2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/01906

 

 

 

 

2025 03   13

 

 

192/ШШ2025/01906

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сити тауэр, 17 давхар хаягт оршин байрлах Мера сервис ХХК /регистрийн дугаар: 5607752/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъянгүний гудамж, Ай Си Си тауэр, 7 давхар хаягт оршин байрлах Кэй Эй групп ХХК /регистрийн дугаар: 6164358/-д холбогдох,

Алдангийн төлбөрт 211,507,667 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгөлдөр, Г.Хонгорзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номин-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэн, гэрч М.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Мера сервис ХХК нь хариуцагч Кэй Эй групп ХХК-д холбогдуулан 211,507,667 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Мера сервис ХХК болон Кэй эй групп ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр MS21/11 тоот өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч тал болох Мера сервис ХХК нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Сорговь нүүрсний уурхайд өрөмдлөгийн ажил гүйцэтгэх, захиалагч гэрээний 3.3-д заасны дагуу төлбөрийг нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт шилжүүлэхээр тохиролцсон. Үүний дагуу гүйцэтгэгч тал 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сар хүртэл ажил гүйцэтгэсэн хэдий ч захиалагч тус гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй. 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/129 тоот Кэй эй групп ХХК-д гэрээний үндсэн төлбөр 685,369,903 төгрөг, алданги 150,887,415 төгрөг, нийт 836,257,318 төгрөгийн төлбөр барагдуулах албан бичгийг хүргүүлсэн. Хариуцагч компани хамгийн сүүлд 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үлдэгдэл төлбөрийг төлж, гэрээний үндсэн төлбөрийг барагдуулж дууссан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-д Захиалагч нь тухайн гүйцэтгэх ажлын хөлсийг энэ гэрээний 3.2-д заасан хугацаанд төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг хоног тутам төлнө. гэж заасны дагуу алдангийг тооцоход нийт 211,507,667 төгрөг болж байна. Иймд Мера сервис ХХК болон Кэй эй групп ХХК-ийн хооронд 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан MS21/11 тоот өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний 6.6-д заасны дагуу Кэй эй групп ХХК-аас 211,507,667 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тодорхойлсон.

2. Хариуцагч Кэй эй групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номин-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Талууд 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ үед дэлхийн нийтийг хамарсан цар тахал буюу коронавирусын халдвар гарсан. Талууд энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, хоорондоо хил гааль, түлшний хомсдол зэрэг асуудал хэцүү байгаа талаар удаа дараа мэйл бичиж холбогдож байсан. Үүнтэй холбоотойгоор гэрээний дагуу төлөх үндсэн төлбөрийг хойшлуулах талаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцсон. Уг төлбөрийг талуудын удирдлага буюу эрх мэдэл бүхий этгээдүүд болох хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч нар хоорондоо ярьж тохиролцсон. Компанийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж талууд өр төлбөрөө үндсэн төлбөрөөр хаах талаар удаа дараа ярьж тохиролцсон. Талууд өөрсдийн хамаарал бүхий компани болох Кэй эй групп ХХК Хишиг арвин индустриал ХХК-ийн 100 хувийн охин компани бөгөөд Мера сервис ХХК нь Мера ХХК-ийн хувьцаа эзэмшигч компани юм. Эдгээр хувьцаа эзэмшдэг компаниудаараа дараа дараагийн үйл ажиллагаанд хамтран ажил хийх тохиролцоог хийсний үндсэн дээр нэхэмжлэгч тал алдангиас татгалзсан. Татгалзсан нь ямар үйл баримтаар илэрхий харагдах вэ гэхээр талууд 2021 оноос 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 4 удаа тооцоо нийлсэн. Тооцоо нийлсэн актад нэг ч удаа алдангийн үнийн дүн байхгүй, алдангийг тооцоогүй үнийн дүн 685,369,903 төгрөг буюу гэрээний үндсэн төлбөрөөр 4 удаа тооцоо нийлсэн. Мөн нэхэмжлэгч тал хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад нэг ч удаа манай компани руу нэхэмжлэх, алдангийг тусгасан төлбөрийн баримтыг нэхэмжлээгүй. Эдгээр үйл баримт нь нэхэмжлэгч талыг алдангиас татгалзсан буюу талуудын тохиролцсоноор нэхэмжлэхээ явуулж, талууд тооцоо нийлсэн нь харагдаж байна. Иймд манай компани алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэв.

3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн MS21/11 дугаар өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, хавсралтын хамт, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн MS21/11-01 дугаар өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт, 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн БЖ/2021/0090 дугаар нэхэмжлэх, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн БЖ/2021/0104 дугаар нэхэмжлэх, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн БЖ/2021/0110 дугаар нэхэмжлэх, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн БЖ/2022/0003 дугаар нэхэмжлэх, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн БЖ/2022/0011 дугаар нэхэмжлэх, 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн БЖ/2022/0017 дугаар нэхэмжлэх, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн БЖ/2022/0025 дугаар нэхэмжлэх, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн БЖ/2022/0056 дугаар нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн нэхэмжлэх, Мера ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-442 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаал, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/60 дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажилд авах тухай ерөнхий захирлын тушаал, Хуулийн этгээдийн мэдээлэл, алдангийн тооцооллын хүснэгт, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/129 дугаар Төлбөр барагдуулах тухай мэдэгдэл.

4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчаас олгосон итгэмжлэл, шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 8/79 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичиг, гүйлгээний дэлгэрэнгүй баримт, 44131780 дугаар шилжүүлгийн баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Khai/48/22 дугаар төлбөр тооцоог харилцан барагдуулах тухай гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 02/331 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, Кэй эй групп ХХК-ийн компанийн дүрэм, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн SORA/03/22 дугаар уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ,2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 8/80 дугаар албан бичиг.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Мера сервис ХХК нь хариуцагч Кэй эй групп ХХК-д холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн MS21/11 дугаартай Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ-ээр харилцан тохиролцсон алдангийн төлбөрт 211,507,667 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Мера сервис ХХК болон Кэй эй групп ХХК нар 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр харилцан тохиролцож MS21/11 дугаартай Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба гэрээний дагуу 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сар хүртэл тэсэлгээний ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээгээр төлбөр төлөх хуваарь, хариуцлага буюу алдангийн журмыг тохиролцсон боловч хариуцагч нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй. Иймд гэрээний дагуу 211,507,667 төгрөгийн алдангийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

3. Хариуцагч Кэй эй групп ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ, нэхэмжлэгч болон хариуцагч нар алданги төлөхгүй байх талаар хожим тохиролцсон, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/129 тоот албан бичгээр гэрээг цуцалсан тул энэ хугацаанаас хойш алданги төлөх үндэслэлгүй, түүнчлэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал бий болсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн зарим хэсгийг төлөх боломжгүй гэж тайлбарласан.

4. Зохигч талууд 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр MS21/11 дугаартай Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, энэ гэрээгээр нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч нь хөрс тэсэлгээний ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч буюу захиалагч нь нийт 685,369,903 төгрөгийг гүйцэтгэлийн дагуу нэхэмжлэх хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.

5. Талууд гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, чанарын талаар маргаагүй ба зөвхөн алдангийн төлбөрийг төлөх үндэслэлтэй эсэх талаар маргасан.

6. Хариуцагч буюу захиалагч Кэй эй групп ХХК-д 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 01/129 тоот Төлбөр барагдуулах тухай албан бичгийг нэхэмжлэгч Мера сервис ХХК нь хүргүүлжээ. Дээрх албан бичгээс үзвэл Мера сервис ХХК нь гэрээнээс татгалзах буюу цуцлах биш гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх агуулгатай бичиг хүргүүлсэн байна.

7. Түүнчлэн, Хишиг Арвин Индустриал ХХК, Талст Бластинг Консалтинг ХХК, Мера сервис ХХК, Кэй эй групп ХХК нар 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр KHAI/48/22 тоот Төлбөр тооцоог харилцан барагдуулах тухай гэрээ байгуулж, энэ гэрээний дагуу Мера сервис ХХК болон Кэй эй групп ХХК нар нь тооцоо нийлсэн актыг үйлджээ. Дээрх гэрээг байгуулсан талуудын хүсэл зоригийг тайлбарлавал тэдгээр нь өөрсдийн хооронд үүссэн төлбөр тооцоог харилцан тооцож хаах зорилгоор байгуулсан байна.

8. Дээрх гэрээгээр нэхэмжлэгч Мера сервис ХХК болон хариуцагч Кэй эй групп ХХК-иуд нь тэдний хооронд байгуулагдсан 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн MS21/11 дугаартай Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ-ний 6.2-д заасан алдангийн төлбөрийг хүчингүй болгох хүсэл зориггүй байсан болох нь Тооцоо нийлсэн актад бичигдсэн ... хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлээр Кэй эй групп ХХК нь 685,369,903 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан батлав. Дээрх үлдэгдлийг бэлэн бус тооцооны хэлбэрээр, төгрөгөөр нэхэмжлэн авахаар тохиролцов. Энэхүү тооцооны үлдэгдлийн баталгаа нь санхүүгийн тайлагналын зорилгоор үйлдэгдсэн ба талуудын хооронд байгуулсан гэрээний хариуцлагыг дүгнэсэн акт биш болохыг харилцан батлав ... гэх бичвэрээр тогтоогдож байна.

9. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн MS21/11 дугаартай Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ-ний 17.2-д гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулах журмыг тохирчээ. Иймд алданги тооцохгүй байхаар амаар харилцан тохиролцсон гэх хариуцагчийн тайлбар эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй үйл баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.

10. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн төлбөрийг бууруулж өгөхийг хүссэн.

11. Хариуцагчийн дээрх үндэслэл нь алдангийн тохиролцоог хүчингүй болгосон буюу алданги авахгүй байхаар тохирсон гэх нөгөө үндэслэлээ үгүйсгэж байна. Иймд хариуцагч талын эдгээр бие биеэ үгүйсгэсэн тайлбаруудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй гэж үзнэ.

12. Нөгөө талаас, захиалагч буюу хариуцагч тал давагдашгүй хүчин зүйлд хамаарах нөхцөл байдал бий болж төлбөрөө төлөх боломжгүй болсон бол Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т зааснаар энэ талаар ажил гүйцэтгэгчид мэдэгдэх ёстой байжээ. Ийнхүү мэдэгдээгүйгээс ажил гүйцэтгэгч болох Мера сервис ХХК нь давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал-ын үед гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. Энэ тохиолдолд давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал зөвхөн хариуцагч буюу захиалагч талд бий болсон, эсхүл гэрээний үүргээ биелүүлээгүйд захиалагч буруугүй байна гэж үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн төлбөрийг багасгах боломжгүй байна.

13. Нэхэмжлэгч тал төлбөр төлөх хугацаа, төлөгдсөн хэмжээ, алданги тооцсон хугацааны тооцооллыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн ба энэ тооцооллыг зөвшөөрч байгаа талаараа хариуцагч тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэг талын тайлбарыг нөгөө тал зөвшөөрсөн бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг. Иймд хариуцагч Кэй эй групп ХХК-иас алдангийн төлбөрт 211,507,667 төгрөгийг гаргуулан Мера сервис ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

14. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1,215,488 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасантай нийцжээ.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 1,215,488 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,215,488 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Кэй эй групп ХХК-иас 211,507,667 төгрөгийг гаргуулан Мера сервис ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,215,488 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Кэй эй групп ХХК-иас 1,215,488 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мера сервис ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР