Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/05

 

 

         Н.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Х.Г,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.М,

Шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч М.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолыг хохирогч Ж.М, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Н.Ч-д холбогдох эрүүгийн 2316000920109 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн хувийн мэдээлэл:

 

А овгийн Н.Ч нь Монгол Улсын иргэн, халх, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ............ сумын ........ багт оршин суух хаягтай, ДЗ.............. регистрийн дугаартай,

 

2. Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 16-17 цагийн орчим Говь-Алтай аймгийн ......... сумын ............ багийн .............. гэх газарт морь усал гэхэд үгэнд орсонгүй гэх зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн улмаар морийг нь услахаар явсан хохирогч Ж.М-ын араас өөрийн эзэмшлийн бонго жи /bongo-ji/ маркийн машинаар мөргөж эрүүл мэндэд нь хоёр уушгины няцрал, сээрний 10, 12, бүсэлхийн 1, 2-р нугалмын их биеийн хугарал, зүүн хацарт зулгаралт бүхий хүнд хохирол учруулж алахыг завдсан хэмээн үзэж, тухайн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алахаар завдах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 

Шүүгдэгч А овогт Н.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутай болохыг тогтоож, шүүгдэгч Н.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Ч оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.4 дэх хэсгүүдэд зааснаар хохирогч Ж.М-ын нэхэмжилсэн 4,137,883 төгрөгнөөс 1,490,400 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 25,300,000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлын хамтаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн ... - ... ... улсын дугаартай бонго-жи маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Ж.М-д 2,650,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 6,598,150 төгрөг тус тус төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Н.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Н.Ч-ыг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар татсан атлаа бусад нотлох баримтуудыг яллагдагчаар татсан тогтоолыг үйлдсэний дараа Н.Ч-ын эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой нотлох баримт түүнтэй холбоотой нэмэлт ажиллагаа гарч ирсэн. Жишээлбэл: 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн техникийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Н.Ч-ын ... - ... ... улсын дугаартай КIА маркийн бонго загварын автомашин нь урд болон хойд тоормосны систем ямар ч ажиллагаагүй мөн зогсоолын тоормос байхгүй жолооны механизм гэмтэлтэй тээврийн хэрэгсэл нь стандартын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гарсан байдал нь Н.Ч нь тээврийн хэрэгсэл зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан нь харагдаж байна. Гэрч Ж.Б-ийн “Манай нөхрийн нүд рүү хохирогч Ж.М цохисон. Н.Ч тоормозгүй портер машинаа өнхрүүлж асааж унаад явсан” гэх мэдүүлэг, мөн Н.Ч-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “Хохирогч Ж.М нь миний зүүн нүд рүү чулуугаар бүлтэртэл цохиж улмаар нүд хэд хоног зовиуртай битүү хавдартай тонгойхоор л нүд бүлтэрч гараад байсан гэх зовиуртай явсаныг хүмүүс мэднэ гэх мэдүүлэг энэ нөхцөл байдлаас харахад гэмт хэргийн сэдэлт зорилго шалтгааныг тогтоогоогүй байж Н.Ч-ын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолыг дахин магадлаж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

5. Хохирогч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Говь-Алтай аймгийн ............ сумын ........ багт оршин суугч Ж овогтой М би Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Уг шийдвэр нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын зохих заалтуудыг хэрэглээгүй, хэрэглэвэл зохих заалтуудыг хэрэглээгүй, хэтэрхий цагаатгах талыг баримталсан, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Үүнд:

Хохирогч миний хохирлоос үндэслэлгүйгээр 1,490,400 төгрөгний хохирлыг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тооцоогүй, хуульд зааснаар шүүх шинжилгээний төвд миний сэтгэц, эрүүл мэндийн байдалд учирсан хохирлыг тогтоолгоогүй, хохирогч миний эрх зүйн байдлыг дордуулсан ялыг үндэслэлгүйгээр доош нь татсан. Хуульд зааснаар 10 жилийн хугацаа байгаа болно. Хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт хүссэн, өөрийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн байгаа тохиолдолд ялыг хөнгөрүүлэх ёстой гэж би үзэж байна. Гэтэл шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, үйлдлээ төгсгөөгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэсэнтэй санал нийлэхгүй байна. Харин ч шүүгдэгч өөрийн хийсэн гэм буруугаа ойлгоогүй, хүлээхгүй, шүүх хуралдаан хүртэл хохирлоо төлөөгүй, хохирогч надаас нэг ч удаа уучлалт гуйж уулзаагүй. 4 нуруу хугарч, 2 уушги няцралттай, амь нас хутганы ирэн дээр байхад нэг ч удаа бие чинь яаж байна, ямар тусламж хэрэгтэй байна, одоо яах уу, надаас шалтгаалах ямар хэрэгтэй зүйл байна гэхийн оронд намайг ухаантай, ухаангүй эмнэлгийн орон дээр хэвтэж байхад харин ч улам заналхийлж малаа ав, гэрээ нүүлгэ, чаддаг юм бол өгдөг газраа өгөөрэй, хууль надад үйлчлэхгүй гэж дарамталж байсан. Би залуу насандаа 4 нуруу хугарч, 2 уушги бүрэн төлжөөгүй, хөдөлмөрийн чадвараа 30 хувь алдсан, байнгын эмчилгээ сувилгаатай эмнэлгийн хяналтын хүн болж эрүүл мэндээрээ хохироод байхад шүүх бүрэлдэхүүн миний сэтгэц, эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан хохирлыг шүүх шинжилгээний төвд явуулж тогтоолгоогүй миний эрх зүйн байдлыг дордуулж, тэр ч бүү хэл миний баримтаар нотлогдож байгаа хохирлоос 1,490,400 төгрөгийг баримтууд давхардсан, он сарыг балласан гэсэн үндэслэлээр хассантай санал нийлэхгүй байна. Миний бүрдүүлж өгсөн баримтууд дотор давхардсан баримтууд байхгүй, он сар балласан нь миний буруу биш тухайн газрын албан тушаалтны буруу боловч тамга тэмдэгээрээ баталгаажсан байтал үндэслэлгүйгээр хассан. Хохирогч би эцсийн эцэст шүүх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн зохих заалтуудыг шүүгдэгчид ашигтай ял завшуулахын тулд хэтэрхий нэг талыг барьж хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн тохиолдолд ялыг хөнгөрүүлэхээр заасан байдаг. Гэтэл шүүгдэгч одоог хүртэл өөрийн буруугаа хүлээн зөвшөөрөхгүй өдийг хүрсэн байхад Эрүүгийн хуулийн 3/2 гэдэг заалтыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх заалтуудыг хэрэглэх үндэслэлгүй байгаа болно. Иймд би шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж, энэхүү гомдлыг гаргаж байгаа тул зохих хуулийн дагуу эргэлзээгүй үнэн зөв бодитой шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

8. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

9. Хэргийн үйл баримтын талаар:

 

9.1. Шүүгдэгч Н.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 16-17 цагийн орчим Говь-Алтай аймгийн ............ сумын ............ багийн .............. гэх газарт морь усал гэхэд үгэнд орсонгүй гэх зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн улмаар морийг нь услахаар явсан хохирогч Ж.М-ын араас өөрийн эзэмшлийн бонго жи /bongo-ji/ маркийн машинаар мөргөж эрүүл мэндэд нь хоёр уушгины няцрал, сээрний 10, 12, бүсэлхийн 1, 2-р нугалмын их биеийн хугарал, зүүн хацарт зулгаралт бүхий хүнд хохирол учруулж алахыг завдсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудад бэхжигджээ.

 

9.2. Энэ нь хохирогч Ж.М-ын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг морио усал гэж хэлэхээр нь би морь услахаар алхаж байтал гэнэт араас машины чимээ гарахаар нь эргээд хартал Н.Ч өөрийн бонго Жи маркийн машинаараа миний цээжин хэсэг рүү мөргөх үед би хойшоо гэдрэгээ савж унаж, 2 хөл мөр дээгүүр даваад машины тэнхлэг доогуур хавчуулагдан 80 метр орчим газар түрэгдэж явах үед би ухаан алдсан байсан. Нэг сэргэхэд Н.Ч нь миний толгойны араас цохиж байснаа 2 хутга гаргаж ирээд чи нэгийг нь ав, би нэгийг нь авъя хоёулаа эр бяраа үзье гэрчгүй газар чамайг алъя гээд байсан. Би босож чадахгүй ухаан санаа орж гарч хөл дээрээ зогсож чадахгүй байтал эгч, бэргэн эгч хоёр ээжийн машинаар хүрч ирээд намайг авч явах гэхэд машинд суулгахгүй миний араас цохиж чи ёстой азтай пизда байна. Чамайг гэрчгүй газар алах байсан юм гэж хэлээд байсан. Тэгээд тэр хоёр намайг машинд оруулж ээжийн гадаа очиход араас хүрч ирээд машинаас намайг чирч буулгаад чи битгий баашлаад бай гээд зодож байсан. Би босож чадахгүй байна гэхэд өөрийнхөө гэр рүү намайг чирч оруулчхаад гэрийнхээ хананд байсан хайч бариад чамайг ална гээд дайрахад ээж боль сүлжээнд гарч цагдаа дууд гэж эгч Ж.Б-д утас өгөхөд Н.Ч өөрийнхөө 3 хүүхдээ тэвэрч аваад уйлж цагдаа битгий дуудаач гэж байгаад гэрээсээ гараад явахад нь манай эгч, бэргэн, ээж нар намайг машин руу оруулж ээж бид хоёр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирээд сэхээнд орсон байсан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 88-89-р хуудас/,

 

 9.3. Гэрч З.Н-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай хүү Ж.М аймгийн төвөөс манайд ирсэн чинь хүргэн Н.Ч миний хүү Ж.М-ыг чи энэ малаа ялгаж ав гээд байсан. Тэгээд манай хүү хонинд нь яваад ирсэн. Бид нар бүгдээрээ хоол ундаа идчихээд Н.Ч нь Ж.М-ыг чи ишиг танихгүй юм чинь аргамжаатай морь услаад ир. Бид нар малаа хөхүүлье гэж хэлээд гэрээс гарсан юм. Тэгтэл Н.Ч нь эхнэр Ж.Б чи яасан удаан ямаагаа зөөж оруулдаг юм гээд муухай муухай дуугарч гичий жингэр минь гээд орилоод байсан. Хүү Ж.М чи миний эгчийг юу гээд байгаа юм гээд түүнээс болж тэр хоёр барилцаж авахаар нь манай охин Ж.Б, бэр П.Б бид 3 салгасан юм. Би хүү Ж.М-ыг аргамжаатай морь руу яв гэж хэлсэн. Тэгээд манай хүү морь руу явган алхаад явсан юм. Би ямаа хөхүүлж байсан чинь хүргэн Н.Ч өөрийнхөө бонго Жи маркийн машиныг асааж аваад миний хүүгийн араас нь явахаар нь би хамар дээр алхаж очоод харахад миний хүүг машинаар мөргөж унагаж байхаар нь охин Ж.Б, бэр П.Б нарыг хурдан яв гэж хэлээд өөрийнхөө машинаар араас нь явуулсан чинь машинаар дайрсан байна гээд тэр хоёр уйлчихсан миний хүүг аваад ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 94-р хуудас/,

 

 9.4. Гэрч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ......... сумд Н.Ч-ын малыг төллүүлэх гээд очсон байсан. Тэгтэл 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ж.М аймгийн төвөөс очсон юм. Тэгээд 0,5 граммтай архи аваачиж өгсөн юм. Түүнээс Н.Ч 2-3 хундагыг уусан. Н.Ч айлын малнаас мал авах гээд яваад 16-17 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд мал хөхүүлэх цаг болж бид нар мал хөхүүлэх гэж байхад Н.Ч нэг шил архи уусан. Тэгээд Ж.М-ыг аргамжаатай морь услаад ир гэж хэлсэн. Ж.М машинаа цэвэрлэж машинаа янзалж байхад нь Н.Ч нь миний үгэнд орж морь усалсангүй гэж уурласан. Ж.М морь услахаар явахад Н.Ч араас нь цэнхэр өнгөтэй портер машинтай явсан. Тэгтэл хадам ээж З.Н Ж.Б бид хоёрыг араас нь яв гэж хэлсэн. Бид хоёрыг очиход Ж.М газарт хэвтсэн байдалтай. Н.Ч нь дээрээс нь барилцсан байж байсан. Ж.М нь бид хоёрт намайг машинаар дайрсан гэж орилж хэлээд газарт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97-р хуудас/,

 

9.5. Ж.М-ын Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 43-62-р хуудас/,

 

9.6. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, ахмад Т.А-ын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 143 дугаартай “1.2 Ж.М-ын биед эмнэлгийн бичиг баримтаар хоёр уушгины няцрал, сээрний 10, 12, бүсэлхийн 1, 2-р нугалмын их биеийн хугарал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Ж.М-ын биед учирсан хоёр уушгины няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Сээрний 10, 12, бүсэлхийн 1, 2-р нугалмын их биеийн хугарал гэмтэл нь тус журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн хацарт байх зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулах нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 133-134-р хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

10. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

11. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотлож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

 

12. Давж заалдах гомдлын талаар:

 

12.1. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дахин хянуулж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү  гэдэг агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна.

 

12.2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.М: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын зохих заалтуудыг хэрэглээгүй, хэрэглэвэл зохих заалтуудыг хэрэглээгүй, хэтэрхий цагаатгах талыг баримталсан, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэдэг агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна.

 

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах” гэнэ гэж хуульчилжээ.

 

14. Шүүгдэгч Н.Ч нь хохирогч Ж.М-ыг машинаар дайрч алахыг завдсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд ачааны авто машинаар хүнийг дайрах нь амь насыг нь хохироох аюултай гэдгийг мэдсээр байж шүүгдэгч Н.Ч нь хохирогч Ж.М-ыг бонго жи машинаар дайрсан санаатай үйлдлийн улмаас хохирогч Ж.М-ын эрүүл мэндэд хоёр уушгины няцрал бүхий хүнд хохирол, сээрний 10, 12, бүсэлхийн 1, 2-р нугалмын их биеийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан гэмтлүүд нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Ч нь хохирогч Ж.М-ыг машинаар дайрч алах идэвхтэй үйлдэл хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарч гэмт хэрэг төгсөөгүй, хохирогчийн бэр эгч, эгч 2 ирж машиндаа суулгаж, улмаар ээж нь эмнэлгийн байгууллагад авч ирж тусламж авснаар амь нас нь аврагдсан байна.

 

15. Хүнийг алах гэмт хэрэгт хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг. Гэрч, хохирогч нарын шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн шүүгдэгчийн үйл явдал болохоос өмнөх ба болсны дараа хохирогчид хандсан хандлага, болон таарамжгүй үл ойлголцсон харилцааны талаар өгсөн мэдүүлгүүд зэргээс дүгнэж үзэхэд шүүгдэгч нь тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцаанаас шалтгаалан санаатайгаар тээврийн хэрэгслээр хохирогчийн араас мөргөх байдлаар буюу амь насыг нь шууд хөнөөж болох аргаар дээрх гэмтлийг учруулсан тул шүүгдэгчийн үйлдлийг хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдах шинжтэй гэж үзэх үндэслэлтэй. Мөн хэрэгт тухайн тээврийн хэрэгслийн тоормозны систем ажилладаггүй гэх шинжээчийн дүгнэлт авагджээ. Уг дүгнэлт нь хэрэг учрал болсноос хойш хийгдсэн, шүүгдэгч нь ахуйн үйл ажиллагаандаа уг авто машиныг хэвийн ашиглаж байсан байх бөгөөд шинжээчийн энэ дүгнэлт нь шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг үгүйсгэх, өөрчлөх үндэслэл болохгүй юм.

Иймд шүүгдэгч Н.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алахыг завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

16. Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-ыг 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус хуульчилжээ.

 

18. Шүүгдэгч Н.Ч хорих ял оногдуулахдаа хүндрүүлэх шинжгүйгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан буюу гэмт хэргээ төгсгөж чадаагүй нөхцөл байдал, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ болох 15 жилийн гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулах, түүнчлэн гэмт хэрэг үйлдэхийг завдахад оногдуулах ял, төгс үйлдэгдсэн гэмт хэрэгт нь оногдуулах ялаас ямагт бага байх зарчмыг баримталж хорих ялыг оногдуулсан нь үндэслэлтэй.

 

19. Мөн шүүх 4,137,883 төгрөгийн хохирлын нэхэмжлэлээс 1,490,400 төгрөгийн баримтууд давхардсан, он, сарыг нь балласан тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, үлдсэн 2,647,483 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ж.М-д олгохоор, мөн хохирогчид учирсан гэмтлийг эмчлэхтэй холбогдож Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 6,598,150 төгрөгийг шүүгдэгч Н.Ч-аас гаргуулахаар шийдвэрлэхэд шүүгдэгч Н.Ч нь гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,650,000 төгрөгийг хохирогч Ж.М-д, 6,598,150 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус төлжээ.

 

20. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана...” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална...” гэж тус тус хуульчилжээ.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоох шинжээчийн дүгнэлт хийгдээгүй, нөхөн төлбөрийн хэмжээг шүүх хуралдаанаар тогтоох боломжгүйгээс хохирогчийн нэхэмжилсэн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 25,300,000 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой зардлын хамтаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч нь одоогоор шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, цаашид шаардлагатай тохиолдолд хохирол нэхэмжилнэ гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан болно.

 

21. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ж.М, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Ч-ын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш буюу 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш цагдан хоригдсон хугацааны нэг хоногийг нь хорих ялын нэг хоногоор тооцож, нийт цагдан хоригдсон 71 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б

           ШҮҮГЧИД                             Ч.Э

                                                                      Ц.О