| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0194/Э |
| Дугаар | 219 |
| Огноо | 2018-03-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.2.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч О.Багшбаяр,
Шүүгдэгч Х.Ч, түүний хууль ёсны төлөөлөгч З.Лангаа, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдсон Б овогт Х.Чт холбогдох 1706029870085 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 нас 4 сартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 84-1020 тоотод оршин суудаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Х.Ч (РД:УЦ01311657),
нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хавдар судлалын эмнэлгийн туяа эмчилгээний тасгийн өрөөнд нууцаар нэвтэрч, иргэн П.Алтантуяагийн 390.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг си 5 загварын гар утсыг хууль бусаар авсан,
2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бест” үйлчилгээний төвийн Сондор үсчний газрын цонхны тавцан дээр байсан 384.000 төгрөгний үнэ бүхий Самсунг эс 6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ: “Хавдар судлалын эмнэлгийн 2 дугаар давхарт шөнийн 3 цагаас 4 цагийн үед ороход хохирогч П.Алантуяа унтаж байсан. Ширээн дээр нь гар утас байхаар нь аваад гарчихсан юм. Дараагийн үйлдэл болох үсчинд би үсээ угаалгах зорилгоор орсон. Тэгтэл цонхны тавцан дээр гар утас байхаар нь аваад гарчихсан юм. Хохирогч М.Март араас орилсон. Би тэр чигтээ гүйгээд явсан. Хохирогч П.Алтантуяагийн утсыг биетээр өгсөн. Үчсинд 350.000 төгрөг өгсөн” гэв.
Х.Ч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад мөнгөний хэрэг болоод бусдын эд зүйлийг хулгайлсан юм” гэжээ.
Шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч З.Лангаагаас мэдүүлэхдээ: Хохирол төлбөрийг барагдуулсан. Хоёр гэрийн хооронд яваад завсардаад гэмт хэрэг хийсэн гэж бодож байна. Яагаад гэмт хэрэг үйлдээд яваад байгааг би ойлгохгүй байгаа. Ийм гэмт хэрэг үйлдсэнд нь гайхаж байна. Бид хоёрын үгэнд ордог. Ууж идэх, өмсөж зүүхээр дутаагаагүй л өсгөж байгаа. Ээж рүүгээ явахаараа л ийм болчих юм. Эх нь архины хамааралтай, хойд эцэг нь тэр болгон анхаараад байдаггүй юм. Аливаа ажилд тус нэмэртэй их сайн хүүхэд. Гараад явахаараа хэрэгт орчих юм. Ойлгоод, би ийш тийшээ явахгүй л гэх юм. Тэгээд л нэг гарахаараа дэмий тэнээд алга болоод араас нь явж байж олж ирдэг. Бид нар байнга хараад дагаад явах боломжгүй. Хаашаа яваад ирэв гэхээр ээж архи уугаад алга болчихдог, ээжийгээ хайж яваад ирлээ гэдэг. Би ч ээжийг нь хайдаг, хайгаад олдоггүй. Дэлхийн зөнгийн тусламжаар мужааны ангид оруулж байсан. 2, 3 хоног хичээлдээ яваад ээж алга болчихлоо гэж хэлээд л хичээлээ тасалж алга болоод гэмт хэрэг үйлдээд явчихсан байна гэв.
Хохирогч П.Алтантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шөнийн 03 цагаас 05 цагийн хооронд Хавдар судлалын эмнэлгийн Туяа эмчилгээний тасгийн өрөөнөөс Самсунг си 5 маркийн шаргал өнгийн корпустай гар утсаа хулгайд алдсан юм. Уг утсыг 2016 оны 06 сард Малайз улсаас 500.000 төгрөгөөр худалдаж авсан, .... зах ирмэг хэсгээрээ бага зэрэг цуурч эмтэрсэн өөр ямар нэгэн гэмтэл, содон шинж тэмдэг байхгүй. Алдсан гар утсаа олж авмаар байна.” гэжээ.
Хохирогч М.Март мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бест” үйлчилгээний төвийн Сондор үсчиний газарт үсчин хийдэг. 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн үед манай үсчиний газар нэг хүүхэд орж ирээд эгчээ би үсээ угаалгах гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь би шал шавхай болгоод байлгүй ...хүлээж бай гээд би өөрөө шалаа арчиж байсан. Тэгсэн тэр хүүхэд гэнэт цонхны тавцан дээр байсан гар утсыг аваад гүйгээд гарсан. Би шууд тэр хүүхдийг миний гар утсыг аваад ир гээд араас нь хөөсөн чинь тэр хүүхэд зугтаад явсан. Миний булаалгасан гар утас Самсунг эс 6 загварын алтан шаргал өнгийн утас байсан. Би гар утсаа 2017 оны 11 сарын үед Тэди гар утас худалдааны төвөөс 350.000 төгрөгөөр худалдаж авсан. Би гар утсаа 350.000 төгрөгөөр үнэлж байна. Би гар утсаа юм уу, гар утас худалдаж авсан мөнгөө авчихвал надад гомдол санал байхгүй” гэжээ.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Х.Ч нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 03-04 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хавдар судлалын эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчдийн өрөөнд хууль бусаар нэвтрэн орж, унтаж байсан өвчтөн П.Алтантуяагийн Самсунг си 5 загварын гар утсыг хулгайлан авч, 390.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бест” үйлчилгээний төвийн Сондор нэртэй үсчиний газарт үсээ угаалгах гэж хүлээж байх үедээ тус өрөөний цонхны тавцан дээр байсан үсчин М.Мартын Самсунг эс 6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр авч зугтаасны улмаас түүнд 384.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс үйлдсэн хэргүүдээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Алтантуяагийн “2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шөнийн 03 цагаас 05 цагийн хооронд Хавдар судлалын эмнэлгийн Туяа эмчилгээний тасгийн өрөөнөөс Самсунг си 5 маркийн шаргал өнгийн корпустай гар утсаа хулгайд алдсан юм” гэх мэдүүлэг, хохирогч М.Мартын “2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн үед манай үсчиний газар нэг хүүхэд орж ирээд эгчээ би үсээ угаалгах гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь би шал шавхай болгоод байлгүй ...хүлээж бай гээд би өөрөө шалаа арчиж байсан. Тэгсэн тэр хүүхэд гэнэт цонхны тавцан дээр байсан гар утсыг аваад гүйгээд гарсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, нас тоолсон тэмдэглэл, насанд хүрээгүй шүүгчдэгчийн төрсний гэрчилгээний лавлагаа, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Б овогт Х.Чийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, мөн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул түүнд Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь 16 нас 4 сартай, гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас хүрээгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.5-д заасныг баримтлан түүнд энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн ар гэрээс түүний бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн ба хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.7, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт Х.Чийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн,
мөн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Х.Чийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Чт энэ тогтоолоор оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Чийн цагдан хоригдсон 28 (хорин найм) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.5-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Х.Чт энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж буюу 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
6.Шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ