлөвлөгөө, зардал, хөрөнгийн тооцоо гэрээг үндэслэн бүлэг тус бүрд 5 хүртэл сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмжийн нэг удаагийн буцалтгүй дэмжлэгийг олгоно” гэснийг хэрэгжүүлэхдээ тус аймгийн 7 сумын 7 бүлэгт 30 тооны нийт 28.941.200 төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг нийлүүлэхдээ:

- Зохион байгуулалттай ажлын байр бий болгосон иргэдэд болон тоног төхөөрөмж нийлүүлэх хуулийн этгээдүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас зарлал, мэдээлэл тарааж, улмаар зохион байгуулалттай ажлын байр бий болгосон иргэдээс зохих төсөл, хөтөлбөрүүдийн саналыг тус байгууллагад ирүүлдэг боловч тухайн тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээ байгуулсан гэх  “А” ХХК, “Ар” ХХК, “Л” ХХК-уудаас үнийн санал ирүүлээгүй болох нь М.Е, Х.А, Х.С нарын гэрчийн мэдүүлгээр нотлогдсон;

 -“А” ХХК, “Ар” ХХК, “Л” ХХК-уудаас тоног төхөөрөмж нийлүүлэх үнийн санал ирүүлээгүй байхад шүүгдэгч Т.Ф, А.Ж, С.А нар нь тус компаниудаас тоног төхөөрөмж нийлүүлэх үнийн санал ирүүлсэн мэтээр үнийн жагсаалт үйлдэж, “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээ 28.941.200 төгрөгийн төсөвтэй учир Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ гэснийг зөрчиж, шууд худалдан авах гэрээ байгуулах нэрийдлээр нийлүүлэх бараа, бүтээгдэхүүний үнийг шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаарт тохируулан “Ар” ХХК дансанд 9.780.000 төгрөг,  “А” ХХК дансанд 9.511.200 төгрөг, “Л” ХХК  дансанд 9.650.000 төгрөг нийт 28.941.200 төгрөгийг шүүгдэгч Т.Ф шилжүүлсэн;

-Шүүгдэгч С.А нь “А” ХХК, “Ар” ХХК, “Л” ХХК-уудын данснаас тэдгээр мөнгөн хөрөнгийн буцаан гаргуулж, иргэн Ы.Хамзатай тохиролцож Баян-Өлгий аймгийн Алтай сумын бүлэгт “Сүү цагаан идээ боловсруулах” төслийн хүрээнд сүү ариутгах машин /СА-30/ 1 ширхэг, цөцгий ялгах сепаротор 1 ширхэг, аяга таглагч 1 ширхэг, хорхой ааруул хэвлэгч 1 ширхэг, савлагч 1 ширхэг, нийт 4,296,506 төгрөгийн,

тус аймгийн Бугат сумын бүлэгт “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл”-ийн төсөлд хөргүүр 1 ширхэг, цагаан идээ боловсруулах машин 1 ширхэг, нийт 4,472,378 төгрөгийн,

тус аймгийн Цэнгэл сумын “Хадлан тэжээлийн нөөц бэлтгэх” төсөл бүхий бүлэгт усны насос 1 ширхэг, шланк 1 ширхэг нийт 215,000 төгрөгийн, генератор 1 ширхэг 666,116 төгрөгийн,

“А” ХХК-ны нэрээр тус аймгийн Сагсай сумын бүлэгт арьс элдэх бага оврын машин 1 ширхэг, ноос самнах бага оврын машин 1 ширхэг, нийт 4,120,632 төгрөгийн,

тус аймгийн Улаанхус сумын бүлэгт нэхий элдэх машин 1 ширхэг, арьс угаах ван 1 ширхэг, нэхий цэвэрлэх хутга 2 ширхэг, нэхий оёдлын машин 1 ширхэг, нийт 4,472,378 төгрөгийн,

Цэнгэл сумын бүлэгт “Хадлан тэжээлийн нөөц бэлтгэх” төсөлд мототомп 1 ширхэг, гар хадуур 1 ширхэг нийт 918,190 төгрөгийн,

“Ар” ХХК-ны нэрээр тус аймгийн Баяннуур сумын бүлэгт “Модон эдлэл, гутал, дээл, сийлбэртэй казах монгол гэр үйлдвэрлэл” төслийн хүрээнд станок 1 ширхэг, круг 1 ширхэг, дриль 1 ширхэг, мотортой хөрөө 1 ширхэг, цахилгаан мотор 1 ширхэг, презер 1 ширхэг, гагнуур аппарат 1 ширхэг, нийт 4,491,578 төгрөгийн,

Цэнгэл сумын бүлэгт “Хадлан тэжээлийн нөөц бэлтгэх” төсөлд пад мотор 1 ширхэг 991,916 төгрөгийн, Цагааннуур тосгоны бүлэгт “Худаг гаргах, хашаа байшин барих” төслийн хүрээнд худаг ухах малаток 1 ширхэг, станок 1 ширхэг, байшин барих багаж 1 ширхэг зэрэг, нийт 4,296,506 төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлж,  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж, 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасныг, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8.1.2 дахь хэсэгт заасан “шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар”-ыг зөрчиж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн, тус байгууллагын нягтлан бодогч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад хамтран оролцож, бусдад давуу байвал бий болгосон нь тогтоогджээ.

15. Шүүгдэгч С.А нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ф, нярав А.Ж нартай урьдчилан үгсэн тохиролцож гэрээний нөхцөл бичээгүй 3 гэрээний маягт авч ирэн, “А” ХХК, “Ар” ХХК, “Л” ХХК-ийн захирлуудаар гарын үсэг зуруулж, гэрээний доторх агуулгыг нярав А.Жээр бичүүлж, уг гэрээг Т.Ф нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С-аар баталгаажуулж, тоног төхөөрөмж нийлүүлэх мөнгийг шилжүүлэн авч иргэн Ы.Х дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдлыг бий болгох зорилгоор Б.С, Т.Ф, А.Ж нартай бүлэглэж хамтран оролцсон,

-Шүүгдэгч А.Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ф, өөрийн хамаарал бүхий этгээд болох хамаатан С.А нартай урьдчилан үгсэн тохиролцож гэрээний нөхцөл бичээгүй 3 гэрээний маягтыг авч “А” ХХК, “Ар” ХХК, “Л” ХХК-ийн захирлуудаар гарын үсэг зуруулж, гэрээний доторх агуулгыг өөрөө бичиж, уг гэрээг Т.Фд өгч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Саар баталгаажуулж тоног төхөөрөмж нийлүүлэх мөнгийг шилжүүлэн авахдаа “Ар” ХХК-ний дансанд шилжүүлсэн 9,780,000 төгрөгийг тус компанийн захирал Х овогтой С-ын *********** дугаартай дансаар дамжуулан, өөрийн эхнэр П овогтой Г-ийн *********** дугаартай дансанд 9,000,000 төгрөгийг шилжүүлэн өөртөө болон бусдад давуу байдлыг бий болгох зорилгоор Б.С, Т.Ф, С.А нартай бүлэглэж хамтран оролцсон,

-Шүүгдэгч Т.Ф нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нярав А.Ж, түүний хамаарал бүхий этгээд С.А нартай урьдчилан үгсэн тохиролцож гэрээний нөхцөл бичээгүй, хоосон 3 гэрээний маягтыг С.Ат өгч “А” ХХК, “Ар” ХХК, “Л” ХХК-ний захирлуудаар гарын үсэг зуруулж авхуулан, гэрээний доторх агуулгыг нярав А.Жээр бичүүлж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Саар уг гэрээнүүдийг баталгаажуулж тоног төхөөрөмж нийлүүлэх мөнгийг шилжүүлэн бусдад давуу байдлыг бий болгох зорилгоор Б.С, А.Ж, С.А нартай бүлэглэж хамтран оролцсон,

-Шүүгдэгч /талийгаач/ Б.С үйлдэл холбогдлын хувьд, тэрээр 2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Т.Ф, А.Ж, С.А нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэж албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн өмчийн хөрөнгөөр худалдаж авах үйл ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр үнийн санал ирүүлээгүй гурван компанийг сонгож, тэдгээрт мөнгөн хөрөнгийг шилжүүлж, бусдад давуу байдал олгож байгаа нь холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож уг төслийн үр шим, өгөөжийг шударгаар хүртэх байсан бусад хуулийн этгээдийн ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал аль алинд хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Иймд Б.С болон Т.Ф, А.Ж, С.А нарын үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэгт хамтран оролцсон нь нотлогдон тогтоогдсон учраас шүүгдэгч нарын дээрх хууль бус үйлдлүүдийг нэгтгэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны зарчмыг хангасан байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             16. Шүүгдэгч Б.С, Т.Ф, А.Ж, С.А нарт  холбогдох хэргийн үйл баримтыг шүүгдэгч тус бүрийн оролцоог үндэслэж бодитойгоор тогтоосон, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн бөгөөд шийтгэх тогтоолд дурдсан дээрх нотлох баримтуудаар Б.С, Т.Ф, А.Ж, С.А нар хамтарч нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгч нарт оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна.

17. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Б.С, Т.Ф, А.Ж, С.А нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон нь тус тус тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг шүүгдэгч нарын үйлдэл холбогдолд зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Иймд шүүгдэгч Т.Ф, А.Ж, С.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор торгох шийтгэл оногдуулсан анхан шатын шүүхийн шийдвэр гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.   

           

            18. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анхан шатны шүүх шүүгдэгч Т.Фгийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчилж, дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь гэм буруугийн болон хууль ёсны байх зарчимд нийцсэн тул шүүгдэгч Т.Ф, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заажээ.

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг ойлгох ба шүүгдэгч Т.Ф, А.Ж, С.А нар нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээний 9.1.5-д заасан “Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь бүлгийн ажлын төлөвлөгөө, зардал, хөрөнгийн тооцоо гэрээг үндэслэн бүлэг тус бүрд 5 хүртэл сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмжийн нэг удаагийн буцалтгүй дэмжлэгийг олгоно” гэснийг хэрэгжүүлэхийн тулд  нийт 28.941.200 төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг нийлүүлэхдээ тус тус хэдэн төгрөгийг өөрсдөдөө авсан нь шүүгдэгч тус бүрээр тогтоогдоогүй.

Харин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ф, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нярав А.Ж, “К” ХХК-ний нягтлан бодогч С.А  нар нийт 28.941.200 төгрөгийн санхүүжилттэй арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хуульд зааснаар зохих сонгон шалгаруулалт явуулах байтал тендер сонгон шалгаруулалт явуулаагүй, хуулийн этгээдүүдээс ямар нэгэн үнийн санал ирүүлээгүй байхад ирүүлсэн мэтээр үнийн жагсаалт үйлдэж, нэр бүхий 3 компанийн нэрээр тухайн арга хэмжээний тоног төхөөрөмжийг нийлүүлсэн мэтээр хууль бус үйл ажиллагаа явуулж, 7 сумын 7 бүлэгт тоног төхөөрөмж нийлүүлсэн нь тогтоогдсон байх тул улсын төсөвт бодит хохирол учирсан нь хэргийн материалаас хангалттай тогтоогдоогүй. Тиймээс шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг үйлдэж хөрөнгө, орлого олсон гэх үндэслэл хэргээс тогтоогдоогүй учраас энэ талаарх хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

 

            20. Шүүх хэрэгт цугларсан хууль ёсны нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг үндэслэлтэй сэргээн тогтоож, шүүгдэгч нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон бөгөөд гэм буруутай этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, түүнд оногдуулсан торгох ял гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх тул “шүүгдэгч Т.Фд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах” тухай шүүгдэгч Т.Ф, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ф, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ