Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/01162

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2021/01180 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “С” ХХК-ийн хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 11 414 940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөс өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь Б.Бтэй 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж барилгын ажилд шаардлагатай 74 ширхэг эд материалыг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 20 хоногийн хугацаатай түрээсэлж, түрээсийн төлбөрт 325 600 төгрөг, барьцаа 300 000 төгрөг, нийт 625 600 төгрөгийг төлсөн. Бараа материалыг үргэлжлүүлэн түрээслэхээр тохиролцсоны дагуу 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх тооцоогоор нийт 74 ширхэг бараа материалыг 297 хоногийн хугацаанд түрээсийн нийт төлбөр 5 160 760 төгрөг, дутаасан 74 ширхэг барааны нийт үнэ 3 028 000 төгрөгийг нэмж, нийт 8 188 760 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 325 600 төгрөг, мөн барьцаа болох 300 000 төгрөгийг нийт                      625 600 төгрөгийг хасаад 7 563 160 төгрөгийг өр төлбөртэй байна. Түрээсийн алдангийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх 297 хоногийн хугацаанд хоногийн 0,5 хувиар тооцож үзэхэд 11 231 293 төгрөгийн алданги гарч байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 7 563 160 төгрөгийн 50 хувиар тооцож алданги 3 781 580 төгрөгийг нэмж, нийт 11 344 740 төгрөгийг Б.Бгээс нэхэмжилж байна. Иймд Б.Бгээс түрээсийн үлдэгдэл болон дутаасан барааны төлбөрт 7 563 160 төгрөг, алданги 3 781 580 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал болох 70 200 төгрөг нийт 11 414 940 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Б.Б нь “С” ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан барилгын эд материал түрээсэлсэн. Уг гэрээг “Хар-Үжин” ХХК-ийн өмнөөс байгуулахаар очиход “С” ХХК-ийн талаас компанитай гэрээ хийхгүй гэсэн учраас аргагүй эрхэнд гэрээ байгуулсан. Барилгын эд материалыг түрээсэлсэн гол зорилго нь “Хар-Үжин” ХХК-ийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 200 хүүхдийн ортой улсын цэцэрлэг барих барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр гэрээ хэлэлцээр хийн цэцэрлэгийн барилгын ажилд суурийн цутгалтын ажил гүйцэтгэхээр болсон. 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу тээвэрлэлт хийн ажил эхэлсэн. Гэвч 2019 оны 7 дугаар сард барилгын ажил эхлээд удаагүй, барилгын цутгалтын ажил явагдаж байхад арматурын туслах ажилтан хөл дээрээ арматур төмөр унагаан бэртсэний улмаас Сүхбаатар аймгийн Цагдаагийн болон Мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг зогсоож, 2019 оны 10 дугаар сарын дунд үеэс барилгын ажил дахин эхэлсэн. Гэтэл барилгын ажил хийгдэх технологийн улирал дуусан 11 сар болж 2020 оны 3 дугаар сарыг хүртэл хүйтний улирлын шинж чанартайгаар ажил зогссон. Эрдэнэцагаан сумын цэцэрлэгийн ажил эхлэх хугацаанаас өмнө буюу 2020 оны 02 дугаар сард ковид цар тахлын улмаас барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Барилгын ажилд шаардагдах 74 ширхэг эд материал нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хүлээн авсан тоо ширхэгийн дагуу ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байгаа учраас нэхэмжлэгч талд буцаан өгөх хүсэлтэй байна. Давагдашгүй олон хүчин зүйлсээс шалтгаалан барилгын ажил явагдаагүй, мөн “Хар-Үжин” ХХК-аас гэрээний төлбөрөө авч чадаагүй байх тул төлбөр төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжилсэн үнийн дүн болох 11 344 740 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан Б.Бгээс 5 310 060 төгрөгийг гаргуулан “С” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6 104 880 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201 000 төгрөгөөс 197 589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3 411 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 99 911 төгрөгийг хариуцагч Б.Бгээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Монгол Улсын Засгийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 13 -ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ хугацаанд бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, хаасан шийдвэр биш гэж үзэж байна. Иймд түрээсийн төлбөр алдангийн тооцоог 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар бодож тооцсон нь үндэслэлгүй харин 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн түрээсийн төлбөрийн дүнг 3 493 240 төгрөг болгож багасгаж тооцсон учраас алданги энэ дүнгийн 50 хувиар тооцож 1 746 620 төгрөг гэж тооцсон нь нэхэмжилсэн алданги 3 781 580 төгрөгнөөс 2 034 960 төгрөгийн алданги хасч шийдвэрлэсэн нь үнэдсэлэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч “С” ХХК нь стандарт нөхцөл бүхий гэрээг нөгөө талд санал болгохдоо гэрээний 3.8 болон 4.1-д “гэрээний хугацаа дуусмагц эд хөрөнгийг баримтаар хүлээлгэж өгнө. Эд хөрөнгийг дутагдуулсан бол хоёр дахин нэмэгдүүлсэн үнээр төлж, хохирлыг барагдуулна" гэх нөхцөлийг санал болгож, эд зүйлийг шаардан авах бус шууд хохирлыг шаардан авахаар гэрээ байгуулсан. Улмаар энэ үндэслэлээр эд зүйлийг бус үнийг нэхэмжилсэн байна. Шүүхээс “С” ХХК-ийн түрээсийн гэрээний 3.8 болон 4.1-д заасан нөхцөлийг бичиж, эд зүйлийг шаардан авах бус шууд хохирлыг шаардан авахаар гэрээ байгуулсан гэж үзсэн нь дээрх гэрээний заалт бүрийг үнэлж үзээгүй. Тухайлбал дээрх гэрээний 2.5, 3.7, 3.8-д заалтын дагуу Б.Б нь түрээсийн 74 ширхэг бараа материалыг буцааж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул 74 ширхэг барааны үнэ болох 3 028 000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Харин 74 ширхэг бараа, материалыг нэг бүрийн үнээр нэхэмжилсэн, үнийг 2 дахин нэмэгдүүлж нэхэмжлээгүй, 74 ширхэг бараа материалыг буцааж өгөөгүйгээс дараагийн түрээслэгчид түрээслүүлж олох байсан ашиг буюу хохирол тооцоогүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан “... нэхэмжлэлээс                    6 104 880 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгуулж “С” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага болох 11 344 740 төгрөгийг бүхэлд нь хангуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигч хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан түрээсийн төлбөр 4 535 160 төгрөг, түрээслүүлсэн эд хөрөнгийн үнэ 3 028 000 төгрөг, алданги                          3 781 580 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гаргасан зардал 70 200 төгрөг, нийт 11 414 940 төгрөг гаргуулах нэхэмжлснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Талууд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Түрээсийн гэрээгээр барилгын ажилд хэрэглэгдэх 74 нэр төрлийн эд хөрөнгө / 20х20 хэмжээтэй 12 ширхэг дотор булан, 30х1200 хэмжээтэй 42 ширхэг хэв хашмал, 45х1200 хэмжээтэй 20 ширхэг хэв хашмал/-ийг 20 хоногийн хугацаанд хариуцагч Б.Бгийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч Б.Б нь 20 хоног эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар ашигласны төлбөрт 325 600 төгрөгийг нэхэмжлэгч С ХХК-д төлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 45 дугаар тал/

            Иймд анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчээс 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэрээний зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгч, хариуцагчаас түрээсийн төлбөр 325 600 төгрөг, барьцаа 300 000 төгрөг, нийт 625 600 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдлын үндэслэлээ “түрээсийн төлбөрийг  2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцох ёстой” гэх агуулгаар тайлбарлажээ. Анхан шатны шүүхээс Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай тогтоолоор 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн, гэрээний зүйл болох эд хөрөнгийг талууд хөдөө орон нутагт барилгын ажил гүйцэтгэх зорилгоор түрээсэлсэн гэх үндэслэлээр түрээсийн төлбөрийг гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш буюу 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 233 хоногоор тооцож, үүнээс хариуцагчийн урьдчилгаанд төлсөн 300 000 төгрөгийг хасч, түрээсийн төлбөрт 3 493 240 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй талаар дүгнэсэн нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дах хэсэгт нийцсэн бөгөөд үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. 

 

Мөн хариуцагч хаягтаа байгаагүйгээс нэхэмжлэгч нь түүнийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт “түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй” гэжээ. Нэхэмжлэгчээс түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд түрээсийн эд хөрөнгийн үнэ 3 781 580 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. Анхан шатны шүүхээс түрээсийн эд зүйл устсан эсхүл гэмтсэн эсэх, эд хөрөнгийг биет байдлаар буцааж өгөх боломжгүй болсон гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн гэрээний үнэ 3 781 580 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

            Энэ шүүхийн шийдвэр нь эд зүйлийг биет байдлаар нэхэмжлэх, эсвэл үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бодитоор бий болсон бол түүний үнийг төлүүлэх нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахгүй.

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 2.2, 3.5-д “...хугацаа хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө”, 4.2-т “түрээсийн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд тооцож алданги төлнө” гэж харилцан тохиролцсон байх ба хариуцагч дээрх гэрээнд заасан төлбөрийг нэхэмжлэгчид урьдчилан төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Дээрх гэрээний хугацааг талууд сунгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх анхан шатны шүүхээс хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт зааснаар 1 746 620 төгрөгийн алданги тооцож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх боловч энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан талуудын зарчмын дагуу шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2021/01180 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ..................      .........Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                   ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                  С.ЭНХТӨР