Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2025/0377

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин, нэхэмжлэгч Д.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г*******, гуравдагч этгээд Д.Г******* нарыг оролцуулан Д.Д*******гийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ:

Д.Д******* миний бие ******* нэгж талбарын дугаар бүхий 700 мкв өмчлөлийн газар нь өөр байршилд байрлаж байгааг мэдлээ. Миний өмчлөлийн газартай холбоотой маргаан иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэхээр байна. Иймд Д.Д*******гийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Д.Д******* миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Би нэхэмжлэлээ иргэний хэргийн шүүхэд гаргах болно. гэжээ.

Нэхэмжлэгч Д.Д******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манайх газраа зараагүй, манай хүү одоо байхгүй, нас барсан. Гэрчилгээ байхгүй. Манай өмчлөлийн газартай хамааралгүй өөр газар юм байна. Би нэхэмжлэлээсээ татгалзъя. иргэний хэргийн шүүхээр өмчлөлийн газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргая гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Гуравдагч этгээд нарын газар бол нэхэмжлэгчийн хууль ёсны өмчилсөн болон ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээгүй газар байгаа. Харин нэхэмжлэгчийн өмчилсөн газар өөр байршилтай газар юм. Уг газрын зарим хэсэгт айл буусан, зарим хэсэг нь хоосон байсан. Тиймээс нэхэмжлэгч өмчлөлийн газраа олж авах хэрэгтэй. Нэхэмжлэгчийн газар гэж байгаа одоо энэ маргаж байгаа газар бол биш гэв.

Гуравдагч этгээд Д.Г******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манайх газар дээрээ 2014 оны хавар очиж бууж байсан. Нэхэмжлэгчийн хүү нь манайд анх энэ газрыг зарсан юм. Энэ зарсан газар нь 0.7 га газартаа ч хүрэхгүй, 0.7 га газрын талыг нь зарсан. Үлдсэн тал газар нь олон жил эзгүй байж байгаад сүүлд хэд хэдэн айл солигдсон. Одоо байгаа айл нь сүүлийн 2 жил амьдарч байгаа.

Нэхэмжлэгчийн хүү нь манайд газрыг зарсан. Эхнэр, хүүхэдтэй байсан. Тухайн үед эхнэрийнхээ сургалтын төлбөрийг төлнө гэж газраа зарна гэхээр нь би ямар мундаг хүү вэ гэж бодоод охиноороо зээл авхуулж энэ газрыг худалдаж авсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Д*******гаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны дугаар захирамжийг хүчингүйд тооцуулж, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, гудамж, *******а тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай 700 м.кв талбай бүхий өмчлөлийн газрыг Д.Г*******ээс албадан чөлөөлж өгөхийг даалгах гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШЗ2024/ дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

2.Анх Д.Д*******д нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаар захирамжаар эзэмших эрх олгож, нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/ дугаар захирамжаар өмчлөх эрх олгожээ. /х.х-18,19/

3.Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/ дугаар захирамжаар Д.Г*******т 459 м.кв газрыг эзэмшүүлсэн, /х.х-1*******-129/ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/ дугаар захирамжаар Ц.О*******д 479 м.кв газрыг эзэмшүүлсэн. /х.х-114-121/

4.Нэхэмжлэгчээс ... Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2023 онд дугаар захирамж гаргаж Газрын алба нь миний өмчлөлийн гэрчилгээтэй газар дээр давхардуулан, Д.Г*******т эзэмших гэрчилгээг олгосон байна... гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ тайлбарлах боловч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2/******* дугаар албан бичиг болон тус шүүхээс хийсэн үзлэгээр гуравдагч этгээд Д.Г*******, Ц.О******* нарын эзэмшлийн газар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газартай давхцалгүй өөр газарт байршиж байгаа болох нь тогтоогдож байна.

5.Ийнхүү нэхэмжлэгчийн өмчлөлийн дугаар нэгж талбар бүхий газар нь маргаж байгаа гуравдагч этгээд нарын газраас өөр газарт байрлаж байгаа нь тогтоогдож байгаа нөхцөл байдлаас нэхэмжлэгч нь ... Миний өмчлөлийн газартай холбоотой маргаан иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэхээр байна... гэж тайлбарлан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж зааснаар Д.Д*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байна.

Иймд Д.Д******* нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны дугаар захирамжийг хүчингүйд тооцуулж, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, гудамж, *******а тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай 700 м.кв талбай бүхий өмчлөлийн газрыг Д.Г*******ээс албадан чөлөөлж өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан Д.Д*******гаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны дугаар захирамжийг хүчингүйд тооцуулж, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, гудамж, *******а тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай 700 м.кв талбай бүхий өмчлөлийн газрыг Д.Г*******ээс албадан чөлөөлж өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН