| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0086/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/91 |
| Огноо | 2018-04-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/91
Т
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Ц.М,
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т холбогдох эрүүгийн 1738003340077 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 07 дугаар сарын 07-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Их-Уулын ар суга гэх газраас алдагдсан иргэн Л.Малдуул 7 тооны үхрийг завшиж 2.950.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 07 дугаар сарын 07-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Их-Уулын ар суга гэх газраас алдагдсан иргэн Л.М алдуул 7 тооны үхрийг завшиж 2.950.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Манай намаржаан дээр гурван тугалтай 1 монгол үхэр, нэг сувиа үнээ нийлээд 7 үхэр ирсэн. Эзэн нь нэг өдөр ирэх байлгүй гэж бодоод үхэртээ байлгаад хариулж байсан. Тэр үхрүүдийг хүнд хэлэлгүй би өөрийн үхрүүдтэй хамт маллаж байсан. Манайд ирж үхэрнүүд 2 сар болсон. Үхэрнүүдийн эзэн гээд М гэж хүн ирээд үхэрнүүдээ авч явсан. Би бусдын малыг завшсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Л.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 07-ны үед Арсугаас миний 7 тооны үхэр алга болсон. Тухайн үед Тариалан сумруу гүйгээд явчихлаа гэж бодоод хайгаад байсан. Баянзүрх сум руу мал худалдаж авахаар явж байгаад үхэрнүүдийнхээ сургийг гаргасан. Миний 7 монголын үхрийг Д.Т гэж Улаан-Уул сумын залуу маллаж байсан байна лээ. Нэг том хар үнээг чоно урихаар нь цохиж идсэн байсан. Бусад 6 үхрийг тоо ёсоор нь авсан. Нөгөө цохиж идсэн үнээг маань 1.500.000 төгрөг төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-14 дүгээр хуудас/,
Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...7 тооны монгол үхэр хадлангийн үеэр Хуягийнд ирсэн. Миний мэдэж байгаагаар 20 орчим хоног малласан. Тэр үхэрнүүд манай эндэхийн үхэрнүүд биш байсан. Хаанаас ямар замаар ирсэн үхэрнүүд болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...8 дугаар сарын 10-ны үеэр гэртээ ирэхэд Хуягийнх монголын үхэртэй болсон байсан. Би бодохдоо 4 тугалтай үнээ авсан юм байна гэж бодсон. Хуяг тэр үхэрнүүдийг манаж байгаад 10 дугаар сарын эхээр өвөлжөөнд буух үед тэр үхэрнүүд хайчсан нь мэдэгдэхгүй алга болсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 10-ны үеэр 7 тооны монголын үхэр ирсэн. Тэр үхэрнүүд одоо Соёо гэдэг газар Батмөнх гэдэг айлд байгаа. Хүрэн үнээг нь намаржаанд байхад чоно хазаад барьчихсан байхаар нь хүнсэндээ хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Наадмын үеэр байх манай голд 7 тооны улаан голдуу зүстэй хар халзан тугалтай үхэрнүүд хаанаас ирсэн юм мэдэхгүй бараг зусаж намаржсан. Тэр үхэрнүүдийг Батаажий гэдэг айл хашиж хариулаад байсан. 8 дугаар сард жимсэнд яваад 9 дүгээр сарын эхээр ирэхэд тэр үхэрнүүд байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайхыг намаржаан дээр байхад манайхтай хамт байсан айлын цаад талын хашаан дээр 7 тооны үхэр хээр хоносон байсан. Тэр үхрүүд нь манай эндхийн үхэр биш байсан. Энд угаасаа монгол үхэртэй айл ховор байдаг...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-28 дугаар хуудас/,
Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сард наадмын дараа манай зуслангийн гадаа алаг бүдүүн монгол үнээ 2, улаан хүрэн монгол үнээ, хар халзан шүдлэн гунж, нэг халзан тугал 2 бор шаргал тугалтай нийт 7 тооны үхэр ирээд манай үхэрнүүдтэй нийлсэн байсан. Би эзнийг иртэл манай үхэрнүүдтэй явж байг гэж бодсон боловч надад ажил гараад хадам дүү маань өнгөрсөн тул ажил явдалд оролцоод ирэхэд уг үхэрнүүд алга болсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-31 дүгээр хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын үед байхаа би нутгийнхаа Батаажий буюу Баярсүрэнгийнхээс бух авах гээд очиход манай хашаан дээр хэдэн монгол үхэр ирээд удаж байна үхэр асууж сурсан хүн байна уу гэхээр нь мэдэхгүй асууж сураж бая гээд бухаа авсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-36 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 39 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Д.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1738003340077 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Д.Т нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 51 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Л.М нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1738003340077дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Тыг алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1738003340077 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР