Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 201

 

  Д.Х-ын нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газарт

 холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                      Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                        Г.Банзрагч

                                        Б.Мөнхтуяа

                                        Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:               Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ажлаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0100 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2019/0216 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Д.Х-а, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд, Л.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянгын өмгөөлөгч Б.Баатарсайхан нар,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0100 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.4, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1, 40.2.3, 40.2.4, 40.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Х-ыг урьд эрхэлж байсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх 8,973,123 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг суутган 8,053,922 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүрэгтэйг дурдаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2019/0216 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0100 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Д.Х-а хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0100 дугаар шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2019/0216 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянгын гаргасан “Архивын ерөнхий газрын даргын албан тушаалд Д.Х-ыг хууль зөрчиж томилсон талаар”, “Архивын ерөнхий газрын даргын албан тушаалаас Д.Х-ыг чөлөөлөх болсон шалтгаан, үндэслэлийн талаар” гэх гомдлын хүрээнд хэрэг маргааныг хянаагүй байна. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг хянах боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хянаж, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4, 121 дүгээр зүйлийн 121.2.2, 121.3.4-д нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав” гэжээ. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 "Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэсэн хуулийн заалтыг биелүүлэлгүй зөрчсөн байна. “Хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдол” бий болсон гэж үзэх үндэслэлгүй байхад хуулийн заалтыг зөрчиж, хариуцагч талын давж заалдах гомдлын дагуу хянах боломжгүй гэж шийдвэрлэсэн нь хууль бус болжээ. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж заасныг зөрчжээ.

5. Магадлалд “...Шүүх үйл баримтыг тогтоогоогүй байтлаа хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн гэсэн нь буруу байна гэх дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй бөгөөд магадлалын хянавал хэсгийг бүхэлд нь авч үзвэл анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу цуглуулсан, үнэлээгүй гэж эрс буруутгахад чиглэсэн нь өрөөсгөл, харин ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх боломжтой байтал тэдгээрийг анхаарч үзэлгүй, үндэслэлгүй шийдвэрлэжээ.

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Ажлаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 тоот тогтоол нь эрх зүйн зохицуулалтын хувьд оновчгүй хэм хэмжээг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль хэрэглээний илэрхий алдаатай, үндэслэлгүй гарсан акт гэдэг нь тодорхой байхад асуудлын голыг оносон дүгнэлт хийгээгүй, шийдвэрийг хэвээр үлдээх боломжтой атал хүчингүй болгож, хэт нэг талыг баримтлан шийдвэрлэжээ.

7. Маргаан бүхий 194 тоот тогтоолд “Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Архивын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэн Засгийн газраас тогтоох нь: Дамдинсүрэнгийн Хоролдамбыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж хууль хэрэглээний илэрхий алдаанууд гаргасан байдаг. Тухайлбал: Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Засгийн газарт эрх олгосон заалт бөгөөд энэ тухай хэрэгт тодорхой тайлбар хийсэн. Архивын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Үндэсний архивын газрын даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь архивын байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө” хэмээн мөн л Засгийн газарт эрх олгосон заалт юм. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөх хуулийн үндэслэл болохгүй. Учир нь “Архивын тухай хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ" гэж тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заажээ. Гэтэл маргаан бүхий Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгээгүй байдаг.

8. Мөн Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т "энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн этгээдийг төрийн албанаас халах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох" гэсэн заалт юм. Тус зохицуулалтын агуулга нь “энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн” байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, авилга, албан тушаалын зөрчлийг удаа дараа гаргаж, тэр нь тогтоогдон арга хэмжээ авагдсан, авлигын зөрчилтэй нөхцөлд шийдвэр гаргасан байхыг шаардах бөгөөд хэрэв тэр нь тогтоогдвол “төрийн албанаас халах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох” гэж тодорхой заажээ. 194 дүгээр тогтоолд хэрэглэсэн Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3 дахь заалт нь “төрийн албанаас халах” гэж заагдсан байтал “Ажлаас чөлөөлөх тухай”, “даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй" гэхчлэн “ажлаас чөлөөлөх”, “чөлөөлөх” гэсэн нэр томъёог тус бүр 2 удаа хэрэглэж, хуулийн хоёр өөр ойлголтыг нэг тогтоолд зөрчилдүүлжээ. Энэ нь хууль хэрэглээний илэрхий алдаатай эрх зүйн акт болсныг тодорхой, давхар нотлон харуулдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх огт анхаарал хандуулаагүй, хэргийн бодит нөхцөл байдал, маргаан бүхий актын хууль хэрэглээний алдаа зэргийг хайхарч үзээгүй хэт нэг талыг баримталсан. Хэрэв Авлигын эсрэг хуулийн 33.1.3 дахь заалтыг үндэслэсэн бол тухайн хуулийн 7 дугаар зүйлд заасан авлигын зөрчил гаргах асуудал үүснэ. 7 дугаар зүйл дэх авлигын зөрчил нь эрх зүйн зөрчлийн нийтлэг шинжийг агуулах бөгөөд уг зүйлд заасан зөрчил гаргаж, тэр нь нотлогдсон бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс бус ажлаас чөлөөлөх эрх зүйн боломжгүй, бодит байдалд тийм хэрэг зөрчлүүд гараагүй, хуулийн дагуу зөрчил тогтоож арга хэмжээ аваагүй байдаг. 7 дугаар зүйлийн 7.1.1-ээс 7.1.8 хүртэлх 8 өөр агуулгатай заалтыг бүхэлд нь хамруулж, хэрхэн зөрчигдсөнийг баримтаар нотолж чадаагүй атлаа Засгийн газрын 194 дүгээр тогтоолын үндэслэл болгосон зэрэг нь Монгол Улсын захиргааны эрх зүйн практикт гарсан хууль хэрэглээний алдаа гаргасан.

9. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйл нь “Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага” нэртэй. Хэм хэмжээний заалтыг санкцаар хангасан. Тэр нь 70.1 гэсэн ганц заалттай. Уг зохицуулалтын агуулга нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх харилцааг шууд зохицуулаагүй. Харин Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж хэрэглэх ёстой хуулийг тусгайлан, нарийвчлан зааж, зохицуулж өгсөн байхад хариуцагч бүдүүлгээр зөрчсөн байдаг. Тодруулбал, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хүлээлгэнэ” гэсэн байхад Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгээгүй байдаг.

10. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.3-т “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэсэн хуулийн заалтыг хариуцагч ханган биелүүлээгүй учир маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх халах, сахилгын шийтгэл ногдуулж байгаагийн алин болох нь тодорхой бус болжээ. Түүнчлэн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д “Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах”, 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж хуульчилсныг хариуцагч зөрчсөн байдаг.

11. Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...шударга ёс, ...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх", 40 дүгээр зүйл 40.1-д “төрийн албан хаагчийг “...албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих"-ийг хориглосон эрх зүйн зохицуулалтуудыг үл хэрэглэн, хууль бус акт гаргаж, холбогдох хуулиудыг зөрчсөн байна. Үүнээс болж Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан “Шударга ёс...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн суурь зарчим алдагдсан. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “чөлөөлөх” үндэслэлүүдийг зааж өгсөн байхад төрийн жинхэнэ албан хаагчийг уг хуулийн ямар үндэслэлээр чөлөөлж байгаа талаар хуулийн заалтыг заагаагүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “Хуульд үндэслэх”, 4.2.5-д “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн тусгай зарчмуудыг хариуцагч тал илт зөрчсөн нь тодорхой байна.

12. Үүнд хяналт тавихад бие даасан захиргааны шүүх, эрх зүйн зохицуулалттай байхын утга учир оршино гэдгийг хууль сахиулах үүрэгтэй Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн Газар анхаарч үзэлгүй төрийн албан хаагчдаа хууль бусаар халж чөлөөлснөөс “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх” зарчим алдагдахад хүрч, Архивын ерөнхий газрын мэргэжлийн удирдлагыг мэргэжлийн бус болоод байна.

13. Засгийн газрын 194 дүгээр тогтоол хууль зүйн үндэслэлгүй, эрх зүйн зохицуулалтын хувьд оновчгүй хэм хэмжээг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй “алдаатай гарсан акт” гэдгийг анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0100 дугаар шийдвэрээр тодорхой зааж, бодитой дүгнэлт хийсэн байдаг. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т ”захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасанд нийцсэн, үндэслэлтэй байна. Мөн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн шийдвэрийн агуулга хэсгийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон ...захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасны дагуу шийдвэрээ гаргасан байхад давж заалдах шатны шүүх бүхэлдээ хууль бус мэт асуудалд бодитой хандалгүй хэт нэг талыг барьж шийджээ. Хэдийгээр давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг дүгнэх эрхтэй, энэ утгаараа анхан шатны шүүхийн орхигдуулсан юм уу буруу дүгнэсэн асуудлыг тодруулж, зөв болгож, нэмж дүгнэлт хийх эрхтэй ч энэ нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэхэд хамгийн чухал ач холбогдолтой дүгнэлтийг авч хэлэлцэхгүй гэсэн үг биш юм.

14. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд “...зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах”, “ажлаас нь халах” зохицуулалттай байна гэж “халах” зохицуулалттай байсныг “төрийн албанаас чөлөөлж” эрх зүйн зохицуулалтын хувьд оновчгүй хэм хэмжээг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, үндэслэлгүй алдаатай гарсан акт гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн дээрх гомдлоос 1 сарын өмнө буюу 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанд бичгээр өгсөн тайлбартаа “нийтийн албанаас халах”, “ажлаас нь халах” зохицуулалттай байсан, “Д.Х-ыг Авилгын эсрэг хуулийн 33.1.3-т заасныг үндэслэсэн төрийн албанаас халах байтал түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар буюу Засгийн газрын 194 дүгээр тогтоол эх ёстой. Д.Х-ыг Архивын ерөнхий газрын үүрэгт ажлаас “чөлөөлсөн” байна гэж маргаан бүхий 194 дүгээр тогтоолоо удаа дараа буруутган няцааж, бичгээр тайлбарласан байдаг. Энэ тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хэлэхдээ “Д.Х-ыг ажлаас нь халахаар байсныг эрх зүйн байдлыг нь дээрдүүлж ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Энэ тайлбараар Засгийн газрын тогтоол хууль бус, үндэслэлгүй гэдэг нь нотлогдож байна гэж ойлгохоор байна” хэмээн дахин тодотгосон.

15. Хариуцагч тал хуулийг зөв хэрэглэж чадаагүй, хэрэглэх ёстой хуулийг ч хэрэглээгүй, хууль хэрэглээний илэрхий алдаатай зохицуулалтуудыг оруулж хэрэглэсэн. Засгийн газар хариуцагчаар татагдаад ирэхээрээ өөрөө маргаан бүхий актаа буруутгаж, уг актаасаа зөрсөн эсрэг тайлбар удаа дараа хийж, маргаан бүхий актаа хамгаалах бус харин ч буруу зөрүү юм ярьж, хөглөөд байгаа нь дээрх гомдлоос илэрхий байхад давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгт давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг хянах боломжгүй байх тул...” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянгын үндэслэлгүй гомдлоос “тойрч”, тэдний алдаатай гомдлыг гуйвуулан өнгөрөөхийг оролдож, үндэслэлгүй шийдвэр гаргасныг эрс эсэргүүцэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах”, 11 дүгээр зүйлийн 11.1-т “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль ...бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэх зэрэг заалтад нийцээгүй байна.

16. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт дурдсан дараах зүйлд “Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “хэрэг зөрчил гаргаагүй бөгөөд энэ нь тогтоогдоогүй буюу нотлогдох боломжгүй”, “...нарыг өргөдлөө өгч ажлаас гарахыг хууль бусаар тулган шаардаж, улмаар үүрэгт ажлаас нь чөлөөлж Төрийн албаны хууль зөрчсөн”, “Төрийн архивын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай журмыг дур мэдэн зөрчиж, архивын зарим баримтын хуулбарыг үнэ төлбөргүй олгосон”, “...дур мэдэн дахин томилолтоор ажиллуулах тушаал гарган архивын байгууллагад ажилладаггүй 2 хүнийг бүрэлдэхүүн нь оруулж тэдэнд ирж очих онгоцны тийзээс гадна ажил гүйцэтгэх хуурамч гэрээ байгуулж нийт 1,620,000 төгрөг олгосон”, “сургалтын төлбөр болох 2,125,000 төгрөгийг Удирдлагын академийн данс руу шилжүүлж, Авилгын эсрэг хуулийн ...төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглосон заалтыг зөрчсөн”, “2017 онд нийт албан хаагчдын ажлыг дүгнэхгүйгээр зарим албан хаагчдын урамшууллыг давхардуулан ялгамжтай байдлаар олгосон” зэрэг талуудыг маргаж буй бүхий л үйл баримтад анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй” гэхчлэн өрөөсгөл дүгнэлт хийж, энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримтууд авагдсаныг анхаарч үзээгүй.

17. Хариуцагч тал нэхэмжлэгчийг ажлаас нь хууль зөрчиж, үндэслэлгүй чөлөөлснийг нотлох, бодит байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан боловч давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй, дахин нотлох баримт цуглуулж дүгнэлт өгөх тухай өрөөсгөл шийдвэр гарсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан дээр зөрчлийн асуудлыг хэлэлцэн, тайлбар тодруулга хийлгэхийг оролдож, илтгэгч шүүгч Ц.Цогт нэхэмжлэгчид хандсан асуултдаа “Архивын баримтаас төлбөр мөнгийг нь авалгүй материалуудыг хуулбарлуулсан гэдэг. Энэ талаар тайлбар байна уу” гэж тодруулж, нэхэмжлэгчийн тодорхой хариултыг сонсож, лавласан. Өөрөөр хэлбэл, тус шүүх зөрчил тогтоох гэж шүүх хуралдаанаар авч хэлэлцсэн мэт боловч анхан шатны шүүхийг үйл баримтад үнэлэлт дүгнэлт хийгээгүй гэж буруутгаснаа залруулаагүй, үндэслэл бүхий үнэлж, дүгнэлт хийгээгүй. Нотлох баримтуудыг зааж, цуглуулж шүүхэд өгсөөр байхад шүүгчид зохих ёсоор дүгнэлт хийгээгүйгээс үүссэн бурууг нэхэмжлэгч хүлээж хохирох ёсгүй, энэ нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд харш гэдэг нь тодорхой. Ц.Цогт шүүгчийн асуултад “...970 гаруй хуудас гэх мэт тийм олон хуудас баримтыг би үнэгүй өгүүлээгүй. Сүүлдээ миний нарийн бичгийн даргад хуулбарлаад өгсөн гэдэг болсон. Гэтэл тэр нь үндэслэлгүй юм. Үүний гэрч гээд байгаа хүн саяхан 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал 2017, 2018, 2019 он гээд 3 он дараалан өнгөрөөд байхад гэрч асууж, зөрчил тогтооно гээд 02 дугаар сарын 12-ны өдөр Ё.Батхишиг гэгчийг шүүх гэрчээр асуусан. Тэр хүн “Би 970 хуудас бичгийг нарийн бичгийн даргад нь өгсөн. Нотлох баримт байгаа, шаардлагатай бол нотлох баримтаа гаргаж өгч болно” гэж мэдүүлсэн. Гэтэл жинхэнэ нотлох баримт нь шаардлагатай байхад тэр нотлох баримтаа гаргаж ирээгүй” байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад нэхэмжлэгчийг олон хуудас үнэ төлбөргүй баримтыг хуулбарлуулж, танил талдаа өгсөн гэж буруутгасан нь нотлох баримтаар тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүх үүнийг шүүх хуралдаанаар хөндөж хэлэлцсэн боловч нотолж, үнэлэлт дүгнэлт хийж, шударгаар шийдээгүй. Тухайлбал “...нарыг өргөдлөө өгч ажлаас гарахыг хууль бусаар тулган шаардаж, улмаар үүрэгт ажлаас нь чөлөөлж Төрийн албаны хууль зөрчсөн” гэсэн нь огт үндэслэлгүй тогтоогдоогүй, харин ч дараах үндэслэлүүдээр няцаагдсан баримтууд хэрэгт хангалттай авагдсан. Тухайлбал, Үндэсний төв архивын захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбадрах, Захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Л.Баасанбаяр, Мэргэжил арга зүйн удирдлагын газрын эрдэм шинжилгээний ажилтан Ё.Батхишиг нарын өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэсэн. Хэрэв миний бие эдгээр ажилтныг хууль бусаар ажлаас чөлөөлсөн тушаалууд гаргаад үнэхээр хөдөлмөрийн маргаантай асуудал байсан бол тухайн үедээ шүүхэд хандаж, ажилдаа эргээд тогтоолгож болох байсан нь ойлгомжтой. Тэгээд ч Засгийн газрын 194 тоот маргаан бүхий актын хамрах хүрээнээс хальж, хүмүүсийг ажилд авсан, чөлөөлсөн асуудал энд хамаарахгүй. Тийм ч учраас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны явцад шүүгч Э.Халиунбаяр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандаж “Засгийн газрын 194 тоот тогтоол гаргахдаа та нар энэ байдлаа шалгаж тогтоосон уу?”, шүүгч С.Мөнхжаргал “Өөрсдөө зөрчлийг нотлох баримтаар тогтоосон гэчхээд яагаад одоо нэмж нотлох баримт гэрч авах гээд байгаа юм бэ?” гэсэн асуултууд тавьж байсан нь зүй ёсны юм. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/ШТ2019/0015 дугаар тогтоолд “хариуцагч маргаан бүхий актыг гаргасан шалтгаан, үндэслэлээ өөрөө нотолж, шүүхэд баримтаа ирүүлэх үүрэгтэй атал Архивын ерөнхий газарт Д.Х-ыг ажиллах хугацаанд томилсон, сахилгын шийтгэл хүлээлгэсэн, шагнаж урамшуулсан, албан тушаал бууруулсан, дэвшүүлсэн бүх хүний судалгааг гаргуулах хүсэлт гаргасан нь ойлгомжгүй, захиргааны хэргийн шүүхийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүрэгт хамаарахгүй тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Мөн хэрэгсэхгүй болгосон хүсэлтийн тухайд зарим баримтууд хэрэгт авагдсан тул давхардуулан цуглуулах шаардлагагүй гэж үзсэн нь зөв байх тул уг хүсэлтүүдэд холбогдох гомдлыг хангах үндэслэлгүй” гэж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл 4 сарын дараа давж шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн 216 дугаар магадлал гаргахдаа дээрх шийдвэрээсээ зөрж, зөрчилдсөн байдлаар “нотлох баримт цуглуулах” шаардлага тавьсан нь үндэслэлгүй байна.

18. “Төрийн архивын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай...журмыг дур мэдэн зөрчиж, архивын зарим баримтын хуулбарыг үнэ төлбөргүй олгосон” гэж нэхэмжлэгчийг буруутгахыг оролдсон нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны “Илтгэх хуудас” /2017.11.22/ бодит бус, нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй юм. Үүнд: иргэн Мөнхбаясгаланд олгосон 36 айлын орон сууцны зураг төслийн хуулбарыг үнэ төлбөргүй олгосон гэж намайг буруутгасан нь үндэслэлгүй. Миний бие үнэгүй олго гэж үүрэг өгөөгүй, тушаал, заавар гаргаагүй. Амаар үүрэг огт өгөөгүй. Намайг буруутгахыг оролдож байгаа атлаа хэнд, хэзээ ийм үүрэг өгснийг хариуцагч тал нотолж чадаагүй юм. Мөн шалгалтын илтгэх хуудсанд “13118, 13066 бүртгэлийн дугаар бүхий улс төрийн нам, олон нийтийн байгууллагын “архивын хуулбар” гэж бичсэнийг юу гэж ойлгох вэ, 10 дугаар сарын 03-ны өдөр Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын архиваас гаргасан 13066 дугаартай баримтын хуулбарын 7500 төгрөг, 13118 дугаартай лавлагааны 6000 төгрөг буюу 13500 төгрөг дутаасан гэдэг нь мөн л ойлгомжгүй, батлагддаггүй. “Архивын ерөнхий газрын дарга Д.Х-ын үүрэг болгосны дагуу БНМАУ-ын 1944 оны хүн амын тооллогын нийт 14 аймгийн 970 гаруй хуудас баримтын хуулбарласан талаарх баримт” гэж Хууль зүй, дотоод хэргийн яамны шалгалтын ажлын хэсгийн “Илтгэх хуудас”-д тэмдэглэсэн бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Билгүүний бичсэн “тайлбар”-т “...архивын зарим баримтын хуулбарыг үнэ төлбөргүй олгосон болох нь шалгалтын явцад тогтоогдсон” гэсэн хийсвэр дүгнэлт хийжээ. Ё.Батхишиг “Тайлбар гаргах нь” гэх бичигтээ “Миний бие 2017 оны 9 сараас 10 дугаар сарыг дуустал Архивын ерөнхий газрын дарга Д.Х-ын үүрэг болгосны дагуу БНМАУ-ын 1944 оны хүн амын тооллогын нийт 14 аймгийн 970 гаруй хуудас баримтыг сканердаж хуулбар хийсэн болно” гэжээ. “Хуулбар хийсэн” гэж бичсэн нь яван явсаар “зарим баримтын хуулбарыг үнэ төлбөргүй олгосон” болгож илтгэх хуудсанд өөрчлөн бичсэн байдаг.

19. Хариуцагч тал тийнхүү нэг асуудлаар 2 өөр утга бүхий зөрүүтэй, логикийн хувьд авцалдаагүй, хоорондоо зөрчилдсөн дүгнэлт гаргасан болох нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоос харагддаг. Л.Уянга “Ё.Батхишиг...970 гаруй хуудас баримтыг сканердаж хуулбар хийсэн болно гэж тайлбар өгсөн. Уг сканердсан баримтыг ямар зорилгоор хуулбарлуулсан, бусад этгээдэд өгсөн эсэх, өгсөн бол төлбөр хураамжийг төлсөн эсэх талаар Ё.Батхишигээс зайлшгүй тодруулж асуух шаардлагатай байна” гээд энэ нь Д.Х-а “эрх мэдлээ хэтрүүлж хууль зөрчсөн эсэхийг тогтооход зайлшгүй чухал ач холбогдолтой юм” хэмээжээ. Үүний дагуу захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “чухал ач холбогдолтой” гэрч гэх Ё.Батхишигийг асуухад “931 хуудас баримтыг сканердаж байсан”, “нийгмийн ухааны салбар дээр зураач хүн ажиллаж болохгүй зүйл байхгүй байх гэж бодож байна", “би төрийн жинхэнэ” гэх мэт үг хэлжээ. Шүүгч Х.Эрдэнэтуяа.”1929, 1933, 1944, 1956, 1989 оны хүн амын тооллогын баримтуудыг сканердаж, цахим хэлбэрт нэгэнт оруулчихсан байтал яагаад заавал чамаар дахин давтаж сканердуулсан байх вэ” гэж асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөнгүй. Голдуу мэдэхгүй санахгүй байна, сайн санахгүй байна гэхчлэн гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Тийнхүү хариуцагч тал зөрчил тогтоочихсон гэдэг атлаа 3 оны нүүр үзэж байхад гэрч гэх утгаа алдаж, нэхэмжлэгчид хорссон Ё.Батхишигийг асуулгаж зөрчил тогтоолгоно, нотлох баримт болгоно хэмээн гэрчээс асуулгахад юуг ч гэрчилж, нотолж чадаагүй. Харин ч “970 гаруй хуудас баримтыг сканердан хуулбарлаж нарийн бичгийн дарга залууд хүлээлгэж өгсөн баримт байгаа” гэж мэдүүлсэн ч “нотлох баримт”-аа шүүхэд өгөөгүй.

20. Энэ бүхэн нь нэхэмжлэгчийг буруутгах гэсэн улайрал, гүтгэлэг болох нь тодорхой байдаг. Түүнчлэн “гэрч” Ё.Батхишиг 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчтэй уулзсан гэж бичсэн нь хэрэгт баримтаар авагдсан. Энэ өдөр нь 7 хоногийн амралтын өдөр буюу бямба гараг байсан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд “Ё.Батхишиг гэх Архивын ерөнхий газрын ажилтан 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Д.Х-а дарга намайг дуудаж үүрэг өгсөн...даргын туслахад файл хэлбэрээр хуулж өгсөн гэж тайлбарладаг. Шаардлагатай гэж үзвэл эдгээр үнэгүй хуулбарласан гэх баримтуудыг үзүүлж болно” гэж мэдүүлсэн. Түүнээс гадна Ё.Батхишиг 970 гаруй хуудас баримтыг сканердаж хуулбар хийсэн л бол түүнийгээ хийсэн ажлынхаа тайланд нэн бахархалтайгаар оруулах байсан. Үнэхээр тийм их ажил хийж гүйцэтгэчихсэн бол энэ тухай “Архивын ерөнхий газрын Цахим сангийн төвийн үндсэн болон гэрээт архивчдын 10 дугаар сарын ажлын тайлан”-д заавал орсон байх ёстой. Гэвч ийм мэдээ, баримт уг тайланд байхгүй тухай тус баримт хэрэгт авагдсан.

21. Нэхэмжлэгч Д.Х-ыг буруутгах гэж 970 гаруй хуудас баримтыг сканердан хуулбарлаж нарийн бичгийн дарга залууд хүлээлгэж өгсөн гэх баримт байхгүй гэдэг нь тодорхой байтал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2019/0216 тоот магадлалаараа дахиад “нотлох баримт заавал” гаргуулж, нэхэмжлэгчийг буруутгахаар буцааж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан гэдгийг нотлон харуулж байна.

22. Шүүхийн эрхэм зорилгыг Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох”, 4.1.3-т ”хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх” гэж заасан бөгөөд эдгээр заалтыг зөрчжээ. Нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөөг хамгаалах, буруугүй гэдгийг нь нотлох баримтууд хангалттай цугларсаар байтал давж заалдах шатны шүүх “маргааны үйл баримтад холбогдох нотлох баримт дутуу” гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу байна. Учир нь анхан шатны шүүхийн цуглуулсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байтал хэрэгсэж үзээгүй байна.

23. “...дур мэдэн дахин томилолтоор ажиллуулах тушаал гарган...архивын байгууллагад ажилладаггүй 2 хүнийг бүрэлдэхүүн нь оруулж тэдэнд ирж очих онгоц ны тийзнээс гадна ажил гүйцэтгэх хуурамч гэрээ байгуулж нийт 1.620.000 төгрөг олгосон” гэсэн нь мөн л худал, өрөөсгөл дүгнэлт юм. Энэ асуудлаар давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны явцад ерөнхий шүүгч Д.Батбаатар нэхэмжлэгчээс БНХАУ руу томилолтоор явахдаа хамааралгүй этгээдүүдийг авч явсан. Мөн өөрийн сургалтын төлбөрийг хийсэн талаар тайлбар байна уу гэж асуухад нэхэмжлэгч Хятад улс руу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалын дагуу Бээжин хотод албан томилолтоор ажилласан. Ажлаа эртнээс төлөвлөж, судлаад бүрэлдэхүүнээ гаргаж, Хятадад суралцаж доктор болсон Лхагвадорж, Индраа нарт тодорхой үүрэг хүлээлгэсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлс олгосон. Хариуцагчийн хэлснээр хуурамч гэрээ байгуулсан зүйл байхгүй. Тэд үүргээ гүйцэтгэсэн, гэрээ, илтгэх хуудас, холбогдох баримтууд хавтаст хэрэгт байгаа. Сургалтын төлбөрийн хувьд өөртөө тушаал гарган Удирдлагын академи руу сургалтын төлбөр шилжүүлсэн гэх баримт хэрэгт байхгүй. Түүнээс гадна 7 хуулийн заалтыг үндэслэж, сургалтын төлбөр шилжүүлэхээр Төрийн санд өгсөн, тэд шилжүүлсэн дэлгэрэнгүй бичгээр өгсөн” гэдгийг мэдүүлсэн. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам дээр Төрийн сан шилжүүлгийг хянаад хийдэг. Гүйлгээг хийхгүй гэвэл яаманд шилжүүлэхгүй байх эрх нь байсан. Учир нь Төрийн сан төсвийн байгууллагын ирүүлсэн төлбөрийн хүсэлтийг холбогдох баримт, цахим хэлбэрээр шивсэн гүйлгээ, батлагдсан төсвийн зарцуулалтын эрх, эдийн засгийн ангиллын дагуу бүлгийн дүнгээр хянаж төлбөрийг гүйцэтгэнэ. Төлбөрийн хүсэлт, холбогдох баримт нь шаардлага хангаагүй, батлагдсан төсөв, эдийн засгийн ангилал, бүлгийн дүн нь төлбөр гүйцэтгэх хэмжээний эх үүсвэргүй тохиолдолд гүйлгээг буцаадаг гэдгийг яамны системийн бүх санхүү, төрийн сангийн мэргэжилтэн, ня-бо, удирдлагууд сайн мэднэ, үүний дагуу гүйлгээ хийгээд хэвшил болчихсон зүйл гэдгийг тайлбарласан.

24. “...Хуурамч гэрээ байгуулж нийт 1620000 төгрөг олгосон” гэж буруутгахыг оролдсон. Үүнээс гадна хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд 2 хүнд 5 сая төгрөг өгч Бээжин рүү дагуулж явсан гэж шүүх хуралдаанд мэдүүлж байв. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболдын мэдүүлэгт “Гэтэл 5,000,000 төгрөг өгч дагуулж явсан 2 хүнийхээ...” хэмээн дурдагдсан баримт бий. Харин Л.Уянгын давж заалдах гомдолд “БНХАУ-д томилолтоор явахдаа Архивын ерөнхий газраас зардлыг гаргаж, гадны 2 хүн авч явсан ба тухайн иргэд томилолтыг хугацаанд ямар нэг үүрэг хүлээж, ажил хийж гүйцэтгээгүй үүнд 3,185,000 төгрөг зарцуулсан” гэжээ. Архивын ерөнхий газрын Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Д.Дарьсүрэн 2018 оны 11 дүгээр сарын 27-нд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “хуурамч гэрээ хийж гадны хоёр хүн авч явсан асуудал байхгүй” гэж мэдүүлээд айлчлалын бэлтгэл ажилд хариуцлагатай хандсан гэдгийг тус шүүхэд мэдүүлсэн. БНХАУ-д суралцаж төгссөн ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн ажилтан Б.Индра, БНХАУ-д суралцаж төгссөн түүхийн ухааны доктор Б.Лхагвадорж нарт тодорхой үүрэг хүлээлгэсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлс олгосон нь зүйн хэрэг юм. С.Бямбацогт сайдын дээрх тушаалд “Томилолтоор ажиллахтай холбогдон гарах зардлыг Архивын ерөнхий газрын холбогдох зардлаас гаргахыг зөвшөөрсүгэй" гэж шууд зааж өгсөн. Гэрээт ажил гүйцэтгэсэн Б.Индра, Б.Лхагвадорж нар тус бүртээ ажлын гүйцэтгэлээ тайлагнаж, илтгэх хуудас бичиж өгсөн болно. Түүнээс биш хариуцагчийн хэлснээр хуурамч гэрээ байгуулсан асуудал огт байхгүй гэдэг нь баримтаар нотлогддог. “сургалтын төлбөр” буюу “Өөртөө тушаал гарган 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийнхөө сургалтын төлбөр болох 2,125,000 төгрөгийг Удирдлагын академийн данс руу шилжүүлсэн” асуудал байхгүй. Одоо болтол уг тушаалыг гаргаж ирэхгүй байна.

25. Архивын ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд төрийн сангийн дансаар хийгдсэн гүйлгээг хянаж үзвэл нэгийг нь ч татгалзалгүй, бүх гүйлгээг шууд хийжээ. Уг гүйлгээг хийхгүй гэж шийдвэл эрх нь яаманд байсан. Учир нь Төрийн сан төсвийн байгууллагын ирүүлсэн төлбөрийн хүсэлтийг холбогдох баримт, цахим хэлбэрээр шивсэн гүйлгээ, батлагдсан төсвийн зарцуулалтын эрх, эдийн засгийн ангиллын дагуу бүлгийн дүнгээр хянаж төлбөрийг гүйцэтгэнэ. Төлбөрийн хүсэлт, холбогдох баримт нь шаардлага хангаагүй, батлагдсан төсөв, эдийн засгийн ангилал, бүлгийн дүн нь төлбөр гүйцэтгэх хэмжээний эх үүсвэргүй тохиолдолд гүйлгээг буцаадаг юм.

26. Мөн “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 8.4-т зааж хэрэгжүүлсээр ирсэн байдаг. Би өөртөө тушаал гаргасан бол тэр тушаалыг нь яагаад шүүхэд өгөхгүй байна вэ, Ямар ч байсан яамны Төрийн сан зарлагын гүйлгээг хянаад буцаалгүй хийсэн. Архивын ерөнхий газрын санхүүгийн гүйлгээ тийнхүү яамны Төрийн сангаар хянагдаж, зөвшөөрөгдөн, тамга, тэмдэг дарагдаж байж гүйлгээ хийгдсэн ба уг зарлагын гүйлгээ хийхийг хориглоогүй байдаг.

27. Миний бие 1999 онд Удирдлагын академид Төрийн удирдлагаар мэргэшүүлэх сургалт дүүргэсэн. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”, 13.1.6-д “Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэшлээ дээшлүүлэх” хуулиар үүрэг болгосон тодорхой заалтыг биелүүлсэн болно. Төрийн албаны тухай хуулийн “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа”-г 27 дугаар зүйлд зааж өгчээ. 27.1.9-д “төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах”-аар хуульчилна зохицуулсан байдаг.

28. Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Агентлагийн дарга нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдана” гэж заасан. Архивын ерөнхий газрын 2017 оны үйл ажиллагааны зардалд тусгайлан төсөвлөгдсөн “хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх” эдийн засгийн ангилалд зориулсан зардал батлагдсан байсан тул Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д “Агентлагийн төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах” гэсэн хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлсэн. Архивын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн аудит хийгээд “Зөрчилгүй” санал дүгнэлт гаргасан байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянгын 2019 оны 03 дугаар сарын 18-нд гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхэд нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтын шаардлага хангасан Үндэсний Аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06/510 тоот албан бичгээр зөрчилгүй гэсэн Аудитын санал, дүгнэлт байгааг анхаарч үзнэ үү. Зөрчилгүй гэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байтал давж заалдах шатны шүүх хэрэгсэж үзэлгүй, дахин нотлох баримт гаргуулахаар магадлалаа гаргасан байна.

29. Магадпалын ХЯНАВАЛ хэсэгт “Маргаж буй үйл баримтууд болон нотлох баримтуудыг нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн маргаан бүхий актыг гаргахдаа шалгаж тогтоосон байдал, түүнд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа хэрхэн нөлөөлсөн, ажлаас чөлөөлөх үндэслэлтэй байсан эсэх талаас нь үнэлж, дүгнэх шаардлагатай. Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ” гэж заасан нь үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэх заалтыг иш татсан нь үндэслэлгүй юм.

30. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд “сонсох ажиллагаа’’-ны талаар хэлэлцэгдсэн. Илтгэгч шүүгч Ц.Цогт “нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагааны талаар тайлбарладаг. Хэрвээ сонсох ажиллагаа хийгдсэн бол ямар үр дүн гарах байсан юм бэ гэж асуухад миний бие “Шалгалтын ажлын хэсгийнхэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр надтай уулзаж шалгаад “илтгэх хуудас” бичсэн. Түүн дээр шалгасан хүмүүсийн гарын үсэг ч байхгүй, хүчин төгөлдөр бус байдаг. Хэрэв сонсох ажиллагаа хийх хуулиар ногдуулсан эрхийг минь тэд хангаад өгчихсөн бол би бодит байдлыг тэр дор нь танилцуулаад, тайлбар үндэслэлүүдээ гаргаад, буруу дүгнэлтийг нь баримтаар залруулаад энэ шалгалтын дүгнэлт ямар ч үндэслэлгүй гэдгийг нотлоод өгчих байсан. Энэ эрхийг минь хангаагүй болохоор би гомдоод байдаг юм гэсэн хариултыг өгсөн бөгөөд шүүхэд бичгээр тодорхой тайлбар гаргаж өгөхдөө дараах хууль, журмыг хариуцагч зөрчсөн гэдгийг дурдсан. Үүнд: “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4 дүгээр зүйлд “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” хэмээн тодорхой заажээ.Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-т “Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах”, 40 дүгээр зүйлийн 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэснийг мөн л зөрчжээ. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахын өмнө заавал хууль ёсны эрх ашгийг нь хангахуйц арга хэмжээ авч, оролцоог хангах зарчмыг хариуцагч хөсөрдүүлж, сайд Ц.Нямдорж 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Архивын салбарт хамтран ажиллах Монгол улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын XXIII хуралдаанд оролцох томилолт өгч явуулмагцаа хууль бусаар чөлөөлсөн Засгийн газрын 194 тоот тогтоолыг гаргуулсан байна.

31. Эдгээрээс гадна оролцогчид “Зөвлөгөө, мэдээлэл өгөх тухай” 31 дүгээр зүйлийн 31.2-т "Оролцогчоос гаргасан хүсэлт, тайлбар, мэдээлэл зэрэг нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад бүрэн бус, эсхүл буруу бичигдсэн байвал захиргааны байгууллага оролцогчид холбогдох мэдээлэл өгөх үүрэгтэй” гэсэн заалт, захиргааны актыг мэдэгдэх тухай 43 дугаар зүйлийн 43.1-т “3ахиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэсэн заалтуудыг хангалгүй зөрчсөн байдаг. Нэхэмжлэгчид хуулиар олгосон тайлбар гаргах эрхийг олгоогүй, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн. Тэр ч байтугай шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, уг ажлын байранд “сул орон тоо гарсан” гэж үзэх үндэслэлгүй байхад Засгийн газар дахин хууль зөрчиж Архивын ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт” зарлуулсныг түдгэлзүүлэх хүсэлтээ нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй, түр орлон гүйцэтгэгч жинхлэн томилогдсон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байхад Засгийн газар тайлбар, санал гаргах боломж олгоогүй сонсох ажиллагаа явуулаагүйг хуулиар ногдуулсан үүргээ биөлүүлээгүй гэсэн шийдвэр үндэслэлтэй юм. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгчид тайлбар гаргах боломж олгоогүй, сонсох ажиллагаа хийлгүй хууль зөрчсөн нь нотлогдож байхад, шүүх хуралдаанаараа “Сонсох ажиллагаа”-ны асуудлыг давж заалдах шатны шүүх авч үзсэн атлаа шийдвэртээ хэрэгсэж үзээгүй.

32. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...зөрчил гаргасан нь тогтоогдвол хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд ингэхдээ тухайн уөд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан эрх бүхий этгээд зөрчлийг илрүүлснээс хойш дээрх хуульд заасан хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Хариуцагч зөрчлийг 2017 оны 11 дүгээр сарын 22-нд тогтоосон гэх атлаа Засгийн газрын 194 дүгээр тогтоолыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хууль зөрчиж гаргасан үйл баримтыг анхан шатны шүүх тогтоосон байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Энэ бүхнээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 "шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэх заалтыг давж заалдах шатны шүүх иш татаж, магадлалын нэг үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна.

33. “Шүүх бүрэлдэхүүн болон даргалагч шүүгчийг албажуулах тухай” 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/ЕШ2019/0510 дугаар давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжид Ерөнхий шүүгч Д.Батбаатар би “...хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Мөнхжаргал, Ц.Цогт нарыг, шүүх хуралдааны даргалагчаар Ерөнхий шүүгч Д.Батбаатарыг томилсон шийдвэрийг албажуулсугай” гэсэн захирамж гаргажээ. Д.Батбаатар түүнээс өмнөхөн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 221/ЕШ2019/0015 дугаар “Шүүх бүрэлдэхүүн болон даргалагч шүүгчийг албажуулах тухай” ерөнхий шүүгчийн захирамж гаргахдаа мөн л шүүгч С.Мөнхжаргалыг томилон оруулсан нь хариуцагч талын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж байсныг тохиолдол төдий зүйл гэж бид үзэхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т “Дараах үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй”, 84.1.6-т ”анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг тухайн шатны журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцох болсон” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2 удаагийн үндэслэлгүй гомдлыг давж заалдах хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

34. Шүүгч С.Мөнхжаргал 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 221/Ш32018/1740 дугаар “Шүүх хуралдаан товлон зарлах тухай” захирамж гаргахдаа “Д.Х-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох захиргааны хэрэг” гэж илт буруу захирамж гаргаж байсан юм. Зүй нь “Д.Х-ын нэхэмжлэлтэй, Засгийн газарт холбогдох захиргааны хэрэг” гэх байсныг 2 удаа буруу бичсэн зэрэг нь шүүхийн шийдвэр, хууль ёс, албан бичиг хэрэгт хандах хандлагыг ямар нэг хэмжээгээр илэрхийлж байна.

35. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд дан ганц нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй, харин ч нэхэмжлэгч буруугүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой байхад давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж, хэргийг бодит бусаар шийдвэрлэн дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй болжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасны дагуу магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдэнэ үү гэжээ.

             ХЯНАВАЛ:

36. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

37. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарал бүхий нэхэмжлэгч, хариуцагч нарын маргааны үндэслэл, үйл баримтад хамаарах нотлох баримтуудын үнэлж, дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

38. Тухайлбал, нэхэмжлэгч нь “...зөрчил гаргаагүй, энэ талаар тогтоосон зүйл байхгүй, ...” гэж, хариуцагч нь “... нэхэмжлэгч анхнаасаа хуульд заасны дагуу томилогдоогүй, ...зарим ажилчдыг өргөдлөө өгч ажлаас гарахыг хууль бусаар тулган шаардаж, ажлаас чөлөөлж Төрийн албаны тухай хууль зөрчсөн, ...архивын зарим баримтын хуулбарыг үнэ төлбөргүй олгосон, ...дур мэдэн дахин томилолтоор ажиллуулах тушаал гарган архивын байгууллагад ажилладаггүй 2 хүнийг гадаадад томилолтоор явах бүрэлдэхүүнд оруулж тэдэнд ирж очих онгоцны тийзнээс гадна ажил гүйцэтгэх хуурамч гэрээ байгуулж нийт 1,620,000 төгрөг олгосон, ...өөрийнхөө сургалтын төлбөрт 2,125,000 төгрөгийг Удирдлагын академийн дансанд шилжүүлсэн, ...төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглосон заалтыг зөрчсөн, ...2017 онд нийт ажилчдын ажлыг дүгнэхгүйгээр зарим албан хаагчдын урамшууллыг давхардуулан ялгамжтай байдлаар олгосон” гэх зэргээр  хэд хэдэн зөрчил зааж, тодорхой хэмжээний хуулийн зөрчил гаргасан гэх үндэслэлээр маргажээ.

39. Гэтэл анхан шатны шүүх эдгээр үндэслэлд холбоотой нотлох ажиллагааг хийгээгүйгээс гадна эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй, зөвхөн “...ажлаас чөлөөлөх тухай тогтоол нь эрх зүйн зохицуулалтын хувьд оновчгүй хэм хэмжээг хэрэглэсэн, ...хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй..., ...алдаатай гарсан акт...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

40. Тухайлбал, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

41. Үүнээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ”, 37.6-д “гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно”, 37.7-д “Шүүгч нүүрэлдүүлэн мэдүүлэг авахдаа гэрчүүдээс бие биеэ таних эсэх, хоорондоо ямар харилцаатай болохыг асуух бөгөөд тодруулах гэж байгаа зүйлийн талаар гэрчүүдээс ээлжлэн мэдүүлэг авна”, 37.8-д “Мэдүүлэг өгсний дараа шүүгч гэрчүүдээс асуулт асууж болох бөгөөд...”, 100 дугаар зүйлийн 100.2-т “Хоёр, түүнээс олон гэрчийг тус тусад нь асууна” гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл, гэрчүүдийг нэг дор хамтад нь байлгаж, мэдүүлэг авах нь зөвхөн “нүүрэлдүүлэн мэдүүлэг” авах тохиолдолд байхаар, гэрчээс мэдүүлгийг шүүгч авахаар хуульчилсан байна.

42. Гэтэл хэрэгт авагдсан “Гэрчээс асуусан тэмдэглэл“ гэх баримтаас үзвэл, шүүх гэрчээр С.Эрдэнэбат, Д.Бат-Ундрах, Д.Дарьсүрэн, М.Баярмаа, М.Ганчимэг нарыг хамтад нь байлгаснаас гадна нэхэмжлэгч, хариуцагч нарыг мөн байлгаж, гэрчүүд гэх нэр бүхий иргэдээс шүүгч биш харин нэхэмжлэгч, хариуцагч нар ээлжлэн асуулт асууж, хариулт авч дээрх хуулийг зөрчжээ.

43. Дээр дурдсанаар магадлалд заасан дагуу анхан шатны шүүх зөрчил бүрт хамааралтай нотлох баримтыг бурэн цуглуулж, эдгээрт эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай, энэ ажиллагааг гүйцэтгээгүй байхад хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн үйл ажиллагааг гүйцээн хэрэгжүүлэх эрх хэмжээ байхгүй тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Иймд магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2019/0216 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                     Л.АТАРЦЭЦЭГ