Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 204

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Н.Булганчимэг,

            Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Б.С холбогдох 1711007950121 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 8 сараас 10 настай 3 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 18 дугаар гудамж 14 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.С (РД:.),

нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр сургуулийн орчим 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 9 настай хохирогч Ч.Есүгүнийг хуурч Самсунг Эс-4 загварын гар утсыг залилан авч 100.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Б.С мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: “…2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24 дүгээр сургуулийн орчим өөрийн хүү Шинэхүслэнгийн хамт явж байсан юм. Тэнд найз эмэгтэй Бямба-Очиртой уулзах гээд явж байсан ба манай хүү сургуулийн гаднах талбай дээр тоглож байтал миний утасны цэнэг дуусаад найз эмэгтэйтэй уулзаж чадаагүй. Манай том хүүхэд Дөлгөөн 24 дүгээр сургуулийн 4 дүгээр ангид сурч байгаа гэж манай хуучин нөхөр Амгалан хэлсэн болохоор хүүхдээ өөр дээрээ авчихдаг юм билүү гээд өөрөө орвол нөхөртэйгөө таарчих юм болов уу гэж бодоод сургуулийн гадна байсан охинтой тааралдаад 4 дүгээр ангийн Дөлгөөн гээд хүүхдэд өөрийнхөө гар утсыг өгөөд, тэр хүүхдийн гар утсыг аваад үлдсэн. Тэр хүүхдийг сургууль руу орсны дараа сургуулийн орчим салсан нөхөр Амгалан явж байхаар нь зугтаагаад явчихсан. Дараа нь тэр гар утасны цэнэг нь дуусаад, пин кодыг нь мэдэхгүй болохор гар утсыг нь гэртээ хадгалчихсан байтал алга болчихсон. Цагдаагийн байгууллага дээр шалгагдаад гар утасных нь мөнгийг төлж барагдуулсан.” гэжээ.

Насанд хүрээгүй хохирогч Ч.Есүгүн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2017 оны 9 дүгээр сарын 11-ний 17 цагийн үед хичээл тараад ганцаараа 24 дүгээр сургуулийн хойд талын гудамжны ойролцоо зогсож байхад 3 орчим насны хүүхэд хөтөлсөн 30 орчим насны эмэгтэй хүн ирээд надтай зэрэгцэж хамт явж байснаа “миний дүү чи энэ сургууль руу ороод нэгдүгээр ангийн Дөлгөөнд энэ утсыг өгчихөөд гараад ирээрэй, энд ганцхан нэгдүгээр анги байдаг” гэж хэлээд миний Самсунг галакси эс4 маркийн гар утсыг бариад үлдсэн. Тэгээд би нэгдүгээр ангийн 2-3 ангиар очиж Дөлгөөн байдгийг асуухад хүүхдүүд надад байгаа гэж хэлээгүй болохоор өөрийнхөө утсыг авах гээд буцаж сургуулиас гарч ирэхэд нөгөө эгч байхгүй болчихсон байсан. Тэгээд гар утсаа хүнд өгсөн талаар ээж, аавдаа хэлсэн.” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Б.С нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 24 дүгээр сургуулийн орчим 9 настай хохирогч Ч.Есүгүнийг хуурч Самсунг Эс-4 загварын гар утсыг залилан авч 100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Ч.Есүгүний “...сургуулийн ойролцоо зогсож байхад 3 орчим насны хүүхэд хөтөлсөн 30 орчим насны эмэгтэй хүн “миний дүү чи энэ сургууль руу ороод нэгдүгээр ангийн Дөлгөөнд энэ утсыг өгчихөөд гараад ирээрэй, энд ганцхан нэгдүгээр анги байдаг” гэж хэлээд миний Самсунг галакси эс4 маркийн гар утсыг бариад үлдсэн. Тэгээд би нэгдүгээр ангийн 2-3 ангиар очиж Дөлгөөн байдгийг асуухад хүүхдүүд надад байгаа гэж хэлээгүй болохоор өөрийнхөө утсыг авах гээд буцаж сургуулиас гарч ирэхэд нөгөө эгч байхгүй болчихсон байсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Б овогт Б.С Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн ялын дүгнэлтийг харгалзсан болно.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн бага насны 3 хүүхэдтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан түүнд энэ тогтоолоор оногдуулсан хорих ялаас чөлөөлөх боломжтой гэж шүүх үзлээ.    

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “Хохирлоо нөхөн төлүүлсэн тул гомдол санал байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Б.С Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Солонгыг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Сд энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн нэг ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ