Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 117/ШШ2025/0006

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэрэнрагчаа даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК

Хариуцагч: Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, улсын ахлах байцаагч *******

Гуравдагч этгээд: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тоот актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч *******, гуравдагч этгээд *******, нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1.“*******” ХХК-иас Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Хүнс, хөдөө аж ахуйн газрын барилга, угсралтын ажлыг гүйцэтгэж байх явцад буюу 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн ******* осолд өртөж хүнд гэмтэл авсан.

1.2. Тус компанийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/06 дугаар захирлын тушаалаар томилогдсон “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тогтоох, шалтгааныг судлан бүртгэх, акт дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус байнгын комисс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, “... тус компанид хөлсөөр ажиллах гэрээний дагуу барилгын туслах ажилтны үүрэг гүйцэтгэж байсан ******* нь ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэх үедээ үйлдвэрлэлийн осолд өртөж, хүнд гэмтэл авсан нь Засгийн газрын 2015 оны 269 дугаартай тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д зааснаар үйлдвэрлэлийн осол мөн байна” гэж дүгнэсэн. /хх-ийн 48-52, 81-85, 172-р хуудас/

1.3. Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №0016042 дугаартай шийдвэрээр *******д “Гэмтлийн улмаас түнх ба гуя тайрагдах” оношоор, хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, хугацаагүй тогтоож шийдвэрлэсэн.

1.4. Дээрх үйлдвэрлэлийн ослын акт болон хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг тус тус үндэслэн Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай “Хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай” актаар *******д 17.280.000 төгрөгийг нөхөн олгож, хохиролгүй болгохоор шийдвэрлэсэн байна.

1.5. “*******” ХХК-ийн зүгээс улсын ахлах байцаагчийн актыг эс зөвшөөрч 2025 оны 03 сарын 17-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хоёр: Хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар, түүний үндэслэл:

2.1.Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Тус компанийн хэрэгжүүлсэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Хүнс, хөдөө аж ахуйн газрын барилга угсралтын төслийн ажлын үеэр буюу 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарч, ******* хүнд гэмтэл авсан ба Дундговь аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн 242200196 дугаартай хэрэг үүсгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болно.

Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 сарын 25-ны өдрийн тоот улсын ахлах байцаагчийн актад  “...Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б. би, ХАБЭА тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.1 дэх заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалт, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор ******* ХХК-д 2025 оны 01 сарын 29-ний өдөр тус компанийн захирал Г.тай утсаар холбогдон мэдэгдэж, үйл ажиллагааны менежер аас цалингийн санхүүгийн баримтыг цахим хаягаар дамжуулан авч, төлөвлөгөөт бус хяналтыг хийж гүйцэтгэсэн” гэж тодорхойлжээ.

Бодит нөхцөл байдалд улсын байцаагчаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамж танилцуулж, холбогдох материалыг гаргуулж аваагүй бөгөөд 2024 оны 11 сард иргэн Э. гаргасан өргөдлийг шийдвэрлэхээр хяналт шалгалт хийхэд авсан материалуудыг ашиглан 3 сарын дараа үндэслэлгүйгээр энэхүү актыг гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тухайн үед Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын баталсан 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 13/01 дугаартай Хяналт шалгалтын удирдамжийг баримтлан Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б. нь хяналт шалгалт хийж, 2024 оны 11 сарын 22-ны өдрийн 07/23-02/115/05 тоот улсын байцаагчийн албан шаардлагаар компанид 5 үүрэг даалгавар өгсөн бөгөөд бид холбогдох ажлуудыг хийж, шаардлагыг бүрэн биелүүлэн 2024 оны 12 сарын 16-ны өдрийн Захирлын тушаал А/10, А/11, А/12, А/13, А/14 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар албан даалгаврын биелэлтийг хүлээн авсан ч гүйцэтгэлийн хяналт шалгалт хийх тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй, энэ тухай бидэнд мэдэгдээгүй хяналт шалгалтын ажиллагаа дууссан байдаг.

... Хяналт шалгалт хийгдсэнээс хойш 3 сарын дараа улсын ахлах байцаагчийн акт гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм.

Улсын ахлах байцаагчийн актын тогтоох хэсгийн 1-д “...*** ХХК-ийн туслах ажилтан овогтой д 17,280,000 төгрөгийг нөхөн олгож /Хаан банк ***/ хохиролгүй болгох...” гэж тусгасан нь тухайн үед хийгдсэн хяналт шалгалтын удирдамжид тусгагдаагүй, хяналтын хуудасны хүрээнээс хэтэрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шалгагдаж буй асуудалд урьдчилан дүгнэлт хийсэн, улсын байцаагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээг хэтрүүлсэн ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус захиргааны акт болж байна.

Хэдийгээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж улсын ахлах байцаагчид эрх олгосон байгаа ч энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй нөхцөлд хэрэгжих боломжтой байна.

Өөрөөр хэлбэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.4-т “ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, их хэмжээний хор хохирол учирсан тохиолдолд болон илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх” гэж зааснаар зохицуулагдаж, бусдад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэгдэнэ. Мөн тус актын тодорхойлох хэсэгт “... хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б. би...” гэж захиргааны актын үндэслэлийг тодорхойлсон, актад Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б. гарын үсэг зурж баталгаажуулсан зэрэг нь улсын байцаагчийн эрх хэмжээг хэтрүүлж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.12-т заасныг зөрчиж өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд захиргааны акт гаргасан болохыг нотолж байна.

Мөн улсын байцаагч нь актын үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийг удирдлага болгосон байх ба 125.1-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно” гэж заасан ба Хөдөлмөрийн хуулийн 4.1.3-т “ажилтан” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг; 4.1.15-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгохоор тус тус зохицуулснаас дүгнэвэл ******* ХХК нь ******* ажил олгогч биш, ******* нь тус компанийн ажилтан биш, талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй байна. Энэ тухай Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актаар тодорхойлсон бөгөөд холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байдаг.

2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр осол болсонтой холбогдуулан осол болсон шалтгаан нөхцөл, компанийн эрх бүхий этгээд болон бусдын гэм буруутай, аюулгүй ажиллагааны заавар, журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байхад тус компанид ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажиллаж байсан *******д Хөдөлмөрийн хуулийн дагуу нөхөн төлбөр тооцож олгохыг шаардаж, улсын байцаагчийн хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.4-т “захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах” гэж заасныг болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.4-т заасныг тус тус зөрчсөн байх тул Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 сарын 05-ны өдрийн тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий акт нь гэмтэл учирсантай холбоотой нөхөн төлбөрийг байгууллага өгөх ёстой гэдэг агуулгаар гарсан. Энэ нь 1-т улсын байцаагч ажилтай улсын ахлах байцаагчийн акт дээр улсын байцаагч би гэж бичсэн нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актыг гаргаж байгаа субъект нь тодорхойгүй гэдэг үндэслэлд хамаарч байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-д заасныг үндэслэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалт, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангуулах гэдгээр захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон. Гэтэл улсын байцаагч д Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасан эрх мэдэл байхгүй. Тухайн актад нэмэлтээр гарын үсэг зурсан ******* байцаагчийн хувьд улсын ахлах байцаагч учраас энэ эрх мэдэл байгаа. Гэхдээ энэ эрх мэдэл нь тодорхой хүрээлэлд үйлчилнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгээд тэр тухайгаа актад тодорхой бичдэг. 2025 оны 01 сарын 29-ний өдөр “*******” компанийн захирал т утсаар мэдэгдэн, үйл ажиллагааны менежер Хонгорзулаас цалингийн санхүүгийн баримтыг цахим хаягаар дамжуулан авч төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Уг шалгалтаар дараах зөрчил илэрлээ гэдэг агуулгаар акт явж байгаа юм. Гэвч 2025 оны 01 сарын 29-ний өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэх удирдамж, шийдвэр гарсан зүйл байхгүй. 2025 оны 01 сарын 29-ний өдөр буюу тухайн цаг хугацаанд ямар ч баримт компаниас аваагүй. Хяналтын улсын байцаагч осолтой холбогдуулан 2024 оны 11 сарын 15-ны өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамж гаргаж тус удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг хийсэн. Хяналт  шалгалт хийж байгаа үндэслэл нь иргэн ирүүлсэн өргөдлийн дагуу хийсэн. Энэ хяналт шалгалтыг бол хүлээн зөвшөөрнө. 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 07/23-02/115/08 дугаартай улсын байцаагчийн албан шаардлага гарсан. Уг албан шаардлагын хүрээнд компанид 5 үүрэг даалгаврыг өгсөн. Тус 5 үүрэг даалгаврыг биелүүлсэн тухай компани буцааж улсын байцаагчид мэдэгдээд биелэлттэй холбоотойгоор улсын байцаагчаас шийдвэр гаргахгүйгээр хяналт шалгалтын ажиллагаа дуусгавар болж байгаа юм. Гэтэл 2024 оны 12 сарын 25-ны өдөр 24/459 дугаартай гэсэн гарын үсэгтэй ямар нэгэн тэмдэг дарагдаагүй албан шаардлага ирсэн. Энэ тухай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад гомдол гаргасан. Гомдол гаргатал Захиргааны ерөнхий хуулийн шаардлага хангахгүй акт болчихсон байна. Улсын байцаагчийн тамга нь хэвлүүлэх гээд явчихсан учир энэ акт хүчингүй. Та нар гомдлоо авчих гэсэн учир гомдлоо авсан. Гэвч 2025 оны 02 сарын 05-ны өдөр буюу хяналт шалгалт дуусаад 2 сар болж байхад дахин 1 шаардлага ирсэн. Тухайн шаардлага нь улсын ахлах байцаагч *******, улсын байцаагч нарын гарын үсэгтэй. Энэ акт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай дүрэм журмыг огт мөрдөөгүй. Актын  үндэслэл нь “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн” 2 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангуулах байдаг Тус дүрмийн 2 дугаар зүйлд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэнэ гэж заасан. “*******” компани нь осол болсон даруйд 72 цагийн дотор сайтаар мэдэгдлээ өгч, үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс хурц хордлогыг судлан бүртгэх актыг гарган баталгаажуулж, хуульд заасны дагуу хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч гаар баталгаажуулсан. Ийнхүү дүрэмд заасан акт гаргах үүргээ биелүүлчихээд байхад  дахин хэрэгжилтийг хангуулна гээд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ агуулгаараа улсын ахлах байцаагчийн акт хууль зүйн үндэслэлгүй байна. Хоёрдугаарт тухайн осол болсонтой холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд шалгагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд улсын ахлах байцаагчид энэ актыг гаргах эрх байхгүй гэж үзэж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.4-т улсын ахлах байцаагч нь энэ талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа өөрөөр хэлбэл зөрчил дутагдал нь гэмт хэргийн шинжтэй байвал харьяалах байгууллагад нь дамжуулж  акт болон бусад материалыг харьяалан шалгах газарт нь хүргүүлнэ гэж заасан. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомж дүрэм журмыг зөрчсөн эсэх талаар шинжээч томилогдчихсон байгаа. Тиймээс  улсын ахлах байцаагч 10 дугаар зүйлийн 10.12.4-т заасан эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Гуравдугаарт өнөөдрийн захиргааны хэрэгт төдийлөн хамаатай биш ч улсын байцаагч өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар танайх ажилтандаа нөхөн төлбөр өгөөч гэдэг агуулгаар шаардлага ирүүлсэн. Үүнд ажилтан, ажил олгогч мөн үү гэдэг асуудал яригдана. Компани үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх актдаа тухайн этгээд ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажиллаж, өдөр, өдөртөө цалингаа авдаг байсан. Зөвхөн цагийн ажил хийж байсан хүн гэдгээр тодорхойлолтоо ирүүлсэн. Түүнээс биш хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэж, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу *******тай харилцаанд орсон гэж үзээгүй тул энэ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа биш. Хэрвээ хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж тодорхойлж, манай акт болон бусад асуудлаар гомдол, санал байгаа бол түүнийгээ хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааны асуудлаар шийдэх ёстой. Гэтэл улсын байцаагч нь ажилтан, ажил олгогчийн харилцаа байна, танайх Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж ажилтандаа нөхөн төлбөр өгөхгүй байна гэдэг агуулгаар акт гаргаж байгаа нь хууль бус байна. Өөрөөр хэлбэл улсын ахлах байцаагчийн эрх, үүрэг дотор олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Энэ нийтлэг журамд маш тодорхой бий. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 521-т төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хийж болно гэж заасан. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ.  52 .5-д энэ хуулийн 5.2.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно гэж заасан. Энэ хуулийн 5.2-т заасан аль үндэслэлээр, ямар удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийгээд байгаа нь тодорхойгүй. Тиймээс үүнийг улсын байцаагч болон ахлах байцаагч ******* нар эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Мөн хариуцагч өөрийн тайлбараар хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2 дугаар зүйл, 10 дугаар зүйлийн 10.2.12, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг мөн Төрийн хяналт шалгалт хийх нийтлэг журмыг зөрчиж гарсан актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

2.3.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч ******* ХХК нь Хүнс хөдөө, аж ахуйн газрын оффисын барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарч, тухайн байгууллагын ажилтан ******* осолд өртсөн нь холбогдох байгууллагуудын нотлох баримтаар осол гэдэг нь нотлогдож, аймгийн Цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн 242200196 дугаартай хэрэг үүсгэгдэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.

Мөн аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлалын комиссын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №0016042 дугаартай ******* 70 хувьтай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт шийдвэр гарсан.

Харин ******* ХХК-ийн удирдлагуудад Нийгмийн даатгалын газрын дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлалын комиссын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №0016042 дугаартай ******* 70 хувьтай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт, шийдвэр гарснаас хойш 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл осолд өртсөн *******д Хөдөлмөрийн тухай хуулийн 125.1 дэх ... “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно” заалт, 125.1.1 дэх “...Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан бол тав дахин, 30-50 хүртэл хувиар алдсан бол долоо дахин, 50-70 хүртэл хувиар алдсан бол ес дахин, 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол 18 дахин” заалтуудыг хэрэгжүүлж нөхөн төлбөр олгоогүй, ажил олгогчийн хүлээсэн хариуцлагаа биелүүлээгүй гэж үзэж байгаа.

Тиймээс манай байгууллага нь дугаар улсын ахлах байцаагчийн актыг гаргахдаа аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлалын комиссын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №0016042 дугаартай ******* 70 хувьтай хөдөлмөр алдалтын хувь тогтоосон акт, шийдвэрийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 125.1 дэх ..., 125.1.1 дэх ... заалтыг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн ослын улмаас ажилтан *******д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, ажил олгогчийн хүлээсэн хариуцлагаа биелүүлэхийг хүссэн шийдвэрийг хүргүүлсэн. ... улсын ахлах байцаагчийн акт нь хууль зөрчсөн шийдвэр биш тул нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.4. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ******* өөрийн биеэр хэлж байсан учир бид 19.200.000 төгрөгийн 1 удаагийн нөхөн төлбөрийг гаргуулах актыг гаргая, холбогдох хүмүүстэй холбогдож мэдээлэл, баримтыг цуглуулж акт гарга гэсэн чиглэлийг улсын байцаагчдаа өгсөн. Улсын байцаагчаас 2025 оны 02 сарын 05-ны өдөр миний гарын үсэгтэй, мөн өөрийнхөө гарын үсэгтэй актыг тухайн байгууллагад өгсөн. Миний хувьд ямар нэгэн хууль, дүрэм зөрчсөн зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасан заалтыг биелүүлээч гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Анх гаргасан бичиг баримтынхаа дагуу хяналт шалгалтыг үргэлжлүүлээд 2 дахь актаа үйлдээд явсан. Хөлсөөр ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ аль нь ч байсан цаасаар байгуулах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулиар хүндэтгэх шалтгаантай бол 10 хоногийн дотор нөхөн гэрээ байгуулж гарын үсэг зуруулж ажил олгогч нь ажилтанд өгөх үүрэгтэй гэж зааж өгсөн. Энэ нь хөдөлмөрийн харилцаа үүсээд явж байгаа гэж үзнэ. Гэрээ нь хэрэгт байгаа. Хөдөлмөрийн харилцаа гэдэг нь зөвхөн цаасан дээр бууснаар биш, тухайн байгууллагад ажиллаад цалин хөлс авч байгааг ойлгоно. Хөдөлмөрийн харилцаа үүссэн учир миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 1 удаагийн нөхөн төлбөрийг өгөөч гэдэг үндэслэлээр улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан. Актад буруутай этгээд мөн, биш гэснийг тогтоосон өгүүлбэр байхгүй. Тус байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасныг биелүүлдэг субъект мөн учир бид Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдөж ажиллаач, үүргээ биелүүлээч гэж ******* гэмтсэнээс хойш 3 сарын дараа албан бичгээр өгсөн. Тухайн байгууллага үүргээ биелүүлээгүй тул манай байгууллага 02 дугаартай актыг хүргүүлсэн. Тус актад  улсын байцаагч “Эйч ди эс юу” ХХК-ийн дарга, нягтлантай нь ярьж зөвхөн цалинг нь 18 дахин нэмэгдүүлж дунджийг нь бодож нягтлангаар нь хянуулаад 17.280.000 төгрөг гэсэн тооцоог  гаргасан гэж хэлсэн. Үүний дагуу улсын байцаагч миний бие гарын үсэг зурсан. Үүнд хөдөлмөрийн маргаан байхгүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасан үйлдвэрлэлийн ослоос гарсан нөхөн төлбөрийг төлүүлэх, тухайн компанийн үүргийг биелүүлэх гэж энэ актыг гаргасан. Тус акт хууль дүрэм зөрчөөгүй учир нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

2.5. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн хариу болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан “*******” ХХК-д 2024.09.29-ний өдрөөс эхлэн барилгын туслах, цагийн ажилтнаар ажиллаж аман гэрээ байгуулан ажиллаж байх хугацаанд 2024 оны 10 сарын 23-ны өдөр ХАБ *******ын ажлын зааварчилга өгч зааж зөвлөсний дагуу кранаар өргөж зөөн хурааж байсан хашааны хүнд даацын цементэн хавтанг чиглүүлж хураах доороос нь оосорлон авах гэж зогсож байгаад краны өргөж байсан хавтан савж ирээд миний баруун хөл хананд хавсрагдан гуяныхаа цул мах хэсгээр тасран эмнэлэгт яаралтай очиж тайралт хийлгэсэн. Болсон үйл явдлыг цагдаагийн байгууллага цаг тухайд ирж хэргийг бүртгэж авсан ч одоог хүртэл ямар ч шийдвэрт хүрээгүй цагдаа дээр л байсаар  байна. байцаагчтай хэд хэд уулзсан. Огноог нь сайн санахгүй байна. Цаад тал нь зөвшөөрөхгүй байгаа юм шиг ярьсан. Орон нутгийн иргэнтэй гэрээ байгуулж ажилладаггүй гэдэг нь худлаа. ******* гэх хүнтэй гэрээ байгуулж ажиллаж байсан. Би нийтдээ 25 хоног ажилласан. 09 сараас эхлээд энэ компаниас өгч байсан цалингийн хуулга байгаа. 70.000, 80.000, 400.000 төгрөгөөр 3 удаа, хамгийн сүүлд 640.000 төгрөг авсан. Эд нарт гэрээ байгуулъя гэж би хэлж байсан. Гэрээ хийхгүй аргацаагаад байсан. Тэгтэл ийм асуудал болсон. миний биед 17.280.000 төгрөгийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

1.1. Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаар “Хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай” акт нь Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №0016042 дугаартай хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянан баталгаажуулсан үйлдвэрлэлийн ослын актыг тус тус үндэслэн ... Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.1 дэх заалтыг тус тус баримтлан “*******” ХХК-ийн туслах ажилтан *******д 17.280.000 төгрөгийг нөхөн олгож, хохиролгүй болгох, актаар төлүүлэхээр тогтоосон нийт 17.280.000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 10-ны дотор туслах ажилтан *******д олгохыг компанийн захирал Г., нягтлан бодогч ******* нарт хариуцуулж, актын биелэлтийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2025 оны 03 дугаар сарын 14-ний дотор албан бичгээр ирүүлэх талаар дурдан шийдвэрлэжээ. /хх-ийн 9-11-р хуудас/

1.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.3-т “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана”, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно”, 125.1.1-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан бол тав дахин, 30-50 хүртэл хувиар алдсан бол долоо дахин, 50-70 хүртэл хувиар алдсан бол ес дахин, 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол 18 дахин”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “... түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж тус тус заасан.

1.3. Энэхүү маргааны тухайд, “*******” ХХК-ийн захирал 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/06 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тогтоох, шалтгааныг судлан бүртгэх, акт дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус байнгын комисс томилсон, уг комисс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг үйлдэж, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянан баталж, уг актад үндэслэн улсын байцаагч нараас “*******” ХХК-иас нөхөн төлбөрт 17.280.000 төгрөгийг *******д олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 9-11, 142,  81-85-р хуудас/

1.4. Ийнхүү шийдвэрлэхдээ Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тоот актын эхлэл буюу нүүр хэсэгт “... хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б. би ...” гэж бичсэн хэдий ч тус актад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, улсын ахлах байцаагч *******, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б. нар гарын үсэг зурж, өөр өөрсдийн эрх хэмжээний тамга, тэмдгийг дарж, баталгаажуулсан байх тул улсын ахлах байцаагчаас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасан бүрэн эрхээ хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн хамт хэрэгжүүлсэн гэж үзэх нь үндэслэлтэй.      

1.5. Иймд нэхэмжлэгчийн “ ... Б. нь улсын ахлах байцаагч биш хэрнээ улсын ахлах байцаагчийн актын маягт дээр би гэж бичсэн. Үүнийг улсын ахлах байцаагчийн эрхийг эдэлсэн гэж үзсэн. Мөн байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасан эрхийг эдлэхгүй ...” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.    

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнд гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, цалин хөлсний талаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээс өмнө танилцуулах үүрэгтэй”, 41.2-т “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ”, 41.3-т “Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно”, 48 дугаар зүйлийн 48.3-т “Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно”  гэж тус тус заажээ.

2.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамаарч ажилтан ажил үүргээ биечлэн гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх ба энэхүү хөдөлмөр эрхлэлтийн харилцааны нэг тал нь ажил олгогч, нөгөө тал нь ажилтан гэж тодорхойлогдохоос гадна нөгөөтээгүүр тухайн ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулж ажиллуулсан ч хэрэв уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулж байгаа бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохоор хуульчилсан байна.

2.2. Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Хүнс, хөдөө аж ахуйн газрын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсан “*******” ХХК-д иргэн ******* 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс хойш ажил хийхээр харилцан тохиролцож, (нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд болон тайлбарт ******* цагийн ажилтан байсан, хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажиллаж байсан гэх зэргээр өөр өөрөөр тайлбарласан), нийт 15 удаа ирж биечлэн ажилласан байх бөгөөд энэ тохиолдолд “*******” ХХК болон иргэн ******* нарын хооронд аль төрлийн ямар гэрээ байгуулсан, эс байгуулснаас үл хамаарч ******* ажил үүргээ биечлэн гүйцэтгэж эхэлснээр “*******” ХХК, ******* нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсжээ. /хх-ийн 48, 49, 50, 77-р хуудас/

2.3. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан нэр томьёоны тодорхойлолтоор “*******” ХХК-ийг ажил олгогч, иргэн ******* ажилтан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчээс гаргаж буй “ажил олгогч, ажилтан мөн үү гэдэг асуудлыг хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс шийдвэрлэнэ” гэх тайлбар үндэслэлгүй.

3. Мөн маргаан бүхий актдаа “... *******” ХХК-д 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус компанийн захирал Г.т утсаар холбогдож мэдэгдэж, үйл ажиллагааны менежер аас цалингийн санхүүгийн баримтыг цахим, хаягаар дамжуулан авч, төлөвлөгөөт бус хяналтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар дараах зөрчил илэрлээ. Үүнд: 1. ******* ХХК-ийн туслах ажилтан овогтой овогтой нь үйлдвэрлэлийн осолд өртөж, баруун хөлөө тайруулсан оноштой Дундговь аймгийн нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №0016042 дугаартай хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянан баталгаажуулсан үйлдвэрлэлийн ослын актаар нотлогдож байна. 2. ... үйлдвэрлэлийн осолд өртөж, баруун хөлөө тайруулсан оноштой Дундговь аймгийн нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №0016042 дугаартай актаар хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай тогтоогдсон байхад ... “ гэж үндэслэлээ тодорхойлжээ.

3.1. Хариуцагчаас шүүх хуралдаан дээр “... энэ нь 2024 оны 11 сарын 15-ны өдрийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэл байсан ...” гэж тайлбарлан маргадаг ч хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргаан бүхий актад тусгагдсан “... төлөвлөгөөт бус хяналт ...” гэх шалгалт нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэл, эсхүл шинээр явуулсан шалгалт гэж үзэхээргүй байна.

3.2. Гэвч  “2025 оны  01  дүгээр  сарын  29-ний  өдөр  төлөвлөгөөт  бус  хяналт шалгалт явуулаагүй” гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгосноор уг актаар илэрсэн зөрчлийн нөхцөл байдал, түүний үр дагавар өөрчлөгдөхгүй, өөрөөр хэлбэл Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0016042 дугаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр баталгаажуулсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн” акттай талууд маргаагүй буюу хуулийн хүчин төгөлдөр, нөгөө талаас ажил олгогч “*******” ХХК-д ажилтанд нөхөн төлбөрийг төлөх үүрэг аль ч тохиолдолд хуулиар үүсэх тул уг үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй байна. /хх-ийн 9-12, 68-69, 81-85-р хуудас/ 

4. Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15-т “үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох” гэж зааснаар ажил олгогч “*******” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.1-д зааснаар ажилтан *******д нөхөн төлбөрийг олгох үүргийг хуулиар хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй, тухайн тохиолдолд улсын ахлах байцаагч, хөдөлмөрийн хяналтын байцаагч нараас ******* амаар гаргасан гомдлын дагуу Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №0016042 дугаартай хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянан баталгаажуулсан үйлдвэрлэлийн ослын актыг тус тус үндэслэн дээрх хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор акт үйлдсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцсэн байна.   

5. Хариуцагчаас шүүх хуралдаан дээр ******* бидэнд амаар хандсан, амьдрал нь хүнд, иймээс акт гаргасан, энэ нь албан бичиг юм, заавал төл гэсэн юм байхгүй, актад дурдсан ажиллагааг би явуулаагүй гэх зэргээр актын үндэслэлээ тайлбарлаж мэтгэлцэх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч өөрийн тайлбараар хууль зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрлөө гэж тайлбарлах боловч энэ тайлбар нь маргаан бүхий актын үндэслэлийг бүхэлд нь үгүйсгэх хууль зүйн үндэслэл биш юм.

6.  Гуравдагч этгээд *******д “*******” ХХК-иас ажил гүйцэтгэсэн хугацааны цалин хөлсөнд 2024 оны 09 сарын 04-ний өдөр 80.000 төгрөг,  2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 640.000 төгрөг, бүгд 1.920.000 төгрөгийг шилжүүлжээ.

7. Хариуцагч талаас нөхөн төлбөрийг 1.920.000Х9=17.280.000 төгрөг гэж тооцсон нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.6, 2.5, 2.6-д заасан аргачлалтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, уг журамд зааснаар нөхөн төлбөрийн дүнг тооцож үзвэл ажилласан хугацааны цалин хөлсний нийлбэр 1.920.000:24 (нийт ажилласан өдөр)=80.000 төгрөг (нэг өдрийн ажлын цалин хөлс), 80.000х21 (нэг сарын дундаж ажлын өдөр)=1.680.000 төгрөг (нэг сарын дундаж цалин хөлс),  1.680.000х9=15.120.000 төгрөг байна. Иймээс 17.280.000 төгрөгийг 15.120.000 төгрөг болгон зөвтгөв. /хх-ийн 110-166-р хуудас/

8. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлал: Анхан шатны шүүхийн шийдвэрээр маргаж буй Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тоот актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тогтоосон нөхөн төлбөр болох 15.120.000 төгрөгийг гуравдагч этгээд ******* ХААН банкны **** тоот дансанд шилжүүлнэ.

9. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн захирамжаар Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийг хамтран хариуцагчаар татахаар шийдвэрлэсэн боловч тус албан тушаалд 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар хүн томилогдоогүй учир улсын ахлах байцаагч хариу тайлбар ирүүлж, шүүх хуралдаанд оролцсон болно. /хх-ийн 98-101, 106-р хуудас/  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20, 28 дугаар зүйлийн 28.1.15, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасныг тус тус баримтлан “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга, улсын ахлах байцаагч *******д хариуцагдах, Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      В.ЦЭРЭНРАГЧАА