2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/03579

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 28 191/ШШ2025/03579

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .. аймаг, ........тоот хаягт оршин суух ....овогт .... /РД:..../,

 

Нэхэмжлэгч: .... аймаг, .........тоот хаягт оршин суух Х  /РД:.....-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..... дүүрэг, ........ тоот хаягт оршин байрлах М /РД:..../-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 24,390,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид гэр бүлийн хэрэгцээнд зориулан Тоёота Вэллфайр маркийн автомашины урьдчилгааны 16 сая төгрөгийг Х бэлнээр төлж ".... ХХК-иас 37 сая төгрөгийг эхнэр Е нэр дээр зээл авч, худалдан авсан. Тоёота Вэллфайр маркийн 86-01 УКР улсын дугаартай автомашинаа ....д 53 сая төгрөгөөр үнэлүүлэн хоёр тал харилцан тохиролцож, №24083019 Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулан 636,000 төгрөгийн хураамж төлж, 2024 оны 11 сарын 08-ны өдрөөс 2025 оны 11 сарын 07-ны өдөр хүртэл даатгуулсан юм. Даатгалын гэрээ байгуулсан албан тушаалтан нь зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтлийг 100 хувь даатгалын байгууллагаас барагдуулж өгнө гэж тайлбарлаж өгсөн. Даатгалын гэрээнд Х уг автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлийг даатгалын байгууллага 100% барагдуулахаар хоёр тал харилцан тохиролцсон. 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой 21 цагийн үед Хэнтий аймгийн Бэрх тосгон орохоор явж байх замд Бэрх тосгоноос баруун тийш 8 км орчим зайтай газар явж байхад өөдөөс нэг хурц гэрэлтэй машин зөрж өнгөрсөн, хурдаа сааруулаад зөрөөд өнгөртөл засмал замын хажуугаас 2-3 метр зайтай газраас зүүн гар талаас хэсэг адуу зам руу давхиад ороод ирсэн, тухайн үед тээврийн хэрэгслийн тормос гишгэж, хурдаа сааруулан тэр хэсэг адууг өнгөрүүлсэн боловч араас нь нэг тооны адуу гарч ирж машинд мөргүүлэн зам тээврийн осол гарсан. Зам тээврийн осол гарсан даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдэн, ослын шалтгаан нөхцөлийг шалгуулан, М -д нэн даруй мэдэгдэж, тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг эрх бүхий байгууллагаар хохирлын үнэлгээг тогтоолгоход 24.390.000 төгрөгийн хохирол гарч, холбогдох материалыг даатгалын байгууллагад хүргүүлсэн боловч "Даатгуулагчид учирсан энэхүү хохирлыг талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасан эрсдэл гэж үзэх боломжгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд мал, амьтныг мөргөх, шүргэх эрсдэлийг хамгаалаагүй гэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан" хариу ирүүлсэн. Даатгуулагч бид даатгалын гэрээний 2.3-д заасан хүн, тээврийн хэрэгсэл, биет зүйл мөргөж, шүргэх, биет зүйлд мөргүүлэх, өртөх үед учирсан эрсдэлийг хамгаалахаар заасан нь мал мөргөхөд хамаарах заалт гэж үзэж Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос, учирсан нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн боловч М гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрт 24,390,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Е, Х нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр .... улсын дугаартай Тоуота Wellfire маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ......хотын төв АО-19 засмал замд, замын хөдөлгөөнд оролцож явах үедээ 1 тооны адуу мөргөж хохирол учирсанд нөхөн төлбөр гаргуулах хүсэлт ирүүлсэн. Тус тохиолдлыг талуудын хооронд байгуулсан №24083019 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасан эрсдэл гэж үзэх боломжгүй юм. Учир нь гэрээнд мал амьтан мөргөх, шүргэх эрсдэлийг хамгаалаагүй бөгөөд гэрээний 2.3-т Замын хөдөлгөөнд оролцох үеийн дараах эрсдэлийг хамгаалахаар заасан: a.Хүн, тээврийн хэрэгсэл, биет зүйл мөргөх, шүргэх, b.Хүн, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх, c.Биет зүйлд мөргүүлэх, өртөх, үед учирсан гэх эрсдэлийг хамгаалахаар заасан. Мөн гэрээний 7 дугаар зүйл Нэр томьёо 7.19-т биет зүйл"-ийг даатгалын зүйл, түүний эд ангид гэмтэл учруулах хэмжээний даралт үзүүлэхүйц замын нүх, ховил, жалганаас бусад хатуу биетийг хэлнэ гэж тодорхойлсон бөгөөд хатуу биет гэдэгт өөрөө хэвийн дулаанд хатуу чанараа хадгалж чаддаг ган, төмөр, чулуу, мод, шил зэргийг ойлгох бөгөөд мал амьтан мөргөсөн тус тохиолдлыг талуудын хооронд байгуулсан замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлд хамааруулан үзэх боломжгүй юм. Талуудын хооронд байгуулсан №24083019 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4 зүйл "Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд" 4.2 "Даатгалын гэрээнд заагаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол" болон Даатгалын тухай хуулийн 8.5 Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно 8.5.3 Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Иймд ...." ХК нь нэхэмжлэгч Е, Х нарын Тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт нийт 24,390,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс: Е, Х нарын иргэний үнэмлэхийн наториатор батлуулсан хуулбар, итгэмжлэл, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 24083019 дугаартай даатгалын гэрээ, санхүүгийн зохицуулах хорооны 3/20 тоот албан бичиг 1 хуудас, эрх бүхий албан тушаалтны шинжээч томилсон тогтоолын хуулбар, Хэнтий аймгийн автотээврийн төвийн шинжээчийн дүгнэлт, фото зургууд, эрх бүхий албан тушаалтны хохиролын үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон тогтоолын хуулбар, бодит үнэлгээ" ХХК-ны шинжээчийн дүгнэлт, гэрчилгээ, фото зургууд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл. фото зургууд, эрх бүхий албан тушаалтны магадалгааны хуулбар, согтууруулах ундаа уусан эсэхийг шалгасан тэмдэглэл, фото зураг, жолоочийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, шийтгэлийн хуудасны хуулбар, зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэл, шүүгчийн 191/Ш32025/05080 дугаартай захирамж, .... ХХК-иас олгосон итгэмжлэл зэрэг баримтууд ирүүлжээ.

Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтуудыг ирүүлжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Х, Е нар нь Тоёота Вэллфайр 86-01 УКР маркийн автомашиныг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлээр худалдан авч, М -тай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан, 636,000 төгрөгийн хураамж төлсөн, улмаар маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой 21 цагийн үед Хэнтий аймгийн Бэрх тосгон орохоор гэрийн зүгт явж байх замд адуу мөргөн, зам тээврийн осол гаргасан. Осол гарсан даруйд цагдаагийн байгууллагад, ослын шалтгаан, нөхцлийг мэдэгдэн шалгуулсан, М -д нэн даруй мэдэгдэж, тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг эрх бүхий байгууллагаар хохирлын үнэлгээг тогтоолгоход 24.390.000 төгрөгийн хохирол гарсан боловч даатгагч нь гэрээнд заасан эрсдэл гэж үзэхгүй, учир нь талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд мал, амьтныг мөргөх, шүргэх эрсдэлийг хамгаалаагүй гэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Санхүүгийн зохицуулах хорооноос нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн боловч М гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул нөхөн төлбөрт 24,390,000 төгрөгийг гаргуулна гэж маргажээ.

3. Хариуцагч М нь нэхэмжлэгч нартай Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдал болон даатгалын хураамжийн талаар маргаагүй боловч адуу мөргөж осол гаргасныг Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасан эрсдэл гэж үзэхгүй, даатгалын гэрээнд мал амьтан мөргөх, шүргэх эрсдэлийг хамгаалаагүй харин хүн, тээврийн хэрэгсэл, биет зүйл мөргөх, шүргэх, хүн, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх, биет зүйлд мөргүүлэх, өртөх, үед учирсан гэх эрсдэлийг хамгаалахаар заасан. Гэрээнд зааснаар биет зүйл"-д мал, амьтан орохгүй тул даатгалын гэрээнд заагаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол" болон Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол юм. Иймд даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

5. Х, Е нар нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр .... ХХК-тай зээлийн, фидуцийн гэрээ байгуулан Тоёота Вэллфайр маркийн, хар өнгөтэй, 8601 УКР улсын дугаартай автомашиныг худалдан авах явцад М -тай 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр №24083019 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан, даатгалын хураамжид 636,000 төгрөгийг төлсөн гэх үйл баримттай хариуцагч маргаагүй тул даатгуулагч даатгалын зүйлээ даатгагчид даатгуулах, даатгагч нь гэрээнд заасан эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгохтой холбоотой гэрээний үндсэн нөхцөл нь нэхэмжлэгч Е, хариуцагч М -д тус тус хамаарна.

6. Зохигчдын байгуулсан гэрээний даатгалын зүйл нь эд хөрөнгө, гэрээний зорилго нь эрсдэлийн улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорыг нөхөн төлөх агуулга байгаагаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д заасан гэм хорын даатгалын гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2, 431.3-т заасан даатгалын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх шаардлагыг хангажээ.

7. Нэхэмжлэгч Е гэр бүлийн хүн, тээврийн хэрэгслийг эзэмшигч Х нь даатгалын зүйл болох Тоёота Вэллфайр маркийн, хар өнгөтэй, 8601 УКР улсын дугаартай автомашиныг жолоодон Хэнтий аймгийн Бэрх тосгон орохоор асфальтан замаар зорчин явахдаа 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой 21 цагийн үед Бэрх тосгоноос баруун тийш 8 км орчим зайтай газарт 1 тооны адуутай мөргөлдсөн зам тээврийн осол гаргасан боловч даатгагч нь даатгалын тохиолдлыг даатгалын гэрээгээр хамгаалагдаагүй, даатгалын гэрээнд заагаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн нь маргааны үндэслэл болжээ.

8.1. Хариуцагч М нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан.

а/ Нэхэмжлэгч Х нь замын хөдөлгөөнд оролцох үед адуу мөргөж автомашинд хохирол учирсан нь Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд мал амьтан мөргөх, шүргэх эрсдэлийг хамгаалаагүй бөгөөд замын хөдөлгөөнд оролцох үед зөвхөн хүн, тээврийн хэрэгсэл, биет зүйл мөргөх, шүргэх, хүн, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх, биет зүйлд мөргүүлэх, өртөх, үед учирсан гэх эрсдэлийг хамгаалахаар заасан. Мөн гэрээнд зааснаар биет зүйл"-ийг даатгалын зүйл, түүний эд ангид гэмтэл учруулах хэмжээний даралт үзүүлэхүйц замын нүх, ховил, жалганаас бусад хатуу биетийг хэлнэ гэж тодорхойлсон бөгөөд хатуу биет гэдэгт өөрөө хэвийн дулаанд хатуу чанараа хадгалж чаддаг ган, төмөр, чулуу, мод, шил зэргийг ойлгох тул мал, амьтан мөргөсөн тус тохиолдлыг талуудын хооронд байгуулсан замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлд хамааруулан үзэхгүй гэж маргажээ.

9. Хэрэгт цугларсан баримтаас дүгнэхэд М -ийн Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний даатгалын эрсдэлийн 3-т Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлд, а/ хүн, тээврийн хэрэгсэл, биет зүйл мөргөх, шүргэх, б/ хүн, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх, с/ биет зүйлд мөргүүлэх, өртөх зэрэг эрсдэл-ийг 100 хувь хамгаалах, нөхөн төлбөрийг бүрэн олгохоор заажээ.

10. Нэхэмжлэгч Е нь М -тай 2024.11.08-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр замын хөдөлгөөнд оролцох эрсдэлийг 100 хувь хамгаалах нөхцөлөөр байгуулсан, нэхэмжлэгч нь замын хөдөлгөөнд оролцох явцдаа мал, амьтан мөргөсний улмаас автомашинд бодит хохирол учирсан үйл баримт тогтоогдсон тул гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсжээ.

11. Иймд талуудын хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ нь даатгалын зүйл болох автомашиныг жолоодон явах үед зам тээврийн хөдөлгөөнд оролцох үед бусад зүйлийн нөлөөллийн улмаас зам тээврийн осол гарч, машинд эвдрэл гэмтэл үүссэн эрсдэлийг хариуцна гэж дүгнэв.

12. Даатгуулагч нь зам тээврийн осол гаргахдаа мал, амьтан мөргөсөн, мөн талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээнд мал амьтны нөлөөний улмаас үүссэн зам тээврийн ослыг хамгаалахаар зохицуулагдаагүй тул Даатгалын гэрээний Дөрөвдүгээр зүйлд зааснаар даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байх нөхцөлд хамаарна гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариуцагч маргахдаа, даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол үүссэн гэж нэхэмжлэлийг эсэргүүцсэн боловч энэхүү татгалзал нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй байна.

13. Ослын шалтгаан, нөхцөлийг шалгасан шинжээчийн дүгнэлт, тухайн хэрэг явдал болсонтой холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгасан баримтууд зэргээр даатгуулагчийн санаатай үйлдэл, буруутай үйл ажиллагааны улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрх бүхий албан тушаалтын 2024.11.14-ний өдрийн Магадалгаагаар Х нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ 1 тооны адуу мөргөж зам тээврийн осол гаргасан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т зааснаар Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчиж 1 тооны адуу мөргөсөн, мөн дүрмийн 18.3-т хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусгавар болсон байх тул даатгуулагчийн санаатай, буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний Дөрөвдүгээр зүйлд заасан үндэслэлд заасан нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдэд хамаарахгүй гэж үзэв.

14. Тодруулбал, зохигчийн хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний Долдугаар зүйлийн 7.19-т биет зүйл гэдэг нь даатгалын зүйл, түүний эд ангид гэмтэл учруулах хэмжээний даралт үзүүлэхүйц замын нүх, ховил, жалганаас бусад хатуу биетийг ойлгохоор заасан тул мал, амьтан хамаарахгүй гэж хариуцагч маргасан боловч нэхэмжлэгч нь Замын хөдөлгөөнд оролцох явцад осол гаргаж, өөрийн эд хөрөнгөд хохирол учруулсан нь маргаангүй үйл баримт бөгөөд энэ нь баримтаар тогтоогдсоноос гадна даатгалын гэрээний 3.а-д заасан хүн, тээврийн хэрэгсэл, биет зүйл мөргөх, шүргэх зэрэг замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсэлд тухайн тохиолдлыг хамааруулан ойлгох үндэслэлтэй.

15. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгохоор хуульчилсан, Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм-ийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, мөн 18.3-т хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон тул замын хөдөлгөөнд оролцсоны улмаас үүссэн эрсдэлд мал, амьтан шүргэх, мөргөх эрсдэл хамаарна гэж үзэв.

16. Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний нэр томьёогоор биет зүйл гэдэг нь даатгалын зүйл, түүний эд ангид гэмтэл учруулах хэмжээний даралт үзүүлэхүйц замын нүх, ховил, жалганаас бусад хатуу биетийг ойлгохоор тодорхойлсон тул хатуу биет гэдэгт өөрөө хэвийн дулаанд хатуу чанараа хадгалж чаддаг ган, төмөр, чулуу, мод, шил зэргийг ойлгоно, харин мал амьтан хамаарахгүй гэж маргасан боловч биет зүйлд мал амьтан хамаарахгүй болохыг, нөгөө талаас хатуу биет гэдэгт мал амьтан хамаарахгүй болохыг зөвхөн өөрийнхөө тайлбараар үгүйсгэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг няцаах үндэслэл болохгүй юм.

17. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3/20 дугаар албан бичгээр М -д хүргүүлсэн хариу албан бичигт ....Х нь даатгалын гэрээний хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байхдаа нэг тооны адуу мөргөж осол гаргаснаар даатгалын тохиолдол үүссэн байх ба уг тохиолдлыг танай компанийн зүгээс судалж үзээд, мал амьтны нөлөөгөөр учирсан хохирол нь гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл тул даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т даатгалын гэрээнд заагаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй... Учир нь Хг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчиж нэг тооны адуу мөргөж зам тээврийн осол гаргасан болохыг тогтоож, тодорхойлсон байх ба энэ тохиолдолд даатгуулагчийн сонгосон №24083019 тоот даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.С-д Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл үүссэн болох нь нотлогдож байх тул даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж дүгнэн, гэрээнд заасан нөхөн төлбөрийг олгох талаар хариу хүргүүлсэн нь мөн үндэслэлтэй гэж дүгнэв.

18. Иймд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан тохиолдолд нөхөн төлбөр төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзана гэж заасныг үндэслэн хариуцагч нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь учир дутагдалтай юм.

19. Даатгалын үндсэн зорилгын хувьд эрсдэл нь гэнэтийн буюу санамсаргүй байх, учирч болох эрсдэл нь урьдчилан таамаглах боломжгүй байх, эдгээр эрсдэлийг даатгах, даатгуулах үндсэн зарчимд хамаарах бөгөөд даатгагч нь даатгалын гэрээг байгуулснаас хойшхи хугацаанд үүссэн, эрсдэлд үүрэг хүлээнэ.

20. Нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол болох эрсдэлийг урьдчилан мэдэх боломжгүй гэнэтийн, санамсаргүй байсан, тухайн автомашинд өөрийн санаатай үйлдлээр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул даатгалын гэрээнд заасан эрсдэл үүссэн гэж үзэх боломжгүй гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

21. Зохигчдын хооронд Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний даатгалын үнэлгээг 53,000,000 төгрөгөөр, хураамжийн хэмжээг 1 жилийн 1,2 хувь буюу 636,000 төгрөгөөр тогтоожээ.

22. Мөн гэрээний замын хөдөлгөөнд оролцох эрсдэлийн хувьд нөхөн төлбөр олгох дээд хязгаарыг 100 хувь байхаар тогтоожээ.

23. Нэхэмжлэгч өөрийн автомашинд учирсан хохирлын үнэлгээг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Бодит үнэлгээ ХХК-иар гаргуулахад 24,390,000 төгрөг гэж тооцсон, тухайн үнэлгээнд зохигч маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 24,390,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсгийг баримтлан 24,390,000 төгрөгийг М -иас гаргуулж, нэхэмжлэгч Х, Е нарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Х, Е нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,900 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М -иас 279,900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД