2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/01842

 

 

 

 

2025 03 12

 

 

 

192/ШШ2025/01842

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Энхжин хотхон Зайсангийн тойруу гудамж, 32а дугаар байр, 59 тоот хаягт оршин суух ******* овогт******* ******* /регистрийн дугаар: *******/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Баттулгыг эрэн сурвалжлуулах хүсэлттэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Баттулгыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн үндэслэлээ: Нэхэмжлэгч Б.******* би тамхины бөөний худалдааны бизнес эрхэлдэг бөгөөд анх 2019 оноос эхлээд таньдаг хүмүүстээ тамхи зээлээр өгч тэд зарж борлуулсныхаа дараа мөнгийг маань өгдөг байсан. Тэгээд зээлээс зээлийн хооронд өрөө өгч явж байгаад сүүлдээ мөнгөө өгөхгүй алга болсон. Тэдний нэг нв хариуцагч Ц.******* юм. Түүний зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөр өнөөдрийн байдлаар 1,133,000 төгрөг байна. Үүнийгээ удахгүй төлж барагдуулна гэж хэлснээр өнөөдрийг хүртэл мөнгөө төлөхгүй намайг хохироосоор байгаа тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч нь хаягтаа бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож тус шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангахад хариуцагчийн оршин суугаа газар тодорхой бус байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргаж байна.гэжээ.

2. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШЗ2025/02684 дугаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Б.******* нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Энхжин хотхон Зайсангийн тойруу гудамж, 32а дугаар байр, 59 тоот хаягт оршин суудаг бөгөөд нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн оршин байгаа харьяаллын дагуу шүүхэд гаргасан байна. /хавтаст хэргийн 1 дүгээр тал/

 

2. Нэхэмжлэлд дурдсан Ц.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байх ба түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШЗ2025/02684 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийн хаягийг тодорхой бичсэн байхыг шаарддаг тул дээрх тохиолдолд тэрээр шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзнэ. /хавтаст хэргийн 4-5 дугаар тал/

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж заажээ.

 

4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогтой ******* /регистрийн дугаар: *******/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төвшинтөгс нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар бичгээр мэдэгдэж, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг тус тус зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогтой ******* /регистрийн дугаар: *******/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ХИШИГБААТАР