| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0075/З |
| Дугаар | 128/ШШ2025/0365 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2025/0365
2025 05 15 128/ШШ2025/0365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “М******* ББСБ” ХХК /РД:4/,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б /РД:Х/,
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Т нарын хоорондын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн Б.Б, хариуцагч улсын байцаагч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар дээрх хэсэгчилсэн шалгалтын удирдамж батлах тухай” 422 дугаар тушаалаар баталсан нэр бүхий банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд хийх газар дээрх хэсэгчилсэн шалгалтын удирдамжийн хүрээнд Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг "М******* ББСБ" ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгджээ.
1.2. Тус хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Т Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 20,000,000 /хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний/ төгрөгөөр торгож, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаар шийтгэлийн хуудсаар "М******* ББСБ" ХХК-д арга хэмжээ авчээ.
1.3. Гомдол гаргагч нь уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Ты 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг тус шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр ирүүлсэн ба 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШЗ2025/0538 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
Хоёр. Гомдлын үндэслэл:
2.1. Гомдол гаргагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ: “...Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 422 дугаартай удирдамжаар тус хорооны улсын байцаагч Б.Т нь "М******* ББСБ” ХХК-д хяналт шалгалт хийгээд “...хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгийг Хувьцаа эзэмшигчийн дансанд байсан нь дансны хуулга, мэдүүлгээр нотлогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн тул 20,000 нэгжтэй тэнцэх шийтгэл оногдуулж 0 дугаартай шийтгэлийн хуудсыг бичсэн. Тус шийтгэлийн хуудсыг бичсэн шалгалтын тайланд Хаан банк дахь ББСБ-ын захирал Г.Б эзэмшлийн 5******* дугаартай данснаас 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хаан банк дахь тус банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн 5*******1 дугаартай дансанд 78,000,000 төгрөг шилжүүлсэн нь тусгай зөвшөөрөлтэй мөнгөн хөрөнгийг зориулалтын бус үйл ажиллагаанд ашигласан гэж үзэх үндэслэлтэй тул Сангийн сайд болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/226/528 дугаартай тушаалаар батлагдсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж байгууллагын дагаж мөрдөн нягтлан бодох бүртгэлийн журам”-ын 3.2-т “Мөнгөн хөрөнгөд касс дахь бэлэн мөнгө, банк, санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгө багтана” гэснийг зөрчсөн гэснийг дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч байна.
Учир нь А/226/528 дугаартай тушаалаар батлагдсан журмын 3.2-т “Мөнгөн хөрөнгөд касс дахь бэлэн мөнгө, банк, санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгө багтана” гэж заасан болохоос мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглахтай холбоотой зохицуулалт биш бөгөөд 78,000,000 төгрөгийг тус банк бус санхүүгийн байгууллагын кассад бэлнээр байсныг Хаан банк дахь банк бус санхүүгийн байгууллагын захирал Г.Б эзэмшлийн 5******* дугаартай дансаар дамжуулан Хаан банк дахь тус банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн 5*******1 дугаартай дансанд шилжүүлэн байршуулсан нь тухайн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоно уу” гэжээ.
2.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “…Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 442 дугаар тушаалаар баталсан удирдамжаар улсын байцаагч Б.Т нь гомдол гаргагч компанид хяналт шалгалт хийсэн. Ингэхдээ хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгийн хувьцаа мөнгөн хөрөнгийн хувьцаа эзэмшигчийн дансанд байсан нь дансны хуулга мэдүүлгээр нотлогдож байгаа учраас Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчилд тооцож 20,000 мянга нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл оногдуулж 0 дугаартай шийтгэлийн хуудас бичсэнийг гомдол гаргагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус шийтгэлийн хуудсыг бичсэн шалгалтын тайланд хаан банк дах банк бус санхүүгийн байгууллагын захирал Г.Б эзэмшлийн дугаар данснаас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хаан банк дах банк бус санхүүгийн байгууллагынхаа дугаар дансанд 78,000,000 төгрөг шилжүүлсэн нь тусгай зөвшөөрөлтэй мөнгөн хөрөнгийг зориулалтын бус үйл ажиллагаанд ашигласан гэж үзэх үндэслэлтэй гэж тайландаа зааж тодорхойлсон гэж үзэж байна. Сангийн сайд болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А222/528 дугаартай тушаалаар батлагдсан Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журмын 3.2-т мөнгөн хөрөнгөд касс дахь бэлэн мөнгө, банк санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгө багтана гэж заасныг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл, зөрчилд шийтгэл оногдуулах үндэслэл энэхүү журмын 3.2-т заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь хууль хэрэглээний хувьд алдаатай юм. Тухайн журмын 3.2-т мөнгөн бүрдэл нь юунаас бүрдэхийг зааснаас мөнгө хөрөнгийг зориулалтын бусаар ашиглахтай холбоотой зохицуулалт биш юм. Үүнийг гомдлын тодруулсан шаардлагад тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл, зориулалтын бусаар ашигласан гэж үзэж байгаа бол зориулалтын бусаар ашигласан үйлдэлд нь холбогдох хэм хэмжээ тогтоосон баримт бичгийг үндэслэл болгох ёстой байсан. Гэтэл хариуцагчийн тайлбарлаж байгаа нь хариуцлага ногдуулах үндэслэл биш. Гомдол гаргагчийн зүгээс үндэслэлд маргаж байна. Үндэслэл нь хуульд заасан шийтгэл оногдуулах үндэслэл биш учраас хүчингүй болгуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Асуулт хариултын явцад яг ямар үйлдэл нь мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан бэ гэдгийг хариуцагчийн зүгээс нарийн тогтоох шаардлагагүй гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулиар хүлээсэн захиргааны нөхцөл байдлыг шалгаж, нотлох баримтын цуглуулах үүргийг биелүүлээгүй байна гэж үзэж байна.
Иймд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зөрчил гэж үзэх болсон үр дагавартай байна. Мөнгөн хөрөнгө нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журмын 3.2-т зааснаар юунаас бүрдэх талаарх бүрэлдэхүүнийг зааснаас биш тухайн мөнгөн хөрөнгийг данс хооронд шилжүүлж болохгүй талаар хориглосон зохицуулалт байхгүй учраас гомдол гаргах үндэслэл болсон. Өөрөөр хэлбэл, захиргааны акт гаргахдаа хуулиар үнэлсэн үүрэг нь акт зорилгодоо нийцсэн, хэм хэмжээг зөв ашиглаж хэрэглэсэн байх үүргийг биелүүлээгүй учраас алдаатай захиргааны албан шийдвэрийг хүчингүй болгохоор гомдлын шаардлага гаргасан. Иймд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч улсын байцаагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “...Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 422 дугаар тушаалаар баталсан газар дээрх шалгалт хийх удирдамжийн хүрээнд Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг "М******* ББСБ" ХХК-ийн үйл ажиллагаанд газар дээрх хяналт шалгалтыг хийхэд 600,000,000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгөөс 521,500,000 төгрөгийн зээлийг олгосон ба бэлэн мөнгөний үлдэгдэлгүй, байгууллагын Хаан банкны 5*******1 тоот харилцах дансны үлдэгдэл 79,773,581 төгрөг байсан нь шалгалтын ажлын хэсэг тус банк бус санхүүгийн байгууллагын ажлын байранд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний 11 цаг 10 минут орчимд очихын өмнө буюу 10 цаг 29 минутад дээрх харилцах дансанд гүйцэтгэх захирал Г.Б Хаан банкны 5******* тоот данснаас 78,000,000 төгрөгийг шилжүүлсэн үлдэгдэл байсан.
Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/226/528 дугаар тушаалаар баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгж байгууллагын дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журам"-ын 3.2-т “Мөнгөн хөрөнгөд касс дахь бэлэн мөнгө, банк, санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгө багтана" гэж заасан бөгөөд аль нэг хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлын хувийн харилцах дансанд байршсан мөнгөн хөрөнгө нь байгууллагын мөнгөн хөрөнгөд хамаарахгүй.
"М******* ББСБ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.О******* нь өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгөөс 78,500,000 төгрөгийг авсан байсныг миний дансаар дамжуулж банк бус санхүүгийн байгууллагын харилцах дансанд шилжүүлсэн, мөн хуулга дээр харагдаж байгаа "кассаас” гэсэн утгатай гүйлгээнүүд нь хувьцаа эзэмшигч рүү шилжүүлсэн мөнгөө буцаан шилжүүлсэн гүйлгээ гэж тайлбарласан нь тус банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Г.Б өгсөн мэдүүлэг болон "М******* ББСБ” ХХК-ийн Хаан банкны 5******* тоот, Г.Б Хаан банкны 5******* тоот дансны хуулгаар тус тус нотлогддог Дээрх журмын дагуу банк бус санхүүгийн байгууллага нь мөнгөн хөрөнгөө аль нэг хувьцаа эзэмшигч эсвэл гүйцэтгэх захирлын харилцах дансанд бус байгууллагын харилцах дансанд эсвэл бэлнээр байршуулах зохицуулалттай. "М******* ББСБ" ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн 600,000,000 төгрөгөөс зээл олгож үлдсэн мөнгөн хөрөнгийг шалгалтын үеэр банк бус санхүүгийн байгууллагын ажлын байранд очих үеэр бэлэн мөнгөний үлдэгдэлгүй гэсэн тул “Бэлэн мөнгө тоолсон тухай баримт"-ыг үйлдэж шалгалтын ажлын хэсэг болон гүйцэтгэх захирлын гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан, харилцах дансанд байршуулсан дансны хуулга нь хувьцаа эзэмшигчийн хувийн харилцах данснаас гүйцэтгэх захирлын хувийн харилцах дансаар дамжин байгууллагын харилцах дансанд орж ирсэн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна" гэж заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн болно” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Гомдол гаргагчийн гомдлыг зөвшөөрөхгүй байна. Учир нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулах үйлдэл гаргасан нь илтэд тодорхой баримтуудаар буюу банкны холбогдох дансаар нотлогдсон учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулсан. Шалгалтын тайланд авагдсан болон зөрчлийн хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхтэй холбоотой баримт материалууд, гүйцэтгэх захирлын тайлбар баримтуудаар хангалттай нотлогдож байна. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 15.2 дугаар зүйлд банк бус санхүүгийн байгууллагууд санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд нь олон улсын жишгийг үндэслэн санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцсэн байна гэж заасан байдаг. Энэ нягтлан бодох бүртгэлийн зарчмыг Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд банк бус санхүүгийн байгууллага нь хэдэн ч данстай, хэдэн ч касстай байж болдог. Үүнд хэрхэн мөнгийг байршуулах талаар зохицуулсан байдаг. Гэтэл гомдол гаргагч банк бус санхүүгийн байгууллага нь тайлангийн үзүүлэлтээр өөрсдийн дансанд байгаа гэж тайлбарласан боловч тухайн тайлагнасан орлого нь буюу мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх захирлын данснаас шилжиж орж ирсэн нь мөнгөн хөрөнгийн гүйлгээний талаар мэдүүлээгүй, хөрөнгө нь гүйцэтгэх захирлын дансаар дамждаг асуудал гаргаж байгаа нь Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуульд заасан өөр үйл ажиллагаа эрхэлсэн, зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нь мөн тайлбар мэдүүлгийн тогтоогддог учраас улсын байцаагчийн шийтгэл оногдуулах хуудсаар шийтгэл оногдуулсан. Мөн Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар баталсан нягтлан бодох бүртгэлийн журмын 3.2 заасан мөнгөн хөрөнгөд касс дахь бэлэн мөнгө, банк бус санхүүгийн байгууллагын өөрийн нэрийн банк дахь харилцах хадгаламжийн дансыг хориглоогүй байдаг. Гүйцэтгэх захирал эсхүл хувьцаа эзэмшигчийн дансанд тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны хүрээнд нийлүүлсэн байршуулсан мөнгийг заагаагүй байдаг учраас энэ зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд, Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2-д зааснаар банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомжид үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэр, хууль нийцсэн байх тул гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангахгүй байх үндэслэлтэй байна.
Улсын байцаагчийн шаардлагатай холбоотой гомдол гаргаагүй, шаардлагыг хүргүүлсэн боловч тодорхой хариу огт өгөөгүй, хульд тогтоомжид заасан үүргийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Банк бус санхүүгийн үйл ажиллагааг төр зохицуулдаг. Санхүүтэй холбоотой болохоор байнгын хяналт шалгалт явагдаж байдаг. Анхнаасаа хууль тогтоомжийн хүрээнд ажиллавал энэ салбарт ажиллах боломжтой хэдий ч, улсын байцаагчийн торгуультай маргах эрхтэй хэдий ч шаардлагын хариуг өгөхгүй байгаа нь энэ байгууллагыг хэрхэн ажилладаг болохыг харуулж байна. Зөрчил гаргаагүй гэж байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн журмын 11.5-т заасан үзүүлэлтүүдийг хангасан байх ёстой хэдий ч дансны тайлан, мэдүүлгээр зөрчиж байна. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан өөрийн хөрөнгө, 12 дугаар зүйлд заасан хориглох үйл ажиллагааны шинжийг агуулж байгаа учраас нарийвчилж тогтоохын тул тус журмын заалтыг мөрдөх ёстой. Мөрдөхгүй байгаа болохоор зөрчил гаргаж байна. Мөнгө буюу дансны үлдэгдлийг буруу тайлагнаж байгаа асуудал гарч байгаа учраас торгох шийтгэл оногдуулсан арга хэмжээ нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Гомдол гаргагч “М******* ББСБ” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
2. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. “Энэ хуулийн зорилт нь банк бус санхүүгийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтцийг тогтоох, түүнд зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад орших”-оор хуульчилсны хүрээнд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1. “Санхүүгийн зохицуулах хороо энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хяналт тавьж, шалгалт хийнэ” гэж зааснаар зохих хяналтыг хэрэгжүүлж, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан удирдамжийн дагуу, мөн тушаалын хоёрдугаар хавсралтад шалгалтад хамрагдах компанийн нэрст нэр нь орсон “М******* ББСБ” ХХК-д газар дээрх хэсэгчилсэн шалгалтыг хийж гүйцэтгэн,
3. Эрх бүхий албан тушаалтан болох хариуцагчаас гомдол гаргагч “М******* ББСБ” ХХК-ийг “байгууллагын зөвшөөрөлтэй мөнгөн хөрөнгийг хувьцаа эзэмшигчийн дансанд байршуулж байсан” гэх зөрчилд буруутган Зөрчлийн тухай хууль /Арван нэгдүгээр бүлэг. Үнэт цаас, банк, гааль, татвар, даатгалын журмын эсрэг зөрчил/-ийн 11.5 дугаар зүйлийн 2. “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол ... хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар зүйлчлэн шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсанд,
4. Гомдол гаргагчийн зүгээс “...тушаалаар батлагдсан журамд заасан мөнгөн хөрөнгөд юу юунаас бүрдэх талаарх бүрэлдэхүүнийг зааснаас биш тухайн мөнгөн хөрөнгийг данс хооронд шилжүүлж болохгүй талаар хориглосон зохицуулалт биш” гэж тайлбарласан, мөн Тодорхойлох хэсгийн 2-д заасан үндэслэлээр маргаж байна.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11. “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлд тусгай журмаар шийдвэрлэх маргааныг заасан ба 112.4. “дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 112.4.3. “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2. “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.18, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, ...зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.18. “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.11, 11.5, 11.6, 11.8, ... 11.29 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 11.30, 13.3, ... 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2. “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.18, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн зохицуулснаас гадна хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.
6. Маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоос мэдүүлэхдээ: “хувьцаа эзэмшигч Б.О******* авсан байсан мөнгөө миний дансаар дамжуулж ББСБ-ын дансанд шилжүүлсэн, хувьцаа эзэмшигчд рүү шилжүүлсэн мөнгөө буцааж шилжүүлсэн гүйлгээ” гэх тайлбар, Хаан банкны төгрөгийн 5*******1, 5******* тоот дансны дипозитын хуулга, хэсэгчилсэн шалгалтын тайлан зэргээс гомдол гаргагч хуулийн этгээд нь зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.
7. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. “Банк бус санхүүгийн байгууллага өөрийн хөрөнгөтэй байна. Өөрийн хөрөнгийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Санхүүгийн зохицуулах хорооны хамтран баталсан нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу тодорхойлно” гэж заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Журам батлах тухай” Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан А/226/528 дугаар тушаал хавсралтаар “Банк бус санхүүгийн үйл эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журам”-ыг баталсан.
7.1. Энэ журмын гуравдугаар бүлгийн 3.1-д “мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө нь үнэ цэнийн өөрчлөлтийн маш бага эрсдэлтэй, мөнгөний тодорхой дүнд чөлөөтэй хөрвөх боломжтой, богино хугацаат өндөр хөрвөх чадвартай хөрөнгө юм” гээд, 3.2-т “мөнгөн хөрөнгөд касс дахь бэлэн мөнгө, банк санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгө багтах”-ыг заажээ.
7.2. Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн ТЗ 10/767 дугаар гэрчилгээ, уг гэрчилгээний хавсралтад хувьцаа эзэмшигчийн талаар заахдаа Б.О*******ийн хувь нийлүүлсэн хөрөнгө 322,000,000 буюу 53,6%, Б.Ц******* хувь нийлүүлсэн хөрөнгө 278,000,000 буюу 46,4%, үүсгэн байгуулагчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан компанийн дүрмийн 5.2-т “компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 600,000,000 төгрөг ба нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 600000 ширхэг энгийн хувьцаа байна” гээд, 5.2.1-д “компанийн хувь нийлүүлэгчид дараах байдлаар гаргасан хувьцааг эзэмшинэ” гэж заасан, хувьцаа эзэмшигч Б.О*******ийн хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь 53,7% байна.
8. Ийнхүү компанийн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулахад зарцуулагдах болон тусгай зөвшөөрлийн дагуу үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөгдөх мөнгөн хөрөнгийн тодорхой хувь нь банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирлын нэр бүхий банкны харилцах дансанд байршиж байсан, цааш нь хувьцаа эзэмшигч нь уг дансаар дамжуулан өөрийн дансанд авч мөн буцаан шилжүүлж байсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2. “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол ... хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор заасныг хэрэгжүүлж, хариуцагчаас шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна.
9. Тодруулбал, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Журам батлах тухай” А/226/528 дугаар тушаалаар баталсан журам нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүргэгдээгүй нь тухайн журмыг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1. “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж зааснаар хуульд тухайлан тодруулбал, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. “Банк бус санхүүгийн байгууллага өөрийн хөрөнгөтэй байна. Өөрийн хөрөнгийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Санхүүгийн зохицуулах хорооны хамтран баталсан нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу тодорхойлох”-оор заасан, үүнийг Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлэх үүргийг гомдол гаргагч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл үйлчилгээ эрхлэх хүрээнд хуулиар хүлээсэн, энэ үүргийг биелүүлээгүй болохыг эрх бүхий албан тушаалтан илрүүлж зөрчилд тооцон арга хэмжээ авч, шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзнэ.
10.Иймд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2. “дүрмийн сан нь банк бус байгууллагын хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний хэмжээг ...харгалзан Санхүүгийн зохицуулах хороо тогтооно” гэж зааснаар дүрмийн сан, түүнд байх мөнгөн хөрөнгийн хадгалалт, зарцуулалтад мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар хяналт тавих үүргийг хариуцагч захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлснээр тус байгууллагын эрх бүхий албан тушаалтан мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасны дагуу хариуцлагын арга хэмжээг Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйлд зааснаар шийдвэрлэж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, шийтгэл оногдуулсан, үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангаж эрх бүхий албан тушаалтан /улсын байцаагч/ маргаан бүхий шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.
11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хулийн 7.6 дугаар зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан “М******* ББСБ” ХХК-аас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Тд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН