Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 192

 

 

 

 

 

 

 

     

       

 

 

 

       

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа

хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, Б.Баасанжаргал

гэрч Г.Отгонбаяр, Б.Мягмаржав, С.Болорнямбуу, С.Дэлгэрдалай, Ч.Лхагваа, Ч.Бямбасүрэн

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас А.Гад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626021739 тоот, 6 хавтас хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 7 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “ажилтай, ам бүл 1; Баянгол дүүргийн 3 дугаар хороо, .....тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байр, 83 тоотод түр оршин сууж байсан гэх, урьд өмнө шүүхээр ял шийтгүүлж байгаагүй,

..... дугаарын регистртэй, Боржигон овогт Аийн Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

 

Шүүгдэгч А.Г нь Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 83 Б байрны 91 тоотод оршин суух, хохирогч Б.Мээс 2014 оны 8 дугаар сард хөөрөг барьцаалж 35.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сард мөнгө хэрэгцээ боллоо гэж 20.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр лицензийн төлбөр хийнэ гэж 34.000.000 төгрөгийг тус тус зээлэх нэрийдлээр,

2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ бэлэн мөнгө байлгаж болохгүй, өөр газарт хадгална гэж итгүүлэн 200.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд ашиглалтын А лиценз авч өгнө гэж итгүүүлэн 350.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Б Н” ХХК-ийг худалдан авна гэж 200.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Б Н” ХХК-ийг худалдан авна гэж 300.000.000 төгрөг,

2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байрлах Бүдүүн Ухаагийн алтны уурхайн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах нэрээр 1.807.501.365 төгрөгийг тус тус хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хамтран амьдрах явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар залилах гэмт хэргийг нийт 2.951.501.365 /хоёр тэрбум есөн зуун тавин нэгэн сая таван зуун нэг мянга гурван зуун жаран тав/ төгрөгийн буюу ноцтой хохирол учруулан үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Мтэй хамтран амьдрах болсон. М бид хоёр 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэл 1 жил 6 сарын хугацаанд хамтдаа амьдарсан. Яригдаад байгаа хөрөнгийн маргаан нь бид хоёрын дундаас бий болсон. Анх намайг 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Цагдаагаас мөрдөн байцаагч Алтангэрэл гэж хүн дуудуулсан. Ямар учиртайг нь мэдээгүй, Мийг цугтаа явахгүй юм уу гэтэл, энэ М “... зүгээр, миний хөгшин өөрөө оччихоод ир” гэж хэлсэн. Тэгээд 6 дугаар сарын 2-ны өдрөө би цагдаа дээр очтол М 5 дугаар сарын 24-ний өдөр цагдаад өргөдөл өгсөн байсан. Тэр болтол би юу ч мэдээгүй, намайг М цагдаад өгчихнө гэсэн ямар ч бодол байгаагүй. 6 дугаар сарын 2-ны өглөө хүртэл М бид хоёр хамт нэг орондоо л байсан. Би цагдаагаас буцаж ирээд Мийн гэрээс зөвхөн цүнхээ үүрээд л гарсан. Тухайн үед би их гайхаж, юунаас болсныг нь мэдээгүй.

Намайг хөөрөг барьцаалж 35 сая төгрөг залилаж авсан гээд байна. Би Мийн гэрт нь очиж хөөргөө барьцаалаад 8 сая төгрөгийг 23 цаг 30 минутын үед авсан. Тэгэхэд Мийн нөхөр Балдан-Осор энэ хоёр хоёулаа байсан. Дараа нь би буцаагаад 10 сая төгрөг өгсөн. Гэтэл намайг 35 саяар 3 удаа мөнгө авсан юм шиг бичсэн байна.

Ховд аймгийн Цэцэг суманд алтны уурхайн лиценз авч өгнө гэсэн яриа огт болоогүй. Яриад байгаа тэр 350 сая төгрөгийг нь М бид нар гадаад орнуудаар явахдаа зарцуулсан мөнгө. Тэр ч битгий хэл М нь талийгаач нөхөр Балдан-Осорынхоо эд хөрөнгийг авах гэж 2-3 шөнө сууж гарын үсгийг нь дуурайлгаж зураад, надаар калькин цаас авчруулж л байсан.

Б Н компани нь 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Дэлгэрдалай гэж хүнээс Аийн Г миний нэр дээр шилжсэн. Мөрдөн байцаалтын явцад прокурор Хатанцэцэг хоёр ч удаа намайг дуудаж уурхайгаа өг, тэгвэл дуугүй болчихно гэж тулган шаардсан. М 13.9 кг алтыг сейфнээс авч явсан. Б Н ХХК-ний үйл ажиллагааг явуулахад өчнөөн их хэмжээний зардал мөнгө гарч байсан. Би Мт барьцаалсан байсан хөөргөө буцааж авъя гэтэл яах юм бэ, миний аавын хөөргийг хэрэглэж бай гэж хэлсэн. Түүнчлэн талийгаач өмгөөлөгч Батбаатарын өмгөөллийн хөлсийг ч би төлж байсан. Гэтэл энэ хэрэг үүссэнээс хойш хамаг юмыг лацадсан. Дээрээс нь Булган аймгийн Дашинчилэн суманд зочид буудал барихад бүгдийг нь би зохицуулж өгсөн. Гадаад руу явах зардлыг би гаргасан. Харин хамт явсан Онон эгч өөрөө 3000 ам.доллар гаргасан. Одоо энэ зардлыг би Мээс нэхэхгүй.

Б Н ХХК-ийг 500 сая төгрөгөөр худалдаж авахад мөнгө нь Мээс гарсан нь үнэн. Гэхдээ энэ уурхай бол бид хоёрын дундын өмч. 60 хувь, 40 хувь гэсэн гэрээ байдаг. Гэрээний 2.1 дэх заалтад М хөрөнгийг 100 хувь гаргана гэсэн байгаа. Компанийн үйл ажиллагаанд зарцуулсан 1.8 тэрбум төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бүх мөнгө уурхайн үйл ажиллагаанд зарцуулагдсан. М компаний 7 кг алтны үнэ болох 593 сая төгрөгийг өөртөө авсан.

350 сая төгрөгийг бол хамтран уурхайдаа зарцуулахаар ярьж авсан. Үүнээс 140 сая төгрөгөөр компанидаа машин авсан. Энэ машинаа М авах гээд байвал аваач дээ. Энэ 350 сая төгрөгийг бол компаний үйл ажиллагааг явуулж байгаад өгнө ш дээ. Форд раптор маркийн машиныг компаний нэр дээр авсан байгаа. М өөрөө ч гэсэн унаж л байсан. Би 34 сая төгрөгийг зээлсэн. Буцаагаад 20 сая төгрөгийг би өөрт нь өгсөн. М өөрийн эд хөрөнгө 515.600 сая төгрөгний эд зүйлийг авч явсан.

М санхүүгийн тайлан гаргахдаа татварын байцаагч Баяраа гэгчид 20 сая төгрөгийн авилга өгч байсан. М нь прокурор, цагдаагаар дарамтлуулдаг. 2017 онд прокурор Одончимэг энэ хэргийг иргэний журмаар шийдвэрлэх асуудал гээд хэрэгсэхгүй болгож байсан. Би 2015 оны 1 дүгээр сарын 29-нд Мээс 200 сая төгрөг аваагүй. Гэрч гээд байгаа Отгонбаярт миний өгсөн 15 сая төгрөг бол би өөрийнхөө мөнгөнөөс л өгсөн. Би 2011, 2012 онд Гурван тэс дээр нүүрс тээвэрлэдэг, өөрийн гэсэн мөнгөтэй байсан хүн.

М бид хоёрын хооронд 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г яагаад урсан гэхлээр жилийн дараа буюу 2016 оны 4 дүгээр сард М бид хоёр нотариат дээр очоод батлуулах гэтэл хугацаа нь өнгөрсөн байна гээд баталж өгөөгүй. Гэтэл 2-3 хоногийн дараа М нотариатч гэх ангийнхаа хүүхдийг гэртээ дагуулж ирээд батлуулах гээд, надаар гарын үсэг зуруулах гээд байхаар нь би уурлаад урчихсан юм.

М надаас нууж 7 кг алт авч явсаны тухайд гэвэл бид хоёр дундаа нэг сейфтэй, сейф 6 оронтой нууц кодтой, түлхүүр нь ердөө 2 ширхэг, нэг нь надад, нөгөө нь Мт байдаг байсан. Ингээд 2015 оны 11 дүгээр сарыйн 28-ны өдөр би М рүү залгаад алт хаана байна гэж асуухад би авчихсан гэж хэлсэн. Дараа нь М 5-6 кг алтыг хар цүнхнээс гаргаж ирсэн. Бусад алт нь хаана байгаа юм бэ гэхэд юу ч хэлээгүй. Бид хоёр хамт явж энэ алтыг солиулж, мөнгийг нь уурхайдаа зарцуулсан.

М бид хоёр 2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл, 1 жил 6 сарын хугацаанд хамт амьдарсан. Чулуундоржийн Өлзийхишиг бол миний эхнэр. Бид нар гэрлэлтээ цуцлуулаагүй. Би Өлзийхишигтэй 2010 оноос хойш уулзаагүй. Харин би хүүхдүүдтэйгээ ярьдаг.

Би Форд раптор маркийн автомашиныг Б Н ХХК-ийн нэр дээр аваагүй. Гэхдээ би ирээдүйгээ харж, уул уурхайн компанитай болно гээд 2015 оны 3 дугаар сард авсан. Ингэж авахдаа М бид хоёр ярилцаж байгаад л авсан.

Гэртээ бэлэн мөнгө байлгаж болохгүй гээд би Мээс 200 сая төгрөг авсан гэдэг бол худлаа. Энэ хүн юу ч гэж хэлж болно.

Ховд аймгийн Цэцэг суманд алтны уурхайн лиценз авч өгнө гэж 350 сая төгрөг авсан гэх асуудал огт болоогүй. Харин энэ 350 сая төгрөгийг М бид хоёр гадаад орнуудаар аялах аялалд зарцуулсан.

Б Н ХХК-ний үйл ажиллагаа 2015 оын 5 дугаар сарын 3-наас 2015 оны 7 дугаар сар хүртэл үргэлжилсэн. Нийт 70 орчим ажилчидтай, сард 45-48 сая төгрөгийг ажилчдийн цалинд зарцуулдаг байсан. Аялалд хэрэглэсэн 350 сая төгрөг юу юунд үрэгдсэн бэ гэдгийг М өөрөө сайн мэдэж байгаа. Макао-д казино тоглоод зөндөө мөнгө алдсан ш дээ.

Би энэ Б Н компаний уурхайг босгосон. Компаний ажлаар 4 дүгээр сард Хятад улс руу явж байгаад мөнгөө хураалгаад, найзаасаа мөнгө зээлж бараа материалаа авч байсан ч удаатай. Булган аймгийн Дашинчилэн суман дахь зочид буудлыг хэн барьсан юм бэ. Надад хувьдаа авч хэрэглэсэн зүйл байхгүй. Би ямар бензин, түлш иддэг хүн юм уу. Би өөртөө мөнгөтэй, Худалдаа хөгжлийн банкны мөнгөний төмөр хайрцагтай, түүндээ мөнгөө хадгалдаг байсан. Талийгаач Балдан-Осорын Бээжинд байх үеийн бүх зардлыг нь би гаргасан. М өөрөө нохойд хазуулсан. Би энэнийг нохойгоор уруулаагүй. Энэ заваан юмнуудыг одоо боль, М чи хүнийг мөнгөгүй байна, мөнгөгүй гуйлгачин байсан гэж ярьж болохгүй. Цагтаа би Герман улсаас Монгол руу хүнсний бараа, бүтээгдэхүүн зөөдөг, Бенз маркийн автомашин оруулж ирдэг байсан. Намайг хүмүүс “баян” Ганбаа, “ёншийгоот” гэж дуудаж нэрлэдэг. Гэтэл энэ М мөрдөн байцаагчийн өрөөнд кофе уугаад сууж байдаг хүн. Ингээд яривал зөндөө юм ярина ш дээ. Нэхээд байгаа тэр уурхайгаа ав л даа. Би талийгаач Балдан-Осор энэ хоёроос хөөргөө барьцаалж 8 сая төгрөг л авсан. Буцаагаад 10 сая төгрөг болгож өгсөн. Түүнээс биш 35 сая төгрөг аваагүй. Мт байгаа хөөрөг бол минийх.

... Хэрвээ би гадуур байсан бол Мийн нэхээд байгаа мөнгийг өгч чадна. Гадуур гарч байгаад хохирол төлбөрөө шийдье гэж бодсон юм. М юу хүсээд байгаан тэр болгоныг нь өгөөд салъя. Би сахарын өвчинтэй. Биеийн эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирлоо. Би мөнгийг нь төлж чадна. Одоо ч гэсэн би хүнээс 300.000 ам.долларын авлагатай л байгаа. Миний хувьд мөнгө төгрөгөнд санаа зовоод байх юм алга. М чи 90 саяын Гансүхийн төрсөн эгчээрээ яв, за юу. Энэ төлбөрийг нь би төлье.

Миний эрүүл мэндийг харгалзан үзнэ үү гэж шүүхээс хүсэх байна гэв.

 

Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гыг анх 2013 оны эхээр надтай манай талийгаач нөхөр танилцуулсан. Тэр үед Г манай оффис дээгүүр ирдэг байсан юм. Тэгээд манай талийгаач нөхөр бид хоёрт өөрийгөө ярихдаа Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын хүргэн буюу түүний төрсөн дүү Энхтуяагийнх нь нөхөр гэж ярьсан. Намбарын Энхбаярын хэрэгтэй холбоотойгоор банкин дахь миний дансыг битүүмжилсэн, эд хөрөнгийг битүүмжилсэн, би их хэцүү байдалтай байна, манай эхнэр Намбарын Энхтуяа болон хүүхдүүд гадагшаа зугтаагаад явчихсан гэж ярьдаг байсан. Гэтэл энэ бүгд худлаа болохыг сүүлд, Гын жинхэнэ эхнэр Өлзийхишиг гэх эмэгтэй гарч ирснээр мэдсэн.

Манайхаар ирдэг байхдаа 2014 оны хавраас манай талийгаач нөхрийг уриалж, лиценз авъя гэж хэлээд Бээжин рүү 2 ч удаа хамт явсан. Явах зардал мөнгийг нь манай нөхөр гаргадаг байсан. Бээжин яваад ирсний дараагаар манай нөхөр надад хэлэхдээ энэ Г чинь ер ажил хийдэггүй юм байна гэж ярьсан. Бээжин рүү явахдаа манай нөхөртэй нийлж архи дарс уугаад эрүүл мэндийг нь муутгасан. Тэгэхээр нь би энэ хүнтэй битгий дахиж нийл гэсэн шаардлагыг нөхөртөө тавьж байсан.

Г 2014 оны хавар манай ажил дээр ирээд элдэв шалтгаан тоочиж нэхсээр байгаад хөөрөг барьцаалж 35 сая төгрөгийг зээлж байна гэж авсан. Тэгэхэд манай нөхөр байсан. Үүнээс хойш Г хэсэг хугацаанд үзэгдэхээ больсон. Хөөрөг барьцаалж авсан мөнгөө өгөхгүй байхаар нь би 9 дүгээр сард нь “мөнгө авчирч өгөөд хөөргөө ав” гэсэн утгатай мессеж явуултал Г утасдаад мөнгө төгрөг олдохгүй хэцүү байна гэхээр нь би за за эхнэр хүүхэд нь хол, үнэхээр л хэцүү байдаг юм байна гэж бодоод итгэсэн. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр манай нөхөр Балдан-Осор өвчний улмаас нас барсан. Энэ үеэр Г огт ирж, үзэгдээгүй. Тэгсэн мөртлөө манай талийгаачийн ажил явдал яаж байна, юу болж байна гэдгийг тандаад л байсан юм билээ. Дараа нь буюу 2015 оны 12 дугаар сарын дундуур Г манай гэрээр ирээд талийгаачийн зурагны өмнө 5000 төгрөг тавиад гарсан. Ингэж ирэхдээ хоол ундны мөнгө алга, мөнгийг чинь авчирч чадсангүй гэж байсан. Үүнээс хойш уулзах, ярих болгондоо манай талийгаач нөхрийн талаар янз бүрийн таагүй зүйл ярьдаг байсан нь миний итгэлийг олж авахын тулд тэгж байсан юм шиг байна лээ. Тийм учраас би мөнгө зээлүүлээд байсан юм. Гыг худлаа хэлж байсан гэдгийг нь сүүлд манай уурхай дээр Өлзийхишиг гэх эмэгтэй ирснээр хуурч байна гэдгийг ойлгож мэдсэн. 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 5 сая төгрөг авсан. Үүний дараа уул уурхайн лицензийн төлбөр нэхэгдээд байна гэсээр 34 сая төгрөг, алтан аяга барьцаанд тавиад дахин 35 сая төгрөг зээлж байна гэж авсан. Манай талийгаач нөхрийн хүүхдүүд нь зарга хийж шүүх, цагдаагаар явах үеэс Г би хууль, шүүхийн байгууллагаар танил тал ихтэй, чамд тусална гэж энэ хэрэгт нилээн оролцсон. Энэ хэрэг үүсгэсний дараа чиний мөнгө төгрөг, гэр орныг чинь нэгждэг юм мөнгөө надад хадгалуул, тэгэхгүй бол эд хөрөнгө, мөнгө төгрөгийг чинь битүүмжилчихдэг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрт байсан мөнгөө дүү Болорнямбуудаа өгнө гэтэл үгүй, надад хадгалуул, би эгчийнхээ гэрт аваачаад хадгалуулж байя, миний эгч найдвартай хүн байгаа юм гэж хэлээд 200 сая төгрөгийг Отгонбаяртай, Г бид гурав 2015 оны 1 дээр сарын 29-ний өдөр Гын эгчийн гэр рүү нь авч явсан. Энэ мөнгийг Отгонбаяр, Г хоёр оруулж, би машинд суугаад үлдсэн. Дараагийн 350 сая төгрөгийг Г Ховд аймгийн Цэцэг сумын алтны уурхайн лиценз авч өгнө гэхээр нь түүний данс руу шилжүүлсэн. Үүний дараа нь надад Б Н ХХК-ний уурхайг авч өгнө гэхээр нь би 4 дүгээр сарын 22-ны өдөр 200 сая төгрөгийг бэлнээр гэртээ өгсөн. Баяраа, Дэлгэрдалай нарт цохолт хийж өгсөн. Үүний дараа буюу маргааш нь 300 сая төгрөгийг ХАС банкин дахь Гын дансаар шилжүүлсэн. Г нь надаас Б Н ХХК-ийг хуурч авчихаад энэ уурхайг яаж өөрийн болгож авах талаар нотариатчаас асуусан байдаг юм билээ. Үүнийг би дараа нь олж мэдсэн. Би энэ хүнд зээлүүлсэн гэх мөнгөнөөсөө нэг ч төгрөг буцааж аваагүй. Б Н ХХК-ийг худалдаж авснаас хойш сарын үйл ажиллагааны зардалд дунджаар 245 сая төгрөг гардаг байсан. Энэ мөнгө нь компаний техник хэрэгсэл, цахилгаан, хоол хүнс, цалин энэ тэрд зарцуулагдаж байсан. Г надтай хамтран амьдарч байсан гэж ярьж байгаа. Гэхдээ энэ хугацаанд өөрийн төрсөн ахыгаа ч надтай танилцуулж байгаагүй. Одоо энэ хойно зааланд сууж байгаа Гын төрсөн ах Гантөмөрт манайх өрөмдлөгийн ажлын хөлс гэж 180 сая төгрөг өгч байсан. Гантөмөр Гын төрсөн ах гэдгийг эхнэрээс нь  мэдсэн. Г бол маш их худлаа ярьдаг, ааш муутай хүн. Надад буу тулгаж байсан. Биедээ үргэлж буу, хутга авч явдаг. Ногоон цүнхэнд шар өнгийн иштэй хутгатай явдаг. Би эхэндээ хууртаад, сүүлдээ айдастай байх болсон.

Эхнэр Өлзийхишиг нь уурхай дээр ирээд энэ хоёрын дунд бөөн хэрүүл маргаан болж, Гтай хамт машин унаад явсан. Энэ үеэс би Гын эхнэр нь ерөнхийлөгч Намбарын Энхбаярын төрсөн дүү Энхтуяа биш юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Тэгээд би Гаас асуутал хилээр нууцаар орж ирсэн болохоор нэрээ өөрчилсөн байхгүй юу даа гэж хэлсэн.

Гын шүүх хуралдаанд ярьж байгаа бүх зүйл нь худлаа байна. Ер нь бол маш худлаа ярьдаг. ТY-гээр гарсан хүн болгоныг өө энэ чинь ийм, тийм хүн, би энэ шүүгч, прокурорыг танина гэж ярьдаг. Аялалд явах гэж мөнгө төгрөг  шилжүүлсэн асуудал байхгүй. Тэр ч битгий хэл аялалаар явж байх үедээ хамт ердөөсөө зургаа авхуулдаггүй байсан. Бодвол эхнэр хүүхдүүддээ мэдэгдчихнэ гэсэн юм байгаа биз. Г мөн миний мөнгөөр машин авч унасан гэдгийг нь сүүлд мэдсэн.

Би Гад өгсөн мөнгөө түүнээс нэхдэггүй биш нэхдэг байсан. Надаас авч яваад эгчийнхээ гэрт хадгалсан 200 сая төгрөгийг нэхтэл эгч Герман руу явсан, ирэхээр нь өгнө гээд байсан. Түүнээс гадна аялалд цуг явсан Онон гэж эмэгтэйг өөрийнхөө төрсөн эгч гэж надад ойлгуулсан. Тэгээд дараа нь эгч чинь ирсэн бол мөнгөө авъя гэтэл хүргэн ах хагалгаанд ороод мөнгийг чинь хэрэглэчихсэн байна гэж хэлсэн. Мөн Ховдын алтны уурхайн лиценз авч өгнө гээд авсан 350 сая төгрөгөө яасан бэ гэтэл байж бай гээд байсан. Юм асуухаар тойруулж, будилуулж хариулдаг. Өөрийнхөө дансанд 400 сая доллар байгаа гэж итгүүлдэг байсан болохоор би хохирохгүй юм байна гэж итгэсэн. Харин энэ хүн өөрийгөө хохирсон, зовсон хүн мэтээр надад итгүүлж байсан.

Би өөрийн хөрөнгийнхөө эх үүсвэрийг хавтаст хэрэг өгсөн байгаа. Аялалын зардлыг би өөрөө гаргасан. Энэ хүн хувьдаа юу авсан гэдгийг нь мэдэхгүй. Би нэг ч төгрөгийн зардал Гаар гаргуулаагүй. Зардлын тооцоо хавтаст хэрэгт дэлгэрэнгүй байгаа. Маш их гомдолтой. Гад залилуулж алдсан мөнгө төгрөг, хөрөнгө мөнгөө олж авмаар байна гэв.

 

Гэрч Г.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2014 онд эхлээд би шүүгдэгч Гтай танилцсан. Хохирогч Мтэй Гаар дамжиж танилцсан. Хэн алинтай нь садан төрлийн холбоо байхгүй. 2015 оны 1 дүгээр сард М эгчийн гэрт Г ах бид нар хамт байхад Г М эгчийг дагуулж яваад банкнаас 200 сая төгрөг авчирсан. Тэгээд миний машинд суугаад 10 дугаар хорооллын UB паласын хойд талын 4 билүү 5 давхар байранд Г “манай эгчийнх, тэнд сэйфэнд хийнэ” гээд авч явсан. Тэгээд хамгийн дээд давхрын айл руу надтай хамт 200.000.000 төгрөгөө авч ороод аялалын маркийн чемоданд хийж үлдээгээд гарсан.

Маргааш нь 40-50 сая төгрөг байсан байх, мөнгө аваад DHL-ийн захиралд өгнө гээд надтай хамт Урт цагаан руу явсан. Тэнд очоод хар өнгийн машинтай хүнтэй уулзаж мөнгө өгсөн. Тэгэхдээ 20-30 сая төгрөг өгсөн байх. Тэгээд хорооллын бичилд байдаг өөрийн гэртээ ороод 10 сая орчим төгрөг үлдээгээд мөнгөгүй гарч ирээд миний машинд суугаад явсан. Би анх Гтай 2014 онд Бээжинд танилцсан. Монголд ирээд надаас 2 лиценз авсан. Дараа нь би хятадаас 300.000 юань шилжүүлж авах гэж байтал Г хажуугаас сонсчихоод 50.000 юаныг /15.000.000-16.000.000 төгрөг/ нь Хятадад байгаа хүнд өгчих, би чамд маргааш өгье гээд авсан. Тэгээд энэ мөнгөө Гаас авах гэж Гтай нилээн удаан хугацаанп холбогдсон.

Миний хувьд Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаярын бие хамгаалагч байсан энэ тэр гэж худлаа, тийм зүйл байхгүй.

Харин Г надтай 2014 онд анх танилцахдаа өөрийгөө Намбарын Энхбаярын хүргэн, манай эхнэр гадаад улс руу зугтаагаад явсан, Намбарын Энхтуяа гэж хүн байдаг гэж хэлж байсан. Энэ яриа би Мтэй танилцахаас өмнө буюу 2014 онд яригдсан. Тэгээд би тийм ойлголттой болсон.

Би урьд нь уурхайдаа ашиглахаар Форд раптор маркийн машинтай болъё гэж боддог байсан юм. Тэгээд Вагнер Азиас машины үнэ судалж байхад Г хамт явсан. 2015 оны 2 дугаар сард Г над руу залгаад “чи Вагнер Азийн хүнээс Форд рапторынхоо үнийг асуугаач, одоо байгаа болов уу” гэж хэлсэн. Үнийг нь асууж өгөхөд нөгөө машин нь байгаа, мөнгөө хийх дансны дугаар өгөөд мөнгөө хийгээд, ирээд машинаа авч болно гэсэн. Г 4 замын Гранд плаза-гийн ХАС банкин дээрээс Вагнер Азийн данс руу миний хажууд 120 сая төгрөг шилжүүлж, Вагнер Ази дээрээс машиныг авахаар болсон. Борлуулагч нь надаас үлдэгдэл мөнгийг яах юм бэ гэхээр нь “наад хүн чинь өөрөө төлөөд авчих байх” гэж хэлээд явсан. Гэтэл 1 цаг орчмын дараа нөгөө борлуулагч над руу яриад “энэ хүн 120 сая төгрөг шилжүүлчихээд машин авч явах гээд байна, өгөөд явуулчих юм уу, чи дараа нь хариуцах юм уу” гэхээр нь “үгүй ээ, би хариуцахгүй, гүйцэд мөнгийг нь авч байж өгч явуулаарай” гэж хэлж байсан. Г орой нь тэр машинаа авчихсан надтай ирж уулзаад ахдаа машины номер аваад өгөөч гэхээр нь би тухайн машинд нь улсын дугаар авч өгсөн. Уг машиныг Г өөрийнхөө нэр дээр авсан байх.

Г 200 сая төгрөгийг Мээс авах үедээ “би Мээс авлагатай, Нарны гүүрний орчимд баригдаж байгаа барилгад хөрөнгө орлуулсан юм, энэ амьдарч байгаа байранд нь хөрөнгө оруулсан, энд миний хувь нийлүүлсэн хөрөнгө байдаг, Мээс мөнгөө авахаар өөрийн чинь мөнгийг өгнө, эхний ээлжинд 200 сая төгрөг орж ирлээ, эндээс чиний мөнгийг өгнө, дараа нь би чамд мөнгө зээлнэ” гэж хэлээд намайг дагуулж явсан.

За байз, би хэдэн сарын хэдний өдөр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн гэхлээр цагдаагаас дуудах нь л очсон доо. Мээс авсан мөнгө 200 сая төгрөг байсан гэдгийг би яаж мэдсэн гэхлээр тухайн үед Г бид хоёр тоолсон ба 20 мянгатын дэвсгэртээр багцалсан мөнгө байсан. Цүнхэнд хийж авч яваад, эгчийнд нь очоод чемоданд тоолж хийсэн. Эхлээд энэ мөнгийг Г, М хоёр хамтдаа явж банкнаас авчирсан юм. Харин мөнгийг Гын эгчийн гэрт аваачиж тавихад М, Г бид гурав миний машинтай явсан. Тэгээд Мийг машинд үлдээгээд Г бид хоёр эгчийнх нь гэрт орсон. Гын эгч нь гэх эмэгтэй гэртээ ганцаараа байсан ба нохойтой айл байсан. 10 дугаар хороолол UB палас-ын хойд талын байранд очсон. Хүмүүс яагаад намайг Гын бие хамгаалагч гэж ойлгоод байдаг байсан гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Намайг хүмүүст Намбарын Энхбаярын бие хамгаалагч гэж ойлгуулсан юм шиг байна лээ. Надад Г өөрийгөө Намбарын Энхбаярын хүргэн гэж танилцуулж байсан. Би Гтай яагаад хамт явдаг байсан гэхлээр надад жоншны уурхайн “Х” лиценз, “А” лиценз хоёр байсан юм. “Х” лиценз нь миний төрсөн ахынх. Тэгээд Г дээрх хоёр лицензийг надаас худалдаж авна гээд байдаг байсан. Г Дорноговь аймгийн Хажуу улаанд баяжуулах үйлдвэртэй гэж ярьдаг байсан. Миний лицензтэй уурхай болохоор Дорноговь аймгийн Айраг суманд байдаг. Би Гтай машин худалдаж авсанаас нь хойш уулзаагүй. Сүүлд гудамжинд нэг удаа тааралдсан. Мэдүүлэг өгөхдөө цагдаагийн газар нэг удаа тааралдсан.

Г бид хоёрын дунд өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Тухайн үед Г миний хайгуулын лицензийг худалдаж авна гэсэн бөгөөд төлбөрийг нь төлөх хугацаа болсон байсан. Би Гаас мөнгөө аваад лицензийн төлбөрийг нь төлье гэхэд мөнгөтэй болохоороо мөнгийг чинь өгнө гэсээр нэг лицензийг маань үхүүлсэн. Та лицензийн төлбөрийг нь төлж чадахгүй бол би өөрөө төлье гэж ашиглалтын лицензээ Гаас аваад хугацааг нь сунгуулж байсан. Энэ асуудлаас болж Г бид хоёрын хооронд маргаан гараагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.

Би өөрөө Гаас 50.000 юань буюу 15 сая төгрөг авах авлагатай байсан юм. Г надад өгөх байсан 15 сая төгрөгийг Мээс 200 сая төгрөг авсны маргааш нь бэлнээр өгсөн. Мээс 200 сая төгрөг авсан өдөр нь би өөрийнхөө 15 сая төгрөгийг авъя гэтэл Г “хүлээж бай, гэртээ нэг хонуулчихаад өгнө” гээд байсан. Надад өгсөн 15 сая төгрөгийг Мээс авсан 200 сая төгрөгнөөс өгсөн. Г надаас лицензүүдийг худалдаж авна гэж байхдаа Дорноговь аймгийн Хажуу улаанд жоншны баяжуулах үйлдвэртэй, хөрөнгө оруулагч хонконгууд маань ирэхээр худалдаж авна, би лиценз цуглуулж байгаа гэж хэлж байсан.

Би хохирогч Мтэй сүүлд, Чингэлтэй дүүргийн хойд талын зам дээр машинтай явж байхдаа тааралдахад “Гтай уулзаж байгаа юу” гэж надаас асууж байсан. Тэгээд авч явсан 200 сая төгрөгийг ямар хүмүүст өгсөн талаар М асуухаар нь хэлсэн.

200 сая төгрөгийг Мийн гэрээс авч яваад эхлээд хаана аваачсан бэ гэхлээр эхлээд Г, М бид гурав хамтдаа М эгчийн гэрт байсан. Тэгээд Г, М нар гараад банкнаас цүнхтэй мөнгөтэй ирсэн. Би эхлээд хэдэн төгрөг болохыг нь мэдээгүй. Г надад “энэ мөнгийг манай эгчийн гэрт аваачиж тавина, чиний машинтай явна” гэж хэлсэн. Тэгээд 10 дугаар хорооллын UB  паласын хойд талын байранд очоод цүнхтэй мөнгийг Гын эгчийн гэрт оруулаад чемоданд хийхдээ тоолоход 200 сая төгрөг байсан. Тэгж би 200 сая төгрөг байгаа юм байна гэж мэдсэн. Энэ үйл явдлыг Гын эгч нь харсан. Эгч нь нохойтойгоо байсан.

Маргааш нь юу болсон бэ гэхлээр Г Уртцагаан орж хүнд мөнгө өгөөд, надад өгөх ёстой байсан 15 сая төгрөгийг өгөөд, үлдсэн мөнгөө гэртээ авч ороод, гэртээ үлдээгээд эхнэртэйгээ хамт гарч ирээд Г миний машинд суугаад, эхнэр нь байшин тойроод явсан.

Би Гын эхнэрийг нь яаж мэддэг вэ гэхлээр урьд нь Гтай хамт олон удаа явж байсан учраас эхнэр нь юм байна гэж харж байсан. Харин эхнэрийнх нь нэрийг нь мэдэхгүй. Г надад эхнэрээ Энхтуяа гэдэг гэж хэлж байсан. Намбарын Энхбаярын төрсөн дүү Энхтуяа мөн эсэхийг нь би хэлж мэдэхгүй. Гын эхнэр нь өндөрдүү эмэгтэй байсан. Би нэг хэсэг Гтай байнга уулзалдаж байсан болохоор хараад эхнэр нь гэж ойлгосон. Гын гэр нь хорооллын Бичилд байдаг. Г нэг удаа архи ууж тасраад согтуу байхад нь би гэр рүү нь оруулж өгч байсан. Гэр нь 2 билүү 3 давхарт байсан. Би гэрт нь оруулж унтуулаад гарч байсан. Энэ үйл явдал 2014 онд болж байсан гэв.

 

Гэрч Б.Мягмаржав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би шүүгдэгч Гыг 2010 оноос хойш таньдаг болсон. Хохирогч Мийг Гтай хамт амьдарч байх үеэс нь таньж мэдэх болсон.

Г надад хэлэхдээ М намайг гүтгээд миний компанийг луйвардаж авах гээд байгаа юм. Би Мт Ланд 200 маркийн автомашин, 2-3 ширхэг байр өгчихөөд байхад ханахгүй миний уурхайг авах гээд байна. Уурхайг анх худалдаж авсан мөнгөө өөрийн мөнгө гэж батлахын тулд чамд мөнгө зээлүүлээд буцааж авсан мэтээр гэрээ хийж өгөөч гэж А.Г надад хэлсэн. Тэгээд би Гад 300 сая төгрөг зээлсэн мэт болгож гэрээ хийсэн үед Гаас миний данс руу бодитоор ямар ч мөнгө төгрөг шилжүүлээгүй. 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 300 сая төгрөгийг Гаас Мягмаржавт зээлдүүлсэн гэсэн агуулгатай гэрээ хийсэн. Тэгээд 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэсэн баримт бас хийсэн.

Гын өөрийнх нь хэлснээр огноо, цаг хугацааг нь бичсэн. Зээлийн гэрээний он сар, Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон он сар өөр өөр байгаа боловч, энэ хоёр гэрээг хоёуланг нь нэг дор, нэг өдөр бичсэн. Гэхдээ Г хэрэгт холбогдсон үеэсээ надаар ийм гэрээ хийлгэсэн юм билээ. Гэрээний хугацаа өөр өөр, тэгээд ч сүүлд нөхөж бичсэн учраас нотариатаар орох боломжгүй байсан.

Зээлсэн гэх мөнгөний үнийн дүнг нь 300 сая төгрөг гэж бичих болсон шалтгаан нь Г миний дансаар 300 сая төгрөг орж ирж байсан гэдгийг сонсчихоод тийм гэрээ хийсэн. Түүнээс биш би Гаас нэг ч төгрөг зээлж аваагүй.

Г бид хоёрын хооронд хийсэн дээрх гэрээ мэдээж хууль бус байсан л даа. Ер нь яахав Г надад хэлэхдээ өөрийгөө уурхай ажиллуулж байгаа, чамд Банк бус санхүүгийн байгууллага байгуулж өгье, чи ийм ажил хийгээд яадаг юм гэж хэлээд миний эрхэлж байсан бизнесийг ч хүртэл хаалгаж байсан. Энэ байдал 2015 оны хавраас намар хүртэл үргэлжилсэн. Би бүр Гын өмнөөс түүнийг төлөөлж шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүртэл орж байсан. Энэ бүгдийн санаачилгыг Г ах гаргадаг байсан. Миний хувьд итгээд Гын бүхий л ажилд нь тусалдаг байсан. Намайг Г цагдаад өгөөд шалгуулж байсан нь үнэн. Тэгээд тэр хэрэг нь хэрэгсэхгүй болгогдсон.

Анх 2010 оноос Гтай танилцахад би Тээвэр хөгжлийн банкинд ажилладаг байсан ба тэр үед хуульч Цогням гуай, өмгөөлөгч-талийгаач Батбаатар, Г бид нар хааяа нийлж муушги тоглодог байсан юм.

Тэгээд дараа нь 2016 онд байх, би Гын тогооч, жолооч, хуульч гээд бүхий л ажлыг хийдэг байсан ба “Б Н” ХХК-ий Оюунаа гэж эгчид санхүүгийн зөвлөгөө өгдөг байсан.

М, Г хоёрыг хамт амьдардаг байх хугацаанд би эдний Модны 2-н гэрт нь очдог байсан. Гэхдээ би эдний компаний албан ёсны ажилтан байгаагүй.

Дээрх хоёр гэрээн дээр Г өөрөө гарын үсгээ зурсан. Надад Гтай өс хонзонгийн асуудал байхгүй гэв.

 

Гэрч С.Болорнямбуу шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

М эгч бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд, Гыг сүүлд таних болсон.

Г 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байх, М эгчийн гэрээс 200 сая төгрөгийг эгчийнхээ гэрт аваачиж хадгалуулна гээд авч явсан. Тэгж явахад Гын бие хамгаалагч гэх Отгонбаяр, М эгч, Г нар цугтаа явсан.

Дараа нь Г М эгчид Ховд аймаг дахь алтны уурхайг авч өгнө гээд 2 дугаар сарын 17-ны өдөр 350 сая төгрөгийг ХАС банкин дахь Гын хувийн данс руу шилжүүлсэн.

Дараа нь Г М эгчид Б Н гэх компанийг авч өгнө энэ тэр гэж ярихад би хажууд нь байсан. Ингээд М эгч бид хоёр мөнгөө бэлдээд байж байтал 4 дүгээр сарын 22-ны өдөр М эгчийн гэр болох Модны 2-т Дэлгэрдалай, Баяраа гэх хүмүүс ирсэн. Энэ үед Г М эгчийн гэрт байсан ба тэр хоёр хүнийг Б Н ХХК-ийг зарах гэж яваа хүмүүс гэж хэлсэн. Ингээд би энэ хоёр хүний иргэний үнэмлэхийг нь канондож аваад, Дэлгэрдалай гэж хүнд нь 200 сая төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Маргааш нь үлдэгдэл 300 сая төгрөгийг ХАС банкин дахь Гын хувийн данс руу шилжүүлсэн. Энэ компанийг худалдаж авахаар нийт өгсөн 500 сая төгрөг бол бүгд М эгчийн мөнгө.

Г нь Ховд аймгийн Цэцэг суман дахь алтны уурхайн лицензийг М эгчид авч өгнө гэж байхдаа манай “Дорнод монгол полимент” компаний гэрчилгээ авч явсан.

Г Отгонбаярыгаа хажуудаа байхгүй үед Намбарын Энхбаярын бие хамгаалагч гэж ярьдаг байсан. Ер нь бол Г гарч, орох болгондоо М эгчээс мөнгө зээлдэг байсан. Миний хувьд багш мэргэжилтэй гэв.

 

Гэрч С.Дэлгэрдалай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би Гтай 2015 оны 4 дүгээр сарын эхээр Хүрэлбаатар гэж Эрэлийн уурхайн даргаар дамжуулж танилцсан. Тэгээд Гтай уулзаад, 4 дүгээр сарын 20-нд шиг санагдаж байна, “Б Н” компаниа 350 ам.доллараар зарахаар тохиролцсон. Ингээд 4 дүгээр сарын 20-нд билүү дээ, 200 сая төгрөгийг урьдчилж авсан. 4 дүгээр сарын 22-нд байх, 293 сая төгрөг ХАС банкин дахь Гын данснаас миний данс руу орж ирсэн.

Үлдэгдэл 100 мянган ам.долларыг нь 7 дугаар сар гэхэд төлж барагдуулна гэсэн Зээлийн гэрээг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Гтай хийсэн.

Эхний 200 сая төгрөг авахад Г ах дагуулж очсон бөгөөд гэр нь Модны 2-н тэнд 12 давхар билүү дээ тийм орон сууцанд очсон. Энэ эмэгтэй /Мийг заав/ байсан байж магадагүй, ямар ч байсан нэг залуухан эмэгтэй мөнгөний баримт дээр гарын үсэг зуруулсан. Гаас авах ёстой үлдэгдэл мөнгө нь 100.000 ам.доллар буюу одоогийн ханшаар 250 сая төгрөг болох байх. Энэ нь компани худалдсан үнийн дүнгийн 25% гэсэн үг юм. Гаас нийт 500 сая төгрөг гэж 493 сая төгрөг авсан нь үнэн.

Компани худалдах авах гэрээг өмнө нь яагаад хийсэн гэхлээр эхлээд компани шилжүүлэх гэрээгээ хийчихээд, мөнгө орж ирсний дараагаас компаниа өгье гэж тохирсон юм гэв.

 

Гэрч Ч.Лхагваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би хувьдаа Портер маркийн машинтай ба 2015 онд ахынхаа оронд Г ахын заавраар “Б Н” компаний хүнсний зүйл, бараа материалыг зөөж, тараадаг байсан. Ачаа ачсаны зардлыг миний данс руу мөнгө орж ирснээр авдаг байсан. Г, М нарын хэн алиныг нь захирал л гэдэг байсан. Энэ хоёрыг цугтаа амьдардаг, эхнэр нөхөр гэсэн ойлголттой байсан. Зардал мөнгийг хэн нь өгдөг байсан, хэний данснаас гардаг байсныг би хэлж мэдэхгүй гэв.

 

Гэрч Ч.Бямбасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2015 оны 5 сараас 7 сар хүртэл Б Н компаний үйл ажиллагаанд нь жолоочоор явж байгаад намар нь элэг тайруулах хагалгаанд орсон. Г, М нарыг эхнэр, нөхөр л гэж ойлгодог байсан. Гэхдээ миний хувьд ачаа, зардлын мөнгийг Гаас л авдаг байсан. Мөнгө илүү гарвал буцаагаад Гад өгчихдөг байсан. Г бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд гэв.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Гад холбогдуулан түүнийг “Залилах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Будын М “... Г нь 2013 оны эхэн үеэс миний талийгаач нөхрийн хамтаар манай оффис болон гэрээр орж гарч, тэр үед өөрийгөө Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаярын хүргэн, эхнэр Намбарын Энхтуяаг маань интерполоор эрэн сурвалжлаад тэрээр Монголдоо ирэх боломжгүй болсон. Хилийн чанадад эхнэр хүүхдүүд маань амьдардаг. Монгол улсад эрхэлж байгаа бизнес, банкны харилцах данснууд маань бүгд битүүмжлэгдсэн тул би маш хүнд байдалд явна” гэж ярьж, танилцуулж байсан. Манай талийгаач нөхөр Балдан-Осор нь Гыг “наадах чинь лицензний бизнес хийдэг, харин одоо ерөнхийлөгч Н.Энхбаярт холбогдох хэргээр хамаг хөрөнгө мөнгө нь битүүмжлэгдсэн, түүнд хилийн хорио тавигдсан тул амьдралд нь хүндрэл гараад байгаа юм байна, тийм болохоор бидний зүгээс түүнд туслалцаа үзүүлэх нь зүйтэй” гэж ярьж байсан. Тухайн үед бид түүний энэ байдлыг шууд утгаар нь хүлээн авч итгэж, бүхий л байдлаар тусалж байсан. Бидний итгэлийг олж өөрийгөө хуурамч дүрээр танилцуулан, анхнаасаа биднийг хууран мэхэлж, хөрөнгө мөнгө залилж авах алсын төлөвлөгөөтэй байсныг хожим нь 2015 оны намар би олж мэдсэн. 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр миний нөхөр өвчний улмаас нас барах үед Г манайхаар ирээгүй.

Г нь хуурамч хөөрөг барьцаалан 35 сая төгрөгийг авч яваад мөнгөө өгөхгүй байсан тул би түүн рүү “мөнгийг минь авчраад хөөргөө ав” гэсэн утгатай мессеж илгээсэн. Ингээд тэр манайд ирээд талийгаач нөхрийн минь хөрөг дээр 5000 төгрөг тавьсан. Энэ үедээ би мөнгө муутай байна, мөнгийг чинь авчирч чадсангүй гэж хэлсэн. Энэ үеэс над руу утасдаж талийгаачийн найз Ильямөрөн чамтай уулзъя гэж байна гээд бид гурав уулзаж хоолонд орж уулзаж ярилцсан. Сүүлд Ильямөрөнгөөс лавлахад энэ нь худал байсан. Энэ үед надад их хүнд байсан байдлыг минь Г овжин ашиглаж талийгаач чамайг маш их хуурч мэхэлдэг байсан, элдэв хүүхнүүдтэй холбоотой байсан, өмч хөрөнгийг чинь самарсныг би сайн мэднэ гэх мэтээр итгүүлж, өөрөө тусч хүний дүрд сайн тоглож, би хуулийн хүрээний нөлөө бүхий хүмүүсийг таньдаг тул чамд тус болно гэснээр залилангийн ажлаа явуулж эхэлсэн.

Ийм хэргүүд цаг хугацаа шаарддаг, чиний хөрөнгө, данс энэ тэрийг хуулийнхан битүүмжилдэг тул бэлэн мөнгө шаардлагатай үед бэлэн байх хэрэгтэй гэх мэтээр төөрөгдүүлж миний мөнгийг дараах байдлаар залилан авсан. Эхлээд 35 сая төгрөгийг үнэт, эртний хөөрөг барьцаалж авсан. Хожим нь геологийн лабораториор шинжлүүлэхэд хуурамч хөөрөг байсан. 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 20 сая төгрөгийг удахгүй өгнө гэж хэлээд манай оффис дээрээс ирээд Болорнямбуу, Баярмаа нараас авсан, 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 5 сая төгрөгийг ойр зуурын хэрэглээнд хэрэгтэй байна, тун удахгүй бүх мөнгийг чинь өгчихнө гэж хэлээд надаас авсан. 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 34 сая төгрөгийг лицензний төлбөрүүд нэхэгдээд байна, түр авъя гэж хэлээд залилж авсан, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Г, Отгонбаяр нар 200 сая төгрөгийг эгч Сайнжаргалындаа хадгална гээд гэрээс бэлнээр авч явсан. 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 350 сая төгрөгийг Ховдын лиценз авч өгнө гэхэд нь Гын ХАС банкны 5001188671 тоот данс руу шилжүүлсэн. Үүнийг  Болорнямбуу, Эрдэнэбулган нар гэрчилнэ. 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 200 сая төгрөгийг Б Н ХХК, Булган аймгийн Хараат баг, Бүдүүн Ухаагийн уул уурхайн зориулалттай 137.8 га газрын эзэмших эрхийн гэрчилгээ лицензийг надад авч өгнө гэж хэлээд захирал Дэлгэрдалай, Баяраа нарт миний гэрээс бэлнээр өгүүлсэн. 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 300 сая төгрөгийг дээрх лицензийг авах үлдэгдэл мөнгө гэж ХАС банкны 5001188671 тоот данс руу нь шилжүүлсэн. 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 2 тэрбум 200 сая төгрөг уурхайн үйл ажиллагааны болон хөдөлмөрийн хөлс, тоног төхөөрөмжийн үнэ, хүнд машин механизмын түрээсийн төлбөр, шатахуун түлш зэрэг зардлуудыг гаргуулсан. Нийт надад учруулсан хохирол нь 3 тэрбум 344 сая 530 мянган төгрөг болж байна.

Г нь Булган аймгийн Бүдүүн ухаагийн алтны орд бүхий лицензтэй “Б Н” ХХК-ий эрхийг өөртөө шилжүүлэн авсан. Уг нь дээрх компанийг надад авч өгнө гэж мөнгийг нь надаас гаргуулсан. Мөн уурхайн үйл ажиллагааг 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх санхүүжилт болох 2 тэрбум 200 сая төгрөгийг хууран мэхлэх, залилангийн аргаар гаргуулсан. Ингэхдээ Г надтай хамтран амьдрах нэрийн доор худал хуурмаг амьдралаар амьдарч байсан.

Тэрээр эхнэр Өлзийхишигээ Намбарын Энхбаярын төрсөн дүү Энхтуяа юмаа, урьд шөнө хилээр хулгайгаар орж ирж, нэрээ өөрчилж “Өлзий” болгосон байна гэх мэтчилэн хуурсан байсныг Ч.Өлзийхишиг нь уурхай дээр ирснээр би олж мэдсэн.

Мөн эхнэрээсээ салчихсан байсан. Намайг уул уурхай ажиллуулж байгаа болохоор атаархаж хэл ам хийж байгаа юм, чи тайван л байж бай гэх мэтчилэн худал хэлдэг байсан. Г нь надтай хамтран амьдарч байсан гэж ярьдаг боловч, үнэн хэрэгтээ хэзээ ч хамтран амьдрах зорилго байгаагүй.

Хэрвээ Гад миний мөнгө байгаагүй бол тэр дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Б Н компанийг авах боломжгүй байсан. ... тэгээд тухайн үед эгч чинь ирчихсэн байгаа юм чинь хадгалуулсан 200 сая төгрөгөө авмаар байна гэтэл манай эгч мөнгийг чинь үрчихсэн байна, тэгж байгаад өгнө биз гэж хэлсэн ... аялалын явцад замын онгоцны зардал 4 хүнийх 8 сая төгрөг, буудлын мөнгөнд 1400 ам.доллар, хоолонд 1000 ам.доллар орчим болсон, нийт зардал 15 сая төгрөг болсон.

Гын данс руу миний шилжүүлсэн 350 сая төгрөг нь Ховд аймгийн Цэцэг суманд алтны уурхайн А лиценз авч өгнө гэхээр нь шилжүүлсэн болохоос аялалд зориулсан мөнгө биш” /1 дүгээр хх-н 56-57, 58, 59, 3 дугаар хх-н 96-100, 106, 5 дугаар хх-н 188-189/ гэж,

гэрч Сүрэнтогтохын Болорнямбуу “... анх Г нь талийгаач Балдан-Осор ахын танил нь гээд мөнгө төгрөг зээлээд явдаг байсан. 2014 оны 4 дүгээр сарын эхээр манай оффис дээр ирээд Г 20 сая төгрөгийг манай ажилтан Баярмаа гэх эмэгтэйгээс авсан тухайн үед М эгч өмнө нь 10 сая төгрөг өгсөн байгаа болохоор Гад 30 сая төгрөг авсан гэх баримт бичүүлээрэй гэж хэлээд 30 сая төгрөгийн баримт бичүүлж авсан. Тэрнээс хойш 2015 оны 1 дүгээр сарын эхээр М эгчийнхээр байнга орж ирж гардаг байсан, тухайн үедээ 5, 10 сая гээд мөнгө төгрөг зээлээд явдаг байсан. 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр би М эгчтэй ХААН банк руу ороод данснаас нь 300 сая төгрөг бэлнээр гаргаж аваад тэр мөнгөө гэртээ хадгалаж байгаад Г нь өөрийн бие хамгаалагч Отгонбаяр гэх залуутай хамт М эгчээс эгчийндээ хадгалана гээд 200 сая төгрөгийг нь бэлнээр аваад явсан. Дараа нь 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр манай Дорнод монгол полемит ХХК-нд Ховд аймагт байдаг алтны А лиценз авч өгнө гээд 350 сая төгрөгийг М эгч бид хоёр Гын хувийн данс руу шилжүүлсэн. Тэгээд Г нь манай компаний гэрчилгээг аваад 1 сар орчим явсан, сүүлд лиценз авсан юм байхгүй болсон. 2015 оны 4 дүгээр сарын 22-нд Г нь Булган аймгийн Дашинчилэн сумын Бүдүүн ухаа гэх газарт байдаг Б Н ХХК-ийг худалдаж авна, манай эгчийн нэр дээр авч өгч байгаа юм байна гэж бодсон. 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Б Н ХХК-ий Дэлгэрдалай, Баяраа гэх хоёр залуу ирээд 200 сая төгрөгийг бэлнээр авч явсан. 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Гын ХАС банкны хувийн дансанд шилжүүлж өгсөн. Уг Б Н компанийг лицензтэй нь 500 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байсан бөгөөд Г ер нь уг компанийг М эгчид худалдан авч өгч зуучлал хийж байгаагаар оролцож байгаа гэж ойлгож байсан. Тэгээд компаниа шилжүүлээд авсан болохоор уурхайгаа ажиллуулахаар бэлтгэл ажилдаа ороод ажилчдын хамт хятад руу явж бараа материал татаад уурхайг хэвийн үйл ажиллагаа явуулах зардлыг М эгч гаргадаг байсан. Тухайн компаний гэрчилгээ нь Гын нэр дээр гарсан байсан. Тэгэхэд М эгч яагаад миний нэр дээр гаргаагүй юм бэ гэхэд Г нь М эгчийг тухайн үед цагдаа дээр хөрөнгө маргааны асуудалтай байгаа болохоор төвөгтэй байх гэсэн. Тэгэхэд М эгч тэгвэл манай дүү Болорнямбуугийн нэр дээр шилжүүлчих гэсэн чинь яах юм, тэртэй тэргүй чинийх юм чинь бараг ялгаагүй ш дээ, дараа нь би чамд шилжүүлээд өгчихнө гэж хэлсэн. 2016 оны 3 дугаар сар хүртэл өвлийн сул зогсолтын мөнгийг нь М эгч төлөөд яваад байсан” /1 дүгээр хх-н 72/ гэж,

гэрч Ганхүүгийн Отгонбаяр “... тэгээд Г бид хоёр нэг хэсэг өдөр болгон шахуу уулздаг байсан. Тэгж байх үедээ надаас 50.000 юань буюу 15 сая төгрөгийг зээлээд, өнөө маргаашгүй өгнө гэж авчихаад өгөхгүй удсан ба тэр үедээ Мийн гэрт намайг дагуулж очсон. Би тэгж анх Мтэй танилцсан.

Г нь Мийн талийгаач нөхөртэй найзууд байж байгаад Мийн нөхөр нас барсны дараа Мийнд орж би тийм цагдаа танина, тийм ч прокурор танина гэж тус болоод явж байгаа санагдсан. 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр би Мийн гэрт байж байхад Г, М хоёр банк явчихаад ирье гэж хэлээд банк явж ирэхдээ 200 сая төгрөг бэлнээр авчирсан. Тэгээд бид гурав тэр мөнгийг аваад миний машинд суугаад 10 хорооллын UB паласын арын далангийн урд талын байранд очоод Мийг машинд үлдээгээд Г бид хоёр тэр мөнгийг аваад Гын төрсөн эгч гэх эмэгтэйн гэрт ороод цахилгаантай чемоданд тэр мөнгийг хийгээд үлдээсэн.

Тэгэхээр нь би Гаас энэ таны мөнгө юм бол би танаас 15 сая төгрөгөө авъя гэсэн чинь байж бай, 1 хонуулчихаад би чамд маргааш өгнө гэж хэлсэн. Маргааш нь би Гтай уулзаад тэр айл руу очоод Г нь 50 сая төгрөгтэй гарч ирээд надад тэр мөнгөнөөсөө 15 сая төгрөгийг өгсөн. Тэгээд бид хоёр үлдсэн мөнгөө аваад Бичил хороололд байх Гын гэрийнх нь хойно очоод гэртээ ороод ойролцоогоор 10 сая төгрөгийг үлдээгээд, үлдсэн мөнгийг нь аваад гарч ирээд тэднээсээ Урт цагаан руу яваад DHL-ийн хүнд мөнгө өгөх ёстой гээд жижиг хар машинтай хүнд 20 сая төгрөг өгсөн. Тэгээд Г бид хоёр салсан.

Түүнээс хойш нэг хэсэг уулзалдаагүй байж байгаад урьд нь Г бид хоёр Форд раптор маркийн машин авна гэж ярьдаг байсан. 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр намайг 4-н замын Гранд плазагийн ХАС банкин дээр хүрээд ир, ах нь урьд ярьж байсан Раптор машинаа авах гэж байгаа, чи тэр Вагнер азийн таньдаг залуугаасаа ямар үнэтэйг асуугаад дансыг нь авчих гэж хэлсэн. Тэгээд Вагнер ази руу 120 сая төгрөгийг ХАС банкны өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Тэр өдрөө Г бид хоёр Вагнер ази дээр очоод машинаа авна гээд Г үлдсэн. Гэтэл араас Вагнер азийн залуу яриад “дутуу мөнгө шилжүүлчихээд машинаа авч явах гээд байна, өгөөд явуулчих юм уу” гэхээр нь би “өө, үгүй чи наад хүнээсээ мөнгө төгрөгөө гүйцэт авсны дараа наад машинаа өгөөрэй” гэж хэлсэн.

Тэгээд Вагнер азийн залууг цуг дагуулж яваад үлдсэн мөнгөө шилжүүлж аваад өр дууссан юм шиг байна лээ. Г үдээс хойш нь над руу залгаад надад машины номер аваад өгөөч гэхээр нь би 47-20 УБВ гэсэн дугаар авч өгсөн. Түүнээс хойш би Гтай уулзаагүй” /1 дүгээр хх-н 73/ гэж,

гэрч Чулуунбаатарын Эрдэнэбулган “... Г нь 2014 оноос хойш М эгчийнхээр орж гардаг байсан. Тухайн үедээ М эгчийн бариулсан байранд байр хөлслөөд амьдардаг байсан. Тэр үед би түрээсийн байрнуудыг хариуцдаг байсан бөгөөд Г 102 тоотыг түрээслэж амьдардаг байсан. Г нь байрны мөнгөө төлөх чадваргүй гуйлгаад түрээсийнхээ мөнгийг төлдөггүй, М эгчээс мөнгө төгрөг байнга зээлдэг байсан.

Сүүлд 2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Найрамдал зуслан дээр М эгч бид нар амарч байхад Г нь найзтайгаа хамт ирээд М эгчтэй нэг юм яриад туслалцаа гуйгаад байсан. Тэр үеэс хойш М эгч Г хоёр хамтарч амьдарч эхэлсэн.

Тухайн үедээ Г нь алтны лиценз зарах талаар М эгчтэй яриад байсан ба би М эгчтэй хамт амьдардаг байсан болохоор тэр болгоныг нь сонсдог байсан.

2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр М эгчээс Г нь 200 сая төгрөгийг бэлнээр эгчийндээ хадгалуулна гээд аваад явж байсан. Тэгэхэд Отгонбаяр гэх жолооч, Г хоёр аваад явсан. Тэр нь болохоор М эгчид бэлэн мөнгө гэртээ хадгалж болохгүй, эгчийндээ хадгална гэдэг байсан.

2015 оны 2 дугаар сарын 16-ны үед байх, хоёр хүн М эгчийнд ирээд Алтны лиценз зарна гээд тэр хүнд 350 сая төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг дараа нь шилжүүлнэ гэсэн зүйл ярьсан.

2015 оын 4 дүгээр сарын 20-ны үеэр Г, жолооч нь Түвшинбаяр, Зоригтбаатар, Гансүх нар Хятадын Эрээн рүү явж уурхайн тоног төхөөрөмж авна гэхэд М эгч нилээн их юанийг Гад өгсөн. Тухайн үед би алтны уурхайд тогооч хийж байсан. Би данснаасаа Гад 53 сая төгрөгийг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн мөнгө гэж өгч байсан. Тэр нь М эгч намайг өөрөөсөө өгчихөөрэй гэсэн юм. Ер нь уурхайн тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт, цалин, бензин тос гээд бүх л мөнгө М эгчээс гаргаж байсан.

Г нь М эгчийнд ирэхдээ гэнэт “ачаатай” жийп унаж ирсэн. Г урьд нь тийм машингүй байсан ба лицензний мөнгө гэж авсны маргааш тэр машиныг унаж ирсэн.

Г нь анх М эгчийнд ирж байхдаа унах машингүй, байр ч байхгүй хүн байсан бөгөөд уурхай дээр ярьж байгааг нь харахад М эгчийн машиныг өөрөө авч өгсөн гэж яриад, М эгчийн байгаа байрыг өөрийнх нь байшин гэх мэтээр худлаа яриад байсан” /1 дүгээр хх-н 74/ гэж,

гэрч Баян-Өндөрийн Мягмаржав “… би Гыг 2010 оноос, харин Мийг 2016 оноос эхлэн таньдаг болсон. Гтай би хуурай ах дүүгийн холбоотой байсан, 2016 оны 9 дүгээр сараас харилцаагаас тасалсан. ... 2015 оны сүүлчээр байх, сайн санахгүй байна, Г надаас 20.000.000 төгрөг зээлээд 3 хоногийн дараа буцааж өгч байсан. Г нь өөрөө сонин хэвлэл дээр гараад, цагаад шалгагдаж байх хугацаанд би лиценз авах гээд өөрийнхөө мөнгөөр авсан гэдгээ батлах гэхлээр би бэлнээр мөнгө байнга авч явдаг болохоор түүнийгээ баталж чадахгүй болчихоод байна, чи надаас мөнгө зээлээд буцаагаад өгсөн гэдгээр гэрээ хийгээд өгчих гэхээр нь би Гэрээ хийж өгөөд тухайн өдөр он, сар, өдрийг нь хойш нь тавиад, Зээл дуусгавар болох гэрээ хийхэд чи наад дуусгавар болгох гэрээ хийж яах юм бэ, нэгэнт цагдаад үзүүлээд урчих юм чинь гэж хэлэхээр нь би ийм гэрээ хийхгүй бол болохгүй гэж хэлээд дуртай, дургүй гарын үсгээ зурж өгсөн. Тухайн гэрээг 300 сая төгрөг зээлсэн мэтээр хийсэн, тухайн гэрээг хуурамч болохоор нь нотариатаар баталгаажуулж чадаагүй юм.

Г нь 2016 оны 9 дүгээр сард Б Н ХХК-ий лицензийг Монголын Санхүүгийн групп ББСБ-д 135.000 ам.долларын зээл аваад ямар нэгэн газарт бүртгүүлээгүй мөнгө авч байсан.

Г нь намайг анх наад ломбардаа боль, би чамд Банк бус санхүүгийн байгууллага нээж өгнө, миний компанид нягтлан бодогчоор ажилла, би чамд машин авч өгнө гэх зэргээр худлаа ярьж байсан.

Би Гыг дагаад 1 жил өөрийнхөө ажлыг алдаад цугтаа бүхий л зүйлд нь туслаад явдаг байсан, тухайн үед надаас эрүүгийн хэрэг үүсчихсэн одоо яах вэ, машинаа өөр хүний нэр дээр шилжүүлчих үү гэж надаас асуухаар нь наад асуудал чинь эрүүгээр яваад иргэнээр хайшдаа битүүмжлэгдэнэ ш дээ гэж байсан.

Гын өөрийн эхнэр, хүүхэд нь байдаг, эхнэр, хүүхэд дээрээ очдог байсан. Гэрийнхээ хаяган дээр хүргүүлээд яах гэж байгаа юм бэ гэж асуухад, энд нэг хүүхэн дээр ирж байгаа юм гэж байсан.

Найз Түвшин гэдэг нь надад эхнэр, хүүхэд нь энд байдаг гэж байсан, тэгээд тухайн үед манай хүү арабын шаахын охинтой суусан, манай эхнэр, охин хоёр Канад улсад байдаг гэж хэлж байсан, тэгээд сүүлд нь худлаа ярьсан байсан нь тогтоогдсон. 

Г ер нь энд тэнд хүнтэй тааралдаад танилцаад, сүүлд нь манай хамаатан гэж хэлээд явдаг байсан, ер нь л их худлаа ярьдаг байсан болохоор нь би зайгаа аваад холдсон юм.

Г нь Мийн эд зүйлийг барьцаанд тавиад зээл авна гэж байгаад аваагүй, сүүлд нь 2016 оны 7 дугаар сарын үед Голомт банкнаас зээл авах гэж ороод барьцаа хөрөнгө байхгүй гэж буцаасан, учир нь эх үүсвэрээ тодорхойлж чадахгүй гээд зээл авч чадаагүй байсан.

Би сүүлд нь Б Н компаний санхүүгийн тайланг үзэж байхад “М хөрөнгө оруулалт”, харин “Г зарлага” гэж дандаа байдаг байсан юм” /5 дугаар хх-н 63-65/ гэж,

гэрч Оюунгэрэлийн Бадамгарав “... би энэ компанид ажиллаж байгаагүй. М эгчийг танина, бид нар төрөл садангийн холбоотой хүмүүс. Би Гыг бол танихгүй ээ.

М эгч гадагшаа явах болохоороо миний дансанд мөнгө үлдээдэг юм. Тэгээд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр М эгч над руу утсаар ярьсан. Тухайн үед миний дансанд 250.000.000 төгрөг байршуулчихсан байсан. Тэгээд дээр нь 50.000.000 төгрөг нэмж бэлнээр надад өгсөн. Ингээд 300.000.000 төгрөгийг би Жоби-72 салбарын ХААН банкин дээр очиж А.Гын ХАС банкны 5001188671 дугаарын данс руу шилжүүлсэн. Шилжүүлэхдээ “Мээс хөрөнгө оруулалт” гэсэн утгатай бичиж шилжүүлсэн.

М эгч болохоор алтны уурхайд хөрөнгө оруулах гэж байгаа юмаа, яаралтай энэ мөнгийг шилжүүлчих гэж хэлсний дагуу шилжүүлсэн” /3 дугаар хх-н 105/ гэж,

гэрч Самбуугийн Дэлгэрдалай “… Г гэдэг хүнийг огт таньдаггүй байсан. Надад мөнгөний хэрэгцээ гараад Б Н компаниа, ашиглалтын лицензийн хамт худалдахаар болж Гтай харьцсан.

Тэгээд утсаар ярьснаас хойш анх удаа уулзахад Гын Модны 2-н орчим байсан ногоон өнгийн 12 давхар шинэ байшинд очиж уулзсан. Тухайн үед би Баяраа гэдэг найзтайгаа хамт очсон. Гэрт нь орж бичиг үзүүлж лицензийн талбайн талаар яриад бичиг баримтаа үлдээсэн. 7 хоногийн дараа Гаас материалаа авъя, өөр хүн үзнэ гэнэ гэж хэлтэл орой хүрч ирээд урьдчилгаа мөнгөө авчихаарай гэж хэлсэн.

Би тэр өдрийнхөө орой Гын анх уулзсан гэрт нь очсон. Тэгэхэд Г, үл таних 2 эмэгтэй хүн байсан. Гтай хамт байсан эмэгтэй ярианд огт оролцоогүй, сонирхох ч үгүй байсан.

Г надад бэлнээр 200 сая төгрөг өгсөн. Г надад мөнгө өгөхөд арай залуухандуу эмэгтэй нь “мөнгө авсан” гэсэн бичиг үйлдээд, надаар гарын үсэг зуруулсан. Мөнгийг бол Г өөр өрөөнөөс өөрөө авч гарч ирсэн. Тэгээд маргааш нь Худалдах, худалдан авах гэрээгээ хийж бичиг баримтуудаа хөөцөлдөж, “Б Н” ХХКомпанийг, ашигт малтмалын лицензийн хамтаар Гын нэр дээр шилжүүлсэн. Энэ бүх ажиллагаанд Г бид хоёроос өөр хэн нэгэн оролцоогүй. Г хаанаас мөнгө авсныг би мэдэхгүй” /1 дүгээр хх-н 75/ гэж

 

тус тус мэдүүлсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Залилах” гэмт хэрэг үйлдэгдсэн, уг гэмт хэргийг шүүгдэгч Аийн Г үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн эрх зүйн онолын хувьд “Залилах” гэмт хэргийн онцлог нь өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг нь өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагддаг.

 

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд “Залилах” гэмт хэргийн обьектив талын нэмэгдэл шинж болох үйлдлийн аргыг диспозицид /заах хэсэгт/ дэлгэрэнгүй заасан байгаа нь уг гэмт хэргийг иргэний эрх зүйн маргаанаас ялгах ач холбогдолтой юм.

 

Тухайлбал; 2002 оны Эрүүгийн хуульд “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг “хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан ...” гэж тодорхойлсон бол

2015 оны Эрүүгийн хуулиар залилах үйлдлийн аргуудыг нэг бүрчлэн задлан тоочиж тухайн гэмт хэргийн үндсэн шинжид нь оруулж (гэмт хэргийн бүрэлдэхүүн болгож) хуульчилжээ.

 

Түүнчлэн онолын хувьд “залилах” гэмт хэргийн хуурах арга нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.

“идэвхтэй” хэлбэр нь өмчлөгч буюу эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлж үйлдэгддэг бол

“идэвхгүй” хэлбэр нь хохирогч эд зүйлс, өмч хөрөнгөө шилжүүлж байгаа үйлдлийн бодит байдлын хууль зүйн үр дагавар нь түүнд хохиролтой байгаа байдлыг гэмт хэрэгтэн хэдийгээр мэдэж байсан атал зориудаар үл мэдээлэх, нуун дарагдуулсан эс үйлдлээр илэрхийлэгддэг.

 

Цаашлаад хохирогчийн зүгээс гэм буруутай этгээдэд итгэж буюу хуурагдаж өөрийн эд зүйлс, хөрөнгийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдгаараа өмчийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагдах онцлогтой.

 

Шүүгдэгч А.Гын үйлдсэн “залилах” гэмт хэргийг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн бодит байдалтай шүүх харьцуулан дүгнэвэл:

 

Шүүгдэгч А.Г нь хохирогч Б.Мийн талийгаач нөхөр болох Батнасангийн Балдан-Осор гэгчтэй танилууд байсан байх бөгөөд энэ хүрээнд Б.Мийг таньж мэдэх болжээ.

 

Тэрээр талийгаач Б.Балдан-Осор, түүний эхнэр-хохирогч Б.М нарт өөрийгөө танилцуулж ойлгуулахдаа “... Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаярын төрсөн дүү Намбарын Энхтуяагийн нөхөр нь. Намбарын Энхбаярын хэргээс болж эхнэр Н.Энхтуяагаа гадаад улс руу гарсан, Н.Энхтуяагийн болон өөрийнх нь /А.Гын/ банкин дахь харилцах дансууд хаагдаж битүүмжлэгдсэн учир мөнгө төгрөггүй хэцүү байна, уул уурхай лицензний бизнес эрхэлдэг, бизнесний үйл ажиллагаа нь зогссон ...” гэх мэтээр ойлгуулж “хөөрөг барьцаалах”, эсхүл бусдыг хуурч, итгэл үнэмшил төрүүлэн зээлж байгаа хэлбэрээр тэдгээрээс, ялангуяа хохирогч Б.Мээс мөнгө авдаг байсан байна.

 

Түүнчлэн шүүгдэгч А.Г өөрийгөө Монгол Улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаярын хүргэн буюу түүний төрсөн дүү Н.Энхтуяагийн нөхөр гэж бусдад ярьж ойлгуулдаг байсан нь

гэрч Г.Отгонбаярын “... миний хувьд Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаярын бие хамгаалагч байсан энэ тэр гэж худлаа, тийм зүйл байхгүй.

Харин Г надтай 2014 онд анх танилцахдаа өөрийгөө Намбарын Энхбаярын хүргэн, манай эхнэр гадаад улс руу зугтаагаад явсан, ... Намбарын Энхтуяа гэж хүн байдаг гэж хэлж байсан. Энэ яриа би Мтэй танилцахаас өмнө буюу 2014 онд яригдсан. Тэгээд би тийм ойлголттой болсон” гэсэн,

гэрч С.Болорнямбуугийн “... Г нь Отгонбаярыгаа хажуудаа байхгүй үед түүнийг Намбарын Энхбаярын бие хамгаалагч гэж ярьдаг байсан” гэсэн мэдүүлгүүдэд,

 

нөгөөтэйгүүр Намбарын Энхтуяа гэгч шүүгдэгч А.Гын эхнэр биш болох нь

гэрч Чулуундоржийн Өлзийхишигийн “... би Гтай 1990 оноос 2011 оны 12 дугар сар хүртэл хоёр хүүхдийн эцэг, эх болж эхнэр нөхрийн албан ёсны баталгаатай амьдарч байсан болохоор Гын талаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” /5 дугаар хх-н 190-191/ гэсэн,

гэрч Баян-Өндөрийн Мягмаржавын “… Гын өөрийн эхнэр, хүүхэд нь байдаг. Эхнэр, хүүхэд дээрээ очдог байсан. Гэрийнхээ хаяган дээр хүргүүлээд яах гэж байгаа юм бэ гэж асуухад, энд нэг хүүхэн дээр ирж байгаа юм гэдэг байсан.

Найз Түвшин нь надад “... эхнэр, хүүхэд нь энд байдаг юм” гэж хэлж байсан. Тэгээд тухайн үед манай хүү арабын шаахын охинтой суусан, манай эхнэр, охин хоёр Канад улсад байдаг гэж хэлж байсан. Сүүлд нь худлаа ярьсан нь тогтоогдсон.

Г ер нь энд тэнд хүнтэй тааралдаад танилцаад, сүүлд нь манай хамаатан гэж хэлээд явдаг байсан. Ер нь л их худлаа ярьдаг байсан болохоор нь би зайгаа аваад холдсон юм” /5 дугаар хх-н 63-65/ гэсэн мэдүүлгүүдэд тус тус тусгагджээ.

Хохирогч Б.Мийн нөхөр Б.Балдан-Осор гэгч 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өвчний улмаас нас барсан байна. /1 дүгээр хх-н 236/

 

Б.Балдан-Осорыг нас барсны дараагаас шүүгдэгч А.Г нь хохирогч Б.Мийн гэрээр ирэх болж, улмаар А.Г, Б.М нар 2015 оны 1 дүгээр сараас эхлэн нэг гэрт хамтран амьдарчээ.

Хамтран амьдарч байгаа энэ байдал нь хэдийгээр эр, эмийн буюу гэр бүлийн хүрээний асуудал мэт боловч албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүйн зэрэгцээ шүүгдэгч А.Гын үйлдсэн “залилах” гэмт хэргийн хувьд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан, хуурсан гэсэн “залилах” гэмт хэргийн тухайн шинжүүдийг бүрэн агуулж байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Гын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нь “залилах” гэмт хэргийн онолын тайлбар хийгээд, хэргийн бодит байдалтайгаа нийцнэ.

Үүнд, шүүгдэгч А.Гын үйлдсэн “залилах” гэмт хэргийн

 

Нэгдүгээр хэсэг:

 

хохирогч Б.Мээс 2014 оны 8 дугаар сард хөөрөг барьцаалж 35.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сард мөнгө хэрэгцээ боллоо гэж 20.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр лицензийн төлбөр хийнэ гэж 34.000.000 төгрөг тус тус авсан болох нь

хөөрөг барьцаалж Б.Мээс мөнгө авсан гэх асуудал дээр шүүгдэгч А.Г маргахгүй “... миний хөөрөг мөн, би хөөргөө барьцаалсан” гэж байгаа байдал,

хохирогч Б.Мийн “... Г хуурамч хөөрөг барьцаалан 35 сая төгрөгийг авч яваад мөнгөө өгөхгүй байсан тул би түүн рүү “мөнгийг минь авчраад хөөргөө ав” гэсэн утгатай мессеж илгээсэн. Ингээд тэр манайд ирээд талийгаач нөхрийн минь хөрөг дээр 5000 төгрөг тавьсан. Энэ үедээ би мөнгө муутай байна, мөнгийг чинь авчирч чадсангүй гэж хэлсэн. ... 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 20 сая төгрөгийг удахгүй өгнө гэж хэлээд манай оффис дээрээс ирээд Болорнямбуу, Баярмаа нараас авсан, ... 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 5 сая төгрөгийг ойр зуурын хэрэглээнд хэрэгтэй байна, тун удахгүй бүх мөнгийг чинь өгчихнө гэж хэлээд надаас авсан. ... 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 34 сая төгрөгийг лицензний төлбөрүүд нэхэгдээд байна, түр авъя гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлгээр,

гэрч С.Болорнямбуугийн “... манай оффис дээр ирээд Г 20 сая төгрөгийг манай ажилтан Баярмаа гэх эмэгтэйгээс авсан тухайн үед М эгч өмнө нь 10 сая төгрөг өгсөн байгаа болохоор Гад 30 сая төгрөг авсан гэх баримт бичүүлээрэй гэж хэлээд 30 сая төгрөгийн баримт бичүүлж авсан. ... тухайн үедээ 5, 10 сая гээд мөнгө төгрөг зээлээд явдаг байсан …” гэсэн мэдүүлгээр,

гэрч Ч.Эрдэнэбулганы “... Г нь 2014 оноос хойш М эгчийнхээр орж гардаг байсан. Тухайн үедээ М эгчийн бариулсан байранд байр хөлслөөд амьдардаг байсан. Тэр үед би түрээсийн байрнуудыг хариуцдаг байсан бөгөөд Г 102 тоотыг түрээслэж амьдардаг байсан. Г нь байрны мөнгөө төлөх чадваргүй гуйлгаад түрээсийнхээ мөнгийг төлдөггүй, М эгчээс мөнгө төгрөг байнга зээлдэг байсан ...” гэсэн мэдүүлгээр,

 

Хоёрдугаар хэсэг:

 

гэртээ бэлэн мөнгө байлгаж болохгүй, өөр газарт хадгална гэж итгүүлэн хохирогч Б.Мээс 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 200.000.000 төгрөг авсан болох нь

хохирогч Б.Мийн “... ийм хэргүүд цаг хугацаа шаарддаг, чиний хөрөнгө, данс энэ тэрийг хуулийнхан битүүмжилдэг тул шаардлагатай үед бэлэн мөнгө байх хэрэгтэй. ... 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Г, Отгонбаяр нар 200 сая төгрөгийг эгч Сайнжаргалындаа хадгална гээд гэрээс бэлнээр авч явсан.

... тэгээд тухайн үед эгч чинь ирчихсэн байгаа юм чинь хадгалуулсан 200 сая төгрөгөө авмаар байна гэтэл манай эгч мөнгийг чинь үрчихсэн байна, тэгж байгаад өгнө биз гэж Г надад хэлсэн” гэсэн мэдүүлгээр,

гэрч С.Болорнямбуугийн “... тэрнээс хойш Г 2015 оны 1 дүгээр сарын эхээр М эгчийнхээр байнга орж ирж гардаг байсан. ... 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр би М эгчтэй ХААН банк руу ороод данснаас нь 300 сая төгрөг бэлнээр гаргаж аваад, тэр мөнгөө гэртээ хадгалаж байтал Г нь өөрийн бие хамгаалагч Отгонбаяр гэх залуутай хамт М эгчээс эгчийндээ хадгалана гэж хэлээд 200 сая төгрөгийг нь бэлнээр аваад явсан” гэсэн мэдүүлгээр,

гэрч Г.Отгонбаярын “... Г надаас 50.000 юань буюу 15 сая төгрөгийг зээлээд, өнөө маргаашгүй өгнө гэж авчихаад өгөхгүй удсан ба тэр үедээ Мийн гэрт намайг дагуулж очсон. Би тэгж анх Мтэй танилцсан. Г нь Мийн талийгаач нөхөртэй найзууд байж байгаад Мийн нөхөр нас барсны дараа Мийнд орж би тийм цагдаа танина, тийм ч прокурор танина гэж тус болоод явж байгаа санагдсан. ... Г, М, бид гурав тэр мөнгийг аваад миний машинд суугаад 10 хорооллын UB паласын арын далангийн урд талын байранд очоод Мийг машинд үлдээгээд Г бид хоёр тэр мөнгийг аваад Гын төрсөн эгч гэх эмэгтэйн гэрт ороод цахилгаантай чемоданд тэр мөнгийг хийгээд үлдээсэн.

Тэгэхээр нь би Гаас энэ таны мөнгө юм бол би танаас 15 сая төгрөгөө авъя гэсэн чинь байж бай, 1 хонуулчихаад би чамд маргааш өгнө гэж хэлсэн. Маргааш нь би Гтай уулзаад тэр айл руу очоод Г нь 50 сая төгрөгтэй гарч ирээд надад тэр мөнгөнөөсөө 15 сая төгрөгийг өгсөн. Тэгээд бид хоёр үлдсэн мөнгөө аваад Бичил хороололд байх Гын гэрийнх нь хойно очоод гэртээ ороод ойролцоогоор 10 сая төгрөгийг үлдээгээд, үлдсэн мөнгийг нь аваад гарч ирээд тэднээсээ Урт цагаан руу яваад DHL-ийн хүнд мөнгө өгөх ёстой гээд жижиг хар машинтай хүнд 20 сая төгрөг өгсөн. Тэгээд Г бид хоёр салсан.

... Г 200 сая төгрөгийг Мээс авах үедээ “би Мээс авлагатай, Нарны гүүрний орчимд баригдаж байгаа барилгад хөрөнгө орлуулсан юм, энэ амьдарч байгаа байранд нь хөрөнгө оруулсан, энд миний хувь нийлүүлсэн хөрөнгө байдаг, Мээс мөнгөө авахаар өөрийн чинь мөнгийг өгнө, эхний ээлжинд 200 сая төгрөг орж ирлээ, эндээс чиний мөнгийг өгнө, дараа нь би чамд мөнгө зээлнэ” гэж хэлээд намайг дагуулж явсан.

... Мээс авсан мөнгө 200 сая төгрөг байсан гэдгийг би яаж мэдсэн гэхлээр тухайн үед Г бид хоёр тоолсон ба 20 мянгатын дэвсгэртээр багцалсан мөнгө байсан. Цүнхэнд хийж авч яваад, эгчийнд нь очоод чемоданд тоолж хийсэн.

... Мийг машинд үлдээгээд Г бид хоёр эгчийнх нь гэрт орсон. Гын эгч нь гэх эмэгтэй гэртээ ганцаараа байсан ба нохойтой айл байсан. Гын өөрийнх нь гэр хорооллын Бичилд байдаг. Г нэг удаа архи ууж тасраад согтуу байхад нь би гэр рүү нь оруулж өгч байсан. Гэр нь 2 билүү 3 давхарт байсан. Би гэрт нь оруулж унтуулаад гарч байсан. Энэ үйл явдал 2014 онд болж байсан” гэсэн мэдүүлгээр,

гэрч Аийн Сайнжаргалын “…  Г манай гэрт нэг удаа гаднаас 1 цүнхтэй зүйл авч ирээд хэд хоног хадгалуулсан. Г өөрөө хэлэхдээ Мийн хуучин нөхрийнх нь хүүхдүүд ирэх гээд байна гэнэ гээд тэр цүнхтэй бичиг баримтуудыг манайд авч ирж тавьсан. Дараа нь намайг байхгүй байхад аваад явсан байсан. Хэн авсныг би мэдэхгүй” /3 дугаар хх-н 4/ гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

Хэдийгээр шүүгдэгч Аийн Гын төрсөн эгч Аийн Сайнжаргал нь төрөл, садангийн эсрэг, тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй ч, түүний мэдүүлсэн “... нэг удаа цүнхтэй зүйл авчирч хэд хоног хадгалуулсан, ... тэр цүнхтэй бичиг баримтууд нь Мтэй холбоотой ...” гэх үйл баримт нь ямар ч байсан А.Сайнжаргалын гэрт ... эд зүйл тавихаар А.Г нарын хүмүүс очсон гэдгийн нотолгоо юм.

 

Гуравдугаар хэсэг:

 

Ховд аймгийн Цэцэг суманд ашиглалтын А лиценз авч өгнө хэмээн итгүүлж хохирогч Б.Мээс 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 350.000.000 төгрөг авсан болох нь

хохирогч Б.Мийн “... манай талийгаач нөхөр Балдан-Осор нь Гыг “наадах чинь лицензний бизнес хийдэг, харин одоо ерөнхийлөгч Н.Энхбаярт холбогдох хэргээр хамаг хөрөнгө мөнгө нь битүүмжлэгдсэн, түүнд хилийн хорио тавигдсан тул амьдралд нь хүндрэл гараад байгаа юм байна ...” гэж ярьсан.

... Ховдын лиценз авч өгнө гэхэд нь 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 350 сая төгрөгийг ХАС банкин дахь А.Гын 5001188671 тоот данс руу шилжүүлсэн. Үүнийг  Болорнямбуу, Эрдэнэбулган нар гэрчилнэ.

Гын данс руу миний шилжүүлсэн 350 сая төгрөг нь Ховд аймгийн Цэцэг суманд алтны уурхайн А лиценз авч өгнө гэхээр нь шилжүүлсэн мөнгө болохоос аялалд зориулсан мөнгө биш.

... аялалын явцад замын онгоцны зардал 4 хүнийх 8 сая төгрөг, буудлын мөнгөнд 1400 ам.доллар, хоолонд 1000 ам.доллар орчим болсон, нийт зардал 15 сая төгрөг болсон” гэсэн мэдүүлгээр,

гэрч С.Ононгийн “… манай нөхөр Батбаярын танил Гаар дамжуулж Мтэй нь танилцсан. Би 2015 оны эхээр тэтгэвэрт гараад манай нөхөр бид хоёр зүүн өмнөд азиар аялал хийе гэж ярьж байсан юм. Тэгэхэд Г хамт явъя гэсэн санал тавьсан. ... Зардалд ойролцоогоор 3000 гаруй ам.доллар бол гарсан байгаа. Харин энэ хоёр /А.Г, Б.М нар/ хичнээн төгрөгийн зардал гаргасныг мэдэхгүй” /3 дугаар хх-н 107/ гэсэн мэдүүлгээр,

гэрч С.Болорнямбуугийн “... дараа нь манай Дорнод монгол полемит ХХК-нд Ховд аймагт байдаг алтны А лиценз авч өгнө гээд 350 сая төгрөгийг М эгч бид хоёр Гын хувийн данс руу шилжүүлсэн. Тэгээд Г нь манай компаний гэрчилгээг аваад 1 сар орчим явсан, сүүлд лиценз авсан юм байхгүй болсон” гэсэн мэдүүлгээр,

гэрч Ч.Эрдэнэбулганы “... сүүлд 2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Найрамдал зуслан дээр М эгч бид нар амарч байхад Г нь найзтайгаа хамт ирээд М эгчтэй нэг юм яриад туслалцаа гуйгаад байсан. Тэр үеэс хойш М эгч Г хоёр хамтарч амьдарч эхэлсэн. Тухайн үедээ Г нь алтны лиценз зарах талаар М эгчтэй яриад байсан ба би М эгчтэй хамт амьдардаг байсан болохоор тэр болгоныг нь сонсдог байсан.

... 2015 оны 2 дугаар сарын 16-ны үед байх, ... 350 сая төгрөгийг данс руу нь шилжүүлсэн” гэсэн мэдүүлгээр,

 

Дөрөвдүгээр хэсэг:

 

Б Н ХХК-ийг худалдан авч өгнө хэмээн хохирогч Б.Мээс 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 200.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 300.000.000 төгрөг нийт 500.000.000 төгрөг авсан болох нь

хохирогч Б.Мийн “... Б Н ХХК буюу Булган аймгийн Хараат баг, Бүдүүн Ухаагийн уул уурхайн зориулалттай 137.8 га газрын эзэмших эрхийн гэрчилгээ лицензийг надад авч өгнө гэж хэлээд захирал Дэлгэрдалай, Баяраа нарт миний гэрээс бэлнээр 200 сая төгрөг өгүүлсэн. Маргааш нь 300 сая төгрөгийг дээрх лицензийг авах үлдэгдэл мөнгө гэж ХАС банкин дахь А.Гын 5001188671 тоот данс руу нь шилжүүлсэн. Дээрх компанийг надад авч өгнө гэж мөнгийг нь надаас гаргуулсан. Хэрвээ Гад миний мөнгө байгаагүй бол тэр дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Б Н компанийг авах боломжгүй байсан” гэсэн мэдүүлгээр,

гэрч С.Дэлгэрдалайн “… утсаар яриад Гтай анх удаа Модны 2-н орчим байсан ногоон өнгийн 12 давхар шинэ байшинд очиж уулзсан. Тухайн үед би Баяраа гэдэг найзтайгаа хамт очсон. Гэрт нь орж бичиг үзүүлж лицензийн талбайн талаар яриад бичиг баримтаа үлдээсэн. 7 хоногийн дараа Гаас материалаа авъя, өөр хүн үзнэ гэнэ гэж хэлтэл орой хүрч ирээд урьдчилгаа мөнгөө авчихаарай гэж хэлсэн. Би тэр өдрийнхөө орой Гын анх уулзсан гэрт нь очсон. Тэгэхэд Г, үл таних 2 эмэгтэй хүн байсан. ... Г надад бэлнээр 200 сая төгрөг өгсөн. Г надад мөнгө өгөхөд арай залуухандуу эмэгтэй нь “мөнгө авсан” гэсэн бичиг үйлдээд, надаар гарын үсэг зуруулсан” гэсэн мэдүүлгээр,

гэрч С.Болорнямбуугийн “... Г нь Булган аймгийн Дашинчилэн сумын Бүдүүн ухаа гэх газарт байдаг Б Н ХХК-ийг худалдаж авна, манай эгчийн нэр дээр авч өгч байгаа юм байна гэж бодсон. 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Б Н ХХК-ий Дэлгэрдалай, Баяраа гэх хоёр залуу ирээд 200 сая төгрөгийг бэлнээр авч явсан. 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Гын ХАС банкны хувийн дансанд шилжүүлж өгсөн.

Уг Б Н компанийг лицензтэй нь 500 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байсан бөгөөд Г ер нь уг компанийг М эгчид худалдан авч өгч зуучлал хийж байгаагаар оролцож байгаа гэж ойлгож байсан. Тухайн компаний гэрчилгээ нь Гын нэр дээр гарсан байсан. М эгч яагаад миний нэр дээр гаргаагүй юм бэ гэхэд Г нь М эгчийг тухайн үед цагдаа дээр хөрөнгө маргааны асуудалтай байгаа болохоор төвөгтэй байх гэсэн. Тэгэхэд М эгч тэгвэл манай дүү Болорнямбуугийн нэр дээр шилжүүлчих гэсэн чинь яах юм, тэртэй тэргүй чинийх юм чинь бараг ялгаагүй ш дээ, дараа нь би чамд шилжүүлээд өгчихнө гэж хэлсэн” гэсэн мэдүүлгээр,

гэрч Б.Мягмаржавын “…  би Гыг 2010 оноос, харин Мийг 2016 оноос эхлэн таньдаг болсон. Гтай би хуурай ах дүүгийн холбоотой байсан, 2016 оны 9 дүгээр сараас харилцаагаас тасалсан.

... Г нь өөрөө сонин хэвлэл дээр гараад, цагаад шалгагдаж байх хугацаанд би лиценз авах гээд өөрийнхөө мөнгөөр авсан гэдгээ батлах гэхлээр би бэлнээр мөнгө байнга авч явдаг болохоор түүнийгээ баталж чадахгүй болчихоод байна, чи надаас мөнгө зээлээд буцаагаад өгсөн гэдгээр гэрээ хийгээд өгчих гэхээр нь би Гэрээ хийж өгөөд тухайн өдөр он, сар, өдрийг нь хойш нь тавиад, Зээл дуусгавар болох гэрээ хийхэд чи наад дуусгавар болгох гэрээ хийж яах юм бэ, нэгэнт цагдаад үзүүлээд урчих юм чинь гэж хэлэхээр нь би ийм гэрээ хийхгүй бол болохгүй гэж хэлээд дуртай, дургүй гарын үсгээ зурж өгсөн. Тухайн гэрээг 300 сая төгрөг зээлсэн мэтээр хийсэн, тухайн гэрээг хуурамч болохоор нь нотариатаар баталгаажуулж чадаагүй юм.

Г нь намайг анх наад ломбардаа боль, би чамд Банк бус санхүүгийн байгууллага нээж өгнө, миний компанид нягтлан бодогчоор ажилла, би чамд машин авч өгнө гэх зэргээр худлаа ярьж байсан.

... Би сүүлд нь Б Н компаний санхүүгийн тайланг үзэж байхад “М хөрөнгө оруулалт”, харин “Г зарлага” гэж дандаа байдаг байсан” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч А.Гын үйлдсэн “залилах” гэмт хэрэг нь;

 

хохирогч Б.Мээс шүүгдэгч А.Гад мөнгө шилжүүлсэн тухай баримтууд /1 дүгээр хх-н 220, 222/, /2 дугаар хх-н 237, 240, /3 дугаар хх-н 147, 148, 149 дүгээр хуудасны ар тал/,

шүүгдэгч А.Гаас “Вагнер Ази автомотив” ХХКомпани руу мөнгө шилжүүлсэн баримт /1 дүгээр хх-н 110/,

шүүгдэгч А.Г гэрч Б.Мягмаржав нарын хоорондоо байгуулсан хуурамч “Зээлийн гэрээ” /5 дугаар хх-н 61/, “Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тухай” хуурамч баримт /5 дугаар хх-н 62/ зэрэг бичгийн баримтуудаар давхар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

Харин прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн шүүгдэгч А.Г Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байрлах Бүдүүн Ухаагийн алтны уурхайн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах нэрээр 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд хохирогч Б.Мээс 1.807.501.365 төгрөг залилаж авсан гэх үйл баримт нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, “залилах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй, цаашлаад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэхээргүй, өөрөөр хэлбэл энэ 1.807.501.365 төгрөг нь тухайн компаний үйл ажиллагаанд зарцуулагдсан байх тул энэ үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Г хохирогч Б.Мээс авсан 500.000.000 төгрөгөөр иргэн С.Дэлгэрдалайн эзэмшилд байсан “Б Н” ХХКомпанийг бодитойгоор буюу хуулийн дагуу худалдан авчээ.

 

Хэдийгээр А.Г, С.Дэлгэрдалай нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн ч хохирогч Б.Мийн хувьд эхнээсээ өөрийн нэр дээр уг “Б Н” компанийг худалдан авч байгаа гэсэн ойлголттой байсан бөгөөд компаний Улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ “А.Гын” нэр дээр гарсан байхыг тэрээр мэдмэгц

шүүгдэгч А.Г нь “... чи цагдаа дээр хөрөнгө маргааны асуудалтай байгаа болохоор төвөгтэй байх. ... Өөр хүний нэр дээр /Б.Мийн дүү С.Болорнямбуугийн/ шилжүүлж яах гэсэн юм, тэртэй тэргүй чинийх юм чинь бараг ялгаагүй ш дээ, дараа нь би чамд шилжүүлээд өгчихнө” хэмээн хохирогч Б.Мийг дахин төөрөгдөлд оруулж хуурсан байна.

 

Харин энэ бүхэнд итгэж, хууртагдсан хохирогч Б.М “... өөрийн өмчлөл, эзэмшлийн компанидаа хөрөнгө оруулалт хийж байна” гэдэг утгаар Б Н ХХКомпаний үйл ажиллагааны бүхий л зардлыг төлж байсан болох нь

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Б.М нь Б Н ХХК-д хөрөнгө оруулалт гэж 1.807.501.365 төгрөгөөр үйл ажиллагааг нь санхүүжүүлж байсан байна ...” гэсэн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 056 тоот дүгнэлтээр /3 дугаар хх-н 46-49/,

Б.Мийн Б Н ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтын тооцоогоор /3 дугаар хх-н 50-55/,

Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын хурлын протоколоор /3 дугаар хх-н 56-58/,

хохирогч Б.Мийн “... уурхайн үйл ажиллагааны болон хөдөлмөрийн хөлс, тоног төхөөрөмжийн үнэ, хүнд машин механизмын түрээсийн төлбөр, шатахуун түлш зэрэг зардлуудыг би төлсөн” гэсэн мэдүүлгээр,

гэрч С.Болорнямбуугийн “... компаниа шилжүүлээд авсан болохоор уурхайгаа ажиллуулахаар бэлтгэл ажилдаа ороод ажилчдын хамт хятад руу явж бараа материал татаад уурхайг хэвийн үйл ажиллагаа явуулах зардлыг М эгч гаргадаг байсан. ... 2016 оны 3 дугаар сар хүртэл өвлийн сул зогсолтын мөнгийг нь М эгч төлөөд яваад байсан” гэсэн мэдүүлгээр,

гэрч Ч.Эрдэнэбулганы “... 2015 оны 4 дүгээр сарын 20-дын үеэр Г, жолооч нь Түвшинбаяр, Зоригтбаатар, Гансүх нар Хятадын Эрээн рүү явж уурхайн тоног төхөөрөмж авна гэхэд М эгч нилээн их юанийг Гад өгсөн. Тухайн үед би алтны уурхайд тогооч хийж байсан. Би данснаасаа Гад 53 сая төгрөгийг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн мөнгө гэж өгч байсан. Тэр нь М эгч намайг өөрөөсөө өгчихөөрэй гэсэн юм. Ер нь уурхайн тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт, цалин, бензин, тос гээд бүх л мөнгийг М эгч гаргаж байсан” гэсэн мэдүүлгээр,

гэрч Б.Мягмаржавын “… би сүүлд нь Б Н компаний санхүүгийн тайланг үзэж байхад “М хөрөнгө оруулалт”, харин “Г зарлага” гэж дандаа байдаг байсан юм” гэсэн мэдүүлгээр,

гэрч О.Бадамгаравын “... би энэ компанид ажиллаж байгаагүй. ... М эгч гадагшаа явах болохоороо миний дансанд мөнгө үлдээдэг юм. Тэгээд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр М эгч над руу утсаар ярьсан. Тухайн үед миний дансанд 250.000.000 төгрөг байршуулчихсан байсан. Дээр нь 50.000.000 төгрөг нэмж бэлнээр надад өгсөн. Ингээд 300.000.000 төгрөгийг би Жоби-72 салбарын ХААН банкин дээр очиж А.Гын ХАС банкны 5001188671 дугаарын данс руу шилжүүлсэн. Шилжүүлэхдээ “Мээс хөрөнгө оруулалт” гэсэн утгатай бичиж шилжүүлсэн. М эгч болохоор алтны уурхайд хөрөнгө оруулах гэж байгаа юмаа, яаралтай энэ мөнгийг шилжүүлчих гэж хэлсний дагуу шилжүүлсэн” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдохын зэрэгцээ

 

“Б Н” ХХКомпаний захирал зөвхөн А.Г биш байсан болох нь

гэрч Амгалангийн Гантуяагийн “... Г гэх хүнийг 2015 онд Б Н ХХК-д ажиллаж байхдаа таних болсон, өөрөөр мэдэх зүйлгүй. Би энэ компанид 2015 оны 7 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд ажиллаж, нярав хийдэг байсан. ... Миний сонссоноор Г Мийн гаргасан хөрөнгө оруулалтыг үгүйсгэж байгаа юм шиг санагдахаар нь бодит байдлыг хэлэхээр ирлээ. Миний мэдэж байгаагаар бол ажилчдын хоол хүнсний материалын мөнгө, цалин, түлш, түрээсийн мөнгө гэх мэт бүх зардлууд Мээс гардаг байсан. Би тухайн компанид няраваар ажиллаж байсан учраас энэ бүгдийг мэдэж байна. Хувиасаа л байх гэж бодож байна. Учир нь М өөрийнхөө данснаас өөрөө гарын үсэг зураад л аваад байсан. Өдөр болгон Булган аймгийн ХААН банкнаас очиж мөнгө авдаг байсан шүү дээ. Би нийт 4 сар ажилласан. Тэгэхдээ Мийн гар дээрээс бэлнээр цалингаа авч байсан. Би 1.200.000 төгрөгийн цалин авдаг байсан. М цалингийн мөнгийг данснаасаа авч тарааж байсныг би мэднэ. М нь Б Н ХХК-д ямар албан тушаалтай болохыг би мэдэхгүй. Ажилтан бид нарын хувьд эрэгтэй, эмэгтэй захирал л гэдэг байсан” /1 дүгээр хх-н 76-77/ гэсэн мэдүүлэгт,

гэрч Аийн Гантөмөрийн ”... Б Н ХХК-ий талбай дээр ажиллахаар очиход М гэдэг эмэгтэй байсан. Тэгээд л тэрэнтэй гэр бүл болж байгаа юм байна гэж бодсон. М бол Гтай хамтарч хөрөнгө оруулсан хүн болов уу л гэж бодсон. Хамтраад л байдаг болхоор нь л тэгж бодсон. Бас тухайн үед гэр бүл болж байгаа хамт амьдарч байгаа гэж боддог байсан. Мтэй уулзаж ярилцахаар ажил төрөл л ярьдаг байсан. Г, М нар хамт амьдардаг байсан ба би амьдрал ахуйнх нь талаар ярилцаж байгаагүй” /1 дүгээр хх-н 78-79/ гэсэн мэдүүлэгт,

гэрч Төмөрбаатарын Зоригтбаатарын ”... М бол миний хадам эх Жавзанхүүгийн төрсөн эгч Түмэндэлгэрийн төрсөн охин нь юм. Би 2015 оны 5 дугаар сарын 3-наас 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл Булган аймагт байх Б Н гэдэг уурхайд хянагчаар ажилласан. Тухайн үед Г намайг ажилд авсан ба бичгээр тушаал гарч байсан. Хөдөлмөрийн гэрээ бол хийгээгүй. Тухайн ажиллаж байх хугацаанд алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан юм. Б Н ХХК нь М эгчийн мөнгөөр Г худалдаж авсан уурхай. Ямар учраас Гын өмчлөлд шилжсэн талаар мэдэх зүйл алга. М Г нарын ярьснаас л тэгж ойлгосон юм байна. М Г нар хамтран амьдрагч нар гэх юм уу даа. Эхнэр нөхөр гэхээр арай л биш байгаад байдаг. Гэрлээгүй дундаасаа хүүхэдгүй. Ер нь бол 2014 оны 11 дүгээр сард талийгаачийн дараа, 2015 оны 1 дүгээр сараас эхлээд л хамт амьдрах болсон. Тэд М эгчийн гэрт хамт амьдардаг байсан” /1 дүгээр хх-н 81/ гэсэн мэдүүлэгт,

гэрч Энхболдын Энхцэцэгийн ”... 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр би Б Н гэдэг уурхайн газарт аж ахуйн ажилтнаар ажилд орж Булган аймгийн Дашинчилэн суманд ажиллаж байсан. Би Отгончимэгээр дамжуулаад Мтэй холбогдон ажилд орсон. Манай дүү энэ талаар сонсож мэдээд надад ийм ажил байна ажилд орох уу гэхээр нь би ажилд орсон тэгж л Гтай анх удаа уулзаж танилцсан юм. ... Миний дэргэд 3-4 удаа маргалдаж байсан. Маргаан бол мөнгөнөөс л болдог байсан. Г захирал мөнгө аваад л явчихдаг байсан. Г захирал бол байнга л хот руу явчихдаг ба М захирал уурхай дээр үлддэг байсан” /1 дүгээр хх-н 82/ гэсэн мэдүүлэгт,

гэрч Алтансүхийн Хүслэнгийн “... 2015 оны 7 дугаар сард манай багш Энхжаргал над руу утсаар яриад ажилд орох уу гэсэн ба тэгээд би Б Н ХХК-ийн уурхайн дарга Гансүхтэй утсаар яриад ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээгээ Гансүхтэй хийсэн. Бид нар бүгдээрээ л тэднийг гэр бүлийн хүмүүс гэж боддог тэгээд л Ганбаа захирал Майяа захирал гэж ярьж, дууддаг. Цалингаа сар бүр Г захирлаас ч, М захирлаас ч авч байсан” /1 дүгээр хх-н 84/ гэсэн мэдүүлэгт,

гэрч Батбаярын Болдбаатарын “... манай найз геологич Ганзориг яриад би хүлээн зөвшөөрөөд ажиллаж байгаа. Цалингаа би сар бүр бэлнээр М болон Г нарын аль алинаас нь авч байсан. Эрэгтэй, эмэгтэй захирал гэдэг байсан” /1 дүгээр хх-н 85/ гэсэн мэдүүлэгт,

гэрч Дашцэрэнгийн Гансүхийн ”... би уурхайд жолоочоор ажиллаж байсан. Цалингаа өгөхгүй байхаар нь ажлаас гарсан. Сүүлийн 2 сарын цалинг өгөөгүй байгаа. Өмнө нь бол дандаа бэлнээр Мээс цалингаа авдаг байсан. М нь Г захирлын дараагийн л хүн гэж ойлгодог. Тушаалаараа компаниийн ямар албан тушаалтан болохыг би мэдэхгүй. Ажилтнууд бид нар лав эрэгтэй, эмэгтэй захирал гэж ярьдаг” /1 дүгээр хх-н 86/ гэсэн мэдүүлэгт,

гэрч Доржийн Нямдаваагийн “... би туслах тогоочоор ажиллаж байсан. Гыг захирал, бас Мийг захирлаа гэдэг байсан” /1 дүгээр хх-н 87/ гэсэн,

гэрч Майдарын Отгонжаргалын ”... Г бол Б Н ХХК-ийн захирал, М бас захирал гэж мэддэг, тэгж боддог байсан. Эрэгтэй эмэгтэй захирал л гэж дууддаг байсан. Г, М нар гэр бүлийн хүмүүс гэж боддог. Би нарийн ширийн зүйлийг нь сайн мэдэхгүй” /1 дүгээр хх-н 88-89/ гэсэн мэдүүлэгт,

гэрч Төмөрбаатарын Отгонбаатарын ”... ерөнхий хөрөнгө оруулагч нь М захирал л юм шиг байна лээ. Г эхлээд захирал л гэж явж байсан. Сүүлдээ юу ч болоод байгаа нь мэдэгдэхгүй хүн болгоныг дарамталсан сонин нөхөр болоод хувирсан ш дээ. М захирал хөрөнгө оруулалт хийдэг байсан. Миний мэдэхээр би чинь өглөө орой болгон Г захиралтай уулздаг. Тэгээд Г хүмүүсийн цалинг тавих гэж байна ийм ч юм дуусчихлаа гэж ярьдаг байсан. Тэгхээр нь би М захирал нь хөрөнгө оруулагч нь юм байна гэдгийг ойлгосон” /3 дугаар хх-н 103-104/ гэсэн мэдүүлэгт,

гэрч Нацагсүрэнгийн Наранбаатарын “... би 2015 оны 9 дүгээр сарын 15-аас Б Н компаний алтны уурхайд гагнуурчнаар ажилласан. Ажилд ороод л Г, М нарыг мэдэх болсон, гэхдээ харьцаж байгаагүй. Г бол Б Н ХХК-ий захирал, М бас захирал гэж мэддэг, тэгж ойлгож байсан. Эрэгтэй, эмэгтэй захирал л гэж дууддаг, тэр хоёрыг нэг гэр бүлийн хүмүүс гэж боддог байсан” /5 дугаар хх-н 42-43/ гэсэн мэдүүлэгт,

гэрч Энхбаатарын Гансүхийн “... 2015 оны 4 дүгээр сараас эхлэн Г гэдэг хүнтэй танилцаад Б Н ХХК-д уурхайн даргаар ажилд ороод 2016 оны 1 дүгээр сар хүртэл ажилласан. Сарын 4.500.000 төгрөгийн цалин авч байсан.

Гын эхнэр болох М нь хөрөнгө оруулалт хийдэг байсан гэж хөндлөнгийн хүний хувьд тэгж харж байсан. М нь өөрөө барилгын компанитай гэж дуулдаж байсан. Мийн өөрийн амьдраад байгаа байрыг нь М өөрөө бариулсан гэж ярьж байсан” /3 дугаар хх-н 101-102/ гэсэн мэдүүлэгт тус тус тодорхой тусгагджээ.

 

Нэр бүхий гэрчүүдийн дээрх мэдүүлгүүд нь “Б Н” ХХКомпаний хөрөнгө оруулагч нь Б.М мөн болохыг, “Б Н” ХХКомпаний захирал нь Б.М мөн гэдгийг давхар нотолсон нотолгоо юм.

 

Эх үүсвэр нь хэдийгээр залилах гэмт хэргийн шинжтэй ч, нэгэнт хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгдэж, уг санхүүжилт нь “Б Н” ХХКомпаний үйл ажиллагаанд бодитойгоор зарцуулагдсан үйлдлийг “залилах” гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй.

 

Харин шүүгдэгч А.Гыг “Бэрхийн  нурамт” ХХКомпаний захирал гэж байх үед уг компанийн нэрийн өмнөөс хийгдэж үүссэн бусдад төлөх аливаа өр төлбөр, зээлийн асуудал байгаа бол үүнийг “Б Н” ХХКомпани буюу захирал Д.М хариуцах ёсгүй, иргэн Аийн Г хариуцан төлж барагдуулбал зохино.

Иргэн А.Г хариуцан төлөх шалтгаан нь тэрээр “залилах” гэмт хэргийг үйлдэж өөртөө бий болгосон “Б Н” ХХКомпаний нэрийг ашигласан гэх хууль зүйн үр дагавар урган гарч байгаа юм.

 

Түүнээс биш “залилах” гэмт хэрэг үйлдэгдэх явцад шүүгдэгч А.Гын бий болгосон өр төлбөр нь хуулийн этгээдэд буюу “Б Н” ХХКомпанид шилжих ёсгүй.

 

Иймд шүүх шүүгдэгч А.Гыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Харин прокурорын яллах дүгнэлтэд шүүдэгч А.Гыг яллахдаа “... ноцтой хохирол учруулан үйлдсэн” гэснийг, шүүх “... их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэж зөвтгөв.

Учир нь; шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд гэмт хэргийн хохирлын хэмжээг “их хэмжээний хохирол”, “үлэмж хэмжээний хохирол”, “бага хэмжээний хохирол” гэж материаллаг байдлаар нь тодорхойлсноос гадна “ноцтой хохирол” гэж хуульчилсан.

 

“ноцтой хохирол” гэдгийг хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учирсныг ойлгох нь зүйтэй.

 

2002 оны Эрүүгийн хуульд хохирлын хэмжээг тодорхойлохдоо “онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүн байсан бол шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар материаллаг хохирлын дээд хязгаарыг “их хэмжээний хохирол” хэмээн тодорхойлж, “их хэмжээний хохирол” гэдгийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор хуульчилжээ.

 

Шүүгдэгч А.Гад холбогдох энэ гэмт хэргийн шинж болох хохирлын хэмжээг шүүх ингэж зөвтгөснөөр хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйгээс гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй.

 

Хэдийгээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь 2002 оны Эрүүгийн хууль хэрэгжиж байх үед боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч А.Гын эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс түүний үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл заалтад нийцүүлсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зохицуулсан тул

шүүгдэгч А.Гад холбогдох энэ хэргийг шийдвэрлэхдээ шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх заалтыг журамлав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаж байгаа энэ зохицуулалт нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдэд хамаарахгүй төдийгүй энэ нь зөвхөн хууль хэрэглээний асуудал юм.

 

Шүүхээс шүүгдэгч А.Гад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Харин шүүгдэгч А.Гын хувийн байдал буюу эрүүл мэндийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Хохирол төлбөрийн хувьд:

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр шүүгдэгч А.Гыг “залилах” гэмт хэрэг үйлдэж нийт 2.951.501.365 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.

 

Дээрх мөнгөн дүнгээс хохирогч Б.Мийн “Б Н” ХХКомпанид хөрөнгө оруулалт гэж үйл ажиллагааг нь санхүүжүүлсэн 1.807.501.365 төгрөгийг хасч тооцвол 1.144.000.000 төгрөг үлдэж байна.

 

Энэ 1.144.000.000 төгрөгийг шүүгдэгч А.Гын үйлдсэн “залилах” гэмт хэргийн улмаас учирсан хохирол мөн гэж шүүх дүгнэсэн бөгөөд энэ мөнгөнөөс “Б Н” ХХКомпанийг худалдаж авсан 500.000.000 төгрөгийг хасвал шүүгдэгч А.Гын хохирогч Б.Мт төлбөл зохих бодит хохирлын хэмжээ 644.000.000 төгрөг болж байна.

 

Хохирлын 644.000.000 төгрөгийг шүүгдэгч А.Гаас гаргуулж, хохирогч Б.Мт олгохоор,

 

500.000.000 төгрөгөөр худалдаж авсан “Б Н” ХХКомпани болон ашигт малтмал ашиглалтын тусгай “Зөвшөөрөл”-ийн эзэмшигч нь Будын М болохыг тогтоож,

холбогдох баримт бичиг, гэрчилгээнүүдэд өөрчлөлт оруулан, хохирогч Д.Мийн нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Улсын бүртгэлийн 9011081071 дугаартай, 5111145 регистрийн дугаартай “Б Н” ХХКомпаний Улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт,

 

Ашигт малтмалын газраас “Б Н” ХХКомпанид олгогдсон, Булган аймаг, Дашинчилэн сум, Бүдүүн ухаа нэртэй газарт орших, 137.98 гектар талбай бүхий, улсын бүртгэлийн 9011081071 тоот гэрчилгээтэй, ашигт малтмал ашиглалтын MV-016867 дугаартай тусгай Зөвшөөрөл-д өөрчлөлт оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус үүрэг болгож даалгав.

 

Улсын бүртгэлийн гэрчилгээ, ашигт малтмал ашиглалтын тусгай Зөвшөөрөлд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор

“Б Н” ХХКомпаний шилжилт хөдөлгөөнд түр хугацаагаар хориг тавьсан мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг /3 дугаар хх-н 1/,

“Б Н” ХХКомпаний эзэмшлийн, Булган аймаг, Дашинчилэн сум, Бүдүүн ухаа нэртэй газарт орших, 137.98 гектар талбай бүхий, улсын бүртгэлийн 9011081071 тоот гэрчилгээтэй, ашигт малтмал ашиглалтын лицензний шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг /3 дугаар хх-н 2/ тус тус хүчингүй болгох нь зүйтэй.

 

Түүнчлэн “Б Н” ХХКомпаний алтны уурхайг үйл ажиллагаа явуулж буй газарт нь холбогдох эд хөрөнгүүдийн хамт битүүмжилсэн /үүнд: 63-37 УБЭ улсын дугаартай, улаан өнгөтэй, Киа маркийн автомашин, 29-60 УНГ улсын дугаартай, цэнхэр өнгөтэй, Киа пронтер маркийн автомашин, LW-500F загварын, шар өнгөтэй ковш трактор/ прокурорын 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. /2 дугаар хх-н 247-249, 5 дугаар хх-н 115-116, 117-119, 166, гэрэл зургууд 129-159, 167-181/

 

Харин энэ хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн:

91-99 УНК улсын дугаартай, FORD EXPLORER маркийн автомашины /5 дугаар хх-н 107-108/,

88-84 УБР улсын дугаартай, BENZ S500 маркийн автомашины /5 дугаар хх-н 109-110/,

47-20 УБВ улсын дугаартай, FORD F-150 (Raptor) маркийн автомашины /5 дугаар хх-н 111-112/,

00-15 УНР улсын дугаартай, BENZ 320SEL маркийн автомашины /5 дугаар хх-н 113-114/

битүүмжлэлүүдийг хэвээр үлдээж, тэдгээрийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

Учир нь, дээрх автомашинууд нь “залилах” гэмт хэрэг үйлдэгдэх явцад шүүгдэгч А.Гын эзэмшилд байсан болох нь Авто тээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн Тээврийн хэрэгслийн лавлагаанд бичигдсэнээр

  1. 91-99 УНК улсын дугаартай, FORD EXPLORER маркийн автомашин 2014.10.24-ний өдрийн байдлаар Аийн Гын эзэмшилд байсан, улмаар 2016.08.08-ны өдөр А.Гын төрсөн охин болох Гын Энхжингийн эзэмшилд /5 дугаар хх-н 72/,
  2. 88-84 УБР улсын дугаартай, BENZ S500 маркийн автомашин 2015.11.17-ны өдрийн байдлаар Аийн Гын эзэмшилд байсан, улмаар 2016.08.08-ны өдөр А.Гын төрсөн хүү болох Гын Тэнүүний эзэмшилд /5 дугаар хх-н 70/,
  3. 47-20 УБВ улсын дугаартай, FORD F-150 (Raptor) маркийн автомашин 2015.02.17-ны өдрийн байдлаар Аийн Гын эзэмшилд байсан, улмаар 2016.07.06-ны өдөр МТ ПЕТРОЛИУМ ХХКомпаний эзэмшилд /5 дугаар хх-н 69/ тус тус бүртгэгдсэн байна.
  4. Харин 00-15 УНР улсын дугаартай, BENZ 320SEL маркийн автомашин нь Аийн Гын эзэмшилд байгаа гэсэн Тээврийн хэрэгслийн лавлагаа гарсан байна. /5 дугаар хх-н 73/

 

Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дэх автомашин эзэмшигчийн нэр шилжигдсэн байдлыг хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй харьцуулвал:

гэрч Ганхүүгийн Отгонбаяр “... би урьд нь уурхайдаа ашиглахаар Форд раптор маркийн машинтай болъё гэж боддог байсан юм. Тэгээд Вагнер Азиас машины үнэ судалж байхад Г хамт явж байсан. 2015 оны 2 дугаар сард Г над руу залгаад “чи Вагнер Азийн хүнээс Форд рапторынхоо үнийг асуугаач, одоо байгаа болов уу” гэж хэлсэн. Үнийг нь асууж өгөхөд нөгөө машин нь байгаа, мөнгөө хийх дансны дугаар өгөөд мөнгөө хийгээд, ирээд машинаа авч болно гэж хэлсэн.

Г 4 замын Гранд плаза-гийн ХАС банкин дээрээс Вагнер Азийн данс руу миний хажууд 120 сая төгрөг шилжүүлж, Вагнер Ази дээрээс машиныг авахаар болсон. Борлуулагч нь надаас үлдэгдэл мөнгийг яах юм бэ гэхээр нь “наад хүн чинь өөрөө төлөөд авчих байх” гэж хэлээд явсан. Гэтэл 1 цаг орчмын дараа нөгөө борлуулагч над руу яриад “энэ хүн 120 сая төгрөг шилжүүлчихээд машин авч явах гээд байна, өгөөд явуулчих юм уу, чи дараа нь хариуцах юм уу” гэхээр нь “үгүй ээ, би хариуцахгүй, гүйцэд мөнгийг нь авч байж өгч явуулаарай” гэж би хэлж байсан. Г орой нь тэр машинаа авчихсан надтай ирж уулзаад, ахдаа машины номер аваад өгөөч гэхээр нь би тухайн машинд нь улсын дугаар авч өгсөн. Уг машиныг Г өөрийнхөө нэр дээр авсан байх” гэж,

гэрч Баян-Өндөрийн Мягмаржав “… тухайн үед Г “эрүүгийн хэрэг үүсчихсэн, одоо яах вэ, машинаа өөр хүний нэр дээр шилжүүлчих үү?” гэж надаас асуухаар нь “наад асуудал чинь эрүүгээр яваад иргэнээр хайшдаа битүүмжлэгдэнэ ш дээ” гэж би хэлсэн” гэж,

гэрч Чулуунбаатарын Эрдэнэбулган “... Г нь М эгчийнд ирэхдээ гэнэт “ачаатай” жийп унаж ирсэн. Г урьд нь тийм машингүй байсан ба лицензний мөнгө гэж авсны маргааш тэр машиныг унаж ирсэн.

Г М эгчийнд анх ирж байхдаа унах машин ч үгүй, байр ч үгүй хүн байсан бөгөөд уурхай дээр ярьж байгааг нь харахад М эгчийн машиныг өөрөө авч өгсөн гэж яриад, М эгчийн байгаа байрыг өөрийнх нь байшин гэх мэтээр худлаа яриад байдаг байсан” гэж

тус тус мэдүүлсэн нь тухайн эд хөрөнгүүд “залилах” гэмт хэрэг үйлдэгдэх явцад бий болсоныг нотлоно.

 

“... битүүмжлэгдсэн дээрх автомашинуудад үнэлгээ хийгдээгүй” гэсэн агуулга бүхий тайлбарыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай гэдэг нь өөр ойлголт юм. Энэ нь ямар үед үүсэх вэ гэхээр тухайн эд хөрөнгөнд гэмт хэргийн улмаас шууд хохирол учирсан байхыг /жишээ нь: зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг эсхүл хулгайн эд зүйлийг/ ойлгоно. Энэ тохиолдолд эд хөрөнгийн үнэлгээг заавал хийсэн байх ёстой.

Хөрөнгө хамгаалах зорилгоор, хохирол төлбөрийг нөхөн төлөхтэй холбоотой хийгдсэн битүүмжлэл тул мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлэх шаардлагагүй байсан, хэрвээ хохиролд тооцон шилжүүлсэн тохиолдолд тухай бүрт нь хөрөнгийн үнэлгээг хийх боломжтой гэж шүүх үзэв.

 

91-99 УНК улсын дугаартай, FORD EXPLORER маркийн, 88-84 УБР улсын дугаартай, BENZ S500 маркийн автомашинууд нь Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны, Хангалт үйлчилгээний тасгийн хашаанд хадгалагдаж байгааг дурдаж /5 дугаар хх-н 185-186, 219/,

шүүхэд хэргийн хамт ирүүлсэн Г.Энхжин эзэмшигчтэй, 91-99 УНК улсын дугаартай, FORD EXPLORER маркийн автомашины Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, уг автомашины түлхүүр,

Г.Тэнүүн эзэмшигчтэй, 88-84 УБР улсын дугаартай, BENZ S500 маркийн автомашины Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, уг автомашины түлхүүр зэргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Гын зээлийн барьцаанд тавьсан гэх шүүхэд хэргийн хамт ирүүлсэн онцлог шинж нь: “зааны ясан халбагатай, түмэн насан хээн тавтай, алтан нуухтай, чулууны өнгөөр будсан, далайн цагаан шүрэн толгой” бүхий номин чулуун хөөрөг 1 ширхэг, зүү ороож оёсон шар эрээн өнгийн хөөрөгний даалингийн хамт, /5 дугаар хх-н 182-183/,

одоо хохирогч Б.Мт хадгалагдаж байгаа “алтан” гэх аяга зэргийг шүүгдэгч А.Гад буцаан олгох нь зүйтэй.

Эдгээр эд зүйлсийн талаар хохирогч, шүүгдэгчийн аль аль тал маргаан гаргаагүй болно.

 

Шүүх шүүгдэгч А.Гад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үүнийг дурдах болсон шалтгаан нь А.Гад холбогдох энэ хэрэг прокуророос шүүхэд ирсний дараагаар буюу 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б.Одгэрэл гэгчээс “... А.Гад залилуулсан” гэх агуулга бүхий өргөдлийг тус шүүхэд гаргасан.

Б.Одгэрэл гэгчийн хохирсон гэх өргөдлийг шүүх хүлээж аваагүй бөгөөд тэрээр шүүгдэгч А.Гад холбогдох эрүүгийн хэргийн оролцогч биш юм. Аливаа гэмт хэргийн хохирогчийг тогтоох ажиллагаа нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхэлж, эрүүгийн хэрэг үүсгэн, тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх, хэрхэн нотлогдож байгааг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож, цаашлаад прокурорын хяналт тавигдаж, прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлснээр гэм буруутай эсэхийг нь шүүх хянан шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй байхад шүүх нь эрүүгийн хэргийн оролцогч биш хэн нэгэн этгээдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн аваад ямар нэгэн шийдвэрийг гаргаж болохгүй. Харин шүүхийн шатнаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг өөрчлөн тогтоох буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалт нь өөр ойлголт юм.

 

Эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээв.

 

А.Гын цагдан хоригдсон 7 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          

        ТОГТООХ нь:

 

1. А.Гад холбогдох хэргээс хохирогч Б.Мийг залилаж 1.807.501.365 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Боржигон овогт Аийн Гыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар А.Гыг 5 /тав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. А.Гад оногдуулсан 5 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. А.Гыг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн цагдан хорьсон болохыг дурдаж,

түүний цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар

А.Гаас 644.000.000 /зургаан зуун дөчин дөрвөн сая/ төгрөг гаргуулж хохирогч Б.Мт олгосугай.

 

7. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар

“Б Н” ХХКомпани болон ашигт малтмал ашиглалтын тусгай “Зөвшөөрөл”-ийн эзэмшигч нь Будын М болохыг тогтоож,

Улсын бүртгэлийн 9011081071 дугаартай, 5111145 регистрийн дугаартай “Б Н” ХХКомпаний Улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт,

Ашигт малтмалын газраас “Б Н” ХХКомпанид олгогдсон, Булган аймаг, Дашинчилэн сум, Бүдүүн ухаа нэртэй газарт орших, 137.98 гектар талбай бүхий, улсын бүртгэлийн 9011081071 тоот гэрчилгээтэй, ашигт малтмал ашиглалтын MV-016867 дугаартай тусгай Зөвшөөрөл-д өөрчлөлт оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус үүрэг болгож даалгасугай.

 

8. Улсын бүртгэлийн гэрчилгээ, ашигт малтмал ашиглалтын тусгай Зөвшөөрөлд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор

“Б Н” ХХКомпаний шилжилт хөдөлгөөнд түр хугацаагаар хориг тавьсан мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг,

“Б Н” ХХКомпаний эзэмшлийн, Булган аймаг, Дашинчилэн сум, Бүдүүн ухаа нэртэй газарт орших, 137.98 гектар талбай бүхий, улсын бүртгэлийн 9011081071 тоот гэрчилгээтэй, ашигт малтмал ашиглалтын лицензний шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг,

 

түүнчлэн “Б Н” ХХКомпаний алтны уурхайг үйл ажиллагаа явуулж буй газарт нь холбогдох эд хөрөнгүүдийн хамт битүүмжилсэн /үүнд: 63-37 УБЭ улсын дугаартай, улаан өнгөтэй, Киа маркийн автомашин, 29-60 УНГ улсын дугаартай, цэнхэр өнгөтэй, Киа пронтер маркийн автомашин, LW-500F загварын, шар өнгөтэй ковш трактор гэх мэт/ прокурорын 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

9. Прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн:

91-99 УНК улсын дугаартай, FORD EXPLORER маркийн автомашины,

88-84 УБР улсын дугаартай, BENZ S500 маркийн автомашины,

47-20 УБВ улсын дугаартай, FORD F-150 (Raptor) маркийн автомашины,

00-15 УНР улсын дугаартай, BENZ 320SEL маркийн автомашины битүүмжлэлүүдийг тус тус хэвээр үлдээж,

тэдгээрийг хохиролд тооцуулахаар шүүхэд ирүүлсэн Г.Энхжин эзэмшигчтэй, 91-99 УНК улсын дугаартай, FORD EXPLORER маркийн автомашины Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, уг автомашины түлхүүр,

Г.Тэнүүн эзэмшигчтэй, 88-84 УБР улсын дугаартай, BENZ S500 маркийн автомашины Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, уг автомашины түлхүүр зэргийн хамт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

10. А.Гын зээлийн барьцаанд тавьсан гэх шүүхэд хэргийн хамт ирүүлсэн онцлог шинж нь: “зааны ясан халбагатай, түмэн насан хээн тавтай, алтан нуухтай, чулууны өнгөөр будсан, далайн цагаан шүрэн толгой” бүхий номин чулуун хөөрөг 1 ширхэг, зүү ороож оёсон шар эрээн өнгийн хөөрөгний даалин,

хохирогч Б.Мт хадгалагдаж байгаа “алтан” гэх аяга зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гад буцаан олгосугай.

 

11. Эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Гыг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

      

                              ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.ЖАНЧИВНЯМБУУ