Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2025/0394

 

 

    2025         05           21                                  128/ШШ2025/0394

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б.У******* /РД:У*******/,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.С /ШТЭД:2150/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д.

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 10-17/818 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.У*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Иргэн Б.У*******т Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/253 дугаар захирамжийг үндэслэн тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт амралт сувиллын зориулалт бүхий 13248 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар 2014 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн 0004 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу олгосон.

1.2. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 10-17/818 дугаар албан бичгээр “газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”-ийг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг мэдэгджээ.

1.3. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01-06/7193 дугаар албан бичгээр иргэн Б.У*******т Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох нөхцөл бүрдсэн талаар мэдэгджээ.

1.4. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн А/343 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн “... Нийслэлийн 2024 оны төсвийн одоогийн төлөвлөгөөг бүрдүүлэх зорилгоор Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс илүү газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг газрын эрх олгогдох үед мөрдөгдөж байсан аргачлалын дагуу нөхөн төлүүлэх, төлөөгүй тохиолдолд газрын эрхийг цуцлах арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт, даалгасугай” гэснийг хүчингүй болгуулах; Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай албан даалгаврын 1.2, 1.3 дахь хэсгийг хүчингүй болгуулах; Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10-17/818 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн ба 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0117 дугаар шүүгчийн захирамжаар “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/343 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн ...Нийслэлийн 2024 оны төсвийн одоогийн төлөвлөгөөг бүрдүүлэх зорилгоор ...Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс илүү газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг газрын эрх олгогдох үед мөрдөгдөж байсан аргачлалын дагуу нөхөн төлүүлэх, төлөөгүй тохиолдолд газрын эрхийг цуцлах арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт даалгасугай гэснийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай албан даалгаврын 1.2, 1.3 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж,

1.5. Нэхэмжлэлийн үлдэх “Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 10-17/818 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргад холбогдуулан  захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Б.У*******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Б.У******* миний бие Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 178******* дугаартай 13237 м.кв талбай бүхий амралт, сувиллын зориулалт бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2014 оны А/253 дугаар захирамжийг үндэслэн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг авч, зориулалтын дагуу аялал жуулчлалын бааз амрагчдын байр сууц, боловсон жорлон болон "УБЦТ" эрчим хүчний газраас цахилгаан татуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг тухайн газартаа хийгээд явж байна.

Хан-Уул дүүргийн Газрын албанаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын №12/39 тогтоолын дагуу 2022 оны газрын төлбөрийн татварт жилд 6,353,760 төгрөг төлөх болсныг надад мэдэгдсэн бөгөөд дахин 2023 оны газрын төлбөрийн татварт 6 дугаар бүсчлэлээр бодсон гээд анхны гэрээний төлбөрөөс 24 дахин ихэсгэж жилдээ 12,707,520 төгрөг төлөхийг шаардсан тул нэхэмжлэгч миний бие Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд газрын төлбөрийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын №12/39 тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 128/ШЗ2024/2050 дугаартай шүүгчийн захирамж гарч, шүүхэд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Гэтэл Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 08 дугаар 21-ний өдөр 10-17/818 дугаартай мэдэгдэл ирүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар гаргасан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А307, А/309, А/915, 2024 оны А/343 дугаар захирамжуудын дагуу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан "дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчим”-ыг баримтлалгүйгээр олгогдсон “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”-ийн төлбөр 81.539.920 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахгүй бол Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгджээ.

Энэхүү мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн бөгөөд миний бие 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан болно. Иргэн Б.У******* миний бие дээрх газрыг 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Д.О*******э гэдэг хүнээс шилжүүлэн авсан бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/96 дугаар захирамжийг үндэслэн Д овогтой О*******эд 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 000303996 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан бөгөөд 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш Д.О*******э Хан-Уул дүүргийн газрын албанд газрын төлбөрийг төлж байсан баримтууд миний газрын хувийн хэрэгт авагдсан байгаа болно.

Өөрөөр хэлбэл, 2009 онд газрын дуудлага худалдаа зохион байгуулах журам, нөхцөл гэж байгаагүй буюу тухайн үеийн газар эзэмшүүлэх шалгуурын дагуу газар эзэмшиж авсан. Үүнийг хууль ёсны гэж үзэж миний бие 2014 онд бусдаас шилжүүлэн авсан. Газар эзэмших эрх 2009 онд анх үүссэн. Хариуцагч нарын баримталсан Нийслэлийн засаг даргын 2013 оны А307, А/309, А/915 дугаар захирамжууд нь өнөөдөр хүчин төгөлдөр бус, Нийслэлийн засаг даргад газрын дуудлага худалдаа явуулах талаар журам батлах, хэрэглэх эрх байхгүй. Гэтэл дур мэдэн хүчингүй, эрх зүйн үр дагаваргүй баримтыг үндэслэн газар эзэмшигчдээс үндэслэлгүй "мөнгө" гаргуулахаар шаардаж, төсөв бүрдүүлэх гэх зорилгоор төрийн дарамт үзүүлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Монгол Улсын иргэний хувьд хуулийн дагуу газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлж 2014-2024 оны хооронд ямар нэг зөрчил гаргаагүй, гэрээний үүргээ бүрэн хэрэгжүүлж ирсэн байхад энэ мэтээр шалтаг, шалтгаан үндэслэлгүй үүсгэж дарамталж байгааг шүүх хүлээн авч яаралтай шийдвэрлэж, Нийслэлийн Засаг дарга, түүний харьяа байгууллагуудын хууль бус үйлдэл, үйл ажиллагааг таслан зогсоож шаардлагатай байна.

Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10-17/818 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд, мэдэгдэл гэх нэртэй энэ сүрдүүлэг, заналхийлсэн агуулгатай "Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ"-ийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг үүгээр мэдэгдье гэж дурдсан. Анхны дуудлага худалдааны үнийг төлөх үүрэг үүсээгүй, энэ баримталсан журам хүчингүй, хууль бус журам тул миний бие анхны дуудлага худалдааны үнийг төлөх ямар ч үндэслэл байхгүй, хэн нэгэн дурын улс төрчийн шийдвэрээр иргэдийн газар эзэмших эрхийг дураараа цуцлах, хүчингүй болгохоор айлган сүрдүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа энэ мэт хууль бус үйлдлийг үл тэвчиж маргаж байх шаардлагатай гэж үзсэн юм. Захиргааны байгууллага, албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан үндсэн зарчмуудыг бүгдийг нь зөрчиж “Төсөв” буюу өөрсдийн зарцуулах мөнгө, хөрөнгийг нэмэгдүүлэхээр улайран иргэдийн газрын булаах, сүрдүүлэх арга хэрэглэж үйл ажиллагаа явуулж байгааг Шүүхээс таслан зогсоож өгөхийг хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Маргаан бүхий мэдэгдлийг хүлээн аваад зохих журмын дагуу шүүхэд хандсан. Миний хувьд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонгинын амралтын баруун талд арван 13048 м.кв 1.3 га газрыг амралт сувиллын зориулалтаар 2014 онд Д.О******* гэдэг анхны эзэмшигчээс нь шилжүүлж авч байсан Д.О******* хувьд 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш энэ газрыг эзэмшиж байсан. Хавтаст хэрэгт энэ хүний газрын төлбөр төлж байсан баримтууд байдаг. Ингээд 2014 онд Д.О*******э гэрчилгээг дахин шинэчилж 2014 оны 06 дугаар сарын 10-ний өдөр 0033996 дугаартай газар эзэмших гэрчилгээг тус өдөртөө гаргуулж 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр надад шилжүүлсэн. Гэрчилгээ шинэчлэх тухайн үед Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба дуудлага худалдааны анхны үнэ болох 81,000,000 төгрөг төлөх ёстой газар гэж огт ярьж байгаагүй. Тухайн үед би бүх хүсэлтээ өгөөд хууль журмын дагуу Д.О*******э гэдэг хүнээс худалдаж авч байсан 2014 онд 81,000,000 төгрөг гэсэн бол байж болно. Хэрвээ би мэдчихээд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 онд хүргүүлж байгаа мэдэгдлийн дагуу мэдсэн байсан бол энэ газрыг тухайн үед төлбөр мөнгөө төлж байшин бариулж, тог татуулахгүй байсан. 2019 онд Ковид-19 цар тахал гарсан хүнд хэцүү үе байсан. 2019-2021 оны хооронд миний бие газар эзэмшиж газар дээрээ үйл ажиллагаа эрхэлж, газрын татвараа төлөөд явж байсан. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 1239 дугаар захирамж гарсан. 1 жилд 530,000 төгрөгийн газрын төлбөр төлдөг байсан ч 24 дахин нэмэгдүүлээд 12,707,000 буюу 12 дахин нэмсэн мөнгийг надаас шаардсан. Өнөөдрийн байдлаар 4 жилийн төлбөрт 50 гаруй сая төгрөг нэхчихсэн явж байна. Миний бие энэхүү 1239 дүгээр захирамжид захиргааны хэргийн шүүхэд анх маргасан.

Захиргааны хэргийн шүүхэд маргаж байхад Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дуудлага худалдааны үнийг төлсөн үү гэж асуусан. Төлөөгүй, мэдэгдэл ирээгүй гэж хэлсний дараа мэдэгдэл ирж байсан. Ерөнхийдөө намайг нэлээн их дарамталж, шахаж үзсэн гэж ойлгож байна. Ковид-19 цар тахлын үед маш хүнд байдалд юу ч ажиллуулж чадахгүй хэд хэдэн удаагийн хөл хорионд орчихсон байсан. 2023 онд Био контейнер үерт автаж байсан. Энэ үерт манай газар ч бас нэрвэгдсэн. Миний хувьд 2023 он хүнд үе байсан. Би хань ижлээ алдсан, зээл олдох ямар ч боломжгүй үед газрын төлбөр 50 гаруй сая төгрөг мөн дуудлага худалдаа нь 81,000,000 төгрөгийг яаж төлөөд жижигхэн амралтыг цааш нь авч явах учраа олоогүй тэр нэг тог татуулсан мөнгө тэр барьсан барилгыг би банкнаас зээл авч чадахгүй учраас ах дүү нараас зээл авсан одоо хүртэл би төлөөд явж байна. Хүндрэлд орчихсон ард иргэд, аж ахуйн нэгжийг ямар ч эдийн засгийн судалгаагүй, эрх ашгийг нь зөрчсөн мэдэгдэл өгч байна. Мэдэгдэл гэж харагдаж байгаа боловч хэрвээ төлөхгүй бол газрын гэрчилгээ цуцална гэсэн үг юм. Би судалж үзэхэд дуудлага худалдааны үнийг төлөөгүй гэрчилгээгээ цуцлуулчихсан иргэд захиргааны шүүхээр явж байсны нэг нь би болох юм байна гэж бодоод урьдчилаад шүүхэд хандсан. Урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгчээс намайг энэ юмнуудыг судлаарай гэсэн тул би олон хоног өмгөөлөгчөөрөө дамжуулж судалсан.

2013 оны А307, А/309, А/915 дугаар мэдэгдлийн үндэслэл болсон захирамжууд нь эрх зүйн зөрчилтэй. Нийслэлийн Засаг даргын А307 дугаар газрын харилцааны талаарх арга хэмжээ авах тухай энэхүү захирамжийг харсан. Үндэслэлийн тухайд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 18-ны 5/39 дүгээр тогтоолыг үндэслэсэн байсан. Энэхүү мэдэгдэлд А307 дугаар захирамжийг дурдсан учраас би А307 дугаар захирамжийг судлахаас өөр аргагүй байсан. Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалыг Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 234 дүгээр тушаалаар хүчингүй болгосон. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолыг үндэслэсэн байтал давж заалдах шатын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 12-ны өдөр магадлал гарсан. Энэхүү магадлалын утга нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газрын тухай хуулийн 6.3 болон 7.1.3-т заасан итгэлцүүр, тоон утга хэрэглэх, газрын зааг хязгаар тогтоосон, эрх хэмжээгүй этгээд захиргааны акт гаргасан гэх үндэслэл болоод тухайн актыг илт хүчин төгөлдөр бус гэж үзээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөртөө дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн эрх хэмжээг шилжүүлж авах эрхийг бий болгоогүй байна гэж үзээд дахин шинэ акт гаргуулахаар шийдвэрлэсэн.

Мөн Нийслэлийн Засаг засаг даргын А307 дугаар захирамжийн 1.4 дэх хэсгийг 2013 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 915 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Иймд А307 дугаар захирамжийг мэдэгдэлд үндэслэх нь хууль бус байна.  А309 дүгээр захирамжийн хувьд Барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалыг тус тус үндэслэж гаргасан. Би түрүүн ярьсан 206 дугаартай аргачлал батлах тухай газар эзэмших, ашиглах, эрх хөрөнгө худалдааны анхны үнийг тодорхойлох тушаал нь 2015 оны 234 дүгээр тушаалаар хүчингүй болсон. Энэ тушаалын 2 дахь хэсгийг нь мөн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 915 дугаар тушаалаараа хүчингүй болгосон. Би 2 дахь хэсгийг нь уншиж байна. Энэ нь 2010 оны 204 дүгээр тушаалаар баталсан аргачлалын дагуу тодорхойлж төлбөрийг авч төвлөрүүлэхийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт үүрэг болгосон.  Бусад нь 2013 оны 1 дүгээр заалтад нэгтгэсэн гэсэн үг юм байна.

 2013 оны А/915 дугаар захирамжийг бас харсан. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай гэсэн байна. Үндэслэх хэсэгт дахиад 2010 оны 206 дугаар тушаалын 4 дүгээр заалтын 4 дэх хэсгийг үндэслэж захирамжийг гаргасан байна. Гэтэл энэ захирамж 2015 оны 234 дүгээр захирамжаар хүчингүй болсон. А/915 дугаар захирамжийг харсан хэсэг нь 1.3 дахь заалтад жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалаар тогтоосон төлбөрөөс 30-аас дээш хувийг төлсөн тохиолдолд газар эзэмшигч, ашиглагчдын үлдсэн төлбөрийг нь барагдуулах талаар газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг доор дурдсан нөхцөл бүхий заалтыг оруулж байна гэснийг уншиж үзэхэд ялгаварлан гадуурхалт явагдаж байна гэж харж байна. Б хэсэгт 3 га ба дээш хэмжээний газар дээр орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлэгч этгээдтэй газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулснаас хойш 3 хүртэл жилийн дотор төлбөр гаргуулна гэж заасан. Надад энэ боломжийг олгоогүй 08 дугаар сарын 21-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр гээд маш богино хугацаанд төлөхгүй бол газрыг хураана гэсэн захирамж ирчихсэн байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр адил тэгш эрхтэй, хууль хүн бүхэнд ажилд адил тэгш эрхтэй үйлчилнэ гэж заасныг зөрчиж байна. 1.3 га газарт нь би ороогүй гэж үзэж байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 234 дүгээр захирамжийг мэдэгдлийн үндэслэх хэсэгт дурдсан байсан. Урьдчилсан хэлэлцүүлэгт ямар аргачлалаар бодсон бэ гэдгийг нь харахад захиргааны хэргийн шүүхэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нотлох баримтаар ирүүлсэн байсан. 2007 оны 136 дугаар тогтоолыг баримталж 81 сая төгрөгийг бодсон байсан. Тус тогтоол нь хүчингүй болчихсон.  Үүнийг 2024 оны 342 дээр зааж анх газар олгогдсон үеийнх нь үнэ ханшаар нь тооцож авна гэсэн. Хуулийг буцааж буцааж хэрэглэхдээ хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг л хэрэглэдэг гэж үзэж байна. Яаж бодох хүчингүй болгосон аргачлалаар м.кв нь 8,800 төгрөгийн аргачлалаар ингэж бодоод байгаа нь би хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэхээр дуудлага худалдааны үнэ авах бол өнөөдөр хүчин төгөлдөр байгаа тогтоол, журмын хүрээнд авах байх гэж бодож байна. Өнөөдөр эдийн засгийн байдал сайжраагүй байна. Үйл ажиллагаа доголдчихсон. Манай Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо нь төв замаасаа хол, шороон замтай юм. Үйлчлүүлэгч жилийн 4 улиралд ирэхгүй зөвхөн 3 сар л ирэх боломжтой. Ийм хүнд нөхцөлтэй инженер техникийн боломжгүй газар надаас их хэмжээний мөнгө нэхэж байгааг нь би хууль бус гэж үзэж байна. Ялангуяа 81 сая төгрөгийг 2007 оны 136 гэсэн аргачлалаар бодсон байгаа нь хүчингүй болсон. Хүчингүй болсныг Нийслэлийн Засаг дарга мэдсээр байж анх олгогдсон үеийнх нь газар гэдгийг мэдэж байгаа юм бол би 2009 оноос хойш 5 жилийн дараа Д.О*******э гэдэг хүнээс авсан. 5 жилийн дотор Д.О*******ээс яагаад нэхээгүйг би ойлгохгүй байна. Үнэнийг хэлэхэд хөөн хэлэлцэх хугацаа аль ч хуульд байдаг. Яагаад тухайн цуг хугацаанд хэрэгжүүлээгүй тушаал, шийдвэрийг өнөөдөр надад хүндрэл учруулан хэрэгжүүлж байгааг нь ойлгохгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн 2024 оны 08 дугаар сарын 21-ны өдөр надад ирүүлсэн энэхүү мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 онд Захиргааны ерөнхий хууль батлагдсан, захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг баримтлах ёстой. Гэтэл Захиргааны ерөнхий хуульд шийдвэр гаргах үйл ажиллагаа болон шийдвэр гаргахтай холбоотой баримтлах зарчмуудыг тодотгож хуульчилж өгсөн. Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэдэгдлийн тухайд тайлбарлаж байгаагаар мэдэгдэл гэж хэлж байгаа хэдий ч үр дагавар үүсгэж байгаа юм. Учир нь нэхэмжлэгчид өгсөн байгаа 10 дугаар сард нэхэмжлэл гаргасны дараа өгсөн албан бичигт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-т заасны дагуу газар цуцлах нөхцөл байдал бүрдчихсэн байна гэж дурдсан. Тэгэхээр энэ нь хэрвээ нэхэмжлэгчийн газрыг цуцлах нөхцөл байдлыг ярих юм бол ер нь цаашдаа энэ хүний газар цуцлагдах юм байна гэж ойлгож болно.

Газар гэдэг нь тодорхой эдийн засгийн үнэлгээтэй гэхдээ төрийн байгууллагууд нь ерөөсөө тодорхой газрын эдийн засгийн үнэлгээг нарийвчилж авахгүй байна. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн Яармагийн урд талд барилга барьж буй 1.3 га газар гэдэг нь магадгүй хариуцагчийн үнэлж байгаа шиг 1 юм уу 2 тэрбум төгрөгийн үнэтэй газар юм. Тодорхой татварыг авах боломжтой. Тухайн хүмүүс нь газрын эдийн засгийн үнэлгээ инженерийн шийдэл, дэд бүтэц бүгд орчихсон, халуун хүйтэн ус холбогдох боломжтой. Мөн сургууль цэцэрлэг барилгууд барьж зарж байгаа учраас үнэлгээ өндөр байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн байгаа газар нь тийм биш юм. Нэхэмжлэгчийн газар нь Яармагаас 2 уулын цаана хэзээ ч дэд бүтэц, халуун ус очихгүй, хэзээ ч цахилгаан очихгүй, тогийг өөрийн мөнгөөр татсан. Бусад төрлийн сургууль цэцэрлэг байхгүй. Зөвхөн аялал жуулчлал, сувиллын зориулалтаар ашиглана. Гэхдээ сувиллын зориулалтаар Улаанбаатар хотыг тойрсон эдийн засгийн ашигтай цэгүүд байдаг. Жишээлбэл хамгийн ашигтай цэг нь тэрэлж юм. Тэрэлжид байгаа газар нь нэхэмжлэгчийн газраас хамаагүй үнэтэй. Учир нь илүү олон зам, олон хүн очдог. Гэтэл нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газар нь  маш хойгуур орох зэрэглэлийн аялал жуулчлалын анхаарал татдаг бүс биш юм.

Энэ газрыг нэхэмжлэгч нь 2014 онд анхны эзэмшигчээс шилжүүлж авсан. Тухайн үеийн Хан-Уул дүүргийн Засаг дарга газар зохион байгуулалтын алба нь хууль ёсны гэж үзээд шилжүүлсэн. Газрын тухай хууль болон бусад хуульд заасны дагуу төрийн байгууллага нь шийдвэр гаргахдаа тухайн эрхийг шилжүүлж байгаа бол анх хууль зөрчсөн эсэхийг нь шалгаад өмнөх эзэмшигч нь хуулийн дагуу эзэмшиж байсныг тогтоогоод дараагийн хүнд хуулийн дагуу шилжүүлдэг. Энэ нь нэг талаасаа Б.У******* гэдэг хүнийг төрийн байгууллага энэхүү шалгалтаараа хамгаалж байна гэж бид ойлгодог. Гэтэл 2014 онд шилжүүлэхэд хуулийн дагуу ямар ч хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэж шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгчид шилжүүлсэн баримт бичиг засаг даргын захирамж, газар зохион байгуулалтын албаны өгсөн гэрчилгээ, гэрээ энэ бүхнийг үндэслэж төлбөрөө төлчихсөн мөн хөрөнгө оруулалт хийж дэд бүтэц татсан, барилга барьсан, хашаа барьсан. Энэ бүхэнд нэхэмжлэгчээс зардал гаргаж тодорхой үйл ажиллагаа явуулж бизнес эрхлэх гэж байна. Гэтэл гэнэт Улаанбаатар хотын тухайн дүүргийн засаг дарга нар нь ямар хүн байхаас шалтгаалж хууль тогтоомж янз бүрийн байдлаар хэрэгжиж байгаа нь өнөөдрийн жишээ болох энэ асуудал юм.

Х.Нямбаатар Засаг дарга болоод мега төсөл хэрэгжүүлэхэд улсын төсөв дутсан болохоор төслийг хэрэгжүүлэхийн тулд Улаанбаатар хотод газар эзэмшиж, ашиглаж байгаа бүх хүний татварыг нэмсэн, төлөх ёстой болсон. Хэдэн тэрбум төгрөгийн мега төсөл хэрэгжүүлэхээр ярьж байна. Тэр болгоны эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Газрын тухай хууль гарснаас хойш Улаанбаатар хотод газар эзэмшиж буй бүх эзэмшигчээс газрын дуудлага худалдааны анхны мөнгө төлөөгүй гэх үндэслэлээр өндөр төлбөр нэхэж байна. Гэхдээ үүнийг бүх хүнээс шаардахгүйгээр хэд хэдэн хүн сонгон авсан. Сая хэлсэнчлэн Б.У******* нь тухайн үедээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай газрын төлбөртэй холбоотой асуудлаар маргаж байхад хашраая гээд үүнийг сонгож авч хэрэглэж байна. Ямар нэгэн захиалгатайгаар сонгож авсан. Бүх хүнд хаягласан гэж байгаа боловч Хан-Уул дүүрэгт байх бүх аж ахуйн нэгжид мэдэгдэл явуулаагүй. Б.У******* нь хариуцагчийн шийдвэрийг биелүүлэхгүй маргаж байсан учраас энэ мэдэгдлийг хүргүүлсэн гэж ойлгож байна. Өнөөдрийн байдлаар та бүхэн дуудлага худалдаа зарлаад энэ газрыг 81,000,000 төгрөгийн анхны үнэтэйгээр зарлаад үзэхэд ямар ч хүн урьдчилсан энэ 81,539,000 төгрөгийг төлөөд дуудлага худалдаанд оролцож газрыг авахгүй. Учир нь хариуцагчийн тооцож буй  эдийн засгийн үнэлгээ буруу, эдийн засгийн судалгаагүй. Эдийн засгийн үнэлгээ судалгааг Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Геодези, зураг зүйн газар гаргах ёстой. Хууль нь 1999 онд батлагдсан ч судалгаа гаргах журам нь 20 жилийн дараа 2018 онд анх Засгийн газраас батлагдсан. Журмын дагуу өнөөдрийг хүртэл нэг ч удаа газрын эдийн засгийн судалгааг хийж байгаагүй. Журамд эдийн засгийн судалгааг хийж олон нийтэд ил тавина гэж заасан. Хариуцагч байгууллага нь газрын хэрэг маргаанд оролцож байхдаа эдийн засгийн судалгаа хэзээ, хаана гараад яачхав гэдгийг маш олон удаа асуусан ч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас гаргаагүй. Журамд ил тавина гэдэг зохицуулалт байдаг. Хариуцагчаас хуульч нь ирсэн байна. Хууль эхэлсэн болон дуусах хооронд л хэрэгждэг. Гэтэл энэхүү мэдэгдэл болон Нийслэлийн Засаг даргын үйлдэл нь хэрэгжиж дууссан нь хамаарахгүйгээр тухайн үед үйлчилж байсан журмыг үндэслэж нөхөж авах гэж байна.

Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой аль зарчмыг баримталж байгааг тодорхой тайлбарлах ёстой. Тэгэхгүй бол урьд өмнө нь байгаагүй зарчмыг баримталж байгааг нь ойлгохгүй байна. Мөнгөн төлбөр гэдэг нь хүний эдийн засагт шууд нөлөөлдөг. Нэхэмжлэгчийн энэ хэмжээний татвар төлөх юм бол зараад өгье гэсэн ч хүрэхгүй юм. Нэхэмжлэгчийн бизнесийн үйл ажиллагааг шууд зогсоох шинжтэй мэдэгдэл, үйл ажиллагааг гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймд гаргаж буй шийдвэр, үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцээгүй мэдэгдэлд үндэслэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны А/253 дугаар захирамжаар тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Буузгарын У*******т амралт сувиллын зориулалттай 178******* нэгж талбарын дугаар бүхий 13248м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу газрын кадастрын нэгдсэн системд усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэгдсэн байна. Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар гарсан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А307, А/915, 2024 оны А/343 дугаар захирамжуудын дагуу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан "Дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулах зарчим"-ыг баримтлалгүйгээр олгогдсон "Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ"-ийн төлбөр төлөөгүй газар эзэмшигч, ашиглагч нараас төлбөрийг нөхөж төлүүлэн зөрчлийг арилгах, төлөөгүй тохиолдолд газрын эрхийг цуцлах арга хэмжээг авч ажиллаж байна. Газрын тухай хууль 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан бөгөөд 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс даган мөрдөгдөж байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар зөвхөн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ", 36 дугаар зүйлийн 36.1-т “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга тогтооно" гэж заасан байдаг.

Иргэн Б.У*******т эзэмшүүлсэн газар нь анх эрх олгогдохдоо "дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгогдоогүй" тул хуулийн хэрэгжилтийг хангуулахаар мэдэгдэл хүргүүлсэн. Тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн Б.У*******т 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10-17/818 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийн төлбөр болох нийт 81539920 /Наян нэгэн сая таван зуун гучин есөн мянга есөн зуун хорин/ төгрөгийг Төрийн сан-100200000967 (НТГ.Газрын дуудлага худалдааны орлого) Дансанд 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна уу" гэсэн мэдэгдлийг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шуудангаар хүргүүлсэн” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Анх 2008 оны Хан-Уул дүүргийн Засаг даргын А/398 дугаар захирамжаар тус дүүргийн 12 дугаар хороонд 10 мянган м.кв газрыг Д.О*******эд амралт сувиллын зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэж байсан. Үүний дараа 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/96 дугаар захирамжаар талбайн хэмжээг 13248 м.кв болгож газар эзэмших хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна. Ингээд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/253 дугаар захирамжаар тус газрын газар эзэмших эрхийн нэр шилжиж нэхэмжлэгч Б.У*******т эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын аргаар олгоно. Энэ зарчмыг Засгийн газраас баталсан аргачлал журмын дагуу явуулна” гэж хуульчилсан боловч тухайн үеийн захиргааны байгууллагын шийдвэр хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасны дагуу хүчингүй болгох үндэслэл бүхий захиргааны актууд тухайн үедээ гарсан байна. Одоо Газрын тухай хуулийн 61.1.1-д заасныг дагуу тус газрыг шууд хүчингүй болгох нь газар эзэмшигч нарын эрхийг зөрчихөөр байна гэж Нийслэлийн Засаг даргаас үзсэн. Энэхүү зөрчилтэй захиргааны аудитын зөрчлийг арилгуулахаар захирамж гаргасан. Тухайн үед хэдийгээр дуудлага худалдааны үнийг төлөөгүй хууль бусаар тухайн газар эзэмших эрх олгогдсон боловч үүнийг тухайн үеийн аргачлалаар тухайн үеийн үнэлгээгээр нөхөж төлсөн тохиолдолд цуцлахгүй үргэлжлүүлж, эзэмшүүлээд явах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн үндсэн дээр дуудлага худалдааны үнээ төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж энэ хууль журмыг баримтлахыг шаардсан мэдэгдэл хүргүүлсэн байна. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа буюу дуудлага худалдааны үнэ төлөхөд татгалзах ямар нэгэн зүйл байгаа эсэх, хариу тайлбар, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх нөхцөл байдлыг илрүүлэх зорилготой болохоос тухайн иргэний газрыг шууд цуцалсан үр дагавар агуулаагүй гэдгийг дурдах нь зүйтэй.

Хэрэв нэхэмжлэгч талаас одоогийн газрын үнэлгээгээр тооцох, хууль буцаан хэрэглэх зарчмыг дурдсан. Захиргааны байгууллагаас хуулийг буцаан хэрэглэж нэхэмжлэгчид өмнөх аргачлалын дагуу тооцож худалдааны анхны үнийг төлүүлэх нь нэхэмжлэгчид ашигтай гэж үзсэн тул энэ аргачлалаар тооцож Засгийн газрын 2018 оны 208 мөн 182 дугаар тогтоолоор батлагдсан газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ тогтоох аргачлалын дагуу тооцвол нэхэмжлэгчийн газар нь 06 дугаар бүсэд хамаарч байгаа буюу 1 га газрын 960,000,000 төгрөгийн үнийн үнэлгээтэй газар байна. Энэ итгэлцүүрээр 0.75 гэж тооцвол 960,000,000 сая байна.  еgazar.gov.mn цахим сайтаас харахад яг энэ үнэлгээгээр байна. Иймд тухайн үеийн үнэлгээгээр 81,539,000 төгрөгийг төлсөн тохиолдолд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасны дагуу цуцлах үндэслэлгүй болох юм байна гэж мэдэгдэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхолд сөргөөр гэхээсээ илүү эергээр нөлөөлөх шийдвэр байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэгч талын дурдсан хүчингүй болсон тогтоол шийдвэрүүдийг үндэслэж эзэмшсэн талаар манай хуулийн мэргэжилтэн сая хэлчихсэн. Тэгэхээр мөрдөж буй актууд нь хүчингүй болсон тухайд тайлбар хэлье. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газрын төлбөр тооцох итгэлцүүр, бүс бүсчлэлийн тухай тогтоолын анхны суурь нь 1998 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан байдаг. 1998 оноос хойш хүмүүсийн хэлж буйгаар суурь үнийн үнэлгээ 20 жил өөрчлөгдөөгүй байж байгаад 2018 онд суурь үнийн үнэлгээ нь өөрчлөгдсөн. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолууд нь олон жилүүдэд бүсчлэл нь өөрчлөгдөж ирсэн.

Нэхэмжлэгч талын дурдаж буй дуудлага худалдааны үнэ нөхөн төлүүлэх тухайн үеийн дүүргийн засаг даргын захирамжаар иргэдэд давуу эрхтэйгээр дуудлага худалдаа, төсөв сонгон шалгаруулалтын зохицуулалт байсан ч дуудлага худалдаа явагддаггүй байсан. Дүүргийн Засаг даргын захирамжаар дуудлага худалдаа зарлахгүйгээр иргэдэд олгосон газруудыг нөхөж авах Нийслэлийн Засаг даргын захирамжууд тухайн онуудад гарч байсан. Төлбөр барагдуулах ажиллагаа дүүргүүдэд явагдаж байгаад хамгийн сүүлд 2024 оны Нийслэлийн Засаг даргын А/343 дугаар нөхөн төлүүлэх захирамж гарсан байдаг. Нэхэмжлэгч талын ярьж буй Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны тус бүс нь 2022 оноос ундны усны хамгаалалтын бүсэд ордог газар болсон. Мэдээллийн egazar.gov.mn гэж цахим системийг өргөтгөж байгаатай холбогдуулан иргэд өөрсдөө газрын талаарх бүх мэдээллийг тогтмол шинэчилж байгаатай холбоотойгоор 2022 онд ундны усны хамгаалалтын бүст орж ирсэн. Энэ бүсэд орсонтой холбоотойгоор нэхэмжлэгчийн газрын төлбөр нэмэгдсэн.

Нэхэмжлэгчийн маргаж буй хэрэгт хавсаргасан гэрээ нь 2014 онд байгуулагдсан. Үүнээс хойш 2015 онд аргачлал хүчингүй болж, өөрчлөгдсөн. Газрын тухай хуулиар гэрээ, гэрчилгээгээ өөрсдөө тогтоол шийдвэр шинэчлэхэд газар эзэмших гэрээг шинэчлэх ёстой байсан. 2014 оноос нэхэмжлэгчийн гэрчилгээ материалд хавсаргасан ногоон гэрчилгээ байгаа тохиолдолд гэрчилгээ бол аль хэдийн байхгүй болсон. Цахим гэрчилгээтэй болсон гэх мэт газрын тухай тогтоол шийдвэрүүдийн өөрчлөлттэй холбоотойгоор нэхэмжлэгчийн газар эзэмшихийн тулд жил, улиралд төлдөг төлбөр нь нэмэгдсэн. Төлбөр нь жил ирэх тусам нэмэгдэж байсан ч энэ төлбөр нь жилд ундны усны бүсэд орсон бол 2 дахин, ойн хамгаалалтын бүсэд орсон бол 3 дахин үрждэг. Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуулиар газрын төлбөр нь өөрчлөгддөг. Дуудлага худалдааны анхны үнийн талаар манай хуулийн мэргэжилтэн тайлбарласан. Тухайн үед Д.О*******э гэж хүнээс эрх шилжүүлж авсан түүхчилсэн лавлагааг хараад 2008 онд анх олгогдож байсан. Олгогдож байх үед мөрдөгдөж байсан 2007 оны 136 дугаар тогтоолоор дуудлага худалдааны аргачлалаар үнийг бодсон. Нэхэмжлэгчид эдийн засгийн хувьд ачаалал болохгүй гэж нөхөн авч байгаа гэсэн утгаар 81 сая төгрөг нэхэмжилж байгаа боловч уг газар нь бүс, бүсчлэлээрээ ундны усны хамгаалалтын бүсэд орсон учраас 2 дахин нэмэгдсэн.  Нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын зураг нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хандаж нөхөж орсон зураг байсан. Мэдээллийн санд яагаад нөхөж оруулж, мэдээллийг шинэчлээгүй байсныг мэдэхгүй байна. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь 2021 эсхүл 2022 онд цахим системд ундны усны бүсчлэлд орсноос хойш орсон. Ингээд төлбөр нь нэмэгдсэн. Газрын төлбөрийн хувьд Газрын тухай хуулийн 1.5-т газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хүчингүй болгоно гэж заасан байдаг учраас Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг дурдсан” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч нь иргэн Д.О*******ийн эзэмшилд байсан хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн 00030396 дугаар гэрчилгээтэй газар эзэмших эрхийг 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн түүнтэй байгуулсан гэрээний дагуу шилжүүлэн авахаар хүсэлт гаргаснаар нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/253 дугаар захирамжийн хүрээнд баталгаажуулж, нэгж талбарын 8027/5152 дугаарт бүртгэн, 0004 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаар Хан-УУл дүүрэг, 12 дугаар хороо, Сонгинын амралтын баруун талд 13248 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, амралт сувиллын зориулалтаар эзэмших эрхтэй болсон ба эдүгээ хүртэл уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж байгаа, газрын эрхийг дуусгавар болгож, гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр, үйл баримт байхгүй байна.

3. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 10-17/818 дугаар албан бичгээр нэхэмжлэгч иргэн Б.У*******т хандан: “Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар гарсан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309, А/915, 2024 оны А/343 дугаар захирамжуудын дагуу ...арга хэмжээ авч ажиллаж байгааг дурдаад нэхэмжлэгчийн эзэмшиж буй 13237 м.кв газрын “газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”-ийн төлбөр болох 81,539,920 төгрөгийг газрын дуудлага худалдааны орлогын дансанд 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”-ыг мэдэгдсэнээр,

4. Нэхэмжлэгч нь дээрх албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, “тухайн цуг хугацаанд хэрэгжүүлээгүй тушаал, шийдвэрийг өнөөдөр надад хүндрэл учруулан хэрэгжүүлж байгааг нь ойлгохгүй байна, мэдэгдлийн дагуу мэдсэн байсан бол энэ газрыг тухайн үед төлбөр мөнгөө төлж байшин бариулж, тог татуулахгүй байсан, ялгаварлан гадуурхалт явагдаж байна гэж харж байна, хүчингүй болгосон аргачлалаар м.кв-ыг нь 8,800 төгрөгөөр бодсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна” зэргээр болон Тодорхойлох хэсгийн 2-т заасан үндэслэлээр маргаж байна.

5. Иргэнд газар эзэмшүүлэх харилцааг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2. “газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, 29 дүгээр зүйлийн 29.1. “иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1. “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1. “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон ...төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, 33.1.2. “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ...дуудлага худалдаа төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” зэргээр зохицуулжээ.

6. Энэ тохиолдолд нэхэмжлэгч иргэн нь дээр дурдсан Газрын тухай хуулийн 29.1-д заасан хэмжээнээс илүү буюу 13248 м.кв газрыг эзэмшиж байгаа болохоо хүлээн зөвшөөрдөг, харин “анх газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа явуулаагүй, ийнхүү дуудлага худалдаа явуулаагүй үеийн ажилтны гэм бурууг хариуцах ёсгүй, дуудлага худалдааны үнэ төлөх ёсгүй, энэ үнийг төлүүлэхээр дүүргийн Газрын алба үүрэг болгох хууль зүйн үндэслэлгүй” зэргээр маргасныг шүүх үндэслэлгүй гэж үзэж, энэ маргааны тухайд хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны зүгээс нэхэмжлэгчид түүний газар эзэмших эрх болон маргаан бүхий асуудлаар харилцах эрхтэй байсан эсэх, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд хариулт өгөхөд байна.

7. Шүүх, газрын дуудлага худалдааны үнийг нөхөн төлүүлэх талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжуудын биелэлтийг хангуулах талаар хариуцагч дүүргийн Газрын албаны даргын зүгээс арга хэмжээ авч албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзэв.

7.1. Хэрэгт нотлох баримтаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/307 дугаар захирамж, мөн Засаг даргын мөн өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамж, мөн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/915 дугаар захирамжуудыг цуглуулсан.

7.2. Тухайлбал, А/915 дугаар захирамжийн нэг дэх заалтаар Газрын тухай хууль зөрчиж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон шийдвэрийг газар эзэмшигч, ашиглагчийн эрх ашгийг харгалзан үзэж, хуульд нийцүүлэн зөрчлийг арилгах ажлын хүрээнд арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Өмчийн харилцааны газар, дүүргийн Засаг даргад тус тус үүрэг болгож, уг заалтын 1.1-д “Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/307, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамжийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг ногдуулахдаа газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гарсан үед мөрдөгдөж байсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”-аар төлбөрийн хэмжээг тогтоож төлүүлэх, ногдуулсан үнийг бүрэн төлсөн болон захирамжийн 1.2-т заасан нөхцөлийг хангасан этгээдтэй газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулах хугацааг сунгаж зохион байгуулах”, 1.4-д “Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээд дуудлага худалдааны анхны үнэ төлж газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээгээ шинэчлэн байгуулах мэдэгдэл хүлээн авсан боловч мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрөө төлж гэрээгээ шинэчлээгүй тохиолдолд өмнө өгсөн хугацаатай адил хугацаагаар дахин нэг удаа мэдэгдэл хүргүүлэх” гэж заасан байна.

7.3. Үүнээс үзвэл, хариуцагч нь Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг биелүүлээгүй хэмээн нэхэмжлэгчийг буруутгахдаа “төлбөрийн хэмжээг тогтоож төлүүлэх”, “мэдэгдэл хүлээн авсан боловч ... адил хугацаагаар дахин нэг удаа мэдэгдэл хүргүүлэх” зэрэг тодорхой зохицуулалтыг хэрэгжүүлэхээр байгаа нь харагдаж, үргэлжлэх үйл явцыг харуулж байна.

8. Иймээс Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар гаргасан дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтны захирамж, даалгаврыг хэрэгжүүлж мэдэгдэл хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн эрхийг шууд зөрчөөгүй, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4. “...дүүргийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна”, 23.4.5. “газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж, ногдуулах” эрхийн хүрээнд ажилласан, уг мэдэгдэл нь “шийдвэр гаргах ажиллагааны явцад сонсох ажиллагааг хэрэгжүүлж гаргасан баримт, үнийн дүн бүхий төлбөрийн талаар тайлбар, саналаа хэлээд явах боломж байсан” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, үүгээрээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1.“гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших” нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5, 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Б.У*******ээс Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргад холбогдуулан гаргасан  “Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 10-17/818 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН