| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0009/З |
| Дугаар | 128/ШШ2025/0343 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2025/0343
2025 05 12 128/ШШ2025/0343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А*******” ХХК /РД:4*******/,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Ч*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.У*******,
Хариуцагч: Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Х нарын хоорондын Хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 228 болон 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1352 дугаар албан бичгүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, ХАГ/2021001 гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, уг гэрээг үргэлжлүүлэн алдагдсан цаг хугацааг нөхөж, ажиллуулахыг даалгахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нэхэмжлэгч “А*******” ХХК, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хооронд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Иргэний хуулийн 476-482 зүйл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/260 дугаар тушаалыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн Будда бурхны суурийн музейн барилгыг засах ашиглалтад оруулах, цэцэрлэгт хүрээлэнгийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор “Хамтран ажиллах” ХАГ/2021001 дугаар гэрээг, мөн дээрх хууль болон тушаал, Хамгаалалтын захиргааны даргын 2021 оны 04 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн шийдвэр, зөвлөмжийг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын З******* чиглэлийн явган аялагчдад зориулсан авто зогсоол, ариун цэврийн байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор “Хамтран ажиллах” ХАГ/2021002 дугаар гэрээг тус тус 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай байгуулжээ.
1.2. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 228 дугаар албан бичгээр ...гэрээний 9.2, 9.4 дэх заалтыг үндэслэн ХАГ/2021001, ХАГ/2021002 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн цуцалж, цаашид холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа явуулахаар болсныг мэдэгдсэн бол, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/1352 дугаар албан бичгээр “ХАГ/2021001, ХАГ/2021002 дугаар гэрээг хоёр талын зөвшилцсөнөөр цуцлахаар тохиролцсон...” гэж мэдэгджээ.
1.3. Нэхэмжлэгчээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1352 тоот мэдэгдэл нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2025/0043 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн, улмаар 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “...Будда бурхны суурийн музейн барилгыг засах барилгын ажил болон авто зогсоолын засвар, тоног төхөөрөмжийн зардалд зарцуулсан 144,899,847 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бол,
1.4. 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа хамгийн сүүлийн байдлаар тодруулахдаа: “...2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ХАГ/2021001 болон ХАГ/2021002 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус цуцлах тухай 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 228 тоот болон 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1352 тоот шийдвэрүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, ХАГ/2021001 гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, уг гэрээг үргэлжлүүлэн алдагдсан цаг хугацааг нөхөж, ажиллуулахыг даалгах” гэжээ.
Хоёр. Нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“....Хариуцагчийн 2023.11.15-ны өдрийн 01/1352 тоот мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Энэхүү мэдэгдлийг гаргахдаа хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан үйл ажиллагааны зарчмыг баримтлаагүй, үндэслэл бүхий байгаагүй. Бид Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д зааснаар оролцогч мөн бөгөөд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах болсон тухайгаа урьдчилан мэдэгдээгүй, бидний оролцоог хангаагүй. Эрх бүхий байгууллагаас удаа дараа хяналт шалгалт явагдаж дүгнэлт, зөвлөмж гаргасан тухайгаа мэдэгдээгүй, тэдгээр хяналт шалгалтын дүгнэлтэд тайлбар өгөх, няцаалт хийх боломжийг хязгаарлаж хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй. Захиргааны байгууллагын мэдэгдэх үүрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-р зохицуулагдсан. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй, мөн хуулийн 28 дугаар зүйлд заасан тохиолдол бүрдээгүй учраас биднийг сонсох үүрэгтэй байсан. Мөн бичгээр гаргасан дээрх шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан шаардлагыг хангаагүй. Илт хууль бус 01/1352 тоот захиргааны актын улмаас нэхэмжлэгчид ΧΑΓ/2021001 тоот гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалт болох 144,899,847 төгрөгийн бодит хохирол учирсан. Ковидын үе таарч хатуу хөл хорионы үед бид огт үйл ажиллагаа явуулаагүй. Орлого олох боломж хязгаарлагдмал байсан. Гэрээг цуцалж байгаа шийдвэр нь олох байсан орлого, оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж авах боломжгүйд хүргэж санхүүгийн алдагдал хүлээгээд байгаа. Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээ нь урт хугацааны гэрээ байсан ба 5 жилийн хугацаанд оруулсан хөрөнгөө нөхөж олж аваад, дараа нь цэвэр ашиг олох байтал энэ боломжийг бүхэлд нь хязгаарласан. Өнөөдөр бид оруулсан хөрөнгө оруулалтаараа хохирч хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон бүтээн байгуулалт нь захиргааны байгууллагад үлдээд байгаа...” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 228 дугаартай мэдэгдлийг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газраас 2022 онд Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хийсэн хяналт шалгалтаар Төрийн өмчийн тухай хууль болон 2010 оны тогтоолд өөрчлөлт оруулах тухай 145 дугаар тогтоолд заасны дагуу Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, Зайсан дугуй цагаан чиглэлийн явган аялагчдад зориулсан авто зогсоол, ариун цэврийн байгууламж нь төрийн өмч мөн гэж дурджээ. Нэхэмжлэгчээс төрийн өмч эсэх талаар маргаагүй, төрийн өмчийг гэрээний үндсэн дээр эзэмшиж, засаж сайжруулж, үйл ажиллагаа явуулах талаарх харилцан тохиролцож гэрээ байгуулсан.
Богдхан уулын хамгаалалтын хамгаалалтын захиргааны дарга болон гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсэг нь бусдад давуу байдал олгосон нь Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан хориглох зүйлд хамаардаг гэсэн нь “А*******” ХХК-д давуу байдал олгосон тухай зүйл байхгүй, хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас явуулсан баримт бичиг нь дотоод аудитын зорилго нь ойлгомжтой үйл ажиллагаанд дүгнэлт хийсэн байсан. Шалгалтаар илэрсэн асуудлын 7 дахь хэсэгт төсвийн орлого төвлөрүүлэх боломжийг тасалдуулсан, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн нь бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Хүрээлэнгийн завсар үйлчилгээ, харуул хамгаалалтыг мэргэжлийн байгууллагад эсхүл төрийн өмчит үйлдвэрийн газарт хариуцуулах боломжтой, Авлигатай тэмцэх газарт шалгуулах саналтай гэж дурдсан хэдий ч Авлигатай тэмцэх газарт шалгуулсан зүйл байхгүй, Авлигын эсрэг хуулийн 7.1.3 дахь заалтыг баримталж буй нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Үндэсний Аудитын газраас 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалтаар төрийн өмчийн эд хөрөнгийг “А*******” ХХК-д хариуцуулж ажиллуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг арилгахыг үүрэг болгосон гэж дурдсан. Өмнөх шүүх хуралд дурдсан нотлох баримтыг харахад “А*******” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах тухай зүйл байхгүй, гагцхүү төсвийг бүрдүүлээгүй, хариуцлагагүй байна гэж дурдсан. Үндэсний аудитын газраас гэрээг шууд цуцлах тухай заалт байхгүй. Тусгай хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулж хамтран ажиллаж буй олон байгууллага байгаа хэдий ч “А*******” ХХК-д гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн нь баримтаар тогтоогддог. Үүнээс харахад, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байна.
Мөн 2024 болон 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ыг бодлогоор дэмжих хүрээнд З******* чиглэлийн явган аялагчдад зориулсан зогсоол, ариун цэврийн өрөө гэх мэт газруудыг энэ төвд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ төвтэй байгуулсан менежментийн гэрээ цуцлах тухай мэдэгдэлд хавсаргагдаагүй. Гагцхүү 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн тоотод энэ газар нь төрийн өмч бөгөөд 2015-2020 онд Аялал жуулчлалын үндэсний төвд 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, ашиглуулж байсан ч хадгалалт, хамгаалалтад хариуцлагагүй хандсан гэж дурдсан, ийнхүү хариуцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Мөн гэрээний 9.2 болон 9.4-т заасныг удирдлага болгосон нь буруу шийдвэр юм. Нэхэмжлэгчээс үргэлжлүүлж ажиллах хүсэлт өгсөн хэдий ч цуцлахаар тохиролцсон гэсэн хариуг өгсөн. Мөн нэхэмжлэгээс оруулсан хөрөнгө оруулалтын буцааж өгөх тухай хүсэлт гаргасан хэдий ч тус газраас зардлаа нөхсөн, ашигтай ажилласан тухай хариу хүргүүлсэн хэдий ч энэ талаар баримт байхгүй. Хариуцагч хариу тайлбартаа бусад байгууллагын албан бичгийг үндэслэсэн хэдий ч өөр нотлох баримт байхгүй. Хариуцагчаас татгалзаж буй үндэслэлгүй юм.
2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас менежментийн гэрээ байгуулах эрхийг олгосон. 2024 оны 05 дугаар сарын 21-нд хариуцагчаас ажлын хэсэг байгуулсан тушаал гаргасан. Тушаалын 2 дахь заалтад 2023 оны 06 сарын 07-ны дотор тендер зарлаж, байгууллагуудад мэдээлэл хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “На*******” ТББ-д шалгарсан тухай албан бичиг явуулсан. Тендер хэзээ зарлаж, яаж явуулсан нь тодорхойгүй байтал ингэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлага тодруулсантай холбогдуулан давуу байдлыг ямар нэгэн компанид олгосон эсэхэд хариуцагч байгууллагаас тайлбар хэлнэ үү гэж хүсэж байна.
Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд санхүүгийн асуудал яригдсан учир 2 нэхэмжлэлийн үндэслэл гаргасан. Мөн 2022 оны ашиглалт, хамгаалалт захиран зарцуулалтад хийсэн шалгалтын тайлангийн 47 дугаар хуудаст нэхэмжлэгчтэй холбоотой ямар нэгэн зөрчил бичигдээгүй, цаашид авах хэмжээнд байхгүй. Гагцхүү дахин тендер явуулах тухай дурдсан байсан. Гэтэл нэхэмжлэгч байгууллагад мэдэгдэж байгаагүй, нэг ч байгууллагад тендер ирүүлээгүй байтал өөр компанийг шалгаруулсан. Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлснээс хойш буюу 12 дугаар сард нь тус компани шалгарсан мэдэгдэл гаргасан байдаг. Он цагийг анхаараасай гэж шүүхээс хүсэж байна.
Үндсэндээ хариуцагч байгууллагын 228 болон 01/1352 тоот илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий албан бичгүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1-т зааснаар акт мөн үзэж байна. Гагцхүү илт хууль бус захиргааны акт гэж үзсэн. “А*******” ХХК-ийн эрх ашиг яаж хөндөгдөж байгаа вэ гэхээр тус компани нь 2021 оны 01 сарын 10-ний өдөр гэрээг 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх эрхийг төрийн захиргааны байгууллагаас олгосон энэхүү эрхийг зөрчиж байна. Тус газрыг эзэмших, ашиглах, үйл ажиллагаа явуулах эрхийг олгосон байтал тус эрхийг зөрчиж өөр байгууллагад олгосон. Нотлох баримтаар авагдсан аудитын газрын хяналт шалгалтын тайлан нь бодит байдалд нийцээгүй, үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн Үндэсний Аудитын газраас зөрчил гэж яригдсан боловч үндсэндээ хариуцагч байгууллагын дотоод үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч байгууллага хохирсон. Эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй нөхцөл байдалтай байна. Учир нь тус албан бичгийг үндэслэн хэзээд нэхэмжлэгчийн авто машины зогсоолын үйл ажиллагааг зогсоож магадгүй нөхцөл байдалд байна. Хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь судалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “... “А*******” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн тухайд ХАГ/2021001 дугаартай гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4 дэх хэсэгт заасан заалт нь үндэслэл бүхий болно. Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны Дотоод аудитын газраас 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хийгдсэн аудитаар “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга болон гүйцэтгэгч сонгох ажлын хэсэг нь бусдад давуу байдал олгосон ба Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заасан заалтаар хориглох хориглох зүйлд хамаардаг" гэж дүгнэсний дагуу хамгаалалтын захиргаанаас 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 228 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн. Иймд 228 болон 01/152 дугаартай албан бичиг нь ХАГ/2021001 дугаартай гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4 дэх хэсэгт заасны дагуу гарсан тул илт хууль бус захиргааны акт биш болно.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 771 дугаартай тогтоолын 2.4 дэх хэсэгт Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн газрын авто зам, зогсоолын талбайд төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхлэгчийг зохих хууль тогтоомжийн хүрээнд дахин сонгон шалгаруулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн "Менежментийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” А/179 дугаартай тушаалын дагуу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр захиргааны даргын А/24 дугаартай тушаалаар ажлын хэсэг байгуулан 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр сонгон шалгаруулалт зарласан. Уг сонгон шалгаруулалтаар "Н” НҮТББ сонгогдон 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хамтран ажиллах Х3-19 дугаартай гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан тул ХАГ/2021001 дугаартай гэрээний үүргийн биелэлтийг үргэлжлүүлэн хангуулах боломжгүй болно.
Иймд “А*******" ХХК-аас гаргасан "2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ХАГ/2021001 болон ХАГ/2021002 дугаартай хамтран ажиллах гэрээг тус тус цуцлах тухай 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 228 дугаар болон 01/1352 дугаартай шийдвэрүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дах заалтад заасныг баримтлан хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, ХАГ/2021001 дугаартай гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, уг гэрээг үргэлжлүүлэн алдагдсан цаг хугацааг нөхөж ажиллуулахыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...”А*******” ХХК-тай ХАГ/2021001 болон ХАГ/2021002 дугаартай маргаан бүхий гэрээг байгуулсан. Гэрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дотоод аудитын газар болон Үндэсний аудитын газраас 2022 онд хийгдсэн хяналт шалгалтаар Богдхан уулын дархан цаазат газрын төрийн өмчийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр анх сонгон шалгаруулалт хийгдээгүй гэж дүгнэсэн. 2022 оны Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хяналт шалгалтаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлд Засгийн газрын байгаль орчныг хамгаалах талаар төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр байгаль орчныг хамгаалах дүрмийн зорилго бүхий төрийн бус байгууллага эсхүл нутгийн иргэдийн сайн дурын үндсэн дээр нэгдсэн байгууллагад эрхийг шилжүүлж, түүний хэрэгжилтийг санхүүжүүлж болно гэж заасныг мөн аялал жуулчлалын тухайн үеийн биелэлтийг орлого төвлөрүүлэх боломжийг тасалдуулсан, боломжоор хангаж ажиллаагүй үндэслэлтэй албан бичиг ирүүлсэн. Мөн гүйцэтгэгч сонгон шалгаруулах зарыг нийтэд зарласан хугацаа материал хүлээн авах, ирүүлэх хаяг байршил, сонгон шалгаруулалтыг нээх, дүгнэх аргачлал, оролцогчдын ирүүлсэн материал нь байхгүй тул “А*******” ХХК-тай байгуулсан гэрээ нь бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж аудитын шалгалтаар илэрсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр төр хувийн хэвшлийн түншлэлийн болон түрээсийн гэрээгээр мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ нь энэ заалттай нийцэхгүй, сонгон шалгаруулалт зарлаагүй юм. “На*******” ТББ-ийн тухайд сонгон шалгаруулалт зарлаж, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн 1 хүсэлт ирүүлсэн. Авлигатай тэмцэх газраас “А*******” ХХК-ийн тухайд ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэсэн албан бичиг ирүүлсэн бол энэ компанийн тухайд ашиг сонирхлын зөрчилгүй тухай албан бичигт дурдагдсан байдаг.
Тухайн үед Үндэсний аудитын газраас дүгнэлт гаргасан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шалгалт оруулж, авах арга хэмжээний жагсаалтад дурдагдсан байдаг. Бодит нөхцөл байдалд тус байгууллагатай холбоотой сонгон шалгаруулалт явуулсан зүйл тогтоогдоогүй. Төрийн өмчийн тухай хууль болон орон нутгийн өмчийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Аялал жуулчлалын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж үзэж байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2. “А*******” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан гэрээнд:
2.1. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ХАГ/2021002 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах, энэ хүрээнд цэцэрлэгт хүрээлэнг зориулалтын дагуу олон нийтэд нээлттэй ажиллуулах, Будда бурхны суурийн музейн барилыг засварлах, үзмэрийг байрлуулан олон нийтэд хүргэх,
2.2. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ХАГ/2021001 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар З******* чиглэлийн аялагчдад зориулсан 265 автомашины зогсоол, ариун цэврийн байгууламжийг зориулалтын дагуу ашиглаж, хамгаалалт, ашиглалт, урсгал засварыг бүрэн хариуцах, энэ ажлын хүрээнд үйл ажиллагаа эхлэхээс өмнө одоогийн нөхцөлийг сайжруулан авто зогсоолын далангийн эко хавтангийн эвдэрсэн хэсгийг засварлах, зогсоолын хаалт байрлуулах, үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах засварын ажлыг гүйцэтгэхээр, түүнчлэн ариун цэврийн байгууламжийн үйл ажиллагааг бүрэн хариуцах, энэ ажлын хүрээнд кофе шопын үйл ажиллагааг хариуцан явуулах бөгөөд үйл ажиллагаа эхлэхээс өмнө гүний худагт хамгаалалт хийж, ариун цэврийн байгууламж руу ордог хэсгийн шат болон тавцанд стандарт шаардлагад нийцсэн хашлага хийж үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах зэрэг эрх, үүргийг хэрэгжүүлэхээр заажээ.
3. Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 228 болон 01/1352 дугаар албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд.
3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам /тухайн үеийн нэршлээр/-ны дотоод аудитын нэгж болох Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2021 оноос 2022 оны эхний хагас жилийг хамруулан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд төлөвлөгөөт дотоод аудитыг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний хооронд газрын дарга Т.Г*******аар ахлуулан хийж гүйцэтгэснээр “1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Аялал жуулчлалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8, 16.2-т заасныг болон Засгийн газрын 2010 оны "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 146 дугаар тогтоолд заасан "...цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа, үйлчилгээ болон харуул хамгаалалтын асуудлыг мэргэжлийн байгууллагад хариуцуулахыг...” гэж заасны дагуу Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ эсхүл мэргэжлийн байгууллагаар нь хариуцуулан ажиллуулах боломжтой бөгөөд үндсэн бус үйл ажиллагааны орлого бүрдүүлэх боломжийг тасалдуулж байна. 2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.“Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ”, 4.2.2.“Төрийн нийтийн зориулалттай өмчид дараах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хамаарна”, Засгийн газрын 2005 оны 252 дугаар, Засгийн газрын 2010 оны 146 дугаар тогтоолд заасны дагуу Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, З******* чиглэлийн явган аялагчдад зориулсан авто зогсоол, ариун цэврийн байгууламж нь төрийн өмч юм. Иймд төрийн өмчийг бусдад түрээслүүлж орлого олох боломжтой байхад салбарын удирдлага, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь орлого төвлөрүүлэх боломжоор хангаж ажиллаагүй байна. 3. Гүйцэтгэгч сонгон шалгаруулалтын зарыг нийтэд зарласан хугацаа, материал хүлээн авах хугацаа, материал ирүүлэх хаяг, байршил, бүрдүүлэх материал, тавигдах шаардлага, сонгон шалгаруулалт нээх хугацаа, дүгнэх аргачлал, оролцогчдын ирүүлсэн материал зэрэг нь тодорхойгүй, нотлогдох баримт бичиггүй байхад “А*******” ХХК-ийг шалгаруулсан нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга болон гүйцэтгэгч сонгох ажлын хэсэг нь бусдад давуу байдал олгосон байж болзошгүй байна. Энэ нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан хориглох зүйлд хамаардаг...” хэмээн дүгнэж, улмаар холбогдох саналыг гаргаж хүргүүлсэн, энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан.
3.2. Үндэсний аудитын газрын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Санхүүгийн тайланд аудит хийх тухай” 10/1678 дугаар албан бичгээр төсвийн шууд захирагчийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийх аудитын ажил эхэлж байгааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд мэдэгдэн хүргүүлснээр СНАГ-2023/01/НА-СТА-ТШЗ кодтой санхүүгийн аудитын тайлан бүхий 202 хуудастай материалыг Үндсэний аудитын газрын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 07/1889 дугаар албан бичгээр нотлох баримтын шаардлага хангуулсан ирүүлсэн.
4. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаас “А*******” ХХК-тай байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ХАГ/2021002 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулагдсаныг дурдаад Засгийн газрын 284 дүгээр тогтоолоор “Монголд зочлох жил”-ийг зарласантай холбоотойгоор З******* чиглэлийн авто зогсоол ариун цэврийн байгууламж бүхий газрыг “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ-т шилжүүлэн менежментийг хариуцуулахыг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний 10/262 дугаар албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хаяглан хүргүүлсэн.
5. Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 228 дугаар албан бичгээр “...гэрээний 9.2, 9.4 дэх заалтыг үндэслэн ХАГ/2021001, ХАГ/2021002 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн цуцалж, цаашид холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа явуулахаар болсныг мэдэгдсэн” ба,
6. Улмаар хариуцагчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/1352 дугаар албан бичгээр “энэхүү Үндэслэх хэсгийн 3.1, 3.2-д дурдсан шалгалтын дүгнэлт болон 4-д дурдсан Засгийн газрын 2022 оны 264 дүгээр тогтоолоор “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам шийдвэр гаргасныг мэдэгдээд, хамтран ажиллах ХАГ/2021001 болон ХАГ/2021002 дугаартай хоёр гэрээг хоёр талын зөвшилцсөнөөр цуцлахаар тохиролцсон гээд хөрөнгө оруулалтын зардлыг өгөх боломжгүй” гэжээ.
7. Энэхүү албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр маргасныг шүүх үндэслэлгүй гэж үзэв.
8. Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг заасны дотор 7/ “байгаль орчны салбарт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд зааснаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих”, 32 дугаар зүйлийн 32.2. “Засгийн газар байгаль орчныг хамгаалах талаарх төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр байгаль орчныг хамгаалах дүрмийн зорилго бүхий төрийн бус байгууллагад эсхүл ... шилжүүлж, түүний хэрэгжилтийг санхүүжүүлж болно”, Аялал жуулчлалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.“Монгол Улс тодорхой газар нутгийг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор орон зайн зохистой төлөвлөлтийг бий болгосон аялал жуулчлалын бүстэй байна”, 16.5. “Улсын аялал жуулчлалын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа, газар ашиглалтад холбогдох техникийн зохицуулалт, стандартыг мөрдөх бөгөөд түүнд нийцсэн менежментийн төлөвлөгөөтэй байна”, 16.6. “Энэ хуулийн 16.5-д заасан менежментийн төлөвлөгөө, бүсийн аялал жуулчлалын маршрутыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална”, 16.12. “Аялал жуулчлалын бүсийн менежментийг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг гэрээний үндсэн дээр хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно”, 21 дүгээр зүйлийн 21.1.4.“аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих” гэж зааснаар тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өөрийн харьяа нэгж болох Хамгаалалтын захиргаанд эрх олгосны үндсэн дээр хувийн аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээнд хяналт тавьж түүний үр дагавраар шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг даалгасан, нөгөө талаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1/ “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах”, 6/ “...иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран тохижуулах”, 11/ “тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтийг хангах” үйл ажиллагааг Хамгаалалтын захиргаа хэрэгжүүлэхээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд мэдэгдэж шаардсан нь хууль зөрчөөгүй, илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж буй албан бичгүүдийг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхгүй.
9. Одоо бодит байдал дээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь хамтран ажиллах талаарх 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ХАГ/2021001 дугаар гэрээний дагуу З******* чиглэлийн аялагчдад зориулсан 265 автомашины зогсоолыг хариуцан ажиллуулж байгаа гэх ба “илт хууль бус болохыг тогтоолгохгүй бол хэзээ ч хамаагүй гэрээг цуцалж болзошгүй” гэж тайлбарлан маргасныг хүлээн авах боломжгүй байна.
10. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэх үндэслэлтэй.
11. Даалгах шаардлагын тухайд.
11.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн талаар авах арга хэмжээний тухай” А/89 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Зайсангийн аманд байрлах Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг Буддын шашны соёлын үнэт өв болгон хөгжүүлэх, сүсэгтэн олонд шашны соёлыг түгээх аялал жуулчлалын цогцолбор төв болгох зорилгоор “Нар *******” ТББ-д хариуцуулж, ашиглалт хамгаалалт, арчилгаа цэвэрлэгээ үйлчилгээ хийлгэхээр менежментийн гэрээ байгуулж ажиллахыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд үүрэг болгосон.
11.2. Энэ тушаал нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Менежментийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” А/179 дүгээр тушаалаар хүчингүй болсон ба, агуулга нь “тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаануудын менежментийг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хамгааллын арга хэмжээг нэмэгдүүлэх зэргээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, ялагч болсон этгээдэд тухайн газрыг хариуцуулж хамгаалалт, арчилгаа, цэвэрлэгээ үйлчилгээ хийлгэхээр менежментийн гэрээ байгуулж хамтран ажиллахыг хамгаалалтын захиргаануудын дарга нарт зөвшөөрсөн” байна.
11.3. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2243 дугаар албан бичгээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3шалгалтын мөрөөр авах зарим арга хэмжээний тухай” 771 дүгээр тогтоол, хавсралтын хамт, мөн өдрийн хуралдааны 36 дугаар хуралдааны тэмдэглэл зэргийг нотлох баримтын шаардлага хангуулан 26 хуудас баримт ирүүлсэн ба уг тогтоолын 2.3-д төрийн эзэмшлийн газар болох Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшил газарт байрлах зөвшөөрөлгүй хоёр ширхэг барилгыг нүүлгэн шилжүүлэх, төрийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх арга хэмжээ авах, 2.4-д Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн газрын авто зам, зогсоолын талбайд төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхлэгчийг зохих хууль тогтоомжийн хүрээнд дахин сонгон шалгаруулах зэргээр зааж, тогтоолын хавсралтад авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг гаргахдаа
12. Иймд гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэж, илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардсан албан бичгүүдийн үр дагаврыг шийдвэрлүүлж, ХАГ/2021001 гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, уг гэрээг үргэлжлүүлэн алдагдсан цаг хугацааг нөхөж, ажиллуулахыг даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
13. Нэхэмжлэгч нь хариуцагч захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байсан үйл ажиллагааг өөр нэгэн гуравдагч этгээдийг сонгон шалгаруулж түүнтэй гэрээ байгуулсан үйл баримттай маргаагүй болохыг дурдаад, нэхэмжлэгчийн “даалгах” шаардлагаар гуравдагч этгээдийг татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, тодруулбал, нэхэмжлэгчийн “даалгах” шаардлагын улмаас хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр мөн зөрчигдөж болзошгүй тийм нөхцөл байдал байхгүй гэж дүгнэн гуравдагч этгээдийг оролцуулах талаар шийдвэр гаргаагүйг тэмдэглэж байна.
14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, 11-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А*******” ХХК-аас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргасан “2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ХАГ/2021001 болон ХАГ/2021002 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус цуцлах тухай 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 228 тоот болон 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1352 тоот шийдвэрүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, ХАГ/2021001 гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, уг гэрээг үргэлжлүүлэн алдагдсан цаг хугацааг нөхөж, ажиллуулахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН