| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/01574/И |
| Дугаар | 192/ШШ2025/02630 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/02630
| 2025 04 03 | 192/ШШ2025/02630 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 3 дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дүгээр байр, 20 тоот Дархан Уул овогт Гантөмөрийн ******* /регистрийн дугаар: УК9*******1*******15/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрчин хотхон ******* дүгээр байр, 24 тоот хаягт оршин суух Боржигон овогт Мөнхбаатарын ******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Хүүхдийн асрамж тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Г.******* нь 2016 оны 08 дугаар сараас эхлэн М.*******тэй танилцаж, дотносоод 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр С.Аримун, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр С.Нинжин нар тэдний дундаас төрсөн. Ийнхүү хамтран амьдрах хугацаанд 2022 онд аав С.Гантөмөр нь орон сууц авч өгснөөр тусдаа амьдрах болсон. Г.*******, М.******* нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, М.******* 2024 оны 05 дугаар сард гэрээсээ явсан бөгөөд түүнээс хойш нэг ч удаа гэртээ буцаж ирээгүй өнөөдрийг хүртэл хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Иргэн Г.*******, М.******* нарын хувийн таарамжгүй харилцаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй нөхцөл үүсэж, хүүхдүүдийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа учир асран хамгаалалтын асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. гэж тайлбарласан.
2. Хариуцагч М.*******д 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Мөнхбаатар овогтой ******* нь иргэн Гантөмөр овогтой *******тэй 2016 оноос танилцаж, 2018 оноос гэр бүл болон хадмын гэрт хамтын амьдралаа эхлүүлсэн. Улмаар хоёул гэр бүл болж амьдрахаар шийдсэн бөгөөд Г.*******ийн өвөө, эмээ, аав, ээж, ах дүүс нь бэр гуйж эцгийн минь голомтод очиж хадаг тавьсан. Энэ байдлыг би хурим хийж гэр бүлээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй ч гэсэн албан ёсны гэр бүл болсон хэмээн бодож байсан. Энэ хугацаанд 2019 онд охин С.Аримун, 2020 онд охин С.Нинжин нар төрсөн. Г.*******ийн аав С.Гантөмөр манай гэр бүлд 3 өрөө орон сууц авч өгч бид өрх тусгаарлан амьдрах болсон. Гэвч бид үргэлж маргалдаж, улмаар Г.******* нь байнга хөөдөг байсан бөгөөд хэрүүлтэй гэрт хүүхэд хараад суух хэцүү байсан тул би 2022 онд ажилд орсон боловч хардалт улам даамжирч, хэл амаар байнга доромжилж цаашилбал удаа дараа надад гар хүрдэг болсон ба эмэгтэй хүмүүстэй холбогдох болсон. Ийм шалтгааны улмаас 2024 оны 05 дугаар сард гэрээсээ явж төрхөмдөө буцсан. Гэсэн хэдий ч Г.******* нь үргэлжлүүлэн намайг хардаж, араас мөшгөх, утсаар байнга дарамтлах, харааж зүхэх, ална хэмээх заналхийлэх болсон. Г.******* нь надад байнгын эрүүл мэндийн гэм хор учруулж, гүтгэх, мөрдөн мөшгөх, бусадтай харьцахыг хориглох, гутаан доромжлох, заналхийлэх зэрэг бие махбодийн болон сэтгэл санаа хүчирхийлэл үйлддэг байсан бөгөөд би 2 хүүхдийн минь эцэг юм даа, засрах байх хэмээн өнөөдрийг хүртэл шүүхэд хандаж байгаагүй болно. Нэхэмжлэлд гэртээ буцаж ирээгүй гэдэг нь худал бөгөөд Г.*******ийг Эрээн хот руу ажлаар явлаа гэхэд нь гэртээ очиж хүүхдүүдээ харж, асарч амьдарч байсан. Мөн хүүхдүүдээ зуны амралт болон цэцэрлэгийн амралтын өдрүүдээр өөрийн асрамжинд байлгадаг болно. Г.*******ийн охин С.Аримун, С.Нинжин нарыг М.*******гийн асрамжинд байлгаж өгнө үү гэсэнтэй санал нэг байна. гэжээ.
3. Хариуцагч М.******* нь нэхэмжлэгч Г.*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Би охидоо өөрийн асрамжинд авах саналтай байна. Иймээс охин С.Аримун, охин С.Нинжин нарыг эх миний асрамжинд үлдээн өгч Г.*******ээс хүүхдийн тэтгэлгийг зохих хууль журмын дагуу гаргуулж өгнө үү. гэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан журмын дагуу төлнө. гэв.
5. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1110510330, 1110510038 дугаар төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0184 дугаар нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл.
6. Хариуцагчаас шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0130 дугаар хариуцагчаас олгосон итгэмжлэл, шүүхэд ирүүлсэн хариу тайлбар.
ҮНДЭСЛЭХ нь:
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч М.******* нар нь 2019 оноос хамтран амьдарч эхэлсэн байх ба энэ хугацаанд тэдний дундаас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр охин С.Аримун, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин С.Нинжин нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, 1110510330, 1110510038 дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 1, 4 дүгээр тал/
3. Нэхэмжлэгч хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн тул хүүхдийн нас, хүйс, эрх, ашиг сонирхлын үүднээс охин С.Аримун, С.Нинжин нарыг эх М.*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
4. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Г.*******ээс тэтгэлгийг гаргуулан бага насны хүүхэд болох С.Аримун, С.Нинжин нарыг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
5. Хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл нь гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй, эдийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг төлөхөөр хуульчилсан тул нэхэмжлэгчээс 140,400 төгрөгийг тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нь зөв байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчийн төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 70,200 төгрөг, хариуцагчаас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан гэрлэгчдийн дундаас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин С.Аримун /регистрийн дугаар: /, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин С.Нинжин /регистрийн дугаар: УӨ203028******* / нарыг эх М.*******гийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин С.Аримун /регистрийн дугаар: /, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин С.Нинжин /регистрийн дугаар: УӨ203028*******/ нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Г.*******ээс тэтгэлгийг гаргуулж, хүүхдийг сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Г.*******т, энэхүү үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх М.******* нарт тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан/1002001009*******/-аас 70,200 төгрөг, хариуцагч М.*******гээс 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР