Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/92

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Eрөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 1838002360109 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд иргэн Б.Тзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд иргэн Б.Тзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би Б.Таа ахын дүү хоёулаа айлд маргалдаад яахав гарч уулзая гээд дагуулж гарсан. Гадаа гараад чи угаалгын машиныг маань төлж өгөхгүй 2-3 жил боллоо. Аав, ээж чинь цалинтай, чи ч гэсэн цалинтай байж юунд хойно урд гээд байдаг юм гэхэд та нар өөрсдөө даруй нэхээд байвал гүжүүд зан хөдөлвөл  өгөхгүй байж чадна гэхээр нь миний уур хүрээд Б.Тыг барьж аваад нүүрлүү нь зүүн гараараа түлхэж цохисон. Б.Т надаас салж явснаа буцаад гүйгээд ирэхээр нь би дагуулаад баруун гараараа нүүрлүү нь цохисон. Б.Тын нүднийх нь орчмоос цус шүүрч гарсан байсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Б ахын угаалгын машиныг нь жилийн өмнө эвдээд төлөөгүй байсан. Б ах гадагш гаръя гэхээр гарсан. Миний 3 настай хүү араас дагаад гараад ирсэн. Б ах юугаар цохисныг нь мэдэхгүй миний толгой, нүүрлүү миний санаж байгаагаар 3 удаа хатуу зүйлээр цохисон. Доошоо тонгойход дахин намайг баруун талын шанаа руу хатуу зүйлээр цохисон. Мөн хөл, гуя орчим руу өшиглөсөн. Би Б ахтай хохирол дээрээ харилцан тохиролцсон байгаа тийм учраас гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-14 дүгээр хуудас/,

Гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шөнө гэртээ байж байхад хүү Б.Т гаднаас орж ирсэн ба баруун талын нүд нь хавдсан, нүдний дээд талаас нь цус шүүрсэн, хамар нь шалбараад цус гарчихсан байсан. Хүү Б.Т хэлэхдээ намайг хадам ах Б зодсон гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч О.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай гэрт шөнө Б.Т ганцаараа ирсэн. Ирэхдээ баруун талын нүд нь хавдсан байдалтай өөрөө согтуу байсан ба миний нүд сохорчихлоо гэхээр нь би нүдийг нь үзээд нүд чинь сохороогүй байна хүйтэн жин тавь гэхэд баярлалаа гээд гараад явсан. Б.Т миний нүдийг хадам талын хүн цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Ч.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дуудлагаас гэртээ ирэхэд хүү Б.Т цонхны хажуу талын буйдан дээр унтаж байсан. Хүүгээ харахад баруун талын нүд хэсэг нь хөх алаг болсон байсан. Нүдийг чангааж үзэхэд нөжирсөн хүрэн өнгөтөй цус хурсан, нүдний хүүхэн хараа нарийссан, нүдний хажуу талын цэг дээр дарахад цаанаа шажигнаж дугарсан байсан. Миний хүүг зодсон нөхөр болохоор хадам талын нутгийн нэр нь Магнай зодсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-24 дүгээр хуудас/,

Гэрч Н.Я-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Т, Отгонбаяр хоёр эвдэрсэн угаалгын машинаас болж маргалдсан. Тэгээд Б уурлаад хоёулаа гарч уулзая гээд түүнийг дагуулж гарсан. Тэр хоёр гараад удалгүй Б.Т орилсон. Эхнэр маань гаднаас орж ирэхдээ Б.Т мотоциклио унаад явлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-28 дугаар хуудас/,

Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Т, Отгонбаяр хоёр эвдэрсэн угаалгын машинаас болж маргалдсан. Тэгээд Б уурлаад хоёулаа гарч уулзая гээд Б.Тыг дагуулж гарсан. Тэр хоёр гараад удалгүй Б.Т нүдрүү цохичихлоо гээд мотоциклио асаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-32 дугаар хуудас/,

Гэрч Д.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Б ах Б.Тыг уурлаад хоёулаа гарч уулзая гээд түүнийг дагуулж гарсан. Гадаа хүүхэд маань уйлахаар нь гартал Б.Тын нүд нь хөхөрчихсөн, хацар дээр нь цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд Б.Т би явлаа гээд мотоциклио унаад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-36 дугаар хуудас/,

Гэрч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Т манай угаалгын машиныг эвдчихсэн юм. Энэ талаар яриа гарч байх үед манай нөхөр Б Б.Тыг ахын дүү хоёулаа гадаа гарч уулзая гээд дагуулаад гарсан. Гараад удалгүй Б.Т орь дуу тавиад ээж аавдаа очих юм яриад мотоциклио унаад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-40 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 157 тоот дүгнэлтэд:

1. Б.Тын биед баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд шарх, баруун нүдний алиманд цус хуралт, дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /ХХ-ийн 43 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838002360109 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 64-65 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Б.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838002360109 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1838002360109 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР