Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01142

 

А.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/01195 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Тийн хариуцагч БГДИТХАалбанд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: А.Т нь БГДИТХАалбанд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс тус дүүргийн 23 дугаар хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай буюу А, В үнэлгээ авч Дүүргийн тэргүүний ажилтан цол тэмдэгтээр шагнуулж байсан болно. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр тушаалыг чинь гаргана хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн юм. Тухайн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэтхэн дуудан хууль бус шалгалт зохион байгуулж шалгалтад унасан, ур чадваргүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүнг хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна. Хөдөлмөрийн гэрээний 6.1.3-д үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ А,Б үнэлүүлсэн тохиолдолд албан хаагчийг шагнаж урамшуулна. D, F үнэлүүлсэн тохиолдолд хариуцлага тооцох ба дараагийн хагас хагас жилд үнэлгээгээ дээшлүүлээгүй тохиолдолд ажлаас халах үндэслэл болно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь 2020 оны 1,2,3 дугаар улиралд хангалттай ажил үүргээ гүйцэтгэж байсан гэдэг нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/3, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/9, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/145 дугаар албан хаагчдад үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох захирамжуудаар 40 хүртэл хувийн урамшуулал авч хангалттай ажил үүргээ гүйцэтгэж байсан гэдэг нь тогтоогдож байгаа. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрэм, бүтэц, орон тоо батлагдсан. Уг өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоохоор Ажлын албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/30 дугаар тушаалаар Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам батлагдсан. Мөн Ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай А/09 дүгээр тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд уг комиссын бүрэлдэхүүн дээрх журамд заасны дагуу шалгалтын бэлтгэл ажлыг хангаж, шалгалт зохион байгуулж, дүгнэлтийг ирүүлсэн. Энэ нь Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.2-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2,-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. гэж тайлбарласны дагуу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос зохион байгуулсан шалгалтыг хууль бус гэж үзэх боломжгүй юм. Ийнхүү уг шалгалтаар А.Т нь 25 хувь буюу Тэнцээгүй гэсэн үнэлгээ авч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг бүрдүүлсэн. Тус шалгалт нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд шалгалт дуусахад уг танхимдаа шалгалтын материалыг засаж, дүнг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар тухайн албан хаагчтай биечлэн уулзаж, бичгээр мэдэгдсэн бөгөөд үүнээс хойш 1 сарын дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан 1 сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлагыг хангасан. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны А/138 дугаар захирамжаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу төрийн байгууллагын албан хаагчид 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөсөн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулсан бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 6.3, 6.5-д зааснаар Төрийн үйлчилгээний албан хаагчдын Гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүн, мэргэшлийн түвшин улирал бүр үнэлж, дүгнэх, үнэлгээнээс хамаарч хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар заасан. А.Тийн тухайд гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй тухай Ажлын албаны даргын тушаалаар байгуулагдсан байгууллагын үнэлгээний багийн үнэлэлт ирүүлсэн бөгөөд уг үнэлгээгээр маш хангалтгүй байсан тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Хөдөлмөрийн гэрээний 2.2.2-д зааснаар ажил олгогч нь Албан хаагчийн Хууль, Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилт явц, үр дүн, чанарын талаар зохих үнэлэлт дүгнэлт өгч, урамшуулах, арга хэмжээ тооцох эрхтэй бөгөөд 7.2.4-т заасан ажилтан өөрийн хариуцан хийж буй ажил үүргээ мэргэжил, ур чадвар, зохих чанар стандарт, шаардлагын дагуу хийж чадаагүй тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл бүрдсэн. Иймд дээрх үндэслэлээр А.Ттэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн байх тул А.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Тийг БГДИТХАалбаны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 23 дугаар хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн Нийтийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч БГДИТХАалбанаас 3 526 322 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Тд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч БГДИТХАалбанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч А.Тд олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 141 157 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14, Төрийн албаны тухай хуулийн 45, 46, 47 дугаар зүйл, Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны А/138 дугаар захирамжаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журамд тус тус нийцүүлэн Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 44 дүгээр тогтоолыг баталсан. Эрх зүйн эх сурвалж нь хоорондоо зөрчилтэй бол сүүлд хүчин төгөлдөр болсон эрх зүйн эх сурвалжийг, эсхүл доод эрэмбийн эх сурвалж нь дээд эрэмбийн эх сурвалжтай нийцэх хууль ёсны зарчмын дагуу дээд эрэмбийн эрх зүйн эх сурвалж буюу ДИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг хэрэглэх нь үндэслэлтэй. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25.2-т заасны дагуу ДИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралдааны тогтоолд Хурлын дарга гарын үсэг зурснаар баталгаажиж байгаа бөгөөд уг тогтоолоор батлагдсан эрх зүйн зохицуулалтыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зурсан байх тул Хурлын даргаас энэ чиг үүргээ Ажлын албаны даргад шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрх хууль тогтоомжид нийцүүлэн Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 44 дүгээр тогтоолоор Ажлын албаны дарга нь томилох, чөлөөлөх эрхтэй гэж заасан байх бөгөөд үүний дагуу гарсан шийдвэрийг эрх олгогдоогүй гэж үзэх боломжгүй байна. Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга нь Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргалаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нэхэмжлэгч А.Тэд мэдэгдэл өгч, сонсох ажиллагааны мэдэгдлийг танилцуулж, нэхэмжлэгчийн мэдэх эрхийг хангасан бөгөөд уг мэдэгдэлд үндэслэн, түүнийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр Ажлын албаны дарга тушаал гаргасан бөгөөд нэхэмжлэгч уг асуудлаар маргаагүй юм. БГДИТХАалбаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/03 дугаар тушаалаар “Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам” батлагдсан бөгөөд шалгалт авахдаа уг журмыг уншиж танилцуулсан. Нэхэмжлэгч А.Тэд шалгалтын дүнг танилцуулж, үүнтэй холбогдуулан ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн нь гомдол гаргах талаар хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан буюу гомдол гаргах хангалттай олгосон. Иймд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаар тухайн албан хаагч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тул энэ дагуу мэдэгдэл өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна. Ажлын албаны албан хаагчдын 2020 оны 1, 2, 3 дугаар улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэж, урамшуулал олгосон. Өөрөөр хэлбэл аль хэдийн дүгнээд уг үнэлгээг үндэслэн урамшуулал олгож, биелэгдсэн шийдвэр болсон. Иймд хэдийн дүгнэгдэж, биелэгдсэн шийдвэртэй төлөвлөгөөний биелэлтийг дахин дүгнэх боломжгүй тул дүгнээгүй улирал болох 4 дүгээр улирлыг дүгнэсэн. Мөн төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг улирал тутам дүгнэхээр холбогдох хууль тогтоомжид тусгагдсан тул ийнхүү сүүлийн улирлыг дүгнэсэн дүгнэлтийг хууль бус гэж үзэх боломжгүй байна. Иймд А.Тийн нэхэмжлэлтэй БГДИТХАалбанд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг дээр дурдсан үндэслэлүүдээр хууль бус байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч БГДИТХАалбанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч А.Т нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын Б/61 дугаар захирамжаар БГДИТХАалбаны хороодын иргэний танхим хариуцсан хэлтсийн 23 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд иргэний танхимын зохион байгуулагчаар томилогдон ажилласан болох нь зохигчдын тайлбар, дээрх тушаал, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 175 дугаар тал/

                Хариуцагч байгууллагын даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар А.Тийг ажлаас чөлөөлж, уг тушаалд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 130 дугаар зүйлийн 130.2, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дүрмийн 2,2, 2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 2.7.10, 6.3, Хөдөлмөрийн гэрээний 2.1, 2.2.2, 7.1, 7.2.4 дэх хэсэгт заасныг баримталжээ.

            Нэхэмжлэгч А.Т нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан байна. /хэргийн 1 хуудас/

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч А.Т нь мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэдэг нь тогтоогдсон, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байсан тул ажлаас халсан тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

            БГДИТХАалбаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/03 дугаар тушаалаар төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/09 дугаартай тушаалаар шалгалт авах комиссын бүрэлдэхүүнийг, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулах удирдамжийг тус тус баталж, комиссын бүрэлдэхүүн ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 100 хувийн үнэлгээтэй, 20 тестээр зохион байгуулахаар шийдвэрлэж, 2020 оны 12 сарын 16-ны өдөр ажилчдаас шалгалт авахад нэхэмжлэгч А.Т нь 25 хувь буюу тэнцээгүй гэсэн үнэлгээ авчээ. /хэргийн 74-92 дугаар тал/

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/63, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/109, 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн А/145 дугаартай захирамжуудын хавсралтад зааснаар нэхэмжлэгчийн ажлын үр дүн 2020 оны 1-3 дугаар улиралд 64-100 хувь үнэлэгдэж, 40 хувийн үр дүнгийн нэмэгдэл мөнгөн урамшуулал олгогдож байснаас үзэхэд ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмын 6.3, хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т тус тус заасныг зөрчсөн байна. /30-35 дугаар тал/ Мөн Ажлын албанаас 2020 оны 12 дугаар сарын 16-нд зохион байгуулсан мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын талаар ажилтануудад урьдчилан мэдэгдсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

            Хөдөлмөрийн дотоод журмын 6.3-т “Төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын үнэлгээнээс хамаарч ур чадварын нэмэгдэл олгох, цалингийн зэрэглэл нэмэгдүүлж болох бөгөөд хангалтгүй үнэлгээ авсан ажилтнуудын ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх арга хэмжээ авна.” гэж зааснаас үзэхэд үйлчилгээний ажилтнуудын хувьд тэдний мэргэжил ба ур чадварын түвшинг тогтоох, Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Авилгын эсрэг хууль тогтоомжоор сорилын шалгалтыг комисс томилж авах талаар уг журамд заагаагүй байна.

            Мөн хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т “Үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэнэ. Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ D, F үнэлгээтэй ажилласан тохиолдолд хариуцлага тооцох ба дараагийн хагас жилд үнэлгээгээ дээшлүүлээгүй бол ажлаас халах үндэслэл болно.” гэж заасан байхад дараагийн хагас жилийн үнэлгээ хийгдээгүй байхад нэхэмжлэгчийг ур чадварын хувьд тэнцэхгүй хэмээн шууд ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

            Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, ажилтан, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, батлуулах холбогдох хууль тогтоомжийн дагуу албан хаагчдыг чөлөөлж, томилох, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргад үүрэг болгосон байна. Харин ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдаас мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авах эрх олгосон гэх байдал тогтоогдоогүй байна.

            Иймд Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор болон хөдөлмөрийн дотоод журам, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрэмд зааснаар Ажлын алба нь ажилтны мэргэжил, ур чадварын талаар дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулж комисс томилох, дүгнэлт гаргуулах эдлэх эрх олгоогүй талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасанчлан хариуцагч байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт гарсан гэж хэлбэрийн хувьд үзэхээр боловч ажилтны мэргэжил, ур чадвар гэсэн 2 үзүүлэлт бодитой дүгнэгдсэн, шалгалтанд оролцогчийн эрх хангагдсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

            Аливаа мэргэжил, ур чадварын шалгалт түүний дотор төрийн албан хаагчийн мэргэжил, ур чадварын шалгалтыг зөвхөн тестийн шалгалтаар хязгаарласан нь Төрийн албаны тухай хуулийн 3.1.3-т заасан “чадахуйн зарчим”-д “иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах”-ыг ойлгох тухай заалтад нийцээгүй, шалгуулагчийг бодитой шалгуураар дүгнэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

            Дээр дурдсан шалгалт зохион байгуулах удирдамж, шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 100 хувийн үнэлгээтэй, 20 тестээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаар хариуцагч Ажлын алба нь нэхэмжлэгчид мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт дуудан шалгалт зохион байгуулж шалгалтад унасан гэх тайлбартай харьцуулан үнэлэхэд хөдөлмөрийн харилцаанд оролцогчийн тэгш байдлыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Урьдчилан мэдэгдэхгүйгээр шалгалт авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй.

            Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын зорилгыг “...Ажлын албаны албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох, чадварлаг мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэхэд оршино гэж, шалгалт зохион байгуулах удирдамжийн зорилгыг төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах ажлыг зохион байгуулах, мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэх” гэж тус тус тодорхойлжээ. Гэвч эдгээр зорилгыг хэрэгжүүлэх арга нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлагдсан журам, дүрэмд нийцсэн, хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчихгүй байх учиртай.

            Түүнчлэн, хариуцагч байгууллагын дээрх Б/21 тоот тушаал нэхэмжлэгчийн гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зөрчил гаргасан гэсэн үндэслэл тодорхой бус, нотлогдоогүй.

            Мөн хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа нэг сарын өмнө бичгээр мэдэгдээгүй, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонсох ажиллагааны мэдэгдэл гэх баримтад гарын үсэг зураагүй байхад түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасантай нийцээгүй байна.

            Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Тийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хувьд нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн дүнгээр буюу нэхэмжлэгчид 3 526 322 төгрөгөөр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасантай тус тус нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн, Төсвийн тухай хуулийн, Хөдөлмөрийн тухай хуулийн, Төрийн албаны тухай хуулийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/01195 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч БГДИТХАалба улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ДАВААДОРЖ

              ШҮҮГЧИД                             Д.НЯМБАЗАР

                                                       С.ЭНХТӨР