Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/04

 

 

     2024        01          19                                       2024/ДШМ/04      

 

 

 

Б.Э-од холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,    

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/197 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Э-од холбогдох эрүүгийн 2313001390185 дугаартай, 1 хавтастай хэргийг хохирогч А.Аын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд прокурор Я.Дина, шүүгдэгч Б.Э-, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хохирогч А.А, иргэний нэхэмжлэгч А.Ас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, **настай, эрэгтэй, *** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **хүнтэй, *** хамт ***** тоотод оршин суух хаягтай, урьд нь:  

1) Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох ялаар,

2) Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

3) Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

4) Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар, 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,  Т  овгийн Б.Э, РД:***********.  

 

2. Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч А.А-ын **** БӨҮ улсын дугаартай “Лексус лх-450” загварын тээврийн хэрэгслийг нь үнийг нь дараа төлнө, худалдаж авна гэж хуурч, түүнтэй гэрээ байгуулж уг тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 17,500,000 төгрөгийн хохирол учруулсан,  2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хохирогч А.Атой ******** дугаарын утсаар залган холбогдож “хоёр унагатай гүү нэмж өгье, чи надад 600.000 төгрөг өгчих” гэж хуурч, түүнээс *********** дугаарын дансаар шилжүүлэн авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хохирогч А.Атой ******** дугаарын утсаар дахин холбогдож “адуу ачсан, бензин хоолны мөнгө дутаад байна” гэж хуурч, түүнээс 500,000 төгрөгийг *********** дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 18,600,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 151 дүгээр яллах дүгнэлтээр Б.Э-ын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн  2023/ШЦТ/197 дугаар шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч Т  овогт Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Б.Э-од эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэж,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Э-од сануулж,

4.5. Шүүгдэгч Б.Э- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

4.6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан **** БӨҮ улсын дугаартай “Лексус ЛХ450” (1.ЕХ118 1.Х450) загварын тээврийн хэрэгслийг хохирогч А-ны А-д олгож, шүүгдэгч Б.Э-оос 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөг гаргуулан хохирогч А-ны Ад, иргэний хариуцагч С-ын Б-оос 7,000,000 (долоон сая) төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч А.Ас-т тус тус олгож, иргэний нэхэмжлэгч А.Асийн нэхэмжилсэн 320,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

5. Хохирогч А.А-ын давж заалдах гомдлын агуулга:

5.1. Б.Э- надаас “ЛЕКСУС-450” маркийн машиныг худалдаж авахдаа агерагат нь бүтэн ямар нэгэн гэмтэл, эвдрэлгүй машин худалдаж авсан боловч 1 жилийн дараа буюу хэдхэн хоногийн өмнө авахад хойд талын шил, урьд купер, радиатор, хаалганы борооны хаалт хугарсан, зүүн гар талын шариг, эсгий сальник зэрэг нь ашиглагдах боломжгүй болсон, гадна будаг нь гандсан байна. Мөн журмын хашааны хөлсөнд 340,000 төгрөг гарсан, үүнийг би төлсөн. Ингээд надад тээврийн хэрэгслийн хохиролд нийт 1.430.000 төгрөг гарсан тул түүнийг төлүүлмээр байна.

5.2. Түүнээс гадна Б.Э- нь урьд өмнө удаа ял шийтгүүлсэн байхад 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсанд би гомдолтой байна. Би банкны зээлээр машин худалдаж авсан тул 1 жилийн хугацаанд ашиглаагүй тул би зээлийн дарамтад байсан, их хохирол амссан.

 

5.3. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/197 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад учирсан хохирлыг бүрэн нөхөн төлүүлж, миний гомдлыг барагдуулж өгнө үү.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

6.1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.Э-од холбогдох хэргийн давж заалдах шатын шүүх хуралдаанд томилолтоор оролцож байгаа.

6.2. Хэргийн материалтай танилцсан. Хохирогч Б.Аоос давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Хохирогчийн давж заалдах гомдол хохирлын талаар шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэсэн агуулгатай. Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс 2800000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ад олгохоор шийдвэрлэсэн.  Хохирол хор уршигтай холбоотой баримтын хувьд 340000 төгрөг журмын хашаанд төлсөн талаарх баримт авагдсан байгаа. Тэгэхээр шийтгэх тогтоол гарсны дараа 340000 төгрөгийг төлж, журмын хашаанаас тээврийн хэрэгслийг хохирогч Б.А гаргаж авсан нөхцөл байдал анхан шатын шүүхийн шийдвэрийн дараа тогтоогдсон. Хохирогчоос нийтдээ 14300000 төгрөг гаргуулж төлүүлмээр байна гэсэн хүсэлт нь үндэслэлгүй. Яагаад гэвэл цаашид гарах хор уршгийг хохирогчийн зүгээс нэхэмжилж байгаа юм харагдаж байгаа. Ер нь машинаа хүлээж авсны дараа засварлуулсан ямар нэгэн сэлбэг запаас авч тавьсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Зөвхөн журмын хашааны 340000 төгрөгийн төлбөр төлсөн баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолын хохирол хор уршиг, эрүүгийн хариуцлагатай холбоотой хэсэг нь үндэслэлтэй.

6.3. Харин тухайн шийтгэх тогтоолд прокурорын зүгээс өөрчлөлт оруулж зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан 340000 төгрөгийг шүүгдэгч Б.Э-оос гаргуулж хохирогч Б.Ад олгох саналыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийн хүрээнд зохих шийтгэлийг оногдуулсан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан. Хохирол хор уршигтай холбоотой шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг дээр дэлгэрэнгүй тайлбарласан. Прокурорын зүгээс шийтгэх тогтоолын 9 дэх хэсэгт Б.Э-оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 340000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ад олгох тухай нэмэлт оруулах санал дүгнэлтийг гаргаж байгаа.

6.4. Мөн дээрээс нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалт дээр  цаашид гаргах хохирол хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн байгаа. Тийм учраас шийдэх тогтоол дээр өөрчлөлт оруулах саналтай байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            7. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Э-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч А.А-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна. 

9. Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг. 

10. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.  

11. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг тайлбарлан зүйлчилжээ. Харин шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...хувийн байдал, гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон” зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Э-од зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмыг хангаагүй байна.

Тодруулбал, шүүгдэгч Б.Э- нь “машиныг чинь худалдан авна, унагатай гүү өгнө” гэх мэтээр хохирогч А.А-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчтой урьдын бий болгосон буюу адуу худалдаж байсан харилцаа, итгэлийг нь урвуулан ашиглаж, **** БӨҮ улсын дугаартай, “Лексус лх-450” загварын тээврийн хэрэгслийг зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр халхавчлан, төөрөгдүүлэх замаар үнэ төлбөргүй шилжүүлэн авсан, “чамд өгөх адуугаа авахаар Өвөрхангай аймаг руу явж байна, чамд дахиад 2 унагатай гүү  өгье, надад 600,000 төгрөг өгчих”, “бид нар адуу ачсан орой гарна, бензиний мөнгө, хоолны мөнгө дутаад байна” гэх мэтээр хохирогчийг хуурч, итгэлийг нь урвуугаар ашиглаж, мэхлэн 1.100.000 төгрөгийг залилан авсан нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж байдал, хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлөөгүй байдал, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрт хандсан хандлага, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж үзвэл, анхан шатны шүүхээс түүнд гурван  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байх тул энэ талаарх хохирогчийн гаргасан гомдол үндэслэлтэй.

12. Үүнээс гадна анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шүүгдэгч Б.Э-оос хохирогч А.Ад 500,000 төгрөгийн хохирол төлсөн, үлдэгдэл 2.800.000 төгрөг болон **** БӨҮ улсын дугаартай, “Лексус лх-450” загварын тээврийн хэрэгслийг гаргуулан хохирогч А.А-д, иргэний хариуцагч С.Б-с 7,000,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч А.А-т тус тус олгож шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоогоогүй ба хохирогч А.Аын давж заалдах шатны шүүхэд гаргасан “.../машинаа/ 1 жилийн дараа буюу хэдхэн хоногийн өмнө авахад хойд талын шил, урьд купер, радиатор, хаалганы борооны хаалт хугарсан, зүүн гар талын шариг, эсгий сальник зэрэг нь ашиглагдах боломжгүй болсон, гадна будаг нь гандсан байна. Мөн журмын хашааны хөлсөнд 340,000 төгрөг төлсөн. Ингээд надад тээврийн хэрэгслийн хохиролд нийт 1.430.000 төгрөг гарсан тул түүнийг төлүүлмээр байна.” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

13. Иймд дээрх үндэслэлүүдээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хохирогчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

14. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Б.Э-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/197 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч А.А-ын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ

 

Е