Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 209

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

            улсын яллагч Ж.Энхжаргал,

            шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

            хохирогчийн өмгөөлөгч Ц.Оргил,

            шинжээч Б.Цэндзэсэм нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуучид овогт Нацагдоржийн Бд холбогдох эрүүгийн 1803000010049 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Нацагдорж овогтой Б нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 07 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн баруун замд Тоёота королла маркийн 19-24 УНЯ улсын дугаарын автомашиныг жолоодож явахдаа Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Мөнхцэцэгийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…2017 оны 12 дугаар сарын 05

өдөр өглөө 07 цагт хүүхдээ хүргэх гэж машинтайгаа явж байтал гэрэл дохиотой уулзвараар 2 дугаар эгнээнд орсон. Тэгээд 1 дүгээр эгнээнд орох гэтэл хохирогч миний машины хамарт мөргүүлсэн. Би түргэн тусламж дуудаж хохирогчтой хамт гэмтлийн эмнэлэг орсон. Эмнэлэгт хохирогчийн эхо зураг авахуулсан. Тэгтэл намайг замын цагдаа дуудаж хэргийн газар дээр очиж хэмжилт хийлгэсэн. Би хохиролд нийт 1.630.000 төгрөг төлж барагдуулсан, мөн эмнэлэгт хэвтэж байхад нь шаардлагатай зүйлийг авч өгч байсан.” гэв.

Шинжээч Б.Цэндзэсэм шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Явган зорчигч нь явган хүний гарч гарц гарамтай хэсгээр гарахад давуу эрхтэй. Явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол замын хөдөлгөөний оролцохыг хоргилдог. Шүүгдэгч хохирогчийг хараад машинаа зогсоох арга хэмжээ авч тойрч гарах үйлдэл хийсэн байдаг. Хөдөлгөөнөө шууд үргэлжлүүлсэн ийм осол гаргахгүй байсан.” гэв.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Нацагдорж овогтой Б нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 07 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн баруун замд Тоёота королла маркийн 19-24 УНЯ улсын дугаарын автомашиныг жолоодож явахдаа Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Мөнхцэцэгийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

2017 оны 12 сарын 05-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/, Үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэмжилт хийсэн бүдүүвч зураг./хх-6-8/, хохирогч Л.Мөнхцэцэгийн мэдүүлэг./хх-18-21/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 15097 дугаартай дүгнэлт “…Л.Мөнхцэцэгийн биед зүүн дунд чөмөг, баруун шилбэний шаант яс, баруун атгаал, ясны зөрөөтэй далд хугарлууд, тархи доргилт, духны язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, доод уруул, зүүн буглага, баруун ташааны цус хуралт зүүн хацрын зулгаралт, хэлний хазагдсан шарх, зүүн гарын 2-р хуруу, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. … гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,/хх-37-38/, Автотээврийн Үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын дүгнэлт /хх-53-58/, Техникийн шинжээчийн 21 дугаартай дүгнэлтэнд: “...Тоёота Королла маркийн 19-24 УНЯ улсын дугаарын автомашины жолооч Н.Баяртуяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх-63/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Б нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Л.Мөнхцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Баяртуяаг Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцуулах” санал гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тул шүүгдэгч Н.Баяртуяаг гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Н.Баяртуяа болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Оргилоос “өмгөөлөгчид төлсөн зардал”-ыг нэхэмжилсэн ба уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Учир нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ.

Ийм учраас хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Харин хохирогч Л.Мөнхцэцэг нь цаашид гарах хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч Н.Баяртуяа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирлыг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн. Анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид хавтаст хэрэгт цугларсан хохирлыг нөхөн төлсөн. Хохирогч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, хохирогч цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх, торгох ялыг хуульд заасан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг зааж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч Н.Баяртуяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “анх удаа гэмт хэрэг үйлдсэн,” 1.2-д “...хохирогчид эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн,” 1.3-т “...хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчлагдсан байна.

Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгийг 3 сарын дотор төлөхийг тогтоож шийдвэрлэлээ.

3. Бусад асуудлаар

Эрүүгийн 1803000010049 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  1. Хуучид овогт Нацагдоржийн Бг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б нь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.    

4. Хохирогч Л.Мөнхцэцэг нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

  1. . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  2. . Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР