Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 212

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Т.Солонго,

улсын яллагч Б.Байгалмаа,

шүүгдэгч М.М, Б.Т,

тэдгээрийн өмгөөлөгч Ю.Тогмид /¹1149/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М, Б.Т нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711011200094 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, дээд боловсролтой, гаалийн байцаагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт - Мийн М /РД- /,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ийн Т /РД- /,

 

Холбогдсон хэргийн талаар: М.М, Б.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.М, Б.Т нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Цэнд-Аюушийн "Айфон-5" маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч М.Мээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Орхон-Эрдэнэ гэдэг хүүхдийн зургийг авах гэж би Цэнд-Аюушийн зүүн талын гарыг барьж байгаад Д.Түвшинжаргал Цэнд-Аюушын күртикны хажуу талын кармаанаас авсан. Түвшинжаргал утсыг ломбарданд тавьсан. /хх-ийн 15х/

...Гар утсыг барьцаанд тавьсаныг маргааш мэдсэн. Тухайн мөнгөнөөс 10 000 төгрөг гуйж авсан.” Гэх мэдүүлэг /хх-ийн 33х/,

Шүүгдэгч Б.Таас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цээгий /Цэнд-Аюуш/ битгий зураг үзээд бай гэж хэлэхээр нь би зургийг нь үзээд Цээгий уурлаад Лайк нэртэй хуушуурын газар алхсан. Би араас нь утсыг аваад Цуйвандаагийн хаалгаар ороод Мөнхдэлгэр Цээгий хоёр өөр тийшээ явахаар нь би голын гүүр орж 7 буудал дээр ирээд такси барьж Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ломбарданд 100.000 төгрөгөөр регистрийн дугаараа буруу хэлж Айфон-5 гар утсыг тавьсан. Мөнгө хэрэг болоод гар утсыг авч зугтаасан. Гар утсыг ломбарданд тавьж мөнгө олох зорилготой байсан. Би эхэлж дуу сонсоод өгье гэж худлаа хэлж утсыг аваад ломбарданд тавих гэсэн бодолтой байсан. Тэгээд утсыг гуйж аваад тэр чигээрээ явсан. /хх-ийн 17х/

...Мөнхдэлгэр надаас мөнгө асуухаар нь Цэнд-Аюушийн утсыг ломбарданд 100.000 төгрөгт тавьсан гэж хэлээд 10000 төгрөг өгсөн. ...Компьютер тоглоом тоглох мөнгө хэрэгтэй болоод барьцаанд тавьсан. ...Тухайн үед Цэнд-Аюушд утсыг барьцаанд тавъя гэж хэлээгүй. Барыдаанд тавьсны дараа хэлсэн. ...Утсыг ломбарданд тавьж мөнгөтэй болъё гэж бодоод барьцаанд тавьсан.”  Гэх мэдүүлэг /хх-ийн 35х/,  

хохирогч Л.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 23-ны 19 цагаас 20 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудлын автобусны буудал дээр ТҮЦ-нд ажиллаж байх хугацаанд Дээгий /Мөнхдэлгэр/. Түвшинжаргал нар ирээд гудманд оруулаад миний зүүн талын энгэрийн халааснаас Түвшинжаргал Айфон-5 маркийн гар утсыг аваад зам гараад гүйгээд явсан. Тэгээд би араас гүйгээд зам гараад Дээгий араас ирсэн. Тэгээд Цуйвандаа гэдэг хоолны газарт Түвшинжаргал орохоор нь утас аваад ир гэтэл Дээгийд байгаа гзж хэлэхээр нь Дээгийгээс нэхээд зогсож байхад Түвшинжаргал хаашаа явсныг мэдэхгүй алга болсон. Түвшинжаргал гар барьж байгаад энгэрийн халааснаас авсан. Тэр үед Дээгий миний хоёр гарнаас 2 гараараа зуурсан байдалтай байсан. Монтелоос 250.000 төгрөгөөр 2017 оны 09 сард худалдан авч байсан. /хх-ийн 11х/

...Т надруу 86361247 дугаарын утсаар мессэж бичиж чи цагдаагаас өргөдлөө буцаачихаач ээ би хөдөө байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи ломбарданд тавьсан бичиг авчирч өг тэгвэл цагдаагаас өргөдлөө авлаа гэж хэлэхэд Мөнхдэлгэр надад миний утсыг ломбарданд тавьсан бичиг авчирч өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 13х/,

хохирогчоор мэдүүлсэн Л.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Түвшинжаргал миний гараас барьж байгаад халааснаас авсан. /хх-ийн 27х/

...Түвшинжаргал өөр зураг байна уу гэж хэлээд утсаа өг гээд булаацалдахаар нь би ТҮЦ-ээс гараад гудамжруу утсаа өгөхгүй гээд алхсан чинь Мөнхдэлгэр зогсож бай гэж хэлээд ханцуйнаас татаж зогсоогоод Түвшинжаргал миний халаасруу гараа хийгээд миний утсыг авсан. Тэгэхээр нь би уурлаад замын эсрэг талын Лаки хуушуурын газар ороод тэнд байсан тогооч эгч болох Чимгээ гэх хүнийг дагуулж ирээд утсаа нэхсэн. Мөнхдэлгэр надад байхгүй гэсэн. Харин Түвшинжаргал алга болчихсон байсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,

гэрч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Тухайн өдөр 20 орчим насны бор царайтай залуу ирж бичиг баримтаа гэртээ мартчихаж та авчих гэж гуйхаар нь өөрөөс нь овог нэр регистрийн дугаарыг асууж эд зүйлийг барьцаанд авсан. Тэгээд хэд хоногийн дараа цагдаа нар ирж утсыг хураан авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38х/,

хохирогч Л.Цэнд-Аюушаас Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст бичгээр гаргасан хүсэлт: /хх-ийн 9х/, “Айфон-5” маркийн гар утсыг 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр "Баялаг Аривжих ирээдүй" ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газраас хураан авах мөрдөгчийн тогтоол болон гар утсыг иргэн Л.Цэнд-Аюушд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18-19х/, "Баялаг Аривжих ирээдүй" ХХК-ны барьцаалан зээлүүлэх газрын ажилтан Б.Батсайханд М.Мээс 100.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20х/, "Баялаг Аривжих ирээдүй" ХХК-ны барьцаалан зээлүүлэх газраас барыдааны гэрээг эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн тогтоол: /хх-ийн 21х/ Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-47-48/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.М, Б.Т нар нь хохирогч Л.Цэнд-Аюушаас эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хамтдаа бүлэглэж гүйцэтгэсэн байх ба мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон хэдийч тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтыг журамлан ял сонсгоогүй байна. Үүнийг шүүхийн шатанд зөвтгөх боломжтой, шүүгдэгч нарын эрх зүйн байдалд нөлөөлөхгүй гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч М.М, Б.Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Л.Цэнд-Аюуш нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролоо бүрэн барагдуулж авсан, цаашид гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичгийн баримтыг /хх-ийн 68х/ үндэслэн  М.М, Б.Т нарыг бусдад учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч М.М, Б.Т нарт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшшөрч буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тохирох албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт М-ийн М, О овогт Б-ийн Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.М, Б.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.М, Б.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, М.М, Б.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ