| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2025/0015/з |
| Дугаар | 124/ШШ2025/0031 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 124/ШШ2025/0031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүгч О.Батдорж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э Г” ХХК, /РД:.........../ ................................................................ байрлах,
Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,
“Увс аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/52 дугаартай “Электрон тамхи худалдан борлуулахыг хориглох тухай” захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, иргэдийн төлөөлөгч Ц.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Увс аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/52 дугаартай “Электрон тамхи худалдан борлуулахыг хориглох тухай” захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Увс аймгийн Засаг дарга 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдийн А/52 дугаартай захирамжаар Увс аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглож шийдвэрлэжээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акттай холбоотой нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа үл хамаарахаар байна.
4. Нэхэмжлэгч “Э Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Б шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгч талыг төлөөлөн шүүх хуралдаанд оролцох талаар тайлбар, хариуцагч тал нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
5.“Э Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай “Э Г” ХХК нь электрон болон ахуйн бараа, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жижиглэнгийн худалдааны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд үүний нэг хэсэг нь электрон тамхины худалдааны үйл ажиллагааг Монгол Улсын холбогдох хуулийн дагуу явуулж байгаа болно.
Олон нийтийн сүлжээний хэрэгсэл болох фейсбүүк дэх УВСЫН МЭДЭЭ /uvs.news/ пэйж хуудсанд “Увс аймгийн хэмжээнд электрон тамхи худалдан борлуулахыг хориглолоо” гэсэн агуулгатай дүрс бичлэг, мэдээлэл гарсан байх бөгөөд “Увс аймгийн хэмжээнд 2025.02.01-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар электрон тамхи худалдан борлуулахыг хориглох шийдвэр гаргахаар боллоо” гэсэн байна. Улмаар Увс аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/52 дугаартай “Электрон тамхи худалдан борлуулахыг хориглох тухай” захирамжаар “...аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох хүртэл түр хугацаанд хориглох, ...худалдан борлуулсан худалдаа үйлчилгээний газруудад Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллахыг даалгах” шийдвэр гаргасан байна.
Энэхүү шийдвэр нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж зөрчих төдийгүй нийгэм эдийн засаг, иргэдийн эрүүл мэнд, өмчлөх эрхэд ноцтой хохирол, хор уршиг учруулах сөрөг үр дагавартай болох нь дараах үндэслэлээр нотлогдож байна. Үүнд: Дээрх захиргааны акт нь Увс аймгийн хэмжээнд нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдаж шинжтэй байх тул захиргааны хэм хэмжээний актад хамаарч байна. Захиргааны хэм хэмжээний акт гаргахын тулд урьдчилан сонсох ажиллагаа буюу тухайн актын үйлчлэлд хамаарч эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй этгээдийн санал хүсэлт, тайлбарыг авч нөлөөллийн шинжилгээ, тооцоо судалгаа хийсэн байх, мөн уг хэм хэмжээний акт нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянуулж хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэгдэж, улмаар нийтэд ил тод нээлттэй байршуулснаар хүчин төгөлдөр болдог. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь "хууль дээдлэх зарчим" тул хуульд нийцээгүй аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь хүчингүй болох үр дагавартай юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд мөн зүйлийн 3, 4 дэх хэсэгт “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй” гэсэн байна. Монгол Улсын иргэн энэхүү аж ахуй эрхлэх эдийн засгийн үндсэн эрхээ компани байгуулах замаар хэрэгжүүлэхээр хуульчилсан байна. Компанийн тухай хуулийн 3.1-д “...үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ”, 8.1-д “Компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд компани нь үйл ажиллагаагаа эрхлэхэд шаардагдах эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд электрон тамхины худалдааг хуулиар хориглоогүй төдийгүй хууль ёсны бизнес болохыг хүлээн зөвшөөрч уг худалдааны үйл ажиллагаанаас гаалийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг холбогдох татварыг ногдуулж, санхүүгийн тайланд орлогыг албан ёсоор тайлагнуулж байгаа болно. Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуульд 1.3.1-д “Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан тусгай болон энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болно” гэсэн байх бөгөөд электрон тамхины худалдаа нь хуульд заасан тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаанд хамаардаггүй болно.
Харин Тамхины хяналтын тухай хууль 3.1.1-д “тамхин бүтээгдэхүүн” гэж татах, үнэрлэх, зажлах зорилгоор тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн хэрэглээний бүтээгдэхүүнийг, 3.1,2-д "утаат тамхи" гэж үйлдвэрийн болон гар аргаар ороож бэлтгэсэн, татах зориулалттай янжуур, навчин тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг ойлгоно гэж хуульчилсан байх бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталж Монгол Улсын нэгдэн орсон Тамхины хяналтын суурь конвенцод мөн тамхины навчнаас гарган авдаг янжуур тамхийг “тамхи” гэх ойлголтод хамааруулах болохыг тодорхойлсон байна. Энэ утгаараа дэлхий нийт төдийгүй Монгол Улсад янжуур тамхийг эрүүл мэндэд онцгой хортой бүтээгдэхүүн болохыг хүлээн зөвшөөрч Онцгой албан татварын тухай хуулиар татвар ногдуулж, Зөвшөөрлийн тухай хуулиар “тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих, импортлох, тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх” үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхийг зөвшөөрч байгаа болно.
Иймд төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-аас хуулиар хориглоогүй үйл ажиллагааг орон нутгийн байгууллага үндэслэлгүйгээр хязгаарлах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна. Электрон тамхийг насанд хүргээгүй хүн хэрэглэсэн гэх шалтгаанаар шууд хориглох нь эдийн засгийн талаасаа ч үр дүнтэй арга биш юм. Тухайлбал, энэ тохиолдолд гар дээрээс дамладаг хууль бус худалдаа (контрабанд)-г гааруулж, татвар төлөхгүй атлаа хэрэглэгчид өндөр үнэ санал болгож эдийн засгийн дарамт үзүүлдэг далд эдийн засаг үүсэх хөрсийг орон нутгийн байгууллага дэмжсэн шийдвэр болж байна.Электрон тамхины худалдаа далд эдийн засагт шилжих тохиолдолд эрүүл мэндийн наад захын шаардлага хангахгүй, лабораторийн шинжилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй, хамгийн хямд, химийн хортой бүтээгдэхүүнийг ямар ч хяналтгүй, хариуцах эзэнгүйгээр иргэдэд худалдаалж, улмаар хүний амь нас, эрүүл мэндэд ч ноцтой хохирол учруулж болзошгүй үр дагавар үүсгэж байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 13.2-д “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 13.2.2-д “аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнээ нэг зах зээлээс нөгөөд борлуулахыг хориглосон буюу хязгаарласан” гэсэн байна. Иймд Монгол Улсын нутаг дэвсгэрт чөлөөтэй худалдахыг зөвшөөрсөн электрон тамхийг тухайлбал зарим зах зээл буюу Увс аймгийн нутаг дэвсгэрт худалдаалахыг хориглосон шийдвэр нь Өрсөлдөөний тухай хуулийг шууд зөрчих үр дагавартай болохыг хууль тогтоогч тодорхой хуульчилсан байна. Нөгөөтээгүүр электрон тамхийг шууд хориглосноор хүний эрүүл мэндэд илүү хоруу чанартай янжуур тамхины хэрэглээг гааруулж дэмжсэнээр өрсөлдөөнийг үндэслэлгүй хязгаарласан шийдвэр болох юм. Зүйрлэвэл, архидан согтуурахтай тэмцэх нэрийдлээр спиртийн агууламж багатай нэрмэл архийг хориглох замаар спиртийн өндөр агууламжтай цагаан архины хэрэглээг дэмжиж байгаатай агаар нэг юм. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-д заасан “тэгш байдлыг хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” гэснийг шууд зөрчсөн шийдвэр болно.
Монгол Улсын хуулиар хориглоогүй худалдааны бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шууд зогсоох шийдвэр гаргаснаар хууль ёсны эрх нь зөрчигдсөн бизнесийн байгууллагууд шүүхэд хохирол, төлбөр нэхэмжлэх, мөн хууль бус шийдвэр гаргасан албан тушаад хариуцлага тооцуулах шаардлага гаргахаас өөр аргагүй байдалд орж байна. Монгол Улсын хуулийн дагуу хууль ёсны худалдааны бизнес эрхэлж, улсын төсөвт холбогдох татвар хураамжаа төлж байгаа хувийн хэвшлийн татвар төлөгчдийн хууль ёсны эрх ноцтойгоор хөндөгдөж байгааг шүүхээс анхаарч үзнэ үү.
Мөн түүнчлэн хүний эрүүл мэндэд асар хортой янжуур тамхинаас гарахын тулд электрон тамхи хэрэглэгч аажмаар тамхи татах хорт зуршлаасаа бүрмөсөн салахыг эрмэлзэж байгаа насанд хүрсэн иргэдийн эрхийг оршин сууж байгаа нутаг дэвсгэрээр нь илэрхий ялгаварлаж, хязгаарлах нь Үндсэн хуульд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж байна.
Иймд Увс аймгийн хэмжээнд 2025.02.01-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар электрон тамхи худалдан борлуулахыг хориглох шийдвэр нь зохих тооцоо судалгаанд үндэслээгүй, нийгэмд эдийн засагт хэрхэн нөлөөлөх судалгаа шинжилгээг урьдчилан хийгээгүй, мөн холбогдох хууль тогтоомжид нийцээгүй төдийгүй уг хууль бус шийдвэрийн улмаас онц их хэмжээний хор уршиг, хохирол төлбөр үүсэх сөрөг үр дагавар үүсгэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь заалтын дагуу Увс аймгийн Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/52 дугаартай "Электрон тамхи худалдан борлуулахыг хориглох тухай" захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ акт бол гадагш чиглэсэн захиргааны хэм хэмжээний акт гэж ойлгож байгаа.Хэм хэмжээний акт гаргахын тулд тухайн актын өртөж байгаа этгээдийн үнэлгээний шинжилгээ, тооцоолол судалгааг хийсэн байх ёстой. Ийм ажиллагаа хийхгүйгээр үндэслэл муутай тооцоо судалгаагүйгээр шийдвэр гарсан гэж үзэж байна. Хууль зүйн яаманд бүртгэгдэж нээлттэй ил тод байршаагүй, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн. Тамхины өөрийнх нь үүсэл хөгжил хэдийгээр эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн боловч тодорхой хугацаанд ганс хэлбэрээр татдаг байсан бол янжуур хэлбэрт орж, дараа нь хүний эрүүл мэндэд харьцангуй хөнгөн хэлбэрээр нөлөөлөх шингэн хэлбэртэй болж өөрчлөлт орсон. Янжуур тамхи бол 3000 төрлийн ургамлын гаралтай химийн хорт бодис ялгардаг Хүний эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн байна. Хүмүүс цай кофе чихэрт донтдог шиг тамхи никотинд донтуулдаг. Монгол улсад электрон тамхи сүүлд орж ирсэн ба хуулиар хориглосон бүтээгдэхүүнд хамаарахгүй. “Э Г” ХХК бол зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа хэрвээ ийм байдлаар зарим аймаг сумуудад хэсэгчлэн электрон тамхи хорих юм бол эдийн засгийн сөрөг үр дагавар үүснэ. Электрон тамхи гаалийн хяналтаар орж ирэхдээ баталгаажсан хяналтаар орж ирж бүтээгдэхүүний зөвшөөрөл авдаг. Эрүүл мэндэд хортой юу ямар вэ гэдгийг авдаг. Ганц Увс аймгийн хэмжээнд биш бусад аймгуудад энэхүү тохиолдол гарч шийдэгдсэн. Электрон тамхинд гаалийн албан татвар, аж ахуйн нэгжийн албан татвар гэх мэтчилэн монгол улсад тодорхой хэмжээний татварууд төлж байгаа. Улсын хэмжээнд хориглоогүй бүтээгдэхүүнийг ганцхан Увс аймгийн хэмжээнд хязгаарлалаа гээд ямар ч үр дүн гарахгүй учир нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...” гэв.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Увс аймгийн хэмжээнд Увс аймгийн ерөнхий боловсролын 6 сургууль, хувийн 1 сургууль, Улаангом политехник коллеж болон 8 сумдын сургуулийн сурагч багш нараас электрон тамхины хэрэглээг хязгаарлах хүсэлтийг Увс аймгийн Засаг даргад удаа дараа гаргаж байсан. Манай аймгийн хувьд зөвхөн нэг сургуулийн 6-12-р ангийн 1246 сурагчдын дунд утаат болон электрон тамхи хэрэглээний судалгаа хийхэд тогтмол хэрэглэдэг 123 сурагч, хааяа хэрэглэдэг 148 сурагч байна. Өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхинд донтох магадлал хоёр дахин нэмэгддэг байна. ДЭМБ-аас хийсэн судалгаагаар электрон тамхи /vipe/-ны хэрэглээ нь хүний тархины үйл ажиллагаанд урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж, сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэж буй нь тогтоогджээ. Ялангуяа өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхи, никотинд донтох эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд 2024 оны 10 дугаар 15-ны өдрийн “Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тухай” А/140 дугаар тушаалыг гаргасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болох бөгөөд 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол 28.1.3-д иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд гэж заасан байх тул сонсох ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзсэн болно. Эдгээр нөхцөл байдалд үндэслээд захирамж гаргасан байгаа. Мөн УИХ-ын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Увс аймгийн хэмжээнд нийт 350 гаруй 8 нэрийн дэлгүүр байгаа тэрнээс электрон тамхи зарахгүй байхад миний эдийн засагт хохирол учруулсан байна гэдэг нэг ч гомдол ирээгүй байна. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн захирамжийн үргэлжлэх хугацаа нь Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт орох хүртэл гэж заасан тул Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй байж байгаа.Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг дэмжиж байна “ гэв.
8. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Электрон тамхийг томчууд ховор татаж байгаа өсвөр насны хүүхдүүд голдуу их татаад байна гэж үзэж байна. Ямар замаараа худалдаж аваад байгааг ойлгохгүй л байна. Электрон тамхи нь хүний эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн учир Увс аймгийн Засаг даргын гаргасан захирамжийг дэмжиж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Э Г” ХХК-аас “Увс аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/52 дугаартай “Электрон тамхи худалдан борлуулахыг хориглох тухай” захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
3. Нэхэмжлэгч талаас “...захиргааны хэм хэмжээний актыг Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар хянуулж хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлээгүй, нийтэд ил тод нээлттэй байршуулаагүй нь хууль дээдлэх зарчимд нийцээгүй тул хүчингүй болох үр дагавартай. ...Мөн Монгол Улсын хуулиар хориглоогүй худалдааны бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх нь зөрчигдөж байна” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
4. Хариуцагч талаас “Увс аймгийн хэмжээнд Увс аймгийн ерөнхий боловсролын 6 сургууль, хувийн 1 сургууль, Улаангом политехник коллеж болон 8 сумдын сургуулийн сурагч багш нараас электрон тамхины хэрэглээг хязгаарлах хүсэлтийг Увс аймгийн Засаг даргад удаа дараа гаргасан. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-д бүх шатны засаг дарга хүүхдийн эрхийг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээг авах, энэ талаар гаргасан санал санаачилгыг дэмжих, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах талаар тусгагдсан байдаг бөгөөд иргэдээс төрийн байгууллага, албан тушаад гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль тогтоомжид заасны дагуу уг хүсэлтийг шийдвэрлэсэн. Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт орох хүртэл хориглохоор заасан тул Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлээгүй” гэх тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.
5. Увс аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/52 дугаартай “Электрон тамхи худалдан борлуулахыг хориглох тухай” захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид болон аймгийн хүүхдийн зөвлөлөөс ирүүлсэн электрон тамхины хэрэглээг бууруулах хяналтгүйгээр худалдан борлуулдаг байдлыг таслан зогсоох талаарх хүсэлтийн дагуу тамхины хэрэглээг бууруулах, хүүхэд залуучуудын эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, эрүүл мэндийг дэмжих зорилгоор аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох хүртэл хугацаанд түр хориглож шийдвэрлэжээ.
6. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж тодорхойлсон.
6.1. Увс аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/52 дугаартай “Электрон тамхи худалдан борлуулахыг хориглох тухай” захирамж нь Увс аймгийн хэмжээнд нийт худалдаа эрхлэгчдэд чиглэн электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдахыг хориглож, нийтээр дагаж мөрдүүлэхээр шийдвэрлэсэн, үйлчлэх хугацааг тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл хугацаанд гэж тодорхойлсон боловч энэхүү хугацаа хэзээ нь тодорхойгүй, үйлчлэл нь хэзээ дуусах нь тодорхойгүй тул байнга, үйлчлэл нь давтагдах шинжийг агуулсан, дагаж мөрдөөгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заасан, эрх бүхий этгээд буюу аймгийн Засаг даргад хууль тогтоомжид нийцүүлэн захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг гаргах эрх хуулиар олгогдсон зэрэг шинжийг агуулж байгаа тул маргаан бүхий захирамж захиргааны хэм хэмжээ тогтоосон акт мөн байна.
7. Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-д “Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж бүртгэнэ”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ”, 67 дугаар зүйлийн 67.2-д “Захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж, мөн зүйлийн 67.3-д “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж тус тус зохицуулсан.
8. Увс аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/52 дугаартай захирамж нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргэгдэж хянагдаагүй, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 6-1/32 дугаартай “Увс аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/52 дугаартай захирамж улсын нэгдсэн санд бүртгэлгүй байна” гэх лавлагааны хуудсаар тогтоогдож байна.
8.1. Тодруулбал, маргаан бүхий Увс аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/52 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-д зааснаар хүчин төгөлдөр болоогүй, эрх зүйн үйлчлэлгүй байна.
9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж тус тус зааснаар захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн өөрийнх нь субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор зөрчигдсөн буюу хөндөгдсөн нь тогтоогдсон тохиолдолд шүүхээс түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон шийдвэр гаргах боломжтой.
9.1. Нэхэмжлэгч “Э Г” ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00216383 дугаартай гэрчилгээ бүхий, электрон болон гэр ахуйн бараа,тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн бөөний болон жижиглэнгийн худалдаа гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө хуулийн этгээд байна.
9.2. “Э Г” ХХК нь электрон тамхийг импортоор Монгол Улсад оруулж ирж худалдан борлуулдаг болох нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, “Э Г” ХХК, “Ц” ХХК-ийн худалдааны хамтран ажиллах гэрээ, “Э Г” ХХК-аас Хонг Конг-ийн Skywider Group Holding Limited гэх хуулийн этгээдтэй электрон тамхийг худалдах худалдан авах тухай гэрээ байгуулж байсан талаарх орчуулагдсан гэрээ, зэргээр тогтоогджээ.
9.3. Иймд маргаан бүхий актаар Увс аймгийн нутаг дэвсгэрт электрон тамхи худалдан борлуулахыг хориглосон үйлчлэлийн улмаас нэхэмжлэгч “Э Г” ХХК-ийн хувийн аж ахуй эрхлэхтэй холбогдох эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна гэж үзэх үндэслэлтэй.
10. Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “тамхин бүтээгдэхүүн” гэж татах, үнэрлэх, зажлах зорилгоор тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн хэрэглээний бүтээгдэхүүнийг; 3.1.2-т “утаат тамхи” гэж үйлдвэрийн болон гар аргаар ороож бэлтгэсэн, татах зориулалттай янжуур, навчин тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг ойлгохоор заасан бөгөөд электрон тамхийг тамхин бүтээгдэхүүнд тооцох талаар хуульд заагаагүй, зохицуулалтгүй байх бөгөөд Монгол Улсын хилээр электрон бараа оруулж ирэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нэвтрүүлж, электрон тамхийг худалдаалж байна.
11. Нэгэнт хуулиар хориглоогүй бараа, бүтээгдэхүүнийг импортлох, худалдан борлуулах үйл ажиллагааг аймгийн Засаг даргаас хэм хэмжээний акт батлах замаар хязгаарлах нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, гээд 13.2.1-т “аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан”, 13.2.2-т “аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнээ нэг зах зээлээс нөгөөд борлуулахыг хориглосон буюу хязгаарласан” гэж заасантай нийцээгүй байна.
12. Иймд дээр дурдсан дүгнэлтүүдээр нэхэмжлэгч талын маргаж буй “маргаан бүхий акт нь захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, хуулиар хориглоогүй худалдааны бизнес эрхлэх эрхийг хөндөж байгаа” гэх тайлбарыг шүүх хүлээн авч, Увс аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/52 дугаартай Электрон тамхи худалдан борлуулахыг хориглох тухай” захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй.
13. Хариуцагч талаас “...Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “хүүхдийн эрхийг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээг авах, энэ талаар гарсан санал, санаачилгыг дэмжих, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах“ гэж заасны хүрээнд хүүхдийн эрх ашгийг хамгаалан, ерөнхий боловсролын болон коллежийн сурагчдын аймгийн Засаг даргад ирүүлсэн санал хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн” гэж тайлбарлаж байх боловч маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт нь дээр тайлбарласан хууль, хуулиар тогтоосон журамд нийцээгүй тул тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
14. Захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагыг Захиргааны ерөнхий хуульд тодорхой заасан байхад хариуцагч талаас “тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох хүртэл түр хугацаанд хязгаарласан тул улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүргүүлээгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.
15. Шүүх хуралдаанд оролцсон шүүхийн иргэдийн төлөөлөгчөөс “Хүүхдүүд электрон тамхи татах нь их байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” талаар дүгнэлт гаргасан бөгөөд хариуцагчаас захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хууль, Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндөж байгаа талаар шүүхээс дүгнэсэн тул шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй болно.
16. Аймгийн Засаг даргын хувьд цаашид электрон тамхины хэрэглээний талаар хүүхдэд чиглэсэн аливаа хуульд нийцсэн хязгаарлалт, бусад нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг тэмдэглэв.
17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.8, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/52 дугаартай “Электрон тамхи худалдан борлуулахыг хориглох тухай” захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э Г” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША
ШҮҮГЧ О.БАТДОРЖ