Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/06

 

 

Г.Б, Р.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.Т,

Шүүгдэгч Г.Б, Р.Н,

Шүүгдэгч Г.Б-ы өмгөөлөгч Ж.Д,

Шүүгдэгч Р.Н-ын өмгөөлөгч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Г.Б-ы өмгөөлөгч Ж.Д, прокурор Б.Т нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, эсэргүүцлээр Г.Б, Р.Н нарт холбогдох эрүүгийн 2316000400083 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл:  

 

Ж овгийн Г.Б нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ............ сумын .......... тосгонд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........... инженер мэргэжилтэй, тус аймгийн ....................-т ......... ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ........... сумын ........... баг .............   ... - ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДЭ............ регистрийн дугаартай,

 

Ж овгийн Р.Н нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ............ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........... мэргэжилтэй, тус аймгийн .................. ажилтай, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ............ сумын ......... баг ... -р байр ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДЮ.................. регистрийн дугаартай,

 

  1. Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Р.Н нь Говь-Алтай аймгийн ......................... албан үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг (Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх), Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэг (Албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах), 39.1.2 дахь хэсэг (Албаны эрх мэдлээ хэтрүүлэх), ............. өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/65 дугаартай тушаал, тушаалын хавсралтаар баталсан ............. өвчний сэжигтэй дуудлагад үйлчлэх журам зэргийг зөрчин эрх бүхий албан тушаалтан болох Г.Б нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан 04-017/070 дугаартай зөрчлийн талаарх гомдол мэдээлэлд иргэн Г.Ч-оос хураан авсан 10 ширхэг монгол тарвагыг ............. өвчин судлалын төвд устгасан гэж 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 124 дугаартай албан бичгийг аймгийн ............. хүргүүлж нотлох баримт хуурамчаар үйлдэж бусдад давуу байдал бий болгосон,

 

Шүүгдэгч Г.Б нь Говь-Алтай аймгийн ................................ буюу Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг (Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх), Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10 дэх хэсэг (................... нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгөө болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй), 10.9.11 дэх хэсэг (................... хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;), Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг (1.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.), 4.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтан хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн хадгалалт, хамгаалалтыг хариуцна.), 6 дахь хэсэг (Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах, хамгаалах, хяналт тавих үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтан тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.), 4.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно.) гэснийг тус тус зөрчиж 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан 04-017/070 дугаартай зөрчлийн талаарх мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа ............. өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/65 дугаартай тушаал, тушаалын хавсралтаар баталсан “............. өвчний сэжигтэй дуудлагад үйлчлэх журмын 4.6.3 дахь хэсэгт Халдварын сэжигтэй материалаас сорьц авч дууссаны дараа устгалд оруулахдаа халдвар судлагч эмчийн хяналтад халдвараас сэргийлэх хяналтын багийн гишүүнийг байлцуулан устгаж, хууль зүйн үндэслэлтэй устгалын явцыг дэлгэрэнгүй тусгаж, гэрэл зургаар бэхжүүлэн тэмдэглэл үйлдэнэ” гэсний зөрчиж, ............. ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалын арван дөрөвдүгээр хавсралтаар баталсан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай ...................ийн “Барааг хураах, устгах тухай акт” үйлдэж уг актанд ............. өвчин судлалын тархвар судлалын их эмч Т.М-ийн гарын үсгийг хуурамчаар зурсан,

 

Мөн Г.Б нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр аймгийн цагдаагийн газраас харьяаллын дагуу шилжүүлсэн иргэн Г.Ч-оос хураан авсан 10 ширхэг тарвага болох эд мөрийн баримтыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа өөртөө авч завшсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овгийн Р.Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж,

 

Шүүгдэгч Ж овгийн Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж” Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хураан авсан эд хөрөнгийг хадгалах хамгаалах эрх бүхий албан тушаалтан завшиж” Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 (Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 (Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 (Нэг) жилийн хугацаагаар хасаж 5,400 (Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 (Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Б-ы жинхэнэ эдлэх ялыг нийтийн албанд ажиллах эрхийг 1 (Нэг) жилийн хугацаагаар хасч, 10,800 (Арван мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,800,000 (Арван сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-д сануулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ы цагдан хоригдсон 6 (Зургаа) хоногийн 1 (Нэг) хоногийг 15,000 (Арван таван мянга) төгрөгөөр тооцож, 90,000 (Ерэн мянга) төгрөгийг торгох ялаас хасч тооцож,

 

Шүүгдэгч Р.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Н 3 (Гурав) хоног, шүүгдэгч Г.Б 6 (Зургаа) хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч Г.Б бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.Н-ын өмгөөлөгч Д.А-ийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 4 (Дөрөв) хуудас баримтыг хэрэгт хавсаргах зэргийг тус тус дурдаж, ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

4. Прокурор Б.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Т би, эрүүгийн 2316000400083 дугаартай Р.Н, Г.Б нарт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Р.Н-ын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжгүй гэсэн дүгнэлт хийж үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Шийтгэх тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний зэрэгцээ шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Р.Н-ын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 124 дугаартай тус төвд хураагдан ирсэн хар өнгийн ууттай 10 ширхэг монгол тарвагыг жавилин, хлорын шохойгоор халдваргүйжүүлэн, цооногт хийж устгалаа. Тээвэрлэсэн автомашиныг халдваргүйжүүлсэн” гэсэн албан бичиг нь дангаар зөрчлийн хэргийг дуусгавар болгох хаах, тодорхой үйл ажиллагааг баталгаажуулах эрх зүйн үр дагаврыг агуулаагүй гэж, дараагийн хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж тус тус заасан. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэг нь тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан обьектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог. Энэхүү хоёр шинжийн аль алиныг хангасан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог. Харин зөвхөн тодорхой үйлдэл, эс үйлдэхүй, эсхүл дан ганц үр дагаварт түшиглэсэн яллах ажиллагаа явуулах нь хуульд нийцэхгүй гэж шүүх үзсэн...” гэж тус тус дүгнэн Р.Нын үйлдэл холбогдлыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн дээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн обьектив тал нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл хуулиар хүлээсэн албан үүрэг, эрх мэдлээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйн аль ч хэлбэртэй байж болох бөгөөд түүний улмаас хохирол учирсан, эсэх нь хэргийн шинжид нөлөөлөхгүй, харин энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол энэ зүйлийн 2 дахь хэсгээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.

 

Тус аймгийн .......... Р.Н нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 124 дугаартай тус төвд хураагдан ирсэн хар өнгийн ууттай 10 ширхэг монгол тарвагыг жавилин, хлорын шохойгоор халдваргүйжүүлэн, цооногт хийж устгалаа. Тээвэрлэсэн автомашиныг халдваргүйжүүлсэн” гэсэн албан бичиг зориуд санаатайгаар үйлдэн ............. байгууллагад хүргүүлэх байдлаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас шүүгдэгч Г.Б-д тухайн 10 тарвагыг завших боломжийг олгон давуу байдал бий болгосон үйлдэл тодорхой тогтоогджээ. Энэ үйлдлийн улмаас заавал хохирол шаардахаар хуульчлаагүй болох нь тогтоогдож байна. Энэ байдлыг хохирол учраагүй байх тул гэмт хэрэг биш гэж үзэж байгаа нь хуулийг буруу ойлгон тайлбарлажээ.

 

Гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор хууль бус гэмт үйлдэл, эс үйлдэхүй хийснээр бүрдэл төгсөх хэлбэрийн шинжтэй байдлаар хуульчилж тогтоожээ.

 

Мөн Р.Н-ын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 124 дугаартай тус төвд хураагдан ирсэн хар өнгийн ууттай 10 ширхэг монгол тарвагыг жавилин, хлорын шохойгоор халдваргүйжүүлэн, цооногт хийж устгалаа. Тээвэрлэсэн автомашиныг халдваргүйжүүлсэн” гэсэн албан бичиг нь Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах үндэслэл болж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад буруу дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Г.Б-ыг Тархавар судлаач эмч Т.М-ийн гарын үсгийг зурж хуурамч нотлох баримт үйлдэл Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, эд мөрийн баримтаар тооцсон 10 ширхэг монгол тарвагыг хадгалах хамгаалах үүргээ зөрчиж хувьдаа авч байгаа үйлдэл Эрүүгийн хуулийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа боловч уг арван тарвагыг авах боломжийг нээж байгууллагын ажилтнууддаа болоогүй зүйлийг болсон мэтээр яриулж заавар чиглэл өгч тухайн 10 ширхэг тарвагыг устгасан гэх бичиг хийж өгч байгаа албан тушаалтны үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцэхгүй байна.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо улсын яллагчийн зүгээс дүгнэн тайлбарласан Р.Н-ын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 124 дугаартай тус төвд хураагдан ирсэн хар өнгийн ууттай 10 ширхэг монгол тарвагыг жавилин, хлорын шохойгоор халдваргүйжүүлэн, цооногт хийж устгалаа. Тээвэрлэсэн автомашиныг халдваргүйжүүлсэн” гэсэн албан бичгийг хийж өгснөөр гарч байгаа үр дагаврыг хэрхэн яаж үгүйсгэсэн талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчилгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

 

Тухайлбал: Гэрч Г.Б-ийн “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нэг ч тарваганд устгал хийгээгүй...Хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр тарвага устгасан байх. Тэрнээс хойш устгал хийгдээгүй. Надаас өөр ариутгагч устгал хийсэн тохиолдолд надад байгаа бүртгэл, журнал дээр заавал бүртгэлийг хөтлөх ёстой...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

 

-Гэрч Б.Ч-ын “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ямар нэгэн тарваганд устгал хийгээгүй. Манай байгууллагад ............. болон Цагдаагаас ирдэг юм. Тухайн устгалд ариутгагч, тархвар судлал эмч оролцдог юм. Мөн манай байгууллагад тарвага авчирч өгсөн хүнийг байлцуулан устгалыг хийдэг юм. Манай устгалын цооногт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хамгийн сүүлд устгалыг хийсэн. Устгал хийх ажиллагааг гэрэл зургаар бэхжүүлдэг бөгөөд .............аас ирсэн хүн гэрэл зургийг бэхжүүлж авдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

 

-Гэрч Т.М-ийн “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ямар нэгэн тарвага устгал хийгдээгүй. Манай байгууллага нь тархвар судлагч 1, нян судлагч 2 эмч, нийтдээ 3 эмч ажилладаг. Миний ээлжид байх үед ямар нэгэн тарвага ирж устгагдаагүй. Харин нөгөө хоёр эмчид тарвага ирж устгагдсан талаар бол би мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сард устгалыг хийсэн. Тэрнээс хойш ямар нэгэн устгалыг хийгээгүй. Би дээрх цаг хугацаанд хэн нэгнээс ямар нэгэн тарвага хүлээн авсан асуудал байхгүй. “Амьтан, мэрэгчийн дуудлага хүлээн авсан устгасан бүртгэл"-д 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр “Амьтан мэрэгчийн дуудлагад үйлчилсэн тэмдэглэл”-д 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гарын үсэг зурсан. Тухайн үед Р.Н дарга манай байгууллага дээр 10 тарвага ирсэн гээд байгаа. Энэ нь дээр устгасан гээд гарын үсэг зураадхаарай гэж хэлсэн. Тэгээд би дээрх хоёр бүртгэл дээр гарын үсэг зурсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,

 

-Гэрч Б.А, Т.М нарыг нүүрэлдүүлж өгсөн “...Гэрч Т.М: Би тухайн үед 10 тооны монгол тарвагыг хүлээж аваагүй. Би 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18:30–19:00 цагийн хооронд ажил дээрээ очоогүй. Би тухайн үед 17:30 цагийн орчимд ажлаасаа гараад дахин ажил дээрээ очоогүй. Гэрч Б.А Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ худлаа мэдүүлэг өгсөн юм. Р.Н дарга: мэдүүлэг өгөхдөө тарвага ирсэн. Тарвагыг Э, М эмч нарыг устгасан талаар мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. Би Р.Н даргыг тэгж хэлсэн болохоор өмнө нь худал мэдүүлэг өгсөн юм. Гэрч Б.А: 2023 оны 02 дугаар сарын эхээр байхаа өдрийг сайн санахгүй байна. Нарийн бичиг О нь: Дарга таныг дуудаж байна гэж хэлсэн. Тэгээд намайг өрөөнд нь яваад ороход ариутгагч Ц.Э, эмч Т.М, нарийн бичиг О, Р.Н дарга байсан. өөр хүн байгаагүй. Р.Н дарга: 10 ширхэг тарваганы асуудал байгаа. Тэр тарвагыг ариутгагч Ц.Э, эмч Т.М нарыг устгасан гэж хэлээрэй. Мөн хар өнгийн машинтай хүн ирээд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орой 18 цагт ирж устгасан гэж хэл. Цагдаагаас дуудаж мэдүүлэг авбал ингэж хэлнэ шүү гэж өөрөө энэ үгийг бидэн хэлсэн. Би тэгээд гараад явсан. Гэрч Т.М: 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр байхаа өдрийг нь мэдэхгүй байна. Р.Н дарга хотод байхдаа өөр дугаараас залгаад: Манай дээр 10 тооны тарвага ирээд би устгасан гэж хэлчихлээ, Цагдаагаас дуудаж мэдүүлэг өгвөл устгасан гэж хэлээрэй нарийн мэдээллийг Ч, Э хоёроос аваарай гэж хэлсэн. Би тэгээд Ч-той тэр өдрөө очоод уулзахад Ч: Дарга надад хэлээгүй болохоор нь би цагдаагаас дуудаад мэдүүлэг авахаар нь устгаагүй гээд хэлчихсэн. Чамайг тэгээд Э-тэй хамт тарвага устгасан гэж үгээ нийлүүлээд хэлээрэй гэж хэлсэн. 2022 оны 02 дугаар сарын эхээр өдрөө сайн санахгүй байна. Р.Н дарга хотоос ирчихсэн байсан. Тэгээд О: Дарга ороод ир гэж байна гэж хэлэхээр нь би Р.Н даргын өрөө рүү яваад ороход өрөөнд нь Р.Н дарга, О, Э гурав байж байсан. Тэгсэн О нь 2022 оны 12 сарын 30-ны өдөр А гарч байсан юм. А-г дуудаад бас үгээ нийлүүлэхгүй бол болохгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд А-ийн дуудаж оруулж ирсэн. Р.Н дарга: ............. Г.Б нь 10 ширхэг тарвага авчирч өгөөд Э устгаад, чи хяналт тавьсан гэж хэлээрэй гэж хэлсэн. Тухайн өдөр Г.Б нь манай байгууллага дээр ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/,

 

-Гэрч Ц.Э-ийн “...2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл би ямар нэгэн тарваганд устгал хийгээгүй. Бусад алба хаагч нар дээр ямар нэгэн устгал хийснийг мэдэхгүй байна. 2023 оны 02 дугаар сарын эхээр байхаа өдрийг нь сайн санахгүй байна таныг даргын өрөөнд дуудаж байна гэж нэг нь хэлсэн. Би тэгээд Р.Н даргын өрөөнд ороход Т.М, Ч, Р.Н дарга нар байсан. А байсныг нь сайн санахгүй байна. Тэгэхэд Ч нь цагдаагаас дуудаж надаас мэдүүлэг авлаа. Би Б-ийн хамт очиж мэдүүлэг өглөө. Тэгээд тарвага устгаагүй талаар мэдүүлгийг өгч, бүртгэлийн хуулбарыг өгчихлөө. Та одоо устгасан талаар мэдүүлэг өгөөдөх гэж хэлсэн. Р.Н дарга нь ............. газраас 10 ширхэг тарвага ирсэн, тэгээд цагдаагаас ирээд мэдүүлэг авахаар бол тэр тарвагануудыг нь устгасан гэж мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд Т.М нь тэгвэл дарга над руу залгаад устгасан гэж хэлье гэж хэлсэн. Тэгэхэд Ч би бүртгэлийг өгсөн гэж хэлсэн. Тэгэхэд Т.М нь бүртгэлээ шинээр хийчихье гэж хэлсэн. Тэгээд .............Г.Б нь хар өнгийн машинтай ирсэн гэдэг яриа манай өрөөнд гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81-р хуудас/,

 

-Гэрч Ц.М-ийн “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тарваганд устгал хийгдээгүй. Яагаад хийгдээгүй учир нь гэвэл тарвага устгал хийхээр ирсэн тохиолдолд би биологичийн хамт шимэгчийг нь түүж, лабораториос шинжилгээний материал авч, тэрний дараагаар устгал хийгддэг. Манай байгууллагын устгалын цооногт тарвага устгал хийсэн тохиолдолд ариутгагч устгасан талаар бүртгэл, тэмдэглэлийг хөтөлдөг. Тарвага устгах үед манай байгууллагаас тархвар судлагч эмчийн хяналтан дор ............. байгууллагаас тухайн тарвагыг шилжүүлсэн хүн оролцож, устгалын явцыг гэрэл зургаар бэхжүүлдэг. Устгалыг ариутгагч хийдэг юм... Би 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн албан бичигт дурдагдсан 10 тооны монгол тарвагыг би нүдээр харж, үзлэг хийгээгүй. Би нэг ч тарвага хараагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39-р хуудас/ зэрэг нотлох баримтууд авагдсан байхад шүүгч хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан зөрүүтэй нотлох баримтыг тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн төвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж чадаагүй байна.

 

Хэрэг гарсан бодит байдал, оролцогч бүрийн гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлалгүй, хэргийн талаарх дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулан, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгч Р.Н-ыг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатын шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

5. Шүүгдэгч Г.Б-ы өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эрүүгийн хэргийн шүүгдэгч Г.Б-ы өмгөөлөгч Ж.Д миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

 

Анхан шатны шүүхээс Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Г.Б-ы хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг буюу Т.М-ийн гарын үсгийг хуурамчаар зурсан болох гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрдөг.

Харин Г.Б-ыг шийтгэх тогтоолд дурдсанаар 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын эхэн үе орчимд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхдээ хураан авч эд мөрийн баримтаар тооцсон 10 ширхэг монгол тарвагыг хадгалах хамгаалах эрх бүхий албан тушаалтан өөртөө завшиж, битүүмжилсэн хураан авсан эд хөрөнгийг завших үрэгдүүлэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй байна гэжээ. Анхан шатны шүүх Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн бодит байдалд нийцүүлж шийдвэр дүгнэлт гаргаагүй, хийсвэр байдлаар дүгнэлт хийж хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар гэм буруутайд тооцож байгаа нь тодорхойгүй байдлаар шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх шийдвэртээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой дурдаагүй, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга зэргийг тусгахаар заасныг тус тус зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй хэргийн бодит байдалд нийцүүлж дүгнэлт шийдвэр гаргаагүй байх тул хүчингүй болгож, Г.Б-ы эрх зүйн байдлыг дээрдүүлж магадлаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

7. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж,

 

Шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж” Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хураан авсан эд хөрөнгийг хадгалах хамгаалах эрх бүхий албан тушаалтан завшиж” Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 (Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 (Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 (Нэг) жилийн хугацаагаар хасаж 5,400 (Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 (Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Б-ы жинхэнэ эдлэх ялыг нийтийн албанд ажиллах эрхийг 1 (Нэг) жилийн хугацаагаар хасч, 10,800 (Арван мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,800,000 (Арван сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

 

8. Эрх зүйн дүгнэлт, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний тухайд.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэлд шүүгдэгчийн гэм бурууг нотлож байгаа нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл зэргийг тусгахаар,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийг,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг тайлбарлаж, үндэслэл бүхий дүгнэлт хийхээр заасан байна.

 

Гэтэл анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэг нь ямар учраас прокурорын яллах дүгнэлтэд заасан хэсэгт гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн улсын яллагчийн яллах дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй байна.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцлийн тухайд.

 

9.1. Прокурор Б.Т: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний зэрэгцээ шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэдэг агуулгаар эсэргүүцэл гаргасан байна. 

 

9.2. Шүүгдэгч Г.Б-ы өмгөөлөгч Ж.Д: ...анхан шатны шүүх шийдвэртээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой дурдаагүй, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга зэргийг тусгахаар заасныг тус тус зөрчсөн гэдэг агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна.

 

10. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, тогтоогдсон үйл баримтад үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

 

11. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтад тулгуурлан шийтгэх тогтоолыг өөрчлөх, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах өөрчлөлт оруулах, хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг шинээр тогтоох боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

12. Хэргийн үйл баримт бодитой бүрэн гүйцэт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхээс үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн байна.  

 

13. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б-ы өмгөөлөгч Ж.Д, прокурор Б.Т нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авч хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б-ы өмгөөлөгч Ж.Д, прокурор Б.Т нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Р.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б

           ШҮҮГЧИД                             Ч.Э

                                                                      Ц.О