Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01141

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/01139 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хариуцагч БХЗХТБА албанд холбогдуулан гаргасан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэлэнгэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 05589 дүгээр шүүгчийн захирамжаар “Э” ХХК-аас 503 163 908 төгрөгийг гаргуулж, “Капитал банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болно. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 17250559/01 дугаар эд хөрөнгө битүүжлэх тухай тогтоол үйлдэж, “Э” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031883 дугаартай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор 13090, 64 тоотод байрлах 226 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 133028/0212 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Шонхор өртөөний баруун талд байрлах, 23500 мкв талбайтай газар, үйлдвэрийн тоног төхөөрөмж зэргийг битүүмжилсэн болохыг “Э” ХХК-ийн хамгаалагч А.Нарангаравт битүүмжилсэн тогтоолыг үлдээснийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр мэдлээ. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 05589 дүгээр шүүгчийн захирамж болон гүйцэтгэх баримт бичигт эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд дурьдсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар тусгаагүй байтал дээрх хөрөнгүүдийг битүүмжилж албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс “Э” ХХК-ийн дээрх хөрөнгийг битүүмжлэхдээ компанийн төлөөлөгчийг байлцуулаагүй, мэдэгдээгүй бөгөөд эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг “Э” ХХК-ийн хамгаалагч А.Нарангаравт үлдээж явсан. “Э” ХХК-ийн зүгээс 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 17250559/01 дугаар эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хамгаалагч А.Нарангараваас хүлээн авснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан хугацаанд ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандан шийдвэр гүйцэтгэлийн уг хууль бус ажиллагааг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 04а/2976 тоот албан бичгээр битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй тухай хариу өгчээ. “Э” ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031883 дугаартай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор 13090, 64 тоотод байрлах 226 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 133028/0212 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Шонхор өртөөний баруун талд байрлах, 23500 мкв талбайтай газар, үйлдвэрийн тоног төхөөрөмж зэргийг хууль бусаар битүүмжилсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 17250559/01 дугаар эд хөрөнгө битүүмжэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5589 дүгээр шийдвэрээр “Э” ХХК-аас 503 163 908 төгрөгийг гаргуулж Капитал банканд олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор 13090, 64 тоотод байрлах 226 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо шонхор өртөөний баруун талд байрлах 23500 м.кв талбайтай газар хөрөнгийг хуульд заасны дагуу битүүмжлэх ажиллагаа явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмтайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Э” ХХК нь Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас Капитал банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрлийн гэрээг байгуулсан. Эвлэрлийн гэрээний 1.2, 3.2, 5.5-т зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэхээр тохирсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийг мэдэгдсэн мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байхад, БХЗХТБА албанд ажиллагаа хийгдэж байхад удаа дараа өгсөн. Өмчлөх, эзэмших эрхийг эзэмшиж байгаа этгээд энэ тухай мэдэх боломжтой гэж үзэж байна. Мөн энэ талаар тухайн үедээ гомдол гаргаж байгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заавал барьцаа хөрөнгө бус компанийн бусад хөрөнгөөс төлбөрийг гаргах зохицуулалт байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т заасныг баримтлан БХЗХТБА албанд холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 17250559/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Ү-2204031883 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор /13090/ 64 тоотод байрлах 226 м.кв талбайтай тоосгоны үйлдвэрийн цогцолбор зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 133028/0212 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор өртөөний баруун талд байрлах 23,500 м.кв талбайтай газрыг тус тус битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03- ны өдрийн 05589 дугаар шүүгчийн захирамжаар “Э” ХХК-иас                             503 163 908 төгрөг гаргуулж “Капитал банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагчаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа “Э” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 226 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, уг газарт байрлах 23.500 м.кв талбай бүхий газар, үйлдвэрийн тоног төхөөрөмж зэргийг битүүмжилсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс уг Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс "Э” ХХК-ийн өмчлөлийн дээрх хөрөнгийг битүүмжлэхдээ компанийн төлөөлөгчийг байлцуулаагүй, түүнд мэдэгдээгүй байж эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэж “Э” ХХК-ийн хамгаалагч А.Нарангарав гэх хүнд үлдээж явсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг зөрчсөн. Хариуцагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа битүүмжлэх ажиллагаа явуулах талаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх хуудсыг хуульд заасан журмын дагуу гардуулж мэдэгдээгүй. Мөн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 17250559/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд аль шүүхийн, хэдэн оны, ямар шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Э ХХК нь БХЗХТБА албанд холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05589 дугаар шүүгчийн захирамжаарКапитал банк” ХХК-ийн нэхэмжилсэн 501 830 358.02 төгрөгийг Э ХХК хүлээн зөвшөөрч, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл төлбөр төлөх хуваарийн дагуу төлж барагдуулахаар, Э ХХК нь хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй, графикт хугацаа 1 сараар хэтэрсэн тохиолдолд зээлийн болон барьцааны гэрээ, эвлэрлийн гэрээнд тусгасан үл хөдлөх эд хөрөнгүүд болон бусад орлогуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. эргийн 19-23 дугаар тал/

            Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул хариуцагчаас тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ГХ2017/00104 дугаартай гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчид 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төлбөр төлөх хугацаатай мэдэгдэл өгч, улмаар маргааны зүйл болох шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 17250559/01 дугаартай тогтоолоор Ү-2204031883 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор /13090/ 64 тоотод байрлах 226 м.кв талбайтай тоосгоны үйлдвэрийн цогцолбор зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 133028/0212 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор өртөөний баруун талд байрлах 23,500 м.кв талбайтай газар зэргийг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 62 дугаар тал/

            Төлбөр төлөгч “Э” ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Төмөр зам тохойн 1-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг болох нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 246 дугаар тодорхойлолт, мөн өдөр “Э” ХХК-аас энэ хаягт үйл ажиллагаа явуулдаг үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. /хэргийн 233,234 дүгээр тал/

            Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 17250559/01 дугаартай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхдээЭ ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг дээрх хаягт хуулийн этгээдийн хамаарал бүхий этгээд байгаагүйгээс харуул н.Анхбаярын охин гэх А.Нарангаравт уг эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, зарлан дуудах хуудас, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Э ХХК-ийн захирал Г.Идэрт дамжуулан өгөхөөр хүлээлгэн өгсөн болох нь мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлээр тогтоогдож байна. /хэргийн 61,62 дугаар тал/

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж заасан. Мэдэгдэх хуудсыг гардсан авсан А.Нарангарав нь 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд өөрийн регистрийн дугаарыг ЛД02300501 гэж тэмдэглэсэн байхаас үзвэл түүнийг 18 насанд хүрсэн гэж үзнэ. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.

            Нэхэмжлэгч уг тогтоолыг А.Нарангараваас 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан болохоо тайлбарласан. /хэргийн 1 дүгээр тал/ Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлын үндэслэлээ “...төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэхдээ төлөөлөх эрхгүй этгээдэд тогтоолыг гардуулсан, тогтоолд аль шүүхийн, хэдэн оны, ямар шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

            Түүнчлэн, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 17250559/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болсон шүүхийн нэр, шүүхийн шийдвэрийн огноо, дугаар бичигдээгүй хэлбэрийн шаардлага хангаагүй байх боловч энэ нь уг ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Уг тогтоолд эд хөрөнгө битүүмжилж буй газрын хаяг, төлбөр авагч, төлбөр төлөгчийн нэр, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтыг тодорхой тусгасан байна.

            Иймд төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул дээрх эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/01139 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                                                                        

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ДАВААДОРЖ

 

                                                 ШҮҮГЧИД                               Д.НЯМБАЗАР

 

                                                                                                 С.ЭНХТӨР