| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/04639/И |
| Дугаар | 191/ШШ2025/02892 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/02892
Нэхэмжлэгч: ......... баг, Г /РД:......-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар ...........тоот хаягт оршин байрлах, А /РД:.../-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт 23,460,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г , өмгөөлөгч Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г би нь 2023 оны 1-р сарын 25-ны өдөр Toyota prius 30 маркийн авто машиныг 10 саяын урьдчилгаа өгч, 15 сая төгрөгийг Есөн Шижир ББСБ-аас зээл авч худалдан авсан. ББСБ-аас зээл авахад тээврийн хэрэгслийн даатгал хийх шаардлагатай гээд А ын компанид тээврийн хэрэгслийн даатгалыг нэмэх стандарт нөхцөлөөр 539,000 төгрөг төлж даатгал хийлгүүлсэн. Тухайн машин маань 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гэнэт копутан доороос гал гарч юу ч үгүй болтлоо шатаж сүйрсэн. Цаг тухайд нь даатгалын компани, сумын цагдаа, аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Ингээд даатгалын нөхөн төлбөр авах бичиг баримт бүрдүүлж даатгалын компанид өгөхөд нөхөн төлбөр олгохгүй гэсэн шийдвэрийн бичиг 2023 оны 9 сарын 14-ний өдөр ирсэн. Орж ирсэн гаальтай авто машин худалдан аваад 6 cap унаад шатаж сүйрсэнд гомдолтой байгаа тул би Санхүүгийн зохицуулах хороонд нөхөн төлбөр авах талаар 2024 оны 6 сарын 26-ны өдөр хүсэлт гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос нөхөн төлбөр олгох нь зөв гэсэн хариу ирсэн бөгөөд А нь дахин нөхөн төлбөр олгохгүй гэсэн хариу өгөөд байна. Иймд маш их гомдолтой байгааг маань харгалзан үзнэ үү. Иймд А ХК-аас даатгалын нөхөн төлбөр болох 23,342,500 төгрөг, Үнэлгээ хийлгэсэн 118,000 төгрөг, нийт 23,460,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А ХК нь даатгуулагч Г тай 2023 оны 1 сарын 25-ний өдөр 23011024 тоот дугаар бүхий Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулсан. 2023 оны 8 сарын 23-ний өдөр даатгуулагчаас даатгалын тохиолдол болсон тухай өргөдөл манай компанид ирсэн ба даатгуулагчийн машин галд өртөж шатсан гэдэг. Тус өргөдлийг хүлээн аваад нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай даатгуулагчид 2023 оны 9 сарын 14-ний өдөр 1/23/882 тоот албан бичгээр нөхөн төлбөрийг олгох боломжгүй гэж мэдэгдсэн. Учир нь машин шатсан гэх дээрх тохиолдолд Хэнтий аймгийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн Гал түймэр гарсан тухай дүгнэлтэд Г гийн эзэмшлийн 5162УЕЕулсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн автомашинд 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гал туймэр гарч бүрэн шатсан ба холбогдох материалтай танилцахад гал үүсвэрлэн гарсан байх шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй гэсэн байдаг. Даатгалын гэрээний Долоодугаар зүйлд даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байх нөхцөлд даатгагчийн өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас тээврийн хэрэгсэлд гал гарсан, эсхүл цахилгааны эвдрэл гэмтлийн улмаас гал гарсан тохиолдолд нөхөн төлбөрийг олгохгүй байхаар харилцан тохиролцсон байдаг. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний Долоо.Даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл 7.2.8. Цахилгаан эсвэл электроникийн эвдрэл, гэмтэл, тэдгээрээс учирсан хохирол 7,2.12. Тусгай зөвшөөрөлгүй, эсвэл зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн ачаа чиргүүл, шатамхай материал, химийн тэсрэх бодис ачиж тээвэрлэснээс учирсан хохирол гэж заасан байдаг. Галын шалтгаан нь даатгуулагчийн буруутай үйлдлээс болсон эсэх, цахилгааны гэмтлээс болсон эсэх, аюултай, тэсэрч дэлбэрэх бодис ачиж хэт халалтыг улмаас гал гарсан эсэх, шатамхай материал, химийн ямар нэгэн бодис тээвэрлэж байсан эсэх, үүнээс үүдэн машин гал гарсан гарсан эсэх нь тодорхойлох боломжгүй байх тул Даатгалын тухай хуулийн 8.5.1.даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзан шийдвэрлэсэн байдаг. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: -Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөрөнгийн үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээний тооцоо, хариуцлага хязгаарлах тухай санамж, үнэлэгдэж буй хөрөнгийн фото зураг, авто тээврийн хэрэгслийн баталгаа, авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, шинжээчид эрх үүрэг сануулсан баталгаа, мөрдөгчийн тогтоол, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, фото зураг /канон/, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрчид эрх үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баримт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Хэнтий аймгийн онцгой байдлын газар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, 2024.07.08-ны өдрийн 3/2487 дугаар албан бичиг, 2023.09.14-ний өдрийн 1/23/882 тоот албан бичиг /канон/ зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа зэрэг баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Г нь 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Галшар сум, Жаргалант 5 дугаар баг, Тойрмын ус гэх газарт байрлах аавынхаа гэрт өөрийн эзэмшлийн Тоёота Приус-30 5162 УЕЕ улсын дугаартай машинтайгаа очсон, гэтэл гэрийнх гадаа байрлуулсан байсан машины копутан дотроос гал гарч шатаж сүйрсэнийг даатгагч А ХК, сумын цагдаа, онцгой байдлын газарт зохих журмын дагуу нэн даруй мэдэгдсэн. Гэтэл А ХК-иас 2023 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн албан бичгээр даатгалын гэрээнд тусгагдсан эрсдэл үүссэн гэж үзэх боломжгүй гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Даатгагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад нөхөн төлбөр олгох үндэслэлтэй гэсэн хариуг өгсөн боловч даатгагч нь гэрээнд заасан нөхөн төлбөр олгох үүргээ гүйцэтгээгүй тул учирсан хохирол 23,460,500 төгрөгийг гаргуулна гэж маргажээ.
3. Хариуцагч А ХК нь иргэн Г тай Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдал болон даатгалын хураамжийн талаар маргаагүй боловч Гал түймэр гарсан тухай шинжээчийн дүгнэлтээр гал гарсан шалтгаан тогтоогдоогүй нь даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарахаас гадна даатгалын тохиолдол нь гэрээнд тусгагдаагүй эрсдэлийн улмаас гарсан хохирол байсан, тухайн автомашиныг арлын дугаараар хайхад өөр улсын дугаартай машин тус арлын дугаар дээр бүртгэгдсэн байх тул даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. Г нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Есөн шижир инвест ББСБ ХХК-тай зээлийн, фидуцийн гэрээ байгуулан Тоёота Приус-30 маркийн, сувдан цагаан өнгөтэй, 5162УЕЕ улсын дугаартай автомашиныг худалдан авах явцад А ХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №23011024 баталгааны дугаартай Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан, даатгалын хураамжид 539,000 төгрөгийг төлсөн гэх үйл баримттай хариуцагч маргаагүй тул даатгуулагч даатгалын зүйлээ даатгагчид даатгуулах, даатгагч нь гэрээнд заасан эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгохтой холбоотой гэрээний үндсэн нөхцөл нь нэхэмжлэгч Г , хариуцагч А ХК-д тус тус хамаарна.
6. Зохигчдын байгуулсан гэрээний даатгалын зүйл нь эд хөрөнгө, гэрээний зорилго нь эрсдэлийн улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорыг нөхөн төлөх агуулга байгаагаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д заасан гэм хорын даатгалын гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2, 431.3-т заасан даатгалын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх шаардлагыг хангажээ.
7. Тээврийн хэрэгслийг эзэмшигч Г нь даатгалын зүйл болох өөрийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн, сувдан цагаан өнгөтэй, 5162УЕЕ улсын дугаартай автомашиныг жолоодон өөрийн гэрээс холгүй байрлах Хэнтий аймгийн Галшар сумын, Жаргалант 5 дугаар баг, Тойрмын ус гэх газарт байрладаг аавынхаа гэрт очсон байхад нь гэрийн ойролцоо байрлуулсан байсан машин нь бүрэн шатаж устсан боловч даатгагч нь даатгалын тохиолдлыг даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийн улмаас гарсан хохирол байсан, гал гарсан шалтгаан нөхцөл нь бүрэн тогтоогдоогүй, галын шалтгаан нь даатгуулагчийн буруутай үйлдлээс болсон эсхүл цахилгааны гэмтлээс болсон эсэх, аюултай, тэсэрч дэлбэрэх бодис ачиж хэт халалтын улмаас гал гарсан эсэх, шатамхай материал, химийн ямар нэгэн бодис тээвэрлэж байсан эсэх, үүнээс үүдэн машин гал гарсан гарсан эсэхийг тодорхойлох боломжгүй тул Даатгалын тухай хуулийн 8.5.1-т зааснаар даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн нь маргааны үндэслэл болжээ.
8.1. Хариуцагч А ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан.
а/ Гал түймэр гарсан тухай дүгнэлтээр гал үүсвэрлэн гарсан байх шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй буюу шалтгаан нөхцөл тодорхойгүй байгаа нь даатгагчийн өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас тээврийн хэрэгсэлд гал гарсан, эсхүл цахилгааны эвдрэл гэмтлийн улмаас гал гарсан тохиолдолд нөхөн төлбөрийг олгохгүй байх нөхцөлд хамаарна. Тодруулбал, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7.2.8-д Цахилгаан эсвэл электроникийн эвдрэл, гэмтэл, тэдгээрээс учирсан хохирол, мөн гэрээний 7.2.12-т Тусгай зөвшөөрөлгүй, эсвэл зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн ачаа чиргүүл, шатамхай материал, химийн тэсрэх бодис ачиж тээвэрлэснээс учирсан хохирол хамаарах тул галын шалтгаан нь даатгуулагчийн буруутай үйлдлээс болсон эсэх, цахилгааны гэмтлээс болсон эсэх, аюултай, тэсэрч дэлбэрэх бодис ачиж хэт халалтыг улмаас гал гарсан эсэх, шатамхай материал, химийн ямар нэгэн бодис тээвэрлэж байсан эсэх, үүнээс үүдэн машин гал гарсан гарсан эсэхийг тодорхойлох боломжгүй байгаа нь Даатгалын тухай хуулийн 8.5.1-т зааснаар даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл болно гэж маргажээ.
б/ Мөн шүүх хуралдаанд, хариуцагчийн зүгээс autobox.mn цахим хуудсаар нэвтэрч, тухайн тээврийн хэрэгслийн арлын дугаараар хайж үзэхэд тухайн арлын дугаар дээр өөр улсын дугаартай буюу 8107 гэсэн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа тул нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болно гэж хариуцагч маргажээ.
9. Хэрэгт цугларсан баримтаас дүгнэхэд А ХК-ийн Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний даатгалын эрсдэлийн 2-т Гал бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт хамаарч байхаас гадна даатгалын эрсдэлийн 15-д зааснаар Өөрийн буруугаас хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээг зөвхөн даатгалын гэрээний хамгаалалтын нөхцлөөс шалтгаалан бууруулах нөхцөлөөр даатгалын гэрээний нөхцлийг талууд харилцан тохирчээ.
10. Нэхэмжлэгч Г нь А ХК-тай 2023.01.25-ны өдөр байгуулсан Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээг Тээврийн хэрэгслийн стандарт+даатгал буюу даатгалын гэрээнд заасан гал, бүх төрлийн тэсрэлт дэлбэрэлтийн эрсдэлийг 100 хувь хамгаалах нөхцлөөр, мөн өөрийн буруугаас хохирол учруулсан тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээг 5 хувь бууруулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан, даатгалын гэрээг байгуулснаас хойш нэхэмжлэгчийн автомашин нь гал түймрийн эрсдэлээс шалтгаалан бүрэн сүйрсэн үйл баримт тогтоогдсон тул гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсжээ.
11. Иймд талуудын хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ нь даатгалын зүйл болох автомашин нь гал түймрийн улмаас шатсаны улмаас даатгалын тохиолдол бий болоход үүсэх эрсдэлийг хариуцна гэж дүгнэв.
12. Нэхэмжлэгчийн автомашин нь шатсан шалтгаан үндэслэл нь тогтоогдоогүй тул даатгалын гэрээнд заасан Даатгалын гэрээний Долоодугаар зүйлд даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байх нөхцөлд хамаарна гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариуцагч маргахдаа, даатгагчийн өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас тээврийн хэрэгсэлд гал гарсан, эсхүл цахилгааны эвдрэл гэмтлийн улмаас гал гарсан байх магадлалтай гэж маргажээ.
а/ Тодруулбал, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7.2.9-д Цахилгаан эсвэл электроникийн эвдрэл, гэмтэл, тэдгээрээс учирсан хохирол, 7.2.13-т Тусгай зөвшөөрөлгүй, эсвэл зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн ачаа чиргүүл, шатамхай материал, химийн тэсрэх бодис ачиж тээвэрлэснээс учирсан хохирол гэж заасан үндэслэлд хамаарах тул нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
13. Даатгуулагчийн санаатай үйлдлийн улмаас өөртөө болон бусдад хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсний улмаас даатгалын зүйлд хохирол учирсан гэх байдал хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй байна.
14. Галын шалтгаан нөхцөлийг шалгасан шинжээчийн дүгнэлт, тухайн хэрэг явдал болсонтой холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгасан баримтууд зэргээр даатгуулагчийн санаатай үйлдэл, буруутай үйл ажиллагаа, хайхрамжгүй байдлын улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2023.08.16-ны өдрийн №61/08/12 дүгнэлтээр Г гийн эзэмшлийн 5162УЕЕ улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн автомашинд 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гал түймэр гарч бүрэн шатсан ба холбогдох материалтай танилцахад гал түймэр үүсвэрлэн гарсан байх шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан, уг дүгнэлтэд хэн аль нь гомдол гаргаагүй байх тул даатгуулагчийн санаатай, буруутай үйлдлийн улмаас гал түймэр гарсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх шалтгаан нөхцөлөө үндэслэлтэй нотлоогүй, холбогдох баримтыг гаргах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
14.1. Тодруулбал, Гал түймэр гарсан тухай дүгнэлтээр гал үүсвэрлэн гарсан байх шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй буюу шалтгаан нөхцөл тодорхойгүй гэснийг даатгагчийн өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас тээврийн хэрэгсэлд гал гарсан, цахилгааны эвдрэл гэмтлийн улмаас, мөн шатамхай материал, химийн тэсрэх бодис ачиж тээвэрлэснээс шалтгаалан гал гарсан гэж шууд үзэх боломжгүй юм.
15. Түүнчлэн хариуцагч нь шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн Автобох.мн цахим хуудаснаас нэхэмжлэгчийн шатсан гэх автомашины арлын дугаараар нь хайхад 8107 улсын дугаартай автомашин уг арлын дугаар дээр бүртгэгдсэн, арлын дугаар нь дахин давтагдах боломжгүй тул нэхэмжлэгчийн машин нь шатсан эсэх нь эргэлзээтэй гэсэн тайлбарыг гаргасан боловч тухайн шатсан машин нь нэхэмжлэгчийн даатгалын гэрээний зүйл биш болохыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхэд аливаа санал хүсэлт гаргаагүй, зөвхөн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын татгалзлаар илэрхийлжээ.
а/ Мөн https://www.autobox.mn/ цахим хуудаснаас нэхэмжлэгч Г гийн эзэмшлийн автомашины ZVW305716507 арлын дугаараар нь хайж үзэхэд тээврийн хэрэгслийн бүртгэлээс хасагдсан төлөвт орсон мэдээлэл гарсан тул адил арлын дугаартай өөр машин байгаа гэж үзэх боломжгүй бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болохгүй юм.
16. Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээнд заасан дээр дурдсан зохицуулалтуудын дагуу даатгуулагч даатгалын тохиолдолд бий болох эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй гэж маргасан боловч даатгалын тохиолдлыг санаатайгаар бий болгох орчин нөхцөлийг нэхэмжлэгч бий болгосон гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
17. Даатгалын үндсэн зорилгын хувьд эрсдэл нь гэнэтийн буюу санамсаргүй байх, учирч болох эрсдэл нь урьдчилан таамаглах боломжгүй байх, эдгээр эрсдэлийг даатгах, даатгуулах үндсэн зарчимд хамаарах бөгөөд даатгагч нь даатгалын гэрээг байгуулснаас хойших хугацаанд үүссэн, эрсдэлд үүрэг хүлээнэ.
18. Нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол болох эрсдэлийг урьдчилан мэдэх боломжгүй байсан, тухайн автомашинд өөрийн санаатай үйлдлээр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул даатгалын гэрээнд заасан эрсдэл үүссэн гэж үзэх боломжгүй, мөн цахилгаан эсвэл электроникийн эвдрэл, гэмтэл, тэдгээрээс учирсан хохирол, шатамхай материал, химийн тэсрэх бодис ачиж тээвэрлэснээс учирсан хохирол зэрэг үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.
19. Зохигчдын хооронд Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг Стандарт+ даатгал багцаар байгуулсан, даатгалын үнэлгээг 24,500,000 төгрөгөөр, хураамжийн хэмжээг 539,000 төгрөгөөр тогтоожээ.
20. Мөн гэрээний гал, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт-ийн даатгалын эрсдэлийн Стандарт+ багцын хувьд нөхөн төлбөр олгох хувийн дээд хязгаарыг 100 хувь байхаар тогтоожээ.
21. Нэхэмжлэгч өөрийн автомашинд учирсан хохирлын үнэлгээг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дамно ХХК-иар гаргуулахад 23,342,500 төгрөг гэж тооцсон, тухайн үнэлгээнд зохигч маргаагүй тул 23,342,500 төгрөг, хохирлын үнэлгээний зардалд 118,000 төгрөг, нийт 23,460,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсгийг баримтлан 23,460,500 төгрөгийг хариуцагч А ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Г д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Г гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,252 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А ХК-иас 275,252 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД