2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/02942

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 08 191/ШШ2025/02942

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: УБП ХХК,

Хариуцагч: СТ ХХК тус тус холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.У

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн .. дугаар хороонд байрлах ... орон сууцны барилгын ... блок ... давхар...  /.. тоот/ тоотод байрлах ... м.кв талбай бүхий ... өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М,

Хариуцагч нарын төлөөлөгч Э.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр түүний өмгөөлөгч Ц.Ж-н эзгүйд, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.У-н ирүүлсэн хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь ******* Трейд ХХК-тай 2022.11.25-ны өдөр С-2022/0112 дугаартай Орон сууц барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******* Пропертиз ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах ******* ******* орон сууцны барилгын ******* блок 9 давхар тоотод байрлах 41,5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 182,600,000 төгрөг захиалсан ба, бидний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байдаг. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2022.11.30-ны өдөр 109,560,000 төгрөг буюу гэрээний үнийн дүнгийн 60 хувьтай тэнцэх төгрөгийг ******* Трейд ХХК-ийн Голомт банкны тоот данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг 2023.03.31-ний өдрөөс 2024.03.31-ний өдөр хүртэл төлөхөөр байсан ба төлөх талаар зохих арга хэмжээ авсан, автомашин бартерт өгөхөөр ярилцаж байсан зэрэг нь шүүхийн үзлэгийн баримтаас харагдана. Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй байхад ******* ******* ХХК-ийн 2023.08.22-ны өдрийн 0202 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...хувиарт төлбөрийг барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1.4-т заасны дагуу цуцлагдсан болохыг мэдэгдэж, төлсөн төлбөрийг шилжүүлэх төлбөрийг буцаан авах дансыг цахим хаягаар хүргүүлнэ үү... гэсэн утгатай байсан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226.1 болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний санамж бичгийн 3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоох, 1 ба түүнээс дээш удаа сануулах ёстой. Гэтэл нэмэлт хугацаа тогтоогоогүй, хуульд зааснаар гэрээнээс татгалзах үндэслэл бүрдээгүй. Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлд зааснаар компанийг гүйцэтгэх удирдлага төлөөлөх ёстой, гэрээ цуцлах тухай албан бичигт гүйцэтгэх захирал гарын үсэг зураагүй, нягтлан бодогчид гэрээ цуцлах эрх олгосон тухай баримтгүй. Мөн бид гэрээг ******* ******* ХХК-тай байгуулсан байхад гэрээ цуцлах тухай мэдэгдлийг ******* ******* ХХК-иас өгсөн нь үндэслэлгүй байна.

Улмаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзах тухайгаа манайд мэдэгдэх, хугацааг манай тал тогтоох ёстой байсан. Түүнчлэн 2023.10.03-ны өдөр машин өгөх мессэж байгаа, 3 хоногийн дараа байрыг гуравдагч этгээдэд зарсан байдаг. Харин 2023.10.31-ний өдөр борлуулалтын менежер утсаар ярьж, мөнгөө бэлнээр төлөөрэй, машин авах боломжгүй гэдгийг хэлсэн байдаг. Ингээд бид бэлэн мөнгөөр төлөх санаачилга гаргахад танай гэрээг цуцалсан, байрыг бусдад худалдсан асуудлыг ярьдаг. Бид 2023.08.22-ны өдөр гэрээг цуцалсан гэж ойлгоогүй, үүнээс хойших цаг хугацаанд төлбөрийг барагдуулах талаар борлуулалтын менежертэй харилцаж явсан байдаг. Харин гуравдагч этгээд Б.*******тай гэрээ байгуулсны дараа гэрээ цуцлагдсан байна гэдгийг мэдсэн юм.

Бид гэрээний хоёр удаагийн графикт төлөлт хийх хугацааг зөрчсөн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүргийн ялимгүй зөрчил гэж үзэхээр байх тул хариуцагч талд гэрээнээс татгалзах үндэслэл бүрдээгүй байна. Нөгөө талаар хариуцагч 2023 оны 4 дүгээр улиралд байрыг ашиглалтад оруулах ёстой байтал оруулаагүй, сүүлд шүүгчийн захирамжаар ирсэн баримтаар 2024.12.31-ний өдөр барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгч, дүгнэт гарсан байна. Мөн өмнөх шүүх хуралдаан хойшилж, манай хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарсны маргааш нь хариуцагч маргаан бүхий байрыг гуравдагч этгээдэд Б.*******д хүлээлгэн өгсөн баримт үйлдсэн нь нэг талынх гэж үзэхээр байгаа бөгөөд Б.******* маргаан бүхий орон сууцанд бодит байдлаар амьдарч байгаа эсэх нь тодорхойгүй. Хариуцагч талаас ирүүлсэн баримтаас үзвэл, маргаан бүхий орон сууц нь гэрээнд заасан тоот биш, харин 906 тоот болсон нь харагдаж байна. Иймд бид шаардлагаа тодруулж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах ******* ******* орон сууцны барилгын ******* блок, 9 давхрын 906 тоотод байрлах 41,5 м.кв 1 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгуулахыг хүссэн. Тиймээс нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ХХК, ******* ******* ХХК, тэдний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.*******тай 2022.11.25-ны өдрийн С-2022/0112 тоот орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр хариуцагч нь гэрээний 2.1-д заасан орон сууцыг барьж ашиглалтад оруулан, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээний 2.1.10-д заасан орон сууцны нийт үнэ 182,600,000 төгрөгийг гэрээний 3.1-д зааснаар 60 хувь буюу 109,560,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2022.11.25-ны өдөр төлөхөөр, үлдэгдэл төлбөрийг гэрээний 3.2-т заасны дагуу 2023.03.31-ний өдөр 14,608,000 төгрөг бэлнээр, 2023.06.30-ны өдөр 14,608,000 төгрөг бэлнээр, 2023.09.30-ны өдөр 14,608,000 төгрөг бэлнээр, 2023.12.31-ний өдөр 14,608,000 төгрөг бэлнээр, 2024.03.31-ний өдөр 14,608,000 төгрөг бэлнээр төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр төлбөр төлөх хугацааг тодорхой тусгаж өгсөн байдаг ба 2023.03.31-ний өдрөөс 1 жилийн хугацаанд хуваах байдлаар буюу улиралд 1 удаа төлөлт хийхээр талууд харилцан тохиролцсон байтал нэхэмжлэгчийн хувьд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг 100% төлөөгүй.

Бидний зүгээс нэхэмжлэгч Г.*******г гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг байнга шаардаж байсан. Үүнтэй холбоотойгоор холбогдох баримтуудад үзлэг хийж баталгаажуулсан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан хуваарийн дагуу дээрх 2 удаагийн төлөлтийг хийгээгүй учир гэрээний 4.4.8-д заасан худалдан авагч тал нь орон сууцны төлбөрийг хуваарийн дагуу заасан хугацаанд хэсэгчлэн болон бүрэн төлөх үүрэгтэй гэх үүргээ ноцтой зөрчсөн тул хариуцагчийн зүгээс гэрээний 3.2-т ...гэрээний 3.1 дэх заасан заалтын дагуу төлөлтөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч тал дангаар гэрээг цуцлах эрхтэй, гэрээний 6.1-д Худалдан авагч тал нь гэрээнд заасан хугацаанд захиалсан орон сууцны төлбөрийг тус гэрээний 2.3-т заасан НӨАТ-ын хамт төлөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй 30 хоног өнгөрсөн тохиолдолд Худалдагч тал гэрээний 4.2.9-д заасны дагуу торгуулийг суутган авч гэрээг цуцалж орон сууцыг бусдад худалдан борлуулсны дараа үлдэгдэл төлбөрийг Худалдан авагч талд буцаан олгоно гэсний дагуу гэрээг цуцалсан байдаг. Бидний зүгээс гэрээг цуцлахаасаа өмнө манай зүгээс төлбөр төлөх боломж олгон хуульд зааснаар нэмэлт хугацаа тогтоосон. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нэхэмжлэгч Г.*******гийн буруутай үйлдлийн улмаас Иргэний хуулийн 225, 226, 355 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуцлагдаж, тухайн орон сууцыг бусдад зарсан учраас нэхэмжлэлийн шаардлага хэрэгжих боломжгүй. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.******* нь 2023.10.13-ны өдөр байгуулсан орон сууц захилгаар бариулах гэрээний үнийг 2023.10.17-ны өдөр бүрэн төлсөн бөгөөд энэ гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр хэвээр байгаа. Бидний хувьд нягтлан бодогчид эрх олгосон тухай баримтгүй боловч түүний үйлдлийг Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар хожим хүлээн зөвшөөрсөн. Энэ нь гүйцэтгэх удирдлага гуравдагч этгээд Б.*******тай гэрээ байгуулсан байдлаас харагдана.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан ба манай зүгээс мэдэгдсэн байна. Мөн хуулийн 204.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно гэж заасан байна. Талуудын байгуулсан гэрээнд бол үүргээ гүйцэтгэхийг нэг болон түүнээс дээш удаа мэдэгдэнэ гэсэн байдаг. Манай зүгээс бол үүргээ гүйцэтгэх талаар 2 удаа мэдэгдсэн. Тэгэхлээр хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөн. Манайд борлуулалтын менежер байсан хүнийг яриад байна, хамгийн сүүлд бартер хариуцсан Баясгалантай яриарай гэсэн мессэж харагдана, харин нэхэмжлэгч Баясгалантай ярьсан зүйл байдаггүй. Борлуулалт хариуцсан этгээдэд мөнгө орж ирэх нь чухал болохоос биш гэрээ цуцлагдаж байгаа эсэх, шинэ этгээдтэй гэрээ байгуулсан эсэх нь чухал биш, тийм зүйл анхаарлаа хандуулдаггүй юм. Тиймээс 2023.08.22-ны өдрийн мэдэгдлээр бид нэхэмжлэгчид нэмэлт хугацаа олгосон гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч Г.*******г Иргэний хуулийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гаргасан гэж үзэхгүй юм. Учир нь талуудын хувьд анхнаасаа маш уян хатан гэрээ байгуулсан ба, улиралд 1 удаа төлбөр төлөх ёстой байсан ч 2 удаагийн төлөлтийг хийгээгүй учир энэ бол ялимгүй зөрчил биш юм. Манай байгууллага орон сууцыг 2024.12.31-ний өдөр ашиглалтад оруулсан бөгөөд гэрээнд зааснаар тоот орон сууцны дугаарлалт нь 906 тоот болж өөрчлөгдсөн нь үнэн, барилга байгууламж ашиглалтад орсонтой холбоотой хаалганы дугаарлалтад өөрчлөлт ордог юм билээ. Тийм учраас 2025.02.19-ний өдөр маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд Б.*******д хүлээлгэн өгсөн, бодит байдлаар амьдарч байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...2023.10.23-ны өдөр №С-2023/087 тоот Орон сууц захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууцны үнэ 186,750,000 төгрөгийг 2023.10.17-ны өдөр 100 хувийн төлж худалдан авсан. Иймд нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

4.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар,

2022.11.25-ны өдрийн орон сууц барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ, 2023.08.22-ны өдрийн ******* ******* ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хуулбар/, ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл гэсэн баримтуудыг,

 

5.Хариуцагч тал нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.10.13-ны өдрийн орон сууц захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ, Голомт банк ХК-ийн депозит дансны хуулга, Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн депозит дансны хуулга, ******* ******* ХХК-ийн 2023.08.22-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024.12.31-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, байр хүлээлцэх акт гэсэн баримтуудыг,

 

6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нотлох баримтаар,

Голомт банк ХК-ийн төлбөрийн баримт, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн дансны хуулга гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

7.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд,

Хариуцагч талын гаргасан хүсэлтээр нэхэмжлэгч Г.*******гийн дугаарт илгээсэн цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Г.ын дугаарт илгээсэн цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэл,

2025.02.18-ны өдрийн 8649 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хариуцагч нараас 2024.12.31-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2025.02.19-ний өдрийн гуравдагч этгээдэд маргааны зүйл болсон байрыг хүлээлгэн өгсөн тухай акт, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.03.20-ны өдрийн 10-5/169 дугаар албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ******* ХХК, ******* ******* ХХК-д тус тус холбогдуулж мэдэгдэл хүчингүй болгуулах, худалдах, худалдан авах гэрээг үргэлжлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах ******* ******* орон сууцны барилгын ******* блок 9 давхар тоотод байрлах 41,5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах гэж өөрчилж, улмаар тоот нь 906 тоот болсон байна гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах ******* ******* орон сууцны барилгын ******* блок 9 давхар 906 / тоот/ тоотод байрлах 41,5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах гэж тодруулсан болно.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчийн гарган өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...хариуцагч нар нь гэрээ цуцлах талаар гэрээ болон санамж хуудас, хуульд заасны дагуу мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, 2023.08.22-ны өдрийн мэдэгдэлд хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд болох нягтлан бодогч нь гарын үсэг зурсан, нягтлан бодогчид эрх олгосон тухай баримтгүй, гэрээ цуцлах тухай мэдэгдлээс хойш бид гэрээний төлбөрийг төлөх талаар тодорхой арга хэмжээ авсан, автомашин оролцуулж төлбөр төлөх талаар борлуулалтын ажилтантай ярилцсан. Хариуцагч нар гэрээг зохих ёсоор цуцлаагүй байж энэ хугацаанд гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсныг зөвшөөрөхгүй, бид гэрээний нийт үнийн дүнгийн 60 хувь болох 109,560,000 төгрөгийг төлсөн, гэрээний дагуу төлөх ёстой 2 удаагийн график төлөлт ялимгүй зөрчил байсан учраас хариуцагч нарт гэрээг цуцлах эрх үүсээгүй. Түүнчлэн хариуцагч орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, тухайн маргаан бүхий орон сууц нь 2024.12.31-ний өдөр ашиглалтад орсон, 2025.02.19-ний өдөр гуравдагч этгээдэд хүлээлгэн өгсөн баримтыг хариуцагч нар үйлдсэн байх боловч энэ нь нэг талын баримт, гуравдагч этгээд маргаан бүхий байранд бодит байдлаар амьдраагүй байх тул бид захиалсан орон сууцаа хүлээн авахаар шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч ******* ******* ХХК, ******* ******* ХХК, тэдний төлөөлөгч гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй учраас талуудын байгуулсан гэрээг хууль болон гэрээнд заасны дагуу цуцалсан. Гэрээ цуцалсан мэдэгдлийг байгууллагын нягтлан бодогч хүргүүлсэн нь хуулийн этгээдийн ашиг сонирхолд нийцсэн, үүнийг бид хожим хүлээн зөвшөөрч дэмжсэн гэдэг нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээнээс харагдана. Нэхэмжлэгч манай борлуулалтын ажилтантай холбогдож байсан гэх боловч тэр хүнд байрны төлбөр орж ирэх нь чухал болохоос гэрээг цуцалсан, өөр этгээдтэй байгуулсан эсэх нь чухал биш, тийм зүйлд анхаарлаа хандуулахгүй юм. Нэхэмжлэгч графикт хугацааны төлбөрөө төлөөгүй, үүргийн зөрчил гаргасан нь ялимгүй зөрчил болохгүй, маргаан бүхий орон сууц ашиглалтад орсноор бид гуравдагч этгээдэд байрыг хүлээлгэн өгсөн учраас нэхэмжлэл үндэслэлгүй... гэж тайлбарлан мэтгэлцсэн ба, хариуцагч нар нэг ашиг сонирхолтой этгээдүүд байна.

 

Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.******* нь хариуцагч нарын гаргасан тайлбарыг дэмжиж, шүүхэд ирүүлсэн тайлбарынхаа үндэслэлийг ...хариуцагч нартай 2023.10.23-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 186,750,000 төгрөгийг бүрэн төлсөн, гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа учраас нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэжээ.

 

3.Зохигчийн хооронд 2022.11.25-ны өдөр №С-2022/0112 тоот орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр ******* ******* ХХК, ******* ******* ХХК нь Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, RIVER CASTLE орон сууцны барилгын ******* блок 9 дүгээр давхар тоот хаягт байрлах, 1 өрөө 41.5 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг нь 4,400,000 төгрөг буюу нийт 182,600,000 төгрөгөөр худалдан борлуулах, Г.******* нь гэрээ байгуулснаар үнийн дүнгийн 60 хувь болох 109,560,000 төгрөгийг 2022.11.30-ны өдөр төлж, үлдэх 73,040,000 төгрөгийг тодорхой хугацаанд төлж дуусгахаар харилцан тохиролцжээ. Энэхүү гэрээний харилцаа нь ажил гүйцэтгэх эсхүл худалдах, худалдан авах гэрээний алин болох талаар зохигч маргаантай байх ба, нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ уг хоёр гэрээний аль алинаар тайлбарлана.

 

Ажил гүйцэтгэх, худалдах, худалдан авах гэрээний зүйл нь тодорхой үнэ цэнэ бүхий хөрөнгө байх шинж, эд зүйлийг бий болгоход чиглэсэн гэрээний хэрэгжилтээр захиалагчид өмчлөх эрх үүсдэгээрээ өөр хоорондоо зарим талаар төстэй. Гэвч ажил гүйцэтгэх гэрээ нь тодорхой эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээс гадна тухайн хөрөнгийг бий болгох үйл явц буюу ажилд хяналт тавих, ажил гүйцэтгэгчид зохих дэмжлэг үзүүлэх зэрэг дагалдах эрх, үүргүүдийг захиалагчид үүсгэдэг. Харин худалдах, худалдан авах гэрээнд гэрээний зүйл болох хөрөнгийг бий болгох, өөрчлөх зэрэг үйл явц хамааралгүй, талуудын харилцан дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг хэрэгждэггүй онцлогтой.

 

Тиймээс шүүх дурдсан хоёр гэрээний ижил болон ялгаатай шинжүүд, гэрээний тохиролцоо, зохигчийн тайлбар зэргийг үндэслэн тэдний хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцсэн худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагч нарын барьж, ашиглалтад оруулах ******* блокийн 9 дүгээр давхрын тоот орон сууцны төлбөрийн зохих хэсгийг гэрээ байгуулсан даруйд төлж, үлдэх хэсгийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх, улмаар орон сууц ашиглалтад орсны дараа өмчлөлдөө авах байдлаар худалдан авч байгаа хэлбэр бөгөөд тэрээр барилгын ажлын явцад хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээгээгүй байна.

 

4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг онцлогтой.

 

Нэхэмжлэгч Г.******* нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1.-д зааснаар орон сууцны нийт үнэ болох 182,600,000 төгрөгөөс 2022.11.30-ны өдөр 109,560,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-ийн дансанд шилжүүлэн төлсөн байх ба, гэрээний 3.2-т зааснаар үлдэх төлбөр болох 73,040,000 төгрөгийг 2023.03.31-ний өдөр 14,608,000 төгрөг, 2023.06.30-ны өдөр 14,608,000 төгрөг, 2023.09.30-ны өдөр 14,608,000 төгрөг, 2023.12.31-ний өдөр 14,608,000 төгрөг, 2024.03.31-ний өдөр 14,608,000 төгрөгөөр буюу нийт 5 удаагийн төлөлтөөр төлж дуусгах байснаас нэхэмжлэгч нь 2023.03.31, 2023.06.30-ны өдрийн төлөлт болох нийт 29,216,000 төгрөгийг төлөөгүй, энэ үеэс хариуцагч гэрээг цуцалсан, татгалзсан эсэх талаар зохигчийн хооронд маргаан үүссэн учраас нэхэмжлэгч нь 2023.09.30-ны өдрийн төлөлтийг хийгээгүй байна.

 

Нөгөө талаар хариуцагч нар нь орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд буюу 2023 оны 12 сард багтаан ашиглалтад оруулсны дараа цаг хугацааны хувьд нэхэмжлэгч нь 2023.12.31-ний өдөр 14,608,000 төгрөг, 2024.03.31-ний өдөр 14,608,000 төгрөгийг төлөхөөр байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь графикт төлөлтийн эхний гурван удаагийн төлөлтийг хийсний дараа хариуцагч нар орон сууцыг ашиглалтад оруулах, үүний дараа нэхэмжлэгч нь үлдсэн хоёр удаагийн төлөлтийг хийхээр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасан хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэсэн зохицуулалтад нийцжээ.

 

5.Зохигчид гэрээний зөрчил үүссэн эсэх, энэ зөрчил нь ялимгүй байсан эсэх, улмаар гэрээ цуцлагдсан эсэх, гэрээ цуцлах эрх олгогдсон эсэх талаар маргаантай.

 

5.1.Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т гэрээний 3.1 дэх заалтын дагуу төлөлтөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч тал гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.4-т ...төлбөр төлөх хуваарийн дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд утсаар мэдэгдэх... гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д ...захиалсан орон сууцны төлбөрийг гэрээний 2.3-т заасан НӨАТ-ын хамт төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр 30 хоног өнгөрсөн тохиолдолд ... гэрээг цуцалж орон сууцыг бусдад худалдан борлуулсны дараа ...буцаан олгох гэж, 6.2-т ...гэрээний үүрэг биелэгдээгүй нөхцөлд ямар нэгэн маргаан, мэтгэлцээнгүйгээр шууд цуцлах, Санамж хуудас нь гэрээний салшгүй хэсэг байна гэж, 6.3-т гэрээг цуцлах болсон тухай худалдан авагч талд мэдэгдсэн, худалдан авагч талаас гэрээ цуцлах мэдэгдэл хүлээн авсан өдрөөс эхлэн худалдагч тал нь орон сууцыг бусдад худалдах арга хэмжээ авч эрхлэх эрхтэй гэж тус тус зохицуулсан байх ба, гэрээ цуцлахтай холбоотой зохицуулалт нь Санамж хуудсанд адил утгаар тусгагдсан байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар графикт хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хариуцагч тал төлбөр шаардах эрхээ хэрэгжүүлэх ба, хариуцагч ******* ******* ХХК-ийн борлуулалтын албаны дарга Д.Билгүүн нь төлбөр төлөх тогтоосон хугацаанаас нэг өдрийн өмнө 2023.03.31-нд 14,608,000 төгрөг, 2023.06.30-нд 14,608,000 төгрөгөө хуваарийн дагуу төлөхийг нэхэмжлэгчид сануулж, өөрийн 88818242 дугаарын гар утсаар 2023.03.30, 2023.07.28-ны өдөр Г.*******гийн тоот гар утсанд захидал илгээсэн байх боловч тэрээр 2023.03.31, 2023.06.30-ны өдрийн эхний хоёр удаагийн төлөлт болох нийт 29,216,000 төгрөгийг төлөөгүй. Энэхүү төлөлтийг шүүх, нэхэмжлэгчийн нийт төлөх 182,600,000 төгрөгөөс 2022 онд 60% болох 109,560,000 төгрөгийг төлсөн байдал, хариуцагч ******* ******* ХХК, ******* ******* ХХК нь 109,560,000 төгрөгийг 2022 оноос хойш ашигласан байдал болон үлдэгдэл төлбөрийг хариуцагч нар орон сууцыг ашиглалтад оруулсны дараа төлөх нөхцөл байдал зэрэг зохигчийн хэн алины ашиг сонирхлыг нийтэд нь тэнцвэржүүлэн үзэж, нэхэмжлэгчийн төлөх ёстой байсан, үүргийн зөрчил болох 2023.03.31, 2023.06.30-ны өдрүүдийн нийт 29,216,000 /14,608,000 төг + 14,608,000 төг/ төгрөгийн төлөлт нь түүний нийт төлөх үүргийн 16% /29,216,000 төг * 100% : 182,600,000 төг/-д хамаарах Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил байна гэж дүгнэлээ. Энэ тохиолдолд хариуцагч нар нь гэрээнээс татгалзах хууль зүйн боломжгүй бөгөөд гэрээнээс татгалзах эрхийг үгүйсгэх нөхцөл байдал нь үүргийн ялимгүй зөрчил болох юм.

 

5.2.Тодруулбал, дээр дүгнэснээр нэхэмжлэгч ялимгүй зөрчил бий болгосон тохиолдолд хариуцагч нарт гэрээнээс татгалзах эрх үүсэхгүй байтал хариуцагч ******* ******* ХХК-ийн нягтлан бодогч Б.Болортуяа нь 2023.08.22-ны өдрийн 0202 тоот мэдэгдлийг нэхэмжлэгч Г.*******д өгсөн байх ба, уг албан бичиг нь ...гэрээнд заасны дагуу 2023.08.22-ны өдрийн байдлаар график төлөлт болох 2023.03.31, 2023.06.30-ны өдрийн төлбөр тооцоог барагдуулаагүй байна. Иймд хуваарьт төлбөрийг барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг тус гэрээний 4.1.4-т заасны дагуу цуцлагдсан болохыг үүгээр мэдэгдэж, төлсөн төлбөрийг шилжүүлэх тухай төлбөрийг буцаан авах дансыг цахим хаягаар ирүүлнэ үү... гэсэн агуулгатай. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ******* ХХК нь нягтлан бодогч Б.Болортуяад гэрээ цуцлах эрх хэрэгжүүлэх зөвшөөрлийг олгосон тухай бичгийн баримтгүй, ийм баримтгүй болохоо шүүх хуралдааны явцад тайлбарлах ба, тэрээр гуравдагч этгээд Б.*******тай 2023.10.13-ны өдөр гэрээ байгуулсан явдал нь нягтлан бодогч Б.Болортуяагийн үйлдлийг хожим дэмжсэн хэлбэр биш бөгөөд тус албан бичиг нь нягтлан бодогчийн ажлын чиг үүрэгт хамаарах төлбөр тооцооны баримт гэж үзэхээр байна.

 

5.3.Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзэх боловч хариуцагч ******* ******* ХХК-ийн эрх бүхий этгээд, тухайлбал гүйцэтгэх захирал нь нягтлан бодогчийн дээр дурдсан үйлдлийг зөвшөөрч, дэмжсэн хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн байх учиртай бөгөөд ийнхүү илэрхийлсэн бичгийн баримтгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэнэ.

 

5.4.2024.09.04-ний өдрийн шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл, хариуцагч нар буюу борлуулалтын менежер гэх н.Амар-Эрдэнэ нь 2023.08.22-ны өдрийн мэдэгдлээс хойш 2023.09.02-ны өдрөөс 2023.10.30-ны өдрийн хооронд төлбөрийн оронд автомашин хүлээн авах эсэх асуудлаар нэхэмжлэгч, түүний нөхөр Г.тай мессэж буюу захидлаар харилцсан байх ба, Г. нь 2023.10.30-ны өдөр 40 гаруй сая төгрөг төлөх гээд зээл хөөцөлдөж байгаа талаар, н.Амар-Эрдэнэ нь 99092637 дугаарын утсаар, Баясгалан гэх хүнтэй холбогдох талаар тус тус ярилцсан. Энэ нь 2024.09.04-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.ын гаргасан ...борлуулалтын менежер Амар-Эрдэнэ гэх хүнтэй үлдэгдэл төлбөрт машин оролцуулж болох талаар ярилцаж байсан, харин миний санал болгосон машиныг төлбөрт авах боломжгүй гэсэн, ...Борлуулалтын албаны даргатай нь утсаар ярихад үлдэгдэл 73 сая төгрөгөө бүгдийг төлчихвөл гэрээг үргэлжлүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн... гэх агуулга бүхий мэдүүлгээр давхар нотлогдсон.

 

Дээрх үйл баримтуудаар, хариуцагч ******* ******* ХХК-ийн нягтлан бодогчийн 2023.08.22-ны өдрийн 0202 тоот албан бичгээр гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба, зохигчид гэрээний дагуу графикт төлөлтийг автомашинаар, бэлэн мөнгөөр төлөх боломжийн талаар ярилцаж байсан нь гэрээний харилцаа хэвийн үргэлжилж байсныг харуулсан гэж үзэхээр байна.

 

6.Хариуцагч ******* ******* ХХК нь 2023.08.22-ны өдрөөс хойш 2023.10.30-ны өдрийг хүртэл зохигчийн хооронд гэрээний харилцаа хэвийн үргэлжилж байх цаг хугацаанд буюу 2023.10.13-ны өдөр орон сууц захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.*******тай байгуулж, түүнд маргааны зүйл болсон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах ******* ******* орон сууцны барилгын ******* блок 9 давхар тоотод байрлах 41,5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 4,500,000 төгрөгөөр тооцож нийт 186,750,000 төгрөгөөр худалдсан, Б.******* нь 186,750,000 төгрөгийг 2023.10.17-ны өдөр хариуцагч ******* ******* ХХК-нд төлсөн болох нь зохигчийн тайлбар, орон сууц захиалгаар бариулан, худалдах, худалдан авах гэрээ, хариуцагч ******* ******* ХХК-ийн Худалдаа, хөгжлийн банк, Голомт банкны дансны хуулгаар тогтоогдсон.

 

Улмаар хариуцагч нар 2024.12.31-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр маргаан бүхий орон сууцны барилга буюу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах, ******* ******* ХХК-ийн захиалгатай, 93 автомашины дулаан зогсоол, 74 ширхэг хуурай агуулахтай, 3 ширхэг ил агуулахтай, 234 айлын 25 давхар бүхий үйлчилгээтэй орон сууцны ******* блок, С2 блок барилга байгууламжийг 2024.12.31-ний өдөр ашиглалтад оруулсан байх ба, барилга байгууламжийн захиалагч нь хариуцагч ******* ******* ХХК, гэрээг байгуулсан этгээд нь хариуцагч ******* ******* ХХК байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т зааснаар тухайн орон сууцны барилга байгууламжийг 2023 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлсэн байх боловч хариуцагч нар нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д зааснаар орон сууцыг чанарын өндөр түвшинд барьж нэхэмжлэгч Г.*******д хүлээлгэн өгөх, орон сууцыг улсын комисс хүлээн авсан тохиолдолд түүнд орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг мэдэгдэх, зохигчид орон сууц хүлээлцсэн акт үйлдэж, хариуцагч нараас нэхэмжлэгчид түлхүүрийг хүлээлгэн өгөх үүрэгтэй, үүний дараа нэхэмжлэгч Г.******* нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасан графикт төлөлтийн үлдэгдэл хоёр төлөлт болох 2023.12.31-ний өдөр 14,608,000 төгрөг, 2024.03.31-ний өдрийн 14,608,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасантай нийцсэн талаар дээр нэгэнт дүгнэсэн.

 

7.Харин хариуцагч нар нь дээрх үүргээ биелүүлээгүй атлаа гуравдагч этгээд Б.*******тай байгуулсан 2023.10.13-ны өдрийн гэрээний дагуу маргаан бүхий орон сууцыг 2025.02.19-ний өдөр түүнд хүлээлгэн өгсөн акт үйлдэж, Б.Уянгын нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар харьяа, дүүргийн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ******* ХХК-ийн үйлдсэн акт нь 2025.02.18-ны өдрийн шүүх хуралдааны маргааш өдөр байх ба, үүнийг шүүгчийн захирамж гарсны дараа хариуцагч тал нөхөж хийсэн болохоо зөвшөөрсөн тул уг баримтыг нэг талын баримт гэж үзэх үндэслэлтэй, энэхүү актаар маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд Б.******* бодит байдлаар эзэмшиж, ашиглаж, мэдэлдээ байлгасан гэж үзэхгүй юм.

 

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барилга байгууламж ашиглалтад орсноор маргааны зүйл болсон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах ******* ******* орон сууцны барилгын ******* блок 9 давхар тоот нь 906 тоот болж өөрчлөгдсөн болохыг хариуцагч тал зөвшөөрсөн ба, маргаан бүхий орон сууц хэн нэгний эзэмшилд очоогүй, өмчлөлд бүртгэгдээгүй, улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоогүй болох нь зохигчийн тайлбар, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.03.20-ны өдрийн 10-5/169 тоот албан бичиг, хавсралт баримт болох үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалтаар тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасан ба, хуулийн энэ зохицуулалтаас үзвэл, хариуцагч нар нь маргааны зүйл болсон орон сууцыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд худалдсан байх боловч уг орон сууц тэдний хэний ч эзэмшилд бодит байдлаар шилжээгүй байх тул түрүүлж гэрээ хийсэн этгээд болох нэхэмжлэгч Г.******* нь маргаан бүхий орон сууцыг эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж үзлээ.

 

8.Иймд нэхэмжлэгч Г.*******гийн үүргийн ялимгүй зөрчлийн улмаас хариуцагч ******* ******* ХХК, ******* ******* ХХК-нд гэрээнээс татгалзах эрх үүсээгүй байх тул нэхэмжлэгч Г.******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6-д зааснаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах ******* ******* орон сууцны барилгын ******* блок 9 давхар 906 / тоот/ тоотод байрлах 41,5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг өөрийн эзэмшилд хүлээн авахаар шаардах эрхтэй, хариуцагч ******* ******* ХХК, ******* ******* ХХК нь тухайн орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой баримт бичгийн хамт нэхэмжлэгч Г.*******д хүлээлгэн өгөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон.

 

Тиймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах ******* ******* орон сууцны барилгын ******* блок 9 давхар 906 / тоот/ тоотод байрлах 41,5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Г.*******д хүлээлгэн өгөхийг хариуцагч ******* ******* ХХК болон хариуцагч ******* ******* ХХК-нд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

9.Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Б.******* нь өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

10.Нэхэмжлэгч Г.*******гийн 2024.03.01-ний өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 1,141,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК, ******* ******* ХХК-иас 1,141,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар Сүхбаатар дүүргийн .. дугаар хороонд байрлах ...  орон сууцны барилгын ******* блок 9 давхар 906 / тоот/ тоотод байрлах 41,5 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Г.*******д хүлээлгэн өгөхийг хариуцагч ******* ******* ХХК болон хариуцагч ******* ******* ХХК-нд даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,141,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-иас 1,141,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА