Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 509

 

 

Ч.Оргилболд, Б.Бат-Оргил, Б.Пүрэвзүн, А.Алтантулга,

Ц.Адъяасайхан, Б.Ганцоож нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийншүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Тогтох,

Ялтан Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарын өмгөөлөгч Ш.Сарангэрэл, Д.Март,

Ялтан Ч.Оргилболд, Б.Бат-Оргил нарын өмгөөлөгч С.Батзаяа,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Ц.Цэлмэг, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 3А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарын өмгөөлөгч Ш.Сарангэрэл, Д.Март нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Оргилболд, Б.Бат-Оргил, Ц.Адъяасайхан, Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, А.Алтантулга нарт холбогдох эрүүгийн 201401080517 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол овогт Чулуунхүүгийн Оргилболд, 1997 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн 8 дугаар гудамжны 332 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УД97090518/,

2. Бэсүд овогт Бат-Эрдэнийн Бат-Оргил, 1997 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 31 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УД97111611/,

З. Жаргалант овогт Батдэлэгийн Пүрэвзүн, 1996 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 11 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УШ96100351/,

4. Гурван Хар овогт Алтанцэцэгийн Алтантулга, 1997 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 5 дугаар гудамжны 405 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УД97010919/,

5. Бичээч овогт Цэвээнсайханы Адъяасайхан, 1996 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Батлан Хамгаалахын Их сургуулийн Цэргийн инженерийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 35 дугаар байрны 9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УД96042113/,

6. Эрхэт овогт Болорцогтын Ганцоож, 1995 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, Улаанбаатар Их сургуулийн Аялал жуулчлалын менежерийн ангийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 2, эхийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 3 дугаар гудамжны 681 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УД95090118/,

А.Алтантулга, Б.Пүрэвзүн, Б.Ганцоож, Ц.Адъяасайхан, Б.Бат-Оргил, Ч.Оргилболд нар нь 2014 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, бүлэглэн Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөршандын 5 дугаар гудамжинд Б.Батмөнхийг газар унаган эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож, биед нь “тархи доргилт, чих, нүүрний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, мөнгө, хэтэвч, ХААН болон Төрийн банкны виза карт зэргийг дээрэмдэн авч, 44.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Дүүргийн 4 дүгээр прокурорын газраас Ч.Оргилболд, Б.Бат-Оргил, Ц.Адъяасайхан, Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, А.Алтантулга нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Бат-Оргил, Ч.Оргилболд, А.Алтантулга, Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвзүн, Б.Ганцоож нарт эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 1 хоногийн хугацаатай хорих ялаар,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Адъяасайханыг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 1 хоногийн хугацаатай хорих ялаар,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Бат-Оргил, Ч.Оргилболд, А.Алтантулга нарыг эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаатай хорих ялаар ял тус тус шийтгэж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Пүрэвзүн, Б.Ганцоож нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Ц.Адъяасайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 5 жил 1 хоногийн хугацаатай хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасч үлдэх 3 жил 1 хоногийн, Б.Бат-Оргил, Ч.Оргилболд, А.Алтантулга нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүрийг 3 жил 5 сарын хугацаатай оногдуулсан хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасч, 1 жил 5 сарын хугацаатай хорих ялыг тус тус биечлэн эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Ганцоож, Ц.Адъяасайхан, Б.Пүрэвзүн нарт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаатай хорих ялыг, Ч.Оргилболд, Б.Бат-Оргил, А.Алтантулга нарт оногдуулсан 1 жил 5 сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Бат-Оргил, Ч.Оргилболд, Б.Пүрэвзүн, Б.Ганцоож нарын цагдан хоригдсон тус бүр 165 хоног, Ц.Адъяасайханы цагдан хоригдсон 29 хоног, А.Алтантулгын цагдан хоригдсон 384 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Бат-Оргил, Ч.Оргилболд, А.Алтантулга, Б.Пүрэвзүн, Б.Ганцоож, Ц.Адъяасайхан нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн “Toyota Ist” загварын УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Д.Цэрэндуламд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Б.Бат-Оргил, Ч.Оргилболд, А.Алтантулга, Б.Пүрэвзүн, Б.Ганцоож, Ц.Адъяасайхан нараас тээврийн хэрэгслийн үнэ болох тус бүр 800.000 төгрөгийг, нийт 4.800.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бат-Оргил, Ч.Оргилболд, Б.Пүрэвзүн, Б.Ганцоож, А.Алтантулга,Ц.Адъяасайхан нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарын өмгөөлөгч Ш.Сарангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нар дээрэмдэх гэмт хэрэгт хатгагч, хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн бөгөөд шүүгдэгч нар хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хохирлоо сайн дураараа төлсөн байдал болон хувийн байдлын хувьд засарч хүмүүжих боломжтой өсвөр насны залуучууд бөгөөд үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, мөн хохирогч Б.Батмөнхөд шүүхийн өмнөх шатанд хохирлоо төлсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлсэн, шүүх гэм хорыг арилсан гэж үзсэн зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1дэх хэсэгт заасныг хэрэглэх бүрэн боломжтой байна.Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч нарт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул бусад оролцогч нараас ялгаатай ял оногдуулсан, шүүх тэднийг гэм буруутайд тооцох шийдвэрээ хүлээн зөвшөөрөөгүй учраас ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйл дэх “Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим”, 6 дугаар зүйл дэх “Шударга ёсны зарчим”-ыг удирдлага болгоогүй гэж үзэж байна.Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарт оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарын өмгөөлөгч Д.Март давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, дүгнээгүй, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэн заалтыг зөрчиж зөвхөн шүүгдэгч нарын мэдүүлэгт тулгуурлан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүх хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлсэн гэж үзэх боломжгүй юм. Учир нь Б.Пүрэвзүн дээрэм хийхийг эхэлж санаачилсан, “энд хүн бууж ирж байна, та нар буучих гэж хэлсэн” гэх шүүгдэгч А.Алтантулга, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Бат-Оргил нарын мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар батлагдаагүй, харин эсрэгээр шүүгдэгч А.Алтантулга, Ч.Оргилболд нар дээрэм хийх санааг гаргасан, А.Алтантулга нь “цохио хийе, дээрэм хийе” гээд тэднийг хориглосон Б.Ганцоож, Ц.Адъяасайхан нарт “бид нар өөрсдөө араа даана, та нарт хамаагүй” гэсэн гэх Б.Пүрэвзүн, Б.Ганцоож, Ц.Адъяасайхан нарын мэдүүлэг болон хохирогч Б.Батмөнхийн “өөрийнхөө гудамжинд явж байтал араас татаж унагаагаад 2-3 хүн толгой, тархи руу өшиглөөд, хэтэвч аваад явсан” гэх мэдүүлгүүдээр үйлдэл холбогдол нь няцаагддаг. Мөн Б.Ганцоож, Б.Пүрэвзүн нарыг тухайн гэмт хэргийг үйлдэхэд нь бусад шүүгдэгч нарыг ятгаж, өөрийн санаа бодлыг итгүүлж үнэмшүүлэх, бусад шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхэд эргэлт буцалтгүй болгоход чиглэсэн ухуулгыг ямар идэвхитэй үйлдлээр хийсэн, хэрэв хийсэн бол ямар үг, үйлдлээр илэрсэн,Ц.Адъяасайхан нь хэрэгт хамжигчаар ямар байдлаар оролцсон талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг шүүх хийлгүй хэт яллах талыг баримтлан шүүгдэгч нарын оролцоог нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үнэлэлгүй Б.Пүрэвзүн, Ганцоож нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, Ц.Адъяасайханыг мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллаж хэргийг шүүх шийдвэрлэсэн байна.Иймд шүүгдэгч Б.Пүрэвзүн, Ганцоож, Ц.Адъяасайхан нарын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, түүнийг мөрдөн байцаалтын явцад шалгасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх заалтыг баримталж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.4 дэх хэсэгт зааснаар Б.Пүрэвзүн Б.Ганцоож, Ц.Адъяасайхан нарт холбогдох эрүүгийн хэргээс тэдгээрийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэв.

Ялтан Ч.Оргилболд, Б.Бат-Оргил нарын өмгөөлөгч С.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгах үндэслэл уг хэрэгт байхгүй тул анхан шатны шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Прокурор Б.Тогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч Ш.Сарангэрэл, Д.Март нарын гаргасан гомдлуудыг хүлээн авах боломжгүй. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шүүхийн хэлэлцүүлгээр хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

А.Алтантулга, Б.Пүрэвзүн, Б.Ганцоож, Ц.Адъяасайхан, Б.Бат-Оргил, Ч.Оргилболд нар нь 2014 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, бүлэглэн Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөршандын 5 дугаар гудамжинд Б.Батмөнхийг газар унаган эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож, биед нь “тархи доргилт, чих, нүүрний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, мөнгө, хэтэвч, ХААН болон Төрийн банкны виза карт зэргийг дээрэмдэн авч, 44.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч Б.Батмөнхийн “...2014 оны 11 дүгээр сарын 29-ний орой Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байх найзындаа пиво ууж байгаад 01 цагийн орчим найзынхаасаа гараад Өвөршандын гэр хороололд байх гэртээ харихаар Уурхайчдын гудамжнаас гарч ...Өвөршандын 5 дугаар гудамжны 2 тоот хашааны ойролцоо явж байтал хойноос хэдэн залуучууд хүрч ирээд нэг нь намайг боож унагаагаад тал талаас дэвсээд, нүүр, нүдгүй цохиж зодсон. Тэгээд хүрэмний доторх саарал цамцны гадна халаасанд байсан бор өнгийн хэтэвчийг аваад явсан. Тэднийг зугтаагаад гудамж уруудаад явахаар нь хойноос нь хөөж байтал Өвөршандын 4 дүгээр гудамжны үзүүрт цагаан өнгийн 6989 УБС улсын дугаартай жижиг машин зогсож байсан. Уг машинд бүгдээрээ суухаар нь номер дугаарыг нь хараад цагдаад дуудлага өгсөн. ...Том биетэй 5-аас 6 залуу байсан. Тэд бүгдээрээ намайг зодсон...” /1-р хх-11/,

Ц.Адъяасайханы сэжигтнээр өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 29-ний орой гэртээ унтаж байхад ...Оргилболд намайг дуудаад “гараад ир” гэсэн ба Ганцоож, Алтантулга нарын хамт Ганцоожийн машинтай явж байсан. Би машинд нь суугаад 1 дүгээр хорооны дэлгүүрээс 2.5 литрийн 4 ширхэг пиво авсан. Пиво ууж дуусгаад байж байтал Бат-Оргил Алтантулга руу залгаад “уулзъя” гэхээр нь түүнийг очиж авсан. Пүрэвзүн “хотоос ирлээ” гээд машинд суусан. Пиво ууж дуусгаад машинтай явж байтал Пүрэвзүн “цохио хийцгээе, дээрэм хийе” гэж ярьсан. Бат-Оргил, Алтантулга, Оргилболд гурав “тэгье” гэж дэмжихэд Ганцоож хэрэггүй, урд нь хэрэгт холбогдож байсан дэмий юм байна лээ гэсэн. Бат-Оргил, Алтантулга, Оргилболд гурав өнөөдөр хагас сайн өдөр уурхайчид цалингаа аваад баян байгаа гэж ярьсан. Тэгээд уруудаад явж байтал гэрэл ойлгогчтой хувцас өмссөн, уурхайчин гэмээр согтуу хүн 1 дүгээр хорооноос гарч ирээд зам хөндлөн гараад Өвөршандын гэр хороолол руу орох үед Бат-Оргил, Алтантулга, Оргилболд гурав “энд зогс, бууя” гэсэн. “Хэрэггүй” гэхэд тэд “баригдсан ч та нарыг чирэхгүй” гээд машинаас буугаад явсан.  Өвөршандын 5 дугаар гудамжны ойролцоо баруун гар тийш эргээд гудамжны үзүүрт очиход Бат-Оргил, Алтантулга, Оргилболд гурав гүйж ирээд машины хойд талын суудал дээр сууцгаагаад “хурдан яваарай, зугтаарай” гэсэн. Тэгээд Бат-Оргил “түрүүний хүнийг цохиж унагаагаад хэтэвчийг нь авчихлаа, хэтэвчинд нь 15.000 төгрөг, түүнээс гадна хэдэн 100 төгрөг байна” гэсэн. ...Цайзын дэлгүүрээс пиво, тамхи зэргийг аваад Голомт цогцолбор сургуулийн урд талд явж байгаад цагдаад баригдсан...” /1-р хх-95/,

 Б.Ганцоожийн сэжигтнээр өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 29-ний орой 17 цагийн орчим өөрийн эзэмшлийн 6989 УБС улсын дугаартай машинаа унаж гараад найз Оргилболдтой хамт Алтантулгыг гэрээс нь авсан. 1 дүгээр хорооны дэлгүүрээс 2.5 литрийн 4 ширхэг пиво аваад машин дотроо ууцгаасан. Алтантулга руу Бат-Оргил залгаад бид түүнийг очиж авсан. ...Тэгээд буцаад явж байтал 1 дүгээр хороо болон Өвөршанд хоёрын дунд талын засмал замаар уруудаж байхад уурхайчин гэмээр нэг хүн согтуу байдалтай явж байсан. Алтантулга өнөөдөр хагас сайн өдөр, уурхайчдын цалин бууна, мөнгөтэй гэвэл уурхайчид л байгаа гэж ярьж байсан. Түүний хойноос Бат-Оргил, Алтантулга, Оргилболд гурав явах гэхэд нь хэрэггүй гэж анхааруулж хэлсэн. Тэд “бид араа даана, зүгээр” гээд явсан. Адъяасайхан машин жолоодож явсан. Өвөршандын 5 дугаар гудамжнаас баруун гар тийш эргээд гудамжны үзүүрт очингуут Бат-Оргил, Алтантулга, Оргилболд гурав гүйж ирээд машинд суусан. Тэд “хурдан яваарай” гэсэн. Явж байхад Алтантулга, Оргилболд хоёр боож унагаагаад Бат-Оргил хэтэвчийг нь авсан гэж ярьцгааж байсан. Хэтэвчин дотор нь байсан 15.000 төгрөгөөр нь дэлгүүрээс пиво, тамхи авсан. Тэгээд төв рүү явж байгаад цагдаад баригдсан...” /1-р хх-99/,

Б.Пүрэвзүний сэжигтнээр өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн орчим Улаанбаатар хотоос Налайх дүүрэгт ирсэн. Найз Ганцоожоос “танайд хонож болох уу” гэхэд “болно” гэсэн. Ганцоожийн гэр лүү 1 дүгээр хорооны зүг явж байхад Ганцоож машинтайгаа Адъяасайханы хамт ирсэн. Ганцоож, Бат-Оргил, Алтантулга, Оргилболд нарын хамт пиво ууцгаасан. ...Өвөршандын 1 дүгээр хороо, цайз руу уруудах замаар явж байхад нэг согтуу хүн явж байсан. Алтантулга, Оргилболд, Бат-Оргил гурав машинаас буугаад нөгөө хүний хойноос явсан. Өвөршандын 4 дүгээр гудамжны үзүүрт байж байхад нөгөө гурав гүйгээд ирсэн. Хэтэвчинд байсан 15.000 төгрөгөөр дэлгүүрээс пиво, тамхи авсан. Тэгээд Голомт цогцолбор сургуулийн урд талд явж байхад цагдаа саатуулсан...” /хх-103/,

Ц.Оргилболдын насанд хүрээгүй байхдаа сэжигтнээр өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 29-ний орой 18 цагийн үед Ганцоожийн хамтаар Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байх Алтантулгынд Ганцоожийн машинтай очсон. ...Ганцоож Адъяасайханыг пиво уухгүй юм чинь машин жолоодоорой гэсэн. ...Алтантулга, Бат-Оргил хоёр машинаас буугаад намайг дуудсан. Яасан гээд буухад тэр ахыг зодож, мөнгийг нь авъя гэсэн. Тэгэхээр нь би хойноос нь очоод нөгөө ахыг татахад унаагүй. Тэгтэл хойноос Алтантулга, Бат-Оргил нар хүрч ирээд тэр ахыг унагаасан. Тэгэхээр нь би түүний хоёр гарыг нь дарж байхад Бат-Оргил халаасыг нь ухаж хэтэвчийг нь авсан. Тэгээд зугтаагаарай гэхээр нь зугтаагаад машинд очиж суусан. Бат-Оргил хэтэвчинд 15.000 төгрөг байна гэж байсан. Тэр мөнгөөрөө дэлгүүрээс пиво, тамхи авсан. Төв рүү явж байгаад Голомт цогцолборын сургуулийн урд талаас цагдаа нарт баригдсан...” /хх-110/,

Б.Бат-Оргилын насанд хүрээгүй байхдаа сэжигтнээр өгсөн: “...Пүрэвзүн “хүн цохиж, дээрэм хийх үү” гэхэд Алтантулга “тэгэх үү” гэсэн. Алтантулга надаас “өнөөдөр хагас сайн өдөр уурхайчдын цалин бууж байгаа бил үү” гэхээр нь “тийм байхаа, мэдэхгүй” гэхэд “тэнд нэг согтуу хүн явж байна, бууя” гэсэн. Тэр үед Ганцоож “яах гэж байгаа юм бэ” гэхээр нь “зүгээрээ” гээд унтаж байсан Оргилболдыг цааш нь татаад буусан. Тэгээд зам хөндлөн гарч явсан малгайтай цамцтай, ажлын хувцас өмссөн хүнийг гудамж руу оронгуут нь хойноос нь Оргилболд очоод малгайнаас нь татаад газар унагаасан. Тэгээд бид гурав нөгөө хүнийг тал талаас нь өшиглөсөн. Би хүрэмнийх нь гадна халаасанд байсан хэтэвчийг нь авсан. Алтантулга хэтэвчийг аваад дотор нь байсан мөнгийг нь аваад хэтэвчийг нь надад буцааж өгсөн. Цайз руу очиж пиво, тамхи аваад тэндээсээ хөдлөөд Голомт цогцолбор сургуулийн урд талд явж байгаад цагдаад баригдсан. Анх хүн дээрэмдэх санааг Пүрэвзүн гаргаад Алтантулга дэмжсэн. Пүрэвзүн анх хүн дээрэмдэх санааг гаргачихаад машинд суугаад үлдсэн...” /1-р хх-117/,

А.Алтантулгын насанд хүрээгүй байхдаа сэжигтнээр өгсөн: “...бид нар “Цээпил” дэлгүүрээс 2.5 литрийн пиво 2 ширхэгийг аваад Налайхын ойролцоо очиж ууцгаасан. Налайхын төв орох гээд явж байхдаа “хүн дээрэмдэх” талаар ярилцсан. Бид нар мөн өнөөдөр хагас сайн өдөр уурхайчдын цалин буусан мөнгөтэй байгаа талаар ярилцаад 1 дүгээр хороо, Өвөршандын гэр хорооллын дундуур цайз руу явдаг засмал замаар хойшоо явж байхад уурхайн хувцастай хүн гарч ирээд зам хөндлөн гараад Өвөршандын гэр хороолол руу орж байгаа харагдсан. Урд талын суудал дээр сууж байсан Пүрэвзүн, Адъяасайхан хоёрын нэг нь “та гурав буух юм уу” гэж асуусан. Тэгээд бид нар бууцгаасан. ...буугаад согтуу хүний хойноос дагасан. Тэр хүнийг гудамж руу оронгуут нь Оргилболд хойноос нь очоод хоолойгоор нь тэвэрч аваад унагаасан. Түүнийг унангуут нь бид гурав тал талаас нь өшиглөсөн. Тэр үед Бат-Оргил нөгөө хүний халааснаас нь хэтэвчийг нь аваад зугтаахад нь Оргилболд бид хоёр хойноос нь гүйгээд ...машиндаа суугаад явцгаасан. Дэлгүүр орохын өмнө хэтэвчийг үзэхэд 15.250 төгрөг, иргэний үнэмлэх, 2 ширхэг виза карт зэрэг эд зүйлүүд байсан. ...дэлгүүрээс пиво, тамхи авсан. Бид нар Голомт цогцолбор сургуулийн урд байж байгаад цагдаад баригдсан. Адъяасайхан, Ганцоож, Пүрэвзүн нар хүн дээрэмдэх талаар урд нь ярилцсан. Хүн дээрэмдэх үед машин дотроо үлдсэн. ...Ганцоож “биднийг больцгоо” гэж анхааруулж байсан...” /1-р хх-124/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 08 шэ/494 дүгээр шинжээчийн “Б.Батмөнхийн биед тархи доргилт, чих, нүүрний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /1-р хх-26/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-150/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /2-р хх-6/, автомашин үнэлсэн тухай тайлан /2-р хх-9-10/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд цугларсан нотлох баримтуудын хүрэлцээ хангалттай, эдгээр хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар Ч.Оргилболд, Б.Бат-Оргил, Б.Пүрэвзүн, А.Алтантулга, Ц.Адъяасайхан, Б.Ганцоож нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, зүйлчлэл зөв, шүүхээс түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна.

Анхан шатны шүүх Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Адъяасайханыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан нь Эрүүгийн хуульд нийцсэн төдийгүй ял оногдуулах нийтлэг зарчимд үндэслэгдсэн байх бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

Гэвч ялтан Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарын өмгөөлөгч Ш.Сарангэрэл давж заалдах шатны шүүхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн хүсэлтээ ирүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарын үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн Б..Ганцоож, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул тэдэнд оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй байна.

Иймд ялтан Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарын өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан гомдлыг хүлээн авч, өмгөөлөгч Д.Мартын “Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 3А дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

             2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвзүн, Б.Ганцоож нарт эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 1 хоногийн хугацаатай хорих ялаар,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Адъяасайханыг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 1 хоногийн хугацаатай хорих ялаар...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 551 дүгээр зүйлийн 551.1дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвзүн, Б.Ганцоож нарыг тус тус эд хөрөнгийг хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 551 дүгээр зүйлийн 551.1дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Адъяасайханыг эд хөрөнгийг хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар...” гэж өөрчилж,

             3 дахь заалтын “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Пүрэвзүн, Б.Ганцоож нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Ц.Адъяасайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 5 жил 1 хоногийн хугацаатай хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасч үлдэх 3 жил 1 хоногийн...” гэснийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Пүрэвзүн, Б.Ганцоож нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Ц.Адъяасайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасч, Б.Пүрэвзүний үлдэх 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Б.Ганцоожийн үлдэх 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Ц.Адъяасайханы үлдэх 2 жилийн хугацаагаар хорих ялыг...” гэж өөрчилж,

             4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Ганцоож, Ц.Адъяасайхан, Б.Пүрэвзүн нарт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаатай хорих ялыг...” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Ганцоож, Ц.Адъяасайхан, Б.Пүрэвзүн нарт тус тус оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг…” гэж тус тус өөрчилж,

Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

              2. Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарын өмгөөлөгч Д.Мартын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ОЧМАНДАХ

 

                   ШҮҮГЧИД                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                Н.БАТСАЙХАН