2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/01907

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 10

191/ШШ2025/01907

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,000,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 6,000,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******,

Хариуцагч Э.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нарыг оролцуулан, нэхэмжлэгч Л.******* хуралдаанд бөгөөд зохигчдын хүсэлтээр хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан Төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,000,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 6,000,000 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.*******тэй 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 20/02114 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Э.*******д нийт 21,500,000 төгрөгийг 3 сарын дотор эргүүлэн төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд 1 тутам 5 хувийн хүү, хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсоны үндсэн дээр 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл түүний дансанд нийт 11 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн өгсөн байдаг. Ингээд 2 жил огт төлөхгүй, холбоо барихгүй алга болж байгаад, хууль шүүхийн байгууллагаар явъя гэхэд өөрөө төлөхөө илэрхийлсэн бөгөөд эвийн журмаар төлж дуусгая гэх санал тавьсан. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр харилцан тохиролцож, уг зээлсэн 21,500,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10,750,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10,750,000 төгрөгийг тус тус төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд сарын 5 хувийн хүү, хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Үүнээс хойш олон удаагийн увуу цувуу байдлаар төлсөөр хамгийн сүүлд 2023 оны 8 сард төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэл 10 сар буюу нийт 300 хоногийн хугацаа хэтрэлттэй огт төлөхгүй явж байна. Одоогоор холбоо барих болгонд шүүхээрээ яв, би төлөх боломжтой ч төлмөөргүй байна гэх тайлбарыг өгөөд байгаа учир иргэний журмаар шүүхэд хандан хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаад байна. Иймд үндсэн төлбөр болох 3,000,000 төгрөгийн өнөөдрийг хүртэлх 10 сарын хүү болох 1,500,000 төгрөг, хэтэрсэн 300 хоногийн алданги 1,500,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг гаргуулна гэжээ.

2.Хариуцагч Э.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Л.*******тай 1998 оноос хойш найзалж нөхөрлөж байгаа. 21,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. 22 жил найзалж, нөхөрлөсөн болохоор эвлэрэх орон зай байгаа болов уу гэж бодоход хүлээн зөвшөөрөөгүй, өмгөөлөгч авсан. 2 жилийн дараа нөхөж зээлийн гэрээ нөхөн байгуулсан. Тухайн үед өөрт байсан боломжоороо мөнгөө өгсөн. Би Л.*******тай өөртэй нь уулзаад үлдсэн мөнгөө өгөх гэсэн боловч надад хатуурхаж, шүүх, цагдаагаар явна гэж хэлсэн. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй 3,000,000 төгрөг үлдсэн байгаа. Л.*******г шүүх хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирэх байх гэж бодсон. Л.*******тай 6,000,000 төгрөгийг төлөхөөр болбол хугацааны хувьд харилцан тохиролцох боломжтой байсан гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Голомт банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Зээлийн гэрээ, Төлбөр барагдуулах гэрээ, Баталгаа зэрэг нотлох баримтуудыг шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан Төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,000,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 6,000,000 төгрөг тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний үүргээ шаардах эрхтэй гэж тайлбарласан.

5.Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг гардан авч энэ хуулийн 72.2-т зааснаар шүүхэд хариу тайлбар бичгээр гаргаагүй боловч шүүх хуралдааны үед нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Өмгөөлөгч Ц.Оюумаа өрөөндөө дуудаж 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг нөхөн хийж гарын үсэг зуруулсан тул алданги хүү төлөхгүй гэж маргажээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Голомт банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, Баталгаа гаргах тухай баримт, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

7.Талууд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд 21,500,000 төгрөгийг 3 сарын хугацаанд буцаан төлөхөөр /амаар/ харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.

8.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар зээлдүүлэгч 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд 21,500,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн тухайд хариуцагч маргаагүй.

9.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зохицуулсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг нөхөн хийсэн гэж хариуцагч маргаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч зээлийн гэрээг бичгээр хийгээгүй болохыг зөвшөөрсөн тайлбар гаргасан. Иймд нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах үндэслэл тогтоогдохгүй байна.

10.Харин талууд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлийн гэрээний үндсэн төлбөр нь 21,500,000 төгрөг төлөхөөр харилцан зөвшилцөж эвлэрэв. Энэхүү гэрээнд дурдсан төлбөрийг Э.******* нь дараах хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцов. Үүнд: 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10,750,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10,750,000 төгрөгийг төлөхөөр тохиролцов. Хариуцагч нь гэрээний 1.2 дахь хэсэгт заасан хугацааны графикийг зөрчсөн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги, сарын 5 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. /хавтаст хэргийн 17 тал/

11.Төлбөр барагдуулах гэрээгээр Э.******* нь 21,500,000 төгрөгийг Л.*******д төлөх үүрэг хүлээсэн буюу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн төлбөрийн үүрэг үүссэн байна гэж үзнэ.

12.Хариуцагч Э.******* нь 21,500,000 төгрөг төлөхөөс 18,500,000 төгрөг төлж, үлдэх 3,000,000 төгрөгийг төлөөгүй тухайд талуудын хэн аль нь маргаагүй.

13.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх ба зээлдэгч нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй, энэ өдрөөс нэхэмжлэгч алданги 1,500,000 төгрөг шаардах эрхтэй бөгөөд дээрх гэрээгээр алданги төлөхөөр тохиролцож гарын үсэг зурсан тухайд хариуцагч маргаагүй.

14.Иймд хариуцагч Э.*******гээс гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

15.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 86,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.*******гээс 4,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 86,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ