2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/01846

 

 

 

 

2025 03 12

 

 

 

192/ШШ2025/01846

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Хаан Банк цамхаг хаягт оршин байрлах Хаан Банк ХК/регистрийн дугаар: 2693321/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ийг эрэн сурвалжлуулах хүсэлттэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хаан Банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн үндэслэлээ: Зээлдэгч С.******* нь Хаан банк" ХК-ийн Баянзүрх Уурхайчин тооцооны төвтэй 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/202146106768 тоот зээлийн гэрээ байгуулж 9,500,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/202146106768 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2021 оны 02 дугаар сарын 26- ны өдөр БГХ202146106768 тоот барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдах хүртэл хугацааны цалин, цалин түүнтэй адилтгах орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч С.******* нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/202146106768 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,960,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 754,851.97 төгрөг, нийт 2,714,851.97 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно. Батогорой ургийн овогтой Султанбекийн *******эд холбогдуулан зээлийн гэрээ байгуулах үедээ оршин сууж байсан зээлийн гэрээнд дурдсан хаягаар буюу Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Замчин 15-110 тоот хаягаар Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 193/ШЗ2025/00197 дугаартай захирамжаар С.******* нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Батогорой ургийн овогтой Султанбекийн ******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Батогорой ургийн овогтой Султанбекийн ******* /регистрийн дугаар: *******/-ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

2. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/202146106768 тоот зээлийн гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 26- ны өдөр БГХ202146106768 тоот барьцааны гэрээ, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 193/ШЗ2025/00197 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

1. Нэхэмжлэгч Хаан Банк ХК нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Хаан Банк цамхаг хаягт байрладаг бөгөөд нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн оршин байгаа харьяаллын дагуу шүүхэд гаргасан байна. /хавтаст хэргийн 1-2 дугаар тал/

 

2. Нэхэмжлэлд дурдсан С.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байх ба түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй болох нь Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 193/ШЗ2025/00197 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийн хаягийг тодорхой бичсэн байхыг шаарддаг тул дээрх тохиолдолд тэрээр шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзнэ. /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж заажээ.

 

4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Султанбек овогтой ******* /регистрийн дугаар: *******/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадулам нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар бичгээр мэдэгдэж, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг тус тус зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Султанбек овогтой ******* /регистрийн дугаар: *******/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ХИШИГБААТАР