| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/03406/И |
| Дугаар | 191/ШШ2025/03058 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/03058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... аймаг, .......тоот хаягт оршин суух, ....... /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..... дүүрэг, ........ давхарт байрлах, "Б " ХХК /РД:.../-д холбогдох,
Гэрээний үүрэг зөрчсөний улмаас алдангид 12,351,528 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Гэрээний үүрэг зөрчсөний улмаас алдангид 4,752,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М , хариуцагчийн өмгөөлөгч Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр В-2-2-В дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, Орхон аймаг Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт Уурхайчин-Г хотхоны 3 дугаар байр, 2 давхарт, 2-р орцны 2202 тоотод 3 өрөө, 74.11 м.кв талбайтай орон сууцыг захиалсан. Гэтэл Х ХХК нь уг гэрээн дээрх өөрийн компанийн нэрээ өөрчлөн сольж, Б ХХК болсон тул захиалагч нартай дээрх байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээгээ дахин шинэчлэн Б ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 3-2202 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ болгон өөрчилсөн. О нь уг гэрээний дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт Уурхайчин-Г хотхоны 3 дугаар байр, 2 давхарт, 2-р орцны 2202 тоотод 3 өрөө, 74.11 м.кв талбайтай орон сууцыг 122.281,500 төгрөгөөр худалдаж авсан. О нь орон сууцны төлбөр 122,281,500 төгрөгөөс эхний удаа урьдчилгаа төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 24,684,450 төгрөгийг Б ХХК-ийн Богд банк-ны 8000002107 дугаартай харилцах дансанд, Улаанбаатар хот байрны түлхүүр хүлээж аваад 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 85,597,050 төгрөгийг Х ХХК-ийн Богд банк-ны 8000002107 дугаартай харилцах дансанд, үлдэгдэл 12,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б ХХК-ийн Богд банк*-ны 8000002107 дугаартай харилцах дансанд тус тус шилжүүлж төлбөрөө бүрэн төлсөн. Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 3.1-т орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаж барьж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгнө гэсэн боловч О нь гэр бүлийн хамтаар 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр түлхүүрээ авч байрандаа орсон. Орон сууцыг 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 08/2021 дугаартай дүгнэлтээр Х ХХК-д олгожээ. Уг барилга хугацаандаа ашиглалтад оруулж чадаагүй нь дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахлын нөхцөл байдалтай хамааралтай байсан хэмээн барилгын гүйцэтгэгч компани тайлбарлаж байгаа бөгөөд Х ХХК-д Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Гэнэтийн бүюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр олгосон нь 2020.11.11-ний өдрөөс 2021.01.11-ний өдрийн хооронд 2 сарын хугацаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдалд орсон нь үнэн бөгөөд бусад нөхцөлд хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх бүрэн боломжтой байтал орон сууцны барилгыг хугацаандаа ашиглалтад оруулаагүй байна. Барилгын ажлыг гүйцэтгэгч Химон консгракшн ХХК-д 2019 оны 9 дүгээр сарын 15-аас 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд барилга барьсан хугацаа нийт 586 хоног бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 08/2021 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтээр хүлээлгэн ашиглалтад орсон. Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 5.4-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанаас /2020.12.31/ хойш захиалагчид орон сууцыг энэ гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг Захиалагчид төлнө. гэж заасны дагуу нэхэмжлэгч О нь хугацаандаа ашиглалтад ороогүй 169 хоногийн алдангийг нэхэмжлэх бүрэн үндэслэлтэй. Нэхэмжлэгч О нь гэрээний төлбөр 122,281,500 төгрөгөөс гэрээнд заасан хугацааны дагуу 110,281,500 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 12,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлж хугацаа хожимдуулсан үнэн болно. Тийм ч учраас хариуцагчаас хугацаандаа төлсөн 110,281,500 төгрөгийг төлбөрийн дүнгээс 169 хоногийн алдангийг тооцоход 18,637,489 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас 18,637,489 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн багасгаж тодруулсан шаардлагадаа: Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 3.1-т орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаж барьж, захиалагчид хүлээлгэн өгнө гэсэн боловч О нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Х ХХК нь 2020.11.11-ний өдрөөс 2021.01.11-ний өдрийн хооронд 2 cap буюу 60 хоногийн хугацаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдалд орсон нь үнэн бөгөөд бусад нөхцөлд хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх бүрэн боломжтой байтал орон сууцны барилгыг хугацаандаа ашиглалтад оруулаагүй. Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 5.4-т заасны дагуу нэхэмжлэгч О нь хугацаандаа ашиглалтад ороогүй 180 хоногийн алдангийг нэхэмжлэх бүрэн үндэслэлтэй боловч хугацаа хэтэрсэн 172 хоногоос 60 хоногийг хасаж 112 хоногийн алдангийг гэрээнд заасан хугацааны дагуу төлсөн 110,281,500 төгрөгийг дүнгээс тооцож /1 өдрийн алданги 110,281.5 төгрөг/ хариуцагчаас 12,351,528 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 01 дүгээр сараас эхлээд Ковид цар тахал дэгдсэнээс болж Засгийн газраас шат дараалсан арга хэмжээ авсан. Анх Монголд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хилийн зарим боомтыг түр хаах, хязгаарлах тухай тогтоолоор БНХАУ-ын хил залгаа бүх боомтыг хаасан. Хариуцагч гүйцэтгэгч боловч барилгын материал, хүний нөөцөд гадаад хүчин зүйлс нөлөөлсөн. Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор Бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбоотойгоор Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаар тушаал, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/04 тоот, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2020/36 тоот албан даалгавруудаар барилга байгууламжийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд ажил үүргээ гүйцэтгэхдээ ажилчдыг бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй, олон хүнийг нэг дор ажиллуулахгүй байх хязгаарлалт тогтоосон. Барилгын ажил нь олон хүнийг нэг дор ажиллуулж байж явагддаг үйл ажиллагаа юм. Х ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага иргэн хуулийн этгээдийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 11-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй" хэмээн шийдвэрлэсэн. Энэхүү Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ нь дэлхий нийтэд дэгээд буй КОВИД-19 буюу коронавирусын цар тахлын хорио цээрийн хугацаанд хүчин төгөлдөр байна гэх гэрчилгээ гарсан. Өөрөөр хэлбэл Ковид-19 цар тахал эхэлсэн өдрөөс дуусгавар болох өдөр хүртэл хүчин төгөлдөр байна гэсэн үг юм. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 6.1 Хэрэв талууд аль нэг нь гэрээний үүргээ биелүүлээгүй хойшлуулсан явдал нь дор дурдсан шалтгааны улмаас үүссэн бол гэрээг зөрчсөн гэж үзэхгүй ба нөгөө талын өмнө хариуцлага хүлээхгүй. Үүнд:
6.1.1 Монгол улсын хэмжээнд байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, удаан хугацаагаар хур тунадас орох, гэнэтийн аюул, осол болон түүнтэй адилтгах бусад онцгой нөхцөл байдлын улмаас барилгын ажлыг зогсоох шаардлага гарсан.
6.1.3 Гэрээний 6.1.1 6.1.4 -д заасан нөхцөл байдал үүсэж барилгын ажил зогссон тохиолдолд МҮХАҮТ-аас гэрчилгээ авч, тухайн нотлогдсон хугацаагаар гэрээний хугацааг сунгана гэж заасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч "Б ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: О тай 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г харилцан тохиролцож байгуулсан гэрээний 2.3-т Захиалагч нь уг гэрээний үнийн дүнгийн 30%-ийг гэрээ хийсэн өдрөөс хойш 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд төлсөн байх гэж мөн 2.4-т Уг гэрээний үнийн дүнгийн 30% нь 36,684,450 төгрөг байна гэж заасан. О нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор 36,684,450 төгрөгийг манай компанид төлөх ёстой байсан. Гэтэл хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай компани Богд банкны 8000002107 тоот дансанд 24,684,450 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд төлбөл зохих нийт төлбөрөөс 12,000,000 төгрөгийг дутуу төлсөн. Гэрээний 5.3-т Захиалагч энэ гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зохих хугацаанд гүйцэтгээгүй /гэрээ хийсэн өдрөөс хойш ажлын 15 хоног/ тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги гүйцэтгэгчид төлнө гэж заасан. Захиалагч тал буюу О нь урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох 12,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн, үлдэгдэл төлбөрийг хугацаа хожимдуулж төлснөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнээс үзвэл 2020 оны 11 дүгээр сарын 11-ны 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 396 хоногийн алданги нийт 4,752,000 төгрөг болох юм. Иймд О аас Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-ний үүрэгт алданги 4,752,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч О нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
5. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, итгэмжлэл, № В-2-2-В орон сууц захиалгаар бариулах гэрээ, № 3-2202 орон сууц захиалгаар бариулах гэрээ, гялс банк интернэт-гүйлгээний мэдээлэл, мемориалын баримт, 2021.08.20 586 тоот албан бичиг, 2021.01.08 02/621 тоот гэрчилгээ, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, Монгол улсын засгийн газрын тогтоол, 2020.11.06-ны өдрийн 36/79 тоот албан бичиг, орон сууц захиалан бариулах гэрээ, 2020.10.28-ны өдрийн өргөдөл , өргөдөл гаргах нь зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Хариуцагчаас: Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгчийн захирамжаар: 2024.04.15-ны өдрийн 02/368 тоот албан бичиг, 2024.10.29-ний өдрийн 117/943 тоот албан бичиг, 2025.04.09-ний өдрийн 02/313 тоот албан бичиг, 2021.01.08-ны өдрийн 02/621 гэрчилгээ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч О нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2020.10.27-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-нд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй буюу гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөлгүй хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор гэрээний дагуу алданги 18,637,489 төгрөгийг гаргуулахаар шаардсан, улмаар шүүх хуралдаанд 12,351,528 төгрөг болгон бууруулахдаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
а/ Талуудын хооронд 2020.10.27-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 3.1-т орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаж барьж, захиалагчид хүлээлгэн өгнө гэсэн боловч О нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Хариуцагч нь 2020.11.11-ний өдрөөс 2021.01.11-ний өдрийн хооронд 2 cap буюу 60 хоногийн хугацаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болох Ковид цар тахлын хүнд нөхцөл байдалд орсон, харин бусад нөхцөлд хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх бүрэн боломжтой байхад орон сууцны барилгыг хугацаандаа ашиглалтад оруулаагүй. Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 5.4-т заасны дагуу 112 хоногийн алдангийг гэрээнд заасан хугацааны дагуу төлсөн 110,281,500 төгрөгийн дүнгээс тооцож хариуцагчаас 12,351,528 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хариуцагч Б ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзсан. 2020 оны 01 дүгээр сараас эхлээд Ковид цар тахал дэгдсэнээс болж Засгийн газраас шат дараалсан арга хэмжээ авсан. Монгол Улсад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хилийн зарим боомтыг түр хаах, хязгаарлах тухай тогтоолоор БНХАУ-ын хил залгаа бүх боомтыг хаасан тул барилгын материал, хүний нөөцөд гадаад хүчин зүйлс нөлөөлсөн. Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор Бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбоотойгоор Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаар тушаал, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/04 тоот, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2020/36 тоот албан даалгавруудаар барилга байгууламжийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд ажил үүргээ гүйцэтгэхдээ ажилчдыг бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй, олон хүнийг нэг дор ажиллуулахгүй байх хязгаарлалт тогтоосон. Х ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авсан. Мөн Орон сууц захиалгаар бариулах гэрээний 6.1-т заасан давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.
Харин О нь гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор урьдчилгаа төлбөрт 36,684,450 төгрөг төлөх ёстой байсан боловч 24,684,450 төгрөг шилжүүлж, 12,000,000 төгрөгийг дутуу төлсөн, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 12,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Гэрээний 5.3-т зааснаар алданги тооцвол нийт 396 хоног болсон тул 4,752,000 төгрөгийг гаргуулна гэж маргажээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
I. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
1. Нэхэмжлэгч О нь хариуцагч Х ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №Б-2-2-Б дугаартай "Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулжээ.
а/ Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт баригдаж буй Б байр, 2 давхрын 2-2-Б, 3 өрөө, 74,11 м.кв талбайтай орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан барьж, улсын комисст өгч, ашиглалтад оруулан, захиалагчид хүлээлгэн өгөх, 1 м.кв-ыг 1,650,000 төгрөг буюу 122,281,500 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь урьдчилгаа төлбөр болох 30 хувийг гэрээ байгуулсан өдөр төлж, түлхүүр авахад үлдэгдэл 85,597,050 төгрөгийг төлж дуусгахаар гэрээний ерөнхий нөхцөлөөр харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.
б/ Х ХХК нь 2021.10.15-ны өдрийн улсын бүртгэлээр өөрийн оноосон нэрийг Б ХХК болгон өөрчилсөнтэй холбоотойгоор О болон Х ХХК нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан №Б-2-2-Б дугаартай "Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г зөвхөн компанийн оноосон нэрийг өөрчилж, гэрээнд дахин гарын үсэг зурсан асуудлаар, гэрээний агуулга, заалтад аливаа өөрчлөлт ороогүй талаар хэн аль нь хуралдаанд тайлбарлажээ.
2. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №Б-2-2-Б дугаартай "Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний дагуу худалдагч тал нь өөрийн нийлүүлбэл зохих орон сууцыг нийлүүлсэн, талуудын хооронд эд хөрөнгийн чанар, хэмжээ, доголдлын талаар маргаан байхгүй боловч хүлээн авсан орон сууцыг гэрээнд заасан хугацаа хожимдуулж нийлүүлсэн, мөн худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд үнэ, төлбөрийг төлөөгүй гэсэн шалтгаан, үндэслэлээр маргаан үүсжээ.
3. Нэхэмжлэгч О нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан Талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-гээр тохирсон хугацаанд буюу 2020.12.31-ний өдрийн дотор орон сууцыг ашиглалтад оруулах, захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор алданги тооцох ёстой гэж маргасан бөгөөд гэрээний 5.4-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанаас /2020.12.31/ хойш захиалагчид орон сууцыг энэ гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж заасныг үндэслэн алданги шаарджээ.
4. Нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тодорхойлохдоо, өөрийн хариуцагчид шилжүүлсэн 110,281,500 төгрөгт хамаатуулан алданги шаардсан нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан, алданги шаардах хууль зүйн үндэслэл нь хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн байхад үүрэг гүйцэтгүүлэгчийн шилжүүлсэн дүнд тооцсон нь хуульд нийцээгүй байхаас гадна талуудын хооронд байгуулсан гэрээний зохицуулалтад тусгагдсан гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй, энэ талаарх баримт нотолгоог гаргах үүргээ хэрэгжүүлээгүй тул алданги шаардах эрхгүй гэж үзэв.
5. Мөн зохигчдын хооронд гэрээ байгуулахад, гэрээ хэрэгжих хугацааны явцад дэлхий нийтэд тархсан цар тахал, ковидын нөхцөл байдалтай байсан, улмаар Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №178 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 12 дүгээр сарын 21-ний өдрийн №226 дугаар тогтоол, 2021.02.10-ны өдрийн №27 дугаар тогтоол, 2021.04.23-ны өдрийн №104 дүгээр тогтоолоор цар тахалтай холбогдуулан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт бүрэн болон хэсэгчилсэн хугацаанд шилжүүлсэн нь барилгын ажил гүйцэтгэж байх хугацаатай давхацсан, аргагүй байдлын улмаас ажил гүйцэтгэх боломжгүй болсонтой холбоотойгоор Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болох нь нотлогдсон, мөн Монгол Улс, БНХАУ-ын хил залгаа бүх боомтыг хаасан зэрэг нь барилгын материалыг хугацаандаа татан төвлөрүүлэх ажил зэрэгт нөлөөлсөн гэх үндэслэлээр хариуцагч тал алдангийг татгалзсан нь үндэслэлтэй гэж үзэв.
а/ Тодруулбал, талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний 6.1-т Хэрэв талуудын аль нэг нь гэрээний үүргээ биелүүлээгүй, хойшлуулсан явдал нь дор дурдсан шалтгааны улмаас үүссэн бол гэрээг зөрчсөн гэж үзэхгүй нөгөө талын өмнө хариуцлага хүлээхгүй. Үүнд: 6.1.1. Монгол Улсын хэмжээнд байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, ... гэнэтийн аюул, осол болон түүнтэй адилтгах бусад онцгой нөхцөл байдлын улмаас барилгын ажлыг зогсоох шаардлага гарсан, мөн гэрээний 6.1.2-т Төрийн байгууллагын аливаа шийдвэрээс шалтгаалан гүйцэтгэгчээс шалтгаалалгүйгээр барилгын ажил зогсох, хойшлох үеийг давагдашгүй хүчин зүйл гэж үзнэ гэж тус тус заасан, мөн гэрээний 6.1.3, 6.1.5, 6.1.6-д заасан нөхцөл байдал үүссэн нь гэрээнд заасан хугацаанд барилгыг гүйцэд ашиглалтад оруулах боломжгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болжээ.
6. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т Аж ахуйн нэгж, байгууллага нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх, мэдээлэл солилцох, хамтран ажиллах үүрэгтэй гэж заасан, уг хуулийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдсөн, Б ХХК нь гэрээнд заасан хугацаанаас хагас жил гаруйн дараа орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгсөн боловч үүнээс бүтэн 2 сарын хугацаанд цар тахалтай холбогдуулан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт бүрэн шилжсэний улмаас ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй илэрхий нөхцөл байдалтай байсан, мөн гэрээний 5.4-т зааснаар гэрээний хугацааг 30 хоногоор хэтэрсэн тохиолдолд алданги тооцохгүй байхаар тохирсон зэргийг харьцуулан дүгнэхэд хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг ноцтой хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
7. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд хариуцагч Б ХХК нь өөрийн буруугаас хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор үүргийн ноцтой зөрчил бий болсон гэх үндэслэл тогтоогдоогүй, ердийн боломжит хугацаанд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгсөн гэж үзэв.
8. Нэхэмжлэгч О нь хариуцагч гэрээний үүргийг зөрчиж, 112 хоног хэтрүүлсэн гэж тайлбарласан боловч тухайн хугацаа хэтрүүлсэн хоногийг хэзээнээс хэзээг хүртэлх хугацаа болохыг тодорхой тайлбарлаагүй, мөн хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдоогүй тул алданги 12,351,528 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.
II. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
1. О болон Б ХХК нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 2.5-д заасан хуваарийн дагуу захиалагч нь орон сууцны төлбөрийг төлөхөөр тохирчээ. Тодруулбал, гэрээ байгуулсан өдөр болох 2020.10.27-ны өдөр урьдчилгаа төлбөрт 24,684,450 төгрөг, захиалагчийн ажлын байрны хөнгөлөлтөөр 12,000,000 төгрөг эдлэхээр, үлдэгдэл 70 хувийн төлбөр болох 85,597,050 төгрөгийг түлхүүр хүлээн авахад төлөхөөр тохирчээ.
2. Зохигчид урьдчилгаа төлбөрт 24,684,450 төгрөг, үлдэгдэл 70 хувийн төлбөр болох 85,597,050 төгрөгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хугацааны талаар маргаагүй, харин Захиалагчийн ажлын байрын хөнгөлөлт гэсэн хэсэгт заасан 12,000,000 төгрөгийг 2020.10.27-ны өдөр төлөх ёстой байсан боловч О нь 12,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн учир гэрээний 5.3-т заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 396 хоногийн алдангид нийт 4,752,000 төгрөг болох тул гаргуулна гэж шаардсан.
3. О болон Б ХХК нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 2.5-д зааснаар захиалагч нь орон сууцны төлбөрийг төлөх нөхцөлийг харилцан тохирсон, үүнээс гэрээ байгуулсан өдөр болох 2020.10.27-ны өдөр урьдчилгаа төлбөрт 24,684,450 төгрөгийг төлөхөөр, захиалагчийн ажлын байрны хөнгөлөлтөөр 12,000,000 төгрөгийг эдлэхээр гэрээнд тусгагдсан, гэрээний 2.6-д Захиалагчид ажил олгогчоос нь захиалсан орон сууцанд нь тодорхой нөхцөл, шаардлагыг харгалзан зохих журмын дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлж болох ба санхүүгийн дэмжлэг олгогдсон тохиолдолд 12 сая төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт оруулан тооцно гэж заасан байх тул зохигч анхнаасаа гэрээг байгуулахдаа 12,000,000 төгрөгт холбогдох хэсгийг захиалагчийн ажил олгогчоос төлөх боломжтой нөхцөлийг урьдчилан тохирсон гэж үзэхээр байна.
4. Талуудын хооронд гэрээ байгуулагдсаны дараа нэхэмжлэгч О нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Ерөнхий захирлын Хамтын ажиллагааны асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярт хандан 2020.10.28-ны өдөр орон сууцны урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэхэд 12,000,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх тухай хүсэлтийг гаргасан, уг хүсэлтийг нь үндэслэн ажил олгогч Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги нь 2020.11.06-ны өдрийн 36/79 дугаартай албан бичгээр хүсэлтийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т уламжилсан байна.
5. Гэвч тухайн хөнгөлөлтөд нэхэмжлэгч О хамрагдаагүй буюу орон сууцны урьдчилгаа төлбөрөөс 12,000,000 төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс төлөөгүйн улмаас энэ хэмжээгээр гэрээний төлбөр төлөх үүрэг биелэгдээгүй, улмаар 2021.12.16-ны өдөр буюу орон сууцыг хүлээн авсан хугацаанаас хойш даруй хагас жилийн дараа Б ХХК-ийн үлдэгдэл төлбөрийг шаардсантай холбоотойгоор төлбөрийг шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.
6. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т гүйцэтгэгч нь захиалагчид орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн баримтыг үндэслэн орон сууц хүлээлцсэн акт үйлдэн, орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгнө гэж, 3.8-д Захиалагч энэхүү гэрээний 2.4-т заасан хуваарийн дагуу төлөх ёстой орон сууцны төлбөр тооцоог төлөх хугацааг 15 хоногоос дээш хугацаагаар хожимдуулсан тохиолдолд гүйцэтгэгч нь энэ талаарх сануулгыг захиалагчид .....бичгээр өгнө. ...... гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасан зэргээс дүгнэхэд орон сууцыг 2021.06.29-ний өдөр хариуцагчаас О д хүлээлгэн өгөхөд гэрээний үүргийн болон төлбөр тооцоо дутсан, үүрэг гүйцэтгэх хугацааг хожимдуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагчаас орон сууцыг хүлээлгэн өгснөөс хойш нэхэмжлэгч нь 12 сая төгрөгийг төлөх хүртэлх хугацаанд үүрэг гүйцэтгэх талаар шаардсан үйл баримт тогтоогдоогүй байна.
7. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд гэрээгээр тохирсон урьдчилгаа төлбөрөөс 12,000,000 төгрөгт ногдох хэсгийг ажлын байрны хөнгөлөлтөөр төлөх боломжгүй болсонтой холбоотойгоор тухайн үлдэгдэл үүрэг нэхэгдсэний дагуу О нь үүргийг гүйцэтгэсэн байх тул гэрээний үүрэг зөрчсөн, гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл болохгүй юм.
8. Иймд алданги 4,752,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгч О нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг үндэслэн шүүх иргэний хэрэг үүсгэсэн, Х ХХК нь өөрийн оноосон нэрийг Б ХХК болгон өөрчилсөнтэй холбогдуулан нэхэмжлэгч хариуцагчийг солих хүсэлт гаргасныг үндэслэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.04.09-ний өдрийн №191/ШЗ2025/15622 захирамжаар хариуцагч Х ХХК-ийг Б ХХК-иар сольсон болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232.6-д зааснаар хариуцагч Б ХХК-д холбогдох, нэхэмжлэгч О ын 12,351,528 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч О д холбогдох 4,752,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч О ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,000 төгрөг, хариуцагч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,982 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч О ын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 7,863 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч О д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД