| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0764/З |
| Дугаар | 128/ШШ2025/0340 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2025/0340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.А*******
Нэхэмжлэгч: Ж.Ю*******
Нэхэмжлэгч: Б.О*******
Нэхэмжлэгч: Б.Г*******
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн Б.Г*******, Б.О*******, Б.А*******, Ж.Ю******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чо, М.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/ дугаар захирамжаар иргэн Б.А*******, Ж.Ю*******, Б.О*******, Б.Г******* нар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Бэлх хадат гэх газарт тус бүр 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон.
1.2.Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэл болгон Б.А*******, Ж.Ю*******, Б.О*******, Б.Г******* нарын газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
1.3.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нь Нийслэлийн Засаг даргад маргаан бүхий захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 08/******* дугаар албан бичгээр ... захирамжийг хүчингүй болгох боломжгүй гэх хариуг өгсөн.
1.4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Боос 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн Б.А*******, Ж.Ю*******, Б.О*******, Б.Г******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашиглах боломжтой адил хэмжээтэй газраар сольж газар эзэмших эрх олгохыг даалгах-аар шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШЗ2024/7679 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
1.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Боос нэхэмжлэлийн шаардлагаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн Б.Г*******, Б.О*******, Б.А*******, Ж.Ю******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж багасгасан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунжаргалаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Б.А*******, Ж.Ю*******, Б.О*******, Б.Г******* нар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/ дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт, Бэлх хадат гэх газар тус бүр 700 м.кв газар эзэмших эрхтэй болсон.
Тухайн газар дээр хашаа, байшин барьж зуслангийн зориулалтаар ашиглах гэсэн боловч уулан дээр хэт хазгай, налуу газар байсан тул эзэмшиж ашиглах боломжгүй газар тул Сүхбаатар дүүргийн газрын албанд хандаж өөр ашиглах боломжтой газраар солиулах тухай хүсэлтийг удаа дараа амаар гаргаж байсан боловч тухай бүр судалж байгаад шийдвэрлэж өгье гэсэн хариу авсаар өдийг хүрсэн.
Дахин 2024 оны 05-р сарын эхээр өөр газраар солиулах хүсэлт тавьж очиход Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09-р сарын 18-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар ойн сан бүхий газарт, зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр дээрх иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай олж мэдээд гомдол гаргаж байна.
Ойн сан бүхий газарт газар эзэмших эрх олгосон гэдэгтэй санал нийлэхгүй бөгөөд тухайн газрын ойролцоо буюу 200 метр дотор ой мод, бут сөөг байхгүй халцгай уулан дээр олгогдсон газар юм.
Эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгийн хувьд ашиглах боломжгүй газар байсан тул газрын байршлыг солиулах хүсэлт гаргаж байсан учраас газрын төлбөрийг төлөөгүй. Харин байршлыг ашиглах боломжтой газраар солиулсны дараа төлөхөөр төлөвлөж байсан.
Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09-р сарын 18-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн Б.А*******, Ж.Ю*******, Б.О*******, Б.Г******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашиглах боломжтой адил хэмжээтэй газраар сольж газар эзэмших эрх олгохыг даалгаж өгнө үү. гэжээ.
2.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
Төлүүлж буй нэр бүхий 4 иргэн нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/ дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Бэлх хадат гэх газарт тус тус 700 м.кв газар эзэмших эрхтэй болсон. Тухайн газар дээрээ хашаа, байшин барьж зуслангийн зориулалтаар ашиглах гэсэн боловч уулан дээр хазгай налуу, ашиглах болон уг газар дээр очих боломжгүй газар байсан тул Сүхбаатар дүүргийн Газрын албанд удаа дараа хандаж өөр ашиглах боломжтой газраар солиулах тухай хүсэлтийг гаргаж байсан. Гэхдээ энэ талаар ярих шаардлагагүй байх.
2015 оноос хойш удаа дараа хүсэлт гаргаад явсан боловч судалж байгаад шийдвэрлэнэ гэдэг хариуг өгсөөр өдийг хүрсэн. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09-р сарын 18-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар нэхэмжлэгч 4 иргэн болон бусад 121 иргэнд холбогдуулан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Уг захирамжид нийслэлийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2 албан тоот ирсний дагуу суурин болон хээрийн судалгаа хийсэн. Тухай газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй зэрэг нөхцөл байдаг тогтоогдсон. Мөн Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-т зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Хээрийн болон суурийн судалгаа хийсэн гэсэн даалгавар өгсний дагуу ямар ажиллагаа хийгдсэн юм бэ гэдэг нотлох баримтыг шаардахаар холбогдох баримтуудыг гаргаж өгдөггүй. Тиймээс хээрийн болон суурийн судалгаа хийсэн гэж манай зүгээс үзэхгүй байна. Газрын төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлийн тухайд ашиглах боломжгүй газар байсан тул газрыг ашиглах боломжтой газраар солиулсны дараа газрын төлбөр төлнө гэсэн байр суурьтай байсан. 2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлийн тухайд мөн л ашиглах боломжгүй газар байсан. Ашиглах боломжгүй газар олгоод уг газраа ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
121 иргэнд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааны мэдэгдэл өгч, сонсох ажиллагаа хийсэн гэдэг боловч үүнийг нотлох баримт байхгүй байна. Учир нь сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн гэдэг Өнөөдөр сонин нь тухайн 121 иргэн бүрд хүрэхгүй.
Нэгдүгээрт сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэж байна. 20-с дээш иргэнд олон нийтийн хэрэгслээр мэдэгдэнэ. Тухайн хүмүүс мэдсэн, мэдээгүй нь хамаагүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Энэ бол хууль зөрчсөн асуудал болоод байна. 121 иргэн бүрд мэдэгдэж тайлбар авах ёстой байсан. Хоёрдугаар 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэл байгаа. Тухайн газар нь ашиглах боломжгүй газар байсан. Уул нь дээр налуу газарт байшин барьж амьдрах боломжгүй байсан. Энэ асуудлаар иргэдийг буруутгах үндэслэл байхгүй. Гуравдугаарт газрын төлбөрөө төлөөгүй гэдэг үндэслэл байгаа. Жишээ нь би дэлгүүрээс талх худалдаж авах гэтэл хөгцөрсөн талх авсан бол мөнгийг нь төлөхгүй шүү дээ. Буцааж өгөөд шинээр солиулах асуудал яригдана. Гэтэл яг л ийм газрын асуудал болсон. Монгол хүний хэнэггүй зан байдаг. Бичгээр нотлох баримттай зүйл хийлгүй амаар л яриад явдаг байсан. Ойн сан бүхий газарт газар олгосон гэдэг асуудал мөн яригдаж байгаа. Ойн тухай хууль зөрчсөн бол хээрийн болон суурин судалгаа хийх үүрэг нь захиргааны байгууллагад байдаг. Газрын албан энэ үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч нарын зүгээс үзэж байна. Хэрэв хээрийн болон суурин судалгаа хийсэн гэж үзэх юм бол ойн сан бүхий газар байна гэдгийг тогтоож, тус газрыг олгох боломжгүй болно. Үүний дараа газар эзэмших хүсэлт гаргасан этгээдүүдэд уг газрыг олгох боломжгүй байна кадастрын зургаа өөрчлөөд ир гэдэг шаардлагыг тавьдаг байх гэж би хувьдаа үзэж байна. Би ч мөн өмнө нь Газрын албанд ажилдаг байсан. Хэрэв иргэн бүрийн хүссэн газрыг олгоод газрын төлбөрөө төлөөд ашиглах боломжтой эсэх нь хамаагүй гэдэг бол буруу зүйл юм. Захиргааны байгууллагаас иргэд, аж ахуй нэгжүүдийг эрхийг хэтэрхий их хөндөж байна. Захиргааны хэргийн шүүх үүнийг таслан зогсоох зорилгоор л байгуулагдсан. Тиймээс Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан. Иймд нэр бүхий 4 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/******* дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн зусланд иргэн Б.А*******, Ж.Ю*******, Б.О*******, Б.Г******* нарт дүүргийн Засаг даргын 2015 оны А/ дүгээр захирамжаар тус бүр 700 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 08 дугаар сарын 07-ны өдрийн хороонд хийгдсэн хяналт шалгалтын хээрийн судалгаагаар иргэн Б.А*******, Ж.Ю*******, Б.О*******, Б.Г******* нар нь газраа 2 жил ашиглаагүй нь тогтоогдсон тул Ойн тухай хууль, Газрын тухай хуулиудын холбогдох заалтуудыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар хүчингүй болгосон байна.
Сонсох ажиллагааны мэдэгдлийг Өнөөдөр сонины 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 115 дугаарын , , талуудад мэдэгдсэн боловч дээрх иргэд нь хариу тайлбарыг тус албанд ирүүлээгүй болно. гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чо шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
2015 онд тус 4 иргэнд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар олгохдоо тус иргэдийн өөрсдийн өгсөн кадастрын зургийн дагуу анх газар олгосон. Уг газар дээр амьдрах боломжгүй, налуу гэж хэлж байсан боловч тус иргэд өөрсдийн хүсэлтээр манайд кадастрын зураг өгч, газар эзэмших хүсэлт гаргасны үндсэн дээр бид газар эзэмших гэрчилгээг 2015 онд олгосон. Тус 2015 онд олгосон газар эзэмших гэрчилгээ нь гэрээний хамт олгогдохдоо тус газар эзэмшигч нар гэрээний үүргийг зөвшөөрч газрын төлбөрийг цаг тухайд нь төлөх мөн 2 жил ба түүнээс дээш жил ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай гэрээнд заасан үүргийн биелэлтийг зөвшөөрч гарын үсэг зурж газрыг эзэмшсэн тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ойн сан бүхий газарт хамаарч байсан ч газраа ашиглаж байсан иргэдийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгоогүй. Харин Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн үүрэг даалгаврын дагуу 2 жил дараалан ашиглаагүй газруудын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон.
Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагааны мэдэгдлийг сонинд зарлуулсан бол мэдэгдсэнд тооцно гэсэн заалт байдаг. Өнөөдөр сонинд зарлуулахаар 121 иргэний мэдээллийг өгч зарлуулсан. Тухайн үедээ ашиглах боломжгүй байсан бол яагаад нэг ч удаа цасаар хүсэлт гаргаж байгаагүй юм. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар газар солиулах хүсэлтийг удаа дараа өгч байсан гэж тайлбарлаж байна. Иргэдийн хүсэлтийн дагуу газар солих гэсэн ойлголт байхгүй. Газрын тухай хуульд ямар үндэслэлээр газрыг солих боломжтой талаар хуульчлан өгсөн байдаг. Үүнд нь төрийн байгууллага тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд л солих боломжтой хуулийн зохицуулалт байдаг. Тухайн иргэдийн газар солиулах хүсэлтүүд нь Газрын тухай хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул боломжгүй юм. Мөн 2015 онд тухайн иргэд нь газар эзэмших гэрээ байгуулж, гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Маргаан бүхий захирамж нь 2023 онд гарсан байдаг. 2015-2023 оныг хүртэл нийтдээ 8 жилийн хугацаанд газрын төлбөр төлөөгүй, гэрээнд заасны дагуу газрыг огт ашиглаагүй байдаг. Уг маргаан бүхий газрыг анх эзэмшихдээ л налуу гэдгийг нэхэмжлэгч нар мэдэж байсан. Тухайн газар нь ямар нэгэн байдлаар ашиглах боломжгүй газар болоогүй. Тиймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэж байгаа талаар мэдэгдсэн сонсох ажиллагааны мэдэгдлийг өнөөдөр сонины 06 дугаар сарын 13-ны өдөр зарласан. Маргаан бүхий захиргааны акт нь 09 дүгээр сарын 18-ны өдөр гарсан. Нэхэмжлэгч нар өөрсдөө тухайн газрыг эзэмших хүсэлтийг гаргаж, кадастрын зураг хийлгэж, гэрээ байгуулсан. Тухайн иргэд газрыг ашигласан болон ашиглаагүй нь газрын төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Гэрээнд зааснаар зориулалтын дагуу ашиглах, жил бүр тухайн жилийн газрын төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байдаг. 8 жилийн хугацаанд тухайн иргэд ашиглах боломжгүй газрыг солиулах талаар нэг ч удаа цаасаар хүсэлт гаргаж байгаагүй. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлсний үндсэн дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн Б.Г*******, Б.О*******, Б.А*******, Ж.Ю******* нарт холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр маргасан:
2.1. Тухайн газар дээр хашаа, байшин барьж, зуслангийн зориулалтаар ашиглах гэсэн боловч уулан дээр хазгай налуу, ашиглах боломжгүй газар байсан тул Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хандаж өөр ашиглах боломжтой газраар солиулах тухай хүсэлтийг гаргаж байсан боловч судалж байгаад шийдвэрлэнэ гэдэг хариу өгсөөр өдийг хүрсэн.
2.2. Эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй газар байсан тул газрын байршлыг солиулах хүсэлт гаргаж байсан учраас байршлыг ашиглах боломжтой газраар солиулсны дараа төлбөр төлөхөөр төлөвлөж байсан.
3. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугар сарын 17-ны өдрийн А/ дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.Г*******, Б.О*******, Б.А*******, Ж.Ю******* нарт тус бүр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Бэлх хадат гэх газарт 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
4. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар нэхэмжлэгч нар эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийг хүчингүй болгохдоо /х.х-10/ зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй, ойн сан бүхий газарт байрлаж байгаа гэх үндэслэл заажээ. /х.х-9/
5. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2/******* дугаар албан бичгээр ... нэгж талбарын дугаар бүхий газрууд нь мэдээллийн санд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр бүртгэгдэн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дуусах хугацаа өгч мэдээллийн санд бүртгэлгүй болсон... гэжээ.
6. Дээрх сансрын зурагт маргаан бүхий газар нь ойн сан бүхий газарт хамаарсан байдал харагдахгүй байх бөгөөд шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр ойн сан бүхий газарт биш уулын орой дээр байгаа бодит байдал тогтоогдсон./х.х-140/
7. Нэхэмжлэгч нараас маргаан бүхий газрын эргэн тойрон байрлаж байгаа газрууд ойн сан бүхий газарт хамаарсан гэх үндэслэлээр цуцлагдсан эсэхийг тогтоолгох хүсэлт гаргасны дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2/******* дугаар албан бичгээр ойр орчмын нэгж талбаруудын зургийг авсан бөгөөд /х.х-192-194/ эдгээр баримтаар нэхэмжлэгч нарын эзэмшил газрыг ойн сан бүхий газарт хамаарсан гэх бодит нөхцөл байдал тогтоогдсонгүй.
8. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01-08/******* дүгээр албан бичгээр ойн сан бүхий хамгаалалтын бүсэд хамаарч байгаа зөрчилтэй газруудын эзэмшигч нарын гомдлыг шийдвэрлэх талаар Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд үүрэг болгосон боловч тус газраас гомдолд хариу өгөөгүй, /х.х-101-139/ түүнчлэн маргаан бүхий газар нь ойн сан бүхий газарт хамаарч байгаа эсэх талаар хариуцагчаас тодорхой үндэслэл бүхий тайлбар гаргаж маргаагүй.
9. Нэхэмжлэгч нар нь эрх бүхий этгээдээс олгосон газар эзэмших эрх, гэрээ гэрчилгээний дагуу Газрын тухай хуульд газар эзэмших нөхцөл журмыг зөрчөөгүй бөгөөд эзэмшил газрын байршлыг солих хүсэлт гаргасныг шийдвэрлээгүйгээр ойн сан бүхий газарт хамааруулан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ.
10. Түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмшил газрын хөрш залгаа газрыг бусдын эзэмшилд өгч, барилга байшин баригдсан үйл баримт илэрхий байх тул тэдгээртэй ижил нөхцөл байдалд байгаа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь шударга ёс, эрх тэгш байдлыг зарчим, бодит байдалд нийцэх эсэхийг хариуцагчаас анхаарч үзэх, тодруулах шаардлагатай.
11. Засгийн газрын 1996 оны 326 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн эргэн тойрны ногоон бүсэд хамаарах ойн заагт маргаан бүхий газар хамаараагүй, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-т "ойн сан бүхий газар, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д Байгаль орчны тэнцэл, хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг хангах зорилгоор нийслэл, хот, тосгоны ногоон бүсэд хамаарах ойн заагийг дор дурдсанаар тогтооно:, 8.5.1.нийслэлийн ногоон бүсэд хамаарах ойн заагийг Засгийн газар; гэж зааснаар ойн сан бүхий газарт хамааруулсан шийдвэрийг хариуцагчаас гаргаж ирүүлээгүй.
12. Хариуцагчаас нэхэмжлэгч нарын зориулалтын дагуу эзэмших ашиглах боломжгүй нөхцөл байдлыг болон ойн сан бүхий газарт хамаарч байгаа байдал зэргийг бүрэн тогтоолгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гомдол гаргах эрхийг олголгүйгээр мөн өдрөө мэдээллийн сангаас хассан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцээгүй бөгөөд болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын зөрчих бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн Б.Г*******, Б.О*******, Б.А*******, Ж.Ю******* нарт холбогдох хэсгийг нөхцөл байдлыг тогтоож, дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн Б.Г*******, Б.О*******, Б.А*******, Ж.Ю******* нарт холбогдох хэсгийг нөхцөл байдлыг тогтоож, дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг дахин гаргаагүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн Б.Г*******, Б.О*******, Б.А*******, Ж.Ю******* нарт холбогдох хэсэг хүчингүй болох бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоосон 3 сарын хугацаа нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.