Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/120

 

 

 

 

 

      2024             01            23                                        2024/ДШМ/120

 

Б.Н , Б.Т  нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Б.Т-н өмгөөлөгч Л.Жавзмаа,

шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч Ц.Туяа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/1502 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаартай эсэргүүцлээр эрүүгийн 2202007350021 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б.Т , .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...настай, эрэгтэй, ...боловсролтой, төгөлдөр хуурч мэргэжилтэй, хувиараа ..... хамт .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

-Дүүргийн 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 964 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуусгавар болсон.

2. Б.Н, ....ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, ....боловсролтой, .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

-Сэлэнгэ аймгийн  Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Б.Т  нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ноос 28-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” зочид буудлын 603 тоот өрөөнд өөрийн биедээ болон Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 15 дугаар байрны 19 тоот буюу өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай өвс гэх нэршилтэй 11,975 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Б.Н  нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” зочид буудлын 603 тоот өрөөнд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй 1,328 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Т , Б.Н  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Т , Б.Н нарыг Эрүүгийн хуульд заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т ийг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Н эд 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н эд оногдуулсан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн бөгөөд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдсэн байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 1 жил 15 хоногийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н эд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 15 хоногийн ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 2 жил 15 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т , Б.Н  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Прокурор Ө.Мөнхнавч бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолын дүгнэлтэд дурдсан “гүйцэтгэх ажиллагаа" буюу “нууц мөрдөн шалгах ажиллагаа" уг хэрэгт явагдаагүй, шүүгдэгч Б.Н ийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “гэмт хэрэг үйлдсэнд тооцож” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэсэн заалтыг зөрчиж шийтгэх тогтоол гарахаас өмнө гэмт хэрэг үйлдсэнд тооцсон мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Шийтгэх тогтоолын “тогтоох" хэсэгт “... 1.Шүүгдэгч Тугчин ургийн овогт Буян-Өлзийгийн Төгөлдөр, Халзангууд ургийн овогт Батзоригийн Наранбилэгт нарт Эрүүгийн хуульд заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэж агуулгын хувьд алдаатай ойлгомжгүй байдлаар бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийг 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн, “... 3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н эд оногдуулсан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн бөгөөд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдсэн байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 1 жил 15 хоногийн хорих ял оногдуулсугай.” гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалт нь шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох ойлголт биш, зөвхөн шийтгэх тогтоолоор оногдуулсан албадлагын арга хэмжээ буюу тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох ойлголт юм. Түүнчлэн тогтоолын энэ хэсэгт “тэнсэн харгалзах ял” гэж бичсэн нь Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрлийг буруу ойлгож, улмаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил болно. “...9. ...шүүгдэгч Б.Н эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж...” гэж бичиж, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Н эд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох" таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх бөгөөд улмаар мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан ноцтой зөрчилд хамаарна. “...11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т , Б.Н  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж бичжээ. Гэтэл тогтоох хэсгийн 9 дэх заалтаар шүүгдэгч Б.Н , Б.Т  нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан атлаа дээрх байдлаар бичиж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийг 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” шаардлагыг хангаагүй, улмаар мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан ноцтой зөрчилд хамаарна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1502 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр өөрчлөлт оруулахаар мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэв.

 

шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч Ц.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн зохицуулалттай. 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсгүүдэд алдаа, зөрчил байгаа талаар прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх Б.Н эд оногдуулсан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг зөрчсөн. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэв 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шүүхээр шийдвэрлэгдэж тэр шийдвэр хүчин төгөлдөр болсон бол шүүгдэгч Б.Наранбилэг, Б.Т  нар хорих ялаа эдэлж, шагналын хоног авах байсан. 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолоор хилийн хязгаарлалт тогтоосныг анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхисон. Шийтгэх тогтоол ойлгомжгүй, биелүүлэх боломжгүй байх тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

шүүгдэгч Б.Т-н өмгөөлөгч Л.Жавзмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолд бичсэн эсэргүүцэлд процессын болон бичилтийн алдаа байна. Шүүгдэгч Б.Т ийг 2022 оны 10 дугаар сарын 20-ноос 28-ны өдөр гэмт үйлдэл хийсэн гэсэн байна. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шалгагдаж эхэлснийг анхаарч үзнэ үү. Шүүгдэгч Б.Т  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэгт холбогдсон талаар анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Эсэргүүцэлд бичигдсэн алдаануудыг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.Н ийг 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” зочид буудлын 603 тоот өрөөнд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй 1,328 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, шүүгдэгч Б.Т ийг 2022 оны 11 дүгээр сарын 20-ноос 28-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” зочид буудлын 603 тоот өрөөнд өөрийн биедээ болон Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 15 дугаар байрны 19 тоот буюу өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай өвс гэх нэршилтэй 11,975 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж үзэн Б.Н , Б.Т  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч нарыг яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Б.Т ийг 1 жил 5 сар, Б.Н ийг 1 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Н эд өмнө Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаас эдлээгүй үлдсэн гэх 1 жил 15 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 2 жил 15 хоногийн хугацаагаар хорих ял болгон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв.

 

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна гэж дүгнэлээ.

 

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нь хуульд нийцнэ.

Хувийн байдлын хувьд шүүгдэгч Б.Т  2014 болон 2016 онуудад, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан, хадгалсан гэмт хэрэгт, 2023 онд энэхүү гэмт хэрэгт шалгагдаж байхдаа хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн.

Шүүгдэгч Б.Н  нь 2021 онд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс түүнд энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссээр атал тэрээр энэхүү хугацаандаа өөрийн гэм буруутай үйлдлийг ойлгож ухамсарлалгүй дахин энэ төрлийн буюу мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н , Б.Т  нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа ямар үндэслэлээр тухайн зүйл ангид заасан хорих ялын хамгийн доод хэмжээг буюу 1 жилийн хугацааг сонгож хэрэглэсэн нь тодорхойгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээр Б.Н эд 1 жилийн хугацаагаар, Б.Т т 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь тэдгээрт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн хэмжээг тэдний гэмт үйлдэл, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-н нийт эдэлбэл зохих ялын хэмжээг тогтоохдоо урьд 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хуульд заагаагүй болон хэрэгт авагдаагүй баримт, нөхцөл байдлыг дурьдаж 1 жил 15 хоногийн хорих ял оногдуулсан нь ялын үндсэн зорилго хангагдаагүй байна гэж үзлээ. 

 

Мөн, шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан болно.

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүгдэгч Б.Н ийг гэмт хэрэг хэрэг үйлдсэнд тооцож гүйцэтгэх ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолоор нотлогдож байна” хэмээн гүйцэтгэх ажиллагаа явагдсан мэтээр хэрэгт огт авагдаагүй баримтыг үндэслэж дүгнэлт хийсэн.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Наранбилэг, Б.Т  нарыг гэм буруутайд тооцохдоо тухайн зүйл, хэсэг, заалтад заасан шинжийг өөр байдлаар “Эрүүгийн хуульд заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” хэмээн буруу бичсэн.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан байхад анхан шатны шүүх Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож буй мэтээр тогтоох хэсэгтээ оруулсан нь үндэслэлгүй байгаагаас гадна “тэнсэн харгалзах ял” гэж Эрүүгийн хуульд заасан ялын төрөлд байхгүй нэр томъёог ашиглаж бичсэн байна.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “шүүгдэгч Б.Т т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай” гэж, 11 дэх заалтад “...шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т , Б.Н  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж зөрүүтэй тэмдэглэсэн.

5. Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг О.Ч гэх боловч шүүх хуралдааны тэмдэглэлийг З.У хөтлөн явуулсан байх зэрэг зөрчлүүд гаргажээ.

Хэрэгт авагдсан /2хх-228, 229, 231, 233-234/ баримтуудад Нийслэлийн прокурорын газраас хяналтын прокурор Ө.Мөнхнавч нь хурал давхацсан тул У.Анхжаргалыг томилолтоор оролцуулахаар албан бичиг явуулсан байхад шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжид прокурор Ө.Мөнхнавчийг шүүх хуралдаанд оролцсон мэтээр тэмдэглэсэн, /2хх-232/ шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж гаргахдаа “ЗАХИРАМЖЛАХ” нь биш “ТОГТООХ” нь гэх мэт алдаа гаргаж байгааг буруутгаж байна.

Ийнхүү, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/1502 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/1502 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Н , Б.Т  нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН