| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/01519/И |
| Дугаар | 192/ШШ2025/02087 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/02087
|
2025 03 19 |
192/ШШ2025/02087 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 35б-11 тоот хаягт оршин байрлах Стандартформ ХХК /регистрийн дугаар: 5709873/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.*******ийг эрэн сурвалжлуулах хүсэлттэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Стандартформ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн үндэслэлээ: Стандартформ ХХК 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Лхагвасүрэн овогтой *******тэй түрээсийн гэрээ байгуулж, барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн ба түрээсийн төлбөрийн үлдэгдлээ төлөхгүй бидний ажилд саад учруулж байсан тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/05821 дугаар захирамжаар хариуцагч тус хаягт бүртгэлгүй гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд Лхагвасүрэн овогтой *******ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн t29 дугаар түрээсийн гэрээ, хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/05821 дугаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Стандартформ ХХК нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 35б-11 тоот хаягт оршин байрладаг бөгөөд нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн оршин байгаа харьяаллын дагуу шүүхэд гаргасан байна. /хавтаст хэргийн 1 дүгээр тал/
2. Нэхэмжлэлд дурдсан Л.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байх ба түүний оршин байгаа газрын хаяг тодорхойгүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/05821 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийн хаягийг тодорхой бичсэн байхыг шаарддаг тул дээрх тохиолдолд тэрээр шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзнэ. /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж заажээ.
4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Лхагвасүрэн овогтой ******* /регистрийн дугаар: *******/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг тус тус зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Лхагвасүрэн овогтой ******* /регистрийн дугаар: *******/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР